Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 221/МА2017/0894

 

Б.А-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

    Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Лхагвасүрэн, шүүгч Б.Тунгалагсайхан нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга М.Отгондэлгэр, нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагч Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О, Н.М, Д.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2017/0742 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, Б.А-ийн нэхэмжлэлтэй, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам болон Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд холбогдох захиргааны хэргийг шүүгч Б.Тунгалагсайханы илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

    Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2017/0742 дугаар шийдвэрээр: Боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 28 дугаар зүйлийн 28.1, 28.1.22, Бага, дунд боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 21.6-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.А-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1/03 дугаар актын Б.А-т холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын Зөвлөх багш мэргэжлийн зэргийг хэвээр үлдээж шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Зөвлөх багш мэргэжлийн зэрэг олгохыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад даалгах, Зөвлөх багш мэргэжлийн зэргийн нэмэгдлийн зөрүүг гаргуулах, Солонгос-Монголын багш солилцооны хөтөлбөрт нөхөн хамрагдах эрх сэргээхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд даалгах” шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

    Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н давж заалдах гомдолдоо: “ ...Анхан шатны шүүх Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1/03 захиргааны актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хэрнээ үлдсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн үндэслэлгүй байна.

1. “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Зөвлөх багш” мэргэжлийн зэргийг хэвээр үлдээх эсэхийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

    Нэхэмжлэгч Б.А нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2008 оны 73 дугаар тушаалаар баталсан “Багшид мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-ын 3.9.2 дугаар заалт, Боловсролын салбарын албан хаагчдын нэмэгдэл хөлсний хувь хэмжээг тогтоох тухай Засгийн газрын 2007 оны 219 дүгээр тогтоолын 1 дүгээр заалт, Тогтоолд өөрчлөлт оруулах тухай Засгийн газрын 2010 оны 148 дугаар тогтоолын 1 дэх заалт, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 485 дугаар тушаалаар баталсан “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэг олгох ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 525 тоот тушаалаар 3 дахь удаагаа “Зөвлөх багш” мэргэжлийн зэргээ хамгаалан баталгаажуулсан. 

    Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/305 дугаар тушаалаар “Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-ыг шинэчлэн баталсан. Уг журмын 6.3-д “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэг нь арван жилийн хугацаанд хүчинтэй байна гэж мэргэжлийн зэргийн хугацаанд өөрчлөлт оруулсан. Иймээс Б.А-ийн “Зөвлөх багш” мэргэжлийн зэргийн хүчинтэй байх хугацаа 2012.01.01-2022.01.01 хүртэл арван жилийн хугацаанд хүчинтэй.

    Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс нэхэмжлэгчийг “Зөвлөх багш” мэргэжлийн зэргийг авахад шаардлага хангахгүй гэсэн үндэслэлгүй дүгнэлт гаргасан хэдий ч 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/305 дугаар тушаалаар батлагдсан “Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-ын 6.5 дахь хэсгийг үндэслэн нэхэмжлэгчийн өмнө авсан мэргэжлийн зэргийг “хэвээр үлдээх эсэх”-ийг шийдвэрлэж тушаал гаргах ёстой байсан.

    Энэ талаар анхан шатны шүүхээс 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/305 дугаар тушаалаар батлагдсан “Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-ын 3.2.3-д заасан Багшид мэргэжлийн зэрэг олгох шалгуур үзүүлэлт нь уг мэргэжлийн зэргээ хамгаалах, сунгах хүсэлт гаргасан багшид мөн адил хамаарах эсэхийг тодорхой заагаагүй боловч уг журмын 6.5-д “Мэргэжлийн зэргээ ахиулах, зөвлөх багш зэргээ хамгаалахад мэргэжлийн зэрэгт тавигдах нийтлэг, тусгай шалгуур үзүүлэлтийг хангаагүй тохиолдолд өмнө олгосон мэргэжлийн зэргийг хэвээр үлдээх эсэхийг мэргэжлийн зэрэг олгох эрх бүхий байгууллага шийдвэрлэнэ” гэж зааснаар өмнө нь зөвлөх багш мэргэжлийн зэрэгтэй байсан багш уг журмын 3.2.3-т заасан шалгуурыг хангаагүй боловч “Зөвлөх багш” мэргэжлийн зэргээ хамгаалах, хэвээр үлдээх эсэх асуудлыг тусгайлан шийдвэрлүүлж болох талаар зохицуулсан агуулгатай байна гэж үндэслэл бүхий дүгнэлтийг өгсөн. 

    Гэтэл шийдвэрийн 13 дахь тал, 3 дахь догол мөрөнд “нэхэмжлэгч Б.А журмын 6.5-д зааснаар “...“Зөвлөх багш” мэргэжлийн зэргээ хамгаалахад мэргэжлийн зэрэгт тавигдах нийтлэг, тусгай шалгуур үзүүлэлтийг хангаагүй тохиолдолд өмнө олгосон мэргэжлийн зэргийг хэвээр үлдээх эсэх...” асуудлыг шийдвэрлүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад хүсэлт гаргаагүй, харин “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэг олгох ажлын хэсгийн дүгнэлтийг эс зөвшөөрч, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад гомдол гаргасан. Уг гомдлын дагуу яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаас ажлын хэсгийн дүгнэлтийг шалгах үүрэг даалгавар өгсөн тул энэ шаардлагыг хангах үндэслэлгүй” гэж буруу дүгнэлт хийжээ. 

    Харин нэхэмжлэгч Б.А нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1/03 захиргааны акт болох ажлын хэсгийн дүгнэлтийг эс зөвшөөрч, мөн тухайн шийдвэр нь үндэслэлгүй хэдий ч журамд заасны дагуу яамны өмнө олгосон мэргэжлийн зэрэг болох “Зөвлөх багш” мэргэжлийн зэргийг хэвээр үлдээх эсэхийг эцэслэн шийдэх чиг үүргийн дагуу хүсэлт илгээсэн тул Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй. 

    Мөн анхан шатны шүүхийн шийдвэрийн 12 дахь тал, 3 дахь догол мөрөнд “хэрэгт авагдсан Б.А-ийн олон улсын болон орон нутгийн, бүсийн чанартай хурал, зөвлөгөөнд мэргэжлийн чиглэлээр тавьсан илтгэл хэлэлцүүлэг, хэвлүүлсэн ном сурах бичиг, бүтээл, хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, эзэмшиж байгаа патент зэрэг баримтаас үзэхэд түүнд “Зөвлөх багш” мэргэжлийн зэргийг үргэлжлүүлэн олгох, сунгах боломжтойг харуулж байна” гэсэн үндэслэл бүхий дүгнэлтийг өгч, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1/03 захиргааны актын нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгохоор шийдсэн атлаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэг олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. 

    Учир нь нэхэмжлэгч журамд заасан тусгай шаардлагыг хангаж байгаа гэдэг нь тогтоогдож байх тул “Зөвлөх багш” мэргэжлийн зэргийг олгож, сунгах эрх бүхий байгууллага болох Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд нэхэмжлэгчид мэргэжлийн зэрэг олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснээр нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол сэргээгдэх юм.

2. “Зөвлөх багш мэргэжлийн зэргийн нэмэгдлийн зөрүүг тооцуулан гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

    Анхан шатны шүүхээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд нь журамд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж дүгнэжээ. Шүүхээс шийдвэр гаргахдаа үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй, хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны буруутай үйлдэл байгаа талаар дээр үндэслэл бүхий дүгнэлтийг өгсөн тул уг нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй. 

    Захиргааны ерөнхий хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1-д “Иргэн, хуулийн этгээд өөрт учирсан хохирлыг хохирол учруулсан захиргааны байгууллагаас нэхэмжилж, тухайн захиргааны байгууллагаас гаргуулна”, 102 дугаар зүйлийн 102.1-д “ Захиргааны актад гаргасан гомдолд захиргааны актын улмаас учирсан хохирлыг нэхэмжилж болно” гэж хуульчилсны дагуу дараах “Зөвлөх багш” мэргэжлийн зэргийн нэмэгдлийн зөрүүг хариуцагч байгууллагаас гаргуулах хүсэлтэй байна.

    “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн захиргаа багшдаа хохирол учруулахгүйн тулд нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалж, журам зөрчиж, мэргэжлийн зэргийн нэмэгдлийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн “Тэргүүлэх багш”-д ногдох хувиар тооцож олгосон. Уг шийдвэрийн дагуу үндсэн цалин 577,826 төгрөгийн 20 хувь болох 115,565 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарыг дуустал 9 сарын хугацаанд 1,040,085 төгрөгийн нэмэгдэл авах ёстой байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл 15 хувиар тооцон 86674*9=780066 төгрөгийг авсан. 

     Анхан шатны шүүх  хэрэгт авагдсан Б.А-ийн олон улсын болон орон нутгийн бүсийн чанартай хурал зөвлөгөөнд мэргэжлийн чиглэлээр тавьсан илтгэл хэлэлцүүлэг, хэвлүүлсэн ном сурах бичиг, бүтээл хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, эзэмшиж байгаа патент зэрэг баримтаас үзэхэд түүнд “Зөвлөх багш” мэргэжлийн зэргийг үргэлжлүүлэн олгох, сунгах боломжтойг харуулж байна гэсэн үндэслэл бүхий дүгнэлтийг Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1/03 дугаар албан бичгийн Б.А-т холбогдох хэсгийг хүчингүй болгон шийдвэрлэсэн. 

    Иймд зэргийн нэмэгдлийн зөрүү болох 260,019 төгрөгийг нөхөн гаргуулах, 2017 оны 10 дугаар сараас шинэчлэн тогтоох цалингийн шатлалын 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлж өгөх хүртэл хугацаагаар тооцон олгохыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. 

3. “Солонгос-Монголын багш солилцооны хөтөлбөрт нөхөн хамрагдах эрхийг сэргээхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

    Багш Б.А, Д.Ц, Ц.О, Н.Б, Д.Д нар нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зарласан “Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй-2014” сэдэвт эрдэм шинжилгээний хоёрдугаар бага хурлаас Монгол-Солонгосын багш солилцооны хөтөлбөрт хамрагдах эрхээр 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шагнагдсан. Нэхэмжлэгч Б.А нь төрийн байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас хилээр гарах боломжгүй нөхцөл байдалд хүрсэн. Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам нь 2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсаас БНСУ руу 10 багшийг явуулахдаа нэхэмжлэгчийн оронд Дархан Хүрд багийн бусад шагналын эрхтэй багш нарын нэгийг Монгол-Солонгосын багш солилцооны хөтөлбөрт хамруулах бүрэн боломж байхад оронд нь өөр хэн нэгнийг оролцуулж ”Дархан Хүрд” багийн багш солилцооны хөтөлбөрт хамрагдах эрхийг хангаж өгөөгүй. Энэ талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад удаа дараа гомдол гаргасан боловч хариу өгөөгүй болох нь хэрэгт авагдсан шуудангийн баримтаар нотлогдож байна. 

    Нэхэмжлэгчийн зүгээс Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэж заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан. 

    Анхан шатны шүүх” Б.А нь хөтөлбөрт хамруулах талаар Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдад хандан шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байна” гэсэн үндэслэлээр Монгол-Солонгосын багш солилцооны хөтөлбөрт нөхөн хамрагдах эрх сэргээхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд даалгах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сурч боловсрох эрхийг сэргээх талаар шийдвэр гаргахыг хариуцагч байгууллагуудад даалгаж өгнө үү.

     Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн дээрх нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхийг хүсэж байна” гэжээ.

ХЯНАВАЛ:

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

1. “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын “Зөвлөх Багш” мэргэжлийн зэргийг хэвээр үлдээх эсэхийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоох, “Зөвлөх багш” мэргэжлийн зэргийг олгохыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

    Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 1/03 дугаар албан бичгээр Нийслэлийн боловсролын газар болон аймгуудын Боловсрол, соёл, урлагийн газарт хүргүүлсэн ажлын хэсгийн дүгнэлтэд нэхэмжлэгч Б.А-ийг “Зөвлөх багш” мэргэжлийн зэргийн тусгай болон нийтлэг шалгуур үзүүлэлтийг хангаагүй гэж дүгнэжээ.

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2013 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн А/305 дугаар тушаалаар баталсан “Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-ын 6 дугаар зүйлийн 6.5-д “Мэргэжлийн зэргээ ахиулах, “Зөвлөх багш” зэргээ хамгаалахад мэргэжлийн зэрэгт тавигдах нийтлэг, тусгай шалгуур үзүүлэлтийг хангаагүй тохиолдолд өмнө олгосон мэргэжлийн зэргийг хэвээр үлдээх эсэхийг мэргэжлийн зэрэг олгох эрх бүхий байгууллага шийдвэрлэнэ” гэж заасан байна.

    Журмын дээрх зохицуулалтаас үзвэл, “Зөвлөх багш” мэргэжлийн зэргийг хамгаалах багш нь уг журмын 3.2.3-д заасан мэргэжлийн зэрэгт тавигдах нийтлэг, тусгай шалгуур үзүүлэлтийг хангаагүй тохиолдолд мэргэжлийн зэрэг олгох эрх бүхий байгууллага болох Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд хүсэлт гаргаж өмнө олгосон мэргэжлийн зэргийг хэвээр үлдээх эсэх асуудлыг шийдвэрлүүлэх боломжтой байна.

    Гэтэл нэхэмжлэгч Б.А нь өмнө олгосон “Зөвлөх багш” мэргэжлийн зэргийг хэвээр үлдээх эсэх асуудлыг шийдвэрлүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд хүсэлт гаргаагүй байх тул шүүхээс Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг нэхэмжлэгчийн мэргэжлийн зэргийг хэвээр үлдээх эсэхийг шийдвэрлээгүй гэж буруутган, түүнд “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэг олгохыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад даалгаж шийдвэрлэх боломжгүй.

2. “Зөвлөх багш мэргэжлийн зэргийн нэмэгдлийн зөрүүг тооцуулан гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

    Дээр дурдсанаар нэхэмжлэгч нь “Зөвлөх багш” мэргэжлийн зэргийг хэвээр үлдээх талаар хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад ямар нэг хүсэлт гаргаагүй тул түүний “Зөвлөх багш мэргэжлийн зэргийн нэмэгдлийн зөрүүг тооцуулан гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй юм.

3. “Солонгос-Монголын багш солилцооны хөтөлбөрт нөхөн хамрагдах эрхийг сэргээхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

    Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулсан “Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй-2014” сэдэвт эрдэм шинжилгээний хоёрдугаар бага хуралд Б.А, Д.Ц, Н.Б, Д.Д, Ц.О нарын хэлэлцүүлсэн “Тооны хүрдийг хялбар эзэмшүүлэх нь” илтгэл сургууль, багш нар үйл ажиллагаандаа хичээлийн судалгааг амжилттай хэрэгжүүлэхэд тус болохуйц бүтээлч, шинэлэг санаатай болж чадсаныг тэмдэглэж, Солонгосын багш солилцооны хөтөлбөрийн эрхийн бичиг  олгожээ.

    Нэхэмжлэгч Б.А нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...2015 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсаас БНСУ руу явуулах 10 багш явуулахдаа миний оронд өөр хүн явуулсан, ...Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газрын илт хууль бус шийдвэр гаргаж, хилийн хориг тавьж байсны улмаас миний эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөж багш солилцооны хөтөлбөрт хамрагдаж чадаагүй...” гэж тайлбарлах боловч энэ нөхцөл байдал нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн үйл ажиллагаатай холбоогүй байх тул хариуцагч нарт нэхэмжлэгчийг Солонгос-Монголын багш солилцооны хөтөлбөрт нөхөн хамруулахыг даалгаж шийдвэрлэх боломжгүй. 

    Дээрх байдлаар анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлага тус бүрт үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байх тул “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах тухай” нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

    Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

          1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 128/ШШ2017/0742 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.А-ээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР

ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН

ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН