Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2022/ДШМ/21

 

*******т холбогдох

     эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 166/2022/0045/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Манлайбаатар даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Т.Дэлгэрсайхан

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ

Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Я.Туулын хийсэн шүүх хуралдааны 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 80 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ, С.Мөнхтулга нарын гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч *******т холбогдох 1918000530121 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, *******, 1990 оны *******, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн ******* бөгөөд улсын ахлах бүртгэгчийн ажлыг түр орлон гүйцэтгэгчээр ажилладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр багийн ******* оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, *******,

Шүүгдэгч ******* нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн улсын эрхийн бүртгэгчээр ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.3, 37.1.8, 37.1.13 дахь заалт, Монгол Улсын Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны 6 дугаар сарын 19- ний өдөр батлагдсан/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1. 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2-т заасныг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдал, албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, ******* тоот байрыг 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №2015/06/10 дугаартай “Зээлийн гэрээ” болон 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 2015/06/ дугаартай “Зээлийн барьцааны гэрээ”-г ******* 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгэсэн байхад ******* 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, ******* тоот 59.84 метр квадрат 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгчийн эрхийн Улсын бүртгэлийн дугаарт бүртгэж, № дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарган өгч “Ласти интернэйшнл” ХХК болон Д.Отгонсүрэн нарт давуу байдал болгож, 59.840.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан, Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 1 тоот байрыг 2016 ы 03 дугаар сарын 11-ний өдрийн N916/001 дугаартай “Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ” болон 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 16/001/01 дугаартай “Барьцааны гэрээ”-г ******* 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгэсэн байхад 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 10 А байрны 11 тоот 59.84 метр квадрат 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгчөөр эрхийн Улсын бүртгэлийн Ү-2003020731 дугаарт бүртгэж дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарган өгч, “Ласти интернэйшнл” ХХК болон нарт давуу байдал олгож, 59.241.600 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: *******ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2, 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Сартуул овогт Одсүрэнгийн Мэндбаярыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 болгон хөнгөрүүлэн өөрчилж,

Шүүгдэгч Сартуул овогт Одсүрэнгийн Мэндбаярыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Сартуул овогт Одсүрэнгийн Мэндбаярыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар төгрөгөөр торгох ял шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 36 сарын хугацаанд сар бүр 150000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч *******т үүрэг болгож,

шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******т анхааруулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч *******ын өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ, С.Мөнхтулга нар давж заалдах гомдолдоо:

... Анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/80 дугаартай шийтгэх тогтоолд “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг гэдэг нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан этгээдүүд буюу нийтийн албан тушаалтан нь хуулиар олгогдсон бүрэн эрх, эрх мэдлээ өөртөө болон бусдад давуу байдал бий болгох гэсэн хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор ашиглаж байгаа үйлдлийг ойлгох ба энэ үйлдэл нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх, бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байх, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх зэргээр илрэх бөгөөд шүүгдэгч ******* нь хуулиар олгогдсон дээрх эрх, үүргээ хэрэгжүүлэхгүйгээр иргэн , Д.Отгонсүрэн, нарт өмчлөх эрхийн гэрчилгээ олгосноор иргэн , Д.Отгонсүрэн, нарт давуу байдал үүсэж, тухайн эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсноор иргэн О.Батпүрэв, Д Болормаа нар барьцааны эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон байх тул тухайн гэмт хэргийн шинж бүрэн хангагдаж байна” гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна.

Учир нь анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг гэдэг нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан этгээдүүд буюу нийтийн албан тушаалтан нь хуулиар олгогдсон бүрэн эрх, эрх мэдлээ өөртөө болон бусдад давуу байдал бий болгох гэсэн хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор ашиглаж байгаа үйлдлийг ойлгоно гэж дүгнэсэн. Гэтэл анхан шатны шүүх хуралдаан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар ******* нь “Ласти Интернэйшнл” ХХК, иргэн Д.Отгонсүрэн, , нартай ямарваа нэгэн харилцаа тогтоосон, давуу байдал олгохоор тохиролцсон байдал тогтоогдоогүй.

Д.Отгонсүрэн, нар нь гэрчээр өгсөн мэдүүлэгтээ “Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахаар өөрсдөө улсын бүртгэлд хандаагүй” талаараа мэдүүлсэн.

Мөн шүүгдэгч ******* нь өөртөө ямар хувийн ашиг сонирхол байсны улмаас бусдад давуу байдал бий болгосон үйл баримт тогтоогдоогүй буюу энэ талаар хангалттай мөрдөн шалгах ажиллагаа явуулсан боловч хэргийн үйл баримтаас дүгнэхэд нотлогддоггүй.

Тодруулбал Д.Отгонсүрэнгийн гэрчээр дахин өгсөн мэдүүлэг, гэрч Плзийсайханы гэрчээр дахин өгсөн мэдүүлэгт тэднээс шүүгдэгч *******ыг таних эсэх, ямар нэгэн байдлаар холбоотой эсэх нь тогтоогдоогүй бөгөөд харин хохирогч нарын гомдолд дурдагдсан Дархан-Уул аймгийн улсын бүртгэлийн хэлтсийн дарга М.Хувьзаяа, ахлах бүртгэгч Ш.Цэндсүрэн нарыг таних эсэх талаар усан байдгаар нотлогдоно.

Мөн гэрч Ш.Цэндсүрэнгийн дахин өгсөн мэдүүлэгт “...Тухайн үед 18 гэрчилгээг нэг дор бичсэн юм. Тухайн үед миний ажлын ачааллыг хуваалцаж бичье гэж *******, Гантуяа бид гурав 18 гэрчилгээг 6, 6-аар нь хувааж авч гэрчилгээг бичсэн юм. Тэр дунд 11 тоот байрны гэрчилгээг ******* бичсэн байсан” гэснээс харахад ******* нь анхнаасаа тус үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг гаргах санаа зорилгогүй ба Ш.Цэндсүрэн бүртгэгчид хуваарилагдсан материалыг ажлын ачаалал хуваалцах зорилгоор хүлээн авсан үйл баримт тогтоогдож байгаа.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэж гэм буруутайд тооцохдоо ******* нь хуулиар олгогдсон бүрэн эрх, эрх мэдлээ өөртөө болон бусдад давуу байдал бий болгох гэсэн хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор өөртөө болон бусдад ямар давуу байдал бий болгосон гэмт хэргийн сэдэлт, санаа зорилго нь нотлогдоогүй. Өөрөөр хэлбэл нийтийн албан тушаалтны хайхрамжгүй байдлаар ажилдаа гаргасан алдаа, зөрчил болгон нь эрүүгийн хэрэг болж буюу гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдох ёстой гэсэн агуулгаар улсын яллагчаас анхан шатны шүүх хуралдаанд тайлбарлаж, шүүхээс энэ агуулгаар шийдвэрээ гаргасан.

Гэтэл Захиргааны хэргийн шүүхээс жилд дунджаар 2000 гаруй захиргааны акт буюу захиргааны албан тушаалтны шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгож байна.

Эдгээр захиргааны хууль бус үйл ажиллагаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргээс гэм буруутай байх буюу өөртөө болон бусдад давуу байдал бий болгох гэсэн хувийн ашиг сонирхлоор хандаж, өөрт олгогдсон төрийн албаны эрх мэдлээ хэтрүүлж, эсхүл урвуулан ашиглах байдлаараа ялгагддаг. Анхан шатны шүүхээс уг нөхцөл байдлыг анхаараагүй ба гэмт хэрэг, захиргааны зөрчлийн ялгааны талаар тодорхой дүгнэлт хийгээгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх хавтаст хэрэгг авагдсан нотлох баримтууд болон хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм бурууд үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийж чадаагүй, *******ыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна.

Тиймээс 2022/ШЦТ/80 Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын сарын 22-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт заасны дагуу хүчингүй болгож өгнө үү.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд гомдол гаргасан өмгөөлөгчийн хувьд биечлэн оролцох хүсэлтэй байх тул хурлын товыг мэдэгдэж өгнө үү... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ тайлбартаа:

Шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй. Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Шүүгч гэмт хэргийн шинжийг тодорхойлохдоо хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор бусдад давуу байдал олгосон гэж дүгнэсэн. Тухайн гэрчилгээг гаргаж өгснөөр шүүгдэгч өөртөө давуу байдал олгосон зүйл огт тогтоогдоогүй. Хэргийн үйл баримтаас үзэхэд гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч нь бусдад давуу байдал олгосон зүйл байхгүй. Түүний санаа зорилго нь нотлогдоогүй. Түүний хайхрамжгүй байдлаар гаргасан алдаа юм. Хохирогч О.Батпүрэв Дархан-Уул аймгийн Захиргааны хэргийн шүүхэд хандаж улсын бүртгэлийг хүчингүй болгуулсан шийдвэр одоо ч хүчин төгөлдөр байгаа. Түүний үйлдэл гэмт хэргийн шинжгүй. Иргэн н.Болормаа иргэний хэргийн шүүхэд хандаж маргаанаа шийдвэрлүүлсэн. Энэ бүхнээс харахад шүүгдэгчийн гаргасан зөрчил нь гэмт хэрэг биш юм. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч ******* тайлбартаа:

Хайхрамжгүй болгоомжгүй байдлаар алдаа гаргасандаа маш их харамсаж байна. Би бусдаас шан харамж авсан зүйл байхгүй. Гаргасан зөрчлөө хүлээн зөвшөөрч байна гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Дэлгэрсайхан дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий гаргасан. Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирсон ял шийтгэл оногдуулсан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхээс эрүүгийн 1918000530121 дугаартай *******т холбогдох хэргийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/80 дугаартай шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн өмгөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянахдаа:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан эсэх, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан эсэх, хэргийг мөрдөн шалгахдаа болон анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагуудыг зөрчсөн эсэх, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчил байгаа эсэхийг шалгаж хяналаа.

Шүүгдэгч ******* нь Дархан-уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн улсын эрхийн бүртгэгчээр ажиллаж байхдаа Зээлийн болон барьцааны гэрээгээр баталгаажигдаж, зээлийн барьцаанд байсан Дархан сумын 11 дүгээр баг, 1, 42 тоот  2 өрөө орон сууцуудад үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн  гэрчилгээг бичиж өгснөөр “Ласти интернэйшнл” ХХК болон иргэн Д.Отгонсүрэн, нарт давуу байдал олгосон гэж анхан шатны шүүх буруутгаж, эрүүгийн хариуцлага хүлээлгэжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан “ ...төрийн, улс төрийн, захиргааны, тусгай албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалтан буюу нийтийн албан тушаалтан...хуулиар олгогдсон бүрэн эрх, эрх мэдлээ ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байх замаар өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон үйлдлийг ойлгоно.

Түүнчлэн: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн шинжид гэмт хэргийн субъект буюу энэ гэмт хэргийг үйлдэгч этгээд өөрийн үйлдэл, эс үйлдэхгүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэрийг шаарддаг.

Иймд шүүгдэгч ******* Дархан сумын 11 дүгээр баг, 1, 42 тоот  2 өрөө орон сууцууд зээлийн барьцаанд байгаа ба зээлдэгч нарын зөвшөөрөлгүйгээр /О.Батпүрэв, Д.Болормаа/ уг байруудыг бусдад шилжүүлж, өмчлөгчөөр бүртгэж болохгүй гэдгийг мэдсээр байж, хүсэж үйлдсэн байх ёстой юм.

Эрүүгийн 1918000530121 дугаартай *******т холбогдох хэргийг шинжлэн судалж үзэхэд:

Шүүгдэгч ******* нь “Ласти интернэйшнл” ХХК, иргэн Д.Отгонсүрэн, нарт давуу байдал олгохоор ярилцаж, тохиролцсон тухай ямар нэгэн нотлох баримт хэрэгт байхгүй байна.

Иргэн Д.Отгонсүрэн, нар гэрчээр өгсөн мэдүүлэгт “Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ гаргуулахаар өөрсдөө улсын бүртгэлийн газарт хандаагүй, очоогүй. Улсын бүртгэгч *******ыг танихгүй.” талаар мэдүүлжээ.

Түүнээс гадна шүүгдэгч ******* “Ласти интернэйшнл” ХХК-н барьж байгаа байрны барьцаанд буй 11, 42 тоот 2 өрөө орон сууцуудад “Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ” хууль бусаар олгож, улсын бүртгэлд бүртгэж өгснөөр өөртөө ямар нэг ашиг хонжоо, давуу байдал бий болгосон тухай нотлох баримт эрүүгийн 1918000530121 дугаартай хэрэгт байхгүй байна.

Иймд шүүгдэгч ******* Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан “нийтийн албан тушаалтан хуулиар олгогдсон бүрэн эрх, эрх мэдлээ ашиглаж, эсхүл зориуд хэрэгжүүлэхгүй байх замаар өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон” гэх гэмт хэргийг үйлдсэн эсэхийг тогтоохоор хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтуудыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхийг тогтоосон хангалттай нотлох баримт байхгүй байх тул түүнийг дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх боломжгүй байна.

“Ласти интернэйшнл” ХХК Дархан сумын 11 дүгээр баг, , байрыг барихдаа иргэн О.Батпүрэвээс зээл авч, зээлийн барьцаанд 46 айлын 8470 мкв тайлбай бүхий орон сууцыг, иргэн Д.Болормаагаас зээл авч 2667,12 мкв тайлбай бүхий 46 айлын орон сууцыг барьцаанд тавьсан байна. Зээлийн тодорхой хэсэг эргэн төлөгдсөн үед барьцаанд байгаа байруудын зарим тоотуудыг зээлийн барьцаанаас суллах хүсэлтийг зээлдэгч нар Улсын бүртгэлийн газарт явуулж, улмаар “Ласти интернэйшнл” ХХК ашиглалтад орсон байруудаа иргэдэд худалдаж, худалдаж авсан иргэд шинээр “Үл хөдлөх хөрөнгийн эрх”-н гэрчилгээ авах ажиллагаанууд тодорхой давтамжтайгаар хийгддэг байжээ.

Шүүгдэгч ******* нь дээрх бүртгэл, хүсэлтүүдийг тухай бүр нэг бүрчлэн нягтлан шалгалгүйгээр “... ажил ихтэй, өндөр ачаалалтай ажиллаж байсан” /3 ХХ 107/ гэх шалтгаанаар бүртгэлийн ажилдаа хайхрамжгүй, хариуцлагагүй хандсанаас барьцаанд байсан барын 11, 42 тоот 2 өрөө орон сууцуудад “ Үл хөдлөх эд хөрөнгийн эрх”-н гэрчилгээ бичсэн гэмт үйлдэл гарсан болох нь:

Шүүгдэгчийн *******ын: “... Дархан сум 11-р баг, 13-р хороолол, “Ласти таун” байрны , байрнаас нийт 18 ширхэг байрны гэрчилгээ гаргуулахаар хүсэлт өгсөн.

Тухайн үед шинээр баригдсан барилгын гэрчилгээ олгох ажлыг тасгийн дарга бөгөөд, улсын ахлах бүртгэгч Ш.Цэндсүрэн хариуцаж ажиллаж байсан. 1 тоот байрны материалыг хүлээн авч хянаж үзээд гэрчилгээ бичихэд бэлэн болсон, гэрчилгээ бичихэд туслаач гэж хэлсний дагуу материалыг хянаж үзэлгүй гэрчилгээ бичсэн.

Харин байрны 42 тоотын хувьд би өөрөө хүсэлтийг нь хүлээн авч хянаж үзсэн боловч О.Батпүрэвийн барьцаанаас гаргах зөвшөөрөлд 42 тоотыг дурдсан байна гэж буруу харснаас болж гэрчилгээ олгосон байна.

Тэр үед нийт 6 бүртгэгч ажиллахаас 3 хүн л ажиллаж байсан. Бусад хүмүүс ээлжийн амралтаа авчихсан. Нэг бүртгэгч нь зөвхөн мэдүүлэг хүлээн авч байсан. Гантуяа бүртгэгч бид хоёр орж ирсэн бүх материалыг хувааж аваад бүртгэл хийж байсан. Би бас даргын ажлыг хавсран гүйцэтгэж байсан.

Алдаагаа залруулахаар “Ласти интернэйшнл” ХХК-ны захирал Лхагвасүрэн болон менежер нартай утсаар холбогдох гэсэн боловч бүх утаснууд нь холбогдох боломжгүй байсан....” гэх мэдүүлэг /3ХХ 107/, /5ХХ 20-21/

Гэрч Ш.Цэндсүрэнгийн: “...Тухайн үед 18 гэрчилгээг нэг дор бичсэн юм. Тэр үед амралтын үе эхэлчхээд цөөхөн хүн ажиллаж байсан. Миний ажлын ачааллыг хуваалцаж гэрчилгээ бичье гэж Мэндбаяр, Гантуяа бид гурав ярилцаад 18 гэрчилгээг 6, 6-аар нь хувааж авч бичсэн. 11 тоот байрны гэрчилгээг Мэндбаяр бичсэн байсан байна.

******* өөрөө тамга тэмдэгтэй, гэрчилгээ гаргах эрхтэй улсын бүртгэгч. *******аас гэрчилгээ бичиж өгөөч гэж би гуйгаагүй. Би гэрчилгээ олгоход бэлэн болсон. Шалгалтгүй гэрчилгээ олго гэж үүрэг өгсөн асуудал байхгүй. ******* гэрчилгээ олгож, гарын үсгээ зурж, тамгаа дарж байгаа бол материалтай нь танилцах үүрэгтэй” /4 ХХ 219-220/ гэх мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч ******* нь хууль тогтоомж, түүний дагуу гаргасан дүрэм, журмаар тодорхойлсон албан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс нийгэмд аюултай хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүйгээр үйлдсэнийг “хайхрамжгүй хандах гэмт үйлдэл” гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгч 2017 оны 03 дугаар сарын 24, 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрүүдэд зээлийн барьцаанд байсан орон сууцуудад “ Үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн гэрчилгээ” олгосон нь тогтоогдож байх ба түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн нэг төрлийн гэмт хэргийг хэд хэдэн удаагийн үйлдлээр үйлдсэн “үргэлжилсэн үйлдэлтэй нэг гэмт хэрэг” гэж үзэхээс гадна гэмт хэрэг үйлдэгдэж дууссан, эсхүл таслан зогсоогдсон үеийг гэмт хэрэг үйлдсэн хугацаанд хамааруулна тооцно.

Түүнчлэн оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэхээр Эрүүгийн хуульд заасан байдаг тул шүүгдэгч *******ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйл, хэсгээр зүйлчлэн эрүүгийн хариуцлага оногдуулах боломжтой гэж давж заалдах шатны шүүхээс үзлээ.

Шүүгдэгч ******* албан тушаалын үүрэгтээ хайнга хандсанаас иргэн 60 098 995 төгрөг, иргэн 56 563 760 төгрөг, нийт 116 662 755 төгрөгийн хохирол учруулжээ.

Монгол Улсын Дээд шүүхийн 2003 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн Эрүүгийн хуулийн “хор уршиг”, “ гэм хор” гэсэн заалтыг зөв хэрэглэх тухай зөвлөмжийн “... 25-д Эрүүгийн хуулийн 272 дугаар зүйлийн (Албан тушаалын үүрэгтээ хайнга хандах) 272.2 дахь хэсгийн "Хүнд хор уршиг" гэсэн заалтад бусдын бие мах бодид хүндэвтэр буюу хүнд гэмтэл учирсан, амь нас хохирсон, үлэмж буюу их, онц их хэмжээний хохирол учирсан, аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагаа тасалдсан, зогссон зэргийг ойлговол зохино.” гэснийг үндэслэл болгож шүүгдэгч ******* нь хууль тогтоомж, түүний дагуу гарсан дүрэм, журмаар тодорхойлогдсон албан үүргээ биелүүлээгүй буюу зохих ёсоор биелүүлээгүйгээс хүнд хор уршиг учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна.

Шүүгдэгчийн дээрх үйлдэл 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн “Албан тушаалын гэмт хэрэг” буюу мөн хуулийн 28 дугаар бүлэгт хамаарах тул 2021 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “Өршөөл үзүүлэх тухай” хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д зааснаар өршөөлд хамрагдахгүй гэмт хэргийн хариуцлагын төрөлд багтаж байна.

*******т 2002 оны Эрүүгийн хуулиар хариуцлага оногдуулахдаа гэмт хэргийн улмаас бусдад учирсан гэм хор арилсан, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж байдал, гэмт хэрэг гарах болсон нөхцөл шалтгаан, шүүгдэгч анх удаа гэмт хэрэгт холбогдсон зэргийг харгалзан үзэж оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзахаас гадна тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүй байхаар шийдвэрлэж байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн 2022/ШЦТ/80 дугаар шийтгэх тогтоолын ТОГТООХ хэсгийн:

 1 дэх заалтыг:

“ 1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Сартуул овогт Одсүрэнгийн Мэндбаярыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэг болгон өөрчилсүгэй.,

2 дахь заалтыг:

“2. Шүүгдэгч Сартуул овогт Одсүрэнгийн Мэндбаярыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт заасан “Албан тушаалтан албан үүрэгтээ хайнга хандаж бусдад хүнд хор уршиг учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.,

3 дахь заалтыг:

“3. 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 272 дугаар зүйлийн 272.2 дахь хэсэгт зааснаар Сартуул овогт Одсүрэнгийн  Мэндбаярыг тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг хасахгүйгээр 1 жилийн /нэг жил/ хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.,

4 дэх заалтыг:

“4. Шүүгдэгч Сартуул овогт Одсүрэнгийн Мэндбаярт оногдуулсан 1 жилийн /нэг жил/ хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлсүгэй.,

5 дахь заалтыг:

“5. 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар *******т оногдуулсан хорих ялыг тэнсэж, 1 жилийн /нэг жил/ хугацаагаар хянан харгалзсугай. ” гэж тус тус өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3, 7.3 дугаар зүйлийн 2.5-д зааснаар шүүгдэгч оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэж байсугай.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4-д зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож хорих ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

4. Шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Б.МАНЛАЙБААТАР

                                                   ШҮҮГЧИД                                     Б.ЭРДЭНЭХИШИГ

                                                                                                         Г.ДАВААРЕНЧИН