Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 07

 

 

 

Капитал банк ХХК дахь Банкны эрх

хүлээн авагчийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, шүүгч Б.Дамба, Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 153/ШШ2019/00578 дугаар шийдвэртэй, Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-43 Капитал банкны байранд байрлах, Капитал банк ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн Оюу-Мандал 35 айлын 00 тоотод оршин суух, Орлъяс овогт Манжийн Бат-Эрдэнэ /ПД68020976/-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Басбишийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Туяагийн илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэхишиг, нарийн бичгийн даргаар О.Ням-Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэлийн шаардлага: Үндсэн зээлийн үлдэгдэл 3,654,650 төгрөг, зээлийн хүү 2,215,367.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 388,287.53 төгрөг, нотариатын хөлс 4,000 төгрөг, нийт 6,262,305.08 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: Зээлдэгч М.Бат-Эрдэнэ нь 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр №ЗГ-2015/099 тоот зээлийн гэрээ байгуулж 8,000,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэйгээр 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цалингийн зээл авсан.

Зээлдэгч Манж овогт Бат-Эрдэнэ нь гэрээний хугацаанд үндсэн зээлээс 4,345,350 төгрөг, үндсэн зээлийн хүүнд 1,720,739.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 12,795.32 төгрөг. Нийт 6,078,884.8 төгрөгийг төлсөн.Зээлдэгч Манж овогт Бат-Эрдэнийн банктай байгуулсан №ЗГ-2015/099 тоот зээлийн гэрээний ерөнхий хугацаа 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр дуусгавар болсон.

Зээлийн №ЗГ-2015/099 тоот гэрээний дагуу 2019 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн байдлаар төлөгдөөгүй үндсэн зээлийн үлдэгдэл 3,654,650 төгрөг, үндсэн зээлийн хүүний үлдэгдэл 2,215,367.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 388,287.53 төгрөг, нотариатын хөлс 4000 төгрөг, нийт 6,262,305.08 төгрөгийг Манж овогт Бат-Эрдэнээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч хариу тайлбартаа: Миний бие бие нь 2015 оны 7 сард Капитал банкнаас 8,000,000 төгрөгийн цалингийн зээлийг 24 сарын хугацаатай авч сар бүр 413781 төгрөг төлж байсан. Зээлээ 2017 онд бүрэн төлж дууссан.

Зээлийн үлдэгдэл байгаа талаар Капитал банк уулзаж шаардлага тавьж, албан бичиг өгч байгаагүй. Зээл авснаас хойш 5 жил болох гэж байхад гэнэт Капитал банкны эрх хүлээн авагчаас 6,262,305.08 төгрөгийн нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй юм гэжээ.

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 153/ШШ2019/00578 дугаар шийдвэрээр:”1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 240 дүгээр зүйлийн 240.1.5-д заасныг баримтлан хариуцагч М.Бат-Эрдэнээс үндсэн зээл 3,654,650 төгрөг, зээлийн хүү 532,746.62 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 51,763.38 төгрөг, нийт 4,239,160 /дөрвөн сая хоёр зуун гучин есөн мянга нэг зуун жар/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,023,145.08 /хоёр сая хорин гурван мянга нэг зуун дөчин таван төгрөг найман мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар энэхүү нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч М.Бат-Эрдэнээс улсын тэмдэгтийн хураамж 82.777 /наян хоёр мянга долоон зуун далан долоо/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай”  гэж шийдвэрлэжээ.

   Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга: Зээлийн гэрээний дагуу 8,000,000 төгрөгийг зээлдэгч М.Бат-Эрдэнэ авсан бөгөөд банкны зээл, хүү төлбөрийг буцаан төлөх хуваарийн дагуу төлж барагдуулсан байхад нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэхишиг тус шүүх хуралд мэдүүлэхдээ М.Бат-Эрдэнэ нь 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс хойш зээлийн төлөлт хийгээгүй гэж мэдүүлсэн нь энэ хэрэгт нотлох баримтаар авагдсан банкны гэрээ, хүүний төлбөрийг буцаан төлөх хуваарийн дагуу 2017 оны 3 дугаар сарын төлбөрт 413,780.90 төгрөгийг төлж байсан баримт буюу нотлох баримтаас зөрүүтэй байдаг.

Нэхэмжлэгч болон хариуцагч нар ийнхүү хоорондоо маргалдаж байгааг шүүх анхаарч хариуцагчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэх зорилгоор шинжээч томилж дүгнэлт гаргалгүй зөвхөн нэхэмжлэгчийн мэдүүлгийг нотлох баримт болгон шүүхийн шийдвэр гаргаж хууль буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа бөгөөд энэ хэрэгт эдийн засгийн шинжээч томилж дүгнэлт гаргуулах зайлшгүй шаардлагатай тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхэд хэргийг буцаана уу гэжээ.

 

                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж, хэрэгт авагдсан нотлох баримт, зохигчдын тайлбарыг хуульд нийцүүлэн үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Нэхэмжлэгч Капитал банк ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь үндсэн зээл   3.654650 төгрөг, зээлийн хүү 2.215.367.55 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 388.287.53 төгрөг, нотариатын хөлс 4.000 төгрөг  бүгд 6.262.305.08 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хариуцагч М.Бат-Эрдэнэд холбогдуулан  гаргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хариуцагчийн төлөөлөгч эс зөвшөөрч давж заалдах журмаар  гомдол гаргасан байна.

Нэхэмжлэгч,  хариуцагч нь  гэрээний хугацаанд үндсэн зээл 4.345.350 төгрөг, үндсэн зээлийн  хүү 1.720.739.48 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 12.795.32 төгрөг бүгд 6.078.884.8 төгрөгийг төлсөн.2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс хойш зээлийн эргэн төлөлт хийгээгүй, зээлийн гэрээнд зааснаар эргэн төлөлтийн хуваарийг мэдэж байсан, гэрээний хугацаа 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр дуусаж байсан тул банкны эрх хүлээн авагчийн зүгээс 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдрөөр тооцоолол хийгээд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж тайлбарлажээ.

            Хариуцагчийн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ Капитал банктай 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 8.000.000 төгрөгийн зээл авсан бөгөөд энэ хугацаанд үндсэн зээл 8.000.000 төгрөг, зээлийн хүү 1.930.700 төгрөг нийт 9.930.700 төгрөгийг 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр төлж зээлийг графикийн дагуу бүрэн төлж  дуусгасан. Капитал банк нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй гэж тайлбарласан байна.

Хэрэгт авагдсан баримтаар талууд 2015 оны 7 дугаар сарын 23-ны өдөр   зээлийн №ЗГ-2015/099 тоот гэрээ байгуулан 8.000.000 төгрөгийг 24 сарын хугацаатай,жилийн 21.60 хувийн хүүтэй байхаар тохиролцжээ.Энэхүү гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйл 451.1.-д зааснаар байгуулагдсан байна. Хэргийн 13 дугаар тал дахь Капитал банкны мемориалын баримтаар зээлдүүлэгч нь   зээлдэгчид 8.000.000 төгрөгийн зээл олгосон байх ба энэ талаар  талууд маргахгүй байна.

Талууд хооронд байгуулсан зээлийн гэрээний 8.3.1.-т “Зээлдэгч гэрээний үүргээ зөрчсөн,эс биелүүлсэн/2 ба түүнээс дээш зөрчлийг ойлгоно/ зөрчсөн.”,  8.3.2.-т Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарь / хавсралт-1/-ийн дагуу төлөөгүй бол банк зээлийн гэрээг өөрийн санаачилгаар дуусгавар болгож, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү болон бусад төлбөр, хураамж хохирлыг шаардана.” гэж тохиролцсон байх бөгөөд гэрээний хугацаа 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр дуусах байжээ.

            Нэхэмжлэгч нь хариуцагчийг  2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс хойш үүргээ биелүүлээгүй гэж, хариуцагчийн төлөөлөгч нь 2015 оны 7 дугаар сарын 23-наас 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр хүртэл зээлийн эргэн төлөлтийн хуваарийн дагуу зээлийг бүрэн төлж дуусгасан гэж маргаж байна.

Хариуцагчийн төлөөлөгч нь  шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх баримтаа  өөрөө шүүхэд гаргаж өгөх үүргээ биелүүлээгүй байна. Өөрөөр хэлбэл хариуцагч нь  зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу   зээлийг бүрэн төлж дуусгасан талаарх нотлох баримтаа шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Нэхэмжлэгч тал гэрээний үүрэг зөрчигдсөн өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс гэрээний хугацаа дуусах 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр  хүртэлх   хугацаанд гэрээг өөрийн санаачилгаар дуусгавар болгож, үндсэн зээл,  зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагч нараас шаардаагүй байна. Түүнчлэн Капитал банк ХХК-ийг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн татан буулгах өдөр хүртэл хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлэх талаар шаардаж байсан эсэх нь  тодорхойгүй байна.

Иргэний хуулийн 240 дүгээр зүйлийн 240.1.5.-д “хууль буюу гэрээнд заасан бусад үндэслэл”-ээр үүрэг дуусгавар болно гэж хуульчилжээ. 

Гэтэл зээлдэгч нь гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн байхад зээлдүүлэгч нь  гэрээний 8.3.1, 8.3.2-т зааснаар “өөрийн санаачилгаар зээлийн гэрээг дуусгавар болгоно.” гэж гэрээгээр тохиролцсон  үүргээ биелүүлээгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч тал гэрээний үүрэг зөрчигдсөн өдөр буюу 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс гэрээний хугацаа дуусах 2017 оны 7 дугаар сарын 23-ны өдөр  хүртэлх  хугацаанд гэрээг өөрийн санаачилгаар дуусгавар болгож, үндсэн зээл,  зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүг хариуцагчаас шаардаагүй байна. Түүнчлэн Капитал банк ХХК-ийг 2019 оны 4 дүгээр сарын 08-ны өдрөөс эхлэн татан буулгах өдөр хүртэл хариуцагчаас гэрээний үүргээ биелүүлэх талаар шаардаж байсан эсэх нь  тодорхойгүй байна.

Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай ач холбогдолтой үнэн зөв талаас нь үнэлж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Хуульд зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 84400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгож  ТОГТООХ нь:

1.  Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 153/ШШ2019/00578 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж,    хариуцагчийн  төлөөлөгчийн   давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Басбишийн улсын тэмдэгтийн хураамжид  төлсөн 84400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                       

 

 

   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       М.НЯМБАЯР

 

                                  ШҮҮГЧИД                                                 Б.ДАМБА

 

                                                                                                     Н.ТУЯА