Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 15 өдөр

Дугаар 4

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Б.Баттөр, шүүгч М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 621 дугаар шийдвэртэй,

Х ны Булган салбарын нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Б, С.Х, Н.У нарт холбогдох, зээлийн гэрээний үүрэг 6.303.678 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цэнгүүний гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

   Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Б.М

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч                     Э.Цэнгүүн

   Хариуцагч                                                                       Б.Б, Н.У

   Хариуцагчийн өмгөөлөгч                                               М.Даваасүрэн  

   Нарийн бичгийн дарга                                                    С.Гончигбал нар оролцов.

Нэхэмжлэгч Х ны Булган салбар нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Б.Б, С.Х нар нь Х тай 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдөр ********** дугаартай зээлийн гэрээ байгуулан 7 940 000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар, цалингийн зээлийн зориулалтаар авсан. Банк нь 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдөр зээлдэгч Б.Б.н Х  дахь ********** дансанд 7 940 000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Батсуурь овогтой Б.Б, Н.У нар нь 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр ********** тоот зээлийн үлдэгдэл дээр нэмж 1 000 000 төгрөгийн зээл хүссэн. Х  нь ********** дугаартай Зээлийн гэрээ байгуулан 7 500 000 төгрөг болгон нэмж жилийн 19.44 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатайгаар, цалингийн зээлийн зориулалтаар авсан. Банк нь 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр зээлдэгч Б.Б.н Х  дахь ********** дансанд 7 500 000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь ********** тоот зээлийн төлбөрт үндсэн зээлд 3 240 000 төгрөг, зээлийн хүүнд 1 489 118.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 776.20 төгрөгийг төлж үлдэгдэл 6 500 000 төгрөг дээр 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр ********** тоот гэрээгээр 1 000 000 төгрөг нэмж авсан. Нэмж авсан ********** тоот гэрээний хугацаанд үндсэн зээлд 1 789 063.29 төгрөг, зээлийн хүүнд 1 599 256.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 11 397.01 төгрөг төлсөн. Гэтэл зээлдэгч нь Банктай байгуулсан ********** дугаартай барьцаат зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн төлөлгүй, 168 хоног хугацаа хэтэрсэн. 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 390 000 төгрөгөөр сүүлд төлсөн. Х  нь удаа дараа зээлийн төлбөрийг эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөхийг зээлдэгчээс шаардаж, мэдэгдэж байсан бөгөөд зээлдэгч гэрээний үүргээ биелүүлээгүй байна.

Иймд Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3 дахь заалт болон ********** дугаартай цалингийн зээлийн гэрээний 1 дүгээр хавсралтын дагуу төлөгдөөгүй нийт үндсэн зээлийн төлбөр       5 710 936.71 төгрөг, 2019 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар хүү 569 503.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 737.1 төгрөг, нийт 6 288 177.46 төгрөг, зээлийн гэрээ, хавсралтуудыг хуулбарлах, нотариатаар батлгаажуулсан зардал 15 500 төгрөг, нийт 6 303 678 төгрөгийг Б.Б, С.Х, Н.У нараас гаргуулах, хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хариуцагчийн хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж зөвшөөрөл олгож өгнө үү гэжээ .

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч нар анх 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр 7 940 000 төгрөгийг жилийн 20,4 хувийн хүүтэй 36 сарын хугацаатай гэрээ байгуулж зээл авсан. Банк гэрээний үүргээ биелүүлсэн. Зээлийн төлбөр зээлийн гэрээнд заасны дагуу төлөгдөж байгаад 2018 оны 02 дугаар сарын 09-нйи өдөр зээл дээрээ нэмж 1 000 000 төгрөг авах санал гаргасныг хүлээн авч мөнгийг олгосон. 48 сарын хугацаатай зээлийг олгосон. Зээлийн гэрээний дагуу мөнгөө төлж байгаад 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрөөс мөнгөө төлөөгүй 168 хоногийн хугацаа хэтрэлтэй байсан тул банк зээлийн гэрээний 5.1 дэх заалтыг баримтлан мөнгөө нэхэмжилсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж байна гэжээ.

Хариуцагч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Х ны Булган салбарын зээл, зээлийн хүү төлүүлэхээр гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие нь С.Х.тай  анх 2005 онд гэр бүл болсон. Гэр бүл болоод Орхон суманд амьдарч байгаад нөхрийн бие өвдөж эмнэлгийн ойр байх шаардлагатай болсон тул аймгийн төвд амьдарч ажил төрөл хийж байгаад миний бие 2014 онд Булган сумын 1 дүгээр цэцэрлэгт ажилд орсон. Ажилд ороод 2 жил гаруй ажилласны дараа анх 2016 оны 1 дүгээр сард худалдан авсан машиныхаа үлдэгдлийг төлөх, цагаан сард хэрэглэх зорилгоор Хаан банкнаас 3 500 000 төгрөг, 4 дүгээр сарын 12-ны өдөр нөхөр С.Х.г Улаанбаатар хот явж үзүүлж эмчлүүлэх зорилгоор 1 200 000 төгрөгийг зээл авсан. Дээрх зээлийг Хаан банканд төлж байгаад 2016 оны 8 дугаар сард Х наас 6 360 000 төгрөгийг зээл авч Хаан банкны зээлийг үлдэгдлийг хаасан. Дараа нь 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдөр нэмж зээл авч зээлийн үлдэгдэл 7 940 000 төгрөг болсон. Эдгээр зээлийг миний бие цэцэрлэгт ажиллаж байсан тул цалингаараа барьцаалан нэр дээрээ авч С.Х нь хамтран зээлдэгчээр зээлд гарын үсэг зурж авч байсан. Авсан зээлүүдийг Х бид хоёр хамт амьдарч байхдаа гэр орноо тохижуулах, 2016, 2017 оны цагаан сард бэлтгэх, худалдаж авсан машины үлдэгдэл мөнгийг төлөх, Х нь жилд 2 удаа Улаанбаатар хот явж эмчлүүлдэг тул түүнд зарцуулах зэргээр хэрэглэсэн. Харин 2018 оны 2 дугаар сард нэмж авсан 1 000 000 төгрөгийг би өөрийн хэрэгцээндээ зарцуулсан тул би хариуцаж төлөх учиртай. Иймд У.г төлбөр төлөхөөс чөлөөлж өгнө үү. Миний бие нь дээрх зээлүүдийг өөрийн цалингаас суутгуулан төлж байгаад 2019 оны 2 дугаар сараас Улаанбаатар хотод сурахаар явснаас зээлээ төлж чадахгүй болсон ба үргэлжлүүлээд төрсөн тул хугацаа хэтрүүлсэн юм. Авсан зээлүүдийг намайг төлж байсныг харгалзаж үзэж нэхэмжлэлээс 6 303 678 төгрөгийг Х.тай хувааж төлөх саналтай байна. Х бид хоёр 2017 оны 5 сараас тусдаа амьдарч байгаа гэжээ.

Хариуцагч Н.У шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Х ны надад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Миний бие Б.Б.н гуйлтаар 2018 оны 2 дугаар сард Х наас 1 000 000 төгрөгийг зээл авахад хамтран зээлдэгчээр гарын үсэг зурсан. Тэр мөнгөнөөс нь нэг ч төгрөг авч хэрэглээгүй. Зээлдэгч Б.Б нь өөрөө хариуцаж төлнө гэсэн тул намайг энэ зээлийг төлөхөөс чөлөөлж өгнө үү гэжээ.

 Хариуцагч С.Х шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие зээлдэгч Б.Б.тэй гэр бүл болон амьдарч байгаад 2017 онд Б нь өөр хүнтэй болж намайг 2 хүүхдийн минь хамт хаяж явсан бөгөөд тэр үеэс хойш бид тусдаа амьдарч байгаа. Би Б.тай Х наас зээл авч байгаагүй тул Иргэний хариуцагчаас чөлөөлж өгнө үү. Миний бие Хаан банкнаас зээл хүсэж лавлагаа гаргуулахад Монгол банкны лавлагаагаар өөрийн эх болох С.Д.н тэтгэврийн зээл дээр хамтран зээлдэгчээр байгаа.  Өөр ямар нэгэн зээлгүй байна гэсэн болно. Х  нь хууль зөрчиж хүчингүй болсон гэрээг үндэслэж намайг хариуцагчаар татсан байх тул тухайн байдлыг харгалзаж үзэж иргэний хариуцагчаас чөлөөлж өгнө үү гэжээ.

   Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 621 дугаартай шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн ********** дугаартай зээлийн гэрээ, 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдрийн ********** дугаартай зээлийн гэрээг тус тус цуцалж,  хариуцагч Б.Б, С.Х, Н.У нараас  үндсэн зээлийн үлдэгдэл 5 710 936.71 төгрөг, зээлийн  хүү 569 503.65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 7 737.1 нийт 6 288 177.46 /зургаан сая хоёр зуун наян найман мянга нэг зуун далан долоо/ төгрөгийг гаргуулан Х ны Булган салбарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 15 500 /арван таван мянга таван зуун/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 115809 /нэг зуун арван таван мянга найман зуун ес/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас 115560 /нэг зуун арван таван мянга таван зуун жар/ төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгч байгууллагад олгож,

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цэнгүүн давж заалдах гомдолдоо: “...2017 оны 02 дугаар сарын 08-ны өдөр ********** дугаартай зээлийн гэрээг хариуцагч Б.Б нь өөрийн цалингаа барьцаалж, үндсэн зээлдэгчээр, хариуцагч С.Х нь хамтран үүрэг гүйцэтгэгчээр байгуулсан байна. Үүний дараа үндсэн зээлдэгч буюу хариуцагч Б.Б нь хариуцагч С.У.тэй хамтран дээрх зээлийн гэрээний үлдэх төлбөр дээр нэмж 1.000.000 төгрөг зээлээр авч, 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр ********** дугаартай зээлийн гэрээг шинээр байгуулсан байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон дээрх үйл баримт буюу хууль зүйн фактаас харахад хариуцагч С.Хатанбаатар нь ********** дугаартай гэрээний үүргээ ********** дугаартай гэрээ байгуулагдахаас өмнө зохих ёсоор хууль болон гэрээний дагуу гүйцэтгэж байсан байна. Өөрөөр хэлбэл хариуцагч С.Х.г Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д зааснаар сүүлийн гэрээ байгуулагдахаас өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн гэж үзнэ.

Хариуцагч С.Х нь эхэлж байгуулсан буюу ********** дугаартай зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгэж байсан ба хариуцагч Б.Б, С.У нар нь сүүлд шинээр байгуулсан буюу ********** дугаартай зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйгээс үүссэн үр дагавар, үүрэг, хариуцлагыг гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлж байсан хариуцагч С.Х.т хүлээлгэж, түүнээс төлбөр гаргуулж шийдвэрлэж байгаа нь буруу, хууль зүйн үндэслэлгүй, шударга ёсонд нийцэхгүй байна.

Түүнчлэн ********** дугаартай гэрээ нь нэхэмжлэгч Х  болон хариуцагч Б.Б, С.У нарын хооронд шинээр байгуулагдаж, эрх, үүргийн харилцаа үүссэн байхад анхан шатны шүүх ********** дугаартай гэрээг ********** дугаартай гэрээний нэмэлт гэрээ хэмээн дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

Хариуцагч С.Х сүүлд байгуулсан гэх ********** дугаартай гэрээг байгуулахыг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байхад нэхэмжлэгч Х , хариуцагч Б.Б, С.У нар нь уг гэрээг байгуулсан байна.

Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгч Х  нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т заасан “үүрэг гүйцэтгүүлэгч нь гүйцэтгэвэл зохих үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан” гэж үзэх мөн нэхэмжлэгч Х  болон хариуцагч Б.Б, С.У нар нь мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т заасан “талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон” гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна. ********** дугаартай гэрээний үүрэг нь ********** дугаартай гэрээг байгуулснаар өмнөх гэрээний үүрэг сүүлийн гэрээнд шилжсэн гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл хариуцагч С.Х, Б.Б нарын байгуулсан гэрээний үүргийн үлдэх зээлийн төлбөр үндсэн үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч Б.Б, хамтран үүрэг гүйцэтгэгч С.У нарын сүүлд байгуулсан гэрээний үүрэгт шилжсэн гэж үзнэ. Сүүлд байгуулсан гэх ********** дугаартай гэрээг үндсэн үүрэг гүйцэтгэгч буюу хариуцагч Б.Б нь нэхэмжлэгч Х инд зээлийн хүсэлт гаргаж, өөрөө үндсэн үүрэг гүйцэтгэгчээр, хариуцагч С.У хамтран үүрэг гүйцэтгэгчээр гарын үсэг зурснаар өмнөх гэрээ буюу ********** дугаартай гэрээний үүргийн харилцаа дуусгавар болно. Хариуцагч С.Х нь ********** дугаартай зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч бөгөөд уг зээлийн гэрээний дагуу олгосон зээлээс нэг ч төгрөг өөртөө ашиглаагүй, хариуцагч Б.Б бүгдийг нь ашигласан гэдэг. Мөн хариуцагч С.Х нь шүүхэд Монгол банкнаас Х инд зээлийн үлдэгдэлтэй эсэх лавлагааг гаргуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэсэн бөгөөд үүний дагуу Монгол банкнаас ирүүлсэн лавлагаагаар хариуцагч С.Х нь Х инд зээлийн үлдэгдэлгүй байгаа нь өмнөх буюу ********** дугаартай зээлийн гэрээний харилцаа дуусгавар болж, хариуцагч С.Х.г Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1, нэхэмжлэгч Х ийг мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2, нэхэмжлэгч Х , хариуцагч Б.Б, С.У нарыг мөн хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т тус тус заасныг биелүүлж, хэрэгжүүлсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд дээрх үндэслэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож, тогтоогдож байгаа учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрэх тухай хуулийн  167 дугаар зүйлийн 167.1.2, 167.1.3-т зааснаар хариуцагч С.Х.с зээлийг гаргуулж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангаагүй байна.

Х ны Булган аймаг дах салбар нь хариуцагч Б.Б, С.Х, Н.У нараас зээлийн гэрээний үүргийн биелэлт, нотариатын зардал нийт 6.303.678 төгрөг гаргуулах, зээлдэгч нартай байгуулсан зээлийн гэрээг цуцлуулахаар нэхэмжлэл гаргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд хариуцагч Б.Б Х ны Булган салбартай 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдөр ********** дугаартай зээлийн гэрээ байгуулан 7.940.000 төгрөгийг 20.4% хүүтэй 36 сарын хүүтэй цалин барьцаалсан зээл авч зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр С.Х гарын үсэг зурсан байна.

Мөн хариуцагч Б.Б нь 2018 оны 2 дугаар сарын 9-ний өдөр ********** дугаар гэрээний үлдэгдэл дээр 1.000.000 төгрөгийг ********** дугаар зээлийн гэрээ байгуулж, 7.500.000 төгрөгийг 19.44% хүүтэй, 48 сарын хугацаатай болгон нэмж цалин барьцаалсан зээл авч зээлийн гэрээнд хамтран үүрэг гүйцэтгэгчээр Н.У гарын үсэг зурсан үйл баримт болсон байна. 

Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ ********** дугаартай зээлийн гэрээний үүрэг дуусгавар болоогүй буюу үлдэгдэл 6.500.000 төгрөг дээр нэмж 1.000.000 төгрөг зээлж авсан гэж дүгнэсэн атлаа хариуцагч Б.Б, С.Х, Н.У нараас ********** дугаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл нийт 6.288.177,46 төгрөг гаргуулсан нь тухайн эрх зүйн харилцааг зохицуулсан хуулийн зохицуулалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн нь хууль хэрэглээний хувьд алдаатай болсон  байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч С.Х.г 2017 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн ********** дугаар зээлийн гэрээний хамтран үүрэг гүйцэтгэгч гэж  үзсэн атлаа Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т заасантай нийцсэн эсэх талаар дүгнэлт хийгээгүй, хэдэн төгрөгний хариуцлага хүлээхийг нарийвчлаж гаргаагүй нь ойлгомжгүй болжээ.

Хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Цэнгүүн хариуцагч С.Х нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-т заасан “... үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн” , 236.1.2-т заасан “...үүргийн гүйцэтгэлийн оронд өөр үүргийн гүйцэтгэлийг хүлээн авсан”, 236.1.3-т заасан “талууд өмнөх үүргийг солихоор тохиролцсон” гэсэн үндэслэлүүдээр С.Х.с зээл гаргуулж шийдвэрлэсэн хэсэгт өөрчлөлт оруулах талаар мэтгэлцсэн боловч үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийн нотлох үүрэгтэй өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн, зохих ёсоор гүйцэтгэсэн гэдгээ нотолж чадаагүй байна.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.2-т заасан зохицуулалт нь талууд анх тохиролцсон үүргээс өөр үүрэг хүлээлгэн өгч үүргийн харилцааг дуусгавар болгохоор тохиролцож болдог нөгөө талаар үүрэг гүйцэтгэгч өөр зүйл санал болгосныг үүрэг гүйцэтгүүлэгч хүлээн зөвшөөрч авсан бол үүрэг гүйцэтгэсэн гэж үзэх зохицуулалт бөгөөд нөгөө талаар зохигчид мөн хуулийн 236.1.3-т зааснаар өмнөх үүргийг солихоор тохиролцсон талаарх нотлох боримт хэрэгт авагдаагүй байна.

Иймд дээр дурьдсан үндэслэлээр хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байх тул  анхан шатны шүүх хууль буруу тайлбарласан нь давж заалдах шатны шүүхээс зөвтгөн залруулах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.       

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5. дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:           

1.  Хариуцагчийн төлөөлөгч Э.Цэнгүүний давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 621 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 115.561 /нэг зуун арван таван мянга таван  зуун жаран нэг/ төгрөгийг буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.           

 

                       ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Ё.БЯМБАЦЭРЭН

                                         ШҮҮГЧИД                                   Б.БАТТӨР   

                                                                                            М.ХҮРЭЛБААТАР