Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 153/ШШ2019/00578

 

 

2019 оны 12 сарын 06 өдөр

Дугаар 153/ШШ2019/00578

Жаргалант сум

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар

нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-43 Капитал банкны байранд байрлах, Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч //-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Оюумандал О овогт М Б //-д холбогдох,

үндсэн зээлийн үлдэгдэл 3,654,650 төгрөг, зээлийн хүү 2,215,367.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 388,287.53 төгрөг, нотариатын хөлс 4,000 төгрөг, нийт 6,262,305.08 /зургаан сая хоёр зуун жаран хоёр мянга гурван зуун таван төгрөг найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч, 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 153/2019/00473/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Раднаабазар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэхишиг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Басбиш нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч М.Адилбиш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэхишиг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Б нь 2015 оны 7 сарын 23-ны өдөр ЗГ-2015/099 тоот зээлийн гэрээ байгуулан 8,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэйгээр 24 сарын хугацаатай цалингийн зээл авсан.

Зээлдэгч Манж овогтой Б нь гэрээний хугацаанд үндсэн зээлээс 4,345,350 төгрөг, үндсэн зээлийн хүүнд 1,720,739.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 12,795.32 төгрөг, бүгд 6,078,884,8 төгрөгийг төлсөн.

Зээлдэгч Манж овогтой Бат-Эрдэнийн банктай байгуулсан №ЗГ-2015/099 тоот зээлийн гэрээний ерөнхий хугацаа 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болсон. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3-т Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зэзлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасны дагуу зээлийн гэрээний хүү тооцооллийг бодсон бөгөөд гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул зээлийн №ЗГ-2015/099 тоот гэрээний дагуу 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар төлөгдөөгүй үнийн дүн болох үндсэн зээлийн үлдэгдэл 3,654,650 /Гурван сая зургаан зуун тавин дөрвөн мянга зургаан зуун тавин/ төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 2,215,367,55 /хоёр сая хоёр зуун арван таван мянга гурван зуун жаран долоон төгрөг тавин таван мөнгө/, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 388,287.53 /гурван зуун наян найман мянга хоёр зуун наян долоон төгрөгтавин гурван мөнгө/, нотариатын хөлс: 4.000.00 /Дөрвөн мянга / төгрөг, бүгд 6,262,305.08 /Зургаан сая хоёр зуун жаран хоёр мянга гурван зуун тав/ төгрөг 08 мөнгө/ төгрөгийг Манж овогтой Бэс гаргуулж өгнө үү....М.Б нь 2016 оны 12 сарын 22-ны өдөр үндсэн зээлд 419,422.21 төгрөг хийсэн, зээлийн хүүд 74,763.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5,764.37 төгрөг төлсөн. 2016 оны 12 сарын 22-ны өдрөөс хойш зээлийн төлөлт хийгээгүй....Хариуцагч нь зээлийн гэрээнд зааснаар эргэн төлөлтийн хуваарийг мэдэж байсан. Зээлийн төлөлтийн хуваарийн дагуу зээлийн гэрээний хугацаа 2017 оны 7 сарын 23-ны өдөр дуусаж байсан....М.Б нь 2017 оны 7 сарын 23-ны өдөр хүртэл зээлээ төлөөгүй тул банкны эрх хүлээн авагчийн зүгээс 2019 оны 9 сарын 9-ний өдрөөр тооцоолол хийгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан. Банкны зүгээс зээлдэгч М.Бат-Эрдэнийг зээлээ төлнө үү гэж мэдэгдэж байсан боловч тухайн үед зээлээ төлөх болно, энэ сард төлөх боломжгүй бол дараа сар нөхөж төлөх болно гэсээр байгаад 2 жилийн хугацаа болсон. Хавтаст хэрэгт баталгаажсан зүйл байхгүй байгаа....Журам байхгүй. Зээлдэгч нь зээлээ төлөх боломжгүй боллоо гэсэн тохиолдолд шүүхэд нэхэмжлэл гаргадаг. Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээгээр зохицуулагдаг гэж ойлгож болно....гэв.

Хариуцагч М.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Басбиш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, дараах үндэслэл байна. М.Б нь Капитал банктай 2015 оны 7 сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 8 сая төгрөгийн зээл авсан. Энэ хугацаанд үндсэн зээл 8,000,000 төгрөг зээлийн хүү 1,930,700 төгрөг нийт 9,930,700 төгрөгийг 2017 оны 7 сарын 23-ны өдөр төлж зээлийн график бүрэн дуусгасан. Үүнээс хойш Капитал банктай харилцаагүй. Өнөөдөр Капитал банк нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж үзэж байна. Зээлийн үлдэгдэл байгааг М.Бд мэдэгдээгүй, уулзаагүй, шүүхэд нэхэмжлэл гаргаагүй. М.Бат-Эрднээгийн данс руу цалин шууд орж байсан. 3 жил хугацаанд уулзаж, мэдэгдээгүй нь зээл төлөгдсөн гэдэг нь баталгаажиж байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна....Капитал банкнаас зээл авсан, банкны зээлийн хуваарийн дагуу сар бүр 413,780 төгрөгийг сар бүр зээлээ төлж байсан тул 8,000,000 төгрөгийн зээл авсан тухайд маргах зүйл байхгүй. Зээлийн графикийн дагуу төлж дуусаад 3 жилийн хугацаанд Капитал банкнаас мэдэгдээгүй. Капитал банкнаас зээлийн үлдэгдэл байгаа тохиолдолд албан ёсоор баталгаажуулж М.Бэс гарын үсгийг нь авч баталгаажуулах ёстой байсан. Энэ 3 жилийн дараа Капитал банк дампуурч өөр эрх хүлээн авагчид шилжсэн нөхцөлд өөрөө дансаа гаргаж ирж байна. Төлөгдөөгүй зээлийн байгаа бол компани нь нэг талаас батлан даагч болоод явчихдаг. Манай компанийн зүгээс М.Бат-Эрдэнийн данс руу цалинг нь тогтмол хийж байсан. 3 жил өнгөрсний дараа зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү нэхэмжилж байна. М.Б нь манай Оюу мандал ХХК-ний ажилтан байсан....Батлан даалтын гэрээ гэж байхгүй. Нэгэнт манай компани ажилтан цалингийн зээл авч байгаа тохиолдолд компаний зүгээс цалингийн тодорхойлолтоо гаргаж өгдөг. Цалингийн тодорхойлолтыг батлан даалт гэж ойлгож байна....М.Б нь цалин, орлогоосоо зээл төлж байсан баримтыг капитал банк дампуурсан тул хавтас хэрэгт оруулах ямар ч боломж байгаагүй....М.Б Капитал банктай байгуулсан зээлийн гэрээ 2017 оны 7 сард дууссан. Энэ өнгөрсөн хугацаанд Капитал банк нэг ч удаа нэхэмжлэл гаргаагүй. Гэтэл эрх хүлээн авагч гарч ирэн зээлийн гэрээг эрх хүлээн авагчтай байгуулаагүй тул нэхэмжлэгч этгээд биш гэж үзэж байна....гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь М.Бд холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 3,654,650 төгрөг, зээлийн хүү 2,215,367.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 388,287.53 төгрөг, нотариатын хөлс 4,000 төгрөг, нийт 6,262,305.08 /зургаан сая хоёр зуун жаран хоёр мянга гурван зуун таван төгрөг найман мөнгө/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Басбиш эс зөвшөөрч ....Хариуцагч М.Б зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлийг бүрэн төлж дуусгасан....Банкны эрх хүлээн авагч нь нэхэмжлэгч биш.... гэж маргав.

Капитал банк ХХК-ийг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн албадан татан буулгаж, Капитал банк ХХК-ийг албадан татан буулгах арга хэмжээ, Капитал банкан дахь Банкны эрх хүлээн авагчийг үйл ажиллагааны хугацааг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн нэг жилээр тогтоосон болох нь Монгол Банкны ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар, М.Адилбишийг Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаар 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс нэг жилийн хугацаатай томилсон болох нь Монгол Банкны ерөнхийлөгчийн 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн А-97 дугаартай тушаалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тус тус тогтоогдлоо. /хх-ийн 6-7 дугаар тал/

Иймээс Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч М.Адилбиш нь Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.3-т зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан Банкны эрх хүлээн авч нь нэхэмжлэгч этгээд биш гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй юм.

Хариуцагч М.Б нь Капитал банкны Ховд салбараас 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр ЗГ-2015/099 дугаартай зээлийн гэрээ байгуулан өрхийн хэрэглээний зориулалтаар 8,000,000 төгрөгийг жилийн 21.60 хувийн хүүтэйгээр, 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрөөс 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл хугацаатайгаар зээлсэн болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар, 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн №ЗГ-2015/099 дугаартай Зээлийн гэрээ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 8-11 дүгээр тал/

Зээлийн гэрээний хугацаа 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр дууссан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбараар тогтоогдож байна.

Зохигчийн хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь хуульд заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байх ба зохигчид зээлийн гэрээ байгуулсан болон гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд, нийт 8,000,000 төгрөгийн зээл авсан байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно.

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь шаардах эрхтэй байна.

Гэвч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар хариуцагч нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдөр үндсэн зээлд 419,422.21 төгрөг, зээлийн хүүд 74,763.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 5,764.37 төгрөг, нийт 499,950 төгрөгийн эргэн төлөлт хийж, улмаар 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс гэрээний хугацаа дуусах өдөр буюу 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт 6 сарын хугацаанд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй болох нь тогтоогдлоо.

Талуудын хооронд байгуулсан 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн №ЗГ-2015/099 тоот Зээлийн гэрээний 8.3.1-д Зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөн, эс биелүүлсэн /2 ба түүнээс дээш зөрчлийг ойлгоно/ зөрчсөн, 8.3.2-т Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь (Хавсралт /1/)-н дагуу төлөөгүй бол зэрэг нөхцөлд банк зээлийн гэрээг өөрийн санаачилгаар дуусгавар болгож, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон бусад төлбөр, хураамж, хохирлыг шаардахаар заасан байна.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5-д зааснаар хууль буюу гэрээнд заасан бусад үндэслэлээр үүрэг дуусгавар болно гэж хуульчилжээ.

Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагч нь гэрээний эргэн төлөлтийн хуваарь зөрчигдсөн өдрөөс 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийг дуусталх зээлийн хүү 2,215,367.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 388,287.53 төгрөг нэхэмжилж байгаа боловч 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрөөс гэрээний хугацаа дуусах өдөр буюу 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл нийт 6 сарын хугацаанд гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй байхад банк нь гэрээнд заасны дагуу зээлийн гэрээг өөрийн санаачилгаар дуусгавар болгож, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардаагүй буруутай байх тул 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн №ЗГ-2015/099 тоот Зээлийн гэрээний хугацаа дууссан өдрөөр буюу 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээний үүрэг дуусгавар болсон гэж үзэн зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг Зээлийн эргэн төлөлтийн хүснэгт, тооцоолол-оос тооцон /хх-ийн 12 дугаар тал/ хариуцагчаас үндсэн зээл 3,654,650 төгрөг, зээлийн хүү 532,746.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51,763.38 төгрөг, нийт 4,239,160 төгрөгийг гаргуулах нь зүйтэй гэж үзлээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд хариуцагч нь зээлийн гэрээнд заасан хугацаанд зээлийг бүрэн төлж дуусгасан гэх маргах боловч зээлийг бүрэн төлж дуусгасан талаарх баримт хавтаст хэрэгт авагдаагүй бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс нотлох баримт бүрдүүлэх талаар хүсэлт гаргаагүй болно.

Харин нэхэмжлэгч нь хариуцагчаас нотариатын хөлс 4,000 төгрөг гаргуулахаар шаардах бөгөөд энэ талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтаар тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нотариатын хөлс 4,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Иймд хариуцагч М.Б-ээс үндсэн зээл 3,654,650 төгрөг, зээлийн хүү 532,746.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51,763.38 төгрөг, нийт 4,239,160 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,023,145.08 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, хариуцагч М.Бэс 4,239,160 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 82,777 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулахаар тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, 240 дүгээр зүйлийн 240.1.5-д заасны баримтлан хариуцагч М.Бэс үндсэн зээл 3,654,650 төгрөг, зээлийн хүү 532,746.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51,763.38 төгрөг, нийт 4,239,160 /дөрвөн сая хоёр зуун гучин есөн мянга нэг зуун жар/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,023,145.08 /хоёр сая хорин гурван мянга нэг зуун дөчин таван төгрөг найман мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч М.Б-ээс улсын тэмдэгтийн хураамж 82,777 /наян хоёр мянга долоон зуун далан долоо/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     С.ОЮУНЖАРГАЛ