Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 09

 

 

 

 

М.Мөнгөн-Эрдэнийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Туяа даргалж, шүүгч Б.Дамба, М.Нямбаяр нарын бүрэлдэхүүнтэй хийж,

            Ховд аймаг дахь иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2019/00619 дугаар шийдвэртэй, Ховд аймгийн Манхан сумын Төгрөг гол багт оршин суух /ПЖ90032714/, Зээгийнхэн овогт Мөнхцоожийн Мөнгөн-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах Ховд аймгийн Санхүү хяналт аудитын албанд холбогдох иргэний хэргийг нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн, 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Нямбаярын илтгэснээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд  хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Оюунчимэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэцэнхараацай, нарийн бичгийн даргаар О.Ням-Адъяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Хууль бусаар суутгал хийсэн 956,971 төгрөг гаргуулах тухай.

Нэхэмжлэлийн агуулга: М.Мөнгөн-Эрдэнэ миний бие 2013 оноос эхлэн Ховд аймгийн Жаргалант сумын ерөнхий боловсролын 3 дугаар сургуульд математикийн багшаар ажиллаж эхэлсэн. 2017 оны хавар сургуулийн захиргаанд хүсэлт гаргаж чөлөө авсан. Тэр  үед надад багш нарт олгосон нөүтбүүк 1 ширхэг, сургуулиас засуулахаар өгсөн принтер 1 ширхэг байсан.

Миний бие нь яаралтай Улаанбаатар хот явах ажилтай байсан тул принтерийг засварлаж хүлээлгэж өгч амжилгүй явсан. Харин нөүтбүүк нь надад хувиарлагдсан учир хүлээлгэж өгөх шаардлагагүй байсан. Ингээд 2018 оны зун сургуулийн захиргаанаас над руу утсаар “Манай сургууль дээр аудитын шалгалт ирсэн байна. Нөгөө нөүтбүүк принтерээ авчирж өг” гэж ярьсан. Утсаар ярих үед би Улаанбаатар хотод эмнэлэгт дүүгээ сахиж байсан учраас 7 хоногийн дараа нөүтбүүк, принтерийг сургууль дээр авчирч өгөхөд сургуулийн захиргаанаас комисс гаргаж сериал дугаараар нь тулгаж хүлээн авсан.

 М.Мөнгөн-Эрдэнэ миний бие нь чөлөөний хугацаа дуусаад эргэж ажилдаа орох гэсэн боловч 3 дугаар сургуулийн захирал Д.Гантогоо “чиний оронд хүн авчихсан. Орон тоо байхгүй” гэсэн. Ингээд би Ховд аймгийн Манхан сумын ерөнхий боловсролын дунд сургуульд багшаар ажиллах болсон.

Гэтэл 2019 оны зуны амралтын мөнгөнөөс 956,971 төгрөгийг шууд суутгаад авсан байна. Мөн актын үлдэгдэл төлбөрийг суутгаж авна гэж байгаа.

Миний бие нь сургуулийн эд хөрөнгийг бүрэн бүтэн хүлээлгэн өгсөн атал акт тавигдсан гэж миний цалин хөлснөөс үндэслэлгүйгээр суутгаж намайг хохироосон. Иймд Ховд аймгийн Санхүү хяналт аудитын албанаас хууль бусаар суутгал хийсэн 956,791 /есөн зуун тавин зургаан мянга долоон зуун ерэн нэг/ төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн тайлбарын агуулга: Жаргалант сумын 12 жилийн 3 дугаар сургуулийн 2016-2017 онуудын санхүүгийн үйл ажиллагаанд Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албаны 2018 оны хяналт шалгалтын төлөвлөгөөнд тусгагдан баталсан бөгөөд Санхүүгийн хяналт аудитын албаны даргын баталсан 35-04-08 тоот удирдамжаар 2018 оны 5 дугаар сарын 14-31-ний хооронд шалгалт хийсэн.

Шалгалтыг тус албаны улсын ахлах байцаагч Ц.Давааням ахалж, бид 2 хамтарч ажилласан. М.Мөнгөн-Эрдэнэтэй холбоотой дутагдсан нөөтбүүк нь тус сургуулийн сургалтын үйл ажиллагаанд зориулан ашиглагдах байтал өгөлгүй аваад явсан мөн өнгөт принтер нь н.Эрдэнэчимэг захирлын үед ашиглаж байсан бөгөөд дараагийн захирал н.Бөхболд нь хэвийн ажиллагаатай байсныг багш М.Мөнгөн-Эрдэнэд сургалтын үйл ажиллагаанд зарцуулахаар өгсөн байдаг. Уг принтерийг ажлаас гарахдаа мөн өгөөгүй байна.

Жаргалант сумын 3 дугаар сургуулийн удирдлагуудад актын төлбөрийг барагдуулах талаар удаа дараа шаардаж байсан. Үүний дагуу багш М.Мөнгөн-Эрдэнийн ажиллаж байгаа байгууллагад актын төлбөрийг барагдуулах талаар албан тоот хүргүүлж 2019 оны 6 дугаар сарын ээлжийн амралтын цалингаас 956,8 мянган төгрөгийг суутган Ховд аймгийн төсвийн орлогын дансанд шилжүүлсэн байгаа одоо 781,5 мянган төгрөгийн төлбөр дутуу байгаа гэжээ.

            Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2019/00619 дугаар шийдвэрээр: 1.Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 1-д заасныг баримтлан М.Мөнгөн-Эрдэнийн нэхэмжлэлтэй, Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд холбогдох хууль бусаар суутгал хийсэн 956,971 /есөн зуун тавин зургаан мянга долоон зуун ерэн нэг/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.Мөнгөн-Эрдэнийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,600 төгрөгөөс 27517 /хорин долоон мянга таван зуун арван долоо/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 83 /наян гурав/ төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгч М.Мөнгөн-Эрдэнэд олгосугай гэж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын утга: Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс өөр асуудалд дүгнэлт хийж шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан “Шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангаагүй байх тул мөн хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.1-д заасан “өөр хуулийг, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэсэн үндэслэлээр хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

            Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлага хангасан байна.

            Нэхэмжлэгч М.Мөнгөн-Эрдэнэ нь Ховд аймгийн Санхүүгийн хяналт, аудитын албанд холбогдуулан хууль бусаар суутгал хийсэн 956,971 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

            Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Цэцэнхараацай нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан бөгөөд үндэслэлээ “дутагдсан хөрөнгийг төлүүлэх ёстой, тийм ч учраас акт тавьсан, бид акт тавихаас өмнө тухайн хөрөнгийг буцааж өгөх талаар удаа дараа мэдэгдсэн боловч авчирч өгөөгүй, акт тавих үед хөрөнгөө буцааж өгөөгүй байсан” гэж тайлбарлажээ.

            Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албанаас 2018 оны 5 дугаар сарын 14-ны өдрөөс мөн сарын 31-ний өдрийн хооронд Ховд аймгийн Жаргалант сумын 3 дугаар сургуульд хяналт шалгалт хийжээ.

Хяналт шалгалтаар тус сургуулийн математик мэдээлэл зүйн багш М.Мөнгөн-Эрдэнэ нь 2017 оны 4 дүгээр сарын 25-нд ар гэрийн гачигдлаар чөлөө авч явахдаа сургалтын үйл ажиллагаанд хэрэглэгдэж байх ёстой өнгөт принтер, зөөврийн компьютер зэрэг эд хөрөнгийг хүлээлгэж өгөхгүй аваад явсан байсан зөрчил илэрчээ.

Ингээд тухайн зөрчлийг арилгуулахаар буюу эд хөрөнгийг буцааж өгөх талаар М.Мөнгөн-Эрдэнэтэй утсаар холбогдон хэлсэн боловч буцааж өгөөгүй тул 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдөр Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албаны улсын байцаагч “2014 онд 3 дугаар сургууль худалдан авсан өнгөт принтерийг 600,000 төгрөгөөр, 2015 оны 11 дүгээр сард яамнаас хөрөнгө оруулалтаар өгсөн зөөврийн компьютерыг 1138290 төгрөгөөр тооцож дутагдсан хөрөнгийг төлүүлэх тухай” акт тавьжээ.

Улсын байцаагчийн акт тавигдсаны дараа М.Мөнгөн-Эрдэнэ нь тухайн эд хөрөнгийг 3 дугаар сургуульд хүлээлгэн өгсөн тул 3 дугаар сургуулиас 2018 оны 6 дугаар сарын 13-ны өдөр багш М.Мөнгөн-Эрдэнээс тухай эд хөрөнгүүдийг сериал номероор нь тулгаж  хүлээн авсан тухай албан тоотыг Ховд аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт аудитын албанд хүргүүлжээ.

Улмаар М.Мөнгөн-Эрдэнийг Ховд аймгийн Манхан сумын Ерөнхий боловсролын бүрэн дунд сургуульд багшаар ажиллаж байх үед нь буюу 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр түүний амралтын мөнгөнөөс 956,971 төгрөгийг төрийн сангаас суутгажээ.

Дээр дурдсан хэргийн үйл баримтаас үзэхэд нэхэмжлэгч М.Мөнгөн-Эрдэнэд акт тавьсан улсын байцаагчийн акт хүчин төгөлдөр байх тул уг актын биелэлтийг хангуулахаар түүний амралтын мөнгөнөөс суутгал хийсэн хариуцагчийн үйлдлийг хууль бус гэж үзэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна.

Харин нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн “тухайн эд хөрөнгийг биет байдлаар нь буцааж өгсөн байхад жилийн дараа акт тавигдсан төлбөрийг суутган авч нэг эд хөрөнгийг биет байдлаар болон мөнгөөр 2 удаа нөхөн төлүүлж байна” гэх тайлбар үндэслэлтэй боловч суутгал хийсэн хариуцагчийн үйлдлийг хууль бус гэж үзэх боломжгүй байна.

Иймд нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нь улсын байцаагчийн акттай маргах, эсхүл актыг хүлээн зөвшөөрсөн тохиолдолд актын үлдэгдэл төлбөрийг төлж, 3 дугаар сургуульд хүлээлгэн өгсөн эд хөрөнгөө буцаан авах замаар эрхээ хамгаалах боломжтой байна.

Анхан шатны шүүх хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн, шийдвэрийг хүчингүй болгох хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисон тул гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27,517 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:

1. Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 153/ШШ2019/00619 дугаар шийдвэрийг хэвээр нь үлдээж, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй   орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7  7.1.1.-т зааснаар хариуцагч талын давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 27.517 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн энэ магадлалд “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн”, “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” зэрэг үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Н.ТУЯА

 

                                                 ШҮҮГЧИД                                           Б.ДАМБА

                                                                     

                                                                                                           М.НЯМБАЯР