Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 31

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Өмнөговь аймгийн Ханбогд сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Урангуа  даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:         

            Нэхэмжлэгч: Ч.Н-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ц сумын Еб 1 сургуульд холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 2,976,182 төгрөгийг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э.Наранцацрал /онлайнаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Баярбаясгалан, хариуцагчийн өмгөөлөгч С.Оюунцэцэг, нарийн бичгийн дарга Б.Номинтунгалаг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Ч.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ч.Н миний бие 2006 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх хугацаанд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуульд орос хэлний багшаар тасралтгүй 14 жил 7 сар ажилласан. Ажил хийж байх хугацаанд тухайн байгууллагад ямар нэг сахилгын зөрчил дутагдал гаргалгүй ажлын байрны тодорхойлолтод заагдсан ажил үүргээ цаг тухайд биелүүлж ажиллаж ирсэн.

            Захирал Баярбаясгалан нь 2019 оны 1 сарын 03-ны өдрөөс захирлын албан тушаалд томилогдон ирсэн. 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдөр сургуулийн захирал Баярбаясгалан нь намайг сургалт хүмүүжлийн цагаар өрөөндөө дуудаж та ажлаас халагдсан энэ тушаалаа аваад ажлаас гар гэж өөдөөс шидсэн. Миний бие яагаад намайг ажлаас халж байгаа талаар асуухад та намайг үл хүндэтгэж үл тоосон, намайг хүндэтгэж өрөөнд орж ирээгүй, 2019 оны 1 сард Өмнөговь аймгийн Засаг даргын захирамжаар сургууль, цэцэрлэгийн хөл хорио тогтоосон энэ хугацаанд ажил тасалсан учраас ажлаас халах шалтгаан болсон гэж тайлбарласан. Би захирлыг дуудах тэр хугацаанд ангид хичээл орж байсан, цагаа харахад 10 минутын дараа завсарлах байсан болохоор хичээлээ зааж ангиа завсарлуулчихаад завсарлагааны цагаар орж уулзахад та намайг ингэж үл хүндэтгэж үл тоодог гэж хэлж одоо сургуулиас гар тушаалаа аваад яв гэж хэлсэн. Аймгийн Засаг даргын захирамжаар томуу томуу төст өвчний улмаас сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагаанд хөл хорио тогтоосон үед захирал Баярбаясгалан өөрийн үзэмжээр цаг бүртгэсэн, тухайн үед би бага дундын хичээлийн эрхлэгч, нийгмийн ухааны нэгдлийн ахлагч нарт хувийн байдлаа ярьж хэлж байсан. миний бие тухайн үед захирал Баярбаясгаланд мэдэгдэж хэлээгүй асуудал маань ажлаас халагдах үндэслэл болсонд гомдолтой байна. Мэдэгдэж хэлсэн талаар захирал Баярбаясгалан намайг өөрийн биеэр дагуулж явж хичээлийн эрхлэгчээс чөлөө авсан талаар лавлаж асуусан.

            Мөн сургуулийн захирал дээрх үндэслэлээр 2019 оны 2 сард надад давхар сахилгын арга хэмжээ буюу цалин хасах арга хэмжээ авсан байсан. Ингээд би ямар үндэслэлээр арга хэмжээ авч цалин хасаж байгаа талаар асууж тушаалаа гардаж авъя гээд хэд хэдэн удаа очсон боловч одоог хүртэл цалингийн арга хэмжээ авсан тушаалаа албан ёсоор гардаж аваагүй одоог хүрч байна. Энэ байдлаас болж миний бие эрүүл мэнд болон эд хөрөнгө би сэтгэлээрээ маш их хохирч байна. Өөрөөр хэлбэл миний бие банканд цалингийн зээлтэй байсан ба зээлээ төлж чадахгүй байдалд хүрсэн. Мөн 2020 оны 1 сард хөдөө орон нутагт ажилласны 5 жилийн тэтгэмж авах байсан боловч ажилласан жил тасарснаас болж олгогдохгүй болсон. Эрүүл мэнд, сэтгэл санааны маш их хохирол амссан. Би тушаалаа гардаж авч чадахгүй байсан энэ хугацаандаа Монгол Улсын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд өргөдөл гаргаж тодорхой хариуг бичгээр авч Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 3-т заасан хүндэтгэн үзэх шалтгаан байна гэж үзсэн албан тоотыг ирүүлсэн. Ингээд миний бие шүүхэд хандан нэхэмжлэлээ гаргаж байна.

            Одоо миний бие хүү, аав, ээжийн хамт ам бүл 4-үүл амьдарч байна. Нөхөр Энхбаатар 2019 оны 2 сард ажлаас халагдсан гэдгийг сонсоод салаад явсан. Капитрон банканд 15,126,000 төгрөгийн цалингийн зээлтэй уг зээлээ төлж чадахгүй байдалд хүрсэн.

            Иймд ажилдаа эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны буюу  2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл ажилласан цалин амралтын мөнгө нэмэгдэл нийт 2,976,182 төгрөгийг гаргуулж, Эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлж иргэн миний зөрчигдсөн эрхийг сэргээж өгнө үү.

Хувийн ашиг сонирхол, өөрийн үзэмжээр намайг ажлаас халсан гэж үзэж байгаа. Шүүхэд нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн шалтгаан нь Баярбаясгаланг 14 хоног харсан. ... Учраа олох байх гэж бодож Баярбаясгалан захиралд 3 сар хүртэл ажиллаад өөрөө өргөдлөө өгөөд гарна гэх хүсэлтийг удаа дараа тавьж байсан. Намайг хүлээж аваагүй учир Боловсрол Соёл Шинжлэн Ухааны сайд Баатарбилэгтэй уулзсан, боловсролын яамны хуулийн хэлтэст өргөдлөө өгсөн. Цаг хугацаа их орсон. Боловсрол Соёл Шинжлэн Ухааны яамны хуулийн хэлтсээс гаргасан тушаалын дагуу шүүхэд гомдлоо гаргасан гэв.

 

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Баярбаясгалан шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие 2019 оны 01 дүгээр сарын 02-нд сургуулийн захирлын ажлыг хүлээж авсан. Тухайн өдөр ажлаа хүлээж аваад байгууллагын багш ажилчдын нэгдсэн хурлыг хийж цаашид ажиллах бодлого чиглэлийг танилцуулан багш нарыг сурагчдын амралтаар хэрхэн үр бүтээлтэй ажиллах талаар төлөвлөгөө гарган танилцуулсан. Төлөвлөгөөнд багш нараа хөгжүүлэх сургалт тайлан мэдээ гээд чухал ажлуудыг төлөвлөн ажилласан болно.

Ч.Н багш нь 2019 оны 01 сарын 07 өдрөөс эхлэн 2019 оны 02 сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд ажлын 23 өдрийг дотоод журамд заасан чөлөө зөвшөөрөл авалгүй хэлж мэдэгдэхгүй сураггүй ажил тасалсан учраас тухайн хүнтэй хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн шийдвэрээр цуцалж тушаалын нэг хувийг өөрт нь өгсөн. 1 сард Өмнөговь аймгийн засаг даргын 2019 оны 01 сарын 18-ны өдрийн А/60 тоот захирамжаар боловсролын байгууллагын үйл ажиллагааг 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөс 2019 оны 02 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх хугацаанд түр зогсоох шийдвэр гарсан нь Ч.Нгийн ажлаа тасалсан байсан ч дээрх хугацааны цалин урамшууллыг тооцон бодож олгохдоо захирамжийн хугацаанд ажилдаа ирснээр бүртгэж 1 сард ажлын 22 хоногийн засаг даргын захирамжийн 10 хоногийг ажилласнаар тооцож захирамж гаргахаас өмнөх ажил тасалсан 12 өдрийн цалин хасаж олгосон болно. Мөн 2 сарыг захирамж үргэлжлэх хугацааг ирснээр тооцож бусад 02 сарын 8, 11-ний өдрийн ажил тасалсан 2 хоногийг хасаж олгосон болно. 

Ч.Н багш нь ажил таслаад 2 сарын 12-нд ажилдаа ирэхэд нь 2 сарын 13-нд дуудаж уулзаад ямар шалтгаанаар ажил тасалсан болохыг асууж тодруулахад ямар нэгэн шалтгаан хэлэлгүй бие өвдөөд гэдэг шалтгаан хэлэхэд нь дотоод журам болон өөрийнх нь ажил тасалсан талаар хэлж мэдэгдэн танилцуулж эмнэлэгт хэвтсэн бол эмнэлгийн бичиг эмчилгээ магадалгаа гээд бичиг баримтаа үзүүлж харуулаарай гэдэг гээд 7 хоногийн хугацаа өгч боломж олгосон боловч ямар ч өгсөн зүйлгүй 7 хоног болсон.

Хэдий сурагчдын амралт таарч байсан ч хуулиараа бусад багш нар төлөвлөгөөний дагуу ажлаа хийж байхад нэг нь хэлж мэдэгдэхгүй шалтгаангүй, сураггүй ажлаа таслаад алга болсон нь багш болон төрийн үйлчилгээний ажилтанд байж болохгүй ёс зүйн зөрчил гэж үзэж байна.

Энэ нэхэмжлэлд бичсэнээр Ч.Н нь хүн гүтгэсэн худал ташаа мэдээлэл бичсэн байна. Би удирдах ажил сургуулийн захирлын ажлыг 6 жил хийхдээ багш нар болон ажилчидтайгаа зүй бусаар харьцаж, харилцааны доголдол гаргаж байсан удаа нэг ч байхгүй билээ. Аль болох багш нар болон ажилтныхаа хөгжүүлэхийн төлөө мөн хувь хүн нийгмийн асуудлыг нь харж үзэж боломж олгосон олон талаас нь тунгаан үзэж шийдвэр гаргадаг билээ.

Хариуцагч нь Монгол Улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2 дахь заалт, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалт сургуулийн хөдөлмөрийн дотоод журмын 5.5.8 дахь “”Ажлын 3 ба түүнээс дээш хоногоор ажил тасалсан нь ажлаас халах үндэслэл болно” гэх 6.8.3.3 дахь “Хөдөлмөрийн сахилгыг удаа дараа зөрчсөн буюу хүндэтгэн үзэх шалтгаангүй ажил тасалсан тохиолдолд ажлаас хална” гэх заалтуудыг удирдлага болгон багш Ч.Н нь 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдрөөс 22-ны  өдөр хүртэл дараалан 12 хоног ажил тасалсан, мөн 2019 оны 02 дугаар сарын 8, 11-ны өдөр ажил тасалж нийт 14 хоног ажил тасалсан нь хүндэтгэн үзэх учир шалтгаантай байсан баримт ирүүлээгүй огт мэдэгдээгүй тул 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрөөс хөдөлмөрийн гэрээг нь цуцалж ажлаас халсан болно.

Нэхэмжлэгч ажлаас халсан тушаалаа 2019 оны 02 дугаар сарын 19-нд гардан авч нийгмийн даатгалын газраас ажилгүйдлийн тэтгэмж авч тушаалыг зөвшөөрч байсан. Бүтэн 7 /долоо/ сар өнгөрсний дараа буюу 2019 оны 09 дүгээр сарын 11-нд нэхэмжлэл гарган Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь “Ажилтан ажлаас буруу халсан тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэх заалтыг зөрчлөө гэж үзэж байна.

Багш Ч.Нд 2019 оны 01 сард ажил тасалсан үйлдэлд нь тушаал гаргаж арга хэмжээ авч цалинг нь бууруулсан зүйл огт байхгүй Ч.Н нь 2019 оны 01 дүгээр сард 12 хоног 02 дугаар сард 2 хоног ажил тасалсан нь нотлогдон тогтоогдсон тул захирлын 2019 оны 02 дугаар сарын 19-ний Б/05 дугаартай тушаалаар Ч.Нтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас халсан. Иймд Ч.Нгийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан зохигчийн тайлбар, Монгол улсын боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 14/7341 дугаартай тоот, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Монгол улсын баатар Т.Борын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/05 дугаартай ажлаас чөлөөлөх тухай тушаал, Ч.Нгийн иргэний үнэмлэхний лавлагаа, нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар баталгаажуулсан хуулбарууд, багшлах эрхийн үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар, оршин суугаа газрын тодорхойлолт, Өмнөговь аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн А/60 дугаартай тушаалын хуулбар, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Монгол улсын баатар Т.Борын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн дотоод журмын нотариатаар баталгаажуулсан хуулбар, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын монгол улсын баатар Т.Борын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн А/17 дугаартай тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №29 дугаартай хөдөлмөрийн гэрээний нотариатаар баталгаажуулсан хуулбар, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Монгол улсын баатар Т.Борын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн багш нарын ирцийн бүртгэл, цалин олгох хүснэгтийн нотариатаар баталгаажуулсан хуулбар, Өмнөговь аймгийн боловсрол, соёл, урлагийн газрын 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 273 дугаартай тоот, Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Монгол улсын баатар Т.Борын нэрэмжит ерөнхий боловсролын сургуулийн захирлын 2007 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн №27 дугаартай тушаалын нотариатаар баталгаажуулсан хуулбар, сургуулийн захирлын 2019 оны12 дугаар сарын 10-ны өдрийн №148 дугаартай албан бичиг, хавсралт зэрэг хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд хэлэлцсэн бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ч.Н нь хариуцагч Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуульд холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2,976,182 төгрөг олуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагчийн зүгээс ажлаас халсан тушаалыг үндэслэлтэй байсан, мөн уг тушаалын талаар гомдол гаргах хугацааг нэхэмжлэгч нь хэтрүүлсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж мэтгэлцлээ.

Дараах үндэслэлээр нэхэмжлэгч Ч.Нгийн дээрх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь:

Хариуцагчийн өмгөөлөгч тайлбарлахдаа ажлаас буруу халсан гэж үзсэн шийдвэрт 7 сарын дараа гомдлоо шүүхэд гаргасан бөгөөд шүүхэд гомдол гаргах хуульд заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна гэснийг шүүх хүлээн авч, нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тайлбарласан харьяалах дээд байгууллагад хандсан гэж тайлбарласныг үндэслэлгүй гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2.-т “ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд нэхэмжлэл гаргана” 129.3 “энэ зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаанаар хэтрүүлсэн тохиолдолд шүүх уг хугацааг сэргээн тогтоож, хэргийг хянан шийдвэрлэж болно” гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч Ч.Н нь Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуульд гадаад хэлний багшаар ажиллаж байсан бөгөөд түүнийг тус сургуулийн захирлын 2019 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн Б/05 дугаартай тушаалаар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж ажлаас нь халжээ. /хх-73, 57, 6/

Дээрх тушаалыг нэхэмжлэгч Ч.Н нь мөн өдрөө буюу 2019 оны 20 сарын 19-ний өдөр хүлээн авч танилцсан талаар нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч тайлбарлаж байх бөгөөд шүүхэд 2019 оны 9 сарын 13-ны өдөр гомдлоо гаргасан байна.

Харин хуульд заасан 1 сарын дотор гомдол хугацааг хэтрүүлсэн үндэслэлээ ажил олгогчид буюу сургуулийн захирал И.Баярбаясгаланд тушаалаа эргэн харах, цуцлах боломжийг олгосон, мөн түүнчлэн Монгол Улсын Боловсрол, Соёл, шинжлэх ухаан, спортын яамнаас 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 14/7341 албан бичгээр хариу хүргүүлсний дагуу хандсан гэж тайлбарлаж байгааг “хүндэтгэн үзэх шалтгаан” гэж үзэх үндэслэл болохгүй юм.

Учир нь түүний тушаалыг цуцлах талаар ажил олгогчид хандсан байдал, мөн ажлаас халсан шийдвэрт гаргаж буй гомдлоо 6 сарын дараа эрх бүхий байгууллагад хандан гаргаж байсан үйл баримт нь хүндэтгэн үзэх шалтгаанд хамаарахгүй.  

Тиймээс шүүхэд гомдол гаргах хугацааг өөрөөс шалтгаалахгүй хүчин зүйлээр буюу хүндэтгэн үзэх шалтгаантай хэтрүүлсэн гэсэн нэхэмжлэгчийн тайлбар хуульд нийцэхгүй байх тул хөөн хэлэлцэх хугацааг сэргээх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг үндэслэлгүйгээр хэтрүүлсэн гэж үзсэн тул ажлаас халсан тушаалын үндэслэл болон түүний талаарх гомдлыг хянан шийдвэрлэхгүй тул ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх, 2,976,182 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлээ.

         Нэхэмжлэгч гомдлоор авч хэлэлцэх маргаанд улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдах нь зүйтэй.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118, 119, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг тус тус  удирдлага болгон ТОГТООХ нь:

          1. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2, 3-т заасныг баримтлан хариуцагч Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр бүрэн дунд сургуульд холбогдох, ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор 2,976,182 төгрөг олуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэгч Ч.Нгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Ч.Н нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсгүүдэд зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, түүний төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.УРАНГУА