Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мянганы Оюунцэцэг |
Хэргийн индекс | 149/2018/00146/И |
Дугаар | 135/шш2024/00878 |
Огноо | 2024-06-27 |
Маргааны төрөл | Бусдын эзэмшил ашиглалтад байгаа газрын талаарх маргаан, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 06 сарын 27 өдөр
Дугаар 135/шш2024/00878
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 149/2018/00146/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Багануур дүүрэг, ***** хороо, ***** хороолол, ***** байр, ***** тоотод оршин суух ******* овогт ******* ******* /Утас: *****/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймаг, Мандал сум, ***** баг, ***** байранд оршин суух ******* овогт ******* ******* /Утас: *****/-т холбогдох,
"Хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх, үл хөдлөх эд хөрөнгийг албадан буулгуулах тухай шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав /цахимаар/, хариуцагч ******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Батсүх, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Балжинням нар оролцов.
/Хамтран хариуцагч *****д шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэх хүсэлт гаргасан тул түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно/
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ***** шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Нарангарав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ***** нь Сэлэнгэ аймгийн Мандал сумын засаг даргын 2005 оны 109 дүгээр захирамжаар Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 баг, Худалдаа 4-419 тоот хаягт байршилтай 240 м.кв худалдаа үйлчилгээний зориулалттай газрыг эзэмшиж байгаад Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2015 оны 215 дугаар захирамжаар газрын хэмжээг 534 м.кв болгож нэмэгдүүлсэн. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2018 оны 51 дугаартай захирамжаар тухайн газар эзэмшигчих эрхийг *****т ***** гуай шилжүүлсэн. ***** нь Солонгос улсад ажиллаж амьдарч байгаад тухайн хаягт байрлах газарт ****** барилга барьсан. ***** Солонгос улсаас ирээд 2 давхар болгоно гэж ярьж байсан. ***** Солонгос улсаас ирээд 2 давхар объект болгох гэтэл аж ахуйн аргаар барьсан, 2 давхар болгох боломжгүй гэдэг асуудал үүсээд буулгаад мэргэжлийн хүнээр 2 давхар объект болгоё гэхээр ****** зөвшөөрдөггүй. Тэгвэл объектоо буулгуулъя гэдэг байдлаар 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр шүүхэд хандсан. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тухайн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээтэй эсэхийг тодруулаагүй байна гэдэг агуулгаар буцаж ирсэн. Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс лавлагаа авахад 647 дугаартай албан бичгээр тухай объект нь хөрөнгийн гэрчилгээтэй гэрчилгээ нь *****, ****** нарын нэр дээр байна гэж гарч ирсэн. Ингээд ***** гуайн зүгээс тухайн объект дээр бүртгэлийн маргаан үүсээд Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн шүүхээр явж эцэслэн шийдвэрлэгдээд дууссан шийдвэр байгаа. Үүнтэй холбоотой ***** тухайн газрыг чөлөөлүүлэх, объектыг албадан буулгах гэдэг шаардлага нь ******т хамааралтай байсан бол 2 хүнд хамааралтай болж ***** зүгээс *****, ****** нарт холбогдуулан үл хөдлөх хөрөнгийг албадан буулгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн..
Бид нарын зүгээс 2018 оны 05 дугаар сарын 02-ны өдөр анх шүүхэд хандсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргаан бүхий объект 2 өмчлөгчтэй болж таарсан. Тийм учраас бид ***** гуайг бие даасан шаардлага гаргах байдлаар 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Дархан-Уул аймгийн шүүхэд хандсан ч хүлээж аваагүй. Зөвхөн мөнгө нэхээгүй, ***** хувьд маргаан бүхий объектоос өөрт ногдох хэсгээ бодитоор эзэмших боломжгүй байгаа учраас ***** хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, маргаан бүхий объектоос түрээсийн мөнгө гаргуулах бие даасан шаардлага гаргасан, үүнийг шүүх хүлээж аваагүй. Хүлээж аваагүй учраас нэхэмжлэгч тал хариуцагчийг хоёр болгож нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд явсан. Энэ хугацаанд 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр ***** гуайгаас хариу тайлбар ирсэн. Би өөрт ногдох хэсэг 50 хувиа нураалгахад маргахгүй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэсэн. ***** хувьд зөвшөөрөхгүй тухай тайлбар өгсөн. Ингээд маргаан бүхий 273 м.кв объектын 50, 50%-ийг хуульд заасны дагуу эзэмшигч болсон байна. Тэгэхээр баруун уу зүүн үү гэдэг маргаан гарч ирсэн. Ингээд ****** гэж хүн хүлээн зөвшөөрөхгүй байсан учраас Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаад маргаан бүхий объектыг бодитойгоор өмчилж чадахгүй байгаа учраас хууль бус эзэмшлээс чөлөөлүүлье, түрээсийн төлбөр гаргуулъя гэдэг байдлаар бие даасан шаардлагатайгаа яг адил шаардлага гаргаад шүүхээс иргэний хэрэг үүсгэсэн шүүгчийн захирамж гарсан. Захирамж нь өөрөө яг нэг нэхэмжлэлийн шаардлага гаргаад бид үүнийг нь зөвтгөөд мөн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 149/Ш32024/00015 дугаар Шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай захирамж гарсан. Уг иргэний хэрэг үүсгэсэн захирамжид өөрчлөлт орсон. Тэгэхээр бид Иргэний хуульд заасны дагуу хууль бус эзэмшлээс газраа чөлөөлүүлж авъя гэж байгаа. Нэгэнт чөлөөлүүлье гэж байгаа тохиолдолд аль нь аль хэсгийг нь эзэмшиж байгаа вэ гэдгийг зайлшгүй тогтоох шаардлага үүсэж байгаа. Тэгэхээр үүнийг эцэслэн хянан шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байгаа учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасан. ***** зүгээс уг объектыг барих зөвшөөрөл өгөөгүй. Тухайн объектыг барих гэж байгаа бол тухайн газар эзэмшигчийн зөвшөөрөл зайлшгүй шаардлагатай. Үл хөдлөх эд хөрөнгө барихдаа тухайн эзний зөвшөөрөл авагдсан эсэх асуудал ямар нэгэн байдлаар байгаагүй. Тэгэхээр ***** хувьд *****, ****** нарт ямар нэгэн зөвшөөрөл өгөөгүй. Ийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй учраас өмнө гаргасан хүсэлтээ дэмжиж байна гэв.
2. Хариуцагч ****** шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Энэ газар болон объект манай ахын нэр дээр байдаг нь үнэн. Гэхдээ энэ газар барилгыг барих бүх зардал надаас гарсан. Яваандаа 2 давхар болгоё, өөрөө барилгын инженер учраас яг хэмжээндээ стандартын дагуу барьсан. Мэргэжлийн бус байгууллагаар бариулсан гэж байгаа. Манайх тусгай зөвшөөрөлтэй, мэргэжлийн байгууллага. Одоо ч барилгын үйл ажиллагаа явуулдаг ийм байгууллага байгаа. Тийм учраас стандарт биш гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй. Яваандаа 2 давхар болгож болно гэж би ахтайгаа ярьж байснаас *****тэй ярилцаагүй. Манай ах сүүлд шилжүүлэхдээ надад хэлээгүй хүүхдэдээ шилжүүлэг хийсэн байсан. Надтай зөвшилцөхгүйгээр шууд шүүхэд хандсан байсан. Гэхдээ үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ дээр өмчлөгчөөр ******* *******, хамтран өмчлөгчөөр ******* Бямбаа гэж хүн байгаа. Энэ талаар Сэлэнгэ аймгийн улсын бүртгэлийн газарт холбогдуулан гэрчилгээг хуурамчаар гаргаж авсан гэсэн гомдол гаргасан учраас бид Сэлэнгэ аймгийн Захиргааны хэргийн шүүхээр орж, 2 дахин шинжээч томилж ***** гэж хүн энэ үл хөдлөхийн гэрчилгээ авахыг зөвшөөрсөн гэсэн нь үнэн болж энэ асуудал дууссан. Би бодохдоо Зүүн хараад гаргасан нэхэмжлэл нь түрээсийн мөнгөний талаар байсан болохоос барилгыг буулгах, барилгын тал хувийг эзэмших гэсэн нэхэмжлэл ирээгүй. 2015 оноос 2023 он хүртэлх түрээсийг 2 хүний эзэмшил учраас хувааж авна гэсэн нэхэмжлэл надад ирсэн. Түүнээс буулгах талыг нь эзэмших гэсэн нэхэмжлэл ирээгүй.
Миний бодол бол газар дээр нь барилга барьсан нь үнэн, гэхдээ манай ах зөвшөөрсөн. Анх гэрчилгээгээ надад авчирч өгсөн. 2 жил болоод ирэхээр А зэрэглэлийн газар хураагддаг. Ингээд ирэхээр авсан газраа надад өгөөд чи үл хөдлөх барьчих, яваандаа 2 давхар болгоё гэж яриад би энэ үл хөдлөхийг барьсан. Үүнийг барихад манай ах нэг ч төгрөг оруулаагүй. Би өөрийн хөрөнгөөр барьж дуусгаад үйл ажиллагаагаа явуулж байгаа. Хүүхдэдээ шилжүүлэхдээ надад хэлэлгүй шилжүүлсний улмаас энэ хэрүүл маргаан гараад байгаа. Уг нь хүний газар дээр үл хөдлөх барьсан ч гэсэн уг үл хөдлөхийн эзэнтэй зөвшилцсөний дараа шүүхэд өгөх ёстой юм болов уу гэж бодоод байгаа. Гэтэл тийм үйл явдал болоогүй шууд шүүхэд хандаад үргэлжлээд 5 жил болж байна. Би хууль мэдэхгүй, бодит нөхцөл байдал нь ийм байна. ***** гэж хүн нэхэмжлэл гаргаад байна гээд байгаа. Тийм биш, ***** гэж хүнийг оролцуулаач гээд байгаа нь нүүрийг нь харж байж өөрийнх нь үгийг сонсъё гэж бодоод байгаа юм. Би ***** ахаас асуухад би мэдэхгүй, хүүхэд ийм юм хийгээд яваад байгаа. Би энэ асуудлыг мэдэхгүй гэж хэлдэг. Сая бас Зүүн хараагийн шүүх дээр бас энэ асуудлыг ярьсан. Намайг ингэж шүүхийн хаалга байнга татуулаад байх шаардлага байна уу гэхэд ёстой мэдэхгүй, нэг юм авч ирээд гарын үсэг зур гэсэн би зураад явуулсан гэж хэлсэн. Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
3. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Батсүх шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэгдүгээрт нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа нэхэмжлэгчээс зөвшөөрөл авахгүйгээр үл хөдлөх хөрөнгө барьсан гэж тайлбарлаад байгаа боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдож байгаа. Энэ үл хөдлөх эд хөрөнгийг барих болон энэ газрыг хариуцагч ******т эзэмшүүлэх болсон үйл баримт нэхэмжлэгч ***** уг газрыг эзэмшихээс олон жилийн өмнө тухайн үед газар эзэмших эрхтэй байсан ***** гэдэг хүний зөвшөөрлөөр бүх зүйл хийгдсэн. Тэгэхээр тэр цаг хугацааны үйл баримтыг ***** гэж хүн газар эзэмших эрх үүссэн цаг үе дээр аваачиж тавиад зөвшөөрөл аваагүй гэж буруутгах хууль зүйн үндэслэл байхгүй. Тэгэхээр Иргэний хуулийн 106 дугаар зүйл тус хуулийн 12-р бүлгээр зохицуулсан өмчийн харилцаатай холбоотой харилцааг зохицуулсан зохицуулалт байгаа. Хэрэгт авагдсан баримтуудаар маргаан бүхий газрын өмчлөгч нь төр юм. Нэхэмжлэгч ***** өмчлөгч биш харин эзэмших эрхийг шилжүүлж авсан этгээд юм. Газрын эзэмших эрхийг өмчлөгч гэж хууль бус эзэмшлээс шаардах эрх зүйн үндэслэл байхгүй. Өмчлөгч байсан гэж бодоход хууль бус эзэмшлээс шаардсан. Тэгэхээр ******, ***** нар энэ газрыг хууль бусаар эзэмшиж байсан гэдэг нөхцөл байдал тогтоогдоогүй. Тухайн үедээ газар эзэмших эрх бүхий этгээдүүд харилцан тохиролцоод үл хөдлөх хөрөнгө бариад одоо хамтран өмчлөгч болон тухайн үл хөдлөх хөрөнгийг өмчилж байгаа нь захиргааны хэргийн 3 шатны шүүхээр тогтоогдсон үйл баримт байгаа. Эдгээр үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох хууль зүйн үндэслэлтэй. Нэхэмжлэгч талаас хэргийг хэрэгсэхгүй болгох хүсэлт гаргасан. Үүн дээр хоёр хэргийн маргааны үйл баримт шал өөр, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаагаар зөрчигдсөн эрхийг сэргээн шийдвэрлэх ёстой. Одоогийн бидний шийдвэрлэх гэж байгаа хэргийн хувьд эрх нь зөрчигдсөн гэж үзэж байгаа этгээд *****, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь иргэний хэргийн анхан шатны шүүхэд хянан шийдвэрлэгдэж байгаа хэрэг дээр эрх нь зөрчигдсөн гэж байгаа этгээд нь ***** байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл эрх нь зөрчигдсөн гэж байгаа субъектүүд нь өөр байна. Маргааны үйл баримт өөр болохыг хангалттай нотлох үндэслэл болж байна. Тэр хэрэг дээр тавигдсан нэхэмжлэлийн шаардлага нь үл хөдлөх эд хөрөнгийг буулгая гэдэг шаардлагыг ***** гэдэг хүн тавьсан, түүнээс ***** гэж хүн тавиагүй. Энэ агуулгаар энэ хоёр хэргийн үйл баримт нэг биш тус тусдаа шийдвэрлэгдэх хууль зүйн үндэслэлтэй хэрэг учраас хэргийг хэрэгсэхгүй болгох гэж гаргаж байгаа хүсэлт нь үндэслэлгүй байна. Ийм учраас нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэв.
4. Хариуцагч ***** шүүхэд гаргасан тайлбартаа: ... ***** миний бие маргаан бүхий Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 баг, Минжинхангай төвийн хэсэг гудамж, 0 тоотод үйлчилгээний зориулалттай улсын бүртгэлийн ***** дугаартай 257,3 мкв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн 50 хувийн өмчлөгчийн хувьд нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа ба аливаа байдлаар маргаан байхгүй тул тус төвийн өөрт ногдох хсэгийг албадан буулгахад татгалзах зүйл байхгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Иймд хариуцагчийг биечлэн оролцуулахгүйгээр хариуцагчаас гаргасан тайлбарын хүрээнд хэргийг шийдвэрлэхэд татгалзах зүйл байхгүй болно гэжээ.
5. Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын газар эзэмшүүлэх тухай захирамж, хавсралтын хамт, газрын даамал *****с ирүүлсэн албан бичиг, газар эзэмшүүлэх гэрээ, улсын тоо бүртгэл, газрын бүдүүвч зураг, техникийн нөхцөл, барилгын палан зураг, зохион байгуулалт, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хариу хүргүүлэх тухай албан бичиг, газар эзэмших эрхийн гэрчилгээ, газар эзэмшүүлэх 2018 оны гэрээ, кадастрын зураг, гэрч *****гийн мэдүүлэг, гэрч ***** мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ тогтоох акт, Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх ХК-ийн албан бичиг, бэлэн мөнгөний баримт, Худалдаа хөгжлийн банкны зээл барагдуулах мэдэгдэл, Сэлэнгэ аймгийн Мандал сумын шүүхийн ****** дугаартай шийдвэр, Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал, Сэлэнгэ аймаг Мандал сумын Засаг даргын ***** дугаартай захирамж, хавсралтын хамт, мөн засаг даргын газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх тухай захирамж, газар эзэмшүүлэх эрх шилжүүлэх гэрээ, иргэний өргөдөл, кадастрын зураг ***** газрын гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, бэлэн мөнгө шилжүүлсэн баримтууд, татварын тасгийн тодорхойлолт, улсын тоо бүртгэлийн хуудас, газрын байршлын кадастрын зураг, газар эзэмшүүлэх гэрчилгээ, газар эзэмшүүлэх гэрээ, газрын техникийн нөхцөл олгосон ажлын хэсгийн дүгнэлт, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын захирамж, хавсралтын хамт, улсын бүртгэлийн хэлтсийн албан бичиг, 646 дугаартай албан бичиг, улсын бүртгэлийн мэдүүлэг, Төрийн банкны орлогын баримт, тодорхойлолт, объектын гэрэл зураг, палан зураг, кадастрын зураг, газар эзэмшүүлэх гэрээ, 2015 оны гэрчилгээ, бүртгэлийн дугаарын давхардал арилгах тухай улсын байцаагчийн дүгнэлт, хавсралтын хамт, 2-р хавтаст хэргээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэх тухай, захиргааны хэргийн шүүхийн захиргааны хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж, Сэлэнгэ аймгийн захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн ***** шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ***** магадлал, нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөх тухай шаардлага, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн иргэний хэрэг үүсгэх тухай шүүгчийн захирамж, Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн захирамж зэргийг нотлох баримтаар шинжлэн судлаад,
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ***** хариуцагч ******, ***** нарт холбогдуулан гаргасан Сэлэнгэ аймаг, Мандал сум, 7-р баг Худалдаа 4-419 тоот байршилтай ****** нэгж талбарын дугаартай, 533 м.кв талбайтай, ***** дугаартай газрын гэрчилгээтэй, худалдаа, үйлчилгээний зориулалттай газрыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, Сэлэнгэ аймаг, Мандал сум, 7 дугаар баг, Минжинхангай Төвийн хэсэг гудамж, 0 тоотод үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн ***** дугаартай, 257.3 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг албадан буулгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ***** нь шүүхэд анх ***** хууль бус эзэмшлээс газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд 2022 оны 05 сарын 12-ны өдөр тус газар дээр баригдсан газар эзэмшигчийн зөвшөөрөлгүй баригдсан нэг давхар объектыг буулгуулах шаардлагыг гаргаж, нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн болно. /2-р хх-ийн 81-82 дугаар хуудас/
2. Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ ... нэхэмжлэгчийн эзэмших эрхтэй газрыг хууль бусаар эзэмшиж, газрыг чөлөөлж өгөхгүй байгаа, мөн тухайн газар дээр зөвшөөрөлгүйгээр барилга барьсан... гэж тодорхойлж байна.
3. Хариуцагч ****** нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэлээ ... манай ах Бямбаа нь анх газрын гэрчилгээгээ надад авчирч өгөөд хүүхдүүд гадаадад байгаа, авсан газар 2 жил ашиглахгүй болохоор хураагддаг. Иймээс намайг тухайн газар дээр барилга барьчих, яваандаа хүүхдүүд ирээд 2 давхар болгоё гэсний дагуу бид тохирч би энэ барилгыг бариад одоог хүртэл үйл ажиллагаа явуулж байна гэж тайлбарладаг болно.
Хамтран хариуцагч ***** нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүхэд гаргасан байна.
4.Хэрэгт авагдсан Газар эзэмших эрхийн улсын бүртгэлийн 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн ***** дугаартай гэрчилгээгээр ***** овогт ***** *****нь Сэлэнгэ аймаг, Мандал сум, 7-р баг Худалдаа 4-419 тоот байршилтай ****** нэгж талбарын дугаартай, 533 м.кв талбайтай, ***** дугаартай газрын гэрчилгээтэй, худалдаа, үйлчилгээний зориулалттай газрын хууль ёсны эзэмшигч болох нь тогтоогдож байна. /1-р хх-ийн 186 дугаар хуудас/
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2005 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 109 дугаартай газар олгох тухай захирамжаар *****д 240 м.кв газрыг худалдаа үйлчилгээний зориулалтаар эзэмшүүлсэн, мөн сумын Засаг даргын 2015 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 215 дугаартай Газар эзэмших эрх баталгаажуулах тухай захирамжаар ******* 534 м.кв газрыг үйлчилгээний зориулалтаар газар эзэмших эрхийг баталгаажуулсан байна. /1-р хх-ийн 170-171, 191 дүгээр хуудас/
Улмаар 2018 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн газар эзэмших эрх шилжүүлэх гэрээний дагуу *****гаас *****т Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 51 дугаартай Газар эзэмших эрх шилжүүлэх тухай захирамжаар шилжүүлж, энэхүү шийдвэрийг үндэслэн 2018 оны 06 сарын 06-ны өдөр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар газар эзэмших эрхийн ***** дугаартай гэрчилгээг олгожээ. /1-р хх-ийн 4-5, 176-180 дугаар хуудас/
Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ***** дугаартай 2015 оны 07 дугаар сарын 20-ны өдрийн гэрчилгээгээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7-р баг, Минжийн хангай Төвийн хэсэг гудамж, 0 тоот 257,3 м.кв талбайтай, үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр ******, ***** нар бүртгэгдсэн байна. /1-р хх-ийн 240 дэх тал/
5. Талуудын тайлбараар маргаан бүхий газар нь хамтран хариуцагч *****гийн эзэмшилд байх үед буюу 2008 оноос эхэлж тухайн газар дээр эзэмшигчтэй нь харилцан тохиролцсоны үндсэн дээр үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьж, улмаар 2015 оны 07 сарын 20-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлсэн зэрэг нь тогтоогдож байгаа бөгөөд талууд энэхүү үйл баримтын талаар маргаагүй.
Мөн хариуцагч ****** нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн хөрөнгөөр барьсан боловч тухайн газрын эзэмшигч хамтран өмчлөгч байхыг шаардсаны дагуу хамтран өмчлөгчөөр *****г бүртгүүлсэн гэж тайлбарладаг бөгөөд үүнийг нэхэмжлэгч тал үгүйсгээгүй.
Хэрэгт авагдсан *****гийн тухайн үедээ Сэлэнгэ аймгийн үл хөдлөх эд хөрөнгийн газар гаргасан өргөдөлд Долгор овогтой Бямбаа миний эзэмшлийн 3-р багийн нутаг дэвсгэр дээрх 240 мкв талбайтай үйлчилгээний зориулалттай газар дээр миний төрсөн дүү Долгор овогтой ******* нь үйлдвэр үйлчилгээний барилга барьсан юм. Иймд ******т үл хөдлөхийн гэрчилгээ олгож өгөхийг зөвшөөрөв гэжээ. /1-р хх-ийн 236 дугаар хуудас/
6. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 09 сарын 28-ны өдрийн ***** захирамжаар ***** гаргасан Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн бүртгэгчийн 2015 оны 07 сарын 20-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал сумын 7 дугаар баг, Минжинхангай төвийн хэсэг гудамж, 0 тоотод үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ***** дугаарт бүртгэгдсэн бүртгэлийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлээр Сэлэнгэ аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдуулан захиргааны хэрэг үүсгэж, тус шүүхийн 2023 оны 01 сарын 24-ний өдрийн ***** шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 04 сарын 12-ны өдрийн 221/МА2023/0***** магадлалаар хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. /2-р хх-ийн 112-113, 141-145 дугаар хуудас/
7. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ***** нь Сэлэнгэ аймаг, Мандал сум, 7-р баг Худалдаа 4-419 тоот байршилтай ****** нэгж талбарын дугаартай, 533 м.кв талбайтай, ***** дугаартай газрын хууль ёсны эзэмшигч байх бөгөөд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-т бусдын хууль эзэмшлээс хөрөнгө гаргуулах тухай шаардлага нь хууль ёсны эзэмшигчид нэгэн адил хамаарахаар заасны дагуу өөрийн эзэмшлийн газрын чөлөөлүүлэх шаардлага гаргах эрхтэй.
Харин энэхүү шаардлагыг гаргахын тулд хариуцагч нь тухайн газрын хууль бусаар эзэмшиж байгаа үйл баримт тогтоогдох учиртай.
8. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч ***** нь маргаан бүхий газрыг 2018 онд шилжүүлсэн авсан, хариуцагч ****** нь 2008 онд буюу хариуцагч *****г газрыг эзэмшиж байх үед түүний зөвшөөрлөөр барилга барьж эхэлсэн, улмаар 2015 онд өмчлөгчөөр бүртгүүлсэн, энэхүү бүртгэл хүчинтэй байгаа болох нь тогтоогдсон.
Нэхэмжлэгчийн тайлбараар маргаан үүссэн гол үндэслэл нь анх барилгыг бариулахдаа хариуцагч ****** нэг давхар барилга барих, дараа нь газар эзэмшигч тал 2 давхар болгох талаар тохирсон, тухайн барилга дээр 2 давхар барилга барих боломжгүй, шаардлага хангахгүй гэж мэргэжлийн хүн зөвлөсөнтэй холбоотой тайлбарлаж байгаа боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.
9. Иймд хариуцагч ******ийг хууль бусаар тухайн газрыг эзэмшиж байгаа гэж үзэх үндэслэлгүй бөгөөд 2018 онд нэхэмжлэгч ***** газар эзэмших эрх шилжүүлэн авахдаа ****** нь *****гийн зөвшөөрлөөр барилга барьсныг мэдсээр байж тухайн газрыг авсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Хэдийгээр хариуцагч ***** ...өөрт оногдох хэсгийг албадан буулгахад надад татгалзах зүйл байхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тайлбар өгсөн боловч энэхүү тайлбарыг үндэслэн бусад өмчлөгчийн эрхийг зөрчих боломжгүй юм.
Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т: Дундаа хамтран өмчлөгч нь өмчлөлийн зүйлээ бусад бүх этгээдийн зөвшөөрөлтэйгээр тэдгээрийн хэн нэгний эрх, хууль ёсны ашиг сонирхлын үүднээс бусдад шилжүүлэх буюу өөр хэлбэрээр захиран зарцуулж болно гэж зааснаас үзэхэд маргаан бүхий хөрөнгө нь *****, ****** нарын нэр дээр бүртгэлтэй, хамтран өмчлөх дундын хөрөнгө байна.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
10. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хэргийг хэрэгсэхгүй болгох тухай хүсэлт гаргасан бөгөөд нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 149/ШЗ2024/00015 дугаартай Шүүгчийн захирамжид өөрчлөлт оруулах тухай захирамжаар Иргэний хэрэг үүсгэх тухай Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 149/ШЗ2023/01721 дугаартай захирамжийн Захирамжлах хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар *****гийн нэхэмжлэлтэй ******т холбогдох 36,375,000 төгрөг гаргуулах, ***** хууль бус өмчлөлөөс өөрт ногдох хэсгийг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсүгэй гэж өөрчилжээ./2-р хх-ийн 199, 232-233 дугаар хуудас/
Дээрх захирамжаас үзэхэд нэхэмжлэгч *****гийн нэхэмжлэлээр ***** хууль бус өмчлөлөөс өөрт ногдох хэсгийг чөлөөлүүлэхээр шаардлага гаргасан байх бөгөөд маргааны зүйл нь тухайн үл хөдлөх эд хөрөнгө байгаа боловч үндэслэл нь өөр байна гэж үзэхээр байна.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ***** нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь түүний эзэмшлийн газар дээр хууль бусаар тухайн үл хөдлөх эд хөрөнгийг барьсантай холбоотой байхад дээр дурдсан Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгчийн захирамжид заасан маргааны үндэслэл нь тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгч нарын хоорондын өмчлөх эрхийн маргаан байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-т зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж үзсэн тул мөн хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т зааснаар хэргийн талаар шийдвэр гаргах нь зүйтэй гэж үзсэн болно.
Нөгөө талаас Дархан-Уул аймаг дахь сумын дундын шүүхийн шүүгчийн 2024 оны 02 сарын 02-ны өдрийн *****дугаартай хүсэлт шийдвэрлэх тухай захирамжаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дээрх хүсэлтийг шийдвэрлэсэн байх бөгөөд энэхүү захирамж хүчинтэй байгаа болохыг дурдаж байна.
11. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс төлсөн 140,400 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-т тус тус зааснаар ***** нэхэмжлэлтэй ******, ***** нарт холбогдох Сэлэнгэ аймаг, Мандал сум, 7-р баг Худалдаа 4-419 тоот байршилтай ****** нэгж талбарын дугаартай, 533 м.кв талбайтай, ***** дугаартай газрын гэрчилгээтэй, худалдаа, үйлчилгээний зориулалттай газрыг ******, ***** нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх, Сэлэнгэ аймаг, Мандал сум, 7 дугаар баг, Минжинхангай Төвийн хэсэг гудамж, 0 тоотод үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн ***** дугаартай, 257.3 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг албадан буулгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140,400 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ