Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 6

 

 Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Уранчимэг, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 612 дугаартай шийдвэртэй,

О.А, Д.А, М.М, О.Б, С.Э, Ц.Г, Б.О нарын нэхэмжлэлтэй, хариуцагч З.Э.д холбогдох, өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгч С.Э, М.М, О.Б, нэхэмжлэгч Ц.Г итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч                                     О.А, М.М,

                                                         О.Б, С.Э,                  

Нэхэмжлэгч Ц.Ганбаатарын итгэмжлэгдсэн төлөөлөгч      Ц.Ц

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч              Д.Тогтохбаяр

 Хариуцагч                                         З.Э

Хариуцагчийн өмгөөлөгч                 О.Сарантуул                             

Нарийн бичгийн дарга                     С.Гончигбал нар оролцов.

 Нэхэмжлэгч О.Б, Ц.Г, С.Э нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Тус шүүхэд нэхэмжлэл гаргаж буй иргэд бид шүүхэд нэхэмжлэл гарган шүүхийн шийдвэрээр З.Э.с мөнгө гаргуулахаар болсон юм. Үүнд: Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 19-ний өдрийн 82 дугаартай шүүгчийн захирамжаар 12119000 төгрөгийг гаргуулж О.Б.д, Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 110 дугаар шийдвэрээр 11952950 төгрөгийг гаргуулж Д.А.д, Сум дундын 14 дүгээр шүүхийн 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 2598 дугаартай шүүгчийн захирамжаар 6466550 төгрөгийг гаргуулж Ц.Г.т, Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн 68 дугаартай шүүгчийн захирамжаар 5300000 төгрөгийг гаргуулж С.Э.т, Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 3 дугаар сарын 19-ний өдрийн 268 дугаартай шийдвэрээр 14497290 төгрөгийг гаргуулж М.М.д, Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 8-ний өдрийн 19500000 төгрөг гаргуулж Б.О нарт тус тус олгохоор шийдвэрлэсэн.

Бид дээр дурьдсан шүүхийн шийдвэрийг гүйцэтгүүлэхээр гүйцэтгэх хуудас бичүүлж Орхон аймгийн ШШГА-нд хандсан боловч З.Э нь шүүхийн шийдвэрээр төлөх төлбөрөөс зайлсхийж өнөөдрийг хүртэл өөрийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох Орхон аймаг, ... байрлах хоёр айлын хашааны газар болон түүн дээр барьсан амины орон сууцаа Улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөгчөөр бүртгүүлэхгүй байгаагаас дээрх үл хөдлөх хөрөнгийг шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаанд оруулж төлбөрт гаргуулах боломжгүй. Нөгөөтэйгөөр, ШШГА болон шүүхийн шийдвэрээр З.Э.с мөнгө авах иргэд аль аль нь З.Э.н өмнөөс Улсын бүртгэлийн албанд хандаж түүнийг дээрх хөрөнгийн өмчлөгчөөр бүртгүүлэх боломжгүй байгаа тул З.Э.г Булган аймгийн ... байрлах хоёр айлын хашааны газар болон түүн дээр барьсан амины орон сууцны өмчлөгч болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч О.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Э нь 2017 оны 02 дугаар сард байшин барина гэж 2000000 төгрөг авсан. Тэгээд авсан мөнгөө өгөхгүй болохоор нь шүүхэд нэхэмжлэл гаргаад шүүхээс З.Э.с зээл, зээлийн хүүтэй нийлээд 2600000 төгрөг гаргуулах тухай шүүхийн шийдвэр гарсан. Ингээд З.Э мөнгөө өгөхгүй байхаар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас З.Э.н хашаа байшинг битүүмжилсэн. З.Э уг хашаа байшингаа ахынх нь хашаа гэж мэдүүлсэн. Иймээс Булган аймгийн ... байрлах хашаа байшинг З.Э.х болохыг тогтоож өгнө гэжээ.

Нэхэмжлэгч Д.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: З.Э нь Булган аймгийн ... байрлах хоёр айлын газарт байшин барьж байгаа гэж надаас мөнгө зээлж авсан. Би З.Э.г ингээд худлаа яриад яваад байгаад нь үнэхээр өмнөөс нь ичиж байна. З.Эрдэнэжаргалд мөнгөө зээлүүлж жоохон өсгөөд авна гэсэн бодолтой байсан, гэтэл одоо өгөхгүй байна. Тэр үед мөнгө зээлүүлээгүй байсан бол хүүхдээ хагалгаанд нь оруулсан бол миний хүүхэд өнөөдөр эрүүл саруул байх ёстой байсан. Би маш их гомдолтой байна гэжээ.

Нэхэмжлэгч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би маш их гомдолтой байна. З.Э нь байшин барьж байгаа энэ байшингаа дуусгахын тулд мөнгө хэрэгтэй байна гээд надаас мөнгө зээлсэн. Би тэр барьсан байшингийнх элс хайргыг цуг ачилцаад явж байсан. Одоо надад зээлсэн мөнгөө өгөхгүй их чирэгдэл учруулж байна. Иймээс Булган аймгийн ... байрлах хашаа байшинг З.Э.н өмч болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган аймгийн ... байрлах 2 давхар хаусыг миний төрсөн ах Ц.Г бид хамтран барьж өгч байсан. Манай гэрт ирж байшин барьж өгөөч гэхээр нь хоорондоо тохиролцсон. Миний төрсөн ах Ц.Г.тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, З.Э нь бариулсан хөлснөөсөө 5625000 төгрөгийг цувуулаад өгч байсан. Одоо үлдсэн төлбөр 6500000 төгрөгийг өгч барагдуулаагүй. Одоо болохоор Ч.Г барьсан болж хувираад байгаа. Хөрөнгөө өөр хүний нэрээр улсын бүртгэл дээр бүртгүүлсэн байгаа. Булган аймгийн ... байрлах хашаа байшинг З.Э.х болохыг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч З.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: О.Б, О.А, Д.А, М.М, Ц.Г, С.Э, Б.О нарын нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна. Надад ямар нэгэн үл хөдлөх хөрөнгө болоод газар хашаа байшин байхгүй. Миний гэр бүлийн гишүүдэд ч одоогоор үл хөдлөх хөрөнгө үгүй. Би хөдөлмөрийн чадвар алдалтын 60 хувийн группд байдаг. Би зээл чөлөөлж бусдад их хэмжээний мөнгө алдаж тэр хүн маань олдохгүй алга болсон. Би шүүхэд өгч шүүгчээр захирамж гаргуулж, тахарын албаар эрэн сурвалжлуулж байгаа. Дээрх иргэдийн зарим нэгэнд төлбөрийг багаар ч гэсэн барагдуулж байгаа. С.Э нь миний хөдөлмөрийн чадвар алдалтийн 60 хувийн группийн нийгмийн даатгалын сангаас олгодог тэтгэвэрийн орлогоос тогтмол 50 хувийн суутгал хийлгэж сар бүр төлбөрөө авдаг юм. Эдгээр иргэдийн төлбөр нь анхан шатны шүүхээр хүү алдаги тооцогдож гарсан шүүгчийн захирамжаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд очсон юм. Эдгээр иргэдэд хүү мөнгө төлж явсаар үндсэн мөнгөндөө тулсан төлбөр ч байдаг. Өөрт байгаа үл хөдлөх эд хөрөнгөө зарж борлуулж, барьцаанд тавьж хүү мөнгө төлж явсан болно. Нэхэмжлэлд Орхон аймгийн ... газар, түүн дээр баригдсан амины сууцыг миний өмч мэтээр бичжээ. Энэ газар байшингийн өмчлөгч нь Ч.Г гэдэг хүн юм. Учир нь Ч.Г.тай З.Э би гэрээ байгуулж /2014 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр/ захилга аваад 2014 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Ц.Г.тай 12000000 төгрөгийн хөлстэйгөөр давхар ажил гүйцэтгэх гэрээ үйлдэж, уг газарт хашаа улмаар Ч.Г.тай тохиролцсоноор амины орон сууцыг бариулах ажлыг гүйцэтгүүлэн ажилласан. Ингээд Ч.Г.н бариулсан барилгын гүйцэтгэлийн ажил дутуу тул гүйцэтгэж өг гэхээр нь бид өөрсдөө түрээсийн байранд амьдардаг олон хүнд өр төлбөртэй байр түрээслэх мөнгөгүй, орох орон байргүй болсон тул байрыг гүйцэтгэх өгөх хүртэл Ч.Г.н газар байшинг сахин хамгаалах үүрэгтэй амьдарч байгаа болно. Түүнээс нэхэмжлэгч нарын хэлсэнчлэн миний өөрийн өмч хөрөнгө биш юм. Өөрөөр хэлбэл Ч.Г.н хөрөнгөөр баригдсан өмч хөрөнгө тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргарсан тайлбартаа: Маргаан бүхий хашаа байшингийн хаяг болох Булган аймгийн ... тоотын нутаг дэвсгэрийн харъяалал өмнө нь хэд хэдэн удаа өөрчлөгдөж байсан. Ингээд эцэст Булган аймгийн ... болж өөрчлөгдсөн. 2016 оны 1 дүгээр сард Ц.Г.н өмчлөлийн байшинг З.Э.н өмч байна гэж шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага битүүмжилсэн. Гэтэл Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн магадлалаар уг хашаа байшин нь Ч.Г.н өмч болохыг тогтооосон магадлал гарсан. Гэтэл З.Э нь өөрийн газар байшингаа Ч.Г.н нэр дээр бүртгүүлсэн гэж нэхэмжлэгчид үзээд байдаг. Бид захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж байх явцдаа Булган аймгийн ... байрлах газар нь иргэн М.н өмч болохыг олж мэдсэн. Булган аймгийн ... байрлах газар, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээн дээр З.Э.н нэр байхгүй, харин М, Ч.Г нарын нэр дээр бүртгэлтэй байгаа ба ... байрлах газар нь М.н, ... байрлах газар, үл хөдлөх хөрөнгө нь Ч.Г өмч мөн юм. Уг хашаа байшинг Цагдаагийн байгууллага З.Э.н хашаа байшин биш болохыг тогтоосон. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 612 дугаартай шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч З.Э.д холбогдох, Булган аймгийн ... байрлах газар болон үл хөдлөх хөрөнгийн өмчлөгч нь З.Э болохыг тогтоолгох тухай нэхэмжлэгч О.А, Д.А, М.М, О.Б, С.Э, Ц.Г нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 /далан мянга хоёр зуун/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж,

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч С.Э, М.М, О.Б, нэхэмжлэгч Ц.Г.н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц нар давж заалдах гомдолдоо: Гуравдагч этгээд Ч.Г нь маргаж буй үл хөдлөх эд хөрөнгө болох Булган аймгийн ... газар дээр барьсан амины орон сууцны өмчлөгчөөр 2016 оны 04 сарын 07-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг тул түүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамтран хариуцагчаар татан оролцуулах хүсэлт гаргасныг шүүгч хүлээн аваагүй. Ц.Г.н итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц.с хариуцагч З.Э, гуравдагч этгээд Ч.Г нарын хооронд 2014 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр байгуулсан гэх “Ажил гүйцэтгэх гэрээ”-г хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа ихэсгэснийг анхан шатны шүүхээс нэхэмжлэлийг хариуцагчийн тоогоор 2 хувь бичээгүй, улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулах хүсэлттэйгээ холбогдуулж оршин суугаа багаасаа авсан тодорхойлолт нь дангаараа улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хойшлуулах үндэслэл болохгүй гэх үндэслэлүүдээр нэхэмжпэлийг хүлээн авахаас татгалзан хэргийг хэлэлцэж шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.2 дахь хэсгийг зөрчсөн. Уг заалт нь Үндсэн хуулиар иргэнд олгогдсон шүүхэд мэдүүлэх эрхийг хангахтай холбоотой заалт бөгөөд нэхэмжпэлээ шүүх хуралдаан эхлэхэд гаргасан гэх үндэслэлээр алдаагаа засах боломж олголгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь зохигчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн зөрчилд хамаарна. Хууль тогтоомжийн дагуу иргэн шүүхэд мэдүүлж байгаа нь өмчлөгчийн өмчлөх эрхэд халдсан гэх ойлголтод хамаарахгүй тул анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо Иргэний хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсгийг баримталсан нь үндэслэлгүй болно. Шүүхийн шийдвэрээс харахад Ч.Г гэдэг хүн улсын бүртгэлд өмчлөгчөөр нэгэнт бүртгэгдсэн учраас З.Э.г өмчлөгч гэж үзэх боломжгүй гэж дүгнэсэн байна. Харин Ч.Г.г өмчлөгчөөр бүртгүүлэхээс өмнөх цаг хугацаанд хамаарах үйл баримтуудтай холбогдуулж З.Э гэдэг хүн өмчлөгч нь байсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагын тухайд мөн л Ч.Г гэдэг хүн улсын бүртгэлд өмчлөгчөөр нэгэнт бүртгэгдсэн байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй дүгнэлт юм. Өөрөөр хэлбэл 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрөөс өмнөх цаг хугацаанд хамаатуулж өмчлөгч нь хэн байсныг тогтоолгох нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн улсын бүртгэлийг үндэслэн хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч О.Б, О.А, М.М, Ц.Г,С.Э, Б.О нар нь 2016 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд “...Орхон аймгийн ... байрлах хоёр айлын хашааны газар болон амины орон сууцны өмчлөгч нь З.Э болохыг тогтоож өгнө үү “ гэсэн нэхэмжлэлийн шаардлага анх гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа “...Булган аймгийн ... байрлах хоёр айлын газар болон түүн дээр баригдсан амины орон сууцны өмчлөгчөөр З.Э.г тогтоож өгнө үү” гэж өөрчилсөн байна. /х.х-ийн 1-3, 211 /

Хариуцагч З.Э нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй учир нь тухайн газар болон орон сууц нь миний өмч биш, гуравдагч этгээд Ч.Г.н “...газар, хашаа байшин...” гэж маргажээ. 

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд  хариуцагч З.Э нь Орхон аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрээр нэхэмжлэгч О.Б.д 12.119.000 төгрөг, Д.А.д 11.952.950 төгрөг, О.А.д 2.717.000 төгрөг, С.Э.т 5.300.000 төгрөг, М.М.д 14.497.290 төгрөг, Б.О.д 19.500.000 төгрөг, Ц.Г.т 6.466.550 төгрөгийг тус тус төлөхөөр шийдвэрлэгдэж хариуцагч маргаагүй бөгөөд тухайн шүүхийн шийдвэрүүд хүчин төгөлдөр байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдсэн байгаа ба Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар шүүхийн шийдвэр, гүйцэтгэх хуудсыг үндэслэн ...ын гэр бүлийн хэрэгцээний хоёр айлын газар, мансардтай 2 давхар орон сууцыг 2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр хураан авч битүүмжилсэн байна. /х.х-ийн45-46/

 Маргааны зүйл болж байгаа хоёр айлын газар, мансардтай 2 давхар орон сууц нь хариуцагч З.Э.н өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох байсан нь нотлох баримтуудаар бүрэн нотлогдоогүй, харин гуравдагч этгээд Ч.Г.н өмч болох нь нотлогдож тогтоогдсон. Шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ. /х.х-ийн 36-38, 2-р хав/

Иймд  анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж нэхэмжлэгч нар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Г.н давж заалдсан гомдлыг хангах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 1. Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 612 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2.  Давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.           

 

                           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Ё.БЯМБАЦЭРЭН

                                            ШҮҮГЧИД                               С.УРАНЧИМЭГ                         

                                                                                            М.ХҮРЭЛБААТАР