Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 3

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Б.Баттөр, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 638 дугаар шийдвэртэй,

Төрийн банкны Булган салбарын нэхэмжлэлтэй, Э.Т, А.Т нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэг 9.665.087 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г.н гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд:

   Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч       Д.Б

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                            А.Г        

   Нарийн бичгийн дарга                                             С.Гончигбал нар оролцов.

Нэхэмжлэгч Төрийн банкны Булган салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Э.Т, А.Т нар нь Төрийн банкны Булган салбарын Зүүнтүрүү тооцооны төвөөс 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн ********** тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан нийт 10 500 000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй 50 сарын хугацаагаар сар бүр төлөх нөхцөлтэйгөөр, 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн ********** тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан нэмэлт 1 900 000 төгрөг авч нийт 12 123 000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй 50 сарын хугацаатай сар бүр төлөх нөхцөлтэйгөөр тус тус авсан. Зээлийн гэрээний 6.2.1, 6.2.5 дахь заалтад дурьдсан нөхцөл байдал үүссэн. Төрийн банкны зүгээс 2018 оны 12 дугаар сарын 11-ний  өдрийн зээлийн гэрээний 3.2.1, 3.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч зээлийн хугацааг хэтрүүлсэн хэвээр байна. Иймд 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн байдлаар зээл, зээлийн хүү, бусад зардлыг зээлдэгч Э.Т, А.Т нараас гаргуулах хүсэлтэй байна. Үүнд: үндсэн зээлийн дүн 8 704 394.21 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 945.710.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 14 982.19 төгрөг, нийт нэхэмжлэх зээлийн дүн 9 665 087 төгрөг, улсын тэмдэгтийн хураамж 169 592 төгрөг, нотариатын зардал  6 500 төгрөг, нийт 9 665 087 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Э.Т, А.Т нар нь Төрийн банкны Булган салбарын Зүүнтүрүү тооцооны төвөөс 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн ********** тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан нийт 10 500 000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй 50 сарын хугацаагаар сар бүр төлөх нөхцөлтэйгөөр, 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн ********** тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан нэмэлт 1 900 000 төгрөг авч нийт 12 123 000 төгрөгийн зээлийг жилийн 20,4 хувийн хүүтэй 50 сарын хугацаатай сар бүр төлөх нөхцөлтэйгөөр тус тус авсан. Төрийн банкны зүгээс 2018 оны 12 дугаар сарын 11-ний  өдрийн зээлийн гэрээний 3.2.1, 3.3 дахь заалтуудыг тус тус үндэслэн гэрээний үүргээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч зээлийн хугацааг 209 хоног хэтрүүлсэн. Зээлдэгч нарыг зээл төлөх талаар удаа дараа мэдэгдэж, 2 удаа мэдэгдэл хүргүүлсэн бөгөөд фэс чатаар холбогдож зээл төлөхийг шаардаж байсан. Зээлдэгч нар нь оршин суугаа газраа байхгүй байсан тул тэдний ээж, аав, ах, эгч нартай нь байнга уулзаж энэ талаар хэлдэг байсан. Иймд зээлдэгч нарыг зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, ноцтой зөрчил гаргасан тул зээлдэгч нартай байгуулсан зээлийн гэрээг цуцалж үндсэн зээл 8 704 394.21 төгрөг, үндсэн хүүгийн төлбөр 945 710.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 14 982.19 төгрөг, нийт 9 665 087 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Э Э.Т, А.Т нар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Төрийн банкны 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 31/456 дугаартай нэхэмжлэл нь анхан шатны шүүхийн хувьд нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй, мөн эвлэрүүлэн зуучлагчид гаргаж байгаа өргөдөл мэт байгаа, нэхэмжлэлийн 3 дахт хэсэг болох маргааны тухай хэсэгт “зээлдагч Э.Т, А.Т нар нь Төрийн банкны салбарын Зүүнтүрүү тооцооны төвөөс 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ********** тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан нийт 18 954 000 төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 60 сарын хугацааутай” гэжээ. Гэтэл зээлдэгч бид нар Төрийн банкнаас 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр ********** тоот барьцаат зээлийн гэрээгээр 10 500 000 төгрөгийн зээл авч байсан болно. Энэ  гэрээний дугаар, мөнгөн дүн андуурсан байхад, тус шүүх 2019 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр 132/ШЗ2019/01913 дугаартай шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн шаардлага тодорхой бус /нхэмжлэлийн шаардлага байхгүй/ байхад, нэхэмжлэлд хавсаргасан барьцаат зээлийн гэрээний дугаар, мөнгөн дүн зөрүүтэй байхад, иргэний хэрэг үүсгэсэн байна. Иймд дээрх үндэслэлүүдээр Төрийн банкны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Төрийн банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэл тодорхойгүй, эвлэрүүлэн зуучлагчид гаргаж байгаа өргөдөл мэт байсан. Мөн зээлдэгч нар 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр зээлийн гэрээ байгуулж 10 500 000 төгрөгийг авсан байхад 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр зээл авсан гэж бичсэн.  Шүүх нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл тодорхойгүй байхад иргэний хэрэг үүсгэсэн байсан. Зээлдэгч нар нь 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр 10 500 000 төгрөгийн зээлийг авсан нь үнэн. Зээлдэгч Э.Т нь 2018 оны 10 дугаар сарын 26-ны өдөр ажлаасаа чөлөөлөгдсөн. Энэ талаар банканд мэдэгдэж зээлийн хүүг зогсоох талаар хүсэлт гаргасан боловч банк хүүг зогсоогоогүй. Иймд зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлж өгнө үү гэжээ

   Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 638 дугаартай шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн ********** тоот барьцаат зээлийн гэрээ, 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн ********** тоот барьцаат зээлийн гэрээг цуцалж, хариуцагч Э.Т, А.Т нараас үндсэн зээлийн үлдэгдэл 8 704 394.21 /найман сая долоон зуун дөрвөн мянга гурван зуун ерэн дөрвөн/ төгрөг, хүүгийн төлбөр 945 710.59 /есөн зуун дөчин таван мянга долоон зуун арав/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 14 982.19 /арван дөрвөн мянга есөн зуун наян хоёр/ төгрөг, нийт 9 665 087 /есөн сая зургаан зуун жаран таван мянга наян долоо/ төгрөгийг гаргуулж Төрийн банкны Булган салбарт олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 169592 /нэг зуун жаран есөн мянга таван зуун ерэн хоёр/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас169592 /нэг зуун жаран есөн мянга таван зуун ерэн хоёр/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

          Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г давж заалдах гомдолдоо: “...Төрийн банкны 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн гаргасан нэхэмжлэл нь нэхэмжлэлийн шаардлага нь тодорхойгүй, эвлэрүүлэн зуучлагчид гаргаж байгаа өргөдөл байсаар байтал анхан шатны шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн. Мөн нэхэмжлэлд хавсаргасан барьцаат зээлийн гэрээний дугаар, мөнгөн дүн зөрүүтэй байхад иргэний хэрэг үүсгэж хэргийг шийдвэрлэсэн. Шүүхийн хэлэлцүүлэгийн явцад нэхэмжлэгч тал зээлийн гэрээг цуцлахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн байдаг. Гэтэл зээлдэгч бид ажилгүй болсон учир зээлийг төлөх боломжгүй болсон талаар 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр мэдэгдэж, зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцлах эрх банкинд байдаг тул гэрээг цуцлах тухай хүсэлтийг банкинд гаргасан. Энэхүү мэдэгдэх хуудсыг анхан шатны шүүх үнэлэлгүй зөвхөн банкны нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж, биднээс ямар нэгэн тайлбар авсангүй. Хэрэв тайлбар авсан бол бид 2019 оны 02 дугаар сарын 28-ны өдоөөс хойшхи зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хасч тооцуулах байсан. Бид одоог хүртэл ажилгүй, ам бүл 5, гурван хүүхэд цэцэрлэг, сургуульд явдаг тул бидний хувьд банкны зээлийн хүү 945.710.59 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 14.982,19 төгрөг, нийт 960.962,78 төгрөгийг төлөх чадваргүй байтал нэхэмжлэгч тал бидний хүүхдүүдийн эрх ашгийг хөндөж 3 хүүхдийн халамжийн мөнгийг суутган зээл төлүүлж байна. Иймд Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 638 дугаар шийдвэрт заасан 9.665.087 төгрөгнөөс зээлийн хүү 945.710,59 төгрөг. нэмэгдүүлсэн хүү 14.982,19 төгрөг нийт 960.962,78 төгрөгийг хасч, шийдвэрлэж өгнө үүү...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд хууль ёсны байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйрийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч Төрийн Банкны Булган салбар нь хариуцагч Э Э.Т, А.Т нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт 9.665.087 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч Э.Т нь зээл авсан нь үнэн гэхдээ 2018 оны 10 дугаар сарын 28-ны өдөр ажлаасаа гарсан талаар Төрийн банкинд мэдэгдэж, хүү зогсоох талаар хүсэлт гаргаж байсан тул зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс чөлөөлж өгнө үү гэжээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч нар нь Булган аймаг дахь Төрийн банкны Зүүнтүрүү салбараас 2017 оны 7 дугаар сарын 4-ний өдөр ********** тоот  барьцаат зээлийн гэрээ байгуулан 10.500.000 төгрөгийг 20,4% хүүтэй 50 сарын хугацаатай, 2017 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр ********** тоот гэрээн дээр нэмэлт 1.900.000 төгрөг авч нийт 12.123.000 төгрөгийн зээлийг 20,4% хүүтэй 50 сарын хугацаатай авсан бөгөөд  хариуцагч нар гэрээнийхээ үүргийг зохих ёсоор биелүүлээгүй нь нотлогдож тогтоогдсон, шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй байна.  /х.х-ийн 7-9/  

Харин Булган аймаг дахь Төрийн Банкны салбар нь анх шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хариуцагч нараас 9.665.087 төгрөг гаргуулах тухай шаардлага байх бөгөөд тухайн шаардлагын үндэслэл болсон “**********” дугаар зээлийн гэрээг “**********” гэж буруу бичсэнээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зөвтгөн залруулж тайлбар ирүүлсэн, мөн хамтран зээлдэгчийн нэр “А.Г” нь “А.Т” болж өөрчлөгдсөн байхад анхан шүүх иргэний хэрэг үүсгэсэн захирамжаа өөрчлөөгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй байна.  /х.х-ийн 28, 31/

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г.н зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү 960.962,78 төгрөгийг хасуулах талаарх давж заалдсан гомдлыг хангах хууль зүйн үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:           

1. Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 638 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгч А.Г.н давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Г.н давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 27700 /хорин долоон мянга долоон зуун/ төгрөгийг  төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.            

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Ё.БЯМБАЦЭРЭН

                               ШҮҮГЧИД                             Б.БАТТӨР 

                                                                             М.ХҮРЭЛБААТАР