Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 221/MA2018/0021

 

“ДУЦ С-1” 

сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

     Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Б.Адилмаа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Ч, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.А нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 769 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гуравдагч этгээд “ФСГ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б гаргасан давж заалдах гомдлоор, “ДУЦ С-1” сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 769 дүгээр шийдвэрээр: Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.8, 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “ДУЦ” сууц өмчлөгчдийн холбооноос Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргасан шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил Дөрвөн улирлын цэцэрлэг, 1 дүгээр байр, Зоорийн давхрын 3 тоот хаягт байршилтай 17.13 мкв талбайтай, Агуулахын зориулалтаар олгосон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206047182 тоот дугаарт бүртгэгдсэн бүртгэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000484464 тоот гэрчилгээ, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил Дөрвөн улирлын цэцэрлэг, 1 дүгээр байр, 100 тоот хаягт байршилтай 72.18 мкв талбайтай, Агуулахын зориулалтаар олгосон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206047330 тоот дугаарт бүртгэгдсэн бүртгэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000506263 тоот гэрчилгээ, 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил Дөрвөн улирлын цэцэрлэг, 1 дүгээр байр, Зоорийн давхрын 1 тоот хаягт байршилтай 17.66 мкв талбайтай, Агуулахын зориулалтаар олгосон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206047187 тоот дугаарт бүртгэгдсэн бүртгэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000484467 тоот гэрчилгээ, 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил Дөрвөн улирлын цэцэрлэг, 1 дүгээр байр, зоогийн давхрын 2 тоот хаягт байршилтай 17.69 мкв талбайтай, Агуулахын зориулалтаар олгосон Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-220  6047177 тоот дугаарт бүртгэгдсэн бүртгэл, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000484461 тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгож шийдвэрлэжээ.

    Гуравдагч этгээд “ФСГ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Булган давж заалдах гомдолдоо: “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... "ДУЦ С-1" сууц өмчлөгчдийн холбоо байгуулагдсанаас хойш 2011 оны 07 дугаар сарын 01-ний өдөр "МК" ХХК-тай "Ашиглалтыг эрхлэн явуулах гэрээ", 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр "ЭЖЛ" ХХК-тай “Ашиглалт үйлчилгээний хамтран ажиллах гэрээ” тус тус байгуулан, хуульд заасан өөрийн чиг үүргийн дагуу тогтвортой үйл ажиллагаа явуулан, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг байрны дундын буюу нийтийн эзэмшлийн зориулалтаар ашиглаж байжээ" гэжээ. Энд дурдсанаар "ДУЦ С-1" СӨХ нь маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг байрны дундын буюу нийтийн эзэмшлийн зориулалтаар ашиглаж байсан гэж анхан шатны шүүх дүгнэж шийдвэр гаргах үндэслэл болгосныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 

    Учир нь анхан шатны шүүхээс маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдэд үзлэг хийхэд тухайн үл хөдлөх эд хөрөнгийг "ДУЦ С-1" СӨХ дундын буюу нийтийн эзэмшлийн зориулалтаар ашиглахгүй байгаа нь харагддаг. Тодруулбал, зарим өрөөнд хэн нэгний өмчлөлийн бараа материал хураасан, зарим өрөөг түрээсэлсэн гэж 1 дүгээр хавтаст хэргийн материалын 204, 205 дугаар хуудсанд авагдсан шүүгчийн үзлэгийн тэмдэглэлээс харж болно. Гэтэл анхан шатны шүүх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг байрны дундын буюу нийтийн эзэмшлийн зориулалтаар "ДУЦ С-1" СӨХ ашиглаж байсан гэж буруу алдаатай дүгнэлт хийсэн байна.

    Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "... Гэтэл гуравдагч этгээд "ФСГ" ХХК-иас 2008 оноос хойш орон сууцны нийтийн эзэмшлийн буюу дундын өмчлөлийн зориулалтаар ашиглаж байсан дээрх маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг 2016 онд шинээр захиалан бариулж, анх удаа өмчлөх эрхийн бүртгэлд бүртгүүлэхээр хандаж буй мэтээр улсын бүртгэлийн байгууллагад мэдүүлэг гаргасныг ... гэж заасныг тус тус зөрчин хууль бус үйлдэл хийж бүртгэсэн болох нь тогтоогдлоо. ...Тодруулбал, "С" ХХК болон "ФСГ" ХХК нарын хооронд байгуулсан "Захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ"-г 2016 оны 05 дугаар сарын 29-ний байгуулагдсан атлаа 2016 оны 06 дугаар сарын 23-ны өдөр үл хөдлөх хөрөнгийг гэрчилгээ гаргуулахаар бүртгэлийн газар хандаж байгаа нь бодит байдлаас илтэд зөрүүтэй" гэжээ. Үүнийг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Хэрэгт авагдсан нотлох баримтаар тухайн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө нь 2016 онд шинээр баригдаагүй 2008 онд шинээр баригдаж ашиглалтад орсон нь хэнд ч ойлгомжтой, үүнтэй миний зүгээс маргахгүй. Тухайн үед 2008 онд ашиглалтад орсон маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг "С" ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ гаргалгүй бусдад ашиглуулж байгаад "ФСГ" ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн анх удаа өмчлөх эрхийн гэрчилгээ гаргуулахаар 2016 онд “Захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан шилжүүлэн өгсөн. 

    Өөрөөр хэлбэл 2008 онд баригдсан үл хөдлөх эд хөрөнгийг 2016 онд гэрээ байгуулан шилжүүлэн өгч байгаа нь ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл биш юм. Нөгөө талаас захиргааны хэргийн анхан шатны шүүх тухайн гэрээний үнэн зөв, хууль зөрчсөн эсэхэд үнэлэлт дүгнэлт хийх харьяаллын асуудал нь биш, тийм эрхгүй, харин энэ талаар иргэний хэргийн шүүх харьяаллын дагуу хэрэг маргаан үүсгэн шийдвэрлэдэг асуудал. Тэгээд ч нэхэмжлэгч талаас энэ талаар тухайн гэрээнүүдийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган хянуулж байгаа. Гэтэл захиргааны хэргийн анхан шатны шүүх өөр шүүхийн хянаж байгаа маргааныг харьяаллын бусаар хянаж үнэлэлт дүгнэлт өгч байгаа нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна.

    Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт "...баригдаад 8 жил гаруй хугацаа өнгөрсөн, энэ хугацаанд мэдүүлэг гаргагч тухайн эд хөрөнгийг эзэмшиж ашиглаагүй бөгөөд нэхэмжлэгч "ДУЦ С-1" сууц өмчлөгчдийн холбоо маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг дундын өмчлөлийн зориулалтаар ашиглаж байсан болох нь Барилга архитектурын зураг, шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. 

    Өөрөөр хэлбэл хариуцагч Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс мэдүүлэг гаргагч "ФСГ" ХХК-ийн бүртгүүлэхээр мэдүүлсэн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэдгийг баттай нотлох баримтгүй, мэдүүлэгт хавсаргасан гэрээ агуулгаараа илт зөрөөтэй байхад түүнийг шалгаж тодруулалгүйгээр бүртгэл хийж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон буруу байна" гэжээ. Үүнийг мөн хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. 

    "ФСГ" ХХК нь тухайн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг ашиглалтад орсноос хойш эзэмшиж ашиглах шаардлагагүй, харин өмчлөгч "С" ХХК-иас гэрээний үндсэн дээр шилжүүлэн авсан. Харин гэрээ нь агуулгын хувьд болон бүхэлдээ хууль зөрчиж байгуулсан эсэхэд захиргааны шүүх үнэлэлт дүгнэлт хийх нь хууль зөрчсөн үйлдэл юм. Яагаад гэвэл тухайн гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах иргэний хэрэг үүсгэгдэн шалгагдаж байгаа нөхцөлд өөр шүүхийн хэрэг маргаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн үнэлэлт дүгнэлт нь хууль бус юм. 

    "ДУЦ С-1" СӨХ нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг дундын өмчлөлийн зориулалтаар ашиглаж байсан болох нь Барилга архитектурын зураг, шүүхээс маргаан бүхий газарт үзлэг хийсэн тэмдэглэл болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна гэдэгтэй огт санал нийлэхгүй байна. Харин ямар нэгэн зорилгоор /хувийн болон хэсэг бүлэг сууц өмчлөгчдийн холбооны удирдлагын ашиг сонирхлын үүднээс/ ашиглаж байсантай санал нийлж байна. Сууц өмчлөгчдийн холбоо дундын өмчлөлийн зориулалтаар ашиглаж байсан гэдэгтэй санал нийлэхгүй, тийм баримт хэрэгт авагдаагүй. Хариуцагч Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс нь тухайн маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүд нь "ФСГ" ХХК-ийн ашиглалт, эзэмшил, өмчлөлд байгаа эсэхийг шалгах шаардлагагүй, харин "С" ХХК-ийн өмч мөн эсэхийг анхаарч судалж үл хөдлөх эд хөрөнгүүдийг хуульд заасны дагуу шилжүүлсэн эсэхэд хяналт тавьж өмчлөх эрхийн гэрчилгээ гаргах үүрэгтэй. Үүнийгээ зохих хууль журмын дагуу шалгаж тогтоож өмчлөх эрхийг гэрчилгээ гаргаснаа нотлох тайлбарласан байдаг.

    Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0769 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

    Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

   “ДУЦ С-1” сууц өмчлөгчдийн холбоог төлөөлж удирдах зөвлөлийн дарга Т.Сандаг “Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Стадион оргил Дөрвөн улирлын цэцэрлэг С-1 байрны зоорийн давхрын, агуулахын зориулалттай, 1 тоот 17.66 м.кв, 2 тоот 17.69 м.кв, 3 тоот 17.13 м.кв, 100 тоот 72.18 м.кв талбайтай өрөөнүүдийн үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206047187, Ү-2206047177, Ү-2206047182, Ү-2206047330 дугаарт “ФСГ” ХХК-ийн өмчлөлд бүртгэсэн улсын бүртгэл, уг үл хөдлөх эд хөрөнгүүдийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000484467, 000484461, 000484464, 000506263 дугаартай гэрчилгээнүүдийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан гаргажээ.

    Анх “С” ХХК-ийн захиалгаар барьсан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороонд байрлалтай, орон сууцны зориулалттай, 123 айлын орон сууцны барилгыг 2008 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 77/2008 дугаар “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комиссын акт”-аар “МК” ХХК-ийн ашиглалтад хүлээлгэн өгсөн байна.

    2016 оны 05 дугаар сарын 29-ний өдөр “С” ХХК /гүйцэтгэгч гэх/ болон “ФСГ” ХХК /захиалагч гэх/ нарын хооронд байгуулсан №2016/01, №2016/02, №2016/03, №2016/100 дугаар “Захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-ны дагуу Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Их Монгол Улсын гудамж, 17011 хаягт байрлах “Дөрвөн улирлын цэцэрлэг” цогцолбор хотхоны С-1 орон сууцны 1 тоот 17,66 м.кв агуулахыг 17,660,000 төгрөгөөр, 2 тоот 17,69 м.кв агуулахыг 17,690,000 төгрөгөөр, 3 тоот 17,13 м.кв агуулахыг 17,130,000 төгрөгөөр, 100 тоот 72,18 м.кв агуулахыг 72,180,000 төгрөгөөр тус тус үнэлж шилжүүлэн улмаар үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулах хүсэлтийг холбогдох баримтуудын хамт Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст гаргасны дагуу хариуцагчаас “ФСГ” ХХК-ийн нэр дээр маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-2206047187, Ү-2206047177, Ү-2206047182, Ү-2206047330 дугаарт бүртгэж, 000484467, 000484461, 000484464, 000506263 дугаартай гэрчилгээнүүдийг олгожээ.

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “...”ДУЦ С-1” сууц өмчлөгчдийн холбоо нь маргаан бүхий агуулахын өрөөнүүдийг хууль ёсоор эзэмшиж, ашиглаж, урсгал болон бусад зардлыг Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хууль, Иргэний хуульд заасны дагуу төлж байсан. ”ФСГ” ХХК нь сууц өмчлөгчдийн холбоонд мэдэгдэлгүйгээр улсын бүртгэл хийлгэж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулсан нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.4-т заасныг зөрчсөн...Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.7, 11 дүгээр зүйлийн 11.5.1-д заасан хянан шалгах чиг үүргийг хэрэгжүүлээгүй, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байсаар байтал бүртгэл хийж, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль зөрчсөн...” гэж маргажээ.

    Хариуцагч Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс нь Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д заасан “нотлох баримтад үндэслэж, хуульд заасан журмын дагуу хөтлөх” зарчмыг баримтлалгүй бүртгэл хийж, гэрчилгээ олгосон нь “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5, 13.5.1, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.1, 14.1.8, 15 дугаар зүйлийн 15.4, 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус зөрчин, хууль бус үйлдэл хийж бүртгэсэн” гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна.

    Тодруулбал, “С” ХХК нь 2008 онд Улсын комисс хүлээн авч ашиглалтад оруулсан 123 айлын орон сууцны маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг 2016 онд “Захиалгаар барилгын ажил гүйцэтгэх гэрээ” байгуулан “ФСГ” ХХК-д шилжүүлж, “ФСГ” ХХК нь анхны удаа үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулан авахдаа Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.1-д заасан тухайн этгээд уг үл хөдлөх эд хөрөнгүүдийг өмчлөх эрхтэйг нотолсон баримт бичиг, мөн хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасан шинээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгө гэдгийг нотолсон баримт бичгийг мэдүүлэгт хавсарган ирүүлээгүй байхад үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэл хийж, өмчлөх эрхийн 000484467, 000484461, 000484464, 000506263 дугаар гэрчилгээ олгосон нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 3.2-т ”Мэдүүлэг хүлээн авахдаа мэдүүлгийг үзүүлэлт бүрээр бүрэн гүйцэд бөглөсөн эсэх, түүнд хавсаргасан нотлох баримтууд зөрүүтэй эсэхийг шалгана. Нотлох баримтын хуулбарыг шаардлагатай тохиолдолд эх хувьтай нь тулгаж авна.”, 4.5-д “Иргэд хуулийн этгээд нь өөрийн хөрөнгөөр захиалан бариулсан байр, орон сууц, объектыг өмчлөх эрхээ бүртгүүлэхдээ “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлд заасны дагуу мэдүүлэг гаргаж, нотлох баримтыг бүрдүүлж үйлчлүүлэх бөгөөд мэдүүлэгт шаардлагатай бол улс, аймаг, нийслэлийн мэргэжлийн комиссын барилга хүлээн авсан акт, улсын байцаагчийн дүгнэлтийг хавсаргана.” гэж заасан шаардлагыг хангасан эсэхийг тодруулж, шалгах үүргээ хэрэгжүүлээгүй болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

    Түүнчлэн хэрэгт авагдсан баримтууд, тухайлбал 2008 оны 12 дугаар сарын 21-ний өдөр “С” ХХК-иас С-1 орон сууцны нийтийн эзэмшлийн хэсгийг “ДУЦ С-1” сууц өмчлөгчдийн холбоонд хүлээлгэн өгсөн “Барилга байгууламж хүлээлгэн өгөх баримт бичгүүд”, 123 айлын дунд өндөртэй орон сууцны барилгын зураг, түүний дотоод заслын ажлын хүснэгт, 2011 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “ДУЦ С-1” сууц өмчлөгчдийн холбооноос “МК” ХХК-тай байгуулсан “Ашиглалт үйлчилгээний хамтран ажиллах гэрээ”, 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр “Эс Жи Ливинг” ХХК-тай байгуулсан “Ашиглалт үйлчилгээний хамтран ажиллах гэрээ” зэрэг баримтаар “ДУЦ С-1” сууц өмчлөгчдийн холбоо нь маргаан бүхий үл хөдлөх хөрөнгүүдийг дундын буюу нийтийн эзэмшлийн зориулалтаар ашиглаж байсан нь тогтоогдож байх тул гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...анхан шатны шүүх маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг байрны дундын буюу нийтийн эзэмшлийн зориулалтаар “ДУЦ С-1” СӨХ ашиглаж байсан гэж буруу алдаатай дүгнэлт хийсэн” гэсэн тайлбар үндэслэлгүй.

    Дээрх байдлаар хариуцагч Хан-Уул дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэс “Дөрвөн улирлын цэцэрлэг хорооллын С-1” орон сууцны агуулахын зориулалттай 1, 2, 3, 100 тоот өрөөнүүдэд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохдоо Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн зохих заалтуудыг зөрчсөн талаар анхан шатны шүүх үндэслэлтэй зөв дүгнэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 128/ШШ2017/0769 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан гуравдагч этгээдээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН