Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2022 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 2022/ШЦТ/80

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Хэргийн индекс: 166/2022/0045/Э

Дархан-Уул аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Я.Туул даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбат,

Улсын яллагчаар Аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокурор Д.Батмөнх,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ, С.Мөнхтулга,

Шүүгдэгч О.М нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.М-т холбогдох эрүүгийн 1918000530121 дугаартай хэргийг Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс 2022 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч, 2022 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хянан хэлэлцлээ.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, О.М 1990 оны 02 дугаар сарын 13-ны өдөр Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст Эд хөрөнгийн тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгчийн ажлыг түр орлон гүйцэтгэгчээр ажилладаг, ам бүл 4, урд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч О.М нь Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн улсын эрхийн бүртгэгчээр ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 36 дугаар зүйлийн 36.1, 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.3, 37.1.8, 37.1.13 дахь заалт, Монгол Улсын Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны 6 дугаар сарын 19-ний өдөр батлагдсан/ хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2, 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.9, 19 дүгээр зүйлийн 19.2-т заасныг тус тус зөрчиж албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдал, албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 10 А байрны 42 тоот байрыг 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №2015/06/10 дугаартай “Зээлийн гэрээ” болон 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №2015/06/10А дугаартай “Зээлийн барьцааны гэрээ”-г Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгэсэн байхад Даваа овогтой Отгонсүрэнд 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 10 А байрны 42 тоот 59.84 метр квадрат 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгчийн эрхийн Улсын бүртгэлийн Ү-2003020906 дугаарт бүртгэж, №000562763 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарган өгч “Ласти интернэйшнл” ХХК болон Д.Отгонсүрэн нарт давуу байдал бий болгож, О.Б-т 59.840.000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 10А байрны 11 тоот байрыг 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №16/001 дугаартай “Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ” болон 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн №16/001/01 дугаартай “Барьцааны гэрээ”-г Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Улсын бүртгэлийн цахим мэдээллийн санд бүртгэсэн байхад Пүрэвжав овогтой Өлзийсайханд 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 10 А байрны 11 тоот 59.84 метр квадрат 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг хууль ёсны өмчлөгчөөр эрхийн Улсын бүртгэлийн Ү-2003020731 дугаарт бүртгэж №000536751 дугаартай Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарган өгч, “ласти интернэйшнл” ХХК болон П.Өлзийсайхан нарт давуу байдал олгож, Д.Б-д 59.241.600 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр:

 

-Шүүгдэгч О.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Миний бие 2013 оноос Улсын бүртгэлийн хэлтэст эд хөрөнгийн улсын бүртгэгчээр ажиллаж байгаад 2021 оны 04  дүгээр сараас  Улсын ахлах бүртгэгчийн ажлыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Энэхүү маргаан нь анх төрийн албан хаагчийн байр гэж баригдаж эхэлсэн ба уг байранд миний найз нөхөд ч орсон. Тухайн байртай холбоотой маргаанууд өнөөдрийг хүртэл эцэслэн шийдвэрлэгдээгүй байдалтай байна.

...2017 оны 03 дугаар сард “Ласти интернэшнл” ХХК-ний байр ашиглалтад орж байгаа талаар яригдаж байсан. Энэ үед 5 улсын бүртгэгч, нэг ахлахтайгаа нэг өрөөнд суудаг байсан. Тухайн үед тасгийн дарга буюу Цэндсүрэн ахлах шинээр баригдсан орон сууцны материалыг хянаж, хүлээж авдаг байсан. Тэр үед ипотекийн зээлтэй холбоотой Дархан-Уул аймагт маш олон тооны орон сууц баригдаж, тэр хэмжээгээрээ улсын бүртгэлийн ажлын ачаалал ихсэж байсан цаг үе юм. Ингээд 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Цэндсүрэн ахлах ““Ласти интернэшнл” ХХК-ний арван найман байрын гэрчилгээ гаргуулах материал ороод ирлээ, миний ажлаас хуваалцаад бүртгэл хийх хүн байна уу?” гэж  хэлсэн. Тухайн үед Соёлмаа гэх бүртгэгч “би чадахгүй” гэж хэлсэн. Харин Гантуяа бүртгэгч бид хоёр тодорхой хугацаанд хамт ажиллаж байгаа хүний хувьд хүн чанар гаргаж туслахыг хүсэж, тухайн 18 материалыг 6, 6-гаар нь хувааж авч, бүртгэл хийж, гэрчилгээ гаргасан. Миний авч бүртгэл хийсэн 6 материал дотор 10 А байрны 11 тоотын материал байсан. Тухайн үедээ би бүртгэл хийхдээ ахлах материалуудыг үзсэн юм чинь  бүрдүүлбэр хангагдсан байх гэж бодоод 11 тоотыг бүртгэж, гэрчилгээ олгосон.

...2017 оны 07 дугаар сард наадмын үеэр ихэнх ажилчид амарсан байсан. Тухайн үед тасгийн дарга Цэндсүрэн мөн амралттай, бас хуулийн этгээдийн бүртгэгч амралттай байсан тул хуулийн этгээдийн бүртгэлийг миний бие давхар хариуцаж  байсан. Нэг бүртгэгч нь хүлээн авах буюу нэг цонхны үйлчилгээ дээр ажиллаж байсан. Тухайн үед “Ласти интернэшнл” ХХК-ний материал 2017 оны 07 дугаар сарын хорин хэднээр орж ирсэн бөгөөд материалын бүрдэл дутуу байна нэг удаа буцаасан. Тэгээд “дутуу материалаа гүйцээгээд аваад ирлээ” гээд өгөхөөр нь “Ласти интернэшнл” ХХК-ийн албан тоотыг нь үзээд зөвшөөрөл байгаа юм байна гэж ойлгоод 10а байрны 42 тоотын гэрчилгээг гаргасан байдаг.

...2017 оны 11 дүгээр сард Батпүрэв улсын бүртгэлийн хэлтэст өргөдөл гаргасан байхаар нь би тухайн үед нь “юу болов? гэж бодоод  хувийн хэрэг материалтай танилцахад нэг албан тоот дээр “Ласти интернэшнл” ХХК 8, 42 гэж бичсэн байсан боловч Батпүрэвийн өргөдөл дээр 8 тоот гэж бичсэн байсан. Ингээд би Батпүрэвийн өргөдлийг аваагүй байсан уу? эсвэл надад өгөөгүй юу? гэдэг асуудал яригдаж, тухайн үеийн захиалгын гэрээ дээрх “Ласти интернэшнл” ХХК-ний утас руу хэдэн өдөр залгахад холбогдох боломжгүй, ашиглалтад байхгүй байсан. Ингээд тэр цагаас хойш Улсын бүртгэлийн Ерөнхий газар болон хууль зүйн яаман дээр Батпүрэв өөрийн барьцаа хөрөнгийг авъя гэдэг, мөн Дөлгөөн гэх хөрөнгө оруулагч гарч ирсэн. Энэ хүмүүсийн хооронд маргаан үүсэж, энэ маргаан нь Улсын бүртгэлийн ерөнхий газраас яамны хэмжээнд хүрч, манайд шалгалт хийсэн. Тухайн үед болсон үйл явдлын талаар тайлбараа өгч, улсын бүртгэлийн ерөнхий газраас надад болон Цэндсүрэнд сахилгын арга хэмжээ авсан. 2019 онд Удирдах албан тушаалтнуудтай холбогдуулан намайг авилгатай тэмцэх газраас гэрчээр асууж байсан.

...Өнөөдөр эхнэрээ энд суулгачхаад ийм байдалтай байгаад их хэцүү байна. Миний хувьд хүнд туслах гэсэндээ ийм байдалд орсондоо харамсаж байна. Би хэн нэгнээс шан харамж авах гэж бүртгэл хийгээгүй, тэгж бүртгэл хийх ч үгүй, өмнөх алдаагаа давтахгүйн тулд анхаарал болгоомжтой ажиллаж байгаа. Тиймдээ ч тасгийн даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байна гэж ойлгож байгаа. Би тухайн үед холбогдох хүмүүстэй холбогдох гэсэн боловч ямар ч холбогдох боломжгүй байсан. Хэрвээ гэм буруутай байсан бол 2019 онд миний гэм буруутай эсэх асуудал яригдах байсан. Гэтэл Хувьзаяа гэх хүн шүүхийн шийдвэрээр буцаж ажилдаа томилогдсоны дараа дахин шүүхээр яваад байгаад харамсалтай байна. Надад сахилгын арга хэмжээ авагдсаны дараа ажлаас гарах бодол байсан ч би өөрөө ажлаас гаралгүй “Ласти интернэшнл”ХХК -ийн асуудлыг шийдвэрлэж дуусах хүртэл эндээ ажиллахаар шийдсэн. Хэрвээ ажлаас гарвал намайг хүмүүс буруугаар ойлгож янз бүрээр ярина гэж бодсон. Үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү.” гэх мэдүүлэг,

 

-Хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай мөрдөгчийн тогтоол  /1 дэх хавтаст хэргийн 1/,

-Авилгатай тэмцэх газарт иргэн О.Б-ээс гаргасан гомдол, хавсаргасан материалууд /1 дэх хавтаст хэргийн 16-29/,

 

-2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №2015/06/10 дугаартай О.Б-, “Ласти-Интернэшнл” ХХК-ийн хооронд байгуулсан 1.500.000.000 төгрөгийн зээлийн гэрээ, Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 13 дугаар хорооллын 8470 м.кв 50% гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг барьцаалсан зээлийн барьцааны гэрээ /1 дэх хавтаст хэргийн 30-34/,

-Иргэн О.Б-ийн нэрээр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс явуулсан 2018.06.14-ний өдрийн 1096 тоот, 2018.12.18-ны өдрийн 2318 тоот албан бичгүүд, түүнтэй холбоотой гаргасан хүсэлтүүд, иргэн Д.Б-гийн 2016.03.11-ний өдрийн 16/001/01 тоот хөрөнгө оруулалтын гэрээ, Б.Дөлгөөний 2017.09.18-ны өдөр “Ласти интернейшнл” ХХК-тай байгуулсан гэрээ болон түүнтэй холбоотой баримтууд зэрэг “Ласти интернейшнл” ХХК-ийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хороололд байрлах Ү-2003018160 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой хувийн хэргийн хуулбар /1 дэх хавтаст хэргийн 68-250, 2 дахь хавтаст хэргийн 1-250, 3 дахь хавтаст хэргийн 1-2/,  

 

-Иргэний нэхэмжлэгч О.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд гэрчээр өгсөн: “...Миний бие 2001 оноос хойш “Шинэ орчин трейд” ХХК-ны Дархан, Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт газар тариалан, хүнсний ногоо тариалах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “Ласти интернейшнл” ХХК-ийн захирал А.Лхагвасүрэнтэй зээлийн гэрээ байгуулан 1.5 тэрбум төгрөгийг сарын 4.3 хувийн хүүтэйгээр зээлүүлэхээр болсон. Мөн өдрийн зээлийн барьцааны 2015/06/10А тоот гэрээ байгуулсан. Тус барьцааны гэрээнд Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 13 дугаар хороололд орон сууцны зориулалттай 50 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг 2 тэрбум төгрөгөөр үнэлэн барьцаалсан.

Миний бие “Ласти интернейшнл” ХХК-тай 2015.06.10-ны өдөр байгуулсан зээлийн болон барьцааны гэрээг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 29/1-27 дугаартай улсын бүртгэгч бүртгэж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 13 дугаар хороололд орон сууцны зориулалттай 50 хувийн гүйцэтгэл дутуу 8470 метр квадрат талбай бүхий барилга Ү-2003018160 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг миний барьцаанд байгааг бүртгэгдсэн.

“Ласти интернейшнл” ХХК-ны захирал А.Лхагвасүрэн надаас зээлсэн 1.5 тэрбум төгрөгөөр барилгаа барьж байгаад дахиад барилгын ажил дуусаагүй, хөрөнгө оруулалт шаардлагатай байна гэж хэлээд 2015.11.03-ны өдөр дахин зээлийн гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулаад 510.0 сая төгрөгийг мөн зээлсэн. Миний бие А.Лхагвасүрэнд түүний Хаан банкны 5076250424 тоот данс, Худалдаа хөгжлийн банкны 474004877 тоот данс, 464004609 тоот данснуудад шилжүүлж, нийт 2.010.000.000 төгрөгийг өгсөн болно.

“Ласти интернейшнл” ХХК барилгын ажлаа 2016 оны эхээр бүрэн ашиглалтад оруулж дуусгасан бөгөөд тус барилга нь 8470 метр квадрат талбай бүхий 144 айлын орон сууцны барилга болсон байдаг. Тус барилгыг барьж ашиглалтад оруулсны дараагаар тухайн орон сууцыг худалдан борлуулж надад зээлийн төлбөрийг төлөх ёстой байсан боловч бүх орон сууцанд нь хүмүүс орсон, бүгд орон сууцны ямар нэгэн гэрчилгээгүй байгаа боловч надад одоог хүртэл тус зээлээ төлөөгүй байгаа учраас Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж “Ласти интернейшнл” ХХК-иас 3.193.251.000 төгрөгийг гаргуулан надад олгох шийдвэр гарч шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа болно. Ингээд шүүхэд гомдол гаргахаас өмнө Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн дарга М.Хувьзаяа нь иргэн О.Б танаа гэсэн хаягаар надад 2018.06.14-ний өдрийн 1096 тоот албан бичгийг ирүүлсэн байдаг. Тус албан бичигт Дархан-Уул аймгийн Дархан сумын 11-р баг 13-р хороолол 10А байрны 58 айл, 10Б байрны 66 айл нийт 124 айлын 7310 мкв талбай бүхий орон сууцны барилга нь “Ласти интернейшнл” ХХК-ийн өмчлөлд бүртгэлтэй талаар дурдаад тус үл хөдлөх хөрөнгийг иргэн Д.Б-тай 2016.03.11-ний өдрийн 16/001/01 тоот хөрөнгө оруулалтын гэрээ, иргэн Б.Дөлгөөнтэй 2017.09.18-ны өдөр байгуулсан барьцааны гэрээг дуусгавар болгож эдгээр этгээдүүдэд өмчлөх эрхийн гэрчилгээ олгох талаар манай байгууллагад хандсаныг надад мэдэгдсэн болно.” гэх мэдүүлэг  /3 дахь хавтаст хэргийн 97-98/,

 

-Гэрч Ч.Б-ы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би иргэн О.Б-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд Дархан-Уул аймгийн тойргийн нотариатчийн олгосон итгэмжлэлийн хүрээнд О.Б-ийг бүрэн итгэмжлэх итгэмжлэлийг нотариатаар баталгаажуулан авсан бөгөөд “Ласти интернейшнл” ХХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 13 дугаар хороолол 8470 мкв талбай бүхий орон сууцны барилгыг Зээлийн болон барьцааны 2015.06.10-ны өдрийн 2015/06/10А тоот гэрээний дагуу “Ласти интернейшнл” ХХК-ийн захирал А.Лхагвасүрэнд 2,010,000,000 төгрөгийн зээлийг хэд хэдэн хэсэг хувааж түүний өөрийнх нь харилцах дансанд шилжүүлэн өгч зээл олгосон байдаг.

Одоогийн байдлаар “Ласти интернейшнл” ХХК-ийн өмчлөлийн бүрэн баригдаж дууссан тус орон сууцны нийт 7310 метр квадрат талбай бүхий 124 айлын орон сууц нь иргэн О.Б-ийн дээрх зээлийн барьцаанд бүртгэлтэй байгаа болно. Тус хөрөнгийг битүүмжилсэн тухай Нийслэлийн шүүхийн шийдвэр гуйцэтгэх газраас Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст удаа дараа албан бичиг хүргүүлсэн байдаг. Гэтэл Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга Цогжаргал нь иргэн О.Б-ийн барьцаанд авсан үл хөдлөх хөрөнгөөс иргэн Болормаа, Дөлгөөн нарын өмчлөлд шилжүүлэх албан бичгийг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн нь хууль зөрчсөн асуудал байдаг бөгөөд үүний талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт гомдол гаргахад Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын даргад 2019.01.17-ны өдрийн 4/63 тоот албан бичгээр чиглэл өгсөн байдаг.” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 99-100/,

-Гэрч Б.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2015 оны 12 дугаар сараас эхлэн Иргэний хууль болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулинд байсан өмчлөгчийн эрхийг хязгаарласан тодорхой заалтуудыг Үндсэн хуулийн цэцээс Үндсэн хууль зөрчиж байна гэж үзээд хүчингүй болгож шийдвэрлэсэн тул давхар барьцаа бүртгэх эрх зүйн үндэслэл үүссэн. Давхар барьцаа бүртгэх ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан гэж үзэж байна. Улсын бүртгэлд бүртгэгдсэн гэрээний дарааллаар үүргийн гүйцэтгэл хангагдана гэсэн заалт хэвээр үйлчилж байгаа.

...Миний хувьд хэн нэгэнд санаатайгаар зориуд давуу байдал олгосон асуудал байхгүй. Бүртгэгч нарын бүртгэлийн үйл ажиллагаа нь хуульд нийцэж байгаа эсэхэд л хяналт тавьж ажилладаг юм.” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 109-110/,

 

-Гэрч Ш.Ц-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... Болормаагийн өмчлөлд байх ёстой 45 тоот орон сууц 46 гэж бичлэгийн алдаа гаргаж гэрчилгээ олгосныгоо шалгалтын үеэр мэдэж, энэ талаар иргэн Болормаад залруулга хийх талаар мэдэгдсэн.

...Би бүртгэлийн ажлыг хуулийн дагуу хийж гүйцэтгэсэн. Харин ажлын ачаалал ихтэй, мөн хүсэлт өгснөөс хойш ажлын 3 хоногт багтаан шийдвэрлэх хуулийн заалтад нийцэх гэж яарч 124 айлын гэрчилгээг 3 өмчлөгч нарт хуваан олгохдоо зөрчил гаргаж гэрчилгээний бичилтэд алдаа гаргасан юм.

...намайг ээлжийн амралтаа авах үед Мэндбаяр нь Дархан сумын 11 дүгээр багийн 13 дугаар хороолол 10А тоотод өмчлөх эрхийн гэрчилгээг олгохдоо барьцаалагч Батпүрэвийн зөвшөөрлийг аваагүй байсан. Учир шалтгааныг Мэндбаяраас лавлаж асуухад “Ласти интернейшнл” ХХК 2 гэрчилгээ бичүүлэхээр оруулж ирэх үедээ 8 болон 42 тоотыг хүсэлтдээ дурдсан байсан. Барьцаалагч Батпүрэв зөвшөөрөл өгөхдөө тухайн 2 тоотыг дурьдсан гэж ойлгосон юм. Гэтэл Батпүрэв нь 8 тоотыг хэсэгчлэн чөлөөлөх зөвшөөрөл өгч 42 тоотын зөвшөөрлийг өгөөгүй байсныг анзаараагүй.” гэж хэлсэн.

...Тухайн үед 18 гэрчилгээг нэг дор бичсэн юм. Тухайн үед миний ажлын ачааллыг хуваалцаж бичье гэж Мэндбаяр, Гантуяа бид гурав 18 гэрчилгээг 6, 6-гаар нь хувааж авч гэрчилгээг бичсэн юм. Тэр дунд 11 тоот байрны гэрчилгээг Мэндбаяр бичсэн байсан.

...би “гэрчилгээ олгоход бэлэн болгосон, шалгалгүй гэрчилгээ олго” гэж үүрэг өгсөн асуудал байхгүй. 11 тоот хуваарийн дагуу миний хариуцсан тоот боловч О.М гэрчилгээ олгосон. Мэндбаяр гэрчилгээ олгож, гарын үсгээ зурж, тамгаа дарж байгаа бол материалтай нь танилцах үүрэгтэй. Материалтай танилцалгүй гэрчилгээ олгоно гэж байхгүй.” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 111-113, 4 дэх хавтаст хэргийн 219-220/,

 

-Гэрч М.Х-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Манай ээж Манжлхам нь “Ласти интернэйшнл” компанийн захирал Лхагвасүрэнтэй орон сууц захиалгаар бариулах тухай 87 дугаартай гэрээ байгуулж, 2016 оны 12 дугаар сараас амьдарч эхэлсэн. 1 өрөө болон 3 өрөө байрыг нийлүүлээд 1 тоот болгоод худалдан авсан юм. Миний санаж байгаагаар 134 сая төгрөгөөр худалдаж авсан.

...Төлбөрийг бэлнээр манай ээж Манжлхам нь байр захиалагч компанийн албан өрөөнд сууж байсан ажилтнуудад өгсөн гэсэн.

...Би тухайн барилгыг давхардсан барьцааны гэрээтэй байсныг байр худалдан авснаас хойш мэдсэн. Бүртгэлийн ерөнхий хуулиар бүртгэгч нь хараат бус байхаар хуульчилсан учраас бүртгэлийн ажиллагаанд оролцдоггүй юм. Бүртгэл хийх процесс нь хэлтсийн даргаар дамждаггүй. Тухайн барьцааны гэрээнүүдийг хуулийн дагуу хийсэн гэж ойлгож байгаа.

...”Ласти интернейшнил” компанийн барилгатай холбоотой бүртгэлийг ахлах бүртгэгч бүртгэхдээ алдаа гаргаж бүртгэсэн. Түүнд намайг мэргэжил арга зүйн удирдлагаар хангаагүй гэж ажлаас халсан.” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 114-115/,

 

-Улсын бүртгэлийн Ерөнхий газраас Дархан-Уул аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлсэн илэрсэн зөрчил, дутагдалтай холбоотой улсын байцаагчийн шаардлага /3 дахь хавтаст хэргийн 124-126/,

-Гэрч С.Ж-н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хувьд тухайн үед Дархан-Уул аймагт томилолтоор очиж ажиллаж байсан ба энэ хугацаандаа манай компанийн хэрэгжүүлж байсан төслийн орон сууцаас захиалга хийсэн иргэдтэй компанийг төлөөлж гэрээ байгуулж байсан юм. Тэр үед энэ Манжлхам гэх настай эмэгтэй ирж захиалга өгөөд тус байрны 9 давхарт 3 өрөө болон 1 өрөөтэй 2 байрыг захиалж авч байсан юм. Тэр үед манай компанийн захирал А.Лхагвасүрэн надад хэлэхдээ тус 2 байрны төлбөр мөнгө төлөгдсөн учир төлбөр 100 хувь төлсөн байдлаар гэрээгээ байгуулаарай гэж хэлж байсан юм. Үүний дагуу би гэрээ байгуулахдаа төлбөр 100 хувь төлөгдсөн байдлаар гэрээг байгуулсан байгаа.

...Би байгууллагын дансыг шалгадаг албан тушаалтан биш учир дээрх мөнгө байгууллагын дансанд орсон эсэх асуудлыг мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /3 дахь хавтаст хэргийн 140-141/,

 

-Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн архивын баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, холбогдох баримт бичгүүдийн хуулбар /3 дахь хавтаст хэргийн 180-229, 234-250, 4 дэх хавтаст хэргийн 1-10/,

 

-О.М-ын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас / 3 дахь хавтаст хэргийн 232/,

-Улсын бүртгэлийн хэлтсийн даргын болон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчийн албан тушаалын тодорхойлолтын хуулбар /4 дэх хавтаст хэргийн 12-17/,

 

-Улсын бүртгэгч О.М-, В.Гантуяа, тасгийн дарга бөгөөд улсын ахлах бүртгэгч Ш.Цэндсүрэн нарт сануулах сахилгын шийтгэл оногдуулсан тухай Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн тушаалын хуулбар /4 дэх хавтаст хэргийн 19/,

 

-Гэрч П.Ө-ний мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Би 2016 оны 12 дугаар сард цагаан сарын өмнө уулзаж Дархан сум 11-р баг 13 дугаар хороолол 10А байрны 11 тоот байрыг 2014 онд захиалгаар бариулахаар мөнгө өгчихсөн байсан Цэрэн гэж хүнтэй уулзаж тэр хүн байраа авахаа больсон миний захиалгын 17.300.000 төгрөгийг надад өгөөд гэрээ байгуулчих гэсний дагуу  “Ласти интернэйшнл” ХХК-ийн ажилтантай гэрээ байгуулж өгсөн. Би “Ласти интернэйшнл” ХХК-ийн ямар нэгэн хүнтэй уулзаж байгаагүй. Тэгээд “Ласти интернэйшнл” ХХК-иас борлуулалт хариуцсан эмэгтэйтэй холбогдож “Хас” банкнаас ипотекийн зээлд хамруулж зээл гаргуулж үлдэгдэл мөнгийг нь өгсөн. Би өөрөө банкаар явж зээлээ хөөцөлдөөгүй, “Ласти интернэйшнл” ХХК-ийн бүрдүүл гэсэн материалыг нь бүрдүүлж өгөөд “Ласти интернэйшнл” ХХК миний нэр дээр зээл гаргуулж өгсөн.

...манай байрны гэрчилгээ “Хас” банкинд ипотекийн зээлийн барьцаанд байгаа. Байр миний нэр дээр гарсан байсан. Би Улсын бүртгэлийн газар очиж өөрийн байраа нэр дээрээ шилжүүлж авахаар хөөцөлдөөгүй.

...Би байрныхаа гэрчилгээг “Хас” банкны ажилтанд байхад нь анх харсан. Тэгээд хуулбарлаж авсан.” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 40-41/,

  

-Гэрч Д.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Дархан сум 11 дүгээр баг “Ласти интернэйшнл” ХХК-ийн 10а байрны 42 тоот байрыг “Ласти интернэйшнл” ХХК-иас 1м2-ыг 1.000.000 төгрөгөөр буюу 60.000.000 төгрөгөөр худалдаж авч байсан. Уг байрны төлбөрийг бэлнээр буюу манай нөхөр П.Энхжаргалын голомт банкны данснаас “Ласти интернэйшнл” ХХК-ийн данс руу шилжүүлж өгч байсан. Байр худалдах, худалдан авах гэрээг “Ласти интернэйшнл” ХХК-ийн захирал гэх Хүрэлбаатар гэж хүнтэй байгуулж байсан. Манай нөхөр П.Энхжаргал гэрээ байгуулж, төлбөрөө банкаар бүрэн шилжүүлж өгч байсан юм.

...“Ласти интернэйшнл” ХХК-тай худалдах худалдан авах гэрээ байгуулж байрны төлбөрөө “Ласти интернэйшнл” ХХК-ийн дансанд шилжүүлсний дараа нөхөр бид хоёрын иргэний үнэмлэхийн хуулбарыг аваад удалгүй байрны гэрчилгээг бидний нэр дээр гаргуулж өгсөн. Манай нөхөр бид 2 Улсын бүртгэлээр явж байраа өөрсдийн нэр дээр аваагүй. “Ласти интернэйшнл” ХХК-иас бидний байрны гэрчилгээг гаргуулан авч өгсөн.

“...Талийгаач нөхөр П.Энхжаргал “Оюу толгой” ХХК-д ажилладаг байхдаа цуглуулсан 18.000.000 төгрөгийг урьдчилгаанд, 41.840.000 төгрөгийг Голомт банкнаас орон сууцны зээлд хамрагдаж авсан. “Ласти интернэшнл” ХХК-нд 18.000.000 төгрөгийг барилга баригдаж байх явцад өгсөн. Голомт банкнаас авсан орон сууцны зээл 41.840.000 төгрөгийг 2017 оны 08 дугаар сарын 04-ний өдөр шилжүүлсэн. Урьдчилгаа 18.000.000 төгрөгийг яг хэзээ өгснийг манай талийгаач нөхөр мэдэж байсан, би мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 43-44, 222-223/,

-Улсын бүртгэгч О.М-ын Дархан сум 11 дүгээр баг 13 дугаар хорооллын 10а байрны 42 тоот орон сууцны өмчлөгчөөр П.Энхжаргал, Д.Отгонсүрэн нарыг бүртгэсэн гэрчилгээний хуулбар /4 дэх хавтаст хэргийн 45/,  

- Улсын бүртгэгч О.М-ын Дархан сум 11 дүгээр баг 13 дугаар хорооллын 10а байрны 11 тоот орон сууцны өмчлөгчөөр П.Өлзийсайханыг бүртгэсэн гэрчилгээний хуулбар /3 дахь хавтаст хэргийн 230/,

 

-Иргэний нэхэмжлэгч О.Б-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр “Ласти Интернешнэл” ХХК-ийн захирал Лхагвасүрэнтэй зээлийн гэрээ байгуулж, 1.500.000.000 төгрөг зээлүүлсэн юм. Уг зээлийн барьцаанд Дархан-Уул аймгийн Дархан сум 11-р баг10А, Б байрыг бүхэлд нь барьцаалсан юм.

...Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн ажилтан нь миний зөвшөөрөлгүй миний гарын үсэггүй Дархан-Уул аймаг Дархан сум 11-р баг 10А байрны 42 тоотыг бусдад шилжүүлсэн бүртгэл хийж гэрчилгээ олгосон байсан. Энэ асуудлыг би Хууль зүйн яам, Улсын бүртгэлийн ерөнхий газарт гомдол гаргаж байж илрүүлсэн юм.

...Миний өмчлөлийн гэрчилгээтэй 9 ширхэг байр байгаа. Одоо би Ласти интернешнэл ХХК-иас 3 тэрбум гаран төгрөг нэхэмжлэн шүүхээр маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байгаа.

...Би Дархан-Уул аймгийн Дархан сум 11-р баг 10А-р байрны 42 тоот 59,84 метр квадрат 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 60,098,995 төгрөгийг Ласти Интернешнэл ХХК-иас нэхэмжилж байна.” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 195-196/,

 

-Гэрч Д.Б-гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний хувьд 2014 оны 04 сарын 21-ний өдөр Дархан-Уул аймагт орон сууц барьж байсан “Ласти” ХХК-нд 1 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн. Уг хөрөнгө оруулалт хийсний үр дүнд “Ласти” ХХК нь Дархан-Уул аймгийн 11 дүгээр хороо 13 дугаар хороолол 8470 мкв талбай бүхий 144 айлын орон сууц барьсан ба 2015 оны 03 дугаар сарын 31-ний өдөр ашиглалтад оруулах ёстой байсан юм. Тэгээд барилгыг ашиглалтад оруулаад 2015 оны 03 сарын 31-ний өдөр гэхэд надад хөрөнгө оруулалтын ашиг өгөх ёстой байсан юм. Хэрэв гэрээнд заасан дээрх хугацаанд “Ласти” ХХК нь надад хөрөнгө оруулалтын ашиг өгөхгүй бол би тус компанийн барьсан орон сууцнаас 2660 мкв талбай бүхий орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлэн авах тохиролцоотой юм.

“Ласти” ХХК нь миний хөрөнгө оруулалтын ашгийг өгөөгүй учир гэрээний хугацааг сунгаж явж байгаад 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр захирал А.Лхагвасүрэнтэй “Хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ” 16/001 дугаартай гэрээг байгуулсан юм. Уг гэрээгээр “Ласти” ХХК нь өөрийн барьсан орон сууцнаас иргэдэд худалдан борлуулаагүй, шинээрээ байгаа 46 ширхэг орон сууцыг Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст барьцаа болгож бүртгүүлсэн юм. Гэтэл “Ласти” ХХК нь бас л надаас авсан мөнгөө өгөхгүй байсан учир би иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж нэхэмжлэл гаргахад “Ласти” ХХК нь надтай эвлэрлийн гэрээ байгуулахыг хүссэн юм. Үүний дагуу 2017 оны 08 дугаар сарын 31-ний өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан ба уг гэрээн дээр “Ласти” ХХК нь 2017 оны 11 сарын 22-ны өдөр гэхэд миний хохирлыг 100 хувь төлж барагдуулахаар тохирч гэрээ байгуулсан юм.

Гэтэл “Ласти” ХХК нь үүргээ биелүүлээгүй учир Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн хуудас бичүүлээд шүүхийн шийдвэрийг албадан биелүүлсэн ба үүний дагуу 44 ширхэг орон сууцыг “Ласти” ХХК-аас хураан авч өгсөн юм.

Энэ үед 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдөр би “Ласти” ХХК-ийн захирал А.Лхагвасүрэнтэй “хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах тухай ” 16/001 дугаартай гэрээ байгуулж, Улсын бүртгэл дээр урьдчилсан тэмдэглэгээ хийлгэсэн байсан 10А байрны 11 тоот 59.84 м.кв талбай бүхий 1 ширхэг орон сууцны гэрчилгээг чөлөөлөөд өөр иргэн дээр шилжүүлчихсэн байсан юм.

“Ласти” ХХК нь дээрх 11 тоот орон сууцыг надад өгөхөөр урьдчилсан бүртгэл хийлгэсэн байхад Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтэс тус байрыг өөр иргэний нэр дээр шилжүүлэн өгч, хууль бус ажил хийсэн байсан боловч “Ласти” ХХК нь дээрх 11 тоот орон сууцны оронд өөр орон сууц өгч, надад өгөх ёстой 44 ширхэг орон сууцаа бүгдийг шилжүүлээд өгсөн байгаа.” гэх мэдүүлэг /4 дэх хавтаст хэргийн 199-200/,

 

-Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 13 дугаар хороолол, 10а байрны 11 тоот 59.84 мкв 2 өрөө орон сууцны үнэлгээ нь 56,563,760 төгрөг, Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 13 дугаар хороолол, 11а байрны 42 тоот 59.84 мкв 2 өрөө орон сууцны үнэлгээ нь 60.098.995 төгрөгөөр тус тус үнэлсэн “Вендо” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан, гэрэл зургийн үзүүлэлтүүд /4 дэх хавтаст хэргийн 242-250, 5 дахь хавтаст хэргийн 01-07/,

 

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /5 дахь хавтаст хэргийн 13-17/,

-Э.Пүрэвдоржоос “Ласти интернэшнл” ХХК-ийн 5134072273 дугаартай данс руу 41.840.000 төгрөгийг шилжүүлсэн тухай баримт /5 дахь хавтаст хэргийн 29/,

-“Ласти интернэшнл” ХХК-ийн 5134072273 дугаартай Хаан банк дахь дансны хуулга /5 дахь хавтаст хэргийн 32/,

-5613914 регистрийн дугаартай “Ласти интернэшнл” ХХК-ийн дэлгэрэнгүй лавлагаа /5 дахь хавтаст хэргийн 56-96/,

 

-О.М-ын иргэний үнэмлэхийн лавлагаа болон хувийн мэдээлэлтэй холбоотой баримтууд /5 дахь хавтаст хэргийн 98-102/ болон хавтаст хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судаллаа.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байгаа бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эдгээр нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэхдээ хуульд заасан журам, шаардлагыг зөрчөөгүй, хэргийн оролцогчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул дээрх нотлох баримтуудыг хууль ёсны, үнэн зөв, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэв.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн дүгнэлтийг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчийн зүгээс шүүгдэгч О.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт тус тус гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналыг шүүхэд гаргаж,

 

харин шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Нандин-Эрдэнэ нь шүүхийн хэлэлцүүлгийн явцад “...төөрөлдсөн байдлын улмаас ажлын алдаа гарсан гэх хэд хэдэн үндэслэл байна. 11 тоотын гэрчилгээг гаргуулах хүсэлттэй материалыг Мэндбаярт анхнаасаа хуваарилагдаагүй, Цэндсүрэн гэдэг хүнд хуваарилагдсан. Ингээд 6,6 гаар нь 3-уулаа нийт 18 гэрчилгээ бүртгэсэн. 11 тоот байрын материалыг Мэндбаярт оноож өгсөн талаар үйл баримт хавтаст хэрэгт авагдаагүй. Тус 11 тоот байрны материалд архивт хийсэн тэмдэглэлийн хувийн хэрэг дотор “Ласти интернэшнл” ХХК-ийн хүсэлт, иргэн Болормаагийн өргөдөл, иргэн Батпүрэвийн  хүсэлт зэрэг нь авагдсан байгаа нь материалыг бүрдэл бүрэн байсан гэдэг тайлбарыг баталж тогтоож байна гэж үзэж байна. Мөн  “Ласти интернэшнл” ХХК нь 144 айлын орон сууц барьснаас 123 айлын орон сууцтай холбоотой эхлээд Батпүрэвийн барьцааны гэрээг бүртгээд дараа нь давхар Болормаатай гэрээ байгуулсан нь улсын бүртгэгчийг төөрөгдөлд оруулах үндэслэл болсон гэж ойлгогдож байна. Давхар барьцааны бүртгэл байж болно гэсэн шүүхийн шийдвэр байгаа нь төөрөгдөх үндэслэл болсон гэж үзэж байна. Мөн ажлын ачаалал их байсан нь мэдүүлгүүдээр тогтоогддог. 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн Дархан-Уул аймгийн захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон байхад түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж байгаа нь үндэслэлгүй юм. 2020 оны шүүхийн судалгаагаар Улсын дээд шүүх 800 гаруй захиргааны актыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Нийтдээ Монгол улсын хэмжээнд 3 мянга гаруй захиргааны акт, албан тушаалтнаас гаргасан захиргааны  шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Энэ шийдвэр болгоныг бусдад давуу байдал олгож албан тушаалын байдлаа урвуулан ашигласан гэж үзэх боломжгүй. Шүүгдэгч Мэндбаяр нь “Ласти интернэшнл” ХХК, иргэн Отгонсүрэн, Өлзийсайхан нарт ямар давуу байдал олгосон, тэдэнтэй яаж харилцаж ямар хувийн ашиг хонжоо олсон талаар тогтоогдоогүй байна. Тиймээс гэмт хэргийн шинжгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгаж өгнө үү.” гэж,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Мөнхтулга нь “миний бие Нандин-Эрдэнэ өмгөөлөгчтэй байр суурь нэг байна. Төөрөгдөл гэдэг дээр нэмж хэлэхэд барьцааны гэрээтэй холбоотой асуудал юм. Хавсралт дээр хэн хэдэн байр авна гэсэн зүйл байдаггүй. Үүнтэй холбоотой 33, 34 тоотыг Хувьзаяа гэх авсан байна шүү дээ, энэ байр минийх гэсэн байдлаар өргөдөл гомдлууд гараад байдаг. Энэ нөхцөл байдлуудтай холбоотой бүртгэлийн дүрэм, журам зөрчигдсөн зүйл байдаг Мэндбаяр нь алдаа дутагдал гаргаснаа зөвшөөрдөг. Шүүгдэгч нь ямар нэгэн байдлаар өөртөө ашиг хонжоо харж, давуу байдал үүсгэсэн зүйл байдаггүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал ерөөсөө тогтоогдсон зүйл байхгүй. Энэ материалыг анхнаасаа Мэндбаяр хүлээж авч ажиллагаа хийгээгүй, Цэндсүрэнгээс дамжин ирсэн 18 материалыг ачааллаа хувааж авч бүртгэчхээд одоо Цэндсүрэн нь хариуцлагаас зугтах шинжтэй өмнө нь өгсөн мэдүүлгээс өөр байдлаар хоёрдмол байр суурьтай мэдүүлсэн нь харагддаг. Шүүгдэгч нь тодорхой хэмжээний алдаа дутагдал гаргаснаар арга хэмжээ авахуулж, энэ талаар хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан байдаг.

Эрх зүйн харилцааны хувьд Болормаа, Батпүрэв нарын харилцаа дууссан байсан гэж үзэж байна.  Болормаагийн хувьд 11 тоот байраа 2018 оны 12 сарын сарын 10-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан байдаг, ингэснээр иргэний харилцаа дуусгавар болсон. Ингэж асуудлаа шийдчихээд 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 8 хоногийн дараа Мэндбаярт биш бусад албан тушаалтнуудад холбогдуулан гомдол хүсэлт гаргаж байгаа нь гэмт хэргийн сэдэл зорилго огт байхгүй гэдгийг хэлээд байна. Анхнаасаа Мэндбаярыг шалгаж байсан бол дансны хуулгыг шалгах, холбогдох хүмүүсээс мэдүүлэг авах ажиллагаа хийх ёстой байтал хийгээгүй. Энэ гэмт хэргийн шинж нь энэ үйлдлийг санаатай хийсэн гэдэг асуудал яригдана. Гэтэл болгоомжгүй үйлдлээр албан тушаалын байдлаа урвуулан ашиглана гэдэг асуудал яригдахгүй. Энэ талаар Улсын дээд шүүхийн холбогдох тогтоол, шийдвэр, тайлбарууд байдаг. Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа улсын хяналтын байцаагч нарын мэргэжлийн алдаа дутагдал гаргаж байгаа актыг захиргааны журмаар болон эрүүгийн журмаар ялгаж байгаа гол зорилго нь тодорхой хэмжээний шан харамж, давуу байдал бий болгосон эсэхийг тогтоох байдаг. Иймд хууль зүйн үндэслэлийн хувьд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдээгүй, гэмт хэрэг үйлдэх санаа зорилго байхгүй байгаа нь харагдаж байна. Тиймээс хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү.” гэж тус тус мэтгэлцэж байна.

 

Хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн баримтуудыг судалж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдлоо.

 

 “Ласти интернэшнл” ХХК болон иргэн О.Б нар нь 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №2015/06/10 дугаартай “Зээлийн гэрээ” болон 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн №2015/06/10А дугаартай “Зээлийн барьцааны гэрээ” байгуулж, “Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 13 дугаар хорооллын 8470 мкв орон сууц”-ыг барьцаалсан барьцааны гэрээг 2015 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн /29/1-27/ тэмдгийн дугаартай улсын бүртгэгч улсын бүртгэлд бүртгэсэн байна. /1 дэх хавтаст хэргийн 30-34/

 

Мөн “Ласти интернэшнл” ХХК болон иргэн Д.Б нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн №1 дугаартай нэг тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын гэрээ /2 дахь хавтаст хэргийн 93-94/, 2016 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 16/001 дугаартай хөрөнгө оруулалтын гэрээнд нэмэлт өөрчлөлт оруулах гэрээ, 16/001/01 дугаартай барьцааны гэрээ байгуулж, Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 13 дугаар хорооллын 2667,22 мкв талбай бүхий 46 айлын орон сууц”-ыг барьцаалсан барьцааны гэрээг /1 дэх хавтаст хэргийн 237-239/ 2016 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн /29/1-10/ тэмдгийн дугаартай улсын бүртгэгч тус тус улсын бүртгэлд бүртгэжээ.

 

Гэтэл иргэн О.Б-ийн барьцааны зүйл болж, улсын бүртгэлд бүртгэгдсэн 8470 м2 талбайтай орон сууцны нэг хэсэг болох 10А байрны 42 тоот хаягт байрлах 2 өрөө 59.84 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалагч О.Б-ийн зөвшөөрөлгүйгээр иргэн П.Энхжаргал, Д.Отгонсүрэн нарын өмчлөлд шилжүүлж бүртгэсэн,

түүнчлэн иргэн Д.Б-гийн барьцааны зүйл болж, улсын бүртгэлд бүртгэгдсэн 2667.22 м2 талбайтай орон сууцны нэг хэсэг болох Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг 13 дугаар хорооллын 10А байрны 11 тоот хаягт байрлах 2 өрөө орон сууцыг Д.Б-гийн зөвшөөрөлгүйгээр иргэн П.Өлзийсайханы өмчлөлд шилжүүлж бүртгэсэн  бөгөөд дээрх бүртгэлүүдийг улсын бүртгэгч О.М хийж, П.Энхжаргал, Д.Отгонсүрэн, П.Өлзийсайхан нарт өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон болох нь Дархан сум 11 дүгээр баг 13 дугаар хорооллын 10а байрны 42 тоот орон сууцны өмчлөгчөөр П.Энхжаргал, Д.Отгонсүрэн нарыг бүртгэсэн гэрчилгээний хуулбар /4 дэх хавтаст хэргийн 45/,  Дархан сум 11 дүгээр баг 13 дугаар хорооллын 10а байрны 11 тоот орон сууцны өмчлөгчөөр П.Өлзийсайханыг бүртгэсэн гэрчилгээний хуулбар /3 дахь хавтаст хэргийн 230/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бусад баримт бичгээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгч О.М нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой эд хөрөнгийн  эрхийн улсын бүртгэлийг хийхдээ тухайн эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авч, хянах үүрэгтэй бөгөөд бүрдэл дутуу болон шаардлага хангахгүй мэдүүлгийг хүлээж авахаас татгалзах тухай шийдвэр гаргах бүрэн эрхтэй төрийн жинхэнэ албан хаагч бөгөөд Дархан-Уул аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэгчийн хувьд Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т зааснаар нийтийн албан тушаалтанд хамаарах эрх бүхий этгээд мөн байна.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс “...гэмт хэрэг биш, ажилдаа хайнга хандсан үйлдэл гаргасан” гэж мэтгэлцэж байгаа боловч шүүгдэгч О.М-ын хувьд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхтэй холбоотой эд хөрөнгийн  эрхийн улсын бүртгэлийг хийхдээ тухайн эрхийг бүртгүүлэх тухай мэдүүлэг, түүнд хавсаргасан баримт бичгийг хүлээн авч, хянах үүргээ биелүүлээгүйн улмаас Монгол Улсын Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны 6 дугаар сарын 19-ний өдөр батлагдсан/ 5 дугаар зүйлийн 5.1.2-т  “бүртгэл үнэн зөв байх”, 14 дүгээр зүйлийн 14.1.9-т “мэдүүлэгт дурдсан, энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан эрхийг урьд нь өөр этгээдийн нэр дээр эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бөгөөд тэр нь хүчинтэй байгаа бол” мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “улсын бүртгэгч дараах үндэслэл байвал мэдүүлгийг хүлээн авахаас татгалзаж, татгалзсан үндэслэлийг мэдүүлэг гаргагчид тайлбарлан, холбогдох материалыг буцааж өгнө” гэж, мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг  заавал авсан байх, бөгөөд иргэд хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна.” гэснийг тус тус зөрчиж, иргэн П.Энхжаргал, Д.Отгонсүрэн, П.Өлзийсайхан нарт өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон болох нь нотлогдож байна.

 

Хэдийгээр иргэн О.Б-ийн гаргасан нэхэмжлэлийн дагуу Дархан-Уул аймаг дахь захиргааны хэргийн Анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 13 тоот шийдвэрээр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын 10А байрны 42 тоот 59.84 м2 талбайтай орон сууцны Ү-220320906 дугаар улсын бүртгэл, П.Энхжаргал, Д.Отгонсүрэн нарын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000562763 дугаартай гэрчилгээг хүчингүй болгосон,

-мөн “Ласти интернейшнл” ХХК нь Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 13 дугаар хорооллын 10А байрны 11 тоот 59.84 м2 талбайтай орон сууцны оронд өөр орон сууц өгч, иргэн Д.Б хохиролгүй болсон боловч энэ нь шүүгдэгч О.М-ын хуулиар олгогдсон эрх, үүргээ хэрэгжүүлэхгүйгээр иргэн П.Энхжаргал, Д.Отгонсүрэн, П.Өлзийсайхан нарт өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон буруутай үйлдлийг зөвтгөх үндэслэл болохгүй юм.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцдог бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцох учиртай.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг гэдэг нь Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйлд заасан этгээдүүд буюу нийтийн албан тушаалтан нь хуулиар олгогдсон бүрэн эрх, эрх мэдлээ өөртөө болон бусдад давуу байдал бий болгох гэсэн хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгоор ашиглаж байгаа үйлдлийг ойлгох ба энэ үйлдэл нь хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байх, бүрэн эрхээ хэрэгжүүлэхгүй байх, хийх ёстой үйлдлийг хийхгүй байх, хийх ёсгүй үйлдэл хийх зэргээр илрэх бөгөөд шүүгдэгч О.М нь хуулиар олгогдсон дээрх эрх, үүргээ хэрэгжүүлэхгүйгээр иргэн П.Энхжаргал, Д.Отгонсүрэн, П.Өлзийсайхан нарт өмчлөх эрхийн гэрчилгээ олгосноор иргэн П.Энхжаргал, Д.Отгонсүрэн, П.Өлзийсайхан нарт давуу байдал үүсэж, тухайн эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсноор иргэн О.Б-, Д.Б нар барьцааны эрхээ хэрэгжүүлэх боломжгүй болсон байх тул тухайн гэмт хэргийн шинж бүрэн хангагдаж байна.

 

Шүүгдэгч О.М-ын хувьд хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр нэг төрлийн гэмт хэрэг үйлдсэн байхад 2017 оны 03 дугаар сарын 24-ний өдөр П.Өлзийсайханд орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар, 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр Д.Отгонсүрэн нарт орон сууц өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдлийг 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн нь буруу байна.

 

Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Дархан-Уул аймгийн прокурорын газраас шүүгдэгч О.М-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, мөн 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг болгон  өөрчилж, шүүгдэгч О.М-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

 

2.Эрүүгийн хариуцлага, бусад асуудлын талаар:

 

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч О.М нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй зэрэг нь шүүгдэгч О.М-ын хувийн байдалтай холбоотой баримтууд /5 дахь хавтаст хэргийн 98-102/, урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /3 дахь хавтаст хэргийн 232/ зэргээр тогтоогдож байна.

 

Шүүгдэгчид оногдуулах ял, эрүүгийн хариуцлагыг хэлэлцэх шүүх хуралдаанаар улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5400000 төгрөгөөр торгох ял шийтгэх санал гаргасан бөгөөд шүүгдэгчийн өмгөөлөгч С.Мөнхтулга нь улсын яллагчийн зүгээс хуульд заасан хамгийн бага ялын саналыг гаргаж байгаа тул улсын яллагчийн саналыг дэмжиж байна гэх санал гаргасан, харин шүүгдэгч нь торгуулийн ялыг хэсэгчлэн төлөхийг урт хугацаагаар тавьж өгнө үү гэх хүсэлт гаргаж байна.

 

Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх хохирол төлбөргүй зэрэг байдлыг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох нь зүйтэй. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон хувийн байдлыг нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь шүүгдэгчийн гэм бурууд тохирох бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх дүгнэлээ.

 

3.Хохирол, иргэний нэхэмжлэл, бусад асуудлын талаар:

 

Энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон О.Б нь шүүгдэгч О.М-аас хохирол төлбөр нэхэмжлээгүй тул энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах төлбөргүй байна гэж үзлээ.

 

Энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Дархан-Уул аймгийн Прокурорын газраас шүүгдэгч О.М-ыг 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2, 2017 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

2.Шүүгдэгч О.М-ыг нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, бусдад их хэмжээний хохирол учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

3.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-ыг нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5.3 дугаар зүйлийн 5, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.6 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-т оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 36 сарын хугацаанд сар бүр 150000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр тооцон хэсэгчлэн төлж барагдуулахыг шүүгдэгч О.М-т үүрэг болгож, шүүхээс тогтоосон хугацаанд уг ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч О.Мэнбаярт анхааруулсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-ын нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс тоолж, хяналт тавихыг Дархан-Уул аймаг дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 1.7, 1.8, 1.9 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт хураасан болон битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.М-т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                 Я.ТУУЛ