Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 00528

 

2019 оны 11 сарын 14 өдөр

Дугаар 153/ШШ2019/00528

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Марина даргалж, ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, шүүгч С.Оюунжаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 13-... тоотод оршин суух, ... регистрийн дугаартай, Пугнич овогт Л-ийн Ц-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн 5-... тоотод оршин суух, .. регистрийн дугаартай, Ховд аймгийн И-ийн дарга ажилтай, Боролдой овогт Б-ын С,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн ..-р байрны ... тоотод оршин суух, .. регистрийн дугаартай, Х ажилтай, Олхонууд овогт Б-ийн А,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Магсаржав багийн Алтайн буйластын 2-.. тоотод оршин суух, .. регистрийн дугаартай, Х ажилтай, Магсар овогт Л-ийн Б,

Хариуцагч: Ховд аймгийн Буянт сумын Норжинхайрхан багт оршин суух, ... регистрийн дугаартай, Ховд аймгийн Буянт сумын Эрүүл мэндийн төвд эрхлэгч эмч ажилтай, Соёон овогт Тогтохын Энхтуяа нарт холбогдох нэр төр, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх, 80,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, хариуцагч Б.С, Л.Б, Т.Энхтуяа, хариуцагч Б.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч Л.Б, Т.Энхтуяа нарын өмгөөлөгч Ж.Энхжаргал, хариуцагч Б.Сгийн өмгөөлөгч М.Эрдэнэ-Оюун, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Л.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Өмнөговь аймаг руу ажлаар явах төлөвлөгөөний дагуу 2019 оны 5 дугаар сарын 06-ны өглөө 8 цагт аймгийн Хөгжим драмын театрын үүдэнд цугларна гэсэн боловч хүмүүс цагтаа бүрэн цуглараагүй тул 10 цаг орчимд Ховд аймгаас хөдөлсөн. Бид явсаар Дарви сумын төвд зогсож Бумбат алтай цайны газарт орж хоол идсэн. Миний сэтгэл хямраад байсан тул би уйлж бухимдлаа тайлах гэж гараараа 2 удаа ширээ цохьсон. Өөр ямар нэгэн үйлдэл гаргаагүй тайвшираад хоол идсэн. Энэ хугацаанд бид нарын дунд ямар нэгэн маргаан, зөрчил гараагүй. Дараа нь автобусанд явсан хүмүүс автобусандаа суухад миний авч явсан ачааг автобуснаас гаргаж газарт тавьсан байсан. Би ачаагаа буцааж автобусанд оруулж тавьсан. Гэтэл аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга ажлын хэсгийн ахлагч Б.С нь автобусан дотор галзуу хүн явж байна гэж Дарви сумын цагдаад дуудлага өгсөн байсан. Намайг бие засчихаад автобусны дэргэд ирэхэд Дарви сумын цагдаа баривчилсан. Б.С нь намайг Н.Энхбаярыг баривчилдаг шиг баривчлуулан аймгийн төврүү хүргүүлсэн.

Тэгээд Дарви сумын хэсгийн цагдаа намайг аймгийн БОЭТ-ийн 103-д хүргэж ирэхэд миний даралт ихэссэн байсан. Миний биеийг П.Хосбаяр гэдэг эмч үзэж эм тариа хийгээд манай ах Л.Цэнджав, дүү Л.Чулуунбаатар нарыг дуудаж намайг хүлээлгэн өгсөн.

Хариуцагч Б.С нь намайг галзуу гэж доромжлон, миний нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээ олон нийтийн дунд тараасны улмаас миний сэтгэл санаа хямарч даралт ихсэн сэтгэл санааны дарамтанд орж эмчилгээ хийлгэхэд хүрсэн. Хариуцагч Б.С, Л.Б, Б.А, Т.Энхтуяа нар нь намайг сэтгэцийн өөрчлөлттэй гэсэн ойлголтыг олон нийтэд тарааж, БОЭТ-ийн сэтгэцийн эмч П.Хосбаярт сэтгэцийн өөрчлөлттэй галзуу гэсэн ойлголт өгсөн байсан. БОЭТ-ийн сэтгэцийн тасгийн эмч П.Хосбаяр нь Б.С, Л.Б, Б.А, Т.Энхтуяа нарын мэдээлэлд итгэж намайг үзэж оношлолгүйгээр сэтгэцийн хурц хордлоготой өвчтөнд тарьдаг аминазин гэдэг хүчтэй тариа тарьсны улмаас миний бие гүн хямралд орж түр хугацаанд зүрх зогссон байсан. Миний бие хямарч, тайвширч чадахгүй байсан учир ар гэрийнхэн маань миний зүрх түр зуур зогссон талаар надад хэлээгүй байна.

Би ч эмнэлэгт очоод надад үндэслэлтэй онош тавьж зөв эмчилгээ хийхгүй, сэтгэцийн өөрчлөлттэй галзуу өвчтэй гэж эмчилэх нь ойлгомжтой байсан тул эмнэлэгт хандаж эмчлүүлэх итгэлгүй болсон.

Миний бие хариуцагч Б.С, Л.Б, Б.А, Т.Энхтуяа нараар сэтгэцийн өөрчлөлттэй, галзуу өвчтэй гэж гутаалгаж доромжилуулсны улмаас сэтгэл санааны таагүй байдалд орж, буруу тариа хийлгэсний улмаас зүрх түр зуур зогсож, даралт ихсэн, гэрээрээ эмчилгээ хийлгэж одоог хүртэл тайвширч чадахгүй байна. Миний бие сэтгэцийн өөрчлөлттэй, галзуу өвчтэй гэж олон нийтийн дунд гутаан доромжлогдсоны улмаас эмнэлэг эрүүл мэндий байгууллагад хандах итгэлээ алдаж, олон нийт нийгмийн амьдралд идэвхитэй оролцож чадахгүй дарамтанд орж, эрүүл мэнд, сэтгэл санаа, бие махбодын гүн хямралд орж эрүүл мэнд, нэр төр, ажил хэргийн нэр хүндээрээ хохирч байна.

Иймд хариуцагч Б.С, Л.Б, Б.А, Т.Энхтуяа нараар миний нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээлгэж, сэтгэл санааны хохирол болох 80,000,000 төгрөгийг хариуцагч Б.С, Б.А, Л.Б, Т.Энхтуяа нараас гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.А нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Энхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Цийн хариуцагч Л.Б, Б.А, Т.Энхтуяа нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох нэр төр сэргээлгэх 50,000,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох нэр төр, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэж 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд нэхэмжлэгч Л.Ц-ийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан ...Б.С, Л.Б, Б.А, Т.Энхтуяа нар нь намайг сэтгэцийн өөрчлөлттэй гэсэн ойлголтыг олон нийтэд тарааж, БОЭТ-ийн сэтгэцийн эмч П.Хосбаярт сэтгэцийн өөрчлөлттэй галзуу гэсэн ойлголт өгсөн байна. Мөн БОЭТ-ийн Сэтгэц наркологийн тасгийн эрхлэгч эмч П.Хосбаяр нь Б.С, Л.Б, Б.А, Т.Энхтуяа нарын мэдээлэлд итгэж намайг үзэж оношлолгүйгээр сэтгэцийн хурц хордлоготой өвчтөнд тарьдаг аменазин гэдэг хүчтэй тариа хийсний улмаас миний бие гүн хямралд орж түр хугацаанд зүрх зогссон байсан. Миний бие Б.С, Л.Б, Б.А, Т.Энхтуяа нараар сэтгэцийн өөрчлөлттэй галзуу өвчтэй гэж гутаалгаж доромжлуулсны улмаас сэтгэл санааны таагүй байдалд орж буруу тариа хийлгэсний улмаас түр зуур зүрх зогсож, даралт ихсэн, гэрээрээ эмчилгээ хийлгэж одоо хүртэл тайвширч чадахгүй байна... гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын хэсэг Өмнөговь аймаг руу ажлаар явж байх замдаа Ховд аймгийн Дарви сумын гуанзанд орсон. Тухайн үед явж байсан бүх хүмүүс тайван биш болсон. Тэнд Т.Энхтуяа эмч, Л.Б эмч бид гурав явж байсан. Эмч нар болохоор би юу болов, яасан гээд гайхаад хоорондоо ярилцсан. Тэгтэл Ц.Энхтуяа эмч Л.Ц нь би нойргүйдэлтэй болчихлоо эмчилж өгөөч Б.А, Л.Б нарт хэлүүзэй гэж хэлсэн гээд Л.Б эмч бид хоёрт хэлсэн. Тухайн үед Сандагаа дарга бид нарыг ахалж явсан юм. Тэгээд мэргэжлийн эмчээс зөвлөгөө авъя гээд сэтгэцийн эмч П.Хосбаяр эмчтэй ярьсан. П.Хосбаяр эмчтэй намайг ярихад ер нь буцаачих, эмчилгээ хийе нааш нь явуулчих, авч явж болохгүй байхаа гэж хэлсэн. Тэр өдрөөр автобусанд зүгээр дуулж хуурдаад явж байсан. Л.Ц-ийн бие ерөнхийдөө тайван биш байна гэж надад бодогдсон. Л.Ц нь гэнэт сууж байгаад цагаан халаадтай эмч нар та нар хоолондоо седуксин хийж хүнийг унтаа байдалд оруулдаг, одоо энэ хоолонд хийсэн юм биш биз гэж хашгираад байсан. Би П.Хосбаяр эмчээс Цийн биеийн ерөнхий байдлыг хэлээд зөвөлгөө авсан. Би Л.Цийг эмнэлэг руу явуулах асуудлыг шийдвэрлээгүй, мэргэжлийн эмч П.Хосбаяр шийдвэрлэсэн.

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх нь нэхэмжлэгч Л.Цийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасан шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь тодорхойгүй, ойлгомжгүй байхад нэхэмжлэлийг хүлээн авч хариуцагчаар татсанд гомдолтой байна. Миний хувьд нэхэмжлэгч Б.Цийг гутаан доромжлоогүй, онош тавиагүй, эмчилгээ хийгээгүй, олон нийтийн дунд гутаан доромжлоогүй, нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаах үйлдлийг гаргаагүй. Учир нь нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гэсэн ойлголт нь өөр хоорондоо нягт уялдаа холбоотой боловч бие даасан агуулгатай байдаг. Нэр төр, алдар хүнд гэдэг нь иргэнд хамааралтай бөгөөд ажил хэргийн нэр төр гэдэг нь иргэн, хуулийн этгээдэд аль алинд нь хамааралтай ойлголт юм. Нэр төр гэдэг нь иргэний зан суртахуун, ёс зүй, ажил үйлс, мэргэжлийн шинжийн талаархи эерэг үнэлгээ юм. Алдар хүнд нь нэр төртэй салшгүй холбоотой ойлголт юм. Апдар хүнд нь тухайн иргэнд нийгэм, найз нөхөд, хамт олон, бусад харилцагч, түншлэгчээс өгч байгаа үнэлгээнд үндэслэсэн тухайн иргэний өөрийнх нь хувийн үнэлэмж юм. Ажил хэргийн нэр хүнд гэдэг нь зах зээлийн харилцаанд оролцогч хувь хүн, хуулийн этгээдэд хамааралтай ойлголт бөгөөд хуулийн этгээд ажил мэргэжлийн болон албан тушаалын үүргээ бусдын өмнө хүлээсэн гэрээний болон бусад үүргээ хэрхэн биелүүлж байгаагаас ихээхэн шалтгаална. Тэрээр дээрх үүрэгтээ шударга хандаж түүнийгээ хэрэгжүүлж байвал ажил хэргийн нэр хүнд нь тогтвортой байдаг. Гэтэл миний хувьд дээрх үйлдлийг гаргаагүй Л.Цийг гутаан доромжилсон, олон нийтэд тараасан, үйлдэл байхгүй бөгөөд БОЭТ-ийн эмч П.Хосбаяраас мэргэжлийн зөвлөгөө авсан үйлдэл байдаг. Мөн нэхэмжлэгч Л.Ц нь нэхэмжлэлийн үндэслэлдээ Дарви сумын төвд түр зогсож Бумбат алтай цайны газарт орж хоол идсэн. Миний сэтгэл хямраад байсан тул би уйлж бухимдлаа тайлах гэж гараараа 2 удаа ширээ цохьсон... гэж болсон үйл явдлын талаар нэхэмжлэлийн үндэслэлдээ үүнийг үгүйсгээгүй бичсэн байна.

Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэрч П.Хосбаярын гэрчийн мэдүүлэгээр БОЭТ-ийн Сэтгэц наркологийн тасгийн эрхлэгч эмч П.Хосбаяр нь Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-т заасны дагуу үзлэг хийж, онош тавьж, эмчилгээ хийсэн байна.

Иймд хариуцагч Б.А нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зуйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Т.Энхтуяа шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгч Л.Цийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.С, Л.Б, Б.А, Т.Энхтуяа нарт холбогдуулан гаргасан нэр төр сэргээлгэх 50,000,000 төгрөг гаргуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох нэр төр, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх 30,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагуудыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч Л.Цийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан ...Б.С, Л.Б, Б.А, Т.Энхтуяа нар нь намайг сэтгэцийн өөрчлөлттэй гэсэн ойлголтыг олон нийтэд тарааж, БОЭТ-ийн сэтгэцийн эмч П.Хосбаярт сэтгэцийн өөрчлөлттэй, галзуу гэсэн ойлголт өгсөн байна. Мөн БОЭТ-ийн сэтгэц наркологийн тасгийн эрхлэгч эмч П.Хосбаяр нь Б.С, Л.Б, Б.А, Т.Энхтуяа нарын мэдээлэлд итгэж намайг үзэж оношлолгүйгээр сэтгэцийн хурц хордлоготой өвчтөнд тарьдаг аминазин гэдэг хүчтэй тариа хийсний улмаас миний бие гүн хямралд орж түр хугацаанд зүрх зогссон байсан. Миний бие Б.С, Л.Б, Б.А, Т.Энхтуяа нараар сэтгэцийн өөрчлөлттэй, галзуу өвчтэй гэж гутаалгаж доромжлуулсны улмаас сэтгэл санааны хүнд байдалд орж буруу тариа хийлгэсний улмаас зүрх түр зуур зогсож, даралт ихсэн, гэрээрээ эмчилгээ хийлгэж одоо хүртэл тайвширч чадахгүй байна... гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ажлын хэсэг Өмнөговь аймаг руу ажлаар явж байх замдаа Ховд аймгийн Дарви сумын гуанзанд дээр хоол идэхээр буусан. Хоолны газар ороод хоол идээд сууж байтал Л.Ц нь уйлаад, чанга дуугараад миний хоолонд седуксин хийж өгдөг эмч нар байдаг юм уу гэх зэргээр уурлаад байсан. Тэгээд бид нар хоолны газраас гарахад Ховд аймгийн Дарви сумын гуанзанд хооллож байсан нэг дарга Дарви сумын эмчийг дуудаж тариа хийлгээд эмчээс зөвлөгөө авсан. Тус эмч нь фургон машинд суулгаад Ховд аймгийн төв рүү авч явсан. Би тухайн үед архи уусан байсан болохоор ойртоогүй. Тухайн үед Л.Ц-тай хэн ч маргалдаагүй.

Гэрч Л.Энхбаяр, гэрч О.Ганцоож, гэрч Ц.Дамдиндорж, гэрч Г.Эрдэнэчулуун, гэрч Г.Гуйгарбарсхан нарын мэдүүлгээр нэхэмжлэгч Л.Ц-ийн 2019 оны 6 дугаар сарын 05-ны өдөр болсон бодит үйл явдал үнэнээрээ нотлогдон тогтоогдсон.

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх нь нэхэмжлэгч Л.Ц-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасан шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь тодорхойгүй, ойлгомжгүй байхад нэхэмжлэлийг хүлээн авч хариуцагчаар татсанд гомдолтой байна.

Миний хувьд нэхэмжлэгч Б.Ц-ийг гутаан доромжлоогүй, олон нийтийн дунд гутаан доромжлоогүй, нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлд зааснаар иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаах үйлдлийг гаргаагүй, Л.Цийг гутаан доромжилсон, олон нийтэд тараасан, үйлдэл байхгүй.

Мөн нэхэмжлэгч Л.Ц нь нэхэмжлэлийн үндэслэлдээ бид явсаар Дарви сумын төвд түр зогсож Бумбат алтай цайны газарт орж хоол идсэн. Миний сэтгэл хямраад байсан тул би уйлж бухимдлаа тайлах гэж гараараа 2 удаа ширээ цохьсон... гэж болсон үйл явдлын талаар нэхэмжлэлийн үндэслэлдээ үгүйсгээгүй бичсэн байна.

Иймд хариуцагч Т.Энхтуяа би нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөшөөрөхгүй байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Л.Б шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Л.Цийн нэхэмжлэлтэй, хариуцагч Л.Б, Б.А нарт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлага болох нэр төр сэргээлгэх 50,000,000 төгрөг гаргуулах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага болох нэр төр, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх 30,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэхэмжлэгч Л.Цийн нэхэмжлэлийн үндэслэлд дурдсан ...Б.С, Л.Б, Б.А, Т.Энхтуяа нар нь намайг сэтгэцийн өөрчлөлттэй гэсэн ойлголтыг олон нийтэд тарааж, БОЭТ-ийн сэтгэцийн эмч П.Хосбаярт сэтгэцийн өөрчлөлттэй галзуу гэсэн ойлголт өгсөн байна. Мөн БОЭТ-ийн сэтгэцийн тасгийн эмч П.Хосбаяр нь Б.С, Л.Б, Б.А, Т.Энхтуяа нарын мэдээлэлд итгэж намайг үзэж оношлолгүйгээр сэтгэцийн хурц хордлоготой өвчтөнд тарьдаг аминазин гэдэг хүчтэй тариа хийсний улмаас миний бие гүн хямралд орж түр хугацаанд зүрх зогссон байсан. Миний бие Б.С, Л.Б, Б.А, Т.Энхтуяа нараар сэтгэцийн өөрчлөлттэй, галзуу өвчтэй гэж гутаалгаж доромжлуулсны улмаас сэтгэл санааны таагүй байдалд орж, хүчтэй тариа хийлгэсний улмаас түр зуур зүрх зогсож, даралт ихсэн, гэрээрээ эмчилгээ хийлгэж одоо хүртэл тайвширч чадахгүй байна... гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Иргэдийн төлөлөгчдийн хурлын ажлын хэсэг Өмнөговь аймаг руу ажлаар явж байх замдаа Ховд аймгийн Дарви сумын гуанзад орсон. Хорхог хийчихсэн байсан. Намайг ширээнд суусны дараа Л.Ц орж ирээд миний өөдөөс харсан ширээний дээд талын өнцөг хавьд суусан. Тэгэхдээ уйлчихсан ирсэн. Бид бүгдээрээ хоол идэж байсан. Тэгж байтал Л.Ц төлөөлөгч уйлаад миний хоолонд седуксин хийж өгдөг хэн бэ та нар гэж хэлээд ширээ шаасан. Тэгээд би гайхаад чиний хоолонд хэн седуксин хийж өгсөн юм бэ, чи юу яриад байгаа юм бэ гэж Л.Цаас асуусан. Түүнээс өмнө зам зуур явж байхад ажлын албанаас талх, хиам, өндөгтэй зууш бэлдчихсэн өгсөн юм. Би тэрэнд нь хийчихсэн юм байна гэж ойлгосон. Тэгсэн чинь урдаас Л.Ц нь эмч та нар угаасаа тэгдэг биздээ, эмч та нар хүнээс юм авах гээд байсан юм бол миний аав, ээжийн малыг туугаад явахгүй яасан юм бэ, би тэтгэвэрийнх нь зээлийг аваад өгчихөж чадна гэж хашгирсан. Тэгэхээр нь би гайхаад Чи юу яриад байна, ямар эмч чамаас юу авсан юм, тэрийгээ хэлээ гэж асуусан. Тэгээд Л.Ц толгой сэгсрээд ширээ шаагаад орилоод байсан. Тэр үйлдэл гаргаж байгаа үед нь би үнэхээр цочирдсон, айсан байсан. Гурван эмч рүү дайраад байсан. Би Л.Цийн биеийн байдлын талаар Ховд аймгийн Бүсийн оношлогоо эмчилгээний төвийн сэтгэц, наркологийн тасгийн эрхлэгч эмч П.Хосбаяраас зөвлөгөө авсан. Мэргэжлийн эмчээс зөвлөгөө авахад нааш нь явуулчих тариа хийлгэх шаардлагатай юм байна гэж зөвлөж хэлснийг нь Б.Сд хэлсэн.

Би Л.Цийг эмнэлэг руу явуулах асуудлыг шийдвэрлээгүй, мэргэжлийн эмч П.Хосбаяр нь шийдвэрлэсэн. Цагдаагаар явуулсныг үнэндээ мэдэхгүй байна.

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүх нь нэхэмжлэгч Л.Цийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэл нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-т заасан шаардлагыг хангаагүй. Өөрөөр хэлбэл нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл нь тодорхойгүй, ойлгомжгүй байхад нэхэмжлэлийг хүлээн авч хариуцагчаар татсанд гомдолтой байна. Эрүүл мэндийн тухай хуулийн 27 дугаар зүйл, 28 дугаар зүйлд заасан их эмчийн тангараг өргөсөн хүний эмч, миний хувьд нэхэмжлэгч Б.Цийг гутаан доромжлоогүй, онош тавиагүй, эмчилгээ хийгээгүй, олон нийтийн дунд гутаан доромжлоогүй, нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдаагүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Миний хувьд Л.Цийг гутаан доромжилсон, олон нийтэд тараасан үйлдэл байхгүй бөгөөд БОЭТ-ийн эмч Л.Хосбаяраас мэргэжлийн зөвлөгөө авсан үйлдэл байдаг. Мөн нэхэмжлэгч Л.Ц нь нэхэмжлэлийн үндэслэлдээ бид нар Дарви сумын төвд түр зогсож Бумбат алтай цайны газарт орж хоол идсэн. Миний бие хямраад байсан тул би уйлж бухимдлаа тайлах гэж гараараа 2 удаа ширээ цохьсон гэж болсон үйл явдлын талаар нэхэмжлэлийн үндэслэлдээ үгүйсгээгүй бичсэн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1-т зааснаар хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа гэрч П.Хосбаярын мэдүүлгээр БОЭТ-ийн Сэтгэц наркологийн тасгийн эрхлэгч эмч П.Хосбаяр нь Эрүүл мэндийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.9-т заасны дагуу үзлэг хийж, онош тавьж, эмчилгээ хийсэн байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Б.С шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Б.С нь Л.Цийн тус шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэмэгдүүлсэн шаардлагатай танилцаад эс зөвшөөрч байна. Нэхэмжлэлийн үндсэн шаардлага нь нэр төр сэргээлгэх, 50 сая төгрөг гаргуулах нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь нэр төр, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх, 30 сая төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэл нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.

Ховд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, ажлын хэсгийхэн 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Өмнөговь аймаг уруу ажлаар явсан. Уг ажлын хэсгийн бүрэлдэхүүнд аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчид, ажлын албаны зарим мэргэжилтнүүд, зарим сумдын ИТХ-ын дарга, нарийн бичийн дарга нар явсан бөгөөд тэр дунд БОЭТ-ийн их эмч Б.А, БОЭТ-ийн их эмч Л.Б, Буянт сумын их эмч Т.Энхтуяа нар багтаж явсан. Бид аймгийн төвөөс хөдөлж, Ховд аймгийн Дарви суманд хоол идэхээр түр зогссон юм. Биднийг хооллож байхад нэхэмжлэгч Л.Ц нь зүгээр сууж байгаад ширээ цохиод та нар надад седуксин тарьдаг биздээ, судсаар седуксин тарьдагаа болилдоо гээд уйлаад ширээ цохиод байсан. Тэнд хоол идэж байсан хүмүүс бүгд сандралдаж хоолоо дутуу идэх зэрэг байдал үүссэн. Миний хувьд юу болоод байгааг тодруулахаар яагаад ийм үйлдэл гаргаад байгааг мөн бие нь зүгээр үү гэж асуусан. Үүссэн нөхцөл байдлын талаар хэрхэх тухай зөвлөлдөхөд бүрэлдэхүүнд явсан 3 их эмч биеийн байдал хүнд байгаа байх, өмнө нь хэд, хэдэн удаа эмчлүүлж байсан, цаашид хол замд олон хоног явна, энэ янзаараа явбал үнэхээр хэцүү, буцаасан нь дээр гэсэн.

Энэ хугацаанд миний бие Ховд аймгийн БЭОТ-ийн эмч П.Хосбаяртай утсаар холбогдож ярихад Л.Цийн гаргаж байгаа үйлдлийн талаар хамт явж байгаа эмч нараас сонссон, тэд нарт Ховдруу явуулах талаар хэлсэн, хол замд авч явж болохгүй, аймгийн төвд үлдээж яаралтай эмнэлэгт үзүүлэх шаардлагатай гэсэн хариу хэлсэн. Л.Цийн дүү, Хот тохижилт үйлчилгээний газрын дарга Л.Дорждэрэмтэй хэд хэдэн удаа утсаар холбогдож Л.Цийн гаргаж байгаа үйлдлийн талаар хэлж бид яах вэ, ийм байдалд орлоо, мэргэжлийн эмч нар ингэж хэлж байна гэдгээ хэлсэн. Л.Дорждэрэм би бас шийдэж чадахгүй байнаа та нар өөрсдөө мэд гэсэн. Энэ үед Дарви сумын ИТХ-ын дарга Г.Эрдэнэчулуун, засаг дарга Ганцоож, ИТХ-ын нарийн бичгийн дарга Ц.Дамдиндорж нар бас байлцсан бөгөөд сумынхаа эмч, цагдаа нарыг дуудсан байсан. Миний хувьд нэхэмжлэлд дурдсан автобусан дотор галзуу хүн байна гэж Дарви сумын цагдаад дуудлага өгсөн асуудал байхгүй мөн Н.Энхбаярыг баривчилдаг шиг баривчлуулсан зүйл болоогүй юм. Дарви сумын цагдаа, эмч нар Л.Цийг аймгийн төврүү авч явсан. Бид нар цаашаа Өмнөговь аймаг уруу явсан. Энэ хугацаанд бид Дарви суманд 2 цаг орчим саатаж, дээрх арга хэмжээ авсан. Миний бие нэхэмжлэлд дурдснаар Л.Цийг галзуу гэж доромжлон, нэр төр, алдар хүндийг гутаасан мэдээ олон нийтийн дунд тараасан зүйл болоогүй юм.

Миний бие ажлын хэсгийнхний нийтлэг эрх ашиг болон мэргэжлийн эмч нарын зөвлөгөөг л баримтласан. Миний бие нэхэмжпэлд бичсэн сэтгэцийн өөрчлөлттэй гэсэн ойлголтыг олон нийтэд тарааж, сэтгэцийн эмч П.Хосбаярт сэтгэцийн өөрчлөлттэй гэсэн ойлголтыг өгөөгүй.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-т Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэж заажээ.

Хуулийн дээрх заалтаас үзвэл хэн нэгэн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан байх үйлдлийг заасан бөгөөд миний бие Л.Цийн нэхэмжлэлд дурдсан автобусанд галзуу хүн байна гэдэг үг миний амнаас хэзээ ч гараагүй, Л.Цийн нэр төрийг гутаасан ямар нэгэн үйлдэл гаргаагүй, олон нийтэд болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаагүй. Өөрөөр хэлбэл Иргэний хуулийн 21 дүгээр зүйл нь нэр төр, ажил хэргийн хүнд, алдар хүндэд халдсан нөхцөлд холбогдох эрхийг сэргээх шаардлагын үндэслэл болдог. Тиймээс нэхэмжлэгч Л.Ц нь өөрийн нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсан гэж үзэж байгаа бол үүнийгээ баримтаар нотлох үүрэгтэй юм.

Өөрөөр хэлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3, 25 дугаар зүйлийн 25.2.2 дах заалт, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, маргааны үйл баримт, хариуцагчийн гэм бурууг нотолж байгаа үндэслэлээ нотлох үүрэгтэй юм. Гэтэл миний бие Л.Цийн нэр төрийг гутаасан ямар нэгэн үйлдэл гаргаагүй, түүний нэр төрийг гутаан доромжилсон гэх баримт байхгүй тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Л.Ц нь хариуцагч Б.С, Л.Б, Б.А, Т.Энхтуяа нарт холбогдуулан нэр төр, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэж, нийт 80,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хуульд заасан журмын дагуу гаргаж өгсөн бичмэл баримтуудад тулгуурлан дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Л.Ц нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...хариуцагч Б.С нь автобусан дотор галзуу хүн явж байна гэж Дарви сумын цагдаад дуудлага өгч, намайг Н.Энхбаярыг баривчилдаг шиг баривчлуулан аймгийн төврүү хүргүүлсэн. Хариуцагч Б.С, Л.Б, Б.А, Т.Энхтуяа нар нь намайг сэтгэцийн өөрчлөлттэй гэсэн ойлголтыг олон нийтэд тарааж, БОЭТ-ийн сэтгэцийн эмч П.Хосбаярт сэтгэцийн өөрчлөлттэй галзуу гэсэн ойлголт өгсний улмаас БОЭТ-ийн сэтгэцийн тасгийн эмч П.Хосбаяр нь Б.С, Л.Б, Б.А, Т.Энхтуяа нарын мэдээлэлд итгэж намайг үзэж оношлолгүйгээр сэтгэцийн хурц хордлоготой өвчтөнд тарьдаг аминазин гэдэг хүчтэй тариа тарьсны улмаас миний бие гүн хямралд орж түр хугацаанд зүрх зогссон байсан... гэж, хариуцагч нар нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ шүүх хуралдаанд тайлбарлахдаа ...Б.Цийг галзуу гэж хэлээгүй, түүнд онош тавиагүй, эмчилгээ хийгээгүй, түүний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд халдаагүй, БОЭТ-ийн Сэтгэц наркологийн тасгийн эрхлэгч эмч П.Хосбаяр нь өөрийн биеэр үзлэг хийж, өөрөө онош тавьж, эмчилгээ хийсэн гэж тайлбарлалаа.

Хэргийн маргааны үйл явдлаас үзэхэд Ховд аймгийн ИТХ-ын төлөөлөгчид болон ажлын албаны ажилтнууд Өмнөговь аймаг руу туршлага солилцохоор явсан байх бөгөөд Улаанбаатар хотоос цааш явсан ИТХ-ын төлөөлөгчдөөс бусад нэр бүхий төлөөлөгч, ажилтнууд 2019 оны 5 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгаас Өмнөговь аймаг руу автобусаар явсан байна. Ингэхдээ Ховд аймгийн Дарви сумын Бумбат алтай цайны газарт хоолонд орсон бөгөөд энэ үед нэхэмжлэгч Л.Ц нь гараараа 2 удаа ширээ цохиж, чанга дуугарч орилоод, уйлсан болох нь хэрэгт авагдсан гэрч О.Ганцоож, Ц.Дамдиндорж, Л.Энхбаяр, Г.Эрдэнэчулуун, С.Оюунжаргал, Г.Буянт, Ц.Бат-Эрдэнэ, Б.Нямбаяр, П.Мягмарсүрэн, Б.Баяртуяа, Х.Тилеухан, Б.Ганболд нарын мэдүүлэгүүд, шүүх хуралдаанд гаргасан зохигчдын тайлбаруудаар нотлогдож байна.

Улмаар хариуцагч Б.С нь хамт явж байсан хариуцагч Л.Б, Б.А, Т.Энхтуяа нартай Л.Цийн биеийн байдал, түүний гаргаж буй үйлдлийн талаар, цаашид хол замд явж чадах эсэх талаар ярилцсан, мөн хариуцагч Б.С, Л.Б, Б.А нар нь Ховд аймгийн БЭОТ-ийн эмч П.Хосбаяртай, хариуцагч Т.Энхтуяа нь Ховд аймгийн Дарви сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч эмч Б.Должинсүрэнтэй тус тус утсаар холбогдож Л.Цийн гаргаж байгаа үйлдлийн талаар хэлж зөвлөгөө авсан, хариуцагч Б.С, Л.Б, Б.А нар нь нэхэмжлэгч Л.Цийг Ховд аймгийн төв рүү буцаахаар шийдвэрлэсэн болох нь хэрэгт авагдсан гэрч П.Хосбаяр /1-р хав.хх-46-50/, О.Ганцоож /1-р хав. хх-75-79/, Д.Баттөмөр /1-р хав.хх-103-104/, Л.Энхбаяр /1-р хав.хх-108-109/, Г.Эрдэнэчулуун /1-р хав.хх-201-202/, Б.Должинсүрэн /2-р хав. хх-35-38/ нарын мэдүүлэгүүдээр нотлогдож байна.

Гэвч нэхэмжлэгч Л.Цийг хариуцагч нар нь Ховд аймгийн төв рүү буцаахаар шийдвэрлэснээр түүний нэр төр, ажил хэргийн нэр хүндэд хэрхэн нөлөөлж, гутаасан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдохгүй байна.

Мөн нэхэмжлэгч Л.Цийг Ховд аймгийн Дарви сумын төвөөс Ховд аймаг руу буцаахдаа Ховд аймгийн Дарви сумын олон нийтийн байцаагч, хэсгийн цагдаа, эмч нар авч явахдаа ямар нэгэн байдлаар хүч хэрэглэхгүйгээр пургон машинд суулгаж авч явсан болох нь хэрэгт авагдсан гэрч Д.Баттөмөр /1-р хав. хх-103-104/-ийн шүүхэд өгсөн ...манай сумын цэцэрлэгийн нягтлан н.Угтахбаяр над руу яриад иргэдийн хурлаас хүмүүс ирээд чамайг дуудаад байна гэхээр нь замын дээд талын Зоригтын гуанзанд очсон. Л.Ц гэдэг хүн агсам тавиад байна гэсэн, архи уухаараа унадаг хүн байсан гэж ойлгосон. Тэгээд Б.С, Эрдэнэчулуун нартай уулзсан. Б.Сг аймгийн ИТХ-ын дарга болон газрын дарга руу ярь гэж хэлсэн. Б.С нь Батзаяа даргатай яриад авч явах шаардлагатай гэж хэлсэн... ...Л.Цийг пургонд суучих гэхэд суухгүй гэсэн. Тэгэхэд олон нийтийн байцаагч Даваасум, эмч хоёр Л.Цийг бариад явж байсан. Тухайн үед хүч хэрэглэж баривчилсан зүйл байхгүй. Л.Цийг хоёр талаас нь өргөөд пургон машинд оруулсан... гэх мэдүүлэг, гэрч Г.Эрдэнэчулууны шүүхэд өгсөн ...Болсон үйл ажиллагаа бол Л.Цийг ямар ч эсэргүүцэл үзүүлэлгүй пургон машинд суугаад явсныг би харсан. Хүч хэрэглэсэн, баривчилсан асуудал байхгүй гэх мэдүүлэг, гэрч Г.Гуйгарбарсханы шүүхэд өгсөн ...олон нийтийн байцаагч, хэсгийн цагдаа хоёр машинд оруулсан. Тэр хоёр сугадсан ирсэн. Би пургоны хаалга нээж өгсөн. Тэр хоёр голдоо суулгаад аймаг руу явсан... гэх мэдүүлэг, гэрч Д.Даваасумын шүүхэд өгсөн ...тэр өдөр Ховд аймгийн Дарви сумын Цагдаагийн хэсгийн байцаагч Баттөмөр намайг дуудаж, Ховд аймгийн төв рүү хүн хүргэж өгөх хэрэгтэй байна гэсэн. Тухайн үед Л.Цийг машинд суулгах гэхэд тэрээр суухгүй гэж эсэргүүцсэн, тэгээд цагдаа Баттөмөр бид хоёр өргөөд суулгасан... гэх мэдүүлэг, гэрч О.Ганцоожийн шүүхэд өгсөн ...хүч хэрэглэх гэх нь хаашаа юм. Гэхдээ эмч Гуйгарбарсхан, цагдаа Баттөмөр нар Л.Цийг автобусанд сууж байхад нь таныг аймаг руу авч явах шаардлагатай байна гэж хэлээд Л.Цийг машинд суулгаад аваад явсан, ...гэхдээ эмнэлэгийн машинд суухдаа Л.Ц нь явахгүй гэж хэлж байсан. Эмнэлэгийн машинд суухдаа ямар нэгэн ноцолдсон зүйл болоогүй. С дарга болон бусад төлөөлөгч нар надад хандаж цагдаа, эмчээ гаргаж өг, энэ хүний аюулгүй байдлыг хангах ёстой гэж хэлсэн гэх мэдүүлэг /1-р хав. хх-75-79/-үүдээр нотлогдож байна.

Хариуцагч Т.Энхтуяа нь эмч мэргэжилтэй тус мэргэжлээрээ ажиллаж байгаа болох нь хэрэгт авагдсан Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /2-р хав. хх-51/, Анагаах ухааны их сургуулийн дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /2-р хав.хх-52-53/-аар, хариуцагч Б.А нь эмч мэргэжилтэй, тус мэргэжлээрээ ажиллаж байгаа болох нь хэрэгт авагдсан Ажлын байрны тодорхойлолтын хуулбар /хх-64-67/, Ховд аймаг дахь БОЭТ-ийн захирлын 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн Б/126 дугаартай тушаалын хуулбар /2-р хав.хх-68/, Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /2-р хав. хх-74/, Мэргэжлийн дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд /2-р хав.хх-75-81/-аар, хариуцагч Л.Б нь эмч мэргэжилтэй, тус мэргэжлээрээ ажиллаж байгаа болох нь хэрэгт авагдсан Ховд аймгийн БОЭТ-ийн захирлын 2008 оны 8 дугаар сарын 26-ны өдрийн 132 дугаартай тушаалын хуулбар /2-р хав. хх-83/, Ховд аймгийн БОЭТ-ийн захирлын 2014 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн 116 дугаартай тушаалын хуулбар /2-р хав. хх-84/, Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар /2-р хав. хх-85/, Мэргэжлийн дипломын нотариатаар гэрчлүүлсэн хуулбарууд /2-р хав.хх-86/, Ажлын байрны тодорхойлолт /2-р хав.хх-88-91/-аар тус тус нотлогдож байна.

Мөн нэхэмжлэгч Л.Цийн шүүх хуралдаанд гаргасан ...БОЭТ-ийн сэтгэцийн тасгийн эмч П.Хосбаяр нь Б.С, Л.Б, Б.А, Т.Энхтуяа нарын мэдээлэлд итгэж намайг үзэж оношлолгүйгээр сэтгэцийн хурц хордлоготой өвчтөнд тарьдаг аминазин гэдэг хүчтэй тариа тарьсны улмаас миний бие гүн хямралд орж түр хугацаанд зүрх зогссон байсан. Миний бие хямарч, тайвширч чадахгүй байсан учир ар гэрийнхэн маань миний зүрх түр зуур зогссон болохыг хэлээгүй гэх тайлбар нь хэрэгт авагдсан гэрч П.Хосбаярын шүүхэд өгсөн ...Ховд аймгийн БОЭТ-ийн яаралтай тусламж, хүлээн авах тасгийн наад талын орон дээр Л.Ц гуай биеэ хураачихсан байдалтай сууж байсан. Тэгээд би Л.Ц эгчтэй мэндлээд зовиур юу байна гэж асуухад Л.Ц эгч нь зүгээр өвдөх юм алга, алга, алга гэж давтан хэлж байсан. Би дотроо юмаа нуух хандлагатай юм байна гэж бодоод даралт пульсыг нь үзээд аминазин 4 граммаар, натри 16 граммыг судсаар хийлгүүлсэн..., ...аминазин гэдэг тариа нь сэтгэцэд нөлөөт тариа юм. Энэ тариаг эрүүл хүнд 4 граммыг хийхэд тариа хийж эхлээд унтаж эхэлнэ. Сэтгэцийн өөрчлөлт өгсөн хүнд энэ тариаг 4 граммаар тарихад тариаг хийлгэж дуусаад шууд унтдаг юм. Зарим сэтгэцийн хурц өвчтэй хүнд энэ тариаг хийхэд 3 цаг болсон ч унтахгүй. Аминазин тариаг өөр тариатай хавсарч хийж байж зөөлөн даруулгатай хавсарч байж унтдаг юм. Тэгээд би Л.Цид аминазин тариаг 4 граммаар хийгээд 20 минут болоход унтахгүй байхаар нь аминазинг ямар тариатай хавсарч хийх вэ гэж эмчилгээний төлөвлөгөөгөө боловсруулж бодоод тасагтаа очсон... гэх мэдүүлгээр няцаагдаж байна.

Харин гэрч Л.Дорждэрэм нь шүүхэд ...Б.С нь эгчийг наашаа баривчлуулаад явуулсан байсан. Тэгээд эмнэлэг дээр ирээд даралт чинь их байна даралтын тариа хийнэ гэж хэлээд даралтын тариа хийхэд нүд нь харанхуйлаад хүнд болсон. Тэгээд 10 мянгатад байдаг гэртээ арай гэж ороход зүрх нь зогсоод, хэдэн өдөр ухаантай, ухаангүй хүн байсан, ...намайг очихоос өмнө тийм зүйл болсон. Ер нь биеийн байдал нь муу байсан. Хүнтэй юм ярихгүй, зүрх нь зогсоод байсан. Би тэр өдөр эмнэлэг дээр байгаагүй. 2019 оны 5 сарын 06-ны өдрийн орой 10 цагийн үед очиж уулзсан гэх мэдүүлэг өгсөн боловч тэрээр мэдүүлэгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй тул түүний мэдүүлгийг хэрэгт баримтаар үнэлээгүй болно.

Иймд хэрэгт авагдсан гэрч П.Хосбаяр, Л.Эрдэнэцэцэг, О.Ганцоож, Д.Баттөмөр, Г.Жанцан, Ц.Дамдиндорж, Л.Энхбаяр, Г.Эрдэнэчулуун, Г.Гуйгарбарсхан, Д.Даваасум, Б.Должинсүрэн, С.Оюунжаргал, Г.Буянт, О.Очирбат, Ц.Азбилэг, Г.Пүрэвганди, Ц.Бат-Эрдэнэ, Б.Нямсүрэн, Б.Нямбаяр, П.Мөнхбат, П.Мягмарсүрэн, Б.Баяртуяа, Х.Тилеухан, Б.Ганболд нарын мэдүүлэгүүдээр хариуцагч Б.С нь автобусан дотор галзуу хүн байна гэж Дарви сумын цагдаад дуудлага өгсөн, нэхэмжлэгч Л.Цийг баривчлуулсан, түүнийг сэтгэцийн өөрчлөлттэй гэсэн ойлголтыг олон нийтэд тараасан, сэтгэцийн эмч П.Хосбаярт Л.Цийг сэтгэцийн өөрчлөлттэй гэсэн ойлголтыг өгснөөр эмч П.Хосбаяр нь түүнийг үзэж оношлолгүйгээр аминазин гэдэг тариа тарьсан, үүний улмаас Л.Ц нь сэтгэл санааны таагүй байдалд орж, түүний зүрх түр зогсож, даралт нь ихсэж, нойргүй болсон болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдохгүй байх бөгөөд энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл хариуцагч нарын ямар буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Л.Цийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд гутаагдсан болох нь нотлогдохгүй байхад хариуцагч нарыг гэм буруутай гэж үзэн нэхэмжлэл гаргасан нь Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.1-д заасан бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ бодит байдалд нийцэж байгааг нотолж чадахгүй бол эд хөрөнгийн хохирол арилгасныг үл харгалзан, эдийн бус гэм хорыг мөнгөн болон бусад хэлбэрээр арилгах үүрэг хүлээнэ гэсэнтэй нийцэхгүй байна. Тодруулбал, хохирол учруулсан этгээд гэм буруутай байх, хохирол учирсан байх, хохирол учруулсан үйлдэл болон үйлдэл хохирлын хооронд шалтгаант холбоо байх гэсэн урьдчилсан нөхцөл хангагдаагүй байна.

Харин урьд нэхэмжлэгч Л.Цийн толгой өвдөж, нойргүйдэлтэй байсан болох нь хэрэгт авагдсан Ховд аймгийн БОЭТ-ийн өвчний түүхийн хуулбар /1-р хав.ХХ-80-93/-аар, хариуцагч Т.Энхтуяагийн шүүх хуралдаанд гаргасан ...Л.Ц нь 2018 оны хавар манай эмнэлэгт унтаж чадахгүй байна, юмнаас айгаад байна гэж хэлээд үзүүлээд манай эмнэлэгт 1 хоноод маргааш нь аймаг явна гэж хэлээд явсан гэх тайлбараар нотлогдож байна.

Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2-д Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах үүрэг хүлээнэ гэжээ.

Нэхэмжлэгч Л.Ц нь хариуцагч Б.С, Б.А, Т.Энхтуяа, Л.Б нарт холбогдуулан нэр төр, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа нэхэмжлэлийн шаардлагаа тодруулаагүй, өөрөөр хэлбэл ямар байдлаар түүний нэр төр, ажил хэргийн нэр хүнд нь гутаагдсан, хариуцагч нарын ямар буруутай үйлдлээс түүний нэр хүнд нь яаж гутаагдсан зэрэг байдлуудыг тодруулаагүй, энэхүү шаардлагыг шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдаан дээр тодруулахаар асуусан боловч тэрээр нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлээ тодорхойлж чадахгүй байна.

Иймд хариуцагч нар нь нэхэмжлэгч Л.Цийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан, бодит байдалд нийцээгүй мэдээ, мэдээллийг хэн нэгэн этгээдэд тараасан гэх үйлдэл нотлогдохгүй байх тул нэхэмжлэгч Л.Цийн нэхэмжлэлтэй хариуцагч Б.С, Б.А, Т.Энхтуяа, Л.Б нарт холбогдуулан гаргасан нэр төр, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх, 80,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар 1-р хавтаст хэргийн 54-58 дугаар хуудаст авагдсан хариуцагч Б.Аын тус хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлэг, 1-р хавтаст хэргийн 213-215 дугаар хуудаст авагдсан хариуцагч Т.Энхтуяагийн тус хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлэг, 2-р хавтаст хэргийн 62-70 дугаар хуудаст авагдсан хариуцагч Л.Бгийн тус хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлэгүүд нь нотолгооны ач холбогдолгүй байх тул нотлох баримтаас хасах нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 54 дүгээр зүйлийн 54.1.4-д зааснаар Ховд аймгийн Стандартчилал, хэмжил зүйн газраас ирүүлсэн нотлох баримтыг цуглуулахад холбогдуулан гарсан зардал 10,250 төгрөгийг нэхэмжлэгч Л.Цаас гаргуулан Ховд аймгийн Стандартчилал, хэмжил зүйн газарт олгохоор шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 786,100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

2-р хавтаст хэргийн 54-58 дугаар хуудаст авагдсан зээлийн гэрээний хуулбар, 2-р хавтаст хэргийн 59-62 дугаар хуудаст авагдсан барьцааны гэрээний хуулбар, 2-р хавтаст хэргийн 69-71 дугаар хуудаст авагдсан зээлийн гэрээ, 2-р хавтаст хэргийн 72-73, 103-105 дугаар хуудаст авагдсан барьцааны гэрээ, 2-р хавтаст хэргийн 92-93 дугаар хуудаст авагдсан зээлийн гэрээний хуулбар, 2-р хавтаст хэргийн 94-95, 99-102 дугаар хуудаст авагдсан орон сууцны зээлийн гэрээний хуулбар, хавтаст хэргийн 96-97 дугаар хуудаст авагдсан зээлийн эргэн төлөлтийн хуваарийн хуулбар, 2-р хавтаст хэргийн 98 дугаар хуудаст авагдсан Орон сууцны барилгыг ашиглалтанд оруулах, зээлийн гэрээний үүргийг хангуулах гурвалсан гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2-р хавтаст хэргийн 113 дугаар хуудаст авагдсан гадаад хэл дээрх материал, 2-р хавтаст хэргийн 114-115 дугаар хуудаст авагдсан эмийн заавар гэх материал, 2-р хавтаст хэргийн 117 дугаар хуудаст авагдсан Эрүүл мэнд, спортын сайдын тушаалын хуулбар, түүний хавсралтууд /хх-116-120/, 2-р хавтаст хэргийн 121-123 дугаар хуудаст авагдсан эмийн лавлах номын хуулбарууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангаагүй, хэрэгт хамааралгүй байх тул тус хэрэгт нотлох баримтаар үнэлээгүй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3 , 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1-д зааснаар Л.Цийн нэхэмжлэлтэй, хариуцагч Б.С, Б.А, Л.Б, Т.Энхтуяа нарт холбогдох нэр төр, ажил хэргийн нэр хүнд сэргээлгэх, 80,000,000 /наян сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д зааснаар 1-р хавтаст хэргийн 54-58 дугаар хуудаст авагдсан хариуцагч Б.Аын тус хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлэг, 1-р хавтаст хэргийн 213-215 дугаар хуудаст авагдсан хариуцагч Т.Энхтуяагийн тус хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлэг, 2-р хавтаст хэргийн 62-70 дугаар хуудаст авагдсан хариуцагч Л.Бгийн тус хэрэгт гэрчээр өгсөн мэдүүлэгүүдийг нотлох баримтаас хассугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 54 дүгээр зүйлийн 54.1.4-д зааснаар Ховд аймгийн Стандартчилал, хэмжил зүйн газраас ирүүлсэн нотлох баримтыг цуглуулахад холбогдуулан гарсан зардал 10,250 /арван мянга хоёр зуун тавь/ төгрөгийг нэхэмжлэгч Л.Цаас гаргуулан Ховд аймгийн Стандартчилал, хэмжил зүйн газарт олгосугай.

4.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 786,100 /долоон зуун наян зургаан мянга нэг зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАРИНА

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

ШҮҮГЧ С.ОЮУНЖАРГАЛ