Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 16 өдөр

Дугаар 12

 

Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Н.Насанжаргал даргалж, шүүгч Х.Гэрэлмаа, шүүгч Ц.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 144/ШШ2020/00031 дугаар шийдвэртэй,

нэхэмжлэгч  Ц.Н-гийн нэхэмжлэлтэй,

хариуцагч Ө.А.Ц.С.Е.Б.1.Д.Б.ДСхолбогдох  “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 2,976,182 төгрөгийг  гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгч Ц.Нгийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Насанжаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Н, хариуцагчийн төлөөлөгч И.Б, хариуцагчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг,  нарийн бичгийн даргаар А.Ариунаа нар оролцов.

Нэхэмжлэгч Ц.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ц.Н миний бие 2006 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд Ө.А.Ц.С.Е.Б.1.Д.Б.ДСорос хэлний багшаар тасралтгүй 14 жил 7 сар ажилласан. Ажил хийж байх хугацаанд тухайн байгууллагад ямар нэг сахилгын зөрчил дутагдал гаргалгүй ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ цаг тухайд биелүүлж ажиллаж ирсэн.

Захирал И.Б нь 2019 оны 1 сарын 03-ны өдрөөс захирлын албан тушаалд томилогдон ирсэн. 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр сургуулийн захирал И.Б нь намайг сургалт хүмүүжлийн цагаар өрөөндөө дуудаж та ажлаас халагдсан энэ тушаалаа аваад ажлаас гар гэж өөдөөс шидсэн. Миний бие яагаад намайг ажлаас халж байгаа талаар асуухад та намайг үл хүндэтгэж үл тоосон, намайг хүндэтгэж өрөөнд орж ирээгүй, 2019 оны 1 сард Ө.А.З.Д захирамжаар сургууль, цэцэрлэгийн хөл хорио тогтоосон энэ хугацаанд ажил тасалсан учраас ажлаас халах шалтгаан болсон гэж тайлбарласан. Би захирлыг дуудах тэр хугацаанд ангид хичээл орж байсан, цагаа харахад 10 минутын дараа завсарлах байсан болохоор хичээлээ зааж ангиа завсарлуулчхаад завсарлагааны цагаар орж уулзахад та намайг ингэж үл хүндэтгэж үл тоодог гэж хэлж одоо сургуулиас гар тушаалаа аваад яв гэж хэлсэн. Аймгийн Засаг даргын захирамжаар томуу томуу төст өвчний улмаас сургууль, цэцэрлэгийн үйл  ажиллагаанд хөл хорио тогтоосон үед захирал Баярбаясгалан өөрийн үзэмжээр цаг бүртгэсэн, тухайн үед би бага дундын хичээлийн эрхлэгч, нийгмийн ухааны нэгдлийн ахлагч нарт хувийн байдлаа ярьж хэлж байсан. Миний бие тухайн үед захирал Баярбаясгаланд мэдэгдэж хэлээгүй асуудал маань ажлаас халагдах үндэслэл болсонд гомдолтой байна. Мэдэгдэж хэлсэн талаар захирал И.Б намайг өөрийн биеэр дагуулж явж хичээлийн эрхлэгчээс чөлөө авсан талаар лавлаж асуусан.

Мөн сургуулийн захирал дээрх үндэслэлээр 2019 оны 2 сард надад давхар  сахилгын арга хэмжээ буюу цалин хасах арга хэмжээ авсан байсан. Ингээд би ямар  үндэслэлээр арга хэмжээ авч цалин хасаж байгаа талаар асууж тушаалаа гардаж  авъя гээд хэд хэдэн удаа очсон боловч цалингийн арга хэмжээ авсан тушаалаа албан ёсоор гардаж аваагүй одоог хүрч байна. Энэ байдлаас болж миний бие эрүүл мэнд болон эд хөрөнгө би сэтгэлээрээ маш их хохирч байна. Өөрөөр хэлбэл миний бие банканд цалингийн зээлтэй байсан ба зээлээ төлж чадахгүй байдалд хүрсэн. Мөн 2020 оны 1 сард хөдөө орон нутагт ажилласны 5 жилийн тэтгэмж авах байсан боловч ажилласан жил тасарснаас болж олгогдохгүй болсон. Эрүүл мэнд, сэтгэл санааны маш их хохирол амссан. Би тушаалаа гардаж авч чадахгүй байсан энэ хугацаандаа Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан спортын яаманд өргөдөл гаргаж тодорхой хариуг бичгээр авч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 3-т заасан хүндэтгэн үзэх шалтгаан байна гэж үзсэн албан тоотыг ирүүлсэн. Ингээд миний бие шүүхэд хандан нэхэмжлэлээ гаргаж байна.

Одоо миний бие хүү, аав, ээжийн хамт ам бүл 4-үүл амьдарч байна. Нөхөр Э 2019 оны 2 сард ажлаас халагдсан гэдгийг сонсоод салаад явсан. Капитрон банканд 15,126,000 төгрөгийн цалингийн зээлтэй уг зээлээ төлж чадахгүй байдалд хүрсэн. Иймд ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны буюу 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажилласан цалин амралтын мөнгө нэмэгдэл нийт 2,976,182 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж иргэн миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.

Хувийн ашиг сонирхол, өөрийн үзэмжээр намайг ажлаас халсан гэж үзэж байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн шалтгаан нь И.Б 14 хоног харсан. Учраа олох байх гэж бодож И.Б захиралд 3 сар хүртэл ажиллаад өөрөө өргөдлөө өгөөд гарна гэх хүсэлтийг удаа дараа тавьж байсан

Намайг хүлээж аваагүй учир Боловсрол Соёл Шинжлэх Ухааны сайд Б  уулзсан, боловсролын яамны хуулийн хэлтэст өргөдлөө өгсөн. Цаг хугацаа их орсон. Боловсрол Соёл Шинжлэх Ухааны яамны хуулийн хэлтсээс гаргасан тушаалын дагуу шүүхэд гомдол гаргасан” гэв.

Хариуцагчийн төлөөлөгч И.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2019 оны 01 дүгээр сарын 02-нд сургуулийн захирлын ажлыг хүлээж авсан. Тухайн өдөр ажлаа хүлээж аваад байгууллагын багш ажилчдын нэгдсэн хурлыг хийж цаашид ажиллах бодлого чиглэлийг танилцуулан багш нарыг сурагчдын амралтаар хэрхэн үр бүтээлтэй ажиллах талаар төлөвлөгөө гарган танилцуулсан. Төлөвлөгөөнд багш нараа хөгжүүлэх сургалт тайлан мэдээ гээд чухал ажлуудыг төлөвлөн ажилласан болно.

Ц.Н багш нь 2019 оны 01 сарын 07 өдрөөс эхлэн 2019 оны 02 сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд ажлын 23 өдрийг дотоод журамд заасан чөлөө зөвшөөрөл авалгүй хэлж мэдэгдэхгүй сураггүй ажил тасалсан учраас тухайн хүнтэй хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн шийдвэрээр цуцалж тушаалын нэг хувийг өөрт нь өгсөн. 1 сард аймгийн Засаг даргын 2019 оны 01 сарын 18-ны өдрийн А/60 тоот захирамжаар боловсролын байгууллагын үйл ажиллагааг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд түр зогсоох шийдвэр гарсан нь Ц.Нгийн ажлаа тасалсан байсан ч дээрх хугацааны цалин урамшууллыг тооцон бодож олгохдоо захирамжийн хугацаанд ажилдаа ирснээр бүртгэж 1 сард ажлын 22 хоногтойгоос Засаг даргын захирамжийн 10 хоногийг ажилласнаар тооцож захирамж гаргахаас өмнөх ажил тасалсан 12 өдрийн цалинг хасаж олгосон болно. Мөн 2 сарыг захирамж үргэлжлэх хугацааг ирснээр тооцож бусад 02 сарын 8, 11-ний өдрийн ажил тасалсан 2 хоногийг хасаж олгосон болно.

Ц.Н багш нь ажил таслаад 2 сарын 12-нд ажилдаа ирэхэд нь 2 сарын 13-нд  дуудаж уулзаад ямар шалтгаанаар ажил тасалсан болохыг асууж тодруулахад ямар нэгэн шалтгаан хэлэлгүй бие өвдөөд гэдэг шалтгаан хэлэхэд нь дотоод журам болон өөрийнх нь ажил тасалсан талаар хэлж мэдэгдэн танилцуулж эмнэлэгт хэвтсэн бол эмнэлгийн бичиг эмчилгээ магадалгаа гээд бичиг баримтаа үзүүлж харуулаарай гээд 7 хоногийн хугацаа өгч боломж олгосон боловч ямар ч өгсөн зүйлгүй 7 хоног болсон.

Хэдий сурагчдын амралт таарч байсан ч хуулиараа бусад багш нар төлөвлөгөөний дагуу ажлаа хийж байхад нэг нь хэлж мэдэгдэхгүй шалтгаангүй, сураггүй ажлаа таслаад алга болсон нь багш болон төрийн үйлчилгээний ажилтанд байж болохгүй ёс зүйн зөрчил гэж үзэж байна. Энэ нэхэмжлэлд хүн гүтгэсэн худал ташаа мэдээлэл бичсэн байна. Би удирдах ажил сургуулийн захирлын ажлыг 6 жил хийхдээ багш нар болон ажилчидтайгаа зүй бусаар харьцаж, харилцааны доголдол гаргаж байсан удаа нэг ч байхгүй билээ. Аль болох багш нар болон ажилтныгаа хөгжүүлэхийн төлөө мөн хувь хүн нийгмийн асуудлыг нь харж үзэж боломж олгосон олон талаас нь тунгаан үзэж шийдвэр гаргадаг билээ.

Хариуцагч нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 5.5.8 дахь “Ажлын 3 ба түүнээс дээш хоногоор ажил тасалсан нь ажлаас халах үндэслэл болно’ гэх 6.8.3.3 дахь “Хөдөлмөрийн сахилгыг удаа дараа зөрчсөн буюу хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан тохиолдолд ажлаас хална” гэх заалтуудыг удирдлага болгон багш Ц.Н нь 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 22-ны өдөр хүртэл дараалан 12 хоног ажил тасалсан, мөн 2019 оны 02 дугаар сарын 8, 11-ний өдөр ажил тасалж нийт 14 хоног ажил тасалсан нь хүндэтгэн үзэх учир шалтгаантай байсан баримт ирүүлээгүй огт мэдэгдээгүй тул 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг нь цуцалж ажлаас халсан болно.

Нэхэмжлэгч ажлаас халсан тушаалаа 2019 оны 02 дугаар сарын 19-нд гардан авч нийгмийн даатгалын газраас ажилгүйдлийн тэтгэмж авч тушаалыг зөвшөөрч байсан. Бүтэн 7 /долоо/ сар өнгөрсний дараа буюу 2019 оны 09 дүгээр сарын 11-нд   нэхэмжлэл гарган Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээж авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэх заалтыг зөрчлөө гэж үзэж байна.

Багш Ц.Нд 2019 оны 01 сард ажил тасалсан үйлдэлд нь тушаал гаргаж  арга хэмжээ авч цалинг нь бууруулсан зүйл огт байхгүй. Ц.Н нь 2019 оны 01 дүгээр сард 12 хоног, 02 дугаар сард 2 хоног ажил тасалсан нь нотлогдон тогтоогдсон тул захирлын 2019 оны 02 дугаар сарын 19-ний Б/05 дугаартай тушаалаар Ц.Нтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан. Иймд Ц.Нгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.А.Ц.С.Е.Б.1.Д.С холбогдох “Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2 976 182 төгрөг олуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай” нэхэмжлэгч Ц.Нгийн  нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ц.Н нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Ц.Н нь давж заалдах шатны шүүхэд ирүүлсэн гомдолдоо: “...Миний бие Ө.А.Ц.С.Е.Б.1.Д.Б.ДСгадаад хэлний багшаар ажиллаж байгаад тус сургуулийн захирлын 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 6/05 дугаартай тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халагдсан. Ингээд миний бие захиралтайгаа орж уулзаж гаргасан шийдвэрээ эргэж харах байх гэсэн үүднээс 10 гаруй хоног харсан. Надад хариу өгөхгүй болохоор нь Өмнөговь аймгийн боловсрол соёлын газар болон аймгийн Засаг дарга цаашлаад Монгол Улсын Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам, Монгол Улсын Их хурлын гишүүнд хандан өргөдөл гомдлоо шат дараатай гаргаж явсан бөгөөд миний бие Монгол Улсын боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас хариуг 2019 оны 08 сарын 16-ны өдрийн 14/7341 тоот албан тоотыг гардан аваад 1 сарын дотор шүүхэд нэхэмжлэлээ гаргасан юм.

Анхан шатны шүүх миний нэхэмжлэлийг хуульд заасан 1 сарын дотор гомдол гаргах хугацааг хэтрүүлсэн гэж үзэж нэхэмжлэлийг маань бүхэлд нь хэрэгсэхгүй болгох байсан бол яагаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар “хуулиар өөр хугацаа тогтоогоогүй бол хэрэг үүсгэсэн өдрөөс хойш 60 хоногийн дотор шийдвэрлэнэ гэж заасныг зөрчиж миний эрх ашгийг хохироогоод хөөн хэлэлцэх хугацааг үндэслэлгүйгээр хэтрүүлсэн гэж үзэж байгаа нь хууль бус гэж үзэж байна.

Мөн шүүхийн шийдвэрээс харахад миний гаргасан нэхэмжлэлийг хэдийд хүлээж аваад хэдийд иргэний хэрэг үүсгэж шийдвэрлээд байгаа нь тодорхойгүй байгаа ба миний бие анхан шатны шүүхэд 2019 оны 9 сарын 11-ний өдөр нэхэмжлэлээ бичиж өгсөн юм.

Монгол Улсын Боловсрол соёл, шинжлэх ухаан, спортын яам болон анхан шатны шүүх миний гаргасан өргөдөл болон нэхэмжлэлийг хүлээж аваад аль аль нь 5-6 сарын хугацаанд шийдвэрлэсэнд маш их гомдолтой байна. Мөн анхан шатны шүүх хэт нэг талыг барьж хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна.

Иймд Өмнөговь аймаг Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн №144/ШШ2020/00031 дүгээр шийдвэрийг хянан үзэж иргэн миний гаргасан гомдлыг хүлээн авч хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна гэж үзсэн болно.

Нэхэмжлэгч Ц.Н нь хариуцагч Ө.А.Ц.С.Е.Б.С холбогдуулан ажилдаа эргүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай  нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 129.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Нгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргасан байна.

Давж заалдах шатны шүүх уг гомдлыг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэв.

Ө.А.Ц.С.Е.Б.С захирал нь Ц.Нг 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр б/05 дугаар тушаал гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, Сургуулийн дотоод журмын 5.5.8 дахь заалт, 6.8.3.3 заалтыг үндэслэн 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 22-ны өдөр хүртэл ажлын 12 өдөр дараалан тасалсан, мөн 2019 оны 02 дугаар сарын 08,11-ний 2 өдөр, нийт 14 өдөр шалтгаангүй ажил тасалсан гэж 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс эхлэн түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалжээ. /хэргийн 57 дугаар хуудас/

Ажил олгогчийн дээрх тушаалыг ажилтан Ц.Н тушаал гарсан тухайн өдөр гардаж авсан талаар шүүх хуралдаанд тайлбарласан байх тул Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т “Ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэрийг халагдсан өдөрт өгөх” үүргээ хариуцагч биелүүлсэн  гэж үзнэ.

Зохигчдын хооронд үүссэн маргаан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 1.2-т зааснаар шүүхээр хянан шийдвэрлэх маргаан байх тул мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж заасны дагуу Ц.Н нь гомдлоо тушаал гардан авсан 2019 оны 02 дугаар сарын 19-ны өдрөөс хойш нэг сарын дотор гаргах ёстой.

Нэхэмжлэгч Ц.Нгийн ажлаас буруу халсан тухай нэхэмжлэлийг шүүх 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авсан нь нэхэмжлэлийн арын хуудсанд дарагдсан тэмдэглэгээ, 2019 оны 9 дугаар сарын 19-ний өдрийн 144/ШЗ2019/00381 дүгээр захирамж зэргээр тогтоогдож байна. /хэргийн 01, 17 дугаар хуудас/

Иргэний хуулийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт “Хугацааг тоолохдоо тогтоосон он, сар, өдрөөс, эсхүл уул хугацаа улиран өнгөрсөн буюу үйл явдал болж өнгөрсний дараах өдөр, цагаас эхлэн тоолно” гэж хугацаа тоолох журамд заасныг баримталж шаардах эрх үүссэн хугацааг тооцож үзвэл, нэхэмжлэгч Ц.Н нь хуульд заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг 5 сар, 21 хоног хэтрүүлсэн байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт “хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж заасан.  

Нэхэмжлэгч нь хуульд заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэлээ гаргаагүй шалтгаанаа “ ажил олгогчид тушаалаа эргэн харах боломж олгосон, төрийн захиргааны байгууллагад хандсан” гэж тайлбарласныг хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй гэж анхан шатны шүүх дүгнэжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.4 дэх хэсэгт “Хөдөлмөрийн эрх зүйн маргааны талаар эвлэрүүлэн зуучлагчид хандсан явдлыг энэ хуулийн 129.3-т заасан хүндэтгэн үзэх шалтгаанд хамааруулна” гэж заасан ба нэхэмжлэгч нь маргаанаа шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлж байсан,эвлэрүүлэн зуучлагчид хандаж байсан зэрэг баримт хэрэгт авагдаагүй байна.

Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль1, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэж, Хууль тогтоомжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлийн  1.1-д “... хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэр /цаашид “хууль тогтоомж” гэх/...” гэсний дагуу Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй бусад хуульд хүндэтгэн үзэх шалтгаанд тооцохоор заасан нөхцөл байдал, үндэслэлийг адилтган үзэж маргааны үндэслэлд хууль зүйн дүгнэлт өгөх нь хууль дээдлэх, хэргийн бодит байдлыг тогтоох зарчимд нийцнэ.

Иймд Татварын ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д хүндэтгэн үзэх шалтгаан, Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 дахь хэсэгт  хүндэтгэн үзэх үндэслэл зэрэг зохицуулалтанд хамааруулж үзсэн нөхцөл байдлыг үндэслэн дүгнэвэл Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт заасан “...хүндэтгэн үзэх шалтгаан...” гэдэгт мөн хуулийн 129 дүгээр зүйлд заасан хугацаанд гомдол гаргагч хүндээр өвчилсөн, хорио цээрийн дэглэм тогтоогдсон, байгалийн болон нийтийг хамарсан гамшиг тохиолдсон зэрэг өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар гомдол гаргах боломжгүй байсныг ойлгохоор байна.

Хэрэгт авагдсан баримтаар өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар нэхэмжлэл гаргаагүй гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүхийн дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзнэ.  

Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг нэгтгэж хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэр хууль зөрчөөгүй байна гэж үзэн давж заалдах шатны шүүхээс шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв. 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1, 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 144/ШШ2020/00031 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Ц.Нгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-т зааснаар нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

3.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

4. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-д заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      Н.НАСАНЖАРГАЛ

     ШҮҮГЧИД                                      Х.ГЭРЭЛМАА

                                                                 Ц.ОТГОНЦЭЦЭГ