Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 12 сарын 17 өдөр

Дугаар 20

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Баттөр, шүүгч М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх хуралдаанаар: 

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 713 дугаартай шийдвэртэй, 

Б.С , Д.О  нарын нэхэмжлэлтэй, З.З д холбогдох, 29.135.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгч З.З ий гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: 

Нэхэмжлэгч болон нэхэмжлэгчийн

итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.С

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн 

Нарийн бичгийн дарга С.Гончигбал нар оролцов. 

Нэхэмжлэгч Б.С , Д.О  нар нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Д.О тай 2012 онд гэр бүл болсон. 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Д.О  нь хариуцагчийн *********** тоот дансанд 7.484.400 төгрөгийг шилжүүлж, миний бие 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 21.651.300 төгрөгийг *********** тоот дансанд тус тус шилжүүлсэн ба тухайн үед хариуцагч нь бидэнд сүлжээний бизнес бол огт биш хувьцаа эзэмшдэг гэж ярьж, мөнгийг өсгөнө гэж тайлбарлаад авсан байдаг. Мөнгийг авахдаа компанийн биш өөрийнхөө дансанд хийлгэсэн бөгөөд бидэнд 4 удаагийн ногдол ашиг гэж 6.844.920 төгрөг өгсөн. Хариуцагчийн дансны хуулгыг үзэхэд хүмүүс рүү шилжүүлсэн байсан. Одоог хүртэл хариуцагчаас үлдэгдэл мөнгөө авч чадаагүй байна. З.З эс 29.135.700 төгрөгийг гаргуулах нэхэмжлэл гаргаснаас 6844920 төгрөгийг татгалзаж байна. Үлдэх 22.290.780 төгрөгийг хариуцагч З.З эс гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч З.З шүүхэд гаргасан тайлбартаа: ...Миний бие ... хөрөнгө оруулалтын компанид 2017 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр 6.370.000 төгрөг буюу 2430 еврогийн багц авч элсэн орсон. 2018 онд энэхүү компани нь ... болж нэрээ өөрчилсөн. ...Б.С, Д.О  нар нь тус сумын иргэн Д.А оос уг компанийн талаар сонирхож байгаа тухайгаа мэдэгдээд манай нөхөр А.М  рүү Д.С  залгаж тодруулсан байдаг. Тухайн үед манай нөхөр та нар төв оффис дээр нь очиж уулзаад мэдээлэл авч байж шийдээрэй гэхэд Б.С өндөр багцаар буюу 7290 еврогоор буюу 21.000.000 төгрөгөөр орж, их хэмжээний ногдол ашиг авах бодолтой байгаа тухай хэлэхэд сайн судалж байж ороорой, өөрсдийн чинь мэдэх хэрэг, эхлээд багаар ороод явцдаа өсгөж болдог тухай хэлсэн. Нэхэмжлэлдээ мөнгийг нь өсгөж өгнө гэж шахаж шаардаж авсан мэтээр үндэслэлгүй зүйлийг дурьдсан байна. ...Мөн харилцагчийн дансны хуулгыг эрх бүхий этгээд болон харилцагчийн хүсэлтээр банк гаргаж өгөх ёстой байтал банкны ажилтан хууль бусаар гаргаж өгсөн байх тул уг банкны ажилтныг банкны хяналт, шалгалтын албаар шалгуулах болно. Компанид элсэн ороход тухайн харилцагч дээр аккаунт үүсч багцын эрх үүсдэг. Компани онлайн хэлбэрээр төлбөр тооцооны систем явагддаг тул ногдол ашгаа зарах хүсэлтэй гишүүдийн еврог цуглуулах замаар шинэ харилцагчийн багцыг бүрдүүлэх эрхийг өгдөг байсан. Б.С  болон Д.О гийн нэр дээр аккаунт үүсч багцын эрх үүсдэг. Компани онлайн хэлбэрээр төлбөр тооцооны систем явагддаг тул ногдол ашгаа зарах хүсэлтэй гишүүдийн еврог цуглуулах замаар шинэ харилцагчийн багцыг бүрдүүлэх эрхийг өгдөг байсан. Б.С , Д.О  нарын нэр дээр аккаунт орсон ба компанид элсэн орж ногдол ашиг авч байсан баримтуудыг хавсаргасан болно. Тухайн үед компани хэвийн үйл ажиллагаагаа явуулж байсан ба Б.С  Хаан банкны *********дансаар 6.266.810 төгрөг, Д.О  Хаан банкны ********* дансаар 1.577.860 төгрөгийн ногдол ашгаа сар бүр авч байсныг дансны хуулгаар нотолж байна. 2018 оны 05 дугаар сараас хойш компанийн үйл ажиллагаа түр саатаж, программын шинэчлэлтийн шатанд явж байгаа гэсэн мэдээлэл өгсөн байх ба мэдээлэл ирж байгаа нь үйл ажиллагаа зогсоогүй гэсэн итгэлийг бий болгож байна. Бие дааж шийдвэр гаргаж өөрсдөө элсэн орсон атлаа Д.О гийн фейсфүүк чатаар доромжилж бичсэн чатууд илгээсэн баримтууд байдаг. Миний хувьд сэтгэлзүйн дарамт ирж байгаа тул гомдолтой байна... гэжээ. 

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 551 дугаартай шийдвэрээр: 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар хариуцагч З.З эс 21.291.030 /хорин нэгэн сая хоёр зуун ерэн нэгэн мянга гуч/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.С , Д.О  нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 999.750 /есэн зуун ерэн есэн мянга долоон зуун тав/ төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

2. Нэхэмжлэгч Б.С , Д.О  нар нэхэмжлэлийн шаардлагаас 6.844.920 /зургаан сая найман зуун дөчин мянга есөн зуун хорь/ төгрөгийг татгалзсныг дурьдаж,

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 303.628 /гурван зуун гурван мянга зургаан зуун хорин найм/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 264.405 /хоёр зуун жаран дөрвөн мянга дөрвөн зуун тав/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож,

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ. 

Хариуцагч З.З  давж заалдах гомдолдоо: ...Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ болсон асуудлаас тэс өөрөөр хариуцагч намайг нэхэмжлэгч нарын 21.291.030 төгрөгийг үндэслэлгүйгээр авч хөрөнгөжсөн гэж Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримталж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Би нэхэмжлэгч нарын шилжүүлсэн мөнгийг өөрийн Хаан банкны дансаар хүлээн авч хөрөнгө оруулалтын ... компанид шилжүүлж, нэхэмжлэгч нар долоо хоног бүр ногдол ашиг авдаг байсан. Шүүх дээрх нөхцөлийг анхаарсангүй. Мөн шүүх нэхэмжлэгч нарын хамтран гаргасан нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэн шийдвэрлэсэн гэж үзэж байна. Гэтэл шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт Б.С , Д.О  нарт 21.291.030 төгрөгийг дунд нь гаргуулахаар болсон нь ойлгомжгүй байна. Д.О  7.484.400 төгрөг, Б.С  21.651.300 төгрөг нэхэмжилж нэхэмжлэлийн шаардлагадаа дурьджээ. Гэтэл шүүх нэхэмжлэлийг нэхэмжлэлийн шаардлагад нийцүүлэн шийдвэрлэсэнгүй. Хариуцагч З.З  би шүүхийн шийдвэрээр Д.О д хэдэг төгрөг, Б.С т хэдэн төгрөг төлөхөө мэдэх боломжгүй байна. Мөн би ... компани сүлжээний залилан мэхлэх компани байсныг тодруулж шалгуулахаар Улаанбаатар хотын Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэсэгт гомдол гаргасан төдийгүй хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдэн мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа болно. Дээрх гомдлоор Б.С , Д.О  нарын шилжүүлсэн мөнгийг ... компаний С  болон бусад хүмүүст шилжүүлэн өгсөн нь нотлогдоно. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү... гэжээ. 

ХЯНАВАЛ: 

Нэхэмжлэгч Б.С , Д.О  нар нь хариуцагч З.З д холбогдуулан 29.135.700 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрөхгүй гэж маргажээ. 

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд нэхэмжлэгч нар нь хариуцагч З.З ийн *********** тоот дансанд 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Б.С  21.651.300 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 19-ний өдөр Д.О  7.484.400 төгрөг, нийт 29.135.300 төгрөгийг шилжүүлсэн байх бөгөөд зохигчдын хооронд Иргэний хуульд заасны дагуу ямар нэгэн гэрээ хэлцэл хийгдээгүй байна. 

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгийн явцад нэхэмжлэгч Б.С  нь ноогдол ашиг 5.267.060 төгрөг, Д.О  1.577.860 төгрөг авсан учир нэхэмжлэлийн шаардлагаас 6.844.920 гаргуулахаас татгалзаж нийт 22.292.780 төгрөг гаргуулахаар мэтгэлцсэнийг шүүх Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар нэхэмжлэлийн зарим хэсгийн хангаж шийдвэрлэжээ. 

Хариуцагч З.З  нь нэхэмжлэгч нарын шилжүүлсэн дээр дурьдсан төгрөгийг өөрийн ХААН банкны дансаарааа хүлээн авч ... компанид шилжүүлж нэхэмжлэгч нар сар бүр ноогдол ашиг авдаг гэж маргаж байгаа боловч энэ тухай нотлох баримт хэрэгт авагдаагүй, хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан үүргээ биелүүлээгүй байна. 

Харин хариуцагч З.З  нь өөрийн эзэмшлийн ХААН Банкан дахь *********** тоот данснаас нэхэмжлэгч нарт 7.844.671 төгрөгийг ноогдол ашиг гэж шилжүүлсэн нь нотлогдож тогтоогдсон байх тул хариуцагчийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-т зааснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журам зөрчөөгүй байна. 

Иймд хариуцагч З.З эс 21.291.030 төгрөг буюу нэхэмжлэгч Б.С т 16.384.240 төгрөг, Д.О д 5.906.540 төгрөг гаргуулан олгож гэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Хариуцагч З.З ийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж, Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 551 дугаар шийдвэрийн 1 дүгээр заалтыг

...нэхэмжлэгч Б.С т 16.384.240 төгрөг, нэхэмжлэгч Д.О д 5.906.540 төгрөг тус тус олгосугай. гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Хариуцагч З.З ийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 264.406 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай. 

 

                 ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ            Ё.БЯМБАЦЭРЭН 

                                       ЕРӨНХИЙ ШҮҮГЧ            Б.БАТТӨР

                                                         ШҮҮГЧ            М.ХҮРЭЛБААТАР