Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 09 сарын 26 өдөр

Дугаар 344

 

М.Х-ийн нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын

хөгжлийн газрын даргад холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Шүүгч Л.Атарцэцэг

Шүүгчид:                 Б.Мөнхтуяа

                                Д.Мөнхтуяа

                                Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч:       Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох    

Нэхэмжлэлийн шаардлага: “Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Ажилд томилох тухай” 02 дугаар тушаал, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 04 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/58 дугаар захирамжийн хавсралт хэсгийн 2 дугаар хэсгээр батлагдсан “Гэр бүлийн эрх зүй, хөгжил боловсрол хариуцсан мэргэжилтэн”-ний албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасны дагуу нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгасан шийдвэр гаргуулах”

Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 113/ШШ2018/0001 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2018/0184 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Хариуцагч О.Б нарыг оролцуулж,

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 113/ШШ2018/0001 дүгээр шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт заасныг баримтлан, М.Х-ийн нэхэмжлэлтэй Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргад холбогдох “Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн “Ажилд томилох тухай” 02 дугаар тушаал, 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 04 дүгээр тушаалыг тус тус хүчингүй болгож, намайг ажлаас үндэслэлгүй чөлөөлснийг тогтоож, ажлын чиг үүрэг хэвээр хадгалагдаж байгаа аймгийн Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/58 дугаар захирамжийн хавсралтын 2 дугаар хэсгээр батлагдсан “Гэр бүлийн эрх зүй, хөгжил боловсрол хариуцсан мэргэжилтэн”-ний албан тушаалд томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх нөхөн олговор, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалыг хуульд заасны дагуу нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2018/0184 дүгээр магадлалаар: Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 113/ШШ2018/0001 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол    

3. Сүхбаатар аймгийн Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн хэлтэст Хүүхдийн эрхийн мэргэжилтнээр ажиллаж байсан М.Х-ийн гаргасан давж заалдах гомдлыг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх хэлэлцээд Говьсүмбэр аймгийн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгон анхан шатанд буцаасныг үндэслэлгүй гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дэх хэсэгт заасны дагуу төрийн албаны нэмэлт баталгааг эхнээс нь буюу илүү баталгаанаас эхлэн хэрэгжүүлэх учиртай гэжээ. Төрийн албаны тухай хуулийн 27.2.4 дэх хэсэгт ...мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил албан тушаалд шилжүүлэх тухай заасан. М.Х-ийг ажлаас чөлөөлөхийнхөө өмнө мэргэжлийнх нь дагуу Англи хэлний багшаар 1, 4 дүгээр сургуулийн аль нэгэнд ажиллуулж өгье, эсвэл цагдаагийн газарт ажилд оруулж өгье гэхэд өөрөө зөвшөөрөөгүйгээр барахгүй хэл амаар доромжлоод явсан. Дараа нь 4 дүгээр сургуульд сургалтын менежер болгож өгье гэхэд өмнө хамт ажиллаж байсан дарга М.Т менежер болох гэж байгаа юм байна, би болилоо гэсэн. Намайг ажил санал болгоход Х “Би чамаар ажил олуулахгүй, хаана ч явсан ажил олоод хийчих чадалтай хүн” гээд хаалга саваад гарсан. Тэр заримдаа сурч байгаа гэж ярьдаг, заримдаа сураагүй гэж ярьдаг учир ойлгомжгүй араншингаас нь болоод энэ талаар дахиж яриагүй. Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын “Гэр бүлийн эрх зүй, хөгжил хамгаалал хариуцсан мэргэжилтэн”-ний орон тоонд Эрх зүйч мэргэжилтэй өмгөөлөл хийх чадвартай хүн ажиллахаар ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан. Зургаан cap сураад эрх зүйч, хуульчийн мэргэжлийг эзэмших боломжгүй учир 3 сарын тэтгэмж өгөөд чөлөөлсөн. Төрийн алба мэргэжлийн, мэргэшсэн байх шаардлагатайгаас гадна манай байгууллагад гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хүүхэд, эмэгтэйчүүд, залуучууд тусламж дэмжлэг авах гэж өдөр бүр ирдэг. Тэдний асуудал цагдаа, прокурор дамжиж шүүхээр эцэслэн шийдэгддэг учир зайлшгүй хуулийн мэргэжилтэй, өмгөөлөл хийх чадвартай хүн байх хэрэгтэй. Учир нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогчдын дийлэнх нь төлбөрийн чадваргүй, зорилтот өрхийн хүмүүс байдаг. Иймд төсөв хэмнэх, нэг мэргэжилтэнд давхар ажил хариуцуулах зорилгоор мэргэжилтэн өөрөө өмгөөллийн ажлаа хийх зайлшгүй хэрэгцээ байсан тул эрх зүйч байхаар тогтоож өгсөн байна.

4. Х-ийн ажлын байрны нэр “Хүүхдийн эрхийн мэргэжилтэн” гэж байгууллагын даргын тушаал гарсан, ажлын байрны тодорхойлолтод ч ийм байгаа. Тэр өөрийгөө гэр бүлийн ажил хийж байсан гэх боловч байгууллагын албан бичиг, бусад материалд энэ талаар нотлох баримт байдаггүй бөгөөд хамт ажиллаж байсан Д.Э-г баримт олуулах ажлын хэсэгт томилоход “Би хамт ажиллаж байсан хүнийхээ эсрэг юм хийхгүй” гэсэн нь М.Х энэ ажлыг хийж байгаагүй гэдгийн нотолгоо гэж үзэж болохоор байна. Архигүй Сүхбаатар хөтөлбөрийг хэрэгжүүлсэн гэж ярих боловч аль ч байгууллагын бүх ажилтнууд нийтийг хамарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхэд хамт олноороо оролцдог жишгийн дагуу оролцсон байх магадлалтай. “Аз жаргалтай гэр бүл” 1 удаагийн хэлэлцүүлэгт М.Х нь “Архичин хүний хүүхэд ба түүний сэтгэл зүйн онцлог” сэдвээр мэдээлэл хийсэн байх ба архичны хүүхдийн тухай ярьсан байдаг. Харин ч “Эзэгтэй танд зөвлөе”-Э.И, “Гэр бүлийн үнэ цэнэ”- Ч.Ж, “Гэр бүлийн боловсролын асуудалд”-Д.С, “Гэр бүлийн харилцааны тулгамдсан асуудал”-П.Л, “Эцэг эхийн хүүхэд асрах, хүмүүжүүлэх мэдлэг чадварыг дэмжих асуудалд”-  Б.Э гэх мэт гэр бүлтэй холбоотой асуудлаар өөр мэргэжилтэн, гадны хүмүүс мэдээлэл өгсөн байна. М.Х бол бусад мэргэжилтний нэгэн адил хүүхдийн асуудлаас өөр ажил хийгээгүй гэдгийг үүгээр нотолж болохоор байна. Эрх зүйч мэргэжилтэй хүнийг ажиллуулах ажлын байранд багшийг ажиллуулах боломжгүй юм. М.Х нь хүүхдийн эрхийн мэргэжилтнээр ажиллаж байхдаа 11 настай Х охины гэр бүлд нөхцөл байдлын үнэлгээ, аюулгүйн зэргийн үнэлгээ зэргийг буруу хийснээс охин бэлгийн хүчирхийллийн хохирогч болсон тухай гэр бүлийнхэн нь манай байгууллагад ирүүлсэн гомдлыг хавтаст материалд өгсөн байгаа. Мэргэжлийн бус хүн, мэдэхгүй зүйлийнхээ талаар мэдэмхийрч шийдвэр гаргасны уршгаар бяцхан охин насан туршдаа бие сэтгэлийн шархтай болсны зэрэгцээ 3 залуу гэмт хэрэгтэн болсон гашуун түүхийг давтах ёсгүй гэж үзэж байна. Иймд Говьсүмбэр аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 113/ШШ2018/0001 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгөхийг хүсч байна. Шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Сүхбаатар аймгийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газрын даргын 2017 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн “Ажлаас чөлөөлөх тухай” 04 дүгээр тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг үндэслэн байгууллагын бүтэц, зохион байгуулалт, ажлын чиг үүрэг, хамрах хүрээ өөрчлөгдсөнөөр чиг үүргийн давхардалтай байсан “Хүүхдийн эрхийн мэргэжилтэн” гэсэн орон тоо хасагдсан гэдэг үндэслэлээр нэхэмжлэгч М.Х-ийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

6. Нэхэмжлэгчээс “...миний хариуцан ажиллаж байсан мэргэжилтний албан тушаал, ажлын үндсэн чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байгаа” гэж, хариуцагч “...Хүүхдийн эрхийн мэргэжилтэн М.Х Англи хэлний багш мэргэжилтэй... Гэр бүлийн эрх зүй, хөгжил хамгаалал хариуцсан мэргэжилтэн гэдэг орон тоон дээр хуульч, эрх зүйч мэргэжилтэй хүн ажиллах зайлшгүй шаардлагатай...Гэр бүлийн эрх зүй, хөгжил хамгаалал хариуцсан ажилтан Б.Д эрх зүйч мэргэжилтэй. Ёс зүй, Хүний эрх, Гэр бүлийн эрх зүй, Хууль зүйн сэтгэл судлал мэргэшлийн хичээлүүдийг судалсан давуу талтай...” гэж тус тус маргажээ.  

7. “Нэхэмжлэгч М.Х-ийн эрхэлж байсан Хүүхдийн эрхийн асуудал хариуцсан мэргэжилтэн гэсэн албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг нь Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газарт хэвээр үлдэж, харин тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/-ын орон тоо цөөрсөн...Иймээс ...нэхэмжлэгчийг эрхэлж байсан ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн гэж үзэх боломжгүй...Хүүхдийн эрхийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заагдсан чиг үүрэг нь Гэр бүлийн эрх зүй, хөгжил хамгаалал хариуцсан мэргэжилтний албан тушаал /ажлын байр/-д хэвээр хадгалагдан үлдсэн гэж үзэх боломжгүй бөгөөд дээрх хоёр албан тушаалын чиг үүрэг, тавигдах шаардлага нь өөр өөр байна” гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.   

8. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6-д “Төрийн албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой, энэ хуулиар зохицуулаагүй бусад асуудлыг Хөдөлмөрийн хуулиар зохицуулна”, 27 дугаар зүйлийн 27.2.4-д “төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно”, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1-д “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” гэж тус тус заасан хуулийн зохицуулалтын хүрээнд нэхэмжлэгч М.Х-ийг “орон тоо хасагдсан” үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, Төрийн албаны тухай хуульд заасан баталгаагаар ханган 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгон шийдвэрлэсэн хариуцагчийн үйлдлийг буруутгах боломжгүй юм.  9. Давж заалдах шатны шүүх маргааны үйл баримтыг буруу үнэлж, хэрэгт хамааралгүй, маргааны зүйлд ач холбогдолгүй  нотлох баримт бүрдүүлэхийг зааж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3-т заасантай нийцэхгүй байна.

10. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 21-ний өдрийн 221/МА2018/0184 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Говьсүмбэр аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 113/ШШ2018/0001 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.  

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Л.АТАРЦЭЦЭГ

                           ШҮҮГЧ                                                                   Х.БАТСҮРЭН