Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 00654

 

   Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Одончимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: 1983 оны 02 дугаар сарын 27-ны өдөр төрсөн, 35 настай, эмэгтэй, Булган аймгийн Гурван булаг сумын 2 дугаар багт оршин суух Д овогт Б.Х  ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1983 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр төрсөн, 35 настай, эрэгтэй, Булган аймгийн Гурванбулаг сумын 2 дугаар багт оршин суух Боржигон овогт Г. Б   д холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий 132/2018/00457/И индекстэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Х , хариуцагч Г.Б , нарийн бичгийн дарга Д.Түшигбаяр нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Х  нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.Б тэй 10 жилийн сургуулийн нэг ангид суралцаж байсан бөгөөд улмаар 2006 оны 8 дугаар сарын 26-ны өдөр гэрлэж иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлийн 36 дугаарт бүртгүүлсэн болно. Бидний дундаас охин Б.М нь 2008 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн бөгөөд одоо Булган аймгийн Гурванбулаг сумын 12 жилийн дунд сургуульд суралцдаг. Бид 7 жил гаруй хугацаанд амьдрахдаа хамт байсан хугацаа маань 3 жил гаруй бөгөөд энэ хугацаанд үзэл бодол, амьдралын зорилго маань таарахгүй болж, нөхрийгөө өөрчлөгдөн, намайг болон охиныгоо хайрлаж халамжилж, гэр бүлийн халуун уур амьсгал бүрдүүлэх байх гэж итгэсээр байсан. Гэтэл энэ байдал улам даамжирч гэр бүлд маань хөндий хүйтэн уур амьсгал улам бүр бий болсны улмаас миний бие тусдаа амьдрахаар шийдэж 2014 оны 5 сараас хойш бид тусдаа амьдарч байгаа бөгөөд одоогоор аавындаа охиныхоо хамт амьдарч байна. Бид 4 жил 2 сар гаруй хугацаанд тусдаа амьдарч байгаа бөгөөд цаашид хамтран амьдрах ямар ч боломжгүй болно. Бид хамтын амьдралынхаа явцад муудалцах үе гарч байсан бөгөөд тухай бүрд нь миний охин Б.М надтай хамт байдаг байсан ба охиноо өөрийн асрамжид авах хүсэлтэй байна. Өөр ямар нэгэн эд хөрөнгийн маргаангүй болно. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, бидний охин Б.М Б.Х  миний асрамжид үлдээж, Г.Б өөс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.  

Хариуцагч Г.Б  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Булган аймгийн Гурванбулаг суманд 1983 онд төрж, 1990 онд тус сумынхаа ерөнхий боловсролын сургуулийг Б.Х тай 1 дүгээр ангид хамт орж сургуулиа төгссөн. 2006 оны 8 дугаар сарын 26-ны өдөр гэр бүл болж охин маань 2008 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр төрсөн. Би охинтойгоо холбоо тасарсан удаа байхгүй. Би охиныхоо хичээл номонд байнга анхаарал тавьж холбоотой байдаг. Энэ хугацаанд миний охин Маралмаа ээжтэйгээ ч, аавтайгаа ч хоёр талд амьдарч байсан. Эхнэр бид хоёрын дунд хааяа л нэг үзэл бодол зөрөх зүйл байсан. Миний ээж 2002 оноос хойш эхлээд бие нь өвдөж сайнгүй байсан. Би энэ хугацаанд ээжийгээ байнга эмчилгээнд авч явсаар өдий хүрсэн. Бидэнд шүүхээс эвлэрэх хугацаа өгсөн боловч эвлэрээгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Охиныг маань надтай уулзуулж байхыг хүсье гэв.

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Х  нь хариуцагч Г.Б өөс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдээ өөрийн асрамжинд авч, эцэгээс нь тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Нэхэмжлэгч Б.Х , хариуцагч Г.Б  нар нь 2006 онд гэр бүл болсныг Булган аймгийн Гурванбулаг сумын иргэний гэр бүлийн байдлын гэрлэлтийн бүртгэлд 2006 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Г-36 дугаарт бүртгэсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаагаар нотлогдож байна.

2008 оны 04 дүгээр сарын 6-ны өдөр Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагч эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явуулж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй болсон үндэслэлээр дуусгавар болгосон байна.

Тус шүүхийн шүүгчийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 1797 дугаартай захирамжаар гэрлэгчдийг эвлэрүүлэх бүх талын арга хэмжээ авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн боловч тус шүүхийн эвлэрүүлэн зуучлагчын 2018 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 49 дугаартай эвлэрүүлэн зуучлах ажиллагааг дуусгавар болсон тухай тэмдэглэлийг 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ирүүлсэн байна.

Гэрлэгчид нь хамт амьдарч байх хугацаандаа зан харьцааны хувьд таарч тохироогүйгээс 2014 оноос хойш хамтран амьдраагүй, цаашид харилцан бие биеэ хайрлан хүндэтгэж хамт амьдрах боломжгүй, гэр бүлийн гишүүдийн хооронд итгэлцэл үгүй болж, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг амжилтгүй болсон зэрэг нөхцөл байдлыг харгалзан гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Зохигчдын дундаас 2008 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр охин Б.М төрсөн болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэлийн хүрээнд хүүхдийн асрамжийг шийдвэрлэхэд хүүхдийн эрхэд хохирол учруулах шалтгаангүй тул охин Б.М эхийнх нь асрамжинд үлдээж, эцэг Г.Б өөр тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Хүүхдийг хэний асрамжинд үлдээснээс үл хамааран эцэг, эхийн хэн аль нь нөгөөгөө Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6-д заасан үүргээ хэрэгжүүлэхэд нэгэн адил хязгаар тавихгүй байхыг анхаарвал зохино.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д заасныг тус тус удирдлага болгон

     ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан Д овогт Б ийн Х , Б овогт Г. Б  нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан 2008 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр охин Б.М эх Б.Х гийн асрамжинд үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.5, 40-р зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2008 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр охин Б.М тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулж эцэг Г.Б өөр тэжээн тэтгүүлж, тэтгэлэгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Б.Х д даалгасугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурьдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгасугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Г.Б өөс 101562 /нэг зуун нэг мянга таван зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөг, Төрийн санд 31362 /гучин нэгэн мянга гурван зуун жаран хоёр/ төгрөгийг тус тус олгосугай.

6. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 26.3, 26.6-д зааснаар хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглож, эцэг, эх нь хүүхдийн эрүүл мэнд, сэтгэхүй, ёс суртахууны хүмүүжилд хохирол учруулах, хүүхэддээ хэрцгий хандах, эцэг, эх байх эрхээ зүй бусаар ашиглахыг хориглосугай.

7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-т заасныг баримтлан шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ц.Мичидмаад даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурьдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        О.ОДОНЧИМЭГ