Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 9

 

 Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Б.Баттөр, шүүгч М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 26 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч С.Н ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Х  банкны Булган салбарт холбогдох, 6 920 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж ын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

   Нэхэмжлэгчийн өмгөөлөгч           М.Даваасүрэн

   Хариуцагч байгуулллагын  итгэмжлэгдсэн төлөөлөгч          Ш.Ж , Х.Х  /онлайнаар/      

   Нарийн бичгийн дарга                  Б.Энхзул нар оролцов.

Нэхэмжлэгч С.Н  нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 09 дүгээр сард Х  банкнаас 60 сарын хугацаатай зээл авсан. Зээлээ тухайн сар сард нь төлж байтал 2014 оны 04 дүгээр сард нөхөр маань ажлаасаа халагдаж, дээр нь нас барсан тул зээлээ төлж чадаагүй хугацаа хэтэрсэн. Шүүгчийн захирамжаар Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжин очиж барьцаалсан эд хөрөнгөөр зээлийг хаах шийдвэр гарсан. Барьцаалуулсан эд хөрөнгө болох хашаа байшин нь Орхон аймгийн ...д байрлалтай байдаг бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 18 418 000 төгрөгөөр үнэлж дуудлага худалдаа явуулсан боловч зарагдаагүй. Хашаа байшингийн зөрүү 6 844 000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдсэн 18 418 000 төгрөгийн зээлд хашаа байшинг авсан. 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр  байшингаа хүлээлгэж өгөөд зээл хаагдсан. Гэвч 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр тэжээгчээ алдсаны тэтгэврийн зээл авахаар банканд очиход зээлийн төлбөрт 1 900 000 төгрөгийг төл гэсэн тул төлсөн. Дараа нь 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр оюутан хүүхдээ явуулахаар зээл авахад 1 312 000  төгрөгийг зээлийн төлбөрт суутгаж авсан. Түүнээс хойш сар бүр 250 000 төгрөг төлдөг болсон. Нэхэмжлэл өгснөөс хойш 470 000 төгрөг суутгасан. Үүнийг нэмээд нийт 7 391 000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Х  банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Х  банк” 2018 оны 8 дугаар сараас хойш ********** тоот данснаас үндэслэлгүйгээр 6 920 000 төгрөг суутгаж авсан гэж нэхэмжлэл гаргасан. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байгаа хэдий ч нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. С.Н  2016 онд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байхад Орхон аймгийн ...д байрлах хашаа байшинг дуудлага худалдаанд оруулсан. Эхний дуудлага худалдаагаар 70 хувиар үнэлээд явуулсан боловч зарагдаагүй. 2 дахь дуудлага худалдаагаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн      18 000 000 төгрөгийг 50 хувиар үнэлж дуудлага худалдаанд оруулсан боловч  борлогдоогүй. Борлуулах талаар зар байнга тавьж байсан. Шийдвэр гүйцэтгэлийн явцад зарагдаагүй учраас банктай сар болгоны цалингаас зээл суутгаж байхаар тохиролцож Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон. С.Н  нь 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Х  банкинд хүсэлт гаргасан бөгөөд хашаа байшингийн гэрчилгээ өөрт нь байгаа учраас банкнаас зээл авч хашаа байшингийн үлдэгдэл төгрөгт сар бүр цалингаасаа 431 000 төгрөг тогтмол төлж байна гэж хүссэн. Тэжээгчээ алдсаны тэтгэмжийг барьцаалж зээл авч түүнээс 1 350 000  төгрөгийг төлж барагдуулсан. Хүсэлт гаргасны дагуу цалингаас зээлийг суутгаж авсан нь хавтаст хэргийн нотлох баримтуудаар тогтоогдоно. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ” гэж заасан. С.Н  өөрийн хүсэл зоригоо илэрхийлж зээлийг сар бүр данснаас суутгаж төлж байхаар хүсэлт гаргасныг банк хүлээж авсан. Цалингийн данснаас нь 6 920 000 төгрөгийг бүхэлд нь суутгаж аваагүй. Зээл нэмж авахад нь 1 900 000 төгрөг, 1 312 000 төгрөгөөр тус тус зээлийн төлбөрт хийсэн байдаг. Үлдсэн төлбөрийг цалингаас суутгахаар хүсэл зоригоо илэрхийлсэн учраас хэлцэл хүчин төгөлдөр байгуулагдсан гэж үзэж байна. С.Н ийн хүсэл зоригийн дагуу сар бүр 431 000 төгрөгөөр төлөлт хийхээр тохирсон байсан боловч 2 удаа 431 000 төгрөгөөр суутгаад бусад төлбөр нь 250 000 төгрөгөөр суутгагдсан байдаг. Тухайн үед хэлцэл хийгдээд зээлээ төлөөд явсан учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Х  банкны Булган салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: С.Н ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Х  банкны Булган салбартай С.Н  2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр орон сууцны зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 30 000 000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлийг хашаа байшин худалдан авах зорилгоор авсан. Зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учраас дээрх асуудлыг шийдвэрлүүлэхээр Сум дундын 4 дүгээр шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандаж тус шүүхийн шүүгчийн 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн №545 дугаартай “талуудын эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” захирамжаар уригдсан тал С.Н  нь Х  банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээлийн төлбөрт 25 262 560 төгрөгийг 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэрээг баталгаажуулсан боловч С.Н  дээрх хугацаанд төлж барагдуулаагүй. Банкны зүгээс хүсэлт гаргаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах ажиллагаа явагдсан боловч тухайн эд хөрөнгө нь худалдан борлуулагдаагүй, банк төлбөрт шилжүүлэн аваагүй ба тухайн эд хөрөнгө С.Н ийн өмчлөлд байгаа бөгөөд түүний хүсэлтийн дагуу харилцан тохиролцсоны үндсэн дээр данснаас суутгал хийсэн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

   Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 8-ны өдрийн 26 дугаартай шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч Х  банкны Булган салбараас 6 920 000 /зургаан сая есөн зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Н д олгож,  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 125 670 /нэг зуун хорин таван мянга зургаан зуун дал/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас төлсөн 125 670 /нэг зуун хорин таван мянга зургаан зуун дал/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид С.Н д олгож,

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч байгууллагын төлөөлөгч Ш.Ж  давж заалдах гомдолдоо: “...Нэхэмжлэгч С.Н  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...2018 оны 8 сараас хойш миний цалинг өгөхөө больсон ба ************* тоот данснаас нийт 6,920,000 төгрөгийг үндэслэлгүй суутгаж авсан тул буцаан гаргуулж өгнө үү...” гэсэн шаардлагыг гаргасан ба Х  банкны Булган салбар нэхэмжлэлийн шаардлагад дурдсан хэмжээний мөнгийг түүний данснаас суутгаж аваагүй. С.Н  2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Х  банкны Булган салбарт тэжээгчээ алдсаны тэтгэвэр барьцаалж зээл авч хашаа байшингийн зээлийн үлдэгдэл төлбөрөөс 1.312.000 төгрөг төлж, үлдэгдэл төлбөрийг сар бүрийн цалингаас 431.000 төгрөг төлье гэсэн хүсэлтээ байгаа гэдгээ илэрхийлж тус банкны салбарт өргөдөл гаргасан. Түүний хүсэлтийн дагуу тэжээгчээ алдсаны тэтгэврийн зээл олгож, цалингаас хашаа байшингийн үлдэгдэл төлбөрт сар бүр зохих хэмжээний суутгалыг хийж нийт 4.451.000 төгрөг авсан болох нь харилцагчийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн бүртгэлийн карт зэрэг баримтаар нотлогдож байгаа.

Гэтэл анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын мөнгөн дүнгийн тооцооллыг хийгээгүй, хэдэн оны хэдэн сараас хэдэн оны хэдэн сар хүртэлх хугацаанд банк суутгал хийсэн гэдгийг тодруулж дүгнээгүй, нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй, үндэслэлийг зөв тодорхойлж дээрх байдалд хуулийн зүйн болон тооцооллын хувьд бүрэн үнэлэлт, дүгнэлт хийж чадаагүй тул давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлага болох банкны суутгасан тооцололт дүгнэлт хийж анхаарч үзэхийг хүсч байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү...” гэжээ.

ХЯНАВАЛ:

 Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой,эргэлзээгүй талаас нь дүгнэж чадаагүй байна.

Нэхэмжлэгч нь Х  банкны Булган салбарт холбогдуулан 6.920.000 төгрөг  гаргуулахаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч С.Н  нь Х  банкны Булган салбараас 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр  үл хөдлөх хөрөнгө болох Орхон аймаг ... хашаа байшинг барьцаалж 30.000.000 төгрөгийг жилийн 19,2 хувийн хүүтэй 60 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулан авчээ./ х.х-ийн 74-78/

Нэхэмжлэгч зээлийн гэрээний үүргээ биелүүлэх боломжгүй болж барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг шийдвэр Орхон аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн “төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлэх тухай акт” үйлдэн төлбөр авагч Х  банкны Булган салбарт хүлээлгэн өгсөн байна.

Х  банкны Булган салбар нь нэхэмжлэгч С.Н ээс зээлийн төлбөрт бэлэн 6.924.560 төгрөг, эд хөрөнгөөр 18.418.000 төгрөг авч шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон үйл баримт тогтоогдсон талууд маргаагүй байна.

 Нэхэмжлэгч нь зээлийн төлбөр төлөгдөж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан байхад банк данснаас илүү 6.920.000 төгрөг суутгаж авсан байгааг буцаан гаргуулахаар мэтгэлзсэн боловч  Х  банкны Булган салбар нь харицагчийн дансны дэлгэрэнгүй хуулга, зээлийн бүртгэлийн карт зэргээр 4.451.000 төгрөг суутгаж авсан нь нотлогдож байх тул давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт дээр дурьдсан үндэслэлээр өөрчлөлт оруулж зөвтгөн залруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.   

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2- дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:           

1.  Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Жавдандуламын давж заалдсан гомдлыг хүлээн авч, Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 26 дугаар шийдвэрийн 1 дэхь заалтыг

“...хариуцагч Х  банкны Булган салбараас 4.451.000 төгрөг /дөрвөн сая дөрвөн зуун тавин нэгэн мянга/ гаргуулж нэхэмжлэгч С.Н д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.469.000 төгрөгийг /хоёр сая дөрвөн зуун заран ес/ хэргмэхгүй болгосугай” гэж өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 54454 /тавин дөрвөн мянга дөрвөн зуун тавин дөрөв/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.   

 

                       ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Ё.БЯМБАЦЭРЭН

                                        ШҮҮГЧИД                                   Б.БАТТӨР   

                                                                                            М.ХҮРЭЛБААТАР