Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 10 сарын 25 өдөр

Дугаар 298

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2017/0279/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин, 
Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын ахлах прокурор Б.Сүрмандах, 
Хохирогч ****,
Шүүгдэгчийн өмгөөлөгч И.Атарбямба,
Шүүгдэгч ****, ****, ****, ****нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Нийслэлийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *** нарт холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол улсын иргэн, ***
2.Монгол улсын иргэн, ***
3.Монгол улсын иргэн, ***
4.Монгол улсын иргэн, ***
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч ****, ****, ****, ****нар нь гэмт хэрэг хамтран үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “****” гэх газарт 2015 оны 07 дугаар сарын 10-наас 2015 оны 09 дүгээр сарын 26-н хүртлэх хугацаанд техник төхөөрөмж ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаль орчин түүний баялагт 34,154,326 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ****, ****, ****, ****нар нь гэмт хэрэг хамтран үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “****” гэх газар байршилтай "****" ХХК-ны ашигт малтмалын ашиглалтын ****дугаартай тусгай зөвшөөрлийн талбайд 2015 оны 7 дугаар сарын 10-наас 2015 оны 9 дүгээр сарын 26-н хүртэлх хугацаанд техник төхөөрөмж ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж нийтдээ 3.68 га талбай эвдэгдэж экологи-эдийн засагт 34 154 326 төгрөгийн хохирол учруулсан болох нь

    Шүүгдэгч ****гийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн: 

    ...2015 оны хавар **** бид Дархан-Уул аймгийн Хонгор сумын ****Цэхэр Цөөрөм гэх газар хамтарч алт ухаж мөнгө олохоор анх тохирсон. Тэгээд **** бид 2 эхний хөрөнгө болох мөнгийг олохын тулд банкны зээл хөөцөлдье гэсэн. **** надад блокийн үйлдвэрийн тоног төхөөрөмж байгаа банкны барьцаанд тавьж мөнгө болгъё гэхээр нь сар шахуу хөөцөлдөөд бүтээгүй юм. Тэгээд би өөрийн нэг найзаасаа 25 сая төгрөг зээлсэн. Тэгээд Цэхэр цөөрөмд газар ухаж ажиллах 2 эксковаторын түрээс, дизель станц, усны насосыг худалдан авахад хүнээс зээлсэн 25 сая төгрөгнөөс гаргасан. Тэгээд миний танил болох ****, **** бид 2-той хамтарч ажиллахаар болсон байсан. Тэгээд 2015 оны 7-р сард Улаанбаатар хотоос **** алт угаах төхөөрөмж болох скрубер, түрээсийн 2 эксковатор, усны насос, дизель станц зэргийг хөлсний машин дээр ачуулаад Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг Цэхэр цөөрөм гэх газар луу явсан. Ингэж анх явахдаа ****, ****, **** бид нар хамт явсан. Бид нар ****ийн заасан газарт ирэхэд хуучин алт ухагдсан, энд тэндгүй хайрга овоолсон хуучин олборлолт явагдсан газар байсан. Тэгэхээр нь би ****аас “энэ газрын хаана нь юм бэ? Нөгөө алт ухах газар чинь хаана юм бэ” гэж асуухад **** “ер нь бол талбай нь энд байгаа, жаахан ажилчхаар газар байсан байхгүй болсон байна” гэсэн. Тэгээд **** бид 2 ярилцаж байгаад ****тай яриад “чиний нөгөө худалдаж авсан лиценз чинь хаана юм” гэхэд ****ийн заасан газраас хойд зүгт ойролцоо газрыг **** заасан. Тэгээд ****ын лицензтэй гэх газар дээр ирж 2 гэр барьж тэндээ алт ухахаар болж техникүүдээ буулгасан. Тэр газар нь энэ хэрэг асуудал болж байгаа талбай юм. Бид тэнд нэг эксковатороор нь барагцаагаар 7х8м орчим хэмжээтэй талбайг ухахаар болж газар ухаж эхэлсэн юм. **** бид 2 буцаад Дархан луу явсан юм. Энэнээс хойш би тэнд хоол хүнс хүргэж өгөх, хүнээс зээлсэн мөнгөө олж авахаар 4-5 удаа ирж очсон. Ингэж очиж байхад **** алт гарахгүй байна техник эвдрээд байна гээд мөнгө төгрөг, алт өгч байгаагүй. Ийм байдалтай байсаар байгаад 2015 оны 8-р эхээр тарцгаасан. Ийм л асуудал үндсэндээ болсон гэх мэдүүлэг,

    Шүүгдэгч ****ийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:

    ...2015 оны 06 дугаар сарын эхээр **** бид 2 Дархан-Уул аймгийн Хонгор сумын ****Цэхэр Цөөрөм гэх газар хамтарч алт ухая гэж анх ярьж тохирсон байсан. Уурхай гаргах мөнгө босгох талаар ярьж байгаад **** таньдаг хүнээсээ 25 сая төгрөг зээлсэн. Энэ мөнгөөр уурхайд ашиглах дизель станц, усны насосыг нийт 15 сая төгрөгөөр хувь хүнээс зарын дагуу худалдан авсан. Мөн зарын дагуу улаан шар өнгийн эксковаторыг Улаанбаатар хотоос хувь хүнээс урьдчилгаа 4-5 сая төгрөг өгөн түрээслэн авсан. ****гийн найз **** бид нартай хамтарч ажиллахаар болсон. **** энэ ажилд алт угаах усан буу гаргасан, мөн танилаасаа эксковатор түрээсэлсэн байсан. Ингээд 2016 оны 07 сарын 10-ны өдөр Улаанбаатар хотоос дээрх техникүүдийг хөлсний техник дээр ачуулаад Хонгор сумын Цэхэр цөөрөм дээр очсон. Эхлээд бид нар миний алт ухахаар урьд нь товлосон байсан газар дээр очсон. Энэ газар нь урьд алт ухах ажлын үед эвдэгдсэн байсан юм. Тэгсэн тэр газрыг **** голоод хамт явж байсан найз ****ынхаа заасан газарт очиж 2 гэр барьсан. Тэр газар нь миний сонгосон газраас хойш 1 км орчим зайд байсан. Тэр газар нь ****дагуу байгалийн эрүүл газар байсан. **** нь тэр газарт лицензтэй гэж байсан. Тэгээд л тэр газарт нь алт ухах үйл ажиллагааг явуулсан боловч алт олоогүй. Эксковатороор нүх ухах газар шорооны ажлыг би удирдсан. Газар ухаж байхад ****, **** нар ирж очин явж байсан. **** бид 2 бол тухайн уурхай дээрээ байсан. Газар ухаж байхад 2 эксковатор нь эвдрээд олигтой ажиллаагүй. Энэ хугацаанд бол усан бууг нэг удаа ажлуулж ухсан нүхнээс гаргасан шороог угааж үзэхэд алт гараагүй. Тэгээд техник төхөөрөмж эвдрээд бид ажиллаж чадаагүй. Тэгж байсаар 2017 оны 9-р сарын эхээр бид буусан гэх мэдүүлэг,

    Шүүгдэгч ****ын мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:

    ...Би ****г урьд таньдаг байсан. Би урьд нь Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг ****хайгуулын лицензтэй **** ХХК-нд ажилладаг байсныг **** нь мэддэг байсан. 2015 оны 7-р сард наадмын өмнөхөн **** надаас ****ийн хайгуулын талбайг заагаад өг гэхээр нь “газрыг заагаад өгье” гэсэн. Тэр лицензийн талбай бол хүчингүй болсон талбай байсан юм. Тэр үеэр **** **** 2 Цэхэр цөөрөм, ****алт ухахаар ярьцгаасан байсан юм байна лээ. Хэд хоногийн дараа Улаанбаатар хот руу ****, **** 2-той хамт ирсэн. Тэр 2 ****алт ухаж ажиллах түрээсийн техник хайж Улаанбаатарт ирсэн юм. Тэгээд техник хайж байгаад буцацгаасан. Тэрнээс хойш удалгүй 2015 оны 7-р сард **** **** 2 түрээсийн техникээ олоод ****руу явсан. Техникүүдээ аваад явахад нь би хамт явсан. Тэр үед **** бас байсан шиг санаж байна. Эсхүл **** араас ирсэн билүү ямар ч л байсан тэнд хамт байсан юм. Би ****, ****, **** нарт урьд өөрөө алтны хайгуул хийж байсан ****ийн талбайг зааж өгсөн. Би 2012 оны 8-р сард уг лицензийн газар дээр очиж хайгуулын ажил хийж ЗхЗм харьцаатай 2 метрийн гүнтэйгээр 4 нүх ухаж байсан юм. Тэгээд миний зааж өгсөн газар авч очсон техникүүдээр тэр өдрөө газар ухаад эхэлсэн. Би тэр орой нь ****тэй хамт Дархан луу буцаад явсан. Тэрнээс хойш ойр ойрхон 2-3 удаа ****гийн хамт нөгөө газар дээр очсон. Очиход ****, **** нар газар шорооны ажлыг хийж байсан. Усан буугаараа шороог угааж байсан. Тэр газраас алт авсан эсэхийг би мэдэхгүй байна гэх мэдүүлэг,

    Шүүгдэгч Ч.****гийн мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:

    ...2015 оны 6-р сард ****, **** 2-той Улаанбаатар хотод уулзсан. Тэр 2 надад “алтны уурхай гаргаж ажиллуулах гэж байна. Алт угаах усан буу хэрэгтэй гэж байна” гэсэн. Би хүнээс усан буу хайя гэж хэлээд салсан. Тэгээд таньдаг хүмүүс рүү ярьж хайж байгаад алт угаах усан буу болох скрубер олж түрээслэн авсан. ****, **** хоёр 2015 оны 7-р сард наадмын урьд өдөр нь Дархан луу усан бууг бусад техникийн хамт авч явсан. Тэгээд би араас нь 1 хоногийн дараа Дархан- Уул аймгийн Хонгор сум “Цэхэр цөөрөм, ****” гэх газар очсон. Очиход ****, ****, **** нар байсан. Авч очсон техник үүдээ дөнгөж буулгаад байсан. Тэр газар нь ****ын эрэг дээр эрүүл хөрстэй газар байсан. Тэгээд ****, ****, **** 3 тэр хавиар газар сонгож 1 эксковатороороо ухуулж эхэлсэн. Усан буугаа ухаж байгаа нүхнийхээ ойролцоо ухсан нүхнээс гаргасан шороог угаахаар байрлуулсан. **** тэр хавийн ажлыг зохион байгуулж нааш цааш болгож байсан. Тэгээд ухсан газрын шороог усан буугаа ажиллуулж угааж эхэлсэн. Алт ялган авч чадаагүй. Бид нарын ажил маш бүтэл муутай техникийн эвдрэл ихтэй байсан. Тэгээд санхүү хөрөнгө муугаас болж хоорондоо муудалцах асуудал гарч олигтой ажиллаж чадахгүй байсаар байгаад 2015 оны 8-р сарын сүүлчээр тэндээс буусан. Бид алт авах санаатай байсан боловч алт олоогүй. Хий дэмий зардал гаргаад таарсан. Ийм л асуудал болсон гэх мэдүүлэг, 

    Хохирогч, иргэний нэхэмжлэгч *** мөрдөн байцаалтад өгсөн:
    ...****, ****, **** нар хамтарч 2015 онд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 багийн нутаг дэвсгэр ****гэх газарт зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаль орчинд хохирол учруулсан байна. Дээрх хүмүүсийн хууль бусаар ашигт малтмал олборлосон газар нь **** ХХК-ний эзэмшлийн ашигт малтмалын ашиглалтын ****дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбай байсан нь хэрэгт авагдсан баримтаас тодорхой байна. Энэ талбай нь Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох, тухай хуулийн хамгаалалтын бүст давхцалтай тул тухайн ****дугаартай тусгай зөвшөөрөлтэй талбайд ашигт малтмал эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаа явуулахыг түдгэлзүүлсэн байна. ****, ****, **** нарын хууль бус үйл ажиллагааны улмаас нийтдээ 3.68 га талбай эвдэгдэж экологи-эдийн засгийн нийт хохирол 34 сая 154 мянга 326 төгрөг болсон. Энэ эвдэгдсэн 3,68 га талбайд нөхөн сэргээлтийг хийхэд 16.204.079 /арван зургаан сая хоёр зуун дөрвөн мянга далан есөн/ төгрөг-ийн зардал гаргахаар тооцоо гарсан байна. Экологи-эдийн засгийн үнэлгээ Байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээ гаргах эрх бүхий “****” ХХК-нь Шүүх шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлд заасны ажиллаж хохирлыг тооцсон байна. Экологи-эдийн засгийн үнэлгээг хүлээн зөвшөөрч байна. Энэ хэргийг үйлдсэн холбогдогч ****, ****, **** нараар байгаль орчинд учирсан хохирлыг нөхөн төлүүлэх саналтай байна гэх мэдүүлэг /хх 183-184/,
Хохирогч ****ын шүүх хуралдаанд өгсөн:
Хохирогч, иргэний нэхэмжлэгчээр оролцсон ****нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Түүний давхардуулан хэлэх зүйл байхгүй. Харин нөхөн сэргээлтийн зардлыг авах шаардлагатай гэж үзэж байна. Улс болон байгаль орчинд асар их хэмжээгээр хохирол үзүүлсэн. Нөхөн сэргээлтийн зардлыг мэргэжлийн байгууллагаар гаргуулсан тиймээс мэргэжлийн байгууллагын гарсан дүгнэлтээр нөхөн сэргээлтийн зардлыг гаргуулна гэх мэдүүлэг,
  
Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: 

...****ын ****дугаартай талбай нь 2010 онд манай компанийг худалдан авахад огт олборлолтонд өртөөгүй байгалийн эрүүл газар байсан. Энэ газарт манайх ямар ч үйл ажиллагаа явуулаагүй. Тэгтэл энэ талбайд 2015 оны 9, 10-р сард олборлолтод өртсөн. Урьд нь өөрөөр хэлбэл 2015 оны 9-р сараас өмнө олборлолтод өртөөгүй. Энэ талбайд *** гэх нэртэй хүн ажиллаж хууль бусаар алт олборлосон юм. Өөр бусад хүмүүс ажилласан эсэхийг мэдэхгүй байна. 2015 оны 9-р сард талбайгаа шалгаж ****дээр очиход манай ****лицензийн талбайд өөрийгөө **** гэдэг залуу 2 эксковатортай ажиллаж байсан. Нэг эксковатор нь шар, нөгөө эксковатор нь улаан хүрэн өнгөтэй байсан. Тэгээд **** гэгчээс яагаад ажиллаж байгаа юм гэхээр урьд нь энд ажиллаж байсан тэгээд ашиг олоогүй болохоор шархаа нөхөх гэж байна гэдэг байсан. Тэгээд би энэ газар ажиллаж болохгүй боль гэж хэлсэн. Тэгээд Дархан аймгийн цагдаад мэдэгдсэн. **** гэдэг биерхүү махлаг залуу байсан. **** нь ямар ямар хүмүүстэй хамтарч байгааг нь мэдэхгүй. 2015 онд энэ тусгай зөвшөөрөл бүхий талбай урт нэртэй хуульд орж хүчингүй болсон байсан. Одоо бол энэ тусгай зөвшөөрөл сэргэж байгаа гэх мэдүүлэг /хх 187/, 

Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн:

...Би “****” ХХК-ний гүйцэтгэх захирлаар 2003 оноос ажиллаж байгаа. Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутагт “****”, “****” гэх газарт ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөлтэй газрыг “****” ХХК-иас худалдан авсан. “****” гэх газарт бол 53 га талбай ****тоот ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй юм. 2009 оны 7-р сард “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль” гарснаар энэ талбайг ашиглах боломжгүй болж ****тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн юм. Гэтэл 2015 оны 9-р сард **** гэх газарт байрлах манай бас нэг тусгай зөвшөөрлийн талбайд нинжа орсон байна гэсэн мэдээллээр явж байхад энэ талбай дээр хэсэг бүлэг хүмүүс орсон, алт олборлох үйл ажиллагаа явуулж байсан юм. Бид очоод юу болж байгаа хаанахын хүмүүс бэ гэж асуухад **** гэх хүн хариуцдаг гэсэн. Тэгээд хариуцаж ажиллаж байгаа **** гэх өндөрдүү шар залуу нь тэнд байсан гэрээс гарч ирээд бидэн дээр ирээд “бид нар ямар нэг зөвшөөрөлгүй” гэж байсан. Бид нар “энд алт ухаж болохгүй нүү, манай лицензийн талбай” гэж хэлсэн. Тэгээд энэ талаар Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт өргөдөл гаргаж хандсан боловч эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан. Харин дараа нь эрүүгийн үүсгэн шалгаж байгаа гэж Мөрдөн байцаах газраас ярьж хэргийн газарт шинжилгээний баг оролцуулан үзлэг хийсэн. Үзлэгт манай геологич **** оролцсон. Одоо бид нар энэ асуудал дээр ямар нэг гомдол санал гээд цааш хандах зүйл байхгүй. Энэ хэрэг дээр Байгаль орчны яамнаас хохирогч томилогдсон байгааг бол хэргийн явцад мэдсэн. Бид хохирогч иргэний нэхэмжлэгчээр оролцохгүй. Яагаад гэхээр ****тоот тусгай зөвшөөрлийг “Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хууль”-ийн дагуу түдгэлзүүлж улсын мэдэлд шилжсэн байсан тул бид шууд хохирогчоор оролцох эрх зүйн үндэслэлгүй болсон гэх мэдүүлэг /хх 189/,

Гэрч **** мөрдөн байцаалтад өгсөн:

...Би Дархан-Уул аймгийн Хонгор сумын байгаль орчны хяналтын улсын байцаагчаар 2014 оны 12-р сараас одоог хүртэл 1 жил гаран ажилтай. Энэ ажлыг хийхээсээ өмнө Дархан-Уул аймгийн Эрэл банкны салбарт нягтлан бодогч, дараа нь Хонгор сумын Хаан банкны эрхлэгчээр ажиллаж байсан. Дээрх газар нь Эрэл компаний охин компани болох “****” ХХК-ний талбай юм. 2009 оны урт нэртэй гэгдэх “гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох” тухай хууль гарснаас хойш **** компаний үйл ажиллагаа зогссон байдаг. Би ****, ****дугаартай талбайнууд юу гэдэг ямар нэршилтай газар байдгийг нь мэдэхгүй байна. Ямар ч байсан **** ХХК нь урт нэртэй хууль гарсантай холбогдуулан эвдэгдсэн талбайгаа нөхөн сэргээлт хийлгүй орхин явсан байдаг. Би 1 жил гаран байцаагчаар ажиллаж байгаа болохоор ****, ****дугаартай 2 талбайн талаар нарийн сайн мэдэхгүй байна. Бидэнд энэ 2 талбайд хэзээнээс хэн гэгч ажилласан, газар нь яаж эвдэгдэж байсан талаэр мэдээллийн сан байхгүй болохоор мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх 192/,

"****" ХХК-ийн 2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн 16/9 дугаартай шинжээчийн дүгнэлт: 
“1.**** ХХК нь 2010 онд тус лицензийг "**** майнинг" ХХК-иас шилжүүлэн авах үеийн эвдрэлийн хэмжээг 2010 оны 9-р сард авсан хиймэл дагуулын зургаас харахад ****ы амын талбайгаас /**** ХХК-ийн геологич ****ийн хэлснээр/ иргэн **** гэгч нарын үйл ажиллагаа явуулсан гэх ****орчим нь эвдэгдээгүй эрүүл газар байсан байна. 2.**** ХХК нь тус талбайд иргэн **** нарыг олборлолт явуулахаас өмнө ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байна. 3.Тус талбайд урьд өмнө хувиараа алт олборлогч, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулаагүй, хөндөж эвдэгдээгүй, эрүүл газар байсан байна. 4.****тоот ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий талбай нь "Гол мөрний урсац бүрэлдэх эх, усан сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай" хуулийн хамгаалалтын бүсэд хамаарч байгаа болно. Тиймээс тус талбайн тусгай зөвшөөрөл нь хүчингүй болсон байна. 5.Иргэн **** нарын үйл ажиллагаа явуулсан талбайд хэмжилт шинжилгээ хийж үзэхэд 3,68 га талбайтай овоолго, ухаш бүхий газар байна. 6.Голын голдирол өөрчлөөгүй бөгөөд ойн санд хохирол учруулаагүй, усан орчинд учруулсан хохирлын хэмжээ нь 14 983 536 төгрөг болсон байна. 7.Иргэн **** нарын хууль бус үйл ажиллагаа явуулсан талбайгаас байгаль орчинд учруулсан экологи-эдийн засгийн хохирлын нийт хэмжээ нь 34 154 326 төгрөг болж байна. 8.Иргэн **** нарын үйл ажиллагаа явуулсан талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийхэд 16 204 079 төгрөгийн зардал гарах тооцоо гарч байна гэжээ /1-р хх 209-210/, 
Хэргийн  газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх 61-70/, баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл /хх 71-156/, Монгол улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмалын газрын 2016 оны 4 дүгээр сарын 19-ний 6/2491 албан тоот, хавсралт /хх 57-65/, 2016 оны 3 дугаар сарын 09-ний 6/1569 албан тоот, хавсралт /хх 67-68/, Монгол улсын Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуучлалын яамны 2016 оны 3 дугаар сарын 16-ны 04/1330 албан тоот, хавсралт /хх 70-97/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.
Шүүгдэгч нар нь урьд ял шийтгэгдэж байгаагүй нь 2-р хавтаст хэргийн 106, 119, 146, 153-р хуудсанд авагдсан ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна.  
 
Шүүгдэгч **** нь урьд Баянзүрх дүүргийн шүүхийн 2004 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн ***  дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялыг тэнсэж мөн хугацаагаар хянан харгалзсан хэдий ч хуульд зааснаар ялтайд тооцохгүй тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ. 

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахад хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч нар нь хөнгөн гэмт хэрэг үйлдэж гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, тэдний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзлээ. 

Шүүгдэгч нарын техник төхөөрөмж ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж 3.68 га талбай эвдэгдэж экологи-эдийн засагт учруулсан 34 154 326 төгрөгийн хохирлыг гэмт хэргийн улмаас учруулсан бодит хохирол гэж үзэх тул шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн гаргуулж Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд олгох нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч нарын үйл ажиллагаа явуулсан талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийхэд гарах зардал гэх 16 204 079 төгрөг /1-р хх-ийн 210/ нь гэмт хэрэг үйлдэж учруулсны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тооцох тул эрүүгийн журмаар шийдвэрлэх боломжгүй гэж үзэн хэлэлцэхгүй орхиж Байгаль орчин, аялал жуулчлалын яам нь дээрх хохирлоо нөхөн сэргээлт хийсний дараа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.

    Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдав. 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч ****, Боржигон Жаргалсайханы ****, ****, **** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, олборлож экологи-эдийн засагт 34 154 326 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ****, ****, ****, ****нарыг тус бүр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй. 

    3.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ****гээс 8 538 581 /найман сая таван зуун гучин найман мянга таван зуун наян нэг/ төгрөг, Ч.****гээс 8 538 581 /найман сая таван зуун гучин найман мянга таван зуун наян нэг/ төгрөг, ****аас 8 531 581 /найман сая таван зуун гучин найман мянга таван зуун наян нэг/ төгрөг, ****аас 8 538 581 /найман сая таван зуун гучин найман мянга таван зуун наян нэг/ төгрөгийг тус тус гаргуулж Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд олгосугай. 

    4.Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч ****, Ч.****, ****, **** нар нь өөрт ногдох гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо 2 жилийн хугацаанд  төлж барагдуулах үүрэг хүлээлгэсүгэй. 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ****, Ч.****, ****, **** нар нь тогтоосон хугацаанд хохирлыг төлөх үүргээ биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэж шүүх шийдвэрээ хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай. 

    6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдсугай. 

    7.Хохирогч байгууллага нөхөн сэргээлтийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
 9.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****, ****, ****, ****нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Т.БАТЖАРГАЛ