Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 11

 

 Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч Б.Баттөр, шүүгч М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 19 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Г.Б ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ж.У , Ч.Ч  нарт холбогдох, зээлээр худалдах худалдан авах гэрээний үүрэгт 27 783 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хариуцагч Ж.У , хариуцагч Ч.Ч ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т  түүний өмгөөлөгч М.Мэнбаяр нарын давж заалдах гомдлоор 2020 оны 02 дугаар сарын 11-ний өдөр өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

   Нэхэмжлэгчийн өмгөөлөгч            Г.Батбаяр

           Хариуцагч Ж.У ын

     итгэмжлэгдсэн төлөөлөгч          А.О  /онлайнаар/

   Хариуцагч Ч.Ч ын

      итгэмжлэгдсэн төлөөлөгч         Э.Т  түүний өмгөөлөгч М.Мэндбаяр

   Нарийн бичгийн дарга                  Т.Батсайхан нар оролцов.

Нэхэмжлэгч Г.Б  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны намар Сэлэнгэ аймгийн ... гэх газарт 300 га газрын зөвшөөрөл авч 15,000 боодол өвс бэлтгэсэн. Тэрнийхээ 7000 орчмыг Улаанбаатар, Дарханд борлуулсан. Өвсөө бэлтгэж байхад хариуцагч нар ирж уулзсан. Тэгээд өвс прэслэгчээ түр хэрэглүүлээч, өвсөө худалдаач гэсэн байсан. Би байгаагүй тул гэрт очоорой гээд гэрээ зааж өгсөн. Тэгээд би гэрт нь очиход өвсөө зарах уу преслэгчээ хэрэглүүлээч гэсэн. Би нэг боодол өвсийг 3000 төгрөгөөр зарна, өөрсдөө хэрэглэж байгаа тул преслэгчээ хэрэглүүлэх боломжгүй гэсэн. Миний утасны дугаарыг авч үлдсэн. Тэр үед 7000 боодол өвсийг зарсан. Удалгүй над руу ярьж танайд хэдэн боодол өвс үлдсэн бэ үлдсэн өвсийг чинь бүгдийг нь худалдаж авъя гэж хэлэхээр нь 8000 орчим боодол өвс байгаа гэхэд бүх өвсөө бид хоёрт зээлээр өгчих гэхээр нь нэг боодол өвсийг 3000 төгрөгөөр худалдаж байгаа гэсэн. Тэгэхэд манай өвс ачиж байгаа “шаланз” маркын машин танай хадлангийн бригад руу очиж чадахгүй байна. Иймд нэг боодол өвсний 3000 төгрөг дээр 500 төгрөг нэмж бодоод танайх машинаараа зөөгөөд даваа давуулаад 7 хоногийн дотор буулгаад өгөөч гэсэн. Ингээд 7938 боодол өвсийг нэг боодлыг нь 3500 төгрөгөөр бодож нийт 27,783,000 төгрөгөөр тохиролцож, манайх хадлангийн бригддаа хүн нэмж аваад Ж.У , Ч.Ч  нарын хэлсэн “Аргуут”-ын даваа давуулж, өөрийн машинаар зөөж, буулгаж өгсөн. Тэгээд Ж.У  руу залгахад утас нь холбогдохгүй байсан тул тэнд байсан н.Ганболд гэх айл руу залгаж хэл дуулгаад өгөөч гэж хэлсэн. Тэгсэн Ч.Ч т хэлчихлээ маргааш очиж авна гэж байна. Яасан сайхан мэдээ дуулгаваа гэж байна гэсэн. н.Долгор гэх хүнтэй ярьсан. Маргааш нь бид өвсөө хүлээлгэж өгөхдөө машины гэрлээр дохиод байсан саарал приүстэй 2 хөгшин ирж хүлээж авсан. Улаанбаатарт ирээд утас нь холбогдохгүй байсан. Баянхонгор луу явж байна машин эвдрээд гэсэн. Тэгээд дансны дугаараа мессэжээр явуулсан. Холбогдохгүй байж байгаад цагаан сарын дараа холбогдоход Ж.У  надад хамааралгүй гээд Ч.Ч ын 2 дугаарыг өгсөн. 1 нь холбогдохгүй нөгөөх нь авахгүй байхаар нь Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт залилуулсан гэж гомдол гаргахад цагдаагийн байгууллагаас иргэний журмаар шүүхэд ханд гэсэн. Одоо Ж.У , Ч.Ч  нараас зээлээр худалдах, худалдан авах гэрээний үүрэгт нийт 27,783,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Ж.У  шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2018 оны 8 сарын 31-ний өдөр н.Цолнэмэхийн өвсийг хадаж өгөхөөр яриад Ч.Ч тай хамт хадланд гарсан. Ч.Ч , н.Б , н.С  гэх 6 хүмүүстэй гарсан. Бороо ихтэй байсан тул хадлан хадахад хэцүү байсан. Ч.Ч  ам боогч олж ирнэ гээд 2 сар байхгүй байсан. Утсаар ярихаар олдохгүй байна гэдэг байсан. 10 сард хүний  ам боогчоор боосон. Идэшний хонь авах гээд явж байхад сайхан өвс хадсан байна гэж харсан. Г.Б тэй нэг удаа уулзаж, 2 удаа утсаар ярьсан. н.Ганболдынд очиж аман боогч асуухад Г.Б өөс асуу гэсэн. Дараа нь өөр айлын аман боогчоор 1,000,000 төгрөгөөр боолгосон. 1000 боодол өвсийг Дарханд борлуулж, 2000 боодол өвс аччихаад би баруун аймаг явахаар болоод 8,000,000 төгрөгийн гэрээгээр машин түрээслэж явахаар болсон. Тэр үед Б  манай гэр дээр ирсэн. 2-3 орой Ч.Ч  надад 22 товчооны тэнд өвс зарах хашаа байна олдох болов уу, чи яриад өгөөч гэж хэлсэн. Би өвсийг борлуулах санаатай хүдрийн нүхэн гүүрэн дээр гаргаж өгсөн. Жижиг машинд ачаад гүүрний наана гаргаж шаланзад ачаад эхнэртэйгээ явсан. Тэгсэн Ч.Ч  надаар Г.Б тэй утсаар яриулсан. Ч.Ч  утасгүй, миний утас сүлжээтэй байсан тул миний утсаар яриулсан. Би авах хүн нь Ч.Ч  гэж хүн байгаа гэж хэлсэн. Бүгд алдагдалд орсон байсан. Намайг гуйгаад байсан болохоор би ярьж өгсөн. Намайг Өвөрхангай аймагт очиход өвс буусан гэж ярьсан. Дараа нь Ч.Ч  хар цагаан өвс байна гэсэн. Тэгэхээр нь би Г.Б тэй ярь, ийм муу өвс яаж авах вэ дээ гэж хэлсэн. Дараа нь Г.Б  залгаад мөнгөө гэхэд хар цагаан өвс байна гэж Ч.Ч  хэлж байна. Та нар гэрээгээ хий гэж хэлсэн. Ч.Ч  өөрөө дарга хийж байсан хүн байж яагаад надаар яриулсныг мэдэхгүй байна. Сар гарны дараа шаланзны мөнгийг өгөөд 2,000,000 төгрөг илүү гараад би гэртээ ирсэн. Би Г.Б т Ч.Ч тай гэрээгээ хий, гэхдээ өвс чинь цагаан байна гэж Ч.Ч  хэлж байна гэсэн. Гэтэл Г.Б  уурлаад утсаа салгасан. Ч.Ч  өвсөө харсан. Г.Б  3 сард надруу ярьсан. Би Ч.Ч тай гэрээ хий гэж хэлсэн. Би нэг ч боодол өвс аваагүй. Гэрээ хийгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ч.Ч  авсан өвснөөсөө зарсан байна лээ. Би Г.Б тэй өвс зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

Хариуцагч Ч.Ч ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т  шүүх гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаан гаргасан тайлбартаа: Г.Б  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ 8000 боодол өвсийг Ж.У , Ч.Ч  нарт зээлээр худалдсан гэсэн үндэслэлгүй худал зүйлийг бичжээ. Учир нь Ч.Ч  нь Г.Б тэй өвс зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийгээгүй бөгөөд Ж.У ын харж хамгаалж байгаач гэж гуйсны дагуу түүний гэх өвсийг ойр буулгаж мал идэхээс хашиж хамгаалж байсан. Тухайн өвсийг хэдэн ширхэг ямар хэмжээний өвс байгааг мэдээгүй учир нэхэмжлэгч Г.Б  нь өвсийг Ч.Ч т хүлээлгэн өгөөгүй. Ж.У  өвсийг харж хамгаалж байх талаар захисны дараа очиж үзэхэд шарласан, харлаж хөгцөрсөн муу өвс байсныг тухайн үед нь Ж.У  болон Г.Б  нарт та нар өөрсдөө уулзаж өвсөө үзэж учраа олохгүй бол өвсний чанар их муу байна гэж хэлж байсан байдаг. Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Уг харилцаа Г.Б  болон Ж.У  нарын хооронд үүссэн нь Эрүүгийн журмаар шалгаж байсан хавтаст хэрэгт байгаа нотлох баримтаар тогтоогдож байна. Өмнө нь Ж.У аас авна гэсэн тайлбар гаргаж байсан байж өнөөдөр Ч.Ч аас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байна. Ч.Ч  буулгасан өвсийг харж байсан нь тогтоогдож байна. Иймд Ч.Ч т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

   Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 6-ны өдрийн 19 дугаартай шийдвэрээр:

  1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Ж.У , Ч.Ч  нараас 27,783,000 /хорин долоон сая долоон зуун наян гурван мянга/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч  Г.Б т олгож,
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 296,865 /хоёр зуун ерэн зургаан мянга найман зуун жаран тав/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч нараас улсын тэмдэгтийн хураамжинд 296,865 /хоёр зуун ерэн зургаан мянга найман зуун жаран тав/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б -т буцаан олгож,
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.3-т зааснаар хариуцагч Ч.Ч , Ж.У  нарын арилжааны банкуудад эзэмшдэг дансны зарлагын хөдөлөгөөнийг зогсоох арга хэмжээ авагдсан болохыг дурьдаж,
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,
  5.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

          Хариуцагч Ж.У  давж заалдах гомдолдоо: “...Анхан шатны шүүх иргэн Г.Б ийн нэхэмжлэлтэй Ж.У , Ч.Ч  нарт холбогдуулан гаргасан "Худалдах худпалдан авах гэрээний үүргийн гүйцэтгэл 27.783.000 төгрөгийг гэргуулах тухай" иргэний хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Ингэж шийдвэрлэхдээ шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн ба хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчиж, оролцогч талуудын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэлгүйгээр хэт нэг талыг барьж шийдвэр гаргаснаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэнгүй гэж үзэж байна. Тухайлбал:

          1. хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн талаар: Шүүхийн шийдвэрт дурдахдаа "..баримтуудаас харахад нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн   шаардлага   нь   үндэслэлтэй   байх   ба   Г.Б ,   Ж.У , Ч  нарын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан Худалдах худалдан авах гэрээний харилцаанд хамаарч байна" мөн "өмнө дурьдсанчлан талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдан авах гэрээ нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг нэхэмжлэгч нь хариуцагч нараас шаардах эрхтэй учир хариуцагч Ж.У , Ч. Ч  нараас 7938 боодол өвсийг нэг бүрийг нь 3500 төгрөгөөр тооцон нийт 27.783.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.Б т олгон шийдвэрлэх нь зүйтэй" гэжээ. Талуудын хүсэл зоригийн илэрхийлэл буюу хэлцэл хүчин төгөлдөр байх хуулийн үндсэн шаардлага нь нэг талын хүсэл зоригийг нөгөө тал нь хүлээн авсан байх явдал бөгөөд талууд хэлцлийн гол нөхцлийн талаар хэлэлцэн тохиролцсоноор хэлцэл хийгдсэн гэж үздэг. Мөн хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах бөгөөд утга, илэрхийлэл ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ шаардлага, бусад нөхцөл байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарладаг. Хэрэгт авагдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон үйл, баримтууд тухайлбал Г.Б , Ж.У , Ч.Ч  нарын хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн гэрчийн мэдүүлгээс үзвэл Ж.У , Ч.Ч  нар нь Г.Б т эхнээсээ тавьсан гол нөхцөл, санал нь морины тэжээлийн зориулалттай сайхан шинэ ногоон өвс байвал газар дээр нь нэг боодлыг нь 2500 төгрөгөөр, харин даваа давуулаад аваад ачиж хүргэж ирвэл 1000 төгрөг нэмж 3500 төгрөгөөр тооцон худалдан авах"-аар хүсэл зоригоо илэрхийлж, худалдах худалдан авах гэрээний гол нөхцлийн талаар санал Г.Б  тухайн үед Ж.У , Ч.Ч  нартай харилцаж, үнэ тохирсон үйл баримт болон сүүлд гэрээний үүрэг шаардахдаа нэг боодол өвсийг 3500 төгрөгөөр тооцон нэхэмжилсэн зэргээс үзвэл дээрх нөхцөл буюу адуу тэжээх зориулалттай шинэ өвс нийлүүлэхээр зөвшөөрч, үүрэг хүлээжээ. Гэвч Ж.У , Ч.Ч  нараас гадна өвс хүлээн авсан болон тухайн өвсийг буух үед байлцсан, гэрээний зүйл болох өвсийг бодитоор харж, үзсэн, энэ асуудлыг ойроос ойроос харж  тодорхой сайн мэдэж байсан гэрчүүдийн мэдүүлгээр тухайн буусан өвс нь худалдан авагч талын хүссэн хэмжээнд чанарын шаардлага хангах сайн чанарын шинэ ногоон өвс байгаагүй харин харласан, хатаж цагаарсан шаардлага хангахгүй өвс байсан нь нотлогддог.

        Иргэний хуулийн 206.1 дүгээр зүйлд "Үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ" гэсэн мөн хуулийн 243 дугаар зүйлд "худалдах худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй... эд хөрөнгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүулэх буюу бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь хэлэлцэн тохиролцсон үнийг төлөх үүргийг тус тус хүлээнэ" гэснээс гадна худалдагч худалдаж байгаа эд хөрөнгийн хэрэглээ, чанар байдал, бусад зүйлийн талаар үнэн зөв, бүрэн мэдээллийг худалдан авагчид өгөх үүрэгтэй гэсэн заалтыг Г.Б  зөрчиж, худалдаж байгаа өвснийхээ талаар бодит бус мэдээлэл өгч, чанарын шаардлага хангахгүй өвс нийлүүлсэн, үүнийгээ худалдан авагч нарт биечлэн хүлээлгэн өгөх үүргээ гүйцэтгээгүй болох нь батлагддаг. Тухайлбал хэрэг бүртгэлтийн шатанд гэрчээр өгсөн мэдүүлгээрээ Г.Б  Ж.У, Ч.Ч  нарт нийлүүлсэн өвс нь түүний бэлтгэж зарж байсан өвсний үлдэгдэл болох талаар өөрөө хүртэл тодорхой ярьж, мэдүүлсэн байдаг. Нийлүүлсэн өвс нь шинэ ногоон, адуу тэжээх зориулалт шаардлага хангахгүй харин харлаж, цагаарсан өвс байгааг Ж.У , Ч.Ч  өвс буусан дариу Г.Б т хэлж, хүлээн авахаас татгалзсан байдаг. Харин Г.Б ийн тухайд өвсийг буулгаж орхиод албан ёсоор чанар, тоо хэмжээг нь тулган худалдагч нарт хүлээлэгэн өгөх үүргээ биелүүлэлгүй орхисон болох нь түүний өөрийн хэрэг бүртгэлт болон шүүхэд удаа дараа өгсөн мэдүүлэг тайлбараар бүрэн нотлогддог. Тиймээс худалдагч Г.Б  худалдан авагч талын хүсэл зориг, хэрэгцээ шаардлагад тохирсон чанарын өвсийг нийлүүлэх үүргээ биелүүлээгүй, чанарын талаар үнэн бодит мэдээлэл өгөөгүй, гэрээний зүйлийг хүлээлгэн өгөөгүй зэргээр үүргээ биелүүлээгүй зөрчсөн учир худалдан авагч талаас хариу үүрэг болох төлбөрийг нэхэмжлэн авах эрхгүй байна. Гэтэл шүүх дээрх үйл баримтыг буруу үнэлж, холбогдох хуулийн заалтыг буруу гайлбарлан хэрэглэж, шийдвэр гарагсан нь хуульд нийцсэнгүй.

              2. Шүүх хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн талаар: Шүүх дээрх хэргийг шийдвэрлэн шийдвэр гаргахдаа талуудын хүсэлтээр Сэлэнгэ аймаг дахь Цагдаагийн газрын шалгасан 193100120 дугаартай хэрэг бүртгэлтийн хэргийн материалыг бичгийн хэлбэрээр хуулбарлан авч, мөн нэр бүхий хүмүүсийг шүүхэд дуудан гэрчээр оролцуулан өгсөн мэдүүлгийг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэр гаргажзэ. Хэрэг бүртгэлтийн болон иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа гэрчүүдэд үнэн зөв мэдүүлэг өгөх талаар хууль сануулан мэдүүлэг авсан, мөн шүүх хуралдаанд хүрэлцэн ирж оролцоход нь хүлээх үүрэг хариуцлага, үнэн зөв тайлбар өгөхийг урьдчилан сануулах хуулийн шаардлагыг бүрэн хангаж мэдүүлэг, тайлбар авсан байдаг. Монгол Улсын Үндсэн хуульд зааснаар гэрч гэр бүл, төрөл садны хүний эсрэг мэдүүлэг өгөхөөс бусад нөхцөлд татгалзахгүй байх, хуулийн энэ шаардлагыг зөрчиж гэрчээс мэдүүлэг авсан бол нотлох баримтад тооцохгүй байх эрх зүйн зохицуулалт эрүүгийн болон иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд адил байдлаар хэрэгждэг. Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримтын талаар татгалзаж байгаа үндэслэлээ нотолж, нотлох баримт гаргаж оролцох эрхтэй. Дээрх байдлаар хуулиар олгогдсон эрх, үүргийн хүрээнд хариуцагч талын хүсэлтээр хэрэгт авагдсан бичгийн баримт, иөн тэдний хүсэлтээр шүүх хралдаанд оролцсон нэр бүхий гэрчүүд болох Д.Б , Г.Б , С.Б  нарын мэдүүлгийг шүүх хуульд заагдаагүй үндэслээр буюу "хүсэлт гаргагч талд “ашигтай мэдүүлэг өгсөн, гэр бүл найз нөхдийн харилцаатай учир хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзэх үндэсгүй, эргэлзээгүй талаас нь үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй" гэжээ. Гэтэл дээрх гэрчүүд тухайн хэрэг, маргааныг эхлэхээс нь биечлэн байлцаж оролцож, энэ тухай тодорхой мэдэж байсан байдаг. Тухайлбал гэрч Д.Б  нь Ж.У , Ч.Ч  Г.Б  нарыг анх уулзах, утсаар харилцан санал тавих, гэрээний зүйлийн чанар байдал зэргийн талаар ямар нөхцөл тохирсон талаар хамгийн сайн мэдэх хүн байсан. Тиймээс ч Г.Б  хэрэг бүртгэлтийн шатанд өгсөн гэрчийн мэдүүлгээрээ гэрээг анх Д.Б тай хийсэн гэж андуурч мэдүүлэг өгч байсан байдаг. Гэтэл шүүх дээрх гэрчүүдийн өгсөн мэдүүлгийг "хүсэлт гаргагч талд ашигтай мэдүүлэг өгсөн, гэр бүл найз нөхдийн харилцаатай учир хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзэх үндэсгүй, эргэлзээгүй талаас нь үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй" гэж дүгнэсэн нь гэрч оролцуулах хүсэлт гаргасан хэргийн оролцогч талын төдийгүй шүүх хуралдаанд хүрэлцэн ирж, хуулийн дагуу үүргээ биелүүлэн үнэн зөв мэдүүлэг өгсөн бусад оролцогч болох гэрчүүдийн эрхийг ноцтой зөрчсөн, нотлох баримт бүрдүүлэх, цуглуулах, үнэлэх талаар хуулиар тогтоосон журмын давхар зөрчсөн үйлдэл боллоо. Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.4 дахь хэсэгт заасны дагуу Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 132/ШШ2020/00019 дугаар шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т  түүний өмгөөлөгч М.Мэндбаяр нар давж заалдах гомдолдоо: “...1. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаас дүгнэвэл нэхэмжлэгч Г.Б ийн үнийг нь нэхэмжилж буй өвс нь Г.Б ийн өмчлөл, эзэмшил мөн гэдэг нь тогтоогдоогүй бөгөөд нэхэмжлэгч Г.Б  уг асуудлаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэдгээ нотолж чадаагүй болно. Учир нь Г.Б ийн Ж.У , Ч.Ч  нарт худалдсан гэх өвсийг “С” ХХК хилийн зурвас, бүсэд нэвтрэх зөвшөөрөл, 2018 оны 08 сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Албанбулаг сумын Засаг дарга, газрын даамал нартай байгуулсан 03 тоот "Хадлангийн газар ашиглуулах гэрээ", ....-р ангитай байгуулсан "Хамтран ажиллах гэрээ"-ний дагуу өөрийн ажилтнуудыг хилийн бүсэд нэвтрүүлэн бэлтгэсэн үйл баримт тогтоогдож байна. Гэтэл шүүх иргэн Г.Б  уг өвсний өмчлөгч мөн эсэх, өвсний үнийг шаардах эрхтэй эсэхэд дүгнэлт хийхгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Хариуцагч Ч.Ч ын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч бид уг асуудлаар шүүх хуралдаан дээр мэтгэлцсэн боловч бидний уг үндэслэлд шүүх огт дүгнэлт хийсэнгүй.

        2. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанд хууль зүйн дүгнэлт хийхдээ Ч.Ч  Г.Б тэй худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь нэхэмжлэгч Г.Б  нь анх өвсний үнийг гаргуулах асуудлаар Сэлэнгэ аймгийн цагдаагийн газарт гаргасан гомдол, хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад өгсөн мэдүүлгүүддээ "Ж.У тай утсаар ярьсан, өвс худалдах, худалдан авахаар тохиролцсон" нь тодорхой дурьдсан. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргахдаа Ж.У , Ч.Ч  нартаа зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж нэхэмжлэлийн шаардлагынхаа үндэслэлдээ дурьдсан. Ч.Ч  нь Ж.У ын захиж, хэлсний дагуу өвсийг хашиж, хамгаалж байсан нь хэрэг бүртгэлтийн ажиллагааны явцад өгсөн мэдүүлэг, шүүхэд гаргасан тайлбар, гэрчүүдийн мэдүүлгүүдээр нотлогддог. тохиролцсон нь хуульд нийцсэн, хүчин төгөлдөр хэлцэл байна хэмээн дүгнэжээ. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар гэрээний саналыг Ж.У  гаргаж, Г.Б  болон Ж.У  нар гол нөхцлийн хэлэлцэж тохирсон үйл баримт тогтоогдож байгаа тул Ч.Ч  уг гэрээний оролцогч биш юм.

        3. Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар Г.Б , С.Б  нарыг оролцуулахаар шүүхэд хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч гэрчээр оролцуулахаар шийдвэрлэсэн боловч шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй бөгөөд нотлох баримтыг шийдвэрийн үндэслэл болгоогүй талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй. Иймд Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 сарын 06-ны өдрийн 132/ШШ2020/00019 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг буюу нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэжээ.

                                                    ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч Г.Б  нь хариуцагч Ж.У , Ч.Ч  нарт холбогдуулан 27.783.000 төгрөг наргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага анхан шатны шүүхэд гаргажээ.

Хариуцагч Ж.У  нь өвс зээлээр худалдах, худалдан авах гэрээ Ч.Ч , Г.Б  нарын хооронд хийгдсэн би Ч.Ч ыг гуйсны дагуу Г.Б тэй утсаар ярьж өгсөн нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй, Ч.Ч ын итгэмжлэгдсэн төлөөлөгч өвсийг Ж.У ыг харж хамгаалж байгаарай гэсны дагуу харж байсан хэдэн боодол өвс байсныг би мэдэхгүй тул Ч.Ч т холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж тус тус маргажээ.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч Г.Б  нь 2018 оны 8 дугаар сард Сэлэнгэ аймгийн ... гэх газарт хадлан хадаж байгаад хариуцагч Ж.У , Ч.Ч  нартай өвс худалдан авах талаар тохиролцон тэдний хүсэлтийн дагуу заасан газарт нь өөрийн тээврийн хэрэгсэлээрээ 7938 боодол буюу нэг боодол өвсийг 3500 төгрөгөөр тооцон нийт 27.783.000 төгрөгийн  өвс буулгасан үйл баримт тогтоогджээ.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан худалдах худалдлан авах гэрээ нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр гэрээ бөгөөд нэхэмжлэгч нь хариуцагч нараас гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасантай нийцсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй байна.  

Хариуцагч нар нь буулгасан өвс  нь чанарын шаардлага хангахгүй харласан, цагаарсан өвс байсан энэ талаар нэхэмжлэгчид мэдэгдэж байсан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах талаар давж заалдсан гомдол гаргасан байгаа боловч энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т заасан үүргээ биелүүлээгүй  гэж үзэх үндэслэлтэй юм.

Иймд  хариуцагч, тэдний өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлыг дээр дурьдсан үндэслэлээр хүлээн авах боломжгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.  

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:           

1.  Хариуцагч Ж.У , хариуцагч Ч.Ч ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т , түүний өмгөөлөгч М.Мэндбаяр нарын давж заалдсан гомдлыг  хангахгүй орхиж, Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 19 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.  Хариуцагч Ж.У , хариуцагч Ч.Ч ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т  нарын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 296.865 /хоёр зуун ерэн зургаан мягна найман зуун жаран тав/ төгрөг, 297.000 /хоёр зуун ерэн долоон мянга/ төгрөгийг тус тус төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.           

 

                 ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                  Ё.БЯМБАЦЭРЭН

                                   ШҮҮГЧИД                                 Б.БАТТӨР 

                                                                                     М.ХҮРЭЛБААТАР