Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 05 өдөр

Дугаар 10

 

Д.Д-, Ж.А-, А.Б-, Ч.Х- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааны бүрэлдэхүүнд:

Даргалагч шүүгч                            Я.Туул

Шүүгчид                                         Б.Манлайбаатар

Ц.Амаржаргал

Прокурор                                       Б.Сүрмандах

Хохирогч                                        Ж.Болдбаатар

Шүүгдэгч нарын өмгөөлөгч          И.Атарбямба

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Туяацэцэг нар оролцож,

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Б- даргалж 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 298 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогч Ж.Болдбаатарын давж заалдах гомдлоор Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д-гийн Д-, Ж-ы А-, А-ийн Б-, Ч-ын Х- нарт холбогдох эрүүгийн 201601000023 тоот, 3 хавтас хэргийг 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол улсын иргэн, Т- овгийн Д-гийн Д-,

2. Монгол улсын иргэн, Б- овгийн Ж-ы А-,

3. Монгол улсын иргэн, Х- овгийн А-ийн Б-,

4. Монгол улсын иргэн, И- овгийн Ч-ын Х-.

Прокурорын яллах дүгнэлтэнд бичигдсэнээр:

Шүүгдэгч Д.Д-, Ж.А-, А.Б-, Ч.Х- нар нь гэмт хэрэг хамтран үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байх “Хүйтний гол” гэх газарт 2015 оны 07 дугаар сарын 10-наас 2015 оны 09 дүгээр сарын 26-н хүртлэх хугацаанд техник төхөөрөмж ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаль орчин, түүний баялагт 34,154,326 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хэргийг хянан хэлэлцээд 298 дугаартай шийтгэх тогтоолоор:

-Шүүгдэгч Т- овогт Д-гийн Д-, Б- овогт Ж-ы А-, Х- овогт А-ийн Б-, И- овогт Ч-ын Х- нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал хайх, олборлож экологи-эдийн засагт 34.154.326 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Д-, Ж.А-, А.Б-, Ч.Х- нарыг тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэж,

-Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Д.Д-гээс 8.538.581 /найман сая таван зуун гучин найман мянга таван зуун наян нэг/ төгрөг, Ч.Х-гээс 8.538.581 /найман сая таван зуун гучин найман мянга таван зуун наян нэг/ төгрөг, Ж.А-аас 8.531.581 /найман сая таван зуун гучин найман мянга таван зуун наян нэг/ төгрөг, А.Б-аас 8.538.581 /найман сая таван зуун гучин найман мянга таван зуун наян нэг/ төгрөгийг тус тус гаргуулж Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд олгож,

-Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Д.Д-, Ч.Х-, Ж.А-, А.Б- нар нь өөрт ногдох гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо 2 жилийн хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэж,

-.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Д-, Ч.Х-, Ж.А-, А.Б- нар нь тогтоосон хугацаанд хохирлыг төлөх үүргээ биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэж шүүх шийдвэрээ хүчингүй болгож ял оногдуулахыг дурдаж,

-Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гаргах зардалгүй болохыг дурдаж,

-Хохирогч байгууллага нөхөн сэргээлтийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

-Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

-Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогрэвлын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Д-, Ж.А-, А.Б-, Ч.Х- нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлэхээр тус тус заажээ.

Хохирогч Ж.Болдбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

“...Шүүгдэгч нарын хууль бус үйлдлийн улмаас байгаль орчинд учирсан экологи эдийн засгийн үнэлгээ нь 34.154.326 төгрөг гэж тооцогдсон ба үнэлгээний явцад энэ дүнгээс хөрс талбайг нөхөн сэргээх зардлын дүн нь 16.204.079 төгрөг гэж тооцогдсон байна. Энэ нөхөн сэргээх зардлын дүн 16.204.079 төгрөг нь хохирлын дүнд орж тооцогдох үндэслэл юм. Энэ нь байгаль орчныг хамгаалах тухай хууль, Байгальд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Сайдын А/156 тоот тушаал зэрэг эрх зүйн баримт бичгүүдээр тодорхойлогдож байгаа бөгөөд энэ талаар шүүх хуралдаан дээр санал хүсэлтээ хэлсэн боловч шүүх авч үзэлгүй хэргийг прокурорын зүйлчилж ирүүлсэн 34.154.326 төгрөг гэж тооцож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон. Байгаль орчинд учирсан хохирол арилаагүй, нөхөн сэргээх ажиллагааг явуулах нөхцөлгүй болж байгаа ба шүүх 16.204.079 төгрөгийг иргэний журмаар дахин нэхэмжлэн шийдвэрлүүлэхээр шийтгэх тогтоолд заасан нь үндэслэлгүй байна.

-Уг хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар яллагдагч нарын хүсэлтээр хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн бөгөөд 34.154.326 төгрөгийн хохирлыг шүүгдэгч нар хэрхэн төлөх талаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны төлөөлөгч хохирогч н.Мөнхзаяатай тохиролцсон гэрээ байгуулсан, эвлэрэн хэлэлцсэн талаар ямар ч санаачлага гараагүй бөгөөд энэ талаар ямар нэг нотлох баримт хэрэгт авагдаагүй. Дээрх байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-д заасан “Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлөн, төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн эсэх” гэсэн шаардлагыг хангаагүй байхад шүүх хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон.

Шүүх хуралдаан дээр 34.154.326 төгрөгийн хохирлоос гадна нөхөн сэргээлтийн зардал 16.204.079 төгрөгийг хэрхэн төлөх талаар шүүгдэгч нарын ярихыг сонсоход “34.154.326 төгрөгийг төлнө, мөн нөхөн сэргээлтийг бид хийнэ” гэж ярьж байсан ба нөхөн сэргээлтийн ажиллагааг тэд хийхгүй ба зардлыг нь шүүгдэгч нараас гаргуулаад, харин нөхөн сэргээлт явуулах эрхтэй байгууллагаар гүйцэтгүүлэх, эсвэл мэргэжлийн байгууллага удирдан явуулдаг ажиллагаа юм.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь үндэслэлгүй гарсан гэж үзэж байгаа тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин шийдввэрлэж өгнө үү” гэжээ.

Хохирогч Ж.Болдбаатар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хууль, Сайд нарын А/156 тоот тушаал зэрэгт “хохирол учруулсан тохиолдолд гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлж, мэргэжлийн байгууллагаар нөхөн сэргээлт хийлгэнэ” гэж заасан. Нөхөн сэргээлтийг ямар журмаар яаж хийх талаар хохирогч н.Мөнхзаяатай тохиролцоогүй. Шүүгдэгч нар нь учруулсан хохирлыг төлж, нөхөн сэргээлт хийнэ гэж хэлсэн” гэв.

Шүүгдэгч нарын өмгөөлөгч И.Атарбямба давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Мөрдөн байцаалтын шатанд н.Мөнхзаяаг хохирогчоор тогтоосон. Хохирогч мөрдөн байцаалтын шатанд “34.000.000 төгрөгийн хохирлоо гаргуулна” гэсний дагуу прокурор яллах дүгнэлтэндээ “34.000.000 төгрөг” гэж хохирлыг дурдсан. 16.000.000 төгрөгийн үнэлгээ гарсан гэдэг боловч дүгнэлтийг л харсан болохоос энэ нь тодорхой бус. Анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй, шүүгдэгч нар хэлэхдээ “мөнгөний дүн их байгаа учраас бид нар нөхөн сэргээлтийг мэргэжлийн хүнийг байлцуулж хийж өгье” гэдэг гэв.

Прокурор Б.Сүрмандах давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ:

“...Нөхөн сэргээлтийг мэргэжлийн тусгай байгууллагаар хийлгэх эсэх, эсвэл нөхөн сэргээлтийн зардлыг шүүгдэгч нар өөрсдөө гаргаж хийх зэрэг нь тодорхой бус байна. Шүүгдэгч нар “16.000.000 төгрөгийг төлнө, нөхөн сэргээлтийг өөрсдөө хийнэ” гэсэн боловч хохирогч талаас “сонгон шалгаруулалт зарлаж мэргэжлийн байгууллагаар нөхөн сэргээлтийг хийлгэнэ” гэдэг. Анхан шатны шүүх шууд хохиролд 34.000.000 төгрөг гэж шийдсэн нь үндэслэлтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 4.5-т “гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн эсэх” гэж заасан. Анхан шатны шүүх хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна гэв.

Тодорхойлох нь:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Д-, Ж.А-, А.Б-, Ч.Х- нарыг гэмт хэрэг хамтран үйлдэхээр урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж, бүлэглэн Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Хүйтний гол” гэх газарт 2015 оны 07 дугаар сарын 10-наас 2015 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүртлэх хугацаанд техник төхөөрөмж ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаль орчин, түүний баялагт 34,154,326 төгрөгийн хохирол учруулсан гэх үйлдэлд холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Шүүх хэргийг хянан хэлэлцээд, шүүгдэгч Д.Д-, Ж.А-, А.Б-, Ч.Х- нарыг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл, хайгуул хийж,  олборлолт явуулж экологи-эдийн засагт 34.154.326 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Д-, Ж.А-, А.Б-, Ч.Х- нарыг тус бүр 2 жилийн хугацаагаар тэнсэж, шүүгдэгч Д.Д-гээс 8.538.581 төгрөг, Ч.Х-гээс 8.538.581 төгрөг, Ж.А-аас 8.531.581 төгрөг, А.Б-аас 8.538.581 төгрөгийг тус тус гаргуулж Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яаманд олгох, шүүгдэгч нарт өөрт ногдох хохирлоо 2 жилийн хугацаанд төлж барагдуулах үүрэг хүлээлгэж, тогтоосон хугацаанд хохирлыг төлөх үүргээ биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэж шүүх шийдвэрээ хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулж, хохирогч байгууллага нь нөхөн сэргээлтийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, шүүгдэгч Д.Д-, Ж.А-, А.Б-, Ч.Х- нарт урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч бичсэн хохирогч Ж.Болдбаатарын гомдлыг үндэслэн шүүгдэгч Д.Д-, Ж.А-, А.Б-, Ч.Х- нарт холбогдох хэргийг бүхэлд нь хянахад шүүгдэгч нар нь 2015 оны 07 дугаар сарын 10-наас 2015 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүртлэх хугацаанд Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт “Хүйтний гол” гэх газарт техник, тоног төхөөрөмж ашиглан тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулж байгаль орчинд 34,154,326 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдсон, үйлдэгдсэн хэргийн талаар хийсэн дүгнэлт үндэслэлтэй хэдий ч анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3, 17.4 дүгээр зүйлийн 4.5-д заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчиж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг шүүгдэгч нар нь нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн эсэх нөхцөл байдлыг хянахгүйгээр тэдний өөрсдийнх нь ...хохирлыг төлнө... гэж бичсэнийг үндэслэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй болжээ. 

Шүүгдэгч нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг хэзээ, хэрхэн, яаж, ямар хөрөнгө, орлогын эх үүсвэр, боломжоор нөхөн төлөх талаараа хохирогчтой урьдчилан уулзаж, эвлэрэн тохиролцоогүй, энэ талаараа ямар нэгэн баталгаа гаргаагүй байхад зөвхөн “хохирлыг нөхөн төлнө” гэж хэлж, бичсэнээр шүүгдэгч нарыг ...хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн... гэж дүгнэх боломжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Яллагдагч энэ зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүсэлтэд хохирлоо нөхөн төлсөн баримт, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн тухай баталгааг хавсаргана” гэж заасан шаардлагыг шүүгдэгч нар хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг прокурорт гаргахдаа хангаагүй байсныг хянаагүй байна.

Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхдээ энэ хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан бүх нөхцөл байдлуудыг сайтар хянаж, эдгээр нөхцлүүдийн аль нэг нь хангагдаагүй байвал мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргах зохицуулалт байгааг анхаарах нь зүйтэй.

Иймд анхан шатны шүүх нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй тул шүүгдэгч Д.Д- нарт холбогдох шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ: 

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 298 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч Д.Д-, Ж.А-, А.Б-, Ч.Х- нарт холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

2. Шүүгдэгч Д.Д-, Ж.А-, А.Б-, Ч.Х- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогоогдсон үндэслэлээр оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргаж болохыг дурдсугай.

 

 

                                              ДАРГАЛАГЧ                                        Я.ТУУЛ

                                              ШҮҮГЧИД                                            Б.МАНЛАЙБААТАР

                                                                                                           Ц.АМАРЖАРГАЛ