Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 221/МА2016/0606

 

Иргэн Н.Даваажаргалын нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Халиунбаяр даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Ц.Болормаа, нэхэмжлэгч Н.Даваажаргал, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Баатарсайхан, Э.Эрдэнэчулуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гантулга нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 486 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, иргэн Н.Даваажаргалын нэхэмжлэлтэй, Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Н.Даваажаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 09 дүгээр тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах” гэжээ.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 486 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.1.3, 26.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Н.Даваажаргалын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 09 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Н.Даваажаргалыг Санхүүгийн зохицуулах хорооны дотоод аудитын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалд эргүүлэн тогтоож, Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан Н.Даваажаргалын ажилгүй байсан 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 04-нийг хүртэлх 6 сарын хугацааны цалин хөлс 5.359.108 /таван сая гурван зуун тавин есөн мянга нэг зуун найм/ төгрөгнөөс зохих татвар суутгалыг хийж олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Гантулга давж заалдах гомдолдоо: “Санхүүгийн зохицуулах хороонд холбогдох иргэн Нанжидын Даваажаргалын нэхнэмжлэлтэй хэргийн хянан шийдвэрлэсэн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн 486 дугаар шийдвэрийг эс зөвшөөрөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

1. Тус хороонд ямар нэг албан тушаал эрхэлдэггүй, төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй Н.Даваажаргалын тус Хорооны дотоод аудитын хэлтсийн даргын түр орлон гүйцэтгэгчээр Төрийн албаны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “Төрийн байгууллагын эрх бүхий албан тушаалтан төрийн жинхэнэ албан хаагчтай тохиролцсоны дагуу албан үүргийнх нь зэрэгцээ эзгүй байгаа албан хаагчийн албан үүргийг түр орлон гүйцэтгүүлж” болно гэж заасныг зөрчиж томилсон тус хорооны ажлын албаны даргын 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 61 дүгээр хууль бус тушаалыг тус маргаанд хамааралгүй гэж анхан шатны шүүх үзсэн нь эрх зүйн үндэслэлгүй байна. Учир нь Н.Даваажаргалыг тухайн албан тушаалд томилсон Ажлын албаны даргын 2015 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 61 дүгээр тушаал хууль бус учир Н.Даваажаргалыг тус албан тушаалд эргүүлэн тогтоох анхан шатны шүүхийн шийдвэр эрх зүйн үндэслэлгүй юм.

2. Анхан шатны шүүх “Хариуцагч нь Н.Даваажаргалд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл, нөхцөл бүрдсэн эсэхийг шалгаж тогтоогоогүй, холбогдох албан тушаалтны саналыг үндэслээгүй буруутай байна” гэж үзсэн нь эрх зүйн үндэслэлгүй байна. Учир нь Н.Даваажаргал нь  дотоод хяналтын албаны 2015 оны ажлын төлөвлөгөөнд заасан ажил үүргийг биелүүлээгүй нь Н.Даваажаргал нь өөрийн 2015 оны үр дүнгийн гэрээгээ дүгнүүлэх Төрийн албаны тухай хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхээс зайлсхийсэн үйлдлээс нотлогдож байна. Тус хороонд 2015 оны үр дүнгийн гэрээгээ дүгнүүлээгүй ганц албан хаагч нь Н.Даваажаргал юм.

3. Анхан шатны шүүх Н.Даваажаргалыг “Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3-аас дээш өдөр тасалсан” гэдгийг хариуцагч шалган тодруулаагүй байна гэж дүгнэсэн нь эрх зүйн үндэслэлгүй байна. Учир нь Н.Даваажаргал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3-аас дээш өдөр тасалсан нь тус хорооны албан хаагчдын ажлын цагийн бүртгэлээр нотлогддог. Хорооны албан хаагчдын цагийг хурууны хээ унших цахим бүртгэлээр бүртгэдэг бөгөөд түүнд өөрчлөлт, засвар оруулах боломжгүй юм. Иймд Н.Даваажаргал нь 3 хоног ажил тасалсан шалтгаанаа тайлбарласан ямар нэг эмчийн акт болон чөлөө хүссэн өргөдөл гаргаагүй учир Хорооны хөдөлмөрийн дотоод журмын 5.11.8-д ... удаа дараа /25 ба түүнээс дээш/ албан үүргээ хангалтгүй биелүүлсэн, ... хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ажлын 3-аас дээш өдөр ажил тасалсан ... ажилтныг төрийн албанаас хална” гэж заасны дагуу Ажлын албаны даргын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 09 тоот тушаалаар үүрэгт ажлаас нь халсан болно. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 486 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.  

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “...Н.Даваажаргал нь ...ажлын төлөвлөгөөнд заасан ажил үүргийг биелүүлээгүй, ...албаны даргын өгсөн үүргийг удаа дараа биелүүлээгүй, ...үр дүнгийн гэрээ дүгнүүлээгүй, ...ажил тасалсан нь цагийн бүртгэлээр нотлогдоно, ...цагийн бүртгэлийн нийлбэрээр тооцож зөрчил гаргасан гэж үзсэн...” гэх давж заалдах гомдол тайлбар үндэслэлгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-т “Энэ хуулийн 13, 15, 40 дүгээр зүйлд заасныг зөрчсөн болон албан үүргээ биелүүлээгүй тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг харгалзан хуульд өөрөөр заагаагүй бол төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна:”, 26.1.3-т “төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах” гэж зааснаас үзвэл төрийн жинхэнэ албан хаагчид түүнийг томилсон этгээдээс сахилгын шийтгэлийг ногдуулахдаа тухайн зөрчлийн шинж байдал мөн зөрчлийг анх эсхүл давтан үйлдсэн эсэхийг харгалзан үзэхийн зэрэгцээ албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчиж албан үүргээ биелүүлсэн тохиолдолд “албан үүргээ хангалтгүй биелүүлсэн” гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулахаар байна.

Хариуцагч Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын 2015 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 09 дүгээр тушаалаар “...хэлтсийн даргыг үүргийг түр орлон гүйцэтгэх хугацаандаа үүрэг даалгавар удаа дараа хангалтгүй биелүүлсэн, хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3-аас дээш өдөр ажил тасалсан...” гэх үндэслэлээр нэхэмжлэгч Н.Даваажаргалыг үүрэгт ажлаас нь халж шийдвэрлэсэн нь төрийн албаны харилцаа тэр дундаа төрийн жинхэнэ албан хаагчийн эрх зүйн байдал, эдлэх баталгаа, төрийн албаны үндсэн зарчмыг хуульчлан тогтоосон Төрийн албаны тухай хуульд нийцээгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн   19 дүгээр зүйлийн 19.1-д “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг эрх бүхий байгууллагаас тогтоосон хугацаанд зохих журмын дагуу үнэлж дүгнэнэ”, 19.2-т “Төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагааны үр дүнмэргэшлийн түвшингийн үнэлгээг үндэслэн албан тушаал дэвшүүлэх, зохих шатны сургалтад хамруулах, цол, зэрэг дэв олгох, цалин хөлсийг өөрчлөх, шагнаж урамшуулах, албан тушаал бууруулах асуудлыг шийдвэрлэнэ” гэж заасны дагуу хариуцагч нь нэхэмжлэгч Н.Даваажаргалын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшинг зохих журмын дагуу үнэлж дүгнэсний үндсэн дээр цаашид түүнийг ажлаас халах эсэхийг шийдвэрлэх байжээ.

Гэтэл Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны даргын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 09 тоот тушаалд нэхэмжлэгчийг ажлаас халах болсон шалтгаан үндэслэлийг “үүрэг даалгавар удаа дараа хангалтгүй биелүүлсэн” гэж тодорхойлсон байх боловч хариуцагчаас “төрийн байгууллагын үйл ажиллагаа бүрийг цаасаар баримтжуулах боломжгүй, албан ёсоор баримтжуулсан зөрчил байхгүй, ... үр дүнгийг гэрээг дүгнүүлээгүй...”  гэж тайлбарлан хэзээ, ямар үүрэг даалгавар өгснийг Н.Даваажаргал биелүүлээгүй, эсхүл хангалтгүй биелүүлсэн талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй байна.

Н.Даваажаргалыг ажлаас халсан өөр нэг үндэслэл болох “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3-аас дээш өдөр ажил тасалсан” гэх тухайд, хариуцагчаас нэхэмжлэгчийг 3-аас дээш өдөр ажил тасалсан гэж буруутгасан байх боловч тус байгууллагад мөрдөгдөж буй “Санхүүгийн зохицуулах хорооны ажлын албаны хөдөлмөрийн дотоод журам”-д заасны дагуу сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл, нөхцөл бүрдсэн эсэх, давхардсан эсэхийг шалгаж тогтоогоогүй, холбогдох албан тушаалтны саналыг үндэслээгүй нь буруутай гэх агуулга бүхий шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Хавтаст хэрэгт авагдсан Н.Даваажаргалын өдөр тутмын ирцийн жагсаалт[1], нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбараас үзвэл Санхүүгийн зохицуулах хороо нь албан хаагчдын өдөр тутмын ирцийг хурууны хээ унших цахим бүртгэлд оруулмагц бүртгэдэг цаг бүртгэлийн цахим бүртгэл ашиглан бүртгэдэг болох нь тогтоогдсон байх тул “зөрчлийг цаг бүртгэсэн тухай бүрт илрүүлсэн” гэж үзэхээр байна.

Хариуцагч нь тус байгууллагад мөрдөгдөж буй “ажилтны нэг сард ажлаас хоцорсон хугацааны нийлбэр 4 цаг хүрсэн тохиолдолд нэг өдрийн цалинг суутгах, мөн энэ хугацаа хуанлийн нэг жилд 3 удаа болох тохиолдолд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэлд тооцох”-оор заасан дээр дурдсан хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэн нэхэмжлэгчийн ажлаас хоцорсон цагийг нийлбэрээр тооцож “3-аас дээш өдөр ажил тасалсан” гэж үзэж сахилгын шийтгэл ногдуулсан нь Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т “Сахилгын шийтгэлийг илрүүлснээс хойш 1 сар, зөрчил гаргаснаас хойш 6 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж заасантай нийцээгүй байна.

Төрийн албаны тухай хуулийн 25 дугаар зүйлээр төрийн жинхэнэ албан хаагчийг төрийн албанаас халах нөхцлийг, харин мөн хуулийн 26 дугаар зүйлээр төрийн албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл, шийтгэлийн төрөл, хугацаа, сахилгын шийтгэлгүйд тооцох болон гомдол гаргах журмыг хуульчлан тогтоосон байна.  

Хариуцагчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагчаас нэхэмжлэгчийг албан үүргээ хангалтгүй гүйцэтгэсэн талаарх баримтыг шүүхэд гаргаж ирүүлээгүй, энэ нь тогтоогдохгүй байна. Түүнчлэн хариуцагч нь нэхэмжлэгчийн  ажлаас хоцорсныг тухай бүрт нь илрүүлж байсан гэх боловч хоцорсон цагийн нийлбэрээр тооцож сахилгын шийтгэл ногдуулсан нь хууль дээдлэх, тэгш шударга байх төрийн албаны үндсэн зарчмыг алдагдуулсан байхын зэрэгцээ маргаан бүхий актаар нэхэмжлэгчийг “төрийн албанаас халж шийдвэрлэсэн” атлаа “төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахтай холбоотой харилцааг журамлан зохицуулсан Төрийн албаны тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1.3 дахь хэсгийг /төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах/ үндэслэснээс үзвэл тус акт нь өөрөө хууль зүйн үндэслэл, зорилго чиглэлийн хувьд зөрчилтэй шийдвэр болсон байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 486 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

ШҮҮХ БҮРЭЛДЭХҮҮН:

ШҮҮГЧ                                                               Э.ХАЛИУНБАЯР

 ШҮҮГЧ                                                               Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                               Н.ХОНИНХҮҮ