Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2022/ДШМ/24

 

О.Сэржмядагт холбогдох

    эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 166/2022/0117/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Т.Дэлгэрсайхан

Яллагдагч О.Сэржмядагийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа          

Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ихтамир даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 269 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч яллагдагчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаагийн гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлээр яллагдагч О.Сэржмядагт холбогдох 2218000000133 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Боржигон овгийн Очирбатын Сэржмядаг, 1992 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Булган аймагт төрсөн, 30 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, хүүхдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 9 дүгээр баг, 4-9 дүгээр байрны 41 тоотод оршин суух хаягтай, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, /РД:ФЯ92012702/,

Яллагдагч О.Сэржмядаг нь 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 21 цагийн орчимд “Нэгүл” нэртэй зочид буудал руу Э.Одбаяр, Г.Энх-Ариун нарыг явуулж бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: Яллагдагч О.Сэржмядаг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан биеэ үнэлэхийг зохион байгуулах гэмт хэрэгт холбогдсон бөгөөд яллагдагч нь гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч түүнийг гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.1, 2.5 дахь хэсэгт зааснаар яллагдагчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах, оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах санал гаргасныг яллагдагч хүлээн зөвшөөрсөн гэж үзэн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Очирбатын Сэржмядагт холбогдох эрүүгийн 2218000000133 дугаартай хэргийг прокурорт буцааж,

Хэргийг прокурорт очтол О.Сэржмядагт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмээг хэвээр үргэлжлүүлж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж,

Шүүгчийн захирамжийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдсугай шийдвэрлэжээ.

Яллагдагчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа давж заалдах гомдолдоо:

... О.Сэржмядагийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэгт тооцогдож байх бөгөөд, өмнө гэмт хэрэг үйлдэж байгаагүй анх удаа уг гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдсэн болохоо шударгаар мэдүүлж, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, бага насны хүүхдийн хамт амьдардаг, бусдад төлөх төлбөргүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ял, албадлагын арга хэмжээг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон буюу хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх үндэслэл хангалттай тогтоогдсон хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдсон, прокурорын санал болгосон Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаа: тэнсэж хянан харгалзах, 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг зөвшөөрсөн нь хууль зөрчөөгүй байхад анхан шатны шүүх шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасантай нийцэхгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2022/ШЗ/269 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заахдаа прокурор хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн материалтай танилцаж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан эсэхийг хянана.

Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргахаар хуульчилсан.

Мөн хуулийн 17.1 дүгээр зүйлд “Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй” гэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болохгүй үндэслэлийг заасан зэргээс дүгнэхэд Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар зааснаас бусад гэмт хэргийн яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлж, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой байна.

О.Сэржмядагийн үйлдсэн Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт хамаарсан, О.Сэржмядаг нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх хуулийн нөхцөлийг бүрэн хангасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэхээр зохицуулсан бөгөөд шүүх гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх зэрэг эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахад шаардлагатай гэж үзвэл гэмт хэрэг үйлдсэн хүнд оногдуулсан ял дээр нэмж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах, эмнэлгийн чанартай, хөрөнгө, орлогыг хураах албадлагын арга хэмжээний төрлийг сонгож хэрэглэдэг хуулийн зохицуулалттай.

Мөн прокурор хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн материалтай даруй танилцахдаа яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн эсэх, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасан нөхцөл хангагдсан эсэх, гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар тогтоогдсон эсэхийг хянаад хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ гэж хуульчилсан.

Анхан шатны шүүх прокурор дээрх хуульд заасан тусгай журмыг яллагдагчид танилцуулахдаа ял болон эрүүгийн хариуцлагын нэг хэсэг болох хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тодорхой танилцуулж, шүүгдэгчтэй тохиролцоогүй гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Учир нь яллагдагч О.Сэржмядаг нь 2022 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Э.Одбаяр, Г.Энх-Ариун нарыг С.Даваадоржид биеэ үнэлэхэд зуучилсан гэмт хэрэгт холбогдсон бөгөөд түүний үйлдэл нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг хангасан тул мөрдөн шалгах ажиллагаа явуулж, харин Э.Одбаяр, Г.Энх-Ариун, С.Даваадорж, З.Нямбаяр нар нь биеэ үнэлэн бусадтай бэлгийн харьцаанд орсон, бусдын биеийг үнэлсэн гэх зөрчилд эрх бүхий албан тушаалтнаас зөрчлийн 2218000109 дугаартай хэрэг нээж, улмаар зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр О.Сэржмядагаас 220.000 төгрөгийг хураан авч тэмдэглэл үйлдсэн, өөрөөр хэлбэл О.Сэржмядагийн Э.Одбаяр, Г.Энх- Ариун нарыг С.Даваадоржид биеэ үнэлэхэд зуучлан олсон гэх 220.000 төгрөгийг хураан авч тэмдэглэл үйлдсэн, О.Сэржмядаг нь Төрийн банкны 14061042 дугаарын дансанд 220.000 төгрөгийг 2022 оны 03 дугаар сарын 29-ний өдөр шилжүүлсэн байна.

Иймд О.Сэржмядаг нь гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө болох 220.000 төгрөгийг төрийн санд тушаасан байх тул шүүгдэгч О.Сэржмядагт хөрөнгө орлого хураах албадлагын арга хэмжээ авах хууль зүйн үндэслэлгүй байна. 2.Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь зургаан сараас гурван жил хүртэл зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ялаар шийтгэх ялын санкцтай бөгөөд прокуророос яллагдагч О.Сэржмядагт хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах саналыг гаргахдаа түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруулсан хохирол, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан шударга ёсны зарчимд нийцүүлсэн, мөн яллагдагчийн бага насны хүүхэдтэй, гэмт үйлдэлдээ чин санаанаасаа гэмшсэн зэрэг хувийн байдлыг харгалзан эрүүгийн хариуцлагын гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх, гэмт хэргээс урьдчилсан сэргийлэх зорилгод нийцсэн дүгнэлтийг хийсэн болно.

Түүнчлэн хууль тогтоогчоос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг шинэчлэн батлахдаа Эрүүгийн хуульд заасан хөнгөн хэргийг богино хугацаанд түргэн шуурхай шийдвэрлэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нарын хууль ёсны эрх ашгийг хамгаалах зорилгоор хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэх хэргийн хүрээ хязгаарыг нэмэгдүүлж, энэхүү журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тусгайлан тодорхой тусган зохицуулж өгсөн.

Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны онцлог нь яллагдагчид холбогдох хэрэг нь нь нотлогдсон, хохирогчид учирсан хохирлын хэмжээ бүрэн тогтоогдсон, яллагдагч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан тусгай журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан тохиолдолд прокурор хэргийг хялбаршуулсан журмаар шалгаж шийдвэрлэх тогтоол үйлдэж эхлүүлэх, прокурорын шатанд яллагдагчтай ял тохиролцох эрхийг хуульчлан олгосон бөгөөд шүүхээс хэрэгтэй танилцаад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хуулийн нөхцөл хангагдсан гэж үзвэл прокурорын шүүгдэгчтэй тохиролцсон ялын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргах хуулийн зохицуулалтай юм.

Гэтэл анхан шатны шүүх нь прокуророос хуульд заасан нөхцөл журмын хүрээнд яллагдагчтай тохиролцсон ялын төрөл хэмжээний талаар дүгнэлт хийсэн нь хуулиар олгогдсон прокурорын эрх хэмжээнд халдаж, хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийж Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд тус аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2022/ШЗ/269 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив. Давж заалдах шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх шүүх хуралдаанд прокурор биечлэн оролцох болно гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч Ө.Өлзиймаа тайлбартаа:

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. О.Сэржмядаг нь мөрдөн байцаалтын шатнаас үнэн зөв мэдүүлэг өгч хэргээ хүлээн зөвшөөрч байсан. Прокуророос 1 жил 6 сараар тэнсэх саналтайгаар шүүхэд шилжүүлэхэд анхан шатны шүүх хэргийн бодит байдалд нийцээгүй ердийн журмаар шийдвэрлүүлэхээр буцаасан нь үндэслэлгүй. 1 жил 6 сарын тэнсэн харгалзах ял нь бага ял биш юм. О.Сэржмядагийг ялгаварлан гадуурхсан үйлдэл боллоо гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Дэлгэрсайхан дүгнэлтдээ:

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлгүй. Прокурор хуульд заасан бүрэн эрхийнхээ дагуу хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд хэргийг шилжүүлсэн. О.Сэржмядаг нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэгт холбогдсон байсан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байсан гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхээс Боржигон овогт Очирбатын Сэржмядагт холбогдох эрүүгийн 2218000000133 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2022/ШЗ/269 дугаартай захирамжтай холбогдуулан прокурорын эсэргүүцэл болон яллагдагч О.Сэржмядагийн өмгөөлөгч Ө.Өлзиймаагийн давж заалдах журмаар гаргасан гомдол зэргийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар эсэргүүцэл, давж заалдах журмаар гарсан гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг ийнхүү хянахдаа:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан эсэх, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан эсэх, хэрэгт мөрдөн шалгахдаа болон хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагуудыг зөрчсөн эсэх, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчил байгаа эсэхийг шалгаж тогтоох үүрэгтэй.

Прокуророос сэжигтэн О.Сэржмядаг бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, татан оролцуулсан гэмт хэрэгт буруутгаж Эрүүгийн хуулийн 12.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллагдагчаар татжээ. Яллагдагчид сонсгосон зүйл ангиас үзэхэд яллагдагч О.Сэржмядаг нэг удаа  бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан, татан оролцуулсан байхаар байна.

Гэтэл хэрэгт авагдсан нотлох баримтуудад:

Гэрч Э.Одбаяр ” ... найз Энх-Ариунтай уулзахаар Дархан-Уул аймагт ирж, 20 гаруй хоносон. Дарханд байх хооронд манай найз Энх-Ариун намайг Сэржмядаг /Марина/, Нямсайхан /Сайханаа/ гэх 2 эгчтэй танилцуулсан бөгөөд тэднийг сайн эгч нар гэж байсан. ... Дарханд байх хугацаанд ар гэрт мөнгөний хэрэг маш их байсан. Хажууд Сэржмядаг болон Нямсайхан нар их мөнгөтэй санагдаад байхаар нь найзаасаа асуухад “хүүхэн зардаг юм” гэж хэлсэн. Манай найз Энх-Ариун өөрийгөө биеэ үнэлдэг талаараа надад хэлсэн. Дээрх 2 эмэгтэй манай найзыг зуучилж биеийг нь үнэлүүлээд дундаас нь хувь авдаг юм билээ.” гэж мэдүүлжээ. /1 XX 09 тал/

Гэрч Г.Энх-Ариун “... Сэржмядаг буюу Марина гэгч эмэгтэй рүү “хүүхэн асууж” ярьдаг. Цагийн 120 000 төгрөг байдаг, 50 000 төгрөгийг би авч 70 000 төгрөгийг Марина эгч авдаг. Нэг хэсэг ажил байхгүй гэсэн учир би Багануур дүүрэг дэх  гэртээ харьсан.

Цагаан сарын дараа мөнгөний хэрэг гараад яалт ч үгүй Дарханд буцаж ирсэн. Хоногоор биеэ үнэлэхэд 350 000 төгрөг аваад 200 000 төгрөгийг би аваад Марина эгчид 150 000 төгрөгийг өгдөг. Мөнгийг Марина заримдаа аваад миний хувийг өгдөг.” гэж мэдүүлжээ./1 ХХ 11 тал/,

Дээрх мэдүүлгүүдийг дүгнэж үзэхэд шүүгдэгч Сэржмядаг буюу Марина, Нямсайхан гэгчтэй хамтран нэг бус удаа бусдыг биеэ үнэлэхэд зуучилсан байна. Энэ ажлаа “ цагаан сар, сар шинийн баяраас өмнө ч ...” хийж байсан нь дээрх гэрч нарын мэдүүлгүүдээр нотлогдохоос гадна энэхүү мэдүүлгийг нотолж:

Гэрч С.Даваадорж “... Эрдэнэт хотоос ирээд ... хүүхэн авахаар болсон. Би бүр өмнө нь таксины жолоочоос хүүхэн зардаг хүний дугаар асуухад 91075077 дугаарыг өгсөн. ” гэж мэдүүлсэн байна. /1 ХХ15 тал/

Мөн түүнчлэн  гэрч Э.Одбаяр, Г.Энх-Ариун, С.Даваадорж нарын мэдүүлгүүдээр “... 1 цаг биеэ үнэлэхэд 120000-150000 төгрөг байдаг. Энэ мөнгөнийхөө 70000-80000 төгрөгийг зуучлалын хөлсөнд тооцож Сэржмядаг буюу Маринад өгдөг. Хоногоор бие үнэлэхэд 350000 төгрөг авч 150000-200000 төгрөгийг  Сэржмядаг болон Нямсайханд өгдөг.

Сэржмядаг болон Нямсайхан нар хүүхэн зарахдаа ашигладаг гар утасны дугаар 91075077 дугаарыг таксины жолооч мэдэж байдаг зэрэг байдлуудаас үндэслэн

Яллагдагч О.Сэржмядаг нь иргэн н.Нямсайхантай хамтран бусдыг биеэ үнэлэхэд зуучилдаг нь байнгын шинжтэй байх ба биеэ үнэлэх, зуучлах, биеийг нь үнэлүүлэх явдлууд тодорхой зохион байгуулалтад орсон байж болзошгүй байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул яллагдагч О.Сэржмядагт холбогдох эрүүгийн хэрэгт нэмэлт шалгалт хийх замаар гэмт этгээдийг олж тогтоон, тохирох зүйл хэсгээр зүйлчлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн үндсэн зорилго зорилтод нийцнэ гэж үзээд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн “прокурорт буцаах” тухай заалтыг хэвээр үлдээж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 269 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, яллагдагч О.Сэржмядагийн өмгөөлөгч Ө.Өлзиймаагийн гаргасан давж заалдах гомдол болон прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ц.АМАРЖАРГАЛ

                                ШҮҮГЧ                                               Б.ЭРДЭНЭХИШИГ

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                               Б.МАНЛАЙБААТАР