Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 14 өдөр

Дугаар 03

 

 

 

 

 

 Л.Цэнд-Аюушийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дамба даргалж, шүүгч Н.Мөнхжаргал,  шүүгч Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 153/ШШ2019/00528 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 13-14 тоотод оршин суух, ПВ76090208 тоот регистрийн дугаартай, Пугнич овогт Лхагвасүрэнгийн Цэнд-Аюушийн нэхэмжлэлтэй,  Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 5-18 тоотод суух, ПО80032316 тоот регистрийн дугаартай, Боролдой овогт Батжаргалын Сандагсүрэн, Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 38-р байрны 9 тоотод оршин суух, ДЮ68062660 тоот регистрийн дугаартай, Олхонууд овогт Баасанхүүгийн Амаржаргал, Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн Алтайн буйлаастын 2-р байрны 12-12 тоотод оршин суух, ПЮ74020323 тоот регистрийн дугаартай, Магсар овогт Лхагвацэрэнгийн Бадамхорлоо, Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт оршин суух, ПЭ73041721 тоот регистрийн дугаартай, Соёон овогт Тогтохын Энхтуяа нарт холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2019 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагч Л.Бадамхорлоо, хариуцагч нарын өмгөөлөгч Ж.Энхжаргал, нарийн бичгийн даргаар О.Ням-Адъяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Нэхэмжлэлийн шаардлага: Нэр төр, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэж, 80,000,000 төгрөг гаргуулах тухай.

 Нэхэмжлэлийн агуулга: “ Л.Цэнд-Аюуш миний бие 1976 онд төрсөн. Ам бүл 2-лаа. Хүүгийн хамт амьдардаг. 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, ажлын хэсэг Өмнөговь аймаг руу ажлаар явах төлөвлөгөөний дагуу 2019 оны 5 дугаар сарын 06-ны өглөө 8:00 цагт аймгийн хөгжимт драмын театрийн үүдэнд цугларна гэсэн боловч хүмүүс цагтаа цуглараагүй тул 10:00 цагийн орчимд Ховдоос хөдөлсөн.

Бид явсаар Дарви сумын төвд түр зогсож “Бумбат алтай” цайны газарт орж хоол идсэн. Миний сэтгэл хямраад байсан тул би уйлж бухимдлаа тайлах гэж гараараа хоёр удаа ширээ цохьсон. Өөр ямар нэгэн үйлдэл гаргаагүй тайвшираад хоол идсэн.

 Энэ хугацаанд бидний дунд ямар нэгэн маргаан, зөрчил гараагүй. Дараа нь автобусанд явсан хүмүүс автобусандаа суухад миний авч явсан ачааг автобуснаас гаргаж газарт тавьсан байсан. Би ачаагаа буцааж автобусанд оруулж тавьсан.

Аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга ажлын хэсгийн ахлагч Б.Сандагсүрэн “Автобусан дотор галзуу хүн явж байна” гэж Дарви сумын цагдаад дуудлага өгсөн байсан.

Дарви сумын цагдаа намайг бие засчихаад автобусны дэргэд ирэхэд баривчилсан. Б.Сандагсүрэн нь намайг “Б.Энхбаярыг баривчилдаг шиг” баривчлуулан аймгийн төв рүү хүргүүлсэн.

Дарви сумын хэсгийн цагдаа намайг аймгийн БОЭТ-ийн 103-д хүргэж ирэхэд миний даралт ихэссэн байсан. Миний биеийг П.Хосбаяр гэдэг эмч үзэж эм тариа хийгээд ах Л.Цэнджав, дүү Л.Чулуунбаатар нарыг дуудаж намайг хүлээлгэн өгсөн.

Б.Сандагсүрэн нь намайг “галзуу” гэж доромжлон, миний нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээ олон нийтийн дунд тараасны улмаас миний сэтгэл санаа хямарч даралт ихсэн сэтгэл санааны дарамтад орж эмчилгээ хийлгэхэд хүрсэн.

Миний бие Б.Сандагсүрэнгээр гутаалгаж доромжлуулсны улмаас сэтгэл санааны таагүй байдалд орж даралт ихсэн гэрээрээ эмчилгээ хийлгэж одоог хүртэл тайвширч чадахгүй байна.

 Иймд миний нэр төрийг сэргээж, сэтгэл санааны хохирол 50,000,000 /тавин сая/ төгрөгийг Б.Сандагсүрэнгээс гаргуулж өгнө үү?

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Нэр төр сэргээлгэх ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх 30,000,000 төгрөг гаргуулах, хамтран хариуцагчаар Б.Амаржаргал, Л.Бадамхорлоо, Т.Энхтуяа нарыг татан оролцуулах.

Б.Сандагсүрэн, Л.Бадамхорлоо, Б.Амаржаргал, Т.Энхтуяа нар нь намайг сэтгэцийн өөрчлөлттэй гэсэн ойлголтыг олон нийтэд тарааж, БОЭТ-ийн сэтгэцийн эмч П.Хосбаярт сэтгэцийн өөрчлөлттэй /галзуу/ гэсэн ойлголт өгсөн байсан. 

БОЭТ-ийн сэтгэцийн тасгийн эмч П.Хосбаяр нь Б.Сандагсүрэн, Л.Бадамхорлоо, Б.Амаржаргал, Т.Энхтуяа нарын мэдээлэлд итгэж намайг үзэж оношлолгүйгээр сэтгэцийн хурц хордлоготой өвчтөнд тарьдаг “Аменназин” гэдэг хүчтэй тариа хийсний улмаас миний бие гүн хямралд орж түр хугацаанд зүрх зогссон байсан.

Миний бие хямарч, тайвширч чадахгүй байсан учир ар гэрийнхэн маань миний зүрх түр зогссон талаар надад хэлээгүй байна.

Би ч эмнэлэгт очоод надад  үндэслэлтэй онош тавьж зөв эмчилгээ хийхгүй сэтгэцийн өөрчлөлттэй /галзуу өвчтэй/ гэж эмчлэх нь ойлгомжтой байсан тул эмнэлэгт хандаж эмчлүүлэх итгэлгүй болсон.

Миний бие Б.Сандагсүрэн, Л.Бадамхорлоо, Б.Амаржаргал, Т.Энхтуяа нараар сэтгэцийн өөрчлөлттэй, галзуу өвчтэй гэж гутаалгаж доромжлуулсны улмаас сэтгэл санааны таагүй байдалд орж, буруу тариа хийлгэсний улмаас түр зуур зүрх зогсож, даралт ихсэн гэрээрээ эмчилгээ хийлгэж одоог хүртэл тайвширч чадахгүй байна.

Миний бие сэтгэцийн өөрчлөлттэй, галзуу өвчтэй гэж олон нийтийн дунд гутаан доромжлогдсоны улмаас эмнэлэг эрүүл мэндийн байгууллагад хандах итгэлээ алдаж, олон нийт нийгмийн амьдралд идэвхтэй оролцож чадахгүй дарамтанд орж, эрүүл мэнд, сэтгэл санаа, бие махбодын гүн хямралд орж эрүүл мэнд, нэр төр, ажил хэргийн нэр хүндээр хохирч байна.

Иймд Б.Сандагсүрэн, Л.Бадамхорлоо, Б.Амаржаргал, Т.Энхтуяа нарыг хамтран хариуцагчаар татан оролцуулж, миний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, сэтгэл санааны хохирол 80,000,000 /наян сая/ төгрөгийг Б.Сандагсүрэн, Л.Бадамхорлоо, Б.Амаржаргал, Т.Энхтуяа нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч Б.Сандагсүрэнгийн хариу тайлбар: Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчид, ажлын хэсгийнхэн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймаг руу ажлаар явсан. Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын  төлөөлөгчид, ажлын албаны зарим мэргэжилтнүүд, зарим сумдын ИТХ-ын дарга, нарийн бичгийн дарга нар явсан бөгөөд тэр дунд БОЭТ-ийн их эмч Б.Амаржаргал, БОЭТ-ийн их эмч Л.Бадамхорлоо, Буянт сумын их эмч Т.Энхтуяа нар багтаж явсан.

Бид аймгийн төвөөс хөдөлж Ховд аймгийн Дарви суманд хоол идэхээр зогссон юм. Биднийг хооллож байхад нэхэмжлэгч Л.Цэнд-Аюуш нь зүгээр сууж байгаад ширээ цохиод уйлаад хэлсэн. Яагаад ийм үйлдэл гаргаад байгааг нь, бие нь зүгээр үү гэж асуухад та нар надад Сетуксин тарьдаг биздээ судсаар Сетуксин тарьдагаа болилдоо гээд уйлаад ширээ цохиод байсан.

Үүссэн нөхцөл байдлын талаар хэрхэх тухай зөвлөлдөхөд бүрэлдэхүүнд явсан гурван их эмч биеийн байдал хүнд байгаа байх, өмнө нь хэд хэдэн удаа эмчлүүлж байсан, цаашид хол замд олон хоног явна энэ янзаараа явбал үнэхээр хэцүү буцаасан нь дээр гэсэн.

Л.Цэнд-Аюушийн дүү Хот тохижилт үйлчилгээний газрын дарга Л.Дорждэрэмтэй хэд хэдэн удаа утсаар холбогдож Л.Цэнд-Аюушийн гаргаж байгаа үйлдлийн талаар хэлж бид яах вэ? Ийм байдалд орлоо мэргэжлийн эмч нар ингэж хэлж байна гэдгээ хэлсэн. Л.Дорждэрэм би бас шийдэж чадахгүй байна та нар өөрсдөө мэд гэсэн.

Энэ үед Дарви сумын ИТХ-ын дарга Г.Эрдэнэчулуун, Засаг дарга О.Ганцоож, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Дамдиндорж нар бас байлцсан бөгөөд сумынхаа эмч, цагдаа нарыг дуудсан байсан.

Ингээд Дарви сумын цагдаа, эмч нар Л.Цэнд-Аюушийг аймгийн төв рүү авч явсан. Бид цаашаа Өмнөговь аймаг руу явсан.           

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарлахдаа ажлын хэсгийн ахлагч Б.Сандагсүрэн нь “Автобусанд галзуу хүн явж байна” гэж Дарви сумын цагдаад дуудлага өгсөн. Намайг галзуу гэж доромжлон миний нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээ олон нийтэд тараасан гэж тайлбарлажээ.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т “Иргэний нэр, төр алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэж заажээ.   

Л.Цэнд-Аюушийн нэхэмжлэлд дурдсан автобусанд галзуу хүн байна гэдэг үг миний амнаас хэзээ ч гараагүй бөгөөд Л.Цэнд-Аюушийн нэр төрийг гутаасан ямар нэгэн үйлдэл гаргаагүй, хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаагүй ба нэхэмжлэгч Л.Цэнд-Аюуш нь өөрийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсан гэж үзэж байгаа бол үүнийгээ баримтаар нотлох үүрэгтэй.    

            Миний бие Л.Цэнд-Аюушийн нэр төрийг гутаасан ямар нэгэн үйлдэл гаргаагүй, түүний нэр төрийг гутаан доромжилсон гэх баримт байхгүй тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.       

            Хариуцагч Б.Амаржаргалын хариу тайлбар: 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын хэсэг Өмнөговь аймаг руу ажлаар явж байх замдаа Ховд аймгийн Дарви сумын гуанзанд орсон. Тухайн үед явж байсан бүх хүмүүс тайван биш болсон.

Т.Энхтуяа эмч, Л.Бадамхорлоо эмч бид гурав явж байсан.Эмч нар болохоор бид гурав юу болов яасан гээд гайхаад хоорондоо ярилцсан. Тэгтэл Т.Энхтуяа эмч Л.Цэнд-Аюуш нь би нойргүйдэлтэй болчихлоо эмчилж өгөөч Б.Амаржаргал, Л.Бадамхрлоо нарт хэлүүзэй гэж хэлсэн гээд Л.Бадамхорлоо эмч бид хоёрт хэлсэн.

Тухайн үед Б.Сандагаа дарга бид нарыг ахлаж явсан. Тэгээд мэргэжлийн эмчээс зөвлөгөө авъя гээд сэтгэцийн эмч П.Хосбаяр эмчтэй ярьсан. П.Хосбаяр эмчтэй намайг ярихад ер нь буцаачих эмчилгээ хийе авч явж болохгүй байхаа гэж хэлсэн.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь нэхэмжлэгч Л.Цэнд-Аюушийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т энэ хуулийн 65 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь тодорхойгүй, ойлгомжгүй байхад нэхэмжлэлийг хүлээн авч хариуцагчаар татсанд гомдолтой байна.

Миний хувьд нэхэмжлэгч Л.Цэнд-Аюушийг гутаан доромжлоогүй, онош тавиагүй, эмчилгээ хийгээгүй, олон нийтийн дунд гутаан доромжлоогүй, нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдаагүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Хариуцагч Т.Энхтуяагийн хариу тайлбар:Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь нэхэмжлэгч Л.Цэнд-Аюушийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т энэ хуулийн 65 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь тодорхойгүй, ойлгомжгүй байхад нэхэмжлэлийг хүлээн авч хариуцагчаар татсанд гомдолтой байна.

 Миний хувьд нэхэмжлэгч Л.Цэнд-Аюушийг гутаан доромжлоогүй, олон нийтийн дунд гутаан доромжлоогүй, нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.   

            Хариуцагч Л.Бадамхорлоогийн хариу тайлбар: 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын хэсэг Өмнөговь аймаг руу ажлаар явж байх замдаа Ховд аймгийн Дарви сумын гуанзанд орсон. Хорхог хийчихсэн байсан. Намайг ширээнд суусны дараа Л.Цэнд-Аюуш орж ирээд миний өөдөөс харсан ширээний дээд талын өнцөг хавьд суусан. Тэгэхдээ уйлчихсан орж ирсэн. Бид бүгдээрээ хоол идэж байсан. Тэгж байтал Л.Цэнд-Аюуш төлөөлөгч уйлаад хүний хоолонд седуксин хийж өгдөг хэн бэ та нар гэж хэлээд ширээ шаасан. Тэгээд би гайхаад чиний хоолонд хэн седуксин хийж өгсөн юм бэ чи юу яриад байгаа юм бэ гэж Л.Цэнд-Аюушаас асуусан. Түүнээс өмнө зам зуур явж байхад ажлын албанаас талх, хиам хөнгөн зууш бэлдчихсэн өгсөн юм. Би ойлгохдоо тэрэнд нь хийж өгсөн юм байна гэж ойлгосон. Тэгсэн чинь урдаас Л.Цэнд-Аюуш нь эмч та нар угаасаа тэгдэг биздээ эмч та нар хүнээс юм авах гээд байсан юм бол миний аав, ээжийн малыг туугаад явахгүй яасан юм бэ?

Би тэтгэврийнх нь зээлийг аваад өгчихөж чадна гэж хашгирсан. Тэгэхээр нь би гайхаад чи юу яриад байна ямар эмч чамаас юу авсан юм тэрийгээ хэлээ гэж асуусан. Тэгэхэд Л.Цэнд-Аюуш толгой сэгсрээд ширээ шаагаад орилоод байсан. Тэр үйлдэл гаргаж байгаа үед нь би үнэхээр цочирдсон айсан байсан. Гурван эмч рүү дайраад байсан.

Би Л.Цэнд-Аюушийн биеийн байдлын талаар Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн сэтгэц, наркологийн тасгийн эрхлэгч эмч П.Хосбаяраас зөвлөгөө авсан.

 Мэргэжлийн эмчээс зөвлөгөө авахад нааш нь явуулчих тариа хийлгэх шаардлагатай юм байна гэж зөвлөж хэлснийг нь хариуцагч Б.Сандагсүрэнд хэлсэн.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх нь нэхэмжлэгч Л.Цэнд-Аюушийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т энэ хуулийн 65 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь тодорхойгүй, ойлгомжгүй байхад нэхэмжлэлийг хүлээн авч хариуцагчаар татсанд гомдолтой байна.

Эрүүл мэндийн тухай хуулийн 27 дугаар зүйл, 28 дугаар зүйлд заасан их эмчийн тангараг өргөсөн хүний их эмч мэргэжилтэй.

Миний хувьд нэхэмжлэгч Л.Цэнд-Аюушийг гутаан доромжлоогүй, онош тавиагүй, эмчилгээ хийгээгүй, олон нийтийн дунд гутаан доромжлоогүй, нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 153/ШШ2019/00465 дугаар шийдвэрээр: “1.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар Л.Цэнд-Аюушийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.Сандагсүрэн, Б.Амаржаргал, Л.Бадамхорлоо, Т.Энхтуяа нарт холбогдох нэр төр, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх, 80,000,000 /наян сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар 1-р хавтаст хэргийн 54-58 дугаар хуудаст авагдсан хариуцагч Б.Амаржаргалын тус хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлэг, 1-р хавтас хэргийн 213-215 дугаар хуудаст авагдсан хариуцагч Т.Энхтуяагийн тус хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлэг, 2-р хавтаст хэргийн 62-70 дугаар хуудаст авагдсан хариуцагч Л.Бадамхорлоогийн тус хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлгийг нотлох баримтаас хассугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 54 дүгээр зүйлийн 54.1.4-д зааснаар Ховд аймгийн Стандартчилал, хэмжилзүйн газраас ирүүлсэн нотлох баримтыг цуглуулахад холбогдуулан гарсан зардал 10,250 /арван мянга хоёр зуун тавь/ төгрөгийг нэхэмжлэгч Л.Цэнд-Аюушаас гаргуулан Ховд аймгийн Стандартчилал, хэмжилзүйн газарт олгосугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 786,100 /долоон зуун наян зургаан мянга нэг зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж шийдвэрлэжээ.

 Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: Шүүх хэргийн оролцогчдын гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлэлгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж нэхэмжлэгчийн эрх хууль ёсны ашиг сонирхлыг хохироож байгаад гомдолтой байна.Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн ....”Бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийгээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй  бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан эдийн бус гэм хорыг хөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ” гэж хуульчилжээ.

Хариуцагч нар нь нэхэмжлэгч Л.Цэнд-Аюушийг сэтгэцийн өөрчлөлт нь хөдөлчихсөн байгаа тул аялалаа үргэлжлүүлэх боломжгүй болж, сэтгэцийн эмнэлэгт хүргэгдэж байна гэсэн мэдээг олон нийтийн дунд тараасан болох нь нотлогдож байгаа бөгөөд Л.Цэнд-Аюушийн талаар мэдээ тараагаагүй болохоо хариуцагч нар нотолж чадахгүй байхад шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг зөрчсөн.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 153/ШШ2019/00528 дугаар шийдвэрийг хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 Анхан шатны шүүх гэм хор учруулснаас үүссэн үүргийн харилцааг зохицуулсан Иргэний хуулийн холбогдох зүйл, заалтыг зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргаанд зөв тайлбарлан хэрэглэж, эдийн бус гэм хор арилгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын мэтгэлцэх эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Нэхэмжлэгч нь нэр төр, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэж 50.000.000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг Б.Сандагсүрэнд холбогдуулан гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэр төр, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэж 80.000.000 төгрөг гаргуулахаар шаардлагаа нэмэгдүүлж Б.Сандагсүрэн,Л.Бадамхорлоо, Б.Амаржаргал,Т.Энхтуяа, нарт холбогдуулан гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргасан байна.

Нэхэмжлэгч нь шаардлагын үндэслэлээ “Б.Сандагсүрэн нь автобусан дотор галзуу хүн явж байна гэж Дарви сумын  цагдаад дуудлага өгч, намайг Н.Энхбаярыг баривчилдаг шиг баривчлуулан БОЭТөв аймгийн эмнэлэгт  хүргүүлсэн, Б.Сандагсүрэн, Б.Амаржаргал, Т.Энхтуяа, Л.Бадамхорлоо  нар намайг сэтгэцийн  өөрчлөлттэй гэсэн ойлголтыг олон нийтэд тарааж, БОЭТ-ийн сэтгэц наркологийн эмч П.Хосбаярт мөн сэтгэцийн  өөрчлөлттэй гэсэн ойлголтыг  өгсний улмаас тэр  намайг   үзэж оношлолгүйгээр сэтгэцийн хурц хордлоготой өвчтөнд тарьдаг аминазин гэдэг хүчтэй тариа тарьсны улмаас миний бие гүн хямралд орж түр хугацаанд зүрх зогссон байсан” гэж тайлбарлажээ.

Хариуцагч нь Л.Цэнд-Аюушийг галзуу гэж хэлээгүй, түүнийг үзэж оношилж, эмчилгээ хийгээгүй, мөн нэр төр,ажил хэргийн нэр хүндэд нь халдаагүй, БОЭТ-ийн Сэтгэц наркологийн тасгийн эрхлэгч эмч П.Хосбаяр нь өөрийн биеэр үзлэг хийж, оношлож, эмчилгээ хийсэн гэж тайлбарласан байна.

            Хэрэгт авагдсан баримтаас үзвэл 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр  Ховд аймгийн ИТХ-ийн төлөөлөгчид болон түүний ажлын албаны ажилтнууд Өмнөговь аймаг руу туршлага солилцохоор явж байсан бөгөөд Ховд аймгийн Дарви сумын “Бумбат-Алтай” зоогийн газарт зорчигчид хоолонд орж байх үед Л.Цэнд-Аюуш нь гараараа 2 удаа ширээ цохиж, чанга дуугарч орилоод уйлсан үйл баримт гэрч О.Ганцоож,Ц.Дамдиндорж, Л.Энхбаяр, Г.Эрдэнэчулуун,С.Оюунжаргал, Г.Буянт,Ц.Бат-Эрднэнэ, Б.Нямбаяр, П.Мягмарсүрэн, Б.Баяртуяа, Х.Тилеухан,Б.Ганболд нарын мэдүүлэг болон зохигчдын тайлбараар тогтоогджээ.

            Хариуцагч Б.Сандагсүрэн нь Л.Цэнд-Аюушийн биеийн байдал,түүний гаргаж буй үйлдлийн талаар цааш хол замд явж чадах эсэх талаар хариуцагч Б.Амаржаргал,   Л.Бадамхорлоо нартай ярилцсан,  мөн хариуцагч нар нь Ховд аймгийн БЭОТ-ийн Сэтгэц наркологийн тасгийн эрхлэгч эмч П.Хосбаяртай,хариуцагч  Т.Энхтуяа Ховд аймгийн Дарви сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Б.Должинсүрэнтэй Л.Цэнд-Аюушийн гаргасан үйлдлийн талаар утсаар ярьж зөвлөгөө авч Ховд аймгийн БЭОТ-д хүргүүлэхээр шийдвэрлэж,   Ховд аймгийн Дарви сумын олон нийтийн байцаагч хэсгийн цагдаа,сумын эмч нараар хүргүүлсэн үйл баримт тогтоогдсон байна.

Л.Цэнд-Аюушийг Дарви сумаас Ховд аймгийн төв рүү буцааж, БЭОТ-д хүргүүлэхдээ түүнийг Н.Энхбаярыг баривчилдаг шиг баривчилсан, ямар нэгэн байдлаар түүнд хүч хэрэглэж,  нэр төр,ажил хэргийн нэр хүндэд халдсан гэх үндэслэл хэрэгт авагдсан нотлох баримтаар  тогтоогдоогүй  байна.

Хариуцагч Б.Сандагсүрэн нь автобусан дотор галзуу хүн байна гэж  Дарви сумын цагдаад дуудлага өгч Л.Цэнд-Аюушийг баривчлуулсан, хариуцагч Б. Амаржаргал,   Л.Бадамхорлоо Т.Энхтуяа нар түүнийг сэтгэцийн өөрчлөлттэй гэсэн ойлголтыг олон нийтэд тараасан, Сэтгэц наркологийн эмч П.Хосбаярт Л.Цэнд-Аюушийг сэтгэцийн өөрчлөлттэй гэсэн ойлголтыг өгсөн гэх үйл баримт нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдоогүй нөхцөлд нэхэмжлэлийн шаардлага Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1, 511.2-т заасан үндэслэлээр хангагдах хууль зүйн үндэслэлгүй болно.

Учир нь, шүүх энэхүү хэргийг хянан шийдвэрлэхийн тулд хариуцагч нар нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд заасан ямар арга хэлбэрээр нэхэмжлэгчийн нэр, төр, ажил хэргийн нэр хүндийг  гутаасан болох, энэ нь ямар  мэдээ мэдээллийн хэрэгслээр тараагдсан гэдэг нь тогтоогдоогүй байна.

Шүүх нэхэмжлэгчийг шаардлагын үндэслэл нотлогдоогүй гэж дүгнэхдээ нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, эргэлзээгүй, тал бүрээс бодитойгоор харьцуулан үнэлэх Иргэний хэрэг шүүхэд шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчөөгүй ба нэхэмжлэгч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан нотлох үүргийнхээ хүрээнд нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ нотлож чадаагүй байна. 

            Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй тохиолдолд хариуцагч нар нь Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2 дахь хэсгийн “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ” гэсэн зохицуулалтын дагуу хариуцагч нарт  хариуцлага хүлээх үүрэг үүсэхгүй  үүний улмаас Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг  “гутаасан мэдээ тараасан” гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул нэхэмжлэгчийн эдийн бус гэм хорыг арилгуулахаар шаардах эрх  үүсэхгүй юм.

Нэр төр гэдэг нь иргэний зан суртахуун, ёс зүй, ажил үйлс, мэргэжлийн шинжийн талаарх эерэг үнэлгээ юм. Алдар хүнд нь нэр төртэй салшгүй холбоотой ойлголт юм. Иргэний нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаасан гэдэгт бодит байдалд нийцэхгүй,мэдээ мэдээллийг  өөр хэн нэгэн этгээдэд мэдээлсэн байхыг ойлгоно.

Иймд нэхэмжлэгч Л.Цэнд-Аюушийн шүүхэд гаргасан эдийн бус гэм хорыг арилгуулах шаардлага бүхий хариуцагч нарт холбогдох нэхэмжлэл нь Иргэний хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.5-д заасан гэм хор учруулснаас иргэний эрх зүйн харилцаа үүсээгүй, 9 дүгээр зүйлийн 9.4.5-д зааснаар эдийн бус гэм хорыг арилгуулах иргэний эрх зүйн хамгаалалтын аргыг шүүх хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

 Анхан шатны шүүх хэргийн дээрх нөхцөл байдал болон маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нарын  давж заалдах журмаар гаргасан  гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Хуульд зааснаар   нэхэмжлэгч талын  давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 628150 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 153/ШШ2019/00528 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар нэхэмжлэгч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 628150 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                    Б.ДАМБА

 

                                   ШҮҮГЧИД                                          Н.МӨНХЖАРГАЛ

 

                                                                                             Н.ТУЯА