Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 01 өдөр

Дугаар 304

 


МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс: 166/2017/0303/Э

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Батжаргал даргалж, 
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Тэмүүжин, 
Улсын яллагчаар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор А.Оргилбаяр, 
Шүүгдэгч ****нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийж, Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч *** холбогдох эрүүгийн ***  дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ***
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/:

Шүүгдэгч ****нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өглөөний 06 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р багийн нутаг дэвсгэрт байрлах “****” зочид буудалд амарч байсан иргэн ****Хаан банкны виза картыг нууцаар авч данснаас нь бэлэн 800 000 /найман зуун мянга/ төгрөг хулгайлан бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч ****нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өглөөний 06 цагийн орчим Дархан-Уул аймгийн Дархан сумын 15-р багийн нутаг дэвсгэрт байрлах “****” зочид буудалд амарч байсан иргэн ****Хаан банкны виза картыг нууцаар авч данснаас нь бэлэн 800 000 /найман зуун мянга/ төгрөг хулгайлан бага хэмжээний хохирол учруулсан болох нь 

    Шүүгдэгч ****мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн:

    2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 16 цагийн үед **** баарны бармен охиноос плате зарсан мөнгөө авахаар очтол эгчээ өнөөдөр боломжгүй байнаа гээд зүс таних бирж дээр ченж хийдэг хоёр залуутай нийлээд гурвуулаа архи уугаад сууж байсан. Тэгээд зүс таних залуу нь цуг жоохон сууя гэхээр нь тэгье гээд тэр гурван залуутай нийлж суусан. Тэд нартай танилцахад нэг нь өөрийгөө **** гэж танилцуулсан. Тэгээд бид архи, пиво ууцгаасан. Тэгж байтал миний зүс таних **** гэх залуу гараад явчихсан. Тэгээд бид гурав баарнаас гараад такси бариад Үйлчилгээний төв дээр буугаад АТМ орж **** картнаасаа 100 000 төгрөг аваад жоохон цуг байя гээд **** нэртэй зочид буудалд нөгөө таксигаар хүргүүлсэн. Бид гурав нэг шил 0.75 “Вива“ архи уусан. Архинаас **** бид хоёр уусан. Тэгээд сууж байтал буудлын хүүхэн өрөөний мөнгөө төлөөрэй гээд ороод ирсэн. Тэгээд **** буудлын хүүхэнд тооцоо энүүгээр хий гээд картаа өгч байсан. Тэгээд **** буудлын тооцоо 35 000 төгрөг төлсөн. Тэгээд карт уншуулсан хуудсыг карттай нь буцаагаад ****д буудлын ажилтан өгсөн. Тухайн үед цаг 00-01 цагийн хооронд байсан байх. Тэгээд удаагүй байж байтал **** чи яваад миний картнаас найзынхаа мөнгийг бэлнээр нь аваад ирээч би чамд итгэж байна гээд картны нууц дугаарыг нь миний утсан дээр тэмдэглүүлээд гаргасан. Тэгээд би таксины жолоочтой төмөр замын вокзал ороод эгч нь АТМ мэдэхгүй чи очоод картнаас нь үлдэгдэл хэд байна үзээд авчих гэхэд эгчээ 848 000 төгрөг байна гэхээр нь би 800 000 төгрөг авчих гээд буцаад **** буудал дээр очоод буусан. Тэгээд би **** рүү ороход унтаж байсан. Тэгхээр нь би буудлын ажилтантай юм ярьж суугаад авсан байсан пивоноосоо өгөөд цуг уусан. Тэгээд буцаад ороход сэрэхгүй байхаар нь би өглөө 6 цаг өнгөрөөд буудлаас гараад үйлчилгээний төвийн ойролцоо найз Ганаагийнд очдог юм билүү гээд алхаж явтал зүс таних Ганаа гээд залуутай таараад “Өүшин’’ бааранд ороод ууж байгаад Ганаа яваад өгсөн. Тэгээд би ганцаараа “Классик”, "****" караокены баруун талд байх бааруудаар яваад нөгөө ****ийн 800 000 төгрөгийг архины халуундаа үрээд л баахан явчихсан хаа хамаагүй хүмүүст ууж байгаа юмыг нь даасан байсан. Тэгээд байж байтал миний ****дугаарын утас руу манай найз ****гэх хүүхэн залгаад найз нь Зүүн хараагаас Дарханд ирчихсэн байна. Хуучин Дарханы Номгон буудалд байна хүрээд ир гэхээр нь би 2017 оны 9 дүгээр сарын 19-ны орой 20-21 цагийн үед очсон. Очиход найз ****Дарханы 3, 4 хүүхэнтэй сууж байсан. Тэгэхээр нь би үлдсэн мөнгөөр нь нөгөө хэдийг даагаад өөр бааранд орж уугаад, тэгээд согтуу солиорч яваад цагдаад баригдаад эрүүлжүүлэхэд орсон гэх мэдүүлэг,

    Хохирогч ****мөрдөн байцаалтад өгсөн:
    Би Улаанбаатар хотод байж байгаад Дарханд 2017 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ирсэн. Өдөр зах дээр махны ханш мэдэхээр очтол махны чэнж нутгийн танил залуу Туваатай таарсан. Бид хоёр уулзаад махны ченж манай нутгийн ****тай уулзаад 3-уулаа гараад Арбатын гудманд байх “****” бааранд суухаар ортол хүн ихтэй байсан тул гараад эсрэг талынх нь “Энжилс” нэртэй бааранд орж 6 шил боргио пиво уугаад, нэг шил 0.5 Хараа архи уучихаад 6 пивоны 14 000 төгрөгний тооцоог би хийсэн. Хараа архины 12 000 төгрөгний тооцоог **** хийсэн. Тэгээд тэндээсээ гараад “****” бар луу буцаж ороод хэдэн шил юм ууснаа санахгүй байна. Тэнд сууж байхад гаднаас нэг эмэгтэй орж ирээд бид нартай цуг суусан. Тэнд бид нар хэдэн шил архи ууснаа санахгүй байна. Миний **** дугаартай дансны дугаартай картнаас 800 000 төгрөг алдагдсан. Цагаан өнгийн S2 загварын гар утас бас алга болсон. Энэ утсаа болон, иргэний үнэмлэх хоёроо би согтуудаа хаясан гэж үзэж байна. Тийм болохоор гар утас, иргэний үнэмлэх хоёрыг нэхэмжлэхгүй. Харин миний данснаас мөнгийг минь зөвшөөрөлгүйгээр хулгайлсан гэж үзэж байгаа тул 800 000 төгрөгөө нэхэмжилж, эрэн сурвалжилж олуулах хүсэлттэй байна гэх мэдүүлэг, 
Гэрч *** мөрдөн байцаалтад өгсөн: 

...Тэр өдөр би зочид буудал дээрээ ээлжтэй байсан. Шөнийн 24 цагийн үед гаднаас намхан биетэй хар малгайтай туранхай шар царайтай согтуу эрэгтэй хүн өрөө байна уу гэж асуусан. Тэгхэд нь би өрөө байна. Хэдүүлээ явна гэж асуухад 2 уулаа, нэг эмэгтэйтэй явна гэж хэлсэн. Нэг ортой өрөө 35 000 төгрөг гэж хэлэхэд тэр залуу карт унших уу гээд бичиг баримтны жижиг хавтас шиг юм ухаж байгаад картаа хаячихаж гээд гараад явсан. Гадаа жижиг цайвар өнгийн машинтай байсан. Тэгээд тэр машин дотроос гялгар хувцастай 50 орчим насны эгч буугаад ирсэн. Тэр ах картаа надад өгөхөөр нь би карт уншигчийг та кодоо хий гээд өгсөн чинь нөгөө хүүхэн, машины жолооч хоёрын хажууд тэд тэд гээд өөрөө надад хэлээд өгсөн. Тэгсэн чинь нөгөө машины жолооч нь болох 40 орчим насны залуу буудалд орсноос 30 орчим минутын дараа ах нь явлаа гээд ганцаараа гараад явчихсан. Камер хараад сууж байтал 01 цаг өнгөрөөд нөгөө хүүхэн нь эгч нь явлаа бүтэхгүй юм байна хүүхэд түлхүүр гээд байна гээд гараад явсан. Тэгээд байж байтал 30 минутын дараа нөгөө хүүхэн орж ирээд манай хүн байна уу гэхээр нь байна гэсэн чинь өрөө рүү нь орсон. Тэгээд би камер хараад сууж байсан чинь 02 цаг өнгөрөөд бууж ирээд нөгөөх чинь аймаар согтуу байна миний дүү харж байгаарай эгч нь явлаа энэ хүн 2 удаа хагалгаанд орсон бие муутай гэсэн шүү гээд нөгөө эгч манай өрөөнд их удаан бараг л 2 цаг гаран суугаад өрөө рүүгээ ороод буугаад ирэхээр нь би дахиж цуг орж харахад тэр залуугийн архи нь гарсан байдалтай сэрчихсэн байсан. Тэгээд тэр эмэгтэй өрөөндөө үлдсэн. Тэгснээ тэр эмэгтэй өглөө яг 06:00 цагт явлаа гээд гараад явчихсан. Тэр эмэгтэйг би та явж чадах юм уу гэж асуухад, зүгээрээ эгч нь явчихна гээд явсан. Тэгснээ 06 цаг өнгөрөөд нүдний шилтэй 45-50 орчим насны өөрийнх нь үеийн гэмээр туранхай бор эрүүл залуутай тортой юм бариад өрөө рүүгээ орсон. Ороод 10-аад минутын дараа би өрөөний аяга оруулж өгөх гээд ортол нөгөө унтаж байсан ах сэрээд орон дээрээ суучихсан нөгөө 3 чинь юм яриад сууж байсан. Тэгээд 07:40 цагийн үед нөгөө хүүхэн, нүдний шилтэй залуу хоёр гараад явсан. Харин нөгөө тасраад сэрдэг, намхан ах 08:20 цагийн үед гараад явсан. Гарч явахдаа ямар нэгэн юм яриагүй гэх мэдүүлэг /хх 16/ зэрэг бусад бичгийн нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ. 

Шүүгдэгч ****нь 2005 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 152 дугаар зүйлийн 152.1-т заасан гэмт хэрэгт 1 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн болох нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 3 дугаар шүүхийн 2005 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор тогтоогдож байна. 

Шүүх хуралдаанд ирүүлсэн шүүгдэгч ****, хохирогч Ж.**** нарын эвлэрлийн гэрээнд 800 000 төгрөгийн хохирлоос 350 000 төгрөгийг төлж үлдэх 450 000 төгрөгийн хохирлыг 2017.10.30-ны өдрөөс хойш 14 хоногийн дотор төлж барагдуулахаа илэрхийлсэн болохыг дурдав. 

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг тодорхой хэмжээгээр нөхөн төлж, үлдэх хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх нь зүйтэй гэж үзлээ.

    Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй болохыг дурдаж, 
шүүгдэгчээс 450 000 төгрөг гаргуулж хохирогч Ж.****д олгох нь зүйтэй байна. 

    Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2-т тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч -**** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

    2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч ****ыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.     

    3.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч ****аас 450 000 төгрөг гаргуулан ***** д олгосугай.

    4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч ****нь 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгийн хохирлыг 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн дотор төлөх үүрэг хүлээлгэсүгэй. 

    5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-т зааснаар тэнссэн хугацаанд хохирлыг төлж барагдуулаагүй тохиолдолд шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг дурдсугай. 

    6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыгы дурдсугай. 

7.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
 8.Шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ****т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэвээр үргэлжлүүлсүгэй.  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                    Т.БАТЖАРГАЛ