Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2016/0486

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны  шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнхзул даргалж тус шүүхийн хуралдааны 2 дугаар танхимд хийсэн хуралдаанаар Н.Д*******ын нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргад холбогдох захиргааны хэргийг хэлэлцэв.  

Нэхэмжлэгч: Н*******ын Д*******

Хариуцагч: Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны дарга

Нэхэмжлэлийн шаардлага: “Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 09 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах”

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Д*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э*******, Б.Б*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Г******* нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Д******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

 “..миний бие Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 61 дүгээр тушаалаар Дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдсон бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны даргатай 2015 онд нийт 4 зүйлээр ажил хийхээр төлөвлөн үр дүнгийн гэрээ байгуулан ажиллаж байсан. 

Санхүүгийн зохицуулах хорооны шинэчлэн зохион байгуулсан бүтцээр Дотоод Аудитын хэлтсийн дарга нь хорооны даргын шууд харъяанд хорооны дотоод үйл ажиллагаанд холбогдох хууль тогтоомж, журам заавар, стратеги бодлогын дагуу хэвийн явагдаж байгаад хяналт тавьж, дотоод хяналтын систем болон үйл ажиллагааны үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэсэн мэдээллээр хорооны үйл ажиллагааны эрсдлийг удирдах, урьдчилан сэргийлэх, илэрсэн зөрчлийг арилгуулах, цаашид авах арга хэмжээний талаар санал, зөвлөмж гаргах чиглэлээр хариуцан ажилладаг.

...миний бие ажиллах хугацаандаа ажлын төлөвлөгөө болон үр дүнгийн тайлангаа гарган өгч тухай бүрт дүгнүүлэхээр хандаж байсан боловч огт дүгнэж, тайлантай танилцсан талаар эргэн мэдэгдэж байгаагүй юм.

Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн байгууллагын үйл ажиллагаа ялангуяа ажилтан, албан хаагчтай холбогдсон асуудал нь нээлттэй, ил тод байх, ажилттан, албан хаагчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх ёстой. Миний бие ажил үүргээ гүйцэтгэхдээ хангалтгүй болон огт гүйцэтгээгүй тохиолдол байхгүй бөгөөд удирдлагаас албан үүргээ биелүүлээгүй талаар ямарваа нэгэн арга хэмжээ авагдаж байгаагүй болно.

... 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс 31-ний өдөр хүртэл эмчилгээ хийлгүүлсэн. ...магадлагаагаа хүргүүлэн өвчтэй байдгаа байдлаа өөрийн хэлтсийн мэргэжилтэн Л.Долгор, Б.Энхбаяр нараар ажлын албаны дарга, тамгын газрын дарга нарт хэлүүлэн мэдэгдэж, эмчилгээ дуусмагц холбогдох эмчийн магадлагаагаа ажлын алба болон тамгын газарт өгсөн болно. 

Намайг эмнэлэгийн магадлан чөлөөтэй байх хугацаанд 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 9 дүгээр тушаалаар “Үүрэгт ажлаас халах тухай” тушаал нь миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байх тул миний бие гомдолтой байна. 

Санхүүгийн зохицууулах хорооны ажлын албаны даргын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 9 дүгээр тушаалыг хүчингүйд тооцуулан, намайг ажилд эргүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулж өгнө үү” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Э******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“Н.Д*******ыг ажлын албаны даргын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 09 тушаалаар үүрэгт ажлаа удаа дараа хангалтгүй биелүүлсэн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 өдрөөс дээш хугацаагаар ажил тасалсан гэсэн үндэслэлээр ажлаас халсан. Шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаар дээрх үндэслэлүүд нотлогдохгүй байна. Дотоод журам нь бас хууль зөрчсөн гэж үзэж байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дэх хэсгийг заасан байдаг. Энэ нь сахилгын шийтгэл ногдуулж байгаа хуулийн заалт. Хэрэв сахилгын шийтгэл ногдуулж байгаа бол энэ талаар нотлох баримтыг хариуцагч шүүхэд ирүүлэх ёстой ба ингэж байж 09 тоот тушаал нь хүчин төгөлдөр гэдэг нь нотлогдоно. Үүрэгт ажлаа удаа дараа биелүүлээгүй, ажил тасалсан гэх 2 үндэслэлийг нотолсон баримтыг, мөн энэ 2 үндэслэлээр хуралдсан, сахилгын зөрчил хэзээ илрүүлсэн болон тухайн албан  хаагчид хэрхэх танилцуулсан, энэ зөрчлийн улмаас ямар үр дагавар үүссэн зэрэг энэ бүх зүйлийг харгалзан үзэж байж 26 дугаар зүйлийн сахилгын шийтгэл ногдуулах хууль зүйн үндэслэл нь гарах ёстой. Зөрчлийг шалгасан талаарх материал буюу хурлын тэмдэглэл, зөрчил гаргагчийн өгч байсан тайлбар зэргийг хариуцагч гаргаж өгөөгүй тохиолдолд хариуцагчийн тайлбарыг бүрэн нотлох боломжгүй. Ажлаас хоцорсон буюу тасалсан гэдэг үндэслэлээр ажлаас халсан нь давхардуулан сахилгын шийтгэл ногдуулсан байна гэж үзэж байна. Өмнө нь тухай тухай үед цалингаас хассан байсан. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна гэж үзэж байна” гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 

“Төрийн албаны тухай хуульд заасны дагуу төрийн алба нь өөрөө хууль дээдлэх, эрх тэгш, ил тод байх ёстой. Тушаал гаргасан байдлыг харахад улс төрийн нөхцөл байдалтай холбогдож байна гэж үзэж байна. Төрийн албаны тухай хуулийн 26.1.3 дэх заалт нь албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд анх буюу давтан үйлдлийг харгалзан сахилгын шийтгэл ногдуулах ёстой. Анх буюу давтан үйлдэл гэдгийг заавал баримтжуулан, 97 дугаар тогтоолд заасны дагуу нэгж удирдлагын саналыг харгалзан тухайн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах ёстой. Гэтэл өнөөдөр 97 тушаалд заасан шаардлагыг 09 дүгээр тушаал нь нэгийг ч хангаагүй байна. Сахилгын шийтгэлийг заавал шалган тогтооно гээд энэ тухай зөрчил гаргасан албан хаагчид танилцуулсан байна гэж байгаа. Мөн зөрчил гаргасан албан хаагч танилцаад нэмэлт тайлбар хийн дахин шалгалт хийхийг шаардах эрхтэй гэж байгаа. Дээр дурдсан ажиллагааг хийгээд эцсийн байдлаар Н.Д*******д танилцуулах ёстой. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 нь нэг жил төрийн албанд ажиллах эрхгүйгээр халах заалт байгаа. Ийм учраас тушаал нь хууль бус үндэслэлгүй гарсан байгаа учир Н.Д*******ыг ажилд нь эргүүлэн томилж өгнө үү.

 

Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч н.Г******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“...Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 61 дүгээр тушаалаар тус хорооны дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр тус хороонд ямар нэг албан тушаал эрхэлдэггүй, төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй иргэн Н.Д*******ыг томилсон байна.

Энэ нь Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж болно” гэж заасныг зөрчсөн байна. Иймд тус хорооны ажлын албаны даргын 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 61 тоот тушаал нь Төрийн албаны тухай хуулийг зөрчсөн хүчин төгөлдөр бус тушаал байна.

Төрийн албаны үйл ажиллагаа нь өдөр тутмын үйл ажиллагааны хүрээнд удирдах албан тушаалтан ажилтандаа үүрэг даалгавар өгөөд явдаг. Дотоод хяналтын албаны хийж гүйцэтгэхээр батлагдсан ажлын төлөвлөгөөндөө батлагдсан ажлыг хангалтгүй биелүүлж байгаа болон өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхгүй байна гэсэн үндэслэлээр энэ тушаалыг гаргасан. 

Цаг бүртгэлийн программ бол автоматаар явдаг. Ямар нэгэн байдлаар ирцийг засах боломжгүй. Сар болгон цалин олгохдоо уг программыг тулгаж үздэг. Үүний дагуу үзэхэд ийм таслалттай байсан ба дотоод журмаа баримтлан энэ тушаалыг гаргасан. Үүрэг даалгаврыг тухай бүр нь баримтжуулан явах нь төрийн албаны хувьд боломжгүй. Учир нь тухайн дарга бол өдөрт 20-30 хүнд үүрэг даалгавар өгдөг. Аль ч  төрийн байгууллага бай үүрэг даалгаврыг бичгээр өгөх боломж ховор байдаг. Магадгүй амаар өгч байсан үүрэг даалгавар нь тухайн  хорооны үйл ажиллагаанд ач холбогдолтой байдаг. Тиймээс иргэн Н.Д*******ын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү? Ажлын албаны даргын 09 дугаар тушаал нь хуульд нийцсэн байгаа.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч иргэн Н.Д******* нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байхдаа, хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус тушаалын үндсэн дээр төрийн албанд томилогдсон байх тул нэхэмжлэлийн шаардлагуудыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв. 

 

Гуравдагч этгээд Н.О******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:

“Миний бие ... Санхүүгийн зохицуулах хороонд 2006 оны 06 дугаар сараас хянан шалгагч, ахлах хянан шалгагч хийж байгаад 2008 оны 03 дугаар сарын 25-аас 2015 оны 02 дугаар сарын 15 хүртэлх хугацаанд бичил санхүүгийн газрын даргаар ажиллаж байсан.

2014 оны 12 дугаар сард хорооны удирдлагууд солигдож, 2015 оны 2 дугаар сард шинээр бүтэц зохион байгуулалт хийж, хорооны ажилтнуудын 45 хувь, удирдлагуудын 60 хувийг өөрчлөхөд намайг бичил санхүүгийн зохицуулалтын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилогдож ажилласан. Ер нь хорооны удирдлагууд бүтэц, зохион байгуулалт хийхдээ Төрийн албаны тухай хуулиар тавьсан шаардлага, шалгуурыг хангасан удирдах албан тушаалтан нарыг шаардлага хангаагүй иргэнтэй адил удирдах албанд түрээр томилж хууль зөрчиж байсан. 

... үүний дагуу хорооны ажлын албаны даргын 1 дүгээр сарын 29-ний өдрийн тушаалаар намайг дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаалд томилсон.  

Хорооны бүтэц зохион байгуулалтаар дотоод аудитын хэлтэс нь хорооны ажлын албаны бүтцэд ордогггүй, шууд хорооны даргын удирдлага дор ажилладаг, хорооны даргаар ажлын төлөвлөгөөгөө батлуулж, үр дүнгийн гэрээ байгуулж ажлаа тайлагнадаг...бөгөөд санхүү, төрийн албаны чиглэлээр нарийн мэргэшсэн байх шаардлага тавигддаг тул миний мэдлэг чадвар энэ албыг хариуцах шаардлага, шалгуурыг хангасан гэж хорооны удирдлагуудын зүгээс үзсэн учраас энэ ажилд шууд томилсон юм.

Харин хорооны дарга болон ажлын албаны дарга ажлаасаа чөлөөлөгдсөн, хорооны удирдлагууд томилогдоогүй, түр орлон гүйцэтгэгч нар ажиллаж байгаа, хорооны гишүүдийн хугацаа дуусч байгаа зэргээс шалтгаалан бүтэц хийх, хэлтсийг газар болгох асуудал түр хойшлогдоод байгаа билээ. 

... иймд Төрийн албаны тухай хууль болон дотоод аудитад тавигддаг стандарт, шаардлага, хорооны дотоод дүрэм, эрх ашгийг харахад миний эрх ашиг хөндөгдөхгүй гэж үзэж байгаа бөгөөд миний бие энэ албанд өөрийн хүсэлтээр ирээгүй тул шүүхийн шийдвэр гарсны дараа хорооны удирдлага шийдэх асуудал гэж үзэж байна. Шүүх хуралд минйи бие биечлэн орох шаардлага байхгүй” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн тайлбарт дүгнэлт хийж дараах үндэслэлээр нэхэмжлэгч Н.Д*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

Н.Д*******ыг 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 61 дүгээр тушаалаар  Санхүүгийн зохицуулах хорооны Дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилон ажиллуулж байгаад Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын 2016 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн тушаалаар  “үүрэг даалгавар удаа дараа хангалтгүй биелүүлсэн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3-аас дээш өдөр ажил тасалсан” гэсэн үндэслэлээр үүрэгт ажлаас нь халжээ.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нараас “... Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын 2016 оны 09 дүгээр тушаал нь төрийн албаны үйл ажиллагаанд хууль дээдлэх зарчмыг баримтлаагүй, сахилгын зөрчлийг шалгаж тогтоогоогүй, сахилгын шийтгэлийг давхардуулж ногдуулсан учраас хууль бус тушаал юм” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... төрийн албаны үйл ажиллагааг нэг бүрчлэн цаасаар баримтжуулах боломжгүй бөгөөд нэхэмжлэгч нь албан үүргээ биелүүлээгүй мөн 3-аас дээш өдрөөр ажил тасалсан тул 09 дүгээр тушаал үндэслэлтэй” гэж тус тус маргажээ. 

 

Н.Д*******ын эрхэлж байсан Санхүүгийн зохицуулах хорооны дотоод аудитын хэлтсийн даргын албан тушаал нь төрийн тусгай  албан тушаалын ангилалд хамаарч байх бөгөөд уг албан тушаалд иргэнийг томилохдоо тухайн албан тушаалд тавих ерөнхий болон тусгай шаардлага, тухайн албан тушаалыг эрхлэх болзлыг хангаж байсан эсэхийг шалгах үүрэг нь томилох эрх бүхий албан тушаалтанд байна. 

Өөрөөр хэлбэл, Н.Д******* нь “төрийн албаны шалгалт өгч нөөцөд бүртгэгдсэн байсан, томилох эрх бүхий албан тушаалтан нь өөрөө түр орлон гүйцэтгэгч байсантай холбоотойгоор намайг түр орлон гүйцэтгэгчээр томилсон ” гэж тайлбарлан маргаж байх ба энэ тайлбарыг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс үгүйсгээгүй “тийм байгаа”  хэмээн тайлбарлаж байх төдийгүй маргаан бүхий 09 дүгээр тушаал нь Н.Д*******ыг “... төрийн албан тушаалд тавигдах шаардлагыг хангахгүй байгаа” гэсэн үндэслэлээр бус “үүрэг даалгавар удаа дараа хангалтгүй биелүүлсэн, ... ажлын 3-аас дээш өдөр ажил тасалсан” гэсэн үндэслэлээр гарсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ““...Н.Д******* нь хуульд заасан шаардлагыг хангаагүй байхдаа, хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус тушаалын үндсэн дээр төрийн албанд томилогдсон” гэсэн тайлбар нь маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлтэй хамааралгүй байна.

 

Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын 2015 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 09 дүгээр тушаал нь хууль бус бөгөөд Н.Д*******ын “хуульд зааснаас бусад тохиолдолд төрийн албанаас халагдахгүй байх” баталгааг алдагдуулсан болох нь дараах үйл баримтаар тогтоогдож байна. Үүнд:

1. Хариуцагч нь Н.Д*******тай “Үр дүнгийн гэрээ” байгуулж Санхүүгийн зохицуулах хорооны Дотоод аудитын хэлтсийн даргын эрх үүргийг ногдуулж ажиллуулж байсан атлаа 2016 оны 01 дүгээр сарын 11 дүгээр сарын 11-ний өдрийн 09 дүгээр “үүрэгт ажлаас халах” шийдвэрийг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасанчлан уг хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлийг зөрчсөн эсэх, “...ажлын албаны хөдөлмөрийн дотоод журам”-д заасан удаа дараа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн эсэхийг тус тус шалган тогтоож, Санхүүгийн зохицуулах хорооны даргын саналыг авч шийдвэрлэх үүргээ биелүүлээгүй, төрийн албаны хууль дээдлэх зарчмыг хангаж ажиллаагүй байна.

Тодруулбал, нэхэмжлэгчийн эрхэлж байсан албан тушаал нь Санхүүгийн зохицуулах хорооны даргын шууд удирдлагад харъяалагдаж үйл ажиллагаагаа тайлагнах үүрэгтэй болох нь “ажлын байрны тодорхойлолт”-д “... Хэлтсийн ажлын үр дүнгээр хорооны даргын өмнө үүрэг хариуцлага хүлээнэ”  гэж заасан болон Санхүүгийн зохицуулах хорооны бүтэц, зохион байгуулалт(матриц) -аар тогтоогдож байна.

Гэтэл хариуцагчаас Н.Д*******д чухам ямар үүрэг даалгавар өгснийг хэрхэн биелүүлээгүй талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй ба “Н.Д******* нь үр дүнгийн гэрээг дүгнүүлээгүй ” гэсэн тайлбар ирүүлж хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “... төрийн байгууллагын үйл ажиллагаа бүрийг цаасаар баримтжуулах боломжгүй, албан ёсоор баримтжуулсан зөрчил байхгүй” гэж тайлбарлаж байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “... өгсөн үүрэг даалгаврын удаа дараа хангалтгүй биелүүлсэн” гэсэн тайлбар үндэслэлгүй байна. 

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3-т “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж заасан байх бөгөөд Санхүүгийн зохицуулах хорооны даргын 2015 оны 160 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны хөдөлмөрийн дотоод журам”-ын 11 дүгээр зүйлийн 11.3-т сахилгын шийтгэлийг төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг, төрийн албан хаагчийн үйл ажиллагаанд болон төрийн албан хаагчид хориглох зүйлийг зөрчсөн тохиолдолд хэрэглэхээр журамласан байна.  

Мөн журмын 5 дугаар зүйлийн 5.11.3-т “Ажилтныг ... халахтай холбоотой асуудлыг харъяалах газрын даргын саналыг харгалзан, Тамгын газар санал боловсруулан Ажлын албаны дарга шийдвэрлэнэ” , 5.11.8-д “Хуульд өөрөөр заагаагүй бол удаа дараа/2 ба түүнээс дээш/ удаа албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3-аас дээш өдөр ажил тасалсан... ажилтныг төрийн албанаас хална” гэж заасан байна. 

Өөрөөр хэлбэл, хариуцагч нь Н.Д*******д сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл, нөхцөл бүрдсэн эсэхийг шалгаж тогтоогоогүй, холбогдох албан тушаалтны саналыг үндэслээгүй буруутай байна гэж шүүх дүгнэлээ. 

2. Н.Д*******ыг “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3-аас дээш өдөр ажил тасалсан” эсэхийг шалгаж тодруулаагүй нь буруу байна.

Тодруулбал,Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гарснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй”, “Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай” Улсын Дээд Шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 08 дугаар тогтоолд “... зөрчил гарснаас хойш 6 сар өнгөрсөн гэдэгт зөрчил гарсан өдрөөс хойш 6 сарын дотор уг зөрчил илрээгүй, мэдэгдээгүй өнгөрсөн байхыг ойлгоно” гэж тус тус заасан байх тул зөрчил үйлдэгдсэн буюу үргэлжилсэн бол сүүлийн зөрчил гарсан өдрийн огноог маргаан бүхий акт гарсан өдрөөс урагш тоолохоор байхад хариуцагчаас 2015 оны 08 дугаар сараас 11 дүгээр сар хүртэлх хугацааны ирцийн зөрчлийг тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Учир нь Санхүүгийн зохицуулах хорооны албан хаагчдын “Өдөр тутмын ирцийн бүртгэл”  нь албан хаагчийн ирцийг “хурууны хээ” оруулмагц программд бүртгэдэг байх тул зөрчлийг тухай бүрд нь илрүүлсэн гэж үзнэ. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3-т “Сахилгын нэг зөрчилд сахилгын шийтгэлийн хэлбэрүүдийг давхардуулан ногдуулж болохгүй” гэж заасан байна.

Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны хөдөлмөрийн дотоод журмын “Цалин хөлс, ажил амралтын цаг, ажлын цаг ашиглалтад тавих хяналт” гэсэн “Долоо” дугаар зүйлийн 7.6-д “Ажилтны нэг сард ажлаас хоцорсон хугацааны нийлбэр 4 цаг хүрсэн тохиолдолд нэг өдрийн цалин суутгана”, “Арван нэг” дүгээр зүйлийн 11.3.4-т “Ажилтан энэ журмын 7.6-д заасан ажлаас хоцорсон хугацаа хуанлийн нэг жилд 3 удаа болсон тохиолдолд” сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлд тооцохоор зохицуулсан нь ажилтны ажлаас хоцорсон цагийн нийлбэр 4 цаг тутамд нэг өдрийн цалин хасах, уг цагийн нийлбэр 12 цаг хүрвэл дахин сахилгын шийтгэл ногдуулах гэсэн агуулгатай байх тул ажилтны эрх зүйн байдлыг хуульд зааснаас дордуулсан, сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулах нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэх боломжтой байна.

Гэвч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “дотоод журам нь бас хууль зөрчсөн” гэсэн тайлбарт шүүхээс дүгнэлт хийх боломжгүй. Мөн нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан “Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны хөдөлмөрийн дотоод журам”-ын заалтыг үндэслэн гарсан хариуцагчийн шийдвэрийн зөвтгөх үндэслэлгүй юм.

Нэхэмжлэгчээс “Би ажил таслаагүй. Өглөө болон орой цаг бүртгэлийн системд бүртгүүлээгүй бол тасалсанд тооцдог программтай” хэмээн маргасан ба хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс үүнийг үгүйсгэлгүй “Цаг бүртгэлийн программ бол автоматаар явдаг. Ямар нэгэн байдлаар ирцийг засах боломжгүй. Сар болгон цалин олгохдоо уг программыг тулгаж үздэг. Үүний дагуу үзэхэд ийм таслалттай байсан ба дотоод журмаа баримтлан энэ тушаалыг гаргасан”  хэмээн тайлбарлаж “Н.Д*******ын хоцорсон цагийн нийлбэр 12 цагт хүрсэн учраас сахилгын шийтгэл ногдуулах нөхцөл бүрдсэн” хэмээн маргаж байх хэдий ч нэхэмжлэгчийг ажлаас хоцорсон эсхүл ажил тасалсан эсэх шалтгаан нөхцлийг болон сахилгын шийтгэл давхардаж байгаа эсэхийг шалгаж тогтоосны үндсэн дээр сахилгын шийтгэл ногдуулах эсэхийг шийдвэрлэх ёстой байжээ гэж дүгнэлээ. 

Иймд нэхэмжлэгч Н.Д*******ын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр “Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 09 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд эргүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй байна.

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.1, 106.3.7, 106.3.12-т заасныг удирдлага болгон  ТОГТООХ нь:

 

1. Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Д*******ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 09 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Н.Д*******ыг Санхүүгийн зохицуулах хорооны дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эргүүлэн тогтоосугай. 

2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Н.Д*******ын ажилгүй байсан 2016 оны 01 дүгээр сарын 11-ээс 2016 оны 07 дугаар сарын 04-нийг хүртэлх 6 сарын хугацааны цалин хөлс 5 359 108 /таван сая гурван зуун тавин есөн мянга нэг зуун найм/ төгрөгнөөс зохих татвар суутгалыг хийж олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгасугай.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.МӨНХЗУЛ