Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 371

 

“О” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн

татварын улсын байцаагч Б.Д, Ц.Ц нарт холбогдох захиргааны хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Шүүгч Ч.Тунгалаг

Шүүгчид:                 Г.Банзрагч

                                Б.Мөнхтуяа

                                П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч:        Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: Д.Мөнхцэцэг    

Нэхэмжлэлийн шаардлага:  Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, Б.Д нарын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 350017610 тоот актыг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгох”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0294 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2018/0388 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.М,  

Хариуцагч Ц.Ц, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О нарыг оролцуулж,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2018/0294 дүгээр шийдвэрээр: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дугаар зүйлийн  29.1.1, 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 74.1, 74.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 47 дугаар зүйлийн  47.2, 47.4-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “О” ХХК-ийн “Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, Б.Д нарын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 350017610 тоот актыг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2018/0388 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2017/0294 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, Татварын ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 29 дугаар зүйлийн  29.1.1, 33 дугаар зүйлийн 33.1, 34 дүгээр зүйлийн 34.1, 34.2, 47 дугаар зүйлийн  47.2, 47.4, 74 дүгээр зүйлийн 74.1, 74.31-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч “О” ХХК-ийн “Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, Б.Д нарын 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 350017610 тоот актыг бүхэлд нь илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол     

3. “О” ХХК-ийн нэхэмжлэлтэй Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагч Б.Д, Ц.Ц нарт холбогдох захиргааны хэргийг давж заалдах журмаар хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2018/0388 дугаар магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй байх тул дараах үндэслэлээр хяналтын гомдол гаргаж байна.

4. Шүүх хариуцагчийг татварын хяналт, шалгалтыг зохих журмын дагуу хийсэн гэж үзсэн нь ямар нэг нотолгоогүй, үндэслэлгүй дүгнэлт болсон. Учир нь Чингэлтэй дүүргийн татварын албаны байцаагч Ц.Б “О.”ХХК-ний нэр дээр НӨАТ-ын хуурамч падаан үйлдэж ашигласан гэм буруутай болохыг эрүүгийн журмаар тогтоосны дараа Гааль татварын ерөнхий газрын 2016 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 03-3/1647 дугаартай албан бичгээр нэр бүхий аж ахуйн нэгжүүд “О.”ХХК-иас худалдан авалт хийсэн байх бөгөөд хуурамч падаан худалдан авч төлөх татвараа бууруулсан байж болзошгүй тул шалгахыг үүрэг болгосон байдаг. Улсын байцаагч нар тус компанийн санхүүгийн баримтад ямар нэг шалгалт хийгээгүй. Тухайлбал, Татварын газраас олгосон дугаартай жинхэнэ эх хувиараа байгаа “О ХХК”-ийн зарлагын падааныг ч үзэлгүй, тус компани худалдан авалт хийсэн талаар тайлбар өгсөн байхад түүнийг шалган тогтоох зорилгоор шаардлагатай баримт бичгүүдийг гаргуулан авч шалгалгүйгээр “ ... хуурамч НӨАТ-ын падаан ашиглаж НӨАТ төлөх орлогыг бууруулсан” гэж үндэслэлгүй дүгнэлт хийж акт тавьсан нь Татварын ерөнхий хууль, татварын ерөнхий газрын даргын 2014 оны А/102 дугаар тушаалаар батлагдсан акт бичих журам, татварын шалгалт хийх журам болон Захиргааны ерөнхий хуулийн захиргааны акт нь бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий байх шаардлагуудыг зөрчсөн болохыг баталж байна.

5. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... татварын хяналт, шалгалтын хүрээнд “О” ХХК нь хуурамч падаан ашиглан татвар төлөхөөс зайлсхийсэн нь тогтоогдсон” гэж дүгнэсэн нь хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэн үндэслэлгүй байна. Учир нь Татварын ерөнхий хуулийн 74.1-д хуульд заасан үйлдэл, эс үйлдэхүйгээр татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлэхээр зохицуулсан ба уг зохицуулалт нь татвар төлөгчийн үйлдэл, эс үйлдэхүй нь татвар ногдох орлого, орлогоос бусад зүйлээ нуух гэсэн санаа зорилгыг агуулсан байхыг шаардах бөгөөд уг үйлдэлд нь хариуцлага тооцохоор байна. Гэтэл “О” ХХК бодитоор худалдан авалт хийсэн гэдгээ нотолж, “О.” ХХК-ийн 9303655 болон 9303653 дугаартай Нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд, “О.” ХХК-ийн санхүүгийн тэмдэг бүхий бараа, материалын зарлагын баримт, “О” ХХК-ийн 2011 оны 03 дугаар улирлын санхүүгийн тайлан, НӨАТ-ын тайлан, 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 352346 дугаартай НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актыг тус тус шүүхэд нотлох баримтаар гарган өгсөн боловч шүүх уг баримтуудыг үнэлэхгүйгээр Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагч Ц.Б “О.” ХХК-ийг хохироож, тус компанийн НӨАТ-ын падааныг бусдад худалдсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн тул “О.” ХХК-иас худалдан авалт хийсэн бол хуурамч падаан гэж үзнэ гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий байх зарчмыг хангахгүй, хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг хэрэглэж байна. Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагч Ц.Б “О.” ХХК-ийг хохироож, тус компанийн НӨАТ-ын падааныг бусдад худалдсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн хэдий ч Ц.Б-д холбогдох эрүүгийн хэргийн хавтаст хэрэгт тус баримтыг “О” ХХК-д худалдсан зүйл байхгүй болохыг нотлох баримтыг шинжлэн судлах шатанд тогтоосон төдийгүй шүүгч танай компани хохирсон юм байна гэхдээ эхлээд төрд учирсан хохирлыг барагдуулах нь зүйтэй гэж шүүх хуралдааны үеэр хэлсэн нь шүүх хуралдааны бичлэгт үлдсэн болно. Өөрөөр хэлбэл манай үйлчлүүлэгч зориудаар хий бичилттэй падаан ашиглаж, төсөвт төлөх НӨАТ-ын хэмжээг бууруулсан зүйл байхгүй бөгөөд ажил үйлчилгээний орлого, НӨАТ-ын татвараа ногдуулж тайлагнан худалдан авалт хийсэн нь нотлогдож байхад “О.” ХХК-ийн НӨАТ-ын тайлангаараа хийж гүйцэтгэсэн ажлын хөлсөө тайлагнаагүй буруутай үйл ажиллагаа, эсхүл татварын байцаагч Ц.Б-ын хууль бус үйл ажиллагааны улмаас “О” ХХК-д хариуцлага ногдуулах нь бодит байдалд нийцсэн, үндэслэл бүхий байх шаардлагад нийцэхгүй байна.

6. Чингэлтэй дүүргийн татварын хэлтэс нь 2016 оныг хүртэл маргаан бүхий НӨАТ-ын падаануудыг хүчин төгөлдөр гэж үзэж, баталгаажуулсан атлаа 2016 онд Чингэлтэй дүүргийн татварын улсын байцаагч Ц.Б өршөөлийн хуульд хамрагдмагц хууль ёсоор үйл ажиллагаа явуулж, татвараа төлж буй татвар төлөгчид түүний гэм буруугийн улмаас үүссэн хохирлыг төлүүлэхээр шаардаж байгаа нь илтэд татвар төлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшилж байгаа нь Захиргааны Ерөнхий хуулийн 4.2.8-д заасан хууль ёсны итгэлийг хамгаалах зарчмыг зөрчиж байна.

7. Шүүх хавтаст хэрэгт авагдсан “О.” ХХК-ийн 9303655 болон 9303653 дугаартай Нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг НӨАТтХ-ийн 4.1.13-д заасан шинжээ алдсан буюу уг падаануудыг ашиглан төсөвт төлөх албан татвараас хасаж тооцох хууль зүйн үндэслэл бүрдээгүй гэж шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт тусгасан нь нотлох баримтыг буруу үнэлсэн төдийгүй хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг хэрэглээгүй болно. Дээр дурдсан 2 ширхэг НӨАТ-ын падаанууд нь 2011 онд үйлдэгдсэн байх тул тухайн үед хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан НӨАТтХ-ийн зохицуулалтаар тэдгээрийн хүчин төгөлдөр байдлыг тодорхойлох ёстой. 2006 онд батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 4-р зүйлийн 4.1.3-т нэгдсэн дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаан” гэж борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнэ, түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тусгасан, татварын албанаас олгосон нэгдсэн дугаар бүхий нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичгийг хэлнэ” гэж заасан бөгөөд “О.” ХХК-ийн 9303655 болон 9303653 дугаартай Нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд нь энэ зүйлд заасан шаардлагыг бүрэн хангасан байна. Түүнчлэн Сангийн сайдын 2007 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 18 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар баталсан Нэмэгдсэн өртгийн албан татварыг анхан шатны болон нягтлан бодох бүртгэл, тайланд тусгах журмын 2.2-т НӨАТ төлөгчөөр бүртгэгдсэн аливаа этгээд НӨАТ төлөгчдөд борлуулсан бараа, ажил, үйлчилгээндээ энэ журмын 2.1-д дурдсан падааныг заавал бичиж өгөх бөгөөд татварын падааныг 3 хувь үйлдэж, эх хувийг өөрт хадгалан 2,3-р хувийн худалдан авагчид өгнө. Худалдан авагч 2 дугаар хувийг тухайн сарын НӨАТ-ын тайланд худалдан авалтын дэвтэртээ хавсарган татварын албанд, 3 дугаар хувийг өөрт хадгална” мөн 4.1-д “татварын алба НӨАТ-ын тайланг хүлээн авах бүрдээ борлуулалтын болон худалдан авалтын дэвтрийн хөтлөлтийг НӨАТ-ын падаан болон тайлангийн холбогдох үзүүлэлтүүдтэй тулган шалгах бөгөөд шаардлагатай гэж үзвэл татварын хяналт, шалгалт хийж тайланг баталгаажуулна” гэж тус тус зохицуулсан. Дээрхи зохицуулалтуудын дагуу манай үйлчлүүлэгч “О.” ХХК-ийн 9303655 болон 9303653 дугаартай Нэмэгдсэн өртгийн албан татварын падаануудыг НӨАТ-ын тайландаа тусгасан ба Чингэлтэй дүүргийн татварын алба татварын тайланг хүлээн авч, баталгаажуулан 2012 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 352346 дугаартай НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийг баталгаажуулсан актаар маргаан бүхий НӨАТ-ын падаануудыг хүчин төгөлдөр гэж хүлээн зөвшөөрсөн байдаг. Тиймээс “О.” ХХК-ийн 9303655 болон 9303653 дугаартай Нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд нь хууль тогтоомжид заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр баримт мөн болно. Гэтэл анхан шатны шүүх уг баримтуудыг хүчин төгөлдөр бус гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Манай үйлчлүүлэгч “О” ХХК нь худалдан авалт хийсэн гэдгээ холбогдох нотлох баримтуудаар нотолсон мөн Чингэлтэй дүүргийн татварын хэлтсээс 2012 болон 2013 онд тус тус “О” ХХК-д татварын иж бүрэн хяналт шалгалт хийж байсан боловч “О.” ХХК-тай холбоотой зөрчил илэрч байгаагүй зэргээс харахад хариуцагч нар нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдаж, татварын акт тавих эрх зүйн үндэслэл бий болоогүй байна. Тиймээс маргаан бүхий захиргааны акт нь Захиргааны ерөнхий хуулийн 47.1.6-д заасны дагуу илт хүчин төгөлдөр бус акт болно.

8. Дээр дурдсан үндэслэлүүдээр анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэх үүргээ биелүүлээгүй, нотлох баримтыг буруу үнэлсэн, хэрэглэвэл зохих хуулийн зохицуулалтыг хэрэглээгүйгээс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 сарын 16-ны өдрийн 0294 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2018/0388 дугаар магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий хуулийн шаардлагыг хангахгүй байх тул тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

9. Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

10. Чингэлтэй дүүргийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Ц.Ц, Б.Д нар “О” ХХК-ийн 2011 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хэсэгчилсэн шалгалт хийж 2016 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 350017610 тоот акт үйлдэж, нэхэмжлэгч “О” ХХК-д 7,772,727.20 төгрөгийн нөхөн татвар, 2,331,818.20 төгрөгийн торгууль, 3,886,363.60 төгрөгийн алданги, нийт 13,990,909.0 төгрөгийн төлбөр ногдуулсан байна.

11. Энэхүү актыг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс “...маргаан бүхий актаар манай компанийг 2011 онд “О.” ХХК-иас 77,272,272 төгрөгийн хий бичилттэй падаан авч ашиглан 2011 оны 09 дүгээр сарын НӨАТ-ын тайландаа тусгах татвар төлөх орлогоо бууруулсан гэж үзэж...нийт 13,990,909 төгрөгийн төлбөрийн төлүүлэхээр акт тогтоосон нь илт хууль бус, үндэслэлгүй...” гэж, хариуцагчаас “...13,990,909.00 төгрөгийн төлбөр ногдуулсныг тус компани зөвшөөрөөгүй тул 2017 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 056 тоот Нийслэлийн татварын газрын дэргэдэх маргаан таслах зөвлөлийн тогтоолоор ...нийт 6,218,181.80 төгрөгийн торгууль, алдангийг өршөөлд хамруулж 7,772,727.20 төгрөгийн нөхөн татварыг төлүүлэхээр шийдвэрлэсэн...”О” ХХК нь ...”О.” ХХК-иас...нийт 77,727,272.0 төгрөгийн худалдан авсан хий бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаан ашиглан тайланд тусгаж төсөвт төлөх нэмэгдсэн өртгийн албан татвар бууруулсан” гэж тус тус маргажээ.   

12. “О.” ХХК нь 2011 онд ажил, үйлчилгээ явуулж байгаагүй, уг компанийн нэр дээр бүртгэлтэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаанууд нь хий бичилттэй,  хууль бус болох нь Чингэлтэй дүүргийн Прокурорын газрын 2016 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 211а дугаар “Эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” прокурорын тогтоолоор нотлогдсон байна.  

13. Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалтаар худалдан авсан бараа, ажил, үйлчилгээнд төлсөн... албан татварыг түүний төсөвт төлөх албан татвараас хасч тооцох хуулийн зохицуулалттай тул татварын улсын байцаагчийн 2016 оны 350017610 тоот актаар татварын дутуу төлөлтийг нөхөн төлөх талаар, мөн хариуцагч татварын улсын байцаагч Ц.Ц, Б.Д нарт “О” ХХК-ийн 2011-2015 оны санхүүгийн баримтад хэсэгчилсэн шалгалт хийх эрхийг хуулиар олгосон, “О.” ХХК-ийн хуурамч, хий бичилттэй падаантай холбогдох хэсэгт шалгалт хийх үндэслэл бүрдсэн тул “иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй” гэх үндэслэл тогтоогдоогүй гэсэн шүүхүүдийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй юм.  

14. Харин захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс хуулийн нэрийг буруу бичсэнийг зөвтгөж анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-т нийцсэн байна.

15. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол нь давж заалдах журмаар гаргасан гомдолтой агуулгын хувьд давтагдаж байх тул хяналтын шатны шүүхээс дүгнэлт өгөх шаардлагагүй юм.

16. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 221/МА2018/0388 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Ч.ТУНГАЛАГ

                        ШҮҮГЧ                                                                    Х.БАТСҮРЭН