Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2015 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2016/0006

 

2015 оны 12 сарын 23 өдөр

Дугаар 128/ШШ2016/0006

Улаанбаатар хот

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Оюумаа даргалж тус шүүхийн Б танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Д.Нийн гудамж, UB Mart худалдааны төв, хаягтай О ХХК,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 1 дүгээр хороо, Ж гүний гудамж, , хаягтай Монголын бүтээн байгуулалтын түншлэл ХХК,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай 7, Нийслэлийн Засаг дарга,

Хариуцагч: Чингэлтэй дүүрэг, Ц.Жигжиджавын гудамж, 7/1, Нийслэлийн засаг захиргааны 2 дугаар байр, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар,

Гуравдагч этгээд: Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Эв нэгдлийн гудамж, Хөнгөн бетон ХХК-ийн байр ******* хаягтай Хаус Жэйд ХХК,

Гуравдагч этгээд: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Зайсангийн гудамж, Гэгээнтэн цогцолбор, *******,******* хаягтай Г******* ХХК,

Нэхэмжлэлийн шаардлага: О ХХК-ийн Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл сонгон шалгаруулалтын Багц-БГД-2-т төсөл хэрэгжүүлэгчийг дахин сонгон шалгаруулах Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын шийдвэрийг хүчингүй болгуулах, О ХХК, Монголын бүтээн байгуулалтын түншлэл ХХК-иудын Ашиглалтын шаардлага хангаагүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны нэгдсэн үнэлгээгээр Багц-БГД-2, Багц-БГД-3 дээр шалгарсан О ХХК, Монголын бүтээн байгуулалтын түншлэл ХХК-иудыг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах,

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б*******, П.Ц*******, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бат-Учрал, гуравдагч этгээд Г******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.*******, гуравдагч этгээд Хаус Жэйд ХХК-ийн дэд ерөнхий захирал З.Наранзул, түүний өмгөөлөгч Ш.Энхтөр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхбаатар нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч О ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Манай компани Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас зарласан Баянгол дүүрэг дэх зарим ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцнуудыг дахин барилгажуулагчийг сонгох сонгон шалгаруулалтад оролцож, улмаар Багц-БГД-2 дээр төсөл хэрэгжүүлэгчээр Үнэлгээний хорооны нэгдсэн үнэлгээгээр шалгарсан болно. Гэвч Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас дотор дугтуйн битүүмжлэлийг хангаагүй гэсэн үндэслэлээр үнэлгээний хорооны дүнг хүчингүй болгож, дахин сонгон шалгаруулалт зарлахаар шийдвэрлэж, энэ тухай манай компанид 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 04/1230 дугаар бүхий Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр мэдэгдсэн болно.

Сонгон шалгаруулалт зохион байгуулагчид, үнэлгээний хороо нь анх сонгон шалгаруулалтын баримт бичгийг хүлээж авахдаа компаниудын материалыг нэг бүрчлэн задалж, нээж байсан ба энэ үедээ дугтуйн битүүмжлэлийн талаар ямар нэгэн асуудал тавиагүй бөгөөд Үнэлгээний хороо зохих ёсоор үнэлж, дүнгээ гаргаж, манай компани (О ХХК)-д хамгийн сайн үнэлэлтийг өгч, урьдчилан шалгаруулсан байна.

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 90 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах журам-ын 6.9-д заасан нөхцөлүүдийг тусган, дүгнэлтээ гарган Нийслэлийн Засаг даргад танилцуулсан тухайгаа ч манай компанид Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2014 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 04/1230 дугаар бүхий Мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоотдоо мөн дурдаад, сонгон шалгаруулалтыг дахин явуулахаар шийдвэрлэснээ мэдэгджээ. 04/1230 тоот албан тоотын агуулгаас харахад Үнэлгээний хороо нь нэгдсэн үнэлгээгээр манай компанийг урьдчилан шалгаруулж, Нийслэлийн Засаг даргад танилцуулсан. О ХХК-ийн Ерөнхий захирал Д.Ганзориг миний бие Баянгол дүүргийн Засаг дарга Д.О*******той биечлэн уулзахад Үнэлгээний хороо үнэлээд багц 2 дээр хамгийн өндөр оноо авч шалгарсанд баяр хүргэе, бүх материалуудыг Нийслэлийн Засаг дарга батламжлах ёстой гэж мөн мэдэгдсэн.

Гэтэл Нийслэлийн Засаг дарга батламжлаагүй бөгөөд шалтгаан нь дугтуйн битүүмжлэл нь хангагдаагүй байсан явдал гэж үзсэн байна. Улмаар төсөл хэрэгжүүлэгчийг дахин сонгон шалгаруулах шийдвэрийг Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас гаргажээ.

Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах журам-ын 6.11, 6.12-т зааснаар Үнэлгээний хороо төсөл хэрэгжүүлэгчийг урьдчилан шалгаруулж, Нийслэлийн Засаг даргад танилцуулах бөгөөд Нийслэлийн Засаг дарга нь Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзвэл төсөл хэрэгжүүлэгчийг батламжилж, захирамж гаргана гэсэн байдаг. Эндээс харахад Нийслэлийн Засаг дарга нь Үнэлгээний хороо дүгнэлтдээ Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах журам-ын 6.9-д заасны дагуу буюу 6.9-д Үнэлгээний хорооны дүгнэлтэд дараах зүйлийг тусгасан байна, 6.9.1-д төсөл тус бүрийн давуу болон сул талын тодорхойлолт, үзүүлэлт бүрийн үнэлгээ, 6.9.2-т төсөл тус бүрийг үнэлсэн нийлбэр оноо, 6.9.3-т төсөл хэрэгжүүлэхийг сонирхогч этгээдийн ажлын туршлагын болон бусад чадавхийн үнэлгээ зэргийг тусгасан эсэхийг л нягталж, тусгасан бол төсөл хэрэгжүүлэгчийг батламжилж, захирамж гаргах ёстой, тусгаагүй бол батламжлахаас татгалзах ёстой болохоос нэгэнт анх сонгон шалгаруулалтын материал хүлээн авахдаа, тусгай хороо шалгасан, нягталсан дугтуйн битүүмжилж дутуу гэх мэт шалтгаанаар сонгон шалгаруулалтын дүнг хүчингүй болгох, дахин явуулах шийдвэр гаргах хууль зүйн үндэслэл, эрх хэмжээгүй буюу Үнэлгээний мэргэжлийн хорооны үйл ажиллагааг шууд нэг бүрчлэн шүүн тунгаах үндэслэлгүй юм.

Өөрөөр хэлбэл Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар нь Үнэлгээний хорооны нэгэнт гаргасан урьдчилсан дүн, дүгнэлтийг Нийслэлийн Засаг даргад танилцуулсныхаа дараа хууль, журамд заагдаагүй үндэслэлээр хүчингүй болгосон байна. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу манай компанийн зүгээс урьдчилан шийдвэрлэх ажиллагааг хийж, Нийслэлийн Засаг даргад хандсан боловч Нийслэлийн Засаг даргаас ирсэн хариу нь бидний зөрчигдсөн эрх ашгийг сэргээж чадаагүй болно.

Иймд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах Багц-БГД-2 дээр дахин сонгон шалгаруулалт зарласан шийдвэрийг хүчингүй болгож, Үнэлгээний хорооны нэгдсэн үнэлгээгээр шалгарсан төсөл хэрэгжүүлэгчийг батламжилж, захирамж гаргаагүй Нийслэлийн Засаг даргын хууль бус эс үйлдэхүйг тогтоож, захирамж гаргахыг даалгаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

О ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй холбоотой Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байршиж буй ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож, ашиглахыг хориглосон нийтийн зориулалттай орон сууцны 39 барилгыг дахин төлөвлөн барилгажуулах талаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах тухай А/977 захирамж гарсан.

Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах журам-ын 6 дугаар зүйлийн 6.1-д Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг үндэслэн нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллага нь төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах зарыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлах, төсөл хүлээн авах ажлыг зохион байгуулна гэж заасны дагуу манай газар нь Баянгол дүүрэг дэх дахин төлөвлөн барилгажуулах 39 барилгыг 10 багц болгон хуваан төсөл хэрэгжүүлэхийг сонирхогч этгээдийн төслийг хүлээн авах урилгыг 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зарлан, 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсан.

Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/124 дүгээр захирамжаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэр дэх ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг баталсан. Манай байгууллага нь 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Үнэлгээний хорооны гишүүд болон төсөл ирүүлсэн хуулийн этгээд, иргэдийн төлөөллийг байлцуулан төсөл хэрэгжүүлэхийг сонирхогч этгээдээс ирүүлсэн төслийг Үнэлгээний хороонд хүлээлгэн өгсөн. Үнэлгээний хороо нь ирүүлсэн төсөл тус бүрийн битүүмжлэлийг шалгаж, самбарт тэмдэглэл хөтлөн оролцогчдод танилцуулсан.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ ...Сонгон шалгаруулалт зохион байгуулагчид, Үнэлгээний хороо нь анх сонгон шалгаруулалтын баримт бичгийг хүлээж авахдаа компаниудын материалыг нэг бүрчлэн задалж, нээж байсан ба энэ үедээ дугтуйн битүүмжлэлийн талаар ямар нэгэн асуудал тавиагүй... гэсэн нь бодит байдалтай нийцэхгүй байгаа болох нь дээр дурдсан тайлбараар нотлогдож байна.

О ХХК нь нэхэмжлэлдээ Манай компани нь нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас зарласан сонгон шалгаруулалтад оролцож, улмаар Багц-БГД-2 дээр төсөл хэрэгжүүлэгчээр Үнэлгээний хорооны нэгдсэн үнэлгээгээр шалгарсан болно гэжээ.

Үнэлгээний хорооноос Урьдчилсан шалгаруулалтын явцад БГД-2 багцад төслийн санал ирүүлсэн оролцогч байгууллагаас гомдол гарсан тул хууль зүйн үнэлэлт, дүгнэлт гаргуулж үнэлгээний хороог дахин хуралдуулах шаардлагатай байгаа болно. Иймд маргаантай байгаа БГД-2, БГД-8 багц дээр үнэлгээний хорооны хурлыг дахин хийж санал дүгнэлтийг тусад нь гаргах бөгөөд маргаангүй байгаа оролцогчдын төслийн санал ирүүлсэн 7 багц дээр урьдчилан шалгаруулсан тул оролцогч аж ахуй нэгжүүдэд төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан батламжилж, Гурван талт гэрээ-ний загвараар гэрээ байгуулах эрх олгуулах тухай захирамж гаргуулахаар журмын дагуу Нийслэлийн Засаг даргад танилцуулахаар шийдвэрлэв гэсэн дүгнэлт гарсан. /Багц-БГД-2 дээр төсөл хэрэгжүүлэхээр санал ирүүлсэн Хаус жэйд ХХК-иас Үнэлгээний хороонд албан бичгээр гомдол ирүүлсэн./ Үнэлгээний хороо нь журмын 6.8-д заасны дагуу дүгнэлтээ гарган төсөл хэрэгжүүлэгчийг урьдчилан шалгаруулж Нийслэлийн Засаг даргад албан бичгээр хүргүүлсэн байна.

Үнэлгээний хороо хуралдаж төсөл хэрэгжүүлэгчийг дахин шалгаруулах тухай шийдвэр гаргуулахаар Нийслэлийн Ерөнхий Төлөвлөгөөний газарт хандсан ба 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 04/1230 дугаартай албан бичгээр төсөл хэрэгжүүлэгчийг дахин сонгон шалгаруулахаар шийдвэрлэсэн болох талаар О ХХК-д мэдэгдсэн. Мөн Үнэлгээний хорооны дарга Д.О******* уг асуудлаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хандсаны дагуу Засаг даргын Тамгын газрын Хууль эрх зүйн хэлтсээс 07/1310 дугаартай албан бичгээр Үнэлгээг хуульд нийцүүлэн ил тод, нээлттэйгээр дахин зохион байгуулах нь зүйтэй гэсэн хариу өгсөн.

Баянгол дүүрэг дэх ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах, төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах талаар хийгдсэн үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу хийгдсэн болно. Иймд нэхэмжлэгч О ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Хаус Жэйд ХХК-ийн дэд захирал Б.Наранзул шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Нийслэлийн засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/977 дугаар захирамжаар зарлагдсан сонгон шалгаруулалтын Багц2-т анх зарлахад оролцсон. Бид Хятадын томоохон хөрөнгө оруулалтыг оруулж ирж сонгон шалгаруулалтад оролцсон. Манай компаниас сонгон шалгаруулалт болоход 2 төлөөлөгч очиж зураг аваад бичлэг хийхэд Орчлон констракшн ХХК, Монголын бүтээн байгуулалтын түншлэл ХХК зэрэг 3 компани битүүмжлэлгүй гэсэн тэмдэглэгээ өгөгдөж, бүр самбар дээр бичигдсэн байдаг. Үнэлгээний хорооноос шүүхэд хэргийн материалд гаргаж өгсөн нийт 10 багцад яг энэ компаниуд материал нь шаардлага хангаагүй гэдэг. Бид оролцох зааварчилга, журмыг 300000 төгрөгөөр худалдаж авч журмын дагуу материалаа өгсөн байдаг. Энэ материалд 3.8-д заасны дагуу дотор битүүмжлэлгүй бол тэнцээгүй гэж үзнэ гэсэн заалт байдаг.

Эдгээр компаниудын материал ирсэн боловч битүүмжлэлгүй гэж баримт хавтаст хэрэгт авагдсан байна. Бид тухайн үед манай компани битүүмжлэл тал дээр алдаа дутагдал гаргаагүй. Манай компани 04 дүгээр сарын 03-ны өдөр Үнэлгээний хорооны дарга Д.О*******д анх гомдол гаргасан. Үүндээ Зааварчилгааны 3.8-д заасан дотор битүүмжлэл сонгон шалгаруулалтын шаардлага хангаагүй бол оролцох саналыг тэнцээгүй гэж үзнэ гэж заасан тул уг асуудлыг Үнэлгээний хороо сонгон шалгаруулалтдаа анхаарна уу гээд хавтаст хэргийн 30 дугаар хуудас байгаа зураг, оролцох зааварчилгааны зөрчлийг балаар тэмдэглэж гомдолдоо хавсаргаж өгсөн. Гэтэл 04 дүгээр сарын 13-ны өдөр Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга н.Анараас танай компани шалгараагүй гэсэн бичиг ирсэн. Д.О******* даргаас ямар нэгэн хариу аваагүй тул 04 дүгээр сарын 07-ны өдөр Э.Бат-Үүл даргад мөн гомдол гаргасан байдаг.

Энэ гомдолдоо Монголын бүтээн байгуулалтын түншлэл ХХК болон Орчлон Консалтинг ХХК Зааварчилгааны 3.8-д заасан тоо ширхэг, тэмдэглэгээнээс зөрүүтэй, дотор битүүмжлэл тэнцээгүй гэж заасныг илт зөрчсөн байхад анхаарч үзээгүй үнэлгээ хийсэн байна. Мөн өмнөх гомдлоо хавсаргаад сонгон шалгаруулалтад бид нар цэцэрлэг, сургууль, хорооны үйлчилгээ, эрчим хүчний хяналт, агаар цэвэршүүлэх систем эко орчныг гадны хөрөнгө оруулалтаар шийднэ гэсэн энэ зүйлүүдийг огт авч үзээгүй байна гээд Э.Бат-Үүл даргад гомдол гаргасан. Дараа нь 04 дүгээр сарын 15-ны өдөр ингэж үнэлгээг гаргах ёстой байсан гэдгээр албан бичгээр гомдол гаргасан. Гомдол гаргаснаар сүүлд Д.О******* дарга, Нийслэлийн Хуулийн хэлтэст хуулийн дүгнэлт гаргуулахаар албан бичиг явуулсан байсныг хавтаст хэргээс харлаа. 05 дугаар сарын 25-ны өдөр Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас хяналт шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга н.Гантулга гэж хүнээс танайхаас ирүүлсэн гомдлын дагуу хяналт шинжилгээ хийсэн. Төсөл сонгон шалгаруулалтын зааварчилгааны 3.8-д Дотор битүүмжлэл сонгон шалгаруулалтад заасан баримт бичгийн шаардлага хангаагүй бол оролцох саналыг тэнцээгүйд тооцно гэж заасан.

Үнэлгээг хуульд зааснаар дахин нээлттэй, ил тод явуулах нь зүйтэй гэж үзсэний дагуу Үнэлгээний хороо 05 дугаар сарын 12-ны өдөр хуралдаж Багц-2-т төсөл сонгон шалгаруулалт дахин зарлахаар шийдвэрлэж 05 дугаар сарын 19-ний дотор олон нийтэд нээлттэй зарласан эцсийн санал авах хугацаа 06 дугаар сарын 12-ны өдөр танайх дахин оролцоно уу гэсэн бичгийг авсан. Бид оролцохоор хоцорч очиход өөр ямар нэгэн компани санал өгөөгүй учраас санал хүчингүй болж 06 дугаар сарын 17-ны өдөр Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас дахин зарлахаар боллоо 06 дугаар сарын 19-ний өдрийн 16 цаг хүртэл материал авна гэсний дагуу тус өдөр материалаа өгөөд шалгарсан байдаг. Өнөөдрийг хүртэл бид батламжаа авч чадахгүй байгаа нь Орчлон консалтинг ХХК Багц-2-ны эхний сонгон шалгаруулалтад гомдол гаргаснаас болоод шүүгчийн захирамжаар түдгэлзүүлсэн байдаг. Энэ хугацаанд батламжаа авчихвал гэрээ хийх, нураалтын ажил, хөрөнгө оруулагч мөнгөө оруулах гээд хүлээгээд байгаа учир манай компанийн шийдвэр шударга үнэн болсон. Иймд Орчлон консалтинг ХХК-ийн нэхэмжлэл үндэслэлгүй, журам зөрчсөн. Бүх багцад эдний компани түншлэлээрээ оролцсон байдаг. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Монголын бүтээн байгуулалтын түншлэл ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Монголын бүтээн байгуулалтын түншлэл ХХК-иас Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхэд 2015 оны 6 дугаар сарын 22-ны өдөр Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газарт холбогдох нэхэмжлэлийг гаргасан болно. Нэхэмжлэлийг хүлээн авсан шүүгч Б.Адьяасүрэн Нийслэлийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлийн тухайд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоосон захирамж гаргажээ.

Монголын бүтээн байгуулалтын түншлэл ХХК-иас Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны нэгдсэн үнэлгээгээр Багц-БГД-3 дээр шалгарсан Монголын бүтээн байгуулалтын түншлэл ХХК-ийг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах тухай нэхэмжлэл гаргасан.

Монголын бүтээн байгуулалтын түншлэл ХХК нь Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас зарласан Баянгол дүүрэг дэх зарим ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцнуудыг дахин барилгажуулагчийг сонгох сонгон шалгаруулалтад оролцож, Багц-БГД-3 дээр төсөл хэрэгжүүлэгчээр Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын Үнэлгээний хорооны нэгдсэн үнэлгээгээр шалгарсан болно.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар, Үнэлгээний хороо нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 90 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах журам-ын 6.9-д заасан нөхцөлүүдийг тусган, Монголын бүтээн байгуулалтын түншлэл ХХК-ийг сонгон шалгаруулалтад хэрхэн шалгаруулсан тухай дүгнэлтээ гарган Нийслэлийн Засаг даргад танилцуулсан бөгөөд энэ тухайгаа ч манай компанид Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 04/1231 дүгээр бүхий Мэдэгдэл хүргүүлэх тухай албан тоотдоо дурдсан.

Гэтэл Нийслэлийн Засаг дарга батламжлаагүй.

Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах журам-ын 6.11, 6.12-т зааснаар Үнэлгээний хороо төсөл хэрэгжүүлэгчийг урьдчилан шалгаруулж, Нийслэлийн Засаг даргад танилцуулах бөгөөд Нийслэлийн Засаг дарга нь Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзвэл төсөл хэрэгжүүлэгчийг батламжилж, захирамж гаргана гэсэн байдаг. Эндээс харахад Нийслэлийн Засаг дарга нь Үнэлгээний хороо дүгнэлтдээ Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах журам-ын 6.9-д заасны дагуу Үнэлгээний хорооны дүгнэлтэд дараах зүйлийг тусгасан байна, 6.9.1-д төсөл тус бүрийн давуу болон сул талын тодорхойлолт, үзүүлэлт бүрийн үнэлгээ, 6.9.2-т төсөл тус бүрийг үнэлсэн нийлбэр оноо, 6.9.3-т төсөл хэрэгжүүлэхийг сонирхогч этгээдийн ажлын туршлагын болон бусад чадавхийн үнэлгээ зэргийг тусгасан эсэхийг л нягталж, тусгасан бол төсөл хэрэгжүүлэгчийг батламжилж, захирамж гаргах ёстой.

Нийслэлийн Засаг дарга Үнэлгээний хорооны дүгнэлтийг батламжлаагүй нь 2012 оноос хойш Баянгол дүүргийн ашиглалтын шаардлага хангахгүй болсон Төмөр замын гэх шар байрнуудад төсөл хэрэгжүүлж, их хэмжээний зардал гаргаж, тухайн байрны оршин суугчидтай гэрээ хэлцэл хийж байсан манай компанийн болон тухайн байрнуудын оршин суугч, иргэдийн эрх ашгийг ноцтой хөндөж, төсөл хэрэгжүүлэх боломжгүй болгож байгаа юм. Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах журам батлагдахаас өмнө манай компани сайн дураараа иргэд оршин суугчидтай тохиролцож, гэрээ хэлцэл хийж, иргэдийг нүүлгэх, байрыг буулгах буюу дахин барилгажуулах төслийг эхлүүлэхэд бэлэн болоод байсан.

Гэвч журам батлагдсанаар зайлшгүй сонгон шалгаруулалтад оролцох ёстой болсны үндсэн дээр сонгон шалгаруулалтад оролцож, урьдчилсан үнэлгээгээр шалгарсан. Харин Нийслэлийн Засаг дарга уг урьдчилсан үнэлгээг батламжлаагүй нь 3-4 жилийн төлөвлөгөөт үйл ажиллагаа, оюуны болоод эдийн засгийн зардлыг үр дүнгүй болгоод байна.

Иймд Захиргааны хэргийн шүүхээр Үнэлгээний хорооны урьдчилан шалгаруулсан дүгнэлтийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 90 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах журам-ын 6.11, 6.12-т заасны дагуу Нийслэлийн Засаг даргыг батламжлахыг даалгах тухай шийдвэрийг гаргуулж, манай компанид ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцнуудад дахин барилгажуулах төслийг манай компанид хэрэгжүүлэх боломжийг олгож өгөхийг хүсэж байна гэжээ.

Монголын бүтээн байгуулалтын түншлэл ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй холбоотой Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын орлогч дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Нийслэлийн Баянгол дүүргийн нутаг дэвсгэрт байршиж буй ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдож, ашиглахыг хориглосон нийтийн зориулалттай орон сууцны 39 барилгыг дахин төлөвлөн барилгажуулах талаар Нийслэлийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах тухай А/977 захирамж гарсан.

Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах журам-ын 6 дугаар зүйлийн 6.1-д Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг үндэслэн нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллага нь төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах зарыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлах, төсөл хүлээн авах ажлыг зохион байгуулна гэж заасны дагуу манай газар нь Баянгол дүүрэг дэх дахин төлөвлөн барилгажуулах 39 барилгыг 10 багц болгон хуваан төсөл хэрэгжүүлэхийг сонирхогч этгээдийн төслийг хүлээн авах урилгыг 2015 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зарлан, 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсан.

2015 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Үнэлгээний хорооны гишүүд болон төсөл ирүүлсэн хуулийн этгээд, иргэдийн төлөөллийг байлцуулан төсөл хэрэгжүүлэхийг сонирхогч этгээдээс ирүүлсэн төслийг Үнэлгээний хороонд хүлээлгэн өгсөн. Үнэлгээний хороо нь ирүүлсэн төсөл тус бүрийн битүүмжлэлийг шалгаж, самбарт тэмдэглэл хөтлөн оролцогчдод танилцуулсан. Төслүүдийн битүүмжлэлийг шалгах явцад Төсөл хэрэгжүүлэхээр саналаа ирүүлсэн Монголын бүтээн байгуулалтын түншлэл ХХК-ийн төслийн санал нь дотор битүүмжлэл алдагдсан байсныг тогтоон 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн төслийн саналыг хүлээлцсэн акт хөтлөн, төслөө ирүүлсэн аж ахуйн нэгжүүдэд танилцуулан Үнэлгээний хорооны дарга гарын үсэг зурж баталгаажуулсан.

Үнэлгээний хорооноос БГД-З дугаар багц буюу Баянгол дүүргийн 3 дугаар хороо 21, 35, 36 дугаар байрууд дээр 64 оноогоор Монголын бүтээн байгуулалтын түншлэл ХХК-ийг урьдчилан шалгаруулсан болно. Үнэлгээний хороо нь журмын 6.8-д заасны дагуу дүгнэлтээ гарган төсөл хэрэгжүүлэгчийг урьдчилан шалгаруулж Нийслэлийн Засаг даргад албан бичгээр хүргүүлсэн байна.

Журмын 6.12-д Нийслэлийн Засаг дарга нь Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзвэл төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг батламжилсан захирамж гарган гурван талт гэрээ байгуулах албан ёсны эрхийг шалгарсан этгээдэд олгоно. гэж заасан байдаг. Нийслэлийн Засаг дарга үнэлгээний хорооны нэгдсэн дүгнэлт, төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичиг болон холбогдох баримтыг нягтлан үзээд Монголын бүтээн байгуулалтын түншлэл ХХК нь үнэлгээний хороонд төсөл ирүүлэхэд, уг төсөл нь дотор битүүмжлэл алдагдсан байх тул төсөл сонгон шалгаруулалтыг дахин зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн.

Манай байгууллагаас зарласан урилгын дагуу төсөл хэрэгжүүлэхийг сонирхогч этгээдээс албан бичгээр ирсэн хүсэлтийг үндэслэн төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичиг-ийг олгодог. Уг баримт бичигт төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулалтад санал гаргагчид өгөх зааварчилгааны 3.8-д Сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан тоо ширхэг, тэмдэглэгээнээс зөрүүтэй, дотор дугтуйн битүүмжлэл шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй бол оролцох саналыг сонгон шалгаруулалтад тэнцээгүй гэж үзнэ гэж заасан байна.

Баянгол дүүрэг дэх ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах, төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах талаар хийгдсэн үйл ажиллагаа нь холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмын дагуу хийгдсэн болно. Иймд нэхэмжлэгч Монголын бүтээн байгуулалтын түншлэл ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээд Г******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: ...Манай Г******* ХХК нь Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 90 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах журам-ын дагуу Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас зарласан ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгын дахин төлөвлөлтийн БГД-3 төсөлд холбогдох журам, сонгон шалгаруулалтад оролцох санал гаргагчдад өгөх зааварчилгаанд заасан шаардлагуудыг бүрэн хангаж, тендер хүлээн авах хугацаанд буюу 2015 оны 08 дугаар сарын 14-ний өдөр тендерийн материалыг хүлээлгэн өгч, улмаар үнэлгээний хорооны гишүүдээс ерөнхий шаардлагыг хангасан гэж үзэж, төсөл хэрэгжүүлэгчээр шалгаруулсан.

Иймд бид ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах журмын 6 дугаар зүйлийн 6.12-т Нийслэлийн Засаг дарга нь Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзвэл төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг батламжилсан захирамж гарган, гурван талт гэрээ байгуулах албан ёсны эрхийг шалгарсан этгээдэд олгоно гэж заасны дагуу төсөл хэрэгжүүлэх эрхээ баталгаажуулж, цаашид төсөлтэй холбоотой ажлыг цаг алдалгүй хэрэгжүүлэх нэн шаардлагатай байна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны нэгдсэн үнэлгээгээр:

- Багц-БГД-2-т нэхэмжлэгч Орчлон консалтанг ХХК нь урьдчилсан байдлаар шалгарсан тул төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах, төсөл хэрэгжүүлэгчийг дахин сонгон шалгаруулах Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын шийдвэрийг хүчингүй болгуулах,

- Багц-БГД-3-т нэхэмжлэгч Монголын бүтээн байгуулалтын түншлэл ХХК нь урьдчилсан байдлаар шалгарсан тул төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах тухай шаардлага бүхий нэхэмжлэлүүдийг тус шүүхийн шүүгчийн 2015 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 7510 дугаар Хэргийг нэгтгэх тухай захирамжийн дагуу нэгтгэн авч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогдож байна:

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 90 дүгээр тогтоолоор Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн, барилгажуулах журам-ыг /цаашид журам гэх/ баталсны дагуу Нийслэлийн Засаг даргын 2015 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн А/124 дүгээр захирамжаар Төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах Үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг баталж, мөн 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн А/977 дугаар захирамжаар Ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны барилгыг дахин төлөвлөж барилгажуулах тухай захирамжаар ашиглалтын шаардлага хангахгүй, газар хөдлөлтөд тэсвэргүй, ашиглахыг хориглосон нийтийн зориулалттай орон сууцны барилгуудын жагсаалтыг гаргажээ.

Дээрх журмын 6 дугаар зүйлийн 6.1-д Нийслэлийн Засаг даргын шийдвэрийг үндэслэн нийслэлийн барилга, хот байгуулалтын асуудал эрхэлсэн байгууллага нь төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах зарыг хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлах, төсөл хүлээн авах ажлыг зохион байгуулна гэж заасны дагуу Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас Баянгол дүүргийн дахин төлөвлөн барилгажуулах 39 барилгыг 10 багц болгон хувааж төсөл хэрэгжүүлэгчийг сонирхогч этгээдийн төслийг хүлээн авах урилгыг 2016 оны 02 дугаар сарын 09-ний өдөр зарлан, 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, ирүүлсэн төслүүдийг Үнэлгээний хороонд 03 дугаар сарын 24-ний өдөр хүлээлгэн өгсөн байна.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар нь хэрэгт авагдсан төслийг хүлээлцсэн актад Багц-БГД-2, Багц-БГД-3-т оролцогч О ХХК, Хот байгуулалтын түншлэл ХХК, Монголын бүтээн байгуулалтын түншлэл ХХК-ууд нь сонгон шалгаруулалтын Оролцох санал гаргагчид өгөх зааварчилгаа-ны 3.8-д заасан сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан тоо ширхэг, тэмдэглэгээнээс зөрүүтэй, дотор дугтуйн битүүмжлэл сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй бол оролцох саналыг сонгон шалгаруулалтад тэнцээгүй гэж үзнэ гэж заасныг зөрчсөн нь талуудын тайлбар, гуравдагч этгээдийн гомдол зэргээр тогтоогдож байхад нэр бүхий компаниудыг сонгон шалгаруулалтад оролцуулахаар Үнэлгээний хороо руу хүргүүлэлгүй, сонгон шалгаруулалтын санал хураалтад оролцуулалгүй, ирүүлсэн материалыг өөрийн эрх хэмжээний хүрээнд буцаах боломжтой байжээ.

Нэгэнт ирүүлсэн төслийн материалуудыг Үнэлгээний ерөнхий хороо хүлээн авч, Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн орон сууцны зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулах Үнэлгээний хорооны 2015 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтээр багц-БГД-3 дээр буюу Баянгол дүүргийн 3 дугаар хороо 21, 35, 36 дугаар байрууд дээр 64 оноогоор Монголын бүтээн байгуулалтын түншлэл ХХК-ийг шалгаруулж, урьдчилан шалгаруулалтын явцад БГД-2 багцад төслийн санал ирүүлсэн оролцогч байгууллагаас гомдол гарсан тул хууль зүйн үнэлэлт, дүгнэлт гаргуулж үнэлгээний хороог дахин хуралдуулах шаардлагатай гэж шийдвэрлэсэн атлаа 2, 8 дугаар багцыг олонхоороо шийдсэний дагуу явуулья гээд Д.О******* гэж тэмдэглэжээ.

Ийнхүү Үнэлгээний хорооны:

2015 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн Үнэлгээний дүгнэлт хүргүүлэх тухай 1 тоот албан бичгээр багц-БГД-3 дээр Монголын бүтээн байгуулалтын түншлэл ХХК;

2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн албан бичиг, дүгнэлтээр /дугааргүй/ багц-БГД-2 дээр буюу Баянгол дүүргийн 22, 23, 24, 37 дугаар байруудыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчээр О ХХК-иудыг Хаус жейд ХХК-аас 2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр гомдол гаргасны дараа тус тус урьдчилан сонгон шалгаруулж, журмын 6 дугаар зүйлийн 6.11-д Нийслэлийн Засаг даргад танилцуулна гэж заасны дагуу Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүлд тус тус хүргүүлсэн байна.

Журмын 6 дугаар зүйлийн 6.12-д Нийслэлийн Засаг дарга нь Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзвэл төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг батламжилсан захирамж гарган гурван талт гэрээ байгуулах албан ёсны эрхийг шалгарсан этгээдэд олгоно гэж заасны дагуу Нийслэлийн Засаг дарга нь Үнэлгээний хорооноос ирүүлсэн дүгнэлтийг хүлээн авч танилцан төсөл хэрэгжүүлэгчийг шалгаруулан батламжилсан захирамж гаргахаар журамласан байна.

Харин сонгон шалгаруулалттай холбоотой маргаан болон төслийн материалын битүүмжлэлтэй холбоотой асуудлын хувьд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газар нь журмын 6.6-д ...урилгад заасан хугацааны дотор төслийг хүлээн авч, ирүүлсэн төслийн тоог нийтэд мэдээлнэ гэсний дагуу төсөл бүрийг хүлээн авч, шалган битүүмжлэлийг шалгаж, 2015 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн аж ахуйн нэгжүүдийн төслийн саналыг хүлээлцсэн актыг үйлдэж, Үнэлгээний хороонд өгсөн байна.

Шүүх хуралдаанд талуудын тайлбарласнаас үзэхэд Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газраас зарласан урилгын дагуу төсөл хэрэгжүүлэхийг сонирхогч этгээдээс албан бичгээр ирсэн хүсэлтийг үндэслэн төсөл хэрэгжүүлэгчийн сонгон шалгаруулалтын баримт бичиг-ийг тодорхой үнэ өртөгтэйгээр төсөлд оролцох тутамд олгодог байна.

Уг баримт бичигт төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулалтад санал гаргагчид өгөх зааварчилгааны 3.8-д Сонгон шалгаруулалтын баримт бичигт заасан тоо ширхэг, тэмдэглэгээнээс зөрүүтэй, дотор дугтуйн битүүмжлэл шалгаруулалтын баримт бичигт заасан шаардлагыг хангаагүй бол оролцох саналыг сонгон шалгаруулалтад тэнцээгүй гэж үзнэ гэж заачихаад ирүүлсэн төслүүдийн дугтуйн битүүмжлэл хангагдаагүй гэдгийг мэдсэн хэдий ч төслүүдийг бүгдийг нь сонгон шалгаруулалтад оролцуулахаар Үнэлгээний хороонд хүргүүлсэн нь зохион байгуулагч этгээд өөрөө журмын заалтаа зөрчсөн, хууль зүйн үндэслэлгүй үйлдэл болжээ.

Харин журмын 6 дугаар зүйлийн 6.8-д Үнэлгээний хороо нь ирүүлсэн төсөл бүрт үнэлгээ өгч, дүгнэлт гаргана гэж заасны дагуу ирүүлсэн төслийн сонгон шалгаруулалтын ажлыг хийж гүйцэтгэн, төсөл хэрэгжүүлэгчээр урьдчилан байдлаар шалгаруулсан явдалд Үнэлгээний хороо болон нэхэмжлэгч О ХХК, Монголын бүтээн байгуулалтын түншлэл ХХК-иудыг буруутгах боломжгүй байна.

Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 04/1230 дугаар албан бичгээр О ХХК-д ...урьдчилан байдлаар шалгарсан ... Нийслэлийн Засаг даргад танилцуулсан боловч Сонгон шалгаруулалтын баримт бичгийн 3.8-д заасны дагуу дотор дугтуйн битүүмжлэлийг хангаагүй тул төсөл хэрэгжүүлэгчийг дахин сонгон шалгаруулахаар шийдвэрлэсэн болохыг мэдэгджээ.

Үүнтэй холбогдуулан О ХХК, Монголын бүтээн байгуулалтын түншлэл ХХК-иуд нь холбогдох төрийн захиргааны байгууллага болон шүүхэд гомдол гаргаж, асуудлыг эцэслэн шийдвэрлээгүй байхад 2015 оны 05 дугаар сарын 19, 8 дугаар сарын 14-ний өдрүүдэд сонгон шалгаруулалтыг дахин зарласан нь төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсан О ХХК, Монголын бүтээн байгуулалтын түншлэл ХХК-иудын эрх ашгийг хөндсөн байна.

Түүнчлэн Үнэлгээний хорооны:

2015 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2 тоот албан бичиг, дүгнэлтээр багц-БГД-2 дээр Хаус жэйд ХХК,

2015 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн /дугааргүй/ албан бичиг, дүгнэлтээр багц-БГД-3 дээр Г******* ХХК-иудыг урьдчилан байдлаар шалгаруулан Нийслэлийн Засаг даргад танилцуулахаар хүргүүлсэн байна.

Ийнхүү аж ахуйн нэгж байгууллагуудыг төсөл хэрэгжүүлэгчээр зэрэгцүүлэн шалгаруулж, тэдний төрийн байгууллага, албан тушаалтанд хандсан өргөдөл гомдлыг эцэслэн шийдвэрлээгүй, журамд заасан эрх үүргээ цаг тухайд биелүүлээгүй, үйл ажиллагааны уялдаа холбоо муутай байдал, түүнчлэн сонгон шалгаруулалтын явцад гарсан маргааныг аль шатанд, ямар байгууллага, албан тушаалтан нь шийдвэрлэх зохицуулалтыг журамд тусгаагүй бүрхэг байдал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, 29 дүгээр зүйлийн 2, 33 дугаар зүйлийн 33.5-д заасан болон Засаг даргын бүрэн эрхэд хамаарагдах иргэд, аж ахуйн нэгж байгууллагын эрх ашгийг хамгаалах асуудлаар бусад эрхэд заагдсан эрх үүргээ хэрэгжүүлээгүй буруутай үйлдэл болжээ гэсэн дүгнэлтэд хүргэж байна.

Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны нэгдсэн үнэлгээгээр нэхэмжлэгч Орчлон консалтанг ХХК-ийг Багц-БГД-2, нэхэмжлэгч Монголын бүтээн байгуулалтын түншлэл ХХК-ийг Багц-БГД-3 дээр урьдчилсан байдлаар тус тус шалгарсан тул төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагын тухайд Журмын 6 дугаар зүйлийн 6.12-д Нийслэлийн Засаг дарга нь Үнэлгээний хорооны дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзвэл төсөл хэрэгжүүлэгчээр шалгарсныг батламжилсан захирамж гарган ... гэж заасны дагуу Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.

Учир нь Сонгон шалгаруулалтын баримт бичгийн 3.8-д заасны дагуу дээрх компаниудаас ирүүлсэн төсөл хэрэгжүүлэгчийг сонгон шалгаруулах материалын дотор дугтуйн битүүмжлэлийг хангаагүй байхад материалыг Үнэлгээний хороонд хүргүүлсэн, төсөл хэрэгжүүлэгчээр урьдчилан байдлаар сонгон шалгаруулсан үйлдлүүд нь журмаа зөрчсөн байхад Засаг даргыг төсөл хэрэгжүүлэгчээр батламжилсан захирамж гаргахыг даалгах нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд энэ тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Харин төсөл хэрэгжүүлэгчийг дахин сонгон шалгаруулах Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын шийдвэрийг хүчингүй болгох тухай О ХХК-ийн шаардлага бүхий нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2.7-д заасны дагуу Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 04/1230 дугаар албан бичгийн биелэлтийг түдгэлзүүлж, тухайн хэргийн нөхцөл байдлыг тодруулан Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг дахин сонгон шалгаруулах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1, 70.2.7, 70.2.9 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7, 29 дүгээр зүйлийн 2, 33 дугаар зүйлийн 33.5, Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг тус тус баримтлан, тухайн хэргийн нөхцөл байдлыг тодруулан Ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг дахин төлөвлөн барилгажуулах төсөл хэрэгжүүлэгчийг Багц-БГД-2 дээр дахин сонгон шалгаруулж, Нийслэлийн Ерөнхий төлөвлөгөөний газрын 2015 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 04/1230 дугаар албан бичгийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

2. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 2, Орон сууцны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Орчлон консалтанг ХХК-ийг Багц-БГД-2, нэхэмжлэгч Монголын бүтээн байгуулалтын түншлэл ХХК-ийг Багц-БГД-3 дээр урьдчилсан байдлаар тус тус шалгарсан тул төсөл хэрэгжүүлэгчээр батламжлан захирамж гаргахыг Нийслэлийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу тус бүр нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ОЮУМАА