Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 10 өдөр

Дугаар 197

 

                                                                            

Х.Э-ад холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунаа, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 301 дүгээр шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаар магадлалтай, Х.Э-ад холбогдох 1814004930243 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунаагийн гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хэрэг хариуцах чадвартай, Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 03 жил 06 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан,

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж байсан Б овогт Х-н Э нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8 дахь хэсэгт заасан “Онц харгис хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн хүнийг алах” гэмт хэрэгт холбогджээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Х.Э-ыг хүнийг онц харгис хэрцгийгээр гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8-д зааснаар 19 жил 10 сар хорих ял шийтгэж, 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар  оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 1 сар 5 хоногийн хорих ял болгон шилжүүлж, нийт биечлэн эдлэх ялыг 19 жил 11 сар 5 хоногийн хугацаагаар тогтоож, хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Э-ад оногдуулсан 19 жил 11 сар 5 хоногийн хорих ялыг бүх насаар нь хорих ял болгон хүндрүүлэхээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунаа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Прокурорын яллах дүгнэлт болон шийтгэх тогтоол, магадлалд шүүгдэгч Х.Э-ын үйлдлийг тодорхойлохдоо 3 гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан гэж үзсэн байна. Хэрэв Х.Э- нь өөрийн эхнэр Ц.Хишигсүрэнд  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алахыг завдсан бол шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг журамлан ял шийтгэл оногдуулах ёстой байсан. Мөн хохирогчийн хоолойг нь боон ухаан алдуулж, гарын шууны судсыг заазуураар зүсэж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсны улмаас хохирогч Ц.Х нь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад нас барсан гэмт хэрэг үйлдсэн бол Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар зүйлчилж ял оногдуулах байсан болов уу. Түүнчлэн шийтгэх тогтоолд бусдыг онц харгис хэрцгийгээр алсан гэж үзсэн атлаа түүний яг ямар үйлдэл нь энэхүү хүндрүүлэх шинжид хамаарч байгааг тодорхой заахгүйгээр яллах дүгнэлтэд дурдсанаар бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийг зөрчсөн.

Шүүх дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байна. Тухайлбал шинжээч 535 дугаартай дүгнэлтийг гаргахдаа Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн болон ГССҮТ-ийн өвчний түүхийг үндэслэсэн нь хэргээс тодорхой харагдаж байна. Шинжээч уг дүгнэлтийг  хохирогч нас барсны дараа буюу 2018 оны 09 дүгээр сарын 20-нд гаргасан бөгөөд Х.Э нь бусдын эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулснаас хохирогч нас барсан гэж дүгнэж болохоор байна. Үхлийн шалтгааныг тодорхойлоогүй, зовоон тарчлаагаагүй, амь тэмцэлдсэн шинжгүй, харин ч бүр эмчилгээний үр дүнгээс эдгэрэлт шалтгаална гэж бичсэн байдаг. Улаанбаатар хотод мөрдөгчийн тогтоолгүйгээр цогцост задлан хийсэн шинжээчийн дүгнэлтэд хохирогчийн хүзүүнд ташуу, задгай дүүжлэлтийн ором, баруун шуунд зүсэгдсэн шарх тогтоогдсон гэж дүгнэсэн ба шүүгдэгч Х.Э нь амь хохирогчийн гарыг зүссэний улмаас ямар нэгэн гэмтэл учраагүй байх бөгөөд хохирогч нь дүүжлэлтийн улмаас нас барсан нь тогтоогдож байна. Гэтэл давж заалдах шатны шүүх “Х.Э-ын үйлдсэн гэмт хэргийн онц харгис хэрцгий арга гэдэгт хохирогчийг алахын өмнө буюу алах явцдаа биед нь шарх гэмтэл үүсгэн өвтгөж шаналгасан, тарчлаан зовоосон, түүний учруулсан гэмтлийн улмаас хохирогч нь эмнэлэгт 6 хоногийн турш зовж зүдэрсэн байдалтай байж нас барсан” гэж дүгнэлт хийхдээ ямар нотлох баримтыг үндэслэсэн нь ойлгомжгүй байна. Шүүх таамаглал эсхүл сэтгэл хөдлөлд автаж биш хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан дүгнэлт хийх ёстой. Хохирогч дүүжлэлт эсхүл боолтын улмаас нас барсан бол тэр даруйдаа нас барах байтал 6 хоног эмчлүүлж байсан нь эргэлзээтэй байхад энэ талаар шинжээч эмчээс тодруулаагүй. Дээрх шинжээчийн хоёр дүгнэлтээр амь хохирогч Ц.Х-г яг ямар шалтгаанаар нас барсан болох нь тодорхойгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 5-д “Шинжээчийн хэд хэдэн дүгнэлт гарсан тохиолдолд эдгээрийг шүүхээр хянан хэлэлцэж, алийг нь нотлох баримтаар тооцохыг шийдвэрлэнэ” гэж заасан байтал шүүх дээрх хоёр дүгнэлтийн алийг нь нотлох баримтаар тооцож байгааг дурдалгүйгээр хоёр дүгнэлтийг шийдвэрийн үндэслэл болгосон нь процессын хуулийг зөрчсөн.

Давж заалдах шатны шүүх Х.Э-ын ялыг бүх насаар нь хорих ял болгон хүндрүүлэхдээ “амь хохирогчийн ойр дотны хүмүүс буюу бага насны Э.Г, Х.Г нарын дэргэд алж, тэднийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан” гэж дүгнэжээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Х.Э- гэмт хэрэг үйлдэгдэх үед цаг орой болсон, хүүхдүүд унтаж байсан гэж мэдүүлсэн ба хэрэг гарах үед гэрч байгаагүй байна. Хэрэгт 3 нас 11 сартай Э.Г-ийг гэрчээр тогтоон мэдүүлэг авч, уг мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь хууль зөрчсөн байна. 3 настай хүүхэд эрх зүйн хувьд чадамжгүйгээс гадна гэрчийн мэдүүлэг өгөх боломжгүй. Шинжээч томилж болсон үйл явдлын талаар сэтгэц, бие махбодын хөгжлийн хувьд хэлж ярих чадвартай эсэхийг шалган тогтоосны дараа ярилцаж тэмдэглэл болгон тусгах ёстой бөгөөд уг баримтыг нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм. Эдгээр үндэслэлээр шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулах нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг гажуудуулсан гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-т “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж заасан. Гэтэл мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлууд нотлогдоогүй байхад шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, ялын дээд хэмжээг оногдуулсан нь харамсалтай байна. Х.Э-ын үйлдлийн улмаас хүний амь нас хохирсон үйл баримтыг хоёр шатны шүүх тогтоосон учраас түүнд Эрүүгийн хуулийн 2.8 дугаар зүйлийг журамлан тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар ял оногдуулж, шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хяналтын прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Х.Э-ын үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдсон байна. Х.Э нь хохирогч буюу өөрийн эхнэр Ц.Х болон 2 нас, 4 настай хоёр хүүхдээ удаа дараа дарамталж гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг байсан болох нь гэрчүүдийн мэдүүлгээр тогтоогдсон, мөн 4 настай хүү Г-ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйлдэлдээ шүүхээс нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлж, уг ялаа эдэлж байхдаа эхнэрээ иргэний хэргийн шүүхэд гэр бүл цуцлуулах өргөдөл өгсөнд нь дургүйцэж онц харгис хэрцгийгээр бага насны 2 хүүхдүүдийнх нь дэргэд алж тэднийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгаж хүнд хор уршиг учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна. Түүнчлэн Х.Э нь энэ гэмт хэргийг үйлдэхдээ талийгаачийг 2 бага насны хүүхэдтэйгээ гэртээ унтаж байх үед нь үүрээр 05 цагийн орчимд хашааг нь давж чулуугаар байшингийнх нь цонхыг хагалж гэрт нь нэвтрэн орох үед хохирогч эмэгтэй 2 хүүхдийн хамт айж цочин түгшсэн байдалтай байсан, улмаар гэрт нь нэвтрэн орсны дараа гал тогооны өрөөнөөс хутга авч эхнэр Ц.Х-г 2 хүүхдийнх нь хажууд орон дээр дарж хоолойг нь боомилж, мөн баруун гарынх нь бугуйг хутгаар хөндлөн огтолж цусыг нь урсгаад 2 хүүхдийг хажууд нь үлдээгээд цонхоор гарч явсан энэ харгис хэрцгийгээр үйлдсэн гэмт хэрэг нийгмийг цочирдуулахуйц зэрлэгээр үйлдэж хорин гуравхан настай эмэгтэйг алсан онц ноцтой гэмт хэргийг үйлдсэн байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгчид оногдуулсан 19 жил 11 сар 5 хоногийн хорих ял нь түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм бурууд тохироогүй байна гэж дүгнэж давж заалдах шатны шүүхээс түүнд бүх насаар нь хорих ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон байгаа боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд орсон 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн өөрчлөлтөөр давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх боломжгүй болсон байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх саналыг гаргаж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунаагийн гаргасан гомдлыг үндэслэн Х.Э-ад холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Х.Э-ыг 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 05-06 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-10а-11 тоотод өөрийн эхнэр Ц.Х-ийн эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэхдээ хоолойг нь боон ухаан алдуулж алахыг завдсан, улмаар гарын шууны судсыг заазуураар зүсэж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсны улмаас хохирогч Ц.Х нь Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байгаад 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нас барсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар прокурор яллах дүгнэлтэд яллаж байгаа гэмт хэргийн товч агуулга, яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх талаар тусгах бөгөөд ингэхдээ төрийг төлөөлж шүүн таслах ажиллагаанд оролцож буй улсын яллагчийн талаас хэргийн нөхцөл байдалд хийж буй үйл баримтын болон эрх зйн дүгнэлт гэдэг агуулгаар шүүхийн шийдвэрийн нэгэн адил үндэслэл тодорхой, дүгнэлт ойлгомжтой байдлаар бичигдэх учиртай.

Гэтэл прокурорын яллах дүгнэлтэд Х.Э-ыг “хүнийг алахыг завдах”, “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсны улмаас хохирогч нас барах”, “хүнийг алах” гэсэн Эрүүгийн хуульд заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг хольж бичсэнээс гадна хүнийг алах гэмт хэргийн “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах”, “онц харгис хэрцгийгээр хүнийг алах” шинжүүдийг үндэслэл болгож хэргийг хүндрүүлэн зүйлчлэх болсон үндэслэлийг тодорхойлохгүйгээр эдгээр бүх шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8-д багтаан хэргийг шүүхэд шилжүүлсэн байхад хоёр шатны шүүх анхаарч үзэлгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь алдаа бүхий тогтоол, магадлал гаргахад хүргэжээ.

Мөн шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт болох шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо харилцан зөрүүтэй, хохирогчийн үхлийн шалтгааныг өөрөөр тогтоосон байхад шүүх шинжээчийн аль дүгнэлтийг нь шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож, бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй орхигдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэл болж байна.

Тухайлбал, шинжээчийн 535 дугаартай шинжээчийн дүгнэлтийн үзлэг хэсэгт хохирогч нас барсан тухай үйл баримт бичигдсэн атлаа тогтоох хэсэгт амь хохирогч Ц.Х-д ...амьсгалын боогдолтын  шалтгаант тархины хүчилтөрөгчийн дутмагшилтын дараах тархины эмгэгшил ...зэрэг гэмтэл учирсан болохыг тогтоож, эдгээр гэмтлүүд нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна” гэж дүгнэсэн нь шинжээчийн дүгнэлтэд эргэлзэх нөхцөл байдлыг бий болгожээ.

Түүнчлэн шинжээчийн 1977 дугаартай дүгнэлтийн тогтоох хэсэгт талийгаач нь хүзүүнд ташуу, задгай дүүжлэлтийн ором гэмтлийн улмаас амьсгалын цочмог дутагдалд орж төвийн гаралтай амьсгалын зүрх судасны дутагдлаар нас барсан болохыг тодорхойлж, харин үзлэг хэсэгт тархины гадрын үхжил үүссэн талаар дурдсан бөгөөд тархины гадрын үхжилт нь амьсгалын төвүүдэд нөлөөлсний улмаас алгуур үхэлд хүргэсэн эсхүл хүч хэрэглэсэн боолтын улмаас амьсгалын цочмог дутагдалд орж богино хугацаанд нас барсан эсэх нь мэдэгдэхгүй байна. Дээрх шинжээчийн дүгнэлтүүдийн зөрүүг арилгах, үүнээс гадна амь хохирогч Ц.Х нь 5-6 хоног эмнэлэгт эмчилгээ хийлгэхдээ эмнэлгийн тусламж үйлчилгээг стандартын дагуу авсан эсэх талаар шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж дүгнэлээ. 

Иймд дээрх шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн тул шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунаагийн гаргасан гомдлыг хүлээн авч, шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож, Х.Э-ад холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 301 дүгээр шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 15 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, шүүгдэгч Х.Э-ад холбогдох хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасугай.

2. Хэрэг шүүхэд очтол шүүгдэгч Х.Э-ад урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

                      

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН