Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 10 сарын 13 өдөр

Дугаар 742

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Адъяасүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Э, нэхэмжлэгч Б.А, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н, хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны  итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М , Б.Э , хариуцагч Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.О , Н.М , О.Ц нарыг оролцуулан Б.А ийн нэхэмжлэлтэй, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч: Б.А ,

Хариуцагч: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт,

Нэхэмжлэлийн шаардлага: “Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 1/03 дугаар актын Б.А т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын Зөвлөх багш мэргэжлийн зэргийг хэвээр үлдээсэн эсэхийг шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Зөвлөх багш мэргэжлийн зэрэг олгохыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад даалгах, Зөвлөх багш мэргэжлийн зэргийн нэмэгдлийн зөрүүг тооцуулан гаргуулах, Солонгос-Монголын багш солилцооны хөтөлбөрт нөхөн хамрагдах эрх сэргээхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд даалгах” 

                                             ТОДОРХОЙЛОХ нь:

       Нэхэмжлэгч Б.А  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ”Б.А  би боловсролын салбарт тасралтгүй 24 жил ажиллаж байгаа бөгөөд багшид мэргэжлийн зэрэг анх олгосон цагаас Зөвлөх багш мэргэжлийн зэргийн шалгуур үзүүлэлтийг хангаж, БСШУЯ-ны 2011 оны 12 дугаар сарын 16-ний өдрийн 525 тоот тушаалаар Зөвлөх багш мэргэжлийн зэрэг авсан. 2016 оны 10 дугаар сард Зөвлөх багш мэргэжлийн зэргээ сунгуулахаар БСШУС-ын 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/305 дугаар тушаалаар баталсан “Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-ын дагуу мэргэжлийн зэрэгт тавигдах нийтлэг болон тусгай шалгуур үзүүлэлтийг хангасан нотлох баримтыг бүрдүүлэн явуулсан. 

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын Зөвлөх багш мэргэжлийн зэрэг олгох ажлын хэсэг нь “Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-д заасан тусгай шалгуур үзүүлэлтүүдийг хангаагүй гэсэн шийдвэр гаргасан. 

Маргаан бүхий 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 1/03 дугаар албан бичгийн хавсралтад Багшийн ирүүлсэн материалд нэр дурдсан “Шагайн тоолол” технологиос өөр шинээр санаачилсан арга зүй, технологи нэрлэгдээгүй харин тухайн сэдвээрээ олон улсын түвшинд болон үндэсний хэмжээнд хэд хэдэн удаа илтгэл хэлэлцүүлсэн нь сайн байна. 2010 онд бүртгэгдсэн хэрэглэгдэхүүн нь 2011 онд зөвлөх зэрэг авахад нь шалгагдсан бүтээл байна. Түүнээс хойш багш шинээр арга зүй, технологи санаачлан нэвтрүүлсэн гэдэг нь ирүүлсэн баримтад байхгүй, хамтран ажилласан судалгаа байхгүй гэсэн дүгнэлтийг өгсөн.

      Харин Б.А , Д.Я, Г.Х, Б.Б, Н.Б нар 2009 онд 12 жилийн сургалттай Орчлон сургуулийн Математик-2 сурах бичгийг зохиохдоо Үржүүлэх үйлдлийг “Тоог шинжээр нь бүлэглэж” таниулах арга зүйг анх удаа сургалтад ашигласан. 2010 онд Үржүүлэх хуваах үйлдлийг тоололд тулгуурлан таниулах арга зүйг санаачилж, “Тооны хүрд” сургалтын дидактик хэрэглэгдэхүүнийг зохиож, зохиогчийн эрхийн гэрчилгээгээр баталгаажуулсан.

     2010-2011 онд Дархан-Уул аймгийн Боловсрол, соёл, урлагын газрын судалгаа арга зүйн лаборатори төвийг түшиглэн, 18 бүлэгт “Сурах бичгийн тохирцын судалгаа” явуулсан. 2011-2017 оны хичээлийн жилд “Тоолох багцлах үйлд тулгуурлан, тооны шинжээр бүлэглэж, үржүүлэх ба хуваах үйлдлийг зэрэг таниулах” арга зүйг туршин нэвтрүүлж, “Миний хүрд” сурах бичгийг сайжруулж, “Би бодох дуртай” сурагчийн дасгал ажлыг номыг нутагшуулах туршилт судалгааг амжилттай нэвтрүүлсэн. Ингэхдээ “Хүснэгт мэдээлэлтэй ажиллах” арга зүй технологийг санаачлан нэвтрүүлсэн. Дээрх арга зүй, технологийг сургалтад нэвтрүүлэхдээ хамтын бүтээлч хэлбэрийг ашиглахын тулд 18 сургуулийн багш нарын бүрэлдэхүүнтэй Дархан Хүрд багийг санаачлан байгуулсан. Дээрх арга зүй технологийг нэвтрүүлэхдээ “Тооны хүрд" орон нутгийн сургалтын хөтөлбөр 

 

боловсруулж, үр дүнг нь жил бүр тасралтгүй эрдэм шинжилгээний бага хурлаар хэлэлцүүлж, үе шаттай үр дүнд хүрсэн. “Шагайн тоолол" арга зүй нь багшлахуй-суралцахуйн арга зүйг хамтад нь багтаасан цогц нийлэмж бүхий үүсмэл бүтээл юм. Иймээс Б.А  би “Шагайн тоолол” арга зүй технологи, “Мэргэжлийн багш нарын баг бүрдүүлэн ажиллах арга зүй”, “Сайн хүүхэд” зорилтот хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга зүй технологиор Зөвлөх багш мэргэжлийн зэргээ баталгаажуулах, 2009-2017 он хүртэл тасралтгүй хийгдэж байгаа хамтын судалгааны ажлын нотлох баримтуудыг хангалттай бүрдүүлэн явуулсан. Б.А  миний санаачилсан арга зүйг хэрэгжүүлсэн Дархан Хүрд багийн гишүүн “Од” цогцолбор сургуулийн багш Л.А*******, 19-р сургууль “Од” цогцолбор сургуулийн багш Ц.О*******, 22-р сургуулийн багш Н.Б*******, “Шагайн тоолол” арга зүй, “Багаар ажиллах арга зүй багшийн хөгжлийн зөв чиг хандлага, бүтээлч нөлөө” арга зүйгээр “Зөвлөх багш” мэргэжлийн зэргийн болзол хангасан нь бодит үр дүн юм. “Дархан Хүрд” баг нь “А*******" НҮТББ болон өргөжиж байна. Гэтэл Багшийн мэргэжил дээшлүүлэх институт миний Зөвлөх багш мэргэжлийн зэргийг үндэслэлгүйгээр хасч, удаа дараа үндэслэлгүй дүгнэлт гаргаж, байгаад гомдолтой байна.

     Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2008 оны 73 дугаар тушаалаар баталсан “Багшид мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-ын дагуу олгосон 5 жилийн хугацаа 2017 оны 1 дугээр сарын 01-ний өдрөөр дуусгавар болсон тул Б.А  би Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/305 дугаар тушаалаар баталсан “Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-д үндэслэн БСУГ-аар дамжуулан БСШУСЯ-д хүсэлт гаргасан боловч шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд шийдвэрлэхгүй орхигдуулсан юм.

     Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын Зөвлөх багш мэргэжлийн зэрэг олгох ажлын хэсэг нь Б.А  намайг Зөвлөх багш мэргэжлийн зэргийн шалгуур үзүүлэлтийг хангаагүй гэсэн үндэслэлгүй шийдвэр дүгнэлт гаргажээ. Хэдийгээр БМДИ ийм дүгнэлт гаргасан ч Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А\305 дугаар “Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-ын 6.5-д “Мэргэжлийн зэргээ ахиулах, “Зөвлөх” зэргээ хамгаалахад мэргэжлийн зэрэгт тавигдах нийтлэг, тусгай шалгуур узүулэлтийг хангаагүй тохиолдолд өмнө олгосон мэргэжлийн зэргийг хэвээр үлдээх эсэхийг мэргэжлийн зэрэг олгох эрх бүхий байгууллага шийдвэрлэнэ” гэсэн заалтад үндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад тусгайлан танилцуулснаар Б.А  миний Зөвлөх багш мэргэжлийн зэргийг хэвээр 

 

үлдээх эсэхийг шийдвэрлэсэн захиргааны акт гаргах ёстой байсан боловч ямар нэг арга хэмжээ аваагүй. Иймээс сайдын дээрх эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгч миний Зөвлөх багш мэргэжлийн зэрэг сэргээхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд даалгаж өгнө үү.

Оюуны Ирээдүй цогцолбор сургуулийн захиргаа багшдаа хохирол учруулахгүйн тулд Б.А миний эрх ашгийг хамгаалж, журам зөрчиж, мэргэжлийн зэргийн нэмэгдлийг 2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн “Тэргүүлэх багш”-д ногдох хувиар тооцож олгосон. Дээрх шийдвэрийн дагуу үндсэн цалин 577,826 төгрөгийн 20 хувь болох 115,565 төгрөгийг 2017 оны 9 дүгээр сарыг дуустал 9 сарын хугацаанд 1,040,085 төгрөгийн нэмэгдэл авах ёстой байсан. Гэтэл өнөөдрийг хүртэл 15 хувиар тооцон 780066 төгрөгийг авсан. Иймд зэргийн нэмэгдлийн зөрүү болох учирсан хохирол 260,019 төгрөгийг нөхөн гаргуулах, 2017 оны 10 дугаар сараас шинэчлэн тогтоох цалингийн шатлалын 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдлийг шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх хүртэл хугацаагаар тооцон олгохыг даалгуулах нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна.

         Нэхэмжлэгч миний бие нь БСШУЯ, БМДИ-ээс зарласан “Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй-2014” сэдэвт эрдэм шинжилгээний 2 дугаар бага хурлаас Монгол-Солонгосын багш солилцооны хөтөлбөрт хамрагдах эрхээр 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр шагнагдсан. Гэтэл 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсаас БНСУ руу 10 багш явуулахдаа миний оронд өөр хүн явуулсан тул 3 сарын хугацаатай аялалын виз хүссэн. Харин БНСУ-ын Консулын газраас Солонгос Улсын шалган нэвтрүүлэх албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д заасны дагуу 2012 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр хүртзл Солонгос Улсад нэвтрэх эрхийг хязгаарласан гэсэн хариу мэдэгдсэнээр төрийн байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол минь зөрчигдөж багш солилцооны хөтөлбөрт хамрагдаж чадаагүй. Энэ асуудлыг шалгуулахаар хууль хяналтын байгууллагад хандахад 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 1/1340 дугаар мэдэгдэх хуудсаар Б.А ийн иргэний бичиг баримтыг ашиглан хүндэвтэр ангиллын гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсон гэж мэдэгдсэн. Мөн Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар нь илт хууль бус шийдвэр гаргаж хилийн хориг тавьж байсан нь Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 119 дүгээр тогтоолоор тогтоогдсон юм. Иймээс Монгол Улсын Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Төрөөс хүний эрх, эрх чөлөөг хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг 

 

бүрдүүлэх, хүний эрх, эрх чөлөөг зөрчихтэй тэмцэх, хөндөгдсөн эрхийг сэргээн эдлүүлэх үүргийг иргэнийхээ өмнө хариуцна” гэсэн заалт болон Хүний эрхийн үндэсний комиссын “Хүсэлт уламжлах тухай албан тоот”, Улсын ерөнхий прокурорын хүчин төгөлдөр шийдвэрт үндэслэн боловсролын салбарт 25 жил багшилсан багшийн сурч боловсрох эрхийг хангахад туслалцаа үзүүлж 2018 оны “Монгол-Солонгосын багш солилцоо”-ны хөтөлбөрт нөхөн хамруулж өгнө үү” гэв.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн зөвлөх багш мэргэжлийн зэрэг олгох ажлын хэсэг Монгол Улсын Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/305 дугаар тушаалаар батлагдсан Багшид багшлах эрх мэргэжлийн зэрэг олгох, хасах журмын 3 дугаар зүйлийн 3.2.2, 3.2.3-д заасан тусгай шалгуур үзүүлэлтийг хангаагүй гэсэн шийдвэр гаргасан. Дээрх заалтуудад дурдахдаа “Суралцагч бүрийг хөгжлийг 3-аас доошгүй сургалтын үйл ажиллагааг хэрэгжүүлж, боловсролын технологийн хөгжлийн удмын санд бүртгүүлж, туршлагаа дөрвөөс доошгүй сургуульд түгээн дэлгэрүүлж, зөвлөн тусалж үр дүнд хүрсэн байна”. Мөн “Суралцагч бүрийг хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд хамтын судалгаа хийж дөрвөөс доошгүй сургуульд зөвлөн тусалсан байх” гэж тус тус журамласан. Гэтэл маргаан бүхий дүгнэлтийн хавсралтад нэхэмжлэгчийг яагаад дээрх хоёр шаардлагыг хангаагүй гэх үндэслэлийг дурдахдаа багшийн ирүүлсэн материалд нэр дурдсан шагайн тоолол технологиос өөр шинээр тодорхойлсон арга зүй технологи нэрлэгдээгүй. Харин тухайн сэдвээрээ олон улсын болон үндэсний хэмжээнд хэд хэдэн илтгэл хэлэлцүүлсэн нь сайн байна. 2010 онд хэрэглэгдсэн хэрэглэгдэхүүн нь 2011 онд зөвлөх багш авахад шалгарсан бүтээл байна. Түүнээс хойш багш шинээр арга зүй технологи санаачлан нэвтрүүлсэн гэх материал болон хамтран ажилласан судалгаа байхгүй гэсэн дүгнэлтийг өгсөн. 

Гэтэл журамд шинээр арга зүй нэвтрүүлэх гэж заагаагүй байхад хуульд нийцээгүй дүгнэлт гаргаж хоёр шаардлагыг хангаагүй гэж үзсэн. Нэхэмжлэгч 2009 онд Орчлон сургуулийн 2 дугаар ангийн сурах бичигт үржүүлэх ба хуваах сэдвийг таниулахдаа тооны шинжээр бүлэглэн таниулах арга зүй, тоог үржүүлэх, тоогоор үржүүлэх нь ялгаатай гэх арга зүй, мөн үржүүлэх ба хуваах үйлдлийг сөргүүлэн тавих арга зүй, агуулгаар хуваах ба тэнцүү хэсэгт хуваах үйлдлийг таниулах арга зүйг хослуулан хэрэглэх санааг анх дэвшүүлж уг бүтээлээ Монгол Улсын Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны зөвшөөрлөөр хэрэгжүүлсэн. Мөн 2010 онд Монгол ардын шагайн наадгайг тооны ухаанд ашиглах арга зүйг зохиож 

 

зохиогчийн эрхийн гэрчилгээгээр баталгаажуулсан. Эдгээр нь хэрэгт нотлох баримтаар авагдсан байгаа. Мөн энэ бүгдийг бүтээлчээр хэрэгжүүлэхийн тулд Дархан-Уул аймгийн Соёлын газрын судалгаа, арга зүйн лаборатори төвийн Дархан хүрд багийг судалгааны багийн хамтаар байгуулж 2010 оноос 2011 онд Дархан-Уул аймгийн 8-р сургуулийн 18 бүлэгт сургалтын хэрэглэгдэхүүнийг туршин хэрэгжүүлсэн. Үүний үр дүнд тооны хүрдийг хурдан эзэмшүүлэх 66 цагийн орон нутгийн сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. 2012 оноос 2016 онуудад нийгмийн түншүүдтэй холбоо тогтоож сурагчдын цээжээр бодох бүтээлч чадварыг дээшлүүлэх “Би бодох дуртай” дасгалын номыг сургалтад хэрэгжүүлж нийт 10 сургуулийн 110 бүлгийн 3292 сурагчдад сурах боломжийг бүрдүүлсэн. 

Дүгнэлтэд үр дүн байхгүй гэж дурдсан байдаг. Үүнд Монголын математик сургалтад 90 жил хэрэглэгдсэн ойлголтыг халж дидактик нэгжийн технологийг оруулсан. Мөн дасгалын дэвтэр сурах бичгийг иж бүрнээр нь гаргасан. Үүний үндсэн дээр хичээлийн судалгааны арга зүйг бүрэн эзэмшүүлж багаар ажиллах арга зүйг бүрэн утгаар нь хэрэгжүүлж шинэлэг бүтээл болох шагайн тоолол арга зүйг бий болгосон. Мөн шагайн тоолол төслийн Боловсрол  соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас дэмжиж Дархан-Уул аймагт математикийн комбинаттай болсон. 2016 онд Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас гаргасан Хүүхэд бүрийн хөгжил гэх номонд шагайн тоолол арга зүй зэрэг өөр бусад арга зүйг оруулсан. 

2011 онд нэхэмжлэгчид зөвлөх багш мэргэжлийн зэрэг олгохдоо 2008 оны 73 дугаар тогтоолоор баталсан Багшид мэргэжлийн зэрэг олгох, хасах журмын 3 дугаар зүйлийн 3.9.2, Боловсролын салбарын албан хаагчдын нэмэгдлийг тогтоох тухай Засгийн газрын тогтоолыг үндэслэсэн. Үүний дараа 2013 онд тухайн журам шинэчлэгдэн батлагдсан. Тухайн журмын 6 дугаар зүйлийн 6.3-д зөвлөх багш мэргэжлийн зэрэг нь 10 жилийн хугацаанд хүчинтэй байна гэж заасан. Мөн уг журмын 6 дугаар зүйлийн 6.4-т Багшлах эрх болон багшид олгосон мэргэжлийн зэрэг нь Монгол Улсын нутаг дэвсгэрт нэгэн адил хүчинтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч Боловсрол соёл, урлагийн газраар дамжуулан Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яаманд хандаж хүсэлт гаргасан боловч хуульд заасан хугацаанд шийдвэрлэхгүйгээр орхигдуулсан. Гэтэл Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс материал шаардлага хангахгүй байна гэсэн үндэслэлгүй шийдвэрийг гаргасан. Нэхэмжлэгч хууль журмын дагуу хүсэлтээ гаргасан боловч Боловсрол  соёл, шинжлэх ухаан, спортын сайд ямар нэгэн арга хэмжээ аваагүй. Иймээс Оюуны ирээдүй цогцолбор сургуулийн захиргаа багшдаа хохирол учруулахгүйн 

 

тулд мэргэжлийн зэргийн нэмэгдлийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн тэргүүлэх багшид ногдох хувиар олгосон шийдвэр гаргахад хүргэсэн. Энэ бүгдийг Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас шийдвэрлэх ёстой байсан. Тиймээс Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдын үйлдлийг хууль бус болохыг тогтоож, зөвлөх багшийн зэргийг олгож өгнө үү. 

2017 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш шийдвэр гарах хүртэлх хугацаанд зөвлөх багшийн нэмэгдэл болох 260 мянган төгрөгийн зөрүүг гаргуулах шаардлага байгаа. 

Мөн 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр багш солилцооны хөтөлбөрт хамрагдах эрхээр шагнагдаж байсан. Гэтэл 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улс руу 10 багш явуулахад нэхэмжлэгчийн оронд өөр хүн явуулсан. Учир нь Солонгос Улс руу нэвтрэх эрхийг хязгаарласан гэсэн хариу ирсэн. Энэ хууль бус үйл ажиллагааг шалгуулахад 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 13/40 дугаар хариу мэдэгдэх хуудас ирсэн. Гэтэл өөр хүн нэхэмжлэгчийн бичиг баримтаар явсан байсан тул нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн. Улсын бүртгэлийн байгууллага энэ бүхэнд буруутай. Төрийн байгууллагын хууль бус шийдвэрийн улмаас тухайн эрхээ эдэлж чадаагүй учраас нэхэмжлэгчийн эрх ашгийг хамгаалж 2018 оны Монгол, Солонгосын багш солилцооны хөтөлбөрт нөхөн хамруулж өгнө үү” гэв.

       Хариуцагч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.А ийн нэхэмжлэлийн 1-д заасан шаардлага нь Багшийн мэргэжил дээшлүүлэх институтын эрхлэх хүрээний асуудал байна. Багшийн “Зөвлөх багш” мэргэжлийн зэргийг сунгах эсэх асуудлыг Багшийн мэргэжил дээшлүүлэх институт судлан шийдвэрлэж дүгнэлт гаргасан. Иймд нэхэмжлэгчийн "Зөвлөх багш” мэргэжлийн зэрэгтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлага нь манай яаманд хамааралгүй юм.

         Б.А ийн хүсэлтийг судлан 2018 онд хэрэгжүүлэх Багш солилцооны хөтөлбөрт түүнийг хамруулах эсэх асуудлыг тухайн үед нь шийдвэрлэх болно.

          Хариуцагч Багшийн мэргэжил дээшлүүлэх институт шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Багшийн мэргэжил дээшлүүлэх институт нь Монгол Улсын Засгийн газрын 2012 оны 180 дугаар тогтоолоор батлагдсан багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн дүрэм”-ийн 2.2.17-д “багшлах эрх болон мэргэжлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах”, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2013 оны А/305 дугаар тушаалаар батлагдсан “Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах 

 

журам”-ын 4 дүгээр зүйлийн 4.11 дэх хэсэгт заасны дагуу үндэсний хэмжээнд багшид Зөвлөх багш мэргэжлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулдаг бөгөөд “Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-ын 3.1, 3.2.3-т заасан нийтлэг болон тусгай шалгуур үзүүлэлтийг багш хангасан эсэхэд үнэлэлт хийж дүгнэлт гарган Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлдэг. Уг үнэлгээ, дүгнэлтийг үндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд “Зөвлөх багш" мэргэжлийн зэрэг олгох, сунгах шийдвэр гаргадаг билээ. 

        Тус институтийн зүгээс багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-ын 3.1, 3.2.3-т заасан “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэг олгоход баримтлах нийтлэг болон тусгай шалгуур үзүүлэлтийг багш хангасан эсэхэд үнэлгээ хийж дүгнэлт гаргах ажлын хэсэг байгуулан ажиллаж багш бүрд үндэслэл бүхий дүгнэлт гаргасан. Нэхэмжлэгч нь манай байгууллагыг “Зөвлөх багш” мэргэжлийн зэргийг нь хассан гэсэн ташаа ойлголттой байна. “Зөвлөх багш” мэргэжлийн зэргийг “Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-ын 6.6 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдсон тохиолдолд эрх бүхий байгууллага буюу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам хасдаг ба өнөөдрийн байдлаар нэхэмжлэгч ноцтой зөрчил гаргаж мэргэжлийн зэргээ хасуулсан зүйл байхгүй. Харин нэхэмжлэгч Б.А ийн хувьд Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 525 дугаар тушаалын дагуу 5 жилийн хугацаатай “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэг авсан бөгөөд 2016 онд “Зөвлөх багш” мэргэжлийн зэргээ хамгаалж, сунгуулахаар тус институтэд хандсан. Гэвч нэхэмжлэгчийн ирүүлсэн материалыг үнэлэх явцад “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэгт тавигдах нийтлэг шалгуур үзүүлэлтийг хангасан боловч тусгай 3 шалгуур үзүүлэлтээс 2 шалгуур үзүүлэлтийг хангаагүй. Тухайлбал, “Шагайн тоолол” технологиос өөр шинээр санаачилсан арга зүй, технологи нэрлэгдээгүй, мөн дээрх технологи болон 2010 онд бүртгэгдсэн хэрэглэгдэхүүн нь 2011 онд “Зөвлөх багш” зэрэг авахад нь шалгагдсан бүтээл байсан бөгөөд түүнээс хойш шинээр арга зүй, технологи санаачлан нэвтрүүлсэн гэдэг нь ирүүлсэн материалд нь байхгүй, суралцагч бүрийг хөгжүүлэх үйл ажиллагааны хүрээнд хийсэн хамтын судалгаа байхгүй байсан нь “Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-ын 3.2.3.2, 3.2.3.3-д заасан тусгай шалгуур үзүүлэлтийг хангаагүй гэж үнэлэгдсэн учраас нэхэмжпэгчийн “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэг нь сунгагдаагүй болно. Нэхэмжлэгч Б.А  нь “Зөвлөх багш” мэргэжлийн зэрэг олгоход тавигдах шалгуур үзүүлэлтийг хангасан тохиолдолд дахин тус институтэд хандах боломжтой юм.

      

         Манай байгууллага 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 1/03 дугаар албан бичгээр Нийслэлийн боловсролын газар, аймгуудын Боловсрол, соёл, урлагийн газарт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны А/177 дугаар “Мэргэжлийн зэрэг олгох тухай” тушаалыг дүгнэлт, зөвлөмжийн хамт хүргүүлсэн. Энэ албан бичиг болон “Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-ын 6 дугаар зүйлийн 6.5-д заасны дагуу Дархан-Уул аймгийн Боловсрол, соёл, урлагийн газар эрх хэмжээнийхээ хүрээнд нэхэмжлэгч Б.А т “Зөвлөх багш” мэргэжлийн зэргийн өмнөх буюу “Тэргүүлэх багш” мэргэжпийн зэргийг олгох шийдвэр гаргаж, 2017 оны 01 дүгээр сараас эхлэн мэргэжлийн зэргийн нэмэгдлийг үндсэн цалингаас 15 хувиар тооцож олгосон байна. 

      Нэхэмжлэгч Б.А  нь Зөвлөх багш мэргэжлийн зэрэгт тавигдах тодорхой шалгуур үзүүлэлтийг хангаагүй талаар гаргасан манай байгууллагын дүгнэлт үндэслэлтэй бөгөөд мэргэжлийн зэргийг хасаагүй болно. Мөн багшийн хувьд огт мэргэжлийн зэрэггүй болоод зэргийн нэмэгдэл авахгүй хохирсон зүйл байхгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

        Хариуцагч Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай байгууллагын хувьд Засгийн газрын 2012 оны 180 дугаар тогтоолоор батлагдсан дүрэм байдаг. Тухайн дүрмийн 2 дугаар зүйлийн 2.2.17-д багшлах эрх болон мэргэжлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулах чиг үүрэг манай байгууллагад байдаг. Үүнээс гадна Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны сайдын 2013 оны А/305 дугаар тушаалаар батлагдсан Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журмын 4 дүгээр зүйлийн 4.11-д заасны дагуу манай байгууллага үндэсний хэмжээнд зөвлөх багш мэргэжлийн зэрэг олгох ажлыг зохион байгуулдаг. Зохион байгуулахдаа журамд заасан мэргэжлийн зэрэгт тавигдах нийтлэг болон тусгай шалгуур үзүүлэлтийг хангасан эсэх асуудалд ирүүлсэн материалд үнэлэлт хийж, дүгнэлт гаргаж яаманд хүргүүлдэг. Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны хувьд тухайн дүгнэлтийг үндэслээд сайд зөвлөх багш мэргэжлийн зэргийг шинээр багшид олгох уу, эсвэл өмнө байсан мэргэжлийн зэргээ сунгах уу гэсэн шийдвэрийг гаргадаг. Мөн тухайн журмын 4 дүгээр зүйлийн 4.10-д зааснаар багш өөрийн үнэлгээ зэргийг нотлох баримтаар нийтлэг болон тусгай шалгуур үзүүлэлтийг хангаж байна гэж үзвэл сургуулийн үнэлгээ дүгнэлтийн хамт аймаг, нийслэлийн боловсролын газар баталгаажуулж манай байгууллагад тухайн оны 10 дугаар сард багтаан хүргүүлдэг. 2016 оны 10 дугаар сард нэхэмжлэгчийн материал 

 

ирсэн. Ирүүлсэн баримт бичигт үндэслээд шалгуур үзүүлэлтийг хангасан эсэх дээр дүгнэлт гаргасан. Нэхэмжлэгчийн хувьд 2011 онд зөвлөх багш мэргэжлийн зэрэг авахдаа 5 жилийн хугацаатай авсан. Үүнээс хойш 2013 онд журам шинэчлэн батлагдахдаа шалгуур үзүүлэлтийг шинэчлэн баталсан. Тэгэхээр шинэ шалгуур үзүүлэлтийг хангасан багш зөвлөх багш мэргэжлийн зэргийг 10 жилийн хугацаатай олгохоор заасан байгаа. Нэхэмжлэгчийн хувьд нийтлэг шалгуурыг хангасан. Зөвлөх багш мэргэжлийн зэрэгт тавигддаг тусгай 3 шалгуур үзүүлэлтийн 1-ийг хангаж, 2-ыг хангаагүй.

Суралцагч бүрийг хөгжүүлэх гурваас доошгүй арга зүйг сургалтын үйл ажиллагаандаа хэрэгжүүлсэн, боловсролын үндэсний санд бүртгүүлсэн байна, туршлагаа дөрвөөс доошгүй сургуульд түгээн дэлгэрүүлж үр дүнд хүрсэн гэсэн шалгуур байгаа. Багшийн мэргэжлийн зэрэг олгох журмын үйлчлэх хүрээ ялгаатай байдаг. Зөвлөх багш нарын хувьд үндэсний түвшинд, тэргүүлэх багшийг орон нутгийн түвшинд ажилласан байхыг шаарддаг. Тэгэхээр нэхэмжлэгчийн хувьд үндэсний хэмжээнд ямар хэмжээнд ажилласан гэдэг дээр ажлын хэсэг ажилласан. Бидний зүгээс яриад байгаа 3 технологи байгаа эсэхийг шалгасан. Шалгах явцдаа тоон хүрдийн арга зүй, шагайн тооллын арга зүйн нь үндсэндээ нэг арга зүй гэж үзсэн. Манай зүгээс тухайн журмаараа 5 жил тутамд багш шинэ зүйл хийсэн байхыг шаарддаг. Тиймээс 2011 онд зөвлөх багш мэргэжлийн зэрэг тооцуулахад эдгээр ажлууд тооцогдсон гэж үзэж байгаа. Мөн мэргэжлийн баг бүрдүүлж ажиллах арга зүй гэж байна бид үүн дээр материалыг судалж үзэхэд сургалтын арга зүй биш байсан. Мөн сайн хүүхэд, хүүхэд бүрийг хөгжүүлэх арга зүй гэж байгаа үүнд ямар арга зүй гаргасан, юу нь бусдаасаа шинэлэг зэрэг нь ирүүлсэн материалаас харагдахгүй байна.  

Мөн үндэсний хэмжээнд гэдэг нь орон нутаг ажилладаг багшийн хувьд асуудалтай учраас үндэсний хэмжээнд гэдгийг бүсийн хэмжээнд болгож тооцсон. Нэхэмжлэгчийн яг юу хийсэн гэдэг дээр өгсөн материалаас хангалттай харагдахгүй байна. Мөн сургалт шинжилгээ хийсэн газраас ирүүлсэн бичиг, батламж зэрэг байхгүй гэж манай зүгээс үзсэн. Ажлын хэсэг ерөнхийдөө сүүлийн 5 жил хийсэн зүйл дутмаг байна гэж үзсэн. 

Багш солилцооны хөтөлбөрийн хувьд 2 улсын Засгийн газрын гэрээний дагуу хэрэгждэг. Монгол Улс дахь хэрэгжилтийг Багшийн мэргэжил дээшлүүлэх институт хариуцдаг. Нэхэмжлэгчийн хувьд тухайн үед манайхаас эрхийн бичиг аваад материалаа бүрдүүлээд өгсөн. Манай байгууллага тухайн материалыг Солонгос Улсын элчин сайдын яаманд хүргүүлсэн боловч 4 багш буцсаны нэг нь 

 

Б.А  байгаа. Тэр нь хилийн зөрчилтэй холбоотой хэрэг байсан. Сонгон шалгаруулалтын хувьд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас явуулдаг” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.А  “Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 1/03 дугаар актын өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын Зөвлөх багш мэргэжлийн зэргийг хэвээр үлдээж шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Зөвлөх багш мэргэжлийн зэрэг олгохыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад даалгах, Зөвлөх багш мэргэжлийн зэргийн нэмэгдлийн зөрүүг гаргуулах, Солонгос-Монголын багш солилцооны хөтөлбөрт нөхөн хамрагдах эрх сэргээхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үнэлж, дараах байдлаар шийдвэрлэлээ.

“Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 1/03 дугаар актын Б.А т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Б.А т Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2011 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 525 дугаар  тушаалаар Зөвлөх багш мэргэжлийн зэрэг олгосон бөгөөд Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/305 дугаар  тушаалаар “Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам” шинэчлэн батлагдсантай холбогдуулан нэхэмжлэгчээс Зөвлөх багш мэргэжлийн зэрэг сунгуулах хүсэлтийг хүргүүлсэн боловч Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн мэргэжлийн зэрэг олгох ажлын хэсгийн дүгнэлтээр Б.А т Зөвлөх багш мэргэжлийн зэргийг үргэлжлүүлэн олгох боломжгүй гэсэн дүгнэлт гаргасныг 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 1/03 дугаар  албан бичгээр мэдэгджээ.

 Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс “Б.А ийн ирүүлсэн материалд нэр дурдсан “Шагайн тоолол” технологиос өөр шинээр санаачилсан арга зүй, технологи нэрлэгдээгүй, харин тухайн сэдвээрээ олон улсын түвшинд болон үндэсний хэмжээнд хэд хэдэн удаа илтгэл хэлэлцүүлсэн нь сайн байна. 2010 онд бүртгэгдсэн хэрэглэгдэхүүн нь 2011 онд зөвлөх зэрэг авахад нь шалгагдсан бүтээл байна. Түүнээс хойш багш шинээр арга зүй, технологи санаачлан нэвтрүүлсэн гэдэг нь ирүүлсэн материалд байхгүй, хамтран ажилласан судалгаа байхгүй” гэсэн ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Зөвлөх багш мэргэжлийн зэргийг үргэлжүүлэн олгох боломжгүй гэж үзжээ.

Харин Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/305 дугаар тушаалаар батлагдсан “Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-ын 3.2.3-д Багшид мэргэжлийн зэрэг олгох шалгуур үзүүлэлт нь уг мэргэжлийн зэргээ хамгаалах, сунгах хүсэлт гаргасан багшид мөн адил хамаарах эсэхийг тодорхой заагаагүй боловч, уг журмын 6.5-д “Мэргэжлийн зэргээ ахиулах, Зөвлөх багш зэргээ хамгаалахад мэргэжлийн зэрэгт тавигдах нийтлэг, тусгай шалгуур үзүүлэлтийг хангаагүй тохиолдолд өмнө олгосон мэргэжлийн зэргийг хэвээр үлдээх эсэхийг мэргэжлийн зэрэг олгох эрх бүхий байгууллага шийдвэрлэнэ” гэж зааснаар өмнө нь зөвлөх багш мэргэжлийн зэрэгтэй байсан багш уг журмын 3.2.3-т заасан шалгуурыг хангаагүй боловч Зөвлөх багш мэргэжлийн зэргээ хамгаалах, хэвээр үлдээх эсэх асуудлыг тусгайлан шийдвэрлүүлж болох талаар зохицуулсан агуулгатай байна.

Гэтэл хариуцагч Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс нэхэмжлэгч Б.А ийн зөвлөх багш мэргэжлийн зэргээ сунгуулахаар гаргасан хүсэлтийг “журам шинэчлэгдсэн” гэх шалтгаанаар Зөвлөх багш мэргэжлийн зэрэг анх олгох шалгуур үзүүлэлтээр дүгнэсэн нь нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан шийдвэр болжээ.

Хэрэгт авагдсан Б.А ийн олон улсын болон орон нутгийн, бүсийн чанартай хурал, зөвлөгөөнд мэргэжлийн чиглэлээр тавьсан илтгэл хэлэлцүүлэг, хэвлүүлсэн ном сурах бичиг, бүтээл, хэрэгжүүлсэн төсөл, хөтөлбөр, эзэмшиж байгаа патент зэрэг баримтаас үзэхэд түүнд Зөвлөх багш мэргэжлийн зэргийг үргэлжүүлэн олгох, сунгах боломжтойг харуулж байна.

Иймд Б.А т Зөвлөх багш мэргэжлийн зэргийг үргэлжлүүлэн олгох, сунгах боломжгүй талаар эрх бүхий байгууллагад хүргүүлсэн Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 1/03 дугаар албан бичгийн Б.А т холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Энэхүү шийдвэр гарсантай холбогдуулан Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс Б.А ийн Зөвлөх багш мэргэжлийн зэрэг сунгуулах хүсэлтийг “Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-ын 6.5-д зааснаар Зөвлөх багш мэргэжлийн зэрэг олгох эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх үүрэгтэй болохыг дурдах нь зүйтэй. 

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын Зөвлөх багш мэргэжлийн зэргийг хэвээр үлдээж шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Зөвлөх багш мэргэжлийн зэрэг олгохыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад даалгах, Зөвлөх багш мэргэжлийн зэргийн нэмэгдлийн зөрүүг гаргуулах шаардлагын тухайд:

Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 1/03 дугаар албан бичгээр хүргүүлсэн Зөвлөх багш мэргэжлийн зэрэг олгох ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн А/177 дугаар  тушаалаар 2017оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс Зөвлөх багш мэргэжлийн зэргийг 59 багш, ажилтанд олгосон бөгөөд нэхэмжлэгч Б.А ийн нэр Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 1/03 дугаар албан бичгийн 3 дугаар  хавсралтад Зөвлөх багш мэргэжлийн зэргийн шалгуур үзүүлэлтийг хангаагүй багш, ажилтнуудын жагсаалтад орсон байна.

Нэхэмжлэгчээс “Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2013 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн А/305 дугаар тушаалаар батлагдсан “Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-ын 6.5-д “Мэргэжлийн зэргээ ахиулах, Зөвлөх багш зэргээ хамгаалахад мэргэжлийн зэрэгт тавигдах нийтлэг, тусгай шалгуур үзүулэлтийг хангаагүй тохиолдолд өмнө олгосон мэргэжлийн зэргийг хэвээр үлдээх эсэхийг мэргэжлийн зэрэг олгох эрх бүхий байгууллага шийдвэрлэнэ” гэсний дагуу Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад тусгайлан танилцуулснаар Б.А  миний Зөвлөх багш мэргэжлийн зэргийг хэвээр үлдээх эсэхийг шийдвэрлэх ёстой байсан боловч шийдвэрлээгүй нь хууль бус” гэж маргажээ.

Гэтэл нэхэмжлэгч Б.А  журмын 6.5-д зааснаар “...Зөвлөх багш зэргээ хамгаалахад мэргэжлийн зэрэгт тавигдах нийтлэг, тусгай шалгуур үзүулэлтийг хангаагүй тохиолдолд өмнө олгосон мэргэжлийн зэргийг хэвээр үлдээх...” асуудлыг шийдвэрлүүлэхээр Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад хүсэлт гаргаагүй, харин Зөвлөх багш мэргэжлийн зэрэг олгох ажлын хэсгийн дүгнэлтийг эс зөвшөөрч, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад гомдол гаргасан байдаг.

Б.А ийн гаргасан гомдлын дагуу тус яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаас ажлын хэсгийн дүгнэлтийг шалгах үүрэг өгсний дагуу хөндлөнгийн шинжээчийг оролцуулсан ажлын хэсгээс Зөвлөх багш мэргэжлийн зэрэг олгох ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж дүгнэсэн  байна.

Тодруулбал, нэхэмжлэгч журмын 6.5-д зааснаар шалгуур үзүүлэлтийг хангаагүй боловч, Зөвлөх багш мэргэжлийн зэргээ хэвээр үлдээх талаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад хүсэлт гаргасан тохиолдолд сайд Зөвлөх багш мэргэжлийн зэргийг, үргэлжүүлэн олгох, сунгах асуудлыг шийдвэрлэх талаар  “Багшид багшлах эрх, мэргэжлийн зэрэг олгох, хасах журам”-ын 6.5-д заасан байна.

Үүнээс үзэхэд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг дээрх журамд заасан үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдыг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэн Зөвлөх багш мэргэжлийн зэргийг сунгахыг даалгах, Зөвлөх багш мэргэжлийн зэргийн  нэмэгдлийн зөрүүг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй байна.

 Иймд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын Зөвлөх багш мэргэжлийн зэргийг хэвээр үлдээж шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Зөвлөх багш мэргэжлийн зэрэг олгохыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад даалгах, Зөвлөх багш мэргэжлийн зэргийн нэмэгдлийн зөрүүг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Солонгос-Монголын багш солилцооны хөтөлбөрт нөхөн хамрагдах эрх сэргээхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд даалгах шаардлагын тухайд:

2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтээс зохион байгуулсан “Хүүхдийн хөгжлийг дэмжсэн багшлах арга зүй-2014” эрдэм шинжилгээний бага хуралд нэхэмжлэгч Б.А ийн тавьсан илтгэл шалгарч Солонгосын багш солилцооны хөтөлбөрт хамрагдах эрхээр  шагнагджээ.

Б.А т БНСУ-ын элчин сайдын яамнаас 2012 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд хилээр орох эрх хаагдсан  гэсэн шалтгаанаар виза олгохоос татгалзсан, түүнчлэн Тагнуулын ерөнхий газрын 2010 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 01/961, 2011 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 01/109 дүгээр албан бичгээр  хилээр үл нэвтрүүлэх иргэдийн нэрсийн жагсаалтад орсон зэрэг шалтгаанаар Солонгосын багш солилцооны хөтөлбөрт хамрагдаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байгаа бөгөөд Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамны буруутай үйл ажиллагаанаас уг хөтөлбөрт хамрагдаагүй гэж үзэх үндэслэлгүй байна. 

Иймд Солонгос-Монголын багш солилцооны хөтөлбөрт нөхөн хамрагдах эрх сэргээхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд даалгах шаардлагыг хангаж шийдвэрлэх боломжгүй.

Харин хариуцагч Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдаас “Б.А ийн хүсэлтийг судлан 2018 онд хэрэгжүүлэх Багш солилцооны хөтөлбөрт хамруулах эсэх асуудлыг тухайн үед нь шийдвэрлэх болно” гэсэн тайлбарыг тус шүүхэд ирүүлсэн, түүнчлэн Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 119 дүгээр тогтоолоор Б.А т хилийн хориг тогтоогдсон асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн зэргээс үзэхэд Б.А  хөтөлбөрт хамруулах талаар  Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын сайдад хандан шийдвэрлүүлэх эрх нь нээлттэй байна. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...энэ нэхэмжлэлийн шаардлагын хувьд Багшийн мэргэжил дээшлүүлэх институт нэхэмжлэгчийг багш солилцооны хөтөлбөрт явуулаагүй гэдэгтэй маргахгүй. Яаманд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа дэмжинэ” гэх тайлбарыг гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагын Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд холбогдох хэсэгт дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзсэн болно.

  Дээрх нөхцөл байдлуудыг дүгнээд Б.А ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох “Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 1/03 дугаар актын Б.А т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлагыг хангаж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын Зөвлөх багш мэргэжлийн зэргийг хэвээр үлдээж шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Зөвлөх багш мэргэжлийн зэрэг олгохыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад даалгах, Зөвлөх багш мэргэжлийн зэргийн нэмэгдлийн зөрүүг гаргуулах”, “Солонгос-Монголын багш солилцооны хөтөлбөрт нөхөн хамрагдах эрх сэргээхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд даалгах” шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.13 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Боловсролын тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 28 дугаар зүйлийн 28.1, 28.1.22, Бага, дунд боловсролын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4, 21.6-т   заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.А ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 1/03 дугаар актын Б.А т холбогдох хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсэг болох “Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын Зөвлөх багш мэргэжлийн зэргийг хэвээр үлдээж шийдвэрлээгүй эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Зөвлөх багш мэргэжлийн зэрэг олгохыг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад даалгах, Зөвлөх багш мэргэжлийн зэргийн нэмэгдлийн зөрүүг гаргуулах”, “Солонгос-Монголын багш солилцооны хөтөлбөрт нөхөн хамрагдах эрх сэргээхийг Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Багшийн мэргэжил дээшлүүлэх институтэд даалгах” шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д тус тус заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийн 35100 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, 35100 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.АДЪЯАСҮРЭН