Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 02

 

 

 

 

Капитал банк ХХК дахь Банкны эрх

хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр  нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2019/00487 дугаар шийдвэртэй, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-43 Капитал банкны байранд байрлах, Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 10-03 тоотод оршин суух, *******/ Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 10-03 тоотод оршин суух, Чангас овогт Лхамхүүгийн Цэрмаа /ОИ75110200/ нарт холбогдох иргэний хэргийг хариуцагч Л.Цэрмаагийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэхишиг, нарийн бичгийн даргаар О.Ням-Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл 3,175,078.57 төгрөг, зээлийн хүү 2,324,554.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 394,115.49 төгрөг, нотариатын хөлс 6,000 төгрөг, нийт 5,899,748.33 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: Зээлдэгч Н.Бирбаяр, Л.Цэрмаа нар нь 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр №398 тоот зээлийн гэрээ байгуулж 10,000,000 төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэйгээр 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл жижиг дунд бизнесийн зээл авсан. 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр №2014/398 дугаартай барьцааны гэрээг байгуулсан. Тус барьцаагаар Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 10-03 тоотод байрлалтай өмчлөгдсөн хашааны газар Г-1617001428, гэрчилгээний дугаар нь  000112906, мөн Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 10-03 тоотод байрлалтай өмчлөгдсөн хувийн сууц Ү-1617002841, гэрчилгээний дугаар 000128614, мөн Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 10-03 тоот 61-00 ХОА улсын дугаартай Верна аксент суудлын машин, LCD зурагтыг тус тус барьцаалж зээл авсан. Тухайн зээлдэгч нар нь гэрээний үндсэн хугацаанд зээлээсээ6,824,921.43 төгрөг, үндсэн зээлийн хүүнд 3,707,819.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 12,596.34 төгрөг, нийт 10,545,337.69  төгрөгийг төлсөн байна. Н.Бирбаяр, Л.Цэрмаа нараас үндсэн зээлийн үлдэгдэл 3,175,078.57 төгрөг, зээлийн хүү 2,324,554.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 394,115.49 төгрөг, нотариатын хөлс 6000 төгрөг нийт 5,899,748.33 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн. №2014/398 тоот гэрээг үндэслэн Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 10-03 тоотод байрлалтай өмчлөгдсөн хашааны газар Г-1617001428, гэрчилгээний дугаар нь  000112906, мөн Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 10-03 тоотод байрлалтай өмчлөгдсөн хувийн сууц Ү-1617002841, гэрчилгээний дугаар 000128614, мөн Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 10-03 тоот 61-00 ХОА улсын дугаартай Верна аксент суудлын машин, LCD зурагтыг тус тус үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбартаа: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт баг арван мянгат 10-03 тоотод оршин суугч Л.Цэрмаа, Н.Бирбаяр бид 2014 оны 4 дүгээр сарын 16-нд Хишиг плаза төвийн 1 давхарт орших Хишиг тооцооны төвөөс 10,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Бид зээлээ 2016 оны 8 сар хүртэл 11,000,000 төгрөг болгож төлж барагдуулсан. Хүү төлөөгүй шалтгаан нь бид удаа дараалан хүү багасгах талаар Даваасамбуу, Батбаатар, Батбаяр, Ууганбаяр, нэр мэдэхгүй нэг эдийн засагч нартай уулзаж байсан. Би өөрөө цусны даралт харвасан эмчилгээ оношилгоонд явж бүх мөнгөө дуусгасан. Мөн хөдөлмөр хийх чадвараа 60-70 хувь алдсан. Бид 3 оюутан, 2 хичээлийн хүүхэд сургаж байна. Иймд зээлээ төлсөн гэж үзэж нэхэмжлэлийг буцаахыг зөвшөөрнө үү гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2019/00487 дугаар шийдвэрээр:”1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар хариуцагч Л.Цэрмаа, Н.Бирбаяр нараас үндсэн зээлийн үлдэгдэл 3,175,078.57 төгрөг, зээлийн хүү 2,324,554.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 394,115.49 төгрөг, нотариатын хөлс 6000 төгрөг нийт 5,899,748.33 /таван сая найман зуун ерэн есөн мянга долоо зуун дөчин найман төгрөг гучин гурван мөнгө/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авачид олгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан Л.Цэрмаа, Н.Бирбаяр нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлэхгүй бол барьцааны зүйл болох хариуцагч Л.Цэрмаагийн өмчлөлийн Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 10-03 тоот, эрхийн улсын бүртгэлийн Г-1617001428 дугаарт бүртгэлтэй, 750 мкв өмчлөгдсөн хашааны газар, Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 10-03 тоот хашаанд байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-1617002841 дугаарт бүртгэлтэй, 40 мкв талбай бүхий 1 өрөө өмчлөгдсөн хувийн сууц, 61-00 ХОА улсын дугаартай Верна аксент маркийн суудлын автомашин, LCD зурагт зэрэг эд хөрөнгүүдийг худалдан борлуулж түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь 109,346 /нэг зуун есөн мянга гурван зуун дөчин зургаа/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Л.Цэрмаа, Н.Бирбаяр нараас улсын тэмдэгтийн хураамж 109,346 /нэг зуун есөн мянга гурван зуун дөчин зургаа/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 109,346 /нэг зуун есөн мянга гурван зуун дөчин зургаа/ төгрөгийг хариуцагч Л.Цэрмаа, Н.Бирбаяр нарыг 5,899,748.33 төгрөгийг төлж дууссаны дараа төлүүлэхээр хойшлуулсугай”  гэж шийдвэрлэжээ. 

   Хариуцагч Л.Цэрмаагийн давж заалдсан гомдлын агуулга: Анхан шатны шүүхийн шийдвэрийн нэмэгдүүлсэн хүү 2,324,554.27 төгрөгийг төлөхөөс татгалзаж байна. Учир нь тус зээлийн гэрээгээр төлөх ёстой байсан. 3,175,078.57 төгрөгийг төлөх боломжтой бөгөөд Иргэний хуулийн зээлийн гэрээний үүрэгтэй холбоотой заалтаар хариуцагчийн эд хөрөнгө, хувийн байдлыг харгалзан зээлийн хүүгийн хэмжээг бууруулж болохоор тусгасан заалтыг шүүх хэрэглээгүй. Хариуцагч нар нь хоёулаа группд байдаг байнгын эмчилгээтэй бөгөөд амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрх юм. Иймд Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2019/00487 дугаар шийдвэрт өөрчлөлт оруулж нэмэгдүүлсэн хүү 2,324,554.27 төгрөгийг хасаж өгнө үү гэжээ.

                                                                       ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага хангасан байна.

Нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь Л.Цэрмаа, Н.Бирбаяр нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 3,175,078,57 төгрөг, зээлийн хүү 2,324,554,27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 394,115,49 төгрөг, нотариатын хөлс 6,000 төгрөг нийт 5,899,748,33 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Хариуцагч Л.Цэрмаа, Н.Бирбаяр нар нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн үндэслэлээ “бид 10 сая төгрөг зээлээд 11 сая төгрөг төлсөн, хүү төлөөгүй шалтгаан нь бид 2 оюутантай, мөн Л.Цэрмаа хөдөлмөрийн чадвараа 70%-иар, Н.Бирбаяр хөдөлмөрийн чадвараа 60%-иар тус тус алдсан тул хүү төлж чадаагүй. Бид банкнаас авсан зээлээ төлсөн гэж үзэж байгаа” гэж тайлбарлажээ.

Анхан шатны шүүх банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ. Тухайлбал

Хэрэгт авагдсан зээлийн гэрээ, банкны зээл, хүүний төлбөрийг буцаан төлөх хуваарь, барьцааны гэрээ, Л.Цэрмаагийн дансны хуулга зэрэг бичгийн нотлох баримтуудаар хариуцагч Л.Цэрмаа, Н.Бирбаяр нар нь зээлийн үлдэгдэл 3,175,078,57 төгрөг, зээлийн хүү 2,324,554,27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 394,115,49 төгрөг төлөөгүй байна. Зээлдэгч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэх нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т нийцнэ гэж үзлээ.

Хариуцагч “Л.Цэрмаа хөдөлмөрийн чадвараа 70%-иар, Н.Бирбаяр хөдөлмөрийн чадвараа 60%-иар тус тус алдсан, хоёр оюутантай тул хүү төлөх боломжгүй” гэх тайлбараа баримтаар нотолсон боловч  энэ нь зээлийн гэрээнд заасан зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү төлөхөөс чөлөөлөх үндэслэл болохгүй юм.

Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдлаа.

Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгож  ТОГТООХ нь:

1.  Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2019/00487 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Л.Цэрмаагийн  давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Н.ТУЯА

 

                                                ШҮҮГЧИД                                              Б.ДАМБА

                                  

                                                                                                   М.НЯМБАЯР