Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 00487

 

2019 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 153/ШШ2019/00487

Ховд аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг, Самбуугийн гудамж-43 тоотод байрлах, К ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 10-... тоотод оршин суух, Хар ямаат овогт Н-ийн Б / /,

Хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 10-.. тоотод оршин суух, Чангас овогт Л..ийн Ц / / нарт холбогдох,

үндсэн зээлийн үлдэгдэл 3,175,078.57 төгрөг, зээлийн хүү 2,324,554.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 394,115.49 төгрөг, нотариатын хөлс 6,000 төгрөг, нийт 5,899,748.33 /таван сая найман зуун ерэн есөн мянга долоон зуун дөчин найман төгрөг гучин гурван мөнгө/ төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, 2019 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 153/2019/00399/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Л.Мөнхцоож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэхишиг, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч К ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Эрдэнэхишиг нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэн Л.Ц, Н.Б нар нь Ктай 2014 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр №398 тоот зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 /арван сая/ төгрөгийг жилийн 24 хувийн хүүтэйгээр, 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл хугацаатайгаар Жижиг дунд бизнесийн зориулалтын зээл авсан. Зээлдэгчийн нэр дээр 2233003542 дугаартай зээлийн данс үүсгэж 2033000064 тоот харилцах дансанд зээл олголтын гүйлгээг хийсэн болно. 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр №2014/398 дугаартай барьцааны гэрээгээр Ховд аймаг Жаргалант сум Буянт 10-03 тоотод байрлалтай өмчлөгдсөн хашааны газар Г-1617001428, ГД 000112906; Ховд аймаг Жаргалант сум Буянт 10-03 тоотод байрлалтай өмчлөгдсөн хувийн сууц Ү-1617002841, ГД 000128614, Ховд аймаг Жаргалант сум Буянт 10-03 тоот 61-00 ХоА улсын дугаартай Верна аксент суудлын машин, LCD зурагт тус тус барьцаалсан болно. Зээлдэгч нар нь гэрээний хугацаанд үндсэн зээлээс 6.824,921.43 төгрөг, үндсэн зээлийн хүүнд 3,707,819.92 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 12,596.34 төгрөг, бүгд 10,545,337.69 төгрөгийг төлсөн. Зээлдэгч Л.Ц, Н.Б нар нь тус банктай байгуулсан №398 тоот зээлийн гэрээний ерөнхий хугацаа 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр дуусгавар болсон бөгөөд Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 зүйлийн 24.3 дугаар зүйлд Зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү. гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө гэж заасны дагуу зээлийн гэрээний хүү тооцооллийг бодсон бөгөөд гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаа тул Зээлийн №398 тоот гэрээний дагуу 2019 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар төлөгдөөгүй үнийн дүн болох үндсэн зээлийн үлдэгдэл 3,175,078.57 /гурван сая нэг зуун далан таван мянга далан найман төгрөг 57 мөнгө/ төгрөг, үндсэн хүүний үлдэгдэл 2,324,554.27 /хоёр сая гурван зуун хорин дөрвөн мянга таван зуун тавин дөрвөн төгрөг 27 мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 394,115.49 /гурван зуун ерэн дөрвөн мянга нэг зуун арван таван төгрөг 49 мөнгө/ төгрөг, нотариатын хөлс 6,000.00 /зургаан мянган/ төгрөг, бүгд 5,899,748.33 /таван сая найман зуун ерэн есөн мянга долоон зуун дөчин найман төгрөг 33 мөнгө/ төгрөгийг Лхамхүүгийн Ц, Нүрзэдийн Б нараас гаргуулж, барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. ...2016 оны 7 дугаар сарын 03-ны өдрөөс хойш огт төлөлт хийгдээгүй. Төлөлт хийгдээгүй өдрөөс хойш 3,175,078.57 төгрөгөөс хүүг нь бодсон гэжээ.

Хариуцагч Л.Ц, Н.Б нар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батзаяа нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ховд аймаг Жаргалант сумын Буянт багийн 10-03 тоотод оршин суух Л.Ц, Н.Б бид 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр Хишиг плаза төвийн 1 давхарт орших Хишиг тооцооны төвөөс 10,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Бид зээлээ 2016 оны 8 дугаар сар хүртэл 11,000,000 төгрөг болгож төлж барагдуулсан. Хүү төлөөгүй шалтгаан нь гэвэл 1.Бид удаа дараалан хүү багасгах талаар н.Даваасамбуу, н.Батбаатар, н.Батбаяр, н.Ууганбаяр болон нэр мэдэхгүй эдийн засагч нартай уулзаж байсан, 2.Би өөрөө цусны даралт харваж эмчилгээ оношилгоонд явж, бүх мөнгөө дуусгасан. Мөн хөдөлмөр хийх чадвараа 70%, 60% алдсан, 3.Бид хоёр 3 оюутан, 2 хичээлийн хүүхэд сургаж байна. Иймд бид зээлээ төлсөн гэж үзэж байна. ...бизнесийн зориулалтаар зээл авсан боловч Модны тухай хууль гараад бизнес нь жаахан асуудалтай болонгуут Канд очиж манай бизнес ийм боллоо. Зээлийнхээ гэрээнд өөрчлөлт оруулж өгөөч. Сарын төлөлтийг нь багасгаж өгөөч. Эсвэл зарим барьцааны хөрөнгийг барьцаанаас чөлөөлж, төлөх нөхцөл боломжоор хангаж өгөөч гэж удаа дараа хандаж байсан боловч хүсэлтийг хүлээж аваагүй учраас зээлээ төлөх чадваргүй болоод зээлээ төлж чадаагүй. Одоо хавтаст хэрэгт авагдсан баримтаас харахад амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, ажил хөдөлмөр эрхэлдэггүй гэдэг нь харагддаг. Мөн хоёулаа группт байдаг ба эмчилгээ хийлгэж байгаа. Үүнд банкны буруутай үйл ажиллагаа харагдаж байгаа учраас зээлийн нэмэгдүүлсэн хүүг хасаж өгнө үү. ...талуудын нөхцөл байдлыг харгалзаж үзээд хүүг багасгаж өгнө үү. Үндсэн мөнгийг бол төлөх боломжтой гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч К ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь Л.Ц, Н.Б нарт холбогдуулан үндсэн зээлийн үлдэгдэл 3,175,078.57 төгрөг, зээлийн хүү 2,324,554.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 394,115.49 төгрөг, нотариатын хөлс 6,000 төгрөг, нийт 5,899,748.33 /таван сая найман зуун ерэн есөн мянга долоон зуун дөчин найман төгрөг гучин гурван мөнгө/ төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Монгол банкны ерөнхийлөгчийн 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А-96 дугаар тушаалаар Төв банкны /Монголбанк/-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, Банкны тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1.-д заасныг үндэслэн нэхэмжлэгч К ХХК-г албадан татан буулгаж шийдвэрлэн, мөн өдрийн А-97 дугаартай тушаалаар К ХХК дахь Банкны эрх хүлээн авагчаар Мягмарын Адилбишийг 1 жилийн хугацаатай томилсон байгаа тул нэхэмжлэл гаргах эрхтэй байна.

Хариуцагч нар нь дээрх К ХХК дахь Банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэлийг үл зөвшөөрч маргажээ.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Хариуцагч Л.Ц, хамтран зээлдэгч Н.Б нар нэхэмжлэгч К ХХК-аас 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр 398 дугаартай зээлийн гэрээ байгуулж, 10,000,000 төгрөгийг сарын 2 хувь, жилийн 24 хувийн хүүтэйгээр 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл 36 сарын хугацаатайгаар зээлж, зээлийн барьцаанд хариуцагч Л.Цгийн Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 10-03 тоот, эрхийн улсын бүртгэлийн Г-1617001428 дугаарт бүртгэлтэй, 750 мкв өмчлөгдсөн хашааны газар, Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 10-03 тоот хашаанд байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-1617002841 дугаарт бүртгэлтэй, 40 мкв талбай бүхий 1 өрөө өмчлөгдсөн хувийн сууц, 61-00 ХОА улсын дугаартай Верна аксент маркийн суудлын автомашин, LCD зурагт зэрэг эд хөрөнгүүдийг барьцаалсан гэдэг нь хавтаст хэрэгт авагдсан 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 398 дугаар зээлийн гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 2014/398 дугаартай барьцааны гэрээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, зээлийн эргэн төлөлтийн хүснэгт, тооцоолол, зээлийн дансны хуулга, 000112906 дугаартай Газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, 00128614 дугаартай Үл хөдлөх хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар болон зохигчдын тайлбараар нотлогдож байна.

Зээлийн гэрээний дагуу хариуцагч Л.Цд 10,000,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд үүнтэй нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон хариуцагч нарын хэн аль нь маргаагүй болно.

2014 оны 4 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр хүртэл зээлийн гэрээ байгуулсан байх бөгөөд зээлийн гэрээний хугацаа дууссан байна.

Хариуцагч нь үндсэн зээлээс 6,824,921.3 төгрөг, үндсэн зээлийн хүүнд 3,707,819.2 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 12,596.34 төгрөг, бүгд 10,545,337.69 төгрөг төлсөн, зээлийн гэрээний хугацаа дуусахад үндсэн зээлийн үлдэгдэл 3,175,078.57 төгрөг, зээлийн хүүгийн үлдэгдэл 2,324,554.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 394,115.49 төгрөг, нийт 5,893,748.33 төгрөгийг төлөөгүй нь хавтаст хэрэгт авагдсан зээлийн эргэн төлөлтийн хүснэгт, тооцоолол болон зээлийн дансны хуулгаар тус тус нотлогдож байна.

Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, 452 дугаар зүйлийн 452.2-д Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд авсан зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно, 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу хариуцагч нараас үндсэн зээлийн үлдэгдэл 3,175,078.57 /гурван сая нэг зуун далан таван мянга далан найман төгрөг тавин долоон мөнгө/ төгрөг, үндсэн хүү 2,324,554.27 /хоёр сая гурван зуун хорин дөрвөн мянга таван зуун тавин дөрвөн төгрөг хорин долоон мөнгө/ төгрөг, нэмэгдүүлсэн хүүний үлдэгдэл 394,115.49 /гурван зуун ерэн дөрвөн мянга нэг зуун арван таван төгрөг дөчин есөн мөнгө/ төгрөг, нотариатын хөлс 6,000.00 /зургаан мянган/ төгрөг, бүгд 5,899,748.33 /таван сая найман зуун ерэн есөн мянга долоон зуун дөчин найман төгрөг гучин гурван мөнгө/ төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

Хариуцагч Л.Ц, Н.Б нар нь төлбөрийг сайн дураар эс биелүүлбэл хариуцагч Л.Цгийн өмчлөлийн үл хөдлөх эд хөрөнгө болох барьцааны гэрээний зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгаж шийдвэрлэлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 109,346 /нэг зуун есөн мянга гурван зуун дөчин зургаа/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч нараас 5,899,748.33 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 109,346 төгрөгийг гаргуулах улсын орлогод оруулахаар тогтов.

Харин уг улсын тэмдэгтийн хураамж төлөх хугацааг хариуцагч нарыг 5,899,748.33 төгрөгийг төлж дууссаны дараа төлүүлэхээр хойшлуулав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1.-д зааснаар хариуцагч Л.Ц, Н.Б нараас үндсэн зээлийн үлдэгдэл 3,175,078.57 төгрөг, зээлийн хүү 2,324,554.27 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 394,115.49 төгрөг, нотариатын хөлс 6,000 төгрөг, нийт 5,899,748.33 /таван сая найман зуун ерэн есөн мянга долоон зуун дөчин найман төгрөг гучин гурван мөнгө/ төгрөг гаргуулж, нэхэмжлэгч К ХХК дахь эрх хүлээн авагчид олгосугай.

2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1.-д заасныг баримтлан Л.Ц, Н.Б нар нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхгүй бол барьцааны зүйл болох хариуцагч Л.Цгийн өмчлөлийн Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 10-03 тоот, эрхийн улсын бүртгэлийн Г-1617001428 дугаарт бүртгэлтэй, 750 мкв өмчлөгдсөн хашааны газар, Ховд аймгийн Жаргалант сумын Буянт багийн 10-03 тоот хашаанд байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-1617002841 дугаарт бүртгэлтэй, 40 мкв талбай бүхий 1 өрөө өмчлөгдсөн хувийн сууц, 61-00 ХОА улсын дугаартай Верна аксент маркийн суудлын автомашин, LCD зурагт зэрэг эд хөрөнгүүдийг худалдан борлуулж түүний үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, 457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч К ХХК дахь эрх хүлээн авагч нь 109,346 /нэг зуун есөн мянга гурван зуун дөчин зургаа/ төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч Л.Ц, Н.Б нараас улсын тэмдэгтийн хураамж 109,346 /нэг зуун есөн мянга гурван зуун дөчин зургаа/ төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-д зааснаар улсын тэмдэгтийн хураамж 109,346 /нэг зуун есөн мянга гурван зуун дөчин зургаа/ төгрөгийг хариуцагч Л.Ц, Н.Б нарыг 5,899,748.33 төгрөгийг төлж дууссаны дараа төлүүлэхээр хойшлуулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                              Ц.ОЮУН-ЭРДЭНЭ