Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 110/2017/0069/з |
Дугаар | 370 |
Огноо | 2018-10-08 |
Маргааны төрөл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 10 сарын 08 өдөр
Дугаар 370
“О-А” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэдийн
Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд холбогдох
захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Ч.Тунгалаг
Шүүгчид: Г.Банзрагч
Б.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг
Нэхэмжлэлийн шаардлага: “Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 1-д заасан Дэлүүн сумын Засаг даргын Тамгын газрын захиалгаар агнуур зүйн мэргэжлийн байгууллага “А Э” ХХК-ийн хийж боловсруулсан “Ахуунт” агнуурын бүс нутгийн ангийн менежментийн төлөвлөгөө болон зохион байгуулалтын тайланг баталсан хэсэг, 2-т заасан “Ахуунт” бүс нутгийн менежментийн хэрэгжүүлэгчээр Н.Э захиралтай “М А Т” ХХК-тай Амьтны тухай хуулийн 22.3, 22.4, 22.5 дахь заалтууд, Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 93 дугаар тогтоолын 1, 2 дугаар хавсралтад заасны дагуу гэрээ байгуулан ажиллахыг сумын Засаг дарга А.А-т зөвшөөрсөн хэсэг, 4-т заасан ...Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 28 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсон хэсгийг тус тус хүчингүй болгох тухай”
Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 110/ШШ2018/0038 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2018/0382 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А,
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О нарыг оролцуулж,
Нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 110/ШШ2018/0038 дугаар шийдвэрээр: Амьтны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2.4, 7 дугаар зүйлийн 7.6, 22 дугаар зүйлийн 22.3, 22.4, 22.5, 22.6, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.1-ийн ж, 20 дугаар зүйлийн 20.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “О-А” ХХК-ийн тус шүүхэд гаргасан “Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгч-дийн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 26 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 1-д заасан Дэлүүн сумын Засаг даргын Тамгын газрын захиалгаар агнуур зүйн мэргэжлийн байгууллага “А Э” ХХК-ийн хийж боловсруулсан “Ахуунт” агнуурын бүс нутгийн ангийн менежментийн төлөвлөгөө болон зохион байгуулалтын тайланг баталсан хэсэг, 2-т заасан “Ахуунт” бүс нутгийн менежментийн хэрэгжүүлэгчээр Н.Э захиралтай “М А Т” ХХК-тай Амьтны тухай хуулийн 22.3, 22.4, 22.5 дахь заалтууд, Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 93 дугаар тогтоолын 1, 2 дугаар хавсралтад заасны дагуу гэрээ байгуулан ажиллахыг сумын Засаг дарга А.А-т зөвшөөрсөн хэсэг, 4-т заасан Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 28 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсон хэсгийг тус тус хүчингүй болгох”-ыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2018/0382 дугаар магадлалаар: Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 110/ШШ2018/0038 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. “О-А” ХХК-ийн гүйцэтгэх захирал Т.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг, “О-А” ХХК-ны гүйцэтгэх захирал Т.А би Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 110/ШШ2018/0038 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2018/0382 дугаартай магадлалыг тус тус эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4. Анхан болон давж заалдах шатны шүүх “О-А” ХХК-ны нэхэмжлэлтэй Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид холбогдох маргаан бүхий захиргааны акттай холбоотой захиргааны хэргийг хянан шийдвэрлэхэд Ан агнуурын тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэн, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна.
5. Баян-Өлгий аймагт хууль ёсоор үйл ажиллагаа явуулж буй “О-А” ХХК нь Төрийн өмчийн хорооны 1997 оны 11 дүгээр сарын 18-ны 767 дугаар тогтоолоор Баян-Өлгий аймгийн “Ой, ангийн аж ахуй улсын үйлдвэрийн газрыг” хувьчлан авч, түүний суурин дээр үүсэн байгуулагдсан, байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хувийн хэвшлийн хуулийн этгээд юм. “О-А” ХХК нь Засгийн газрын 2013 оны 93 тоот тогтоолоор батлагдсан журмын дагуу Баян-Өлгий аймагт анх удаа агнуурын бүс нутгийн менежментийг нутгийн уугуул иргэдийн оролцоотойгоор байгалийн нөөцийн хамтын менежментэд тулгуурлан агнуур зохион байгуулалтыг мэргэжлийн байгууллагаар хийлгүүлэн ажиллаж байгаа юм. Түүний нэг нь “У а” ХХК-иар агнуур зохион байгуулалтын төлөвлөгөөг хийлгүүлэн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 28 дугаартай тогтоолоор батлуулан ажиллаж байсан юм. Гэтэл Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчид нь 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдөр 28 дугаартай тогтоол үйлдэж “О-А” ХХК-ны агнуурын бүсийн менежментийг сайжруулах тухай 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 28 тоот тогтоолыг хүчингүйд тооцсон явдал юм. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдээс 2014 оны 28 тоот тогтоолыг хүчингүй болгоход Захиргааны ерөнхий хуульд заасан сонсох үйл ажиллагаа явуулаагүй, маш нууц байдлаар хуралдаан хийсэн гэж үзэж байна. Дэлүүн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 28 тоот тогтоолоор Ахунт агнуурын бүс нутгийн менежментийг Баян-Өлгий аймгийн “О-А” ХХК-нд 5 жилийн хугацаатай хариуцуулан хамгаалуулах гэрээ хийж хэрэгжилтийг хангаж тайлагнах, 2015 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хавсралтаар баталсан юм. Өөрөөр хэлбэл тухайн тогтоолоор Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын “Ахунт” агнуурын бүс нутгийн хамгааллын менежментийг хариуцах гэрээг 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл 5 жилийн хугацаагаар байгуулсан юм. Өнгөрсөн хугацаанд “О-А” ХХК нь гадаадын анчдаар ан агнуулснаас орох орлогоос нөхөрлөлүүдийг дэмжин сүүлийн 3 жилд тухайн бүс нутагт 100,0 орчим сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийж Ахунт агнуурын бүс нутагт байгалийн нөөцийн хамтын менежментийг төрийн бодлогод нийцүүлэн үлгэр жишээ хөгжүүлж байгаа юм. Түүнчлэн “О-А” ХХК нь 2014 оноос хойш одоо хүртэл тухайн гэрээний Дөрөв-ийн 4.3.1-4.3.10-д заасан хүлээх үүргээ зохих ёсоор биелүүлэн ажиллаж байсан ба гэрээний үүргээ зөрчөөгүй юм. Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдээс “О-А” ХХК-ны менежментийн гэрээг цуцлах, бусдад шилжүүлэх хууль зүйн болон бусад шалтаг, шалтгаан байхгүй байхад ийнхүү цаана хувийн ашиг сонирхлын зөрчил агуулсан хууль бус шийдвэр гаргасан гэж үзэж байна.
6. Анхан болон давж заалдах шатны шүүх “О-А” ХХК нь 2014 оны 09 дүгээр сараас хойш 2018 оны 08 дугаар сарыг хүртэл 4 жилийн турш Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын “Ахуунт бүс” нутгийн менежментийн хэрэгжүүлэгчээр бодитой үйл ажиллагаа явуулж байсан нь захиргааны хэрэгт цугларсан нотлох баримтуудаар бүрэн нотлогдсоор байхад энэхүү нөхцөл байдлыг онцгойлон анхаарч үзээгүй өөрөөр хэлбэл хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тухайн маргаанд хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж чадаагүй гэж үзэж байна.
7. Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 110/ШШ2018/0038 дугаартай шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221/ШШ2018/0382 тоот магадлалыг тус тус хүчингүйд тооцон, Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 26 тоот тогтоолын 2 дахь хэсэгт заасан “...Ахуунт бүс нутгийн менежментийн хэрэгжүүлэгчээр Н.Э захиралтай “М А Т” ХХК...Амьтны тухай хуулийн 22.3, 22.4, 22.5 заалтууд, Засгийн газрын 2013 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 093 дугаар тогтоолын 1-2 дугаар хавсралтад заасны дагуу гэрээ байгуулан ажиллахыг сумын Засаг дарга А.А-т зөвшөөрсүгэй” гэснийг, мөн тогтоолын 4 дэх хэсэгт заасан “Энэхүү Ахуунт ....бүс нутгуудын менежментийн төлөвлөгөө батлагдсантай холбогдуулан ....Дэлүүн сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 28 дугаар ... тогтоолуудыг...хүчингүй болсонд тооцсугай” гэснийг тус тус хүчингүй болгон нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган нэхэмжлэгчийн хяналтын гомдлыг ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна. Хяналтын гомдолд улсын тэмдэгтийн хураамж төлсөн тасалбарыг хавсаргав.
8. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хянан хэлэлцэх шүүх хуралдаанд нэхэмжлэгч Т.А, өмгөөлөгч Я.С нар бид заавал оролцох тул шүүх хуралдааны товыг урьдчилан мэдэгдэхийг хүсэж байна гэжээ.
9. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Монголын Хуульчдын холбооны гишүүн, өмгөөлөгч Г.Э би Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 38 дугаар шийдвэр болон Нийслэл дэх захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 0382 тоот магадлал нь ЗХШХШТХуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т заасан “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэх хуулийн шаардлагыг хангаагүй гэж үзэж байх тул шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна. Үүнд:
10. Хариуцагч Дэлүүн сумын ИТХ нь маргаан бүхий акт болох 2017 оны 8 сарын 17- ны өдрийн 26 тоот тогтоолыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-т зааснаар шийдвэр гаргах ажиллагаанд нэхэмжлэгчийг татан оролцуулаагүй, 24 дүгээр зүйлийн 24.1-т зааснаар бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй, 26 дугаар зүйлийн 26.1-д зааснаар шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар нэхэмжлэгчид тайлбар, санал гаргах боломж олгоогүй, 27 дугаар зүйлд заасан журмаар сонсох ажиллагааг явуулалгүй маш нууц байдлаар гаргаж Захиргааны ерөнхий хуулийн холбогдох бүхий л зүйл заалтыг зөрчсөн. Гэвч анхан шатны шүүх дээрх хууль зөрчсөн байдлыг огт анхааран үзсэнгүй, ямар ч дүгнэлт хийсэнгүй.
11. Маргаан бүхий акт болох нэхэмжлэгч “О-А” ХХК-ийн эрхийг цуцалсан Дэлүүн сумын ИТХ-ын 2017 оны 08 сарын 17-ны өдрийн 26 тоот тогтоолын үндэслэл нь:
1. “Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20.1.7 /хуульд өөрөөр заагаагүй бол нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх/,
2. Ан амьтны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3 /ИТХ нь агнуурын бүс нутгийг энэ хуулийн 5.3.2-т заасан ан агнуурын менежментийн төлөвлөгөөг үндэслэн тогтооно/,
3. Засгийн газрын 2013 оны 93-р тогтоол /Ангийн журам батлах тухай/ байсан. Ямар үндэслэлээр нэхэмжлэгчийн эрхийг цуцалсан нь тодорхойгүй, анхан шатны шүүх үүнд ямар ч дүгнэлт хийгээгүй.
12. Тус тогтоолын 1 дүгээр хэсгээр тайланг нь баталсан “А Э” ХХК-ийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн хугацаа тухайн үед дууссан байсан, мөн 2 дугаар хэсгээр эрх олгосон “М А Т” ХХК нь ямар үндэслэл, шалгуураар тус эрхийг авч байгаа талаар одоогийн ИТХ-ын даргын хувийн дансанд урьдчилж 38.340.000 төгрөг хийснээс өөр нэг ч баримт, шалгуур үзүүлэлт, тайлан шүүхэд гарган өгөөгүй байхад шүүх энэ байдлыг хууль ёсны гэж дүгнэсэнд гомдолтой байна.
13. Нэхэмжлэгч “О-А” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь маргаан бүхий акт болох Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын ИТХ-ын 2017 оны 08 сарын 17-ны өдрийн 26 тоот тогтоолын зарим хэсгийг хүчингүй болгуулах тухай байсан.
14. Гэтэл анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, Захиргааны ерөнхий хуулийн холбогдох зүйл заалтыг зөрчсөн талаар 19 хуудас шүүхийн шийдвэрт нэг ч өгүүлбэр бичиж дүгнэлт хийгээгүй, хянаагүй атлаа нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч нэхэмжлэгчийг хууль ёсны менежмент хариуцагч мөн эсэхэд 6 үндэслэлээр дугаарлан дүгнэлт бичиж нэхэмжлэгчид менежментийг хариуцах эрхийг анх олгосон 2014 оны 09 сарын 24-ний өдрийн Дэлүүн сумын ИТХ-ын 28 тоот тогтоол болон Дэлүүн сумын засаг дарга, Байгаль орчны газар болон О-А ХХК нарын хооронд байгуулсан 02/14 тоот “Ахунт агнуурын бүс нутгийн хамгааллын менежментийн гэрээ” зэргийг үндэслэлгүйгээр хууль буст тооцож нэхэмжлэгч “О-А” ХХК-ийн 3 жилийн хугацаанд хийсэн ажил, хөдөлмөр улсын төсөвт төлсөн татвар хураамжийг үнэгүйдүүлж, өөрсдийн дураараа ажил хийж мөнгө төлж байсан мэтээр үзсэнд гомдолтой байна.
15. Энэ нь ЗХШХШТХ-ийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасныг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.
16. Анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхээр нотлох баримт цуглуулахдаа зөвхөн гэрчийн мэдүүлэг авах ажиллагаа хийсэн бөгөөд гэрчүүд нь бүгд Дэлүүн сумын иргэдийн төлөөлөгчид буюу өөрөөр хэлбэл энэ хэргийн хариуцагч байсан нь ЗХШХШТХ-ийн 37 дугаар зүйлийн 37.10-т “Дараах хүнийг гэрчээр дуудах болон мэдүүлэг авч болохгүй:”, 37.10.1 -т “Үүргээ гүйцэтгэх замаар хэргийн нөхцөл байдлыг мэдэх болсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч” гэж заасныг ноцтой зөрчсөн.
17. Анхан болон давж заалдах шатны шүүх нь гэрч, хариуцагчийн мэдүүлэгт үндэслэн ИТХ-ын 28 тоот тогтоол болон 02/14 тоот “Ахунт агнуурын бүс нутгийн хамгааллын менежментийн гэрээ”-г хууль бус, тус тогтоол гараагүй болох нь “тогтоогдож байна” хэмээн дүгнээд байгаад гомдолтой байгаа бөгөөд 2018 оны 07 сарын 03-ны өдрийн Баян-Өлгий аймгийн прокурорын газрын 3/72 тоот Тогтоолоор ИТХ-ын 28 тоот тогтоол нь гарсан буюу хуурамч биш болох нь тогтоогдож байгаа тул гуравдагч этгээд “М А Т” ХХК-ийн гомдлоор үүсгэсэн эрүүгийн 181300103 дугаартай хэргийг хаасан.
18. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн төгсгөл хэсэгт “... ангийн бүс нутгийн менежментийн хариуцагчийн эрх, үүргийг 2015 оноос маргаан бүхий захиргааны акт гарах хүртэл “О-А” ХХК нь хэрэгжүүлж ирсэн эрх зүйн үр дагавар үүсгэсэн байх тул 5 жилийн хугацаатай эрх олгосон гэх 28 тоот тогтоолыг Монгол улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүнийг удирдлагын тухай хуулийн 18.1.1-ийн “ж”, 20.1-д заасан журмаар маргаан бүхий захиргааны актын холбогдох хэсгээр хүчингүй болгосныг буруутгах үндэслэлгүй гэж дүгнэлээ” гэж эрх зүйн харилцаа байгааг тогтоосон атлаа дэндүү хийсвэр дүгнэсэнд гомдолтой байна. Хуулийн дээрх зүйл заалт маргаан бүхий акт болох 26 тоот тогтоолын үндэслэлд огт байхгүй бөгөөд хариуцагчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаан дээрх тайлбар бөгөөд шүүх өмгөөлөгчийн тайлбар болон Амьтны тухай хуулийн зүйл, заалтуудыг хэрэглээд, Захиргааны ерөнхий хуулийг огт хэрэглэлгүй хэргийг шийдвэрлэсэн нь шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэж байна.
19. Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 сарын 10-ны өдрийн 38 дугаар шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж шийдвэрлэж өгнө үү. Давж заалдах шатны шүүх хуралдаанд биечлэн оролцох хүсэлтэй тул шүүх хуралдааны товыг мэдэгдэнэ үү гэжээ.
ХЯНАВАЛ:
20. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлал хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан хэрэглэвэл зохих Амьтны тухай хууль, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэргийг хуулийн дагуу үндэслэлтэй шийдвэрлэсэн байна.
21. Нэхэмжлэгчээс “...“Ахуунт” агнуурын бүс нутгийн ...менежментийг хариуцах гэрээг 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл байгуулсан...менежментийн гэрээг цуцлах, бусдад шилжүүлэх шалтгаан байхгүй байхад хувийн ашиг сонирхлын зөрчил агуулсан хууль бус шийдвэр гаргасан...” гэж, хариуцагчаас “...Уг тогтоол нь холбогдох хууль тогтоомж болон Засгийн газрын тогтоолыг зөрчсөн Хурлын тогтоол байсан бөгөөд холбогдох эрх бүхий байгууллага болон иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь өөрийн эрх хэмжээний хүрээнд энэхүү 28 дугаар тогтоолыг хуульд заасны дагуу хүчингүй болгосон...” гэж тус тус тайлбарлан маргажээ.
22. Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 28 дугаар тогтоолоор нэхэмжлэгч “О-А” ХХК-д “Ахунт агнуурын бүс нутгийн менежментийг Баян-Өлгий аймгийн “О-А” ХХК-нд 5 жилийн хугацаатай хариуцуулан хамгаалуулах гэрээ хийж хэрэгжилтийг тайлагнах, 2015 онд хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг хавсралтаар баталсан гэх боловч уг тогтоолыг хуурамчаар үйлдсэн болох нь шинжээчийн 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 09 дүгээр дүгнэлтээр “...Шинжлэгдэж буй Дэлүүн сумын иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 28 дугаартай “Агнуурын бүсийн менежментийг сайжруулах тухай” ...тогтоолыг хуурамчаар үйлдсэн ба ердийн өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн байна...” гэсэн дүгнэлтээр тогтоогдсон байх тул нэхэмжлэгч “О-А” ХХК-д маргаан бүхий актыг хүчингүй болгохыг шаардах эрхгүй юм.
23. Нэгэнт Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хуралдааны 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 28 дугаар тогтоолыг хуурамчаар үйлдсэн, нэхэмжлэгч тухайн бүсийн хууль ёсны менежментийн хариуцагч болох нь нотлогдохгүй байна...” гэсэн анхан болон давж заалдах шатны дүгнэлт үндэслэлтэй байна.
24. “Дэлүүн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2014 онд гаргасан тогтоолуудын эх хувьд 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр шүүхээс хийсэн үзлэг”-ээр 2014 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 28 дугаартай “Агнуурын бүсийн менежментийг сайжруулах тухай” гэсэн тогтоол эх хувиар авагдаагүй, 28 гэсэн дугаартай тогтоол нь “Газрын төлбөрийн хэмжээг шинэчлэн тогтоох тухай” байсан болох нь баримтаар нотлогдож байх тул энэ талаар үйл баримт дурдаж гаргасан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т заасантай нийцээгүй гомдолд хяналтын шатны шүүх хуралдаанаас дүгнэлт өгөх шаардлагагүй гэж үзэв.
25. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн 110/ШШ2018/0038 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 221/МА2018/0382 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ТУНГАЛАГ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН