Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 26

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Г.Мягмарсүрэн даргалж, хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1966 онд төрсөн, 54 настай, эмэгтэй, Булган аймгийн Булган сумын ... оршин суух, Б овогт С.Н -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Х банкны Булган салбарт холбогдох,

 6 920 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2019/00611/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

        Нэхэмжлэгч С.Н  түүний өмгөөлөгч М.Даваасүрэн,

        Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч: 1982 онд Баянхонгор аймагт төрсөн, эмэгтэй, 38 настай, дээд боловсролтой, Х банкны Булган салбарын зээлийн багц хариуцсан менежер ажилтай, Булган аймгийн Булган сумын ... оршин суух, Б овогт Ш.Ж, 1989 онд Төв аймгийн Цээл суманд төрсөн, 31 настай, дээд боловсролтой, Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн ... оршин суух, Х банкны Хуулийн зөвлөх ажилтай, Б овогт Х.Х , нарийн бичгийн дарга Т.Батсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.Н  нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2013 оны 09 дүгээр сард Х банкнаас 60 сарын хугацаатай зээл авсан. Зээлээ тухайн сар сард нь төлж байтал 2014 оны 04 дүгээр сард нөхөр маань ажлаасаа халагдаж, дээр нь нас барсан тул зээлээ төлж чадаагүй хугацаа хэтэрсэн. Шүүгчийн захирамжаар Орхон аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжин очиж барьцаалсан эд хөрөнгөөр зээлийг хаах шийдвэр гарсан. Барьцаалуулсан эд хөрөнгө болох хашаа байшин нь Орхон аймгийн Баян-Өндөр сумын ... байрлалтай байдаг бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 18 418 000 төгрөгөөр үнэлж дуудлага худалдаа явуулсан боловч зарагдаагүй. Хашаа байшингийн зөрүү 6 844 000 төгрөгийг төлж барагдуулсан. Үлдсэн 18 418 000 төгрөгийн зээлд хашаа байшинг авсан. 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр  байшингаа хүлээлгэж өгөөд зээл хаагдсан. Гэвч 2017 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр тэжээгчээ алдсаны тэтгэврийн зээл авахаар банканд очиход зээлийн төлбөрт 1 900 000 төгрөгийг төл гэсэн тул төлсөн. Дараа нь 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр оюутан хүүхдээ явуулахаар зээл авахад 1 312 000  төгрөгийг зээлийн төлбөрт суутгаж авсан. Түүнээс хойш сар бүр 250 000 төгрөг төлдөг болсон. Нэхэмжлэл өгснөөс хойш 470 000 төгрөг суутгасан. Үүнийг нэмээд нийт 7 391 000 төгрөгийг нэхэмжилж байна  гэв.

Хариуцагч Х банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Х  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч “Х банк” 2018 оны 8 дугаар сараас хойш *********** тоот данснаас үндэслэлгүйгээр 6 920 000 төгрөг суутгаж авсан гэж нэхэмжлэл гаргасан. Өнөөдрийн байдлаар нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байгаа хэдий ч нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангагдаагүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. С.Н  2016 онд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байхад Орхон аймгийн Баян-Өндөр сумын ... байрлах хашаа байшинг дуудлага худалдаанд оруулсан. Эхний дуудлага худалдаагаар 70 хувиар үнэлээд явуулсан боловч зарагдаагүй. 2 дахь дуудлага худалдаагаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн      18 000 000 төгрөгийг 50 хувиар үнэлж дуудлага худалдаанд оруулсан боловч  борлогдоогүй. Борлуулах талаар зар байнга тавьж байсан. Шийдвэр гүйцэтгэлийн явцад зарагдаагүй учраас банктай сар болгоны цалингаас зээл суутгаж байхаар тохиролцож Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон. С.Н  нь 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Х банкинд хүсэлт гаргасан бөгөөд хашаа байшингийн гэрчилгээ өөрт нь байгаа учраас банкнаас зээл авч хашаа байшингийн үлдэгдэл төгрөгт сар бүр цалингаасаа 431 000 төгрөг тогтмол төлж байна гэж хүссэн. Тэжээгчээ алдсаны тэтгэмжийг барьцаалж зээл авч түүнээс 1 350 000  төгрөгийг төлж барагдуулсан. Хүсэлт гаргасны дагуу цалингаас зээлийг суутгаж авсан нь хавтаст хэргийн нотлох баримтуудаар тогтоогдоно. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д “Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ” гэж заасан. С.Н  өөрийн хүсэл зоригоо илэрхийлж зээлийг сар бүр данснаас суутгаж төлж байхаар хүсэлт гаргасныг банк хүлээж авсан. Цалингийн данснаас нь 6 920 000 төгрөгийг бүхэлд нь суутгаж аваагүй. Зээл нэмж авахад нь 1 900 000 төгрөг, 1 312 000 төгрөгөөр тус тус зээлийн төлбөрт хийсэн байдаг. Үлдсэн төлбөрийг цалингаас суутгахаар хүсэл зоригоо илэрхийлсэн учраас хэлцэл хүчин төгөлдөр байгуулагдсан гэж үзэж байна. С.Н ийн хүсэл зоригийн дагуу сар бүр 431 000 төгрөгөөр төлөлт хийхээр тохирсон байсан боловч 2 удаа 431 000 төгрөгөөр суутгаад бусад төлбөр нь 250 000 төгрөгөөр суутгагдсан байдаг. Тухайн үед хэлцэл хийгдээд зээлээ төлөөд явсан учраас нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна гэв.

Хариуцагч Х банкны Булган салбарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Ж  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: С.Н ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Х банкны Булган салбартай С.Н  2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр орон сууцны зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 30 000 000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай зээлийг хашаа байшин худалдан авах зорилгоор авсан. Зээлийн гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй учраас дээрх асуудлыг шийдвэрлүүлэхээр Сум дундын 4 дүгээр шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандаж тус шүүхийн шүүгчийн 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн №545 дугаартай “талуудын эвлэрлийн гэрээг баталгаажуулах тухай” захирамжаар уригдсан тал С.Н  нь Х банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээлийн төлбөрт 25 262 560 төгрөгийг 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон гэрээг баталгаажуулсан боловч С.Н  дээрх хугацаанд төлж барагдуулаагүй. Банкны зүгээс хүсэлт гаргаж шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах ажиллагаа явагдсан боловч тухайн эд хөрөнгө нь худалдан борлуулагдаагүй, банк төлбөрт шилжүүлэн аваагүй ба тухайн эд хөрөнгө С.Н ийн өмчлөлд байгаа бөгөөд түүний хүсэлтийн дагуу харилцан тохиролцсоны үндсэн дээр данснаас суутгал хийсэн болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч С.Н  нь Х банкны Булган салбарт холбогдуулан                6 920 000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрчээ.

Иргэн С.Н  нь Х банкны Булган салбараас 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр орон сууцны зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 30 000 000 төгрөгийг жилийн 19.2 хувийн хүүтэй, 60 сарын хугацаатай, хашаа байшин худалдан авах зорилгоор зээлдэн авсан бөгөөд зээлийн барьцаанд худалдан авсан үл хөдлөх эд хөрөнгө болох Орхон аймгийн Баян-Өндөр сумын ... хашаа байшинг барьцаалсан байна. /хэргийн 74-78 дугаар тал/

Зээлдэгч нар нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс Х банкны Булган салбар нь Сум дундын 4 дүгээр шүүхийн эвлэрүүлэн зуучлалд хандаж тус шүүхийн шүүгчийн 2015 оны 4 дүгээр сарын 09-ний өдрийн №545 дугаартай  захирамжаар уригдсан тал С.Н  нь Х банкны Булган аймаг дахь салбарын нэхэмжилсэн зээлийн төлбөрт 25 262 560 төгрөгийг 2015 оны 4 дүгээр сарын 24-ний өдрийн дотор төлж барагдуулахаар харилцан тохиролцсон эвлэрлийн гэрээг баталгаажуулж шийдвэрлэжээ. /хэргийн 32-33 дугаар тал/

Уригдагч тал нь эвлэрлийн гэрээнд заасан хугацаанд зээлийн төлбөрийг төлөөгүй тул өргөдөл гаргагч Х банкны Булган салбар нь шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай хүсэлт гаргаж тус шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн 1615 дугаартай захирамж, 285 дугаартай гүйцэтгэх хуудасыг тус тус бичиж хүргүүлснээр  шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулсан байна. /хэргийн 30-31 дүгээр тал/

        Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь барьцааны эд хөрөнгийн үнэлэгээг шинжээчээр тогтоолгож, тухайн үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулахаар 2 удаа дуудлага худалдаа явуулсан боловч тус эд хөрөнгө худалдан борлогдоогүй тул тус газрын шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн “төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн тухай акт” үйлдэн төлбөр авагч Х банкны Булган салбарт хүлээлгэн өгч, Х банкны Булган салбар С.Н ээс төлбөрт бэлнээр 6 924 560 төгрөг, эд хөрөнгөөр 18 418 000 төгрөг авсан тул гүйцэтгэх баримт бичгийг хаалгах тухай хүсэлт  гаргаснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгосон байна. /хэргийн 7, 38-56 дугаар тал/

       Дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй харин нэхэмжлэгч нь зээлийн төлбөр төлөгдөж шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон байхад данснаас илүү 6 920 000 төгрөгийг суутгасан гэж, хариуцагч тал  шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангах ажиллагаа хийгдсэн боловч тухайн эд хөрөнгө нь худалдан борлогдоогүй, үл хөдлөх эд хөрөнгийг банк төлбөрт шилжүүлэн аваагүй, тухайн эд хөрөнгө С.Н ийн өмчлөлд байгаа бөгөөд түүний хүсэлтээр харилцан тохиролцсоны үндсэн дээр зээлийн үлдэгдэл төлбөрийг данснаас нь суутгасан, талуудын хооронд хүчин төгөлдөр хэлцэл хийгдсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж тус тус маргасан.  

Талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний 3 дугаар зүйлийн 3.3.6-д “зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа /Баталгаат ипотек, батлан даалт, фидуци/-ийн гэрээнд заасан хөрөнгөөр болон зээлдэгч, хамтран үүрэг гүйцэтгэгчийн бусад хөрөнгөөр хангуулна” гэж заажээ. /хэргийн 74-78 дугаар тал/

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1-д “Төлбөр авагч шийдвэр гүйцэтгэгчийн хөрөнгийн үнэлгээ тогтоосон шийдвэрийг хүлээн авснаас хойш 10 хоногийн дотор гүйцэтгэх баримт бичгийн шаардлагад нийцэхүйц хөрөнгийг төлбөрт суутган авах тухай хүсэлт гаргаж болно” гэж, 78.2-т “Төлбөр авагч энэ хуулийн 78.1-д заасан санал гаргасан, төлбөр төлөгч энэ хуульд заасан хугацаанд хөрөнгөө бие даан борлуулаагүй бөгөөд хөрөнгийн үнэлгээний талаар гомдол гаргаагүй тохиолдолд хөрөнгийг шийдвэр гүйцэтгэгчийн үнэлгээ тогтоосон шийдвэрт заасан үнээр төлбөр авагчид төлбөрт суутган шилжүүлнэ”  гэж тус тус заасан.

Төлбөр авагч Х банкны Булган салбар нь барьцааны эд хөрөнгийг төлбөрт суутган авахаас татгалзаагүй, хүлээн зөвшөөрч төлбөрт суутган авсан нь Орхон аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн “төлбөр төлөгчөөс хураан авсан эд хөрөнгийг төлбөр авагчид шилжүүлсэн тухай акт”, Х банкны Булган салбарын захирлын 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 941 дугаартай гүйцэтгэх баримт бичгийг хаалгах тухай хүсэлт зэргээр тогтоогдож байна.

Хариуцагч тал зээлийн үлдэгдэл төлбөрийг цалингаас суутган төлүүлэхээр С.Н тэй харилцан тохиролцсон тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хаалгасан гэж тайлбарлаж байх боловч энэ нь баримтаар нотлогдоогүй, хариуцагч тал нотолж чадаагүй байна.

Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.1-д “үүрэг гүйцэтгэгч үүргээ зохих ёсоор гүйцэтгэсэн” бол үүрэг дуусгавар болохоор хуульчилжээ.

Дээрх байдлаас үзвэл Х банкны Булган салбар, С.Н  нарын хооронд 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр байгуулагдсан “орон сууцны зээлийн гэрээ”-ний үүрэг дуусгавар болсон гэж үзэхээр байна.Өөрөөр хэлбэл талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийн харилцаа үүссэн байх бөгөөд зээлдэгч зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс төлбөрийг албадан гүйцэтгүүлэх ажиллагаа явуулж зээлийн үлдэгдэл төлбөрийг барьцаа хөрөнгөөр хангуулж зээлийн гэрээний үүргийн харилцаа дуусгавар болсон байна.  

Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д “үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн ч гаргах эрхтэй” гэжээ.

Эд хөрөнгийг төлбөрт шилжүүлэн авсан, шилжүүлэн өгсөн хэн аль үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэхээр хүсэлт гаргах эрхээ хэрэгжүүлээгүйд хэн алиныг буруутгах боломжгүй юм.

Иймд Х банкны Булган салбарыг үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзэж  6 920 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Н д олгохоор шийдвэрлэв.

Нэхэмжлэгч С.Н  нь шүүхэд нэхэмжлэл гаргаснаас хойш зээлийн төлбөрт 470 000 төгрөгийг суутгасан тул нэхэмжлэл дээр нэмж нэхэмжилнэ гэж тайлбар гаргасан.

Нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж нэхэмжлэлээ гаргаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн гэж үзээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

   ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д зааснаар хариуцагч Х банкны Булган салбараас 6 920 000 /зургаан сая есөн зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч С.Н д олгосугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 125 670 /нэг зуун хорин таван мянга зургаан зуун дал/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч байгууллагаас төлсөн 125 670 /нэг зуун хорин таван мянга зургаан зуун дал/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид С.Н д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Г.МЯГМАРСҮРЭН