Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 2022/ДШМ/25

 

  Н.Мягмар, Ч.Баянмөнх, М.Эрдэнээ, Б.Октябрь

 нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс 219/2021/0023

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Амаржаргал даргалж, Б.Эрдэнэхишиг, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Ч.Мядагбадам

            Хохирогчийн өмгөөлөгч К.Жархынбек /онлайн/, Б.Түвшинжаргал /онлайн/

Иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ч.Булган   

Нарийн бичгийн дарга Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Төмөрхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 231 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурорын эсэргүүцлээр яллагдагч   Н.Мягмар, Ч.Баянмөнх, М.Эрдэнээ, Б.Октябрь нарт холбогдох 2018004230028 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Тангуд овгийн Бадамын Октябрь, 1970 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Говь-Алтай аймгийн Дэлгэр суманд төрсөн, 52 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Цахилгааны техник, автын техникч, эдийн засагч мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт цахилгааны инженер ажилтай, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багийн 17 дугаар хороо 12-26 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, /РД:ТГ70110870/,

Монгол Улсын иргэн, Боржигин овгийн Чойжилсүрэнгийн Баянмөнх, 1967 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Булган аймгийн Сэлэнгэ суманд төрсөн, 55 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Цахилгаанчин мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт цахилгаанчин ажилтай, ам бүл 1 эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 6 дугаар хорооллын 1-41 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, /РД:ГИ67101513/,

Монгол Улсын иргэн, Боржигин овгийн Мягмаржавын Эрдэнээ, 1964 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Булган аймгийн Могод суманд төрсөн, 58 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, Цахилгаанчин мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт цахилгаанчин ажилтай, ам бүл 1 эхнэрийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр багийн 6 хороо 4-47 тоотод 1оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, /РД: ТЖ64082412/,

Монгол Улсын иргэн, Йөншөөбү овгийн Нанжидийн Мягмар, 1963 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Говь-Алтай аймгийн Баян-уул суманд төрсөн, 59 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, илчит тэрэгний монтаж, цахилгаанчин мэргэжилтэй, Дархан-Уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газарт цахилгаанчин ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар баг Алтангадасын 9 дүгээр хэсгийн 64 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, /РД:ТЯ63061131/,

Яллагдагч Б.Октябрь нь 2020 оны 02 дугаар сард Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах 17-1 дүгээр байрны хүүхдийн тоглоомын талбайн  гэрэлтүүлгийн засвар үйлчилгээ, агаарын шугам татаж, гэрэлтүүлгийн ажил хийж гүйцэтгэсэн цахилгаанчин Ч.Баянмөнх, Н.Мягмар, М.Эрдэнээ нарт хөдөлмөр аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилга өгөөгүй, засвар гэмтлийг бүртгэж аваагүй, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан цахилгааны хэсгийн ажилчдыг өдөр тутмын удирдлагаар хангах, хяналт тавих, хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хууль тогтоомж, стандартыг хэрэгжүүлэх, цахилгааны холбогдолтой осол, доголдол гарсан тохиолдолд ослын хэмжээг тогтоож арилгах арга хэмжээ авч холбогдох газарт нь мэдэгдэх үүргээ биелүүлээгүйн улмаас 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 22 цагийн орчим 14 настай Т.Мөнхбатын амь нас цахилгааны хүчдэлд цохиулж хохирсон,

Яллагдагч Н.Мягмар, М.Эрдэнээ, Ч.Баянмөнх нар нь 2020 оны 02 дугаар сард  Дархан-Уул аймгийн Дархан сумын 8 дугаар багт байрлах 17.1 дүгээр байрны гадна  байрлах хүүхдийн тоглоомын талбайн гэрэлтүүлгийн засвар, агаарын шугам татах ажил үйлчилгээг хийж гүйцэтгэхдээ хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт Эрчим хүчний тоног төхөөрөмж, байгууламжийн техник ашиглалтын дүрэм, Цахилгаан  байгууламжийн дүрэм, ажлын байрны тодорхойлолт, хөдөлмөрийн гэрээнд заасан хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дүрмийг чанд сахих, цахилгааны осол,  доголдол гарсан тохиолдолд мэдээллийг холбогдох газарт мэдэгдэж, ослын хэмжээг  тогтоох, арилгах шуурхай арга хэмжээ авах үүргээ биелүүлээгүйн улмаас 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 22 цагийн орчим 14 настай Т.Мөнхбатын амь нас цахилгааны хүчдэлд цохиулж хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас: Н.Мягмар, Ч.Баянмөнх, М.Эрдэнээ, Б.Октябрь нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Дархан-Уул  аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Йөншөөбү овогт Нанжидын Мягмар, Боржигин овогт Чойжилсүрэнгийн Баянмөнх, Тангуд овогт Бадамын Октябрь, Боржигин Мягмаржавын Эрдэнээ нарт холбогдох эрүүгийн 2018004230028 дугаартай 5 хавтас хэргийг Дархан-Уул аймгийн Прокурорын газарт буцааж,

Хэрэг  Прокурорын газарт очтол яллагдагч Ч.Баянмөнх, М.Эрдэнээ, Н.Мягмар, Б.Октябрь нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчилгааны бүртгэлийн дэвтэр, WRLDWD гэсэн бичиг бүхий цамц 1 ширхэг, хар шаргал өнгийн майк 1 ширхэг, хар шаргал өнгийн шорт 1 ширхэг, хар өнгийн дотоож 1 ширхэг, хар өнгийн пүүз 1 хос, хөх өнгийн оймс 1 хос, 1 ширхэг СD бичлэгийг хэргийн хамт прокурорт буцааж, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж,

Шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

... Эрүүгийн 2018004230028 дугаартай хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн, гэм буруугийн хэлбэр, гэмт хэргийн улмаас учирсан хор, уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарахад нөлөөлсөн шалтгаан нөхцөлийг бүх талаас нь бүрэн бодитойгоор шалгаж тогтоосон гэж үзэж байна.

Учир нь хавтаст хэрэгт авагдсан хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 01-ий өдрийн 61 дугаартай “...талийгаач нь цахилгаан гүйдлийн гэмтлийн улмаас зүрх чичирхийлж, амьсгал зүрх судасны цочмог дутагдлаар нас барсан...” гэх дүгнэлт, 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 03/2020 дугаартай шинжээчийн “...2 гэрлийн шонг агаараар холбохдоо газар доогуур явсан холболтыг салгаагүй, төмөр шонгийн таган дотор байрлаж байгаа кабелийн холболтын үзүүрүүдийг шалгаж үзээгүй байсан учраас төмөр хашаанд хүчдэл үүсэж тухайн талийгаач хүүхэд хүчдэлд нэрвэгдэн нас барсан гэж үзэж байна. ...2 ширхэг гэрлийн шонг агаараар холбох ажил хийсэн цахилгаанчид газраар явсан 380 вольтын кабель утсыг хүчдэлгүй болгох төмөр шонд утасны газраар явсан 380 вольтын кабел утсыг хүчдэлгүй болгох, төмөр шонд утасны үзүүрүүд хүрсэн эсэхэд шалгалт үзлэг хийж гэмтлийг бүрэн устгах үүрэгтэй. Цахилгаан байгууламжийн дүрэм техникийн ашиглалтын дүрэм аюулгүй ажиллагааны норм стандартыг мөрдөн ажиллаагүйгээс болж хүний амь нас эндсэн байна...” гэх дүгнэлт, Шинжээчийн бүрэлдэхүүнтэй 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 01-07-020/10 дугаартай “...Гэрэлтүүлгийн шонгийн холболтын хэсэгт тэжээлийн утасны хөнгөн цагаан дамжуулагч шонгийн төмөр хийцэд хүрснээр шон хүчдэлтэй болж түүнтэй гагнаасаар холбогдсон хүүхдийн тоглоомын талбайн төмөр хашаагаар цахилгаан гүйдэл дамжсаны улмаас хашаанд хүрсэн 14 настай Т.Мөнхбат нас барсан гэх үндэслэлтэй байна. ...Гэрэлтүүлгийн шонгийн холболтын хэсэгт тэжээлийн утасны хөнгөн цагаан дамжуулагч шонгийн төмөр хийцэд хүрснээр шон хүчдэлтэй болж түүнтэй гагнаасаар холбогдсон хүүхдийн тоглоомын талбайн төмөр хашаагаар цахилгаан гүйдэл дамжсаны улмаас хашаанд хүрснээс 14 настай Т.Мөнхбат нас барах шалтгаан болсон...” гэх дүгнэлт шинжээчийн мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэлүүд, гэрчүүдийн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар яллагдагч Б.Октябрь, Н.Мягмар, М.Эрдэнээ, Ч.Баянмөнх нар нь засвар үйлчилгээг хийж гүйцэтгэхдээ 380 Вт тогтой цахилгааны утсыг салгаагүй агаараар шугам татсаны улмаас амь хохирогч цахилгаанд нэрвэгдэн нас барсан болох нь нотлогдон тогтоогдсон.

Давж заалдах шатны шүүхээс 2021 оны 06 дугаар сарын 23-ны өдөр эрүүгийн 2018004230028 дугаартай хэргийг хэлэлцээд “Өгөөж ерөө” ХХК нь хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн эсэх, гэм буруутай үйлдэл эс үйлдэхүй болон амь хохирогчийн үхлийн шалтгаан хооронд шалтгаант холбоо байгаа эсэхийг тогтоолгохоор дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах нь зүйтэй” гэж үзэн шүүгчийн захирамжид заасан нэмэлт ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцаасан.

Магадлалын дагуу хэрэгт бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулсан бөгөөд 2021 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 01-07-020/10 дугаартай дүгнэлтээр “...Гэрэлтүүлгийн шонгийн холболтын хэсэгт тэжээлийн утасны хөнгөн цагаан дамжуулагч шонгийн төмөр хийцэд хүрснээр шон хүчдэлтэй болж түүнтэй гагнаасаар холбогдсон хүүхдийн тоглоомын талбайн төмөр хашаагаар цахилгаан гүйдэл дамжсаны улмаас хашаанд хүрсэн 14 настай Т.Мөнхбат нас барсан гэх үндэслэлтэй байна. ...Гэрэлтүүлгийн шонгийн холболтын хэсэгт тэжээлийн утасны хөнгөн цагаан дамжуулагч шонгийн төмөр хийцэд хүрснээр шон хүчдэлтэй болж түүнтэй гагнаасаар холбогдсон хүүхдийн тоглоомын талбайн төмөр хашаагаар цахилгаан гүйдэл дамжсаны улмаас хашаанд хүрснээс 14 настай Т.Мөнхбат нас барах шалтгаан болсон...” гэж дүгнэсэн бөгөөд уг дүгнэлтээр “Өгөөж ерөө” ХХК нь 2011 онд 17 дугаар байрыг барьж улсын комисст хүлээлгэн өгөхдөө захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн байна. Харин 2020 оны 08 дугаар сарын 09-ний өдөр 14 настай Т.Мөнхбат нь цахилгаанд нэрвэгдэж нас барах болсон шалтгаан нь яллагдагч Б.Октябрь, Н.Мягмар, М.Эрдэнээ, Ч.Баянмөнх нар нь засвар үйлчилгээг хийж гүйцэтгэхдээ 380 Вт тогтой цахилгааны утсыг салгаагүй агаараар шугам татаж хэрэг учрал болох өдрүүдэд бороо ихээр орсны улмаас 2 гэрлийн шон хоорондох 380 кабелийн 3 фаз тасарч хамгаалалтын бүрээс цоорч гэмтэлтэй байсан 380 Вт цахилгааны утаснаас хүүхдийн тоглоомын төмөр хашлага цахилгаан хүчдэлтэй /тогтой/ болж хүүхэд цахилгаанд нэрвэгдэн амь нас нь хохирсон гэж дүгнэсэн.

Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлд “Монгол Улсын хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүй, бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас амь нас хохирсон ба уг үйлдэл эс үйлдэхүй нь хүний амь насыг хохироосон гэмт үйлдэл хоёрын хооронд шууд болон шууд бус шалтгаант холбоотой байхаар хуульчилсан ба шинжээчийн дүгнэлтээр талийгаач Т.Мөнхбатын үхлийн шалтгаан болон “Өгөөж ерөө” ХХК-н захиргааны хэм хэмжээний акт зөрчсөн үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоо тогтоогдоогүй тул эрүүгийн хэрэгт холбогдуулж яллагдагчаар татах үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 231 дугаартай шүүгчийн захирамжийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан үндэслэлээр прокурорын эсэргүүцэл гаргав. Давж заалдах шатны шүүх хуралдаанд прокурор эсэргүүцлээ дэмжин оролцох болно.... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ч.Мядагбадам дүгнэлтдээ:

Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагааг бүрэн хийж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Гэтэл хэргийг дахин прокурорт буцаасан нь үндэслэлгүй гэв.  

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч К.Жархынбек тайлбартаа:

Прокурорын эсэргүүцэл үндэслэлгүй. Хавтаст хэрэгт шинжээчийн дүгнэлтүүдээр хэд хэдэн этгээдүүд буруутай гэдгийг маш тодорхой дурдаж өгсөн. Маш олон хууль тогтоомж зөрчсөн зөрчлүүд тогтоогдсон. Улсын яллагч шалтгаант холбоо байхгүй гэж өөрийг үзэмжээр дүгнэж яриад байгаа. Гэмт хэрэгт хэн ямар оролцоотой байсныг тус бүрд нь дүгнэх ёстой. Хохирогчийн зүгээс маш их гомдолтой байгаа. Өмнөх давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан ажиллагааг хийгээгүй. Прокурор энэхүү ажиллагааг заавал биелүүлэх ёстой. Прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Б.Түвшинжаргал тайлбартаа:

К.Жархынбек өмгөөлөгчтэй санал нэг байна. Давж заалдах шатны шүүхийн магадлалд заасан яллагдагчаар татах этгээдүүдийг татахгүй байгаа. “Өгөөж Ерөө” ХХК-г яллагдагчаар татах ёстой. Анхан шатны шүүхийн захирамж үндэслэлтэй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон иргэний хариуцагчийн өмгөөлөгч Ч.Булган тайлбартаа:

Нийтийн аж ахуйн үйлчилгээний газрыг энэ хэрэгт иргэний хариуцагчаар татагдах учиртай. Иргэний хариуцагчаар “Өгөөж Ерөө” ХХК-г татсан нь буруу гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхээс Ч.Баянмөнх, М.Эрдэнээ, Н.Мягмар, Б.Октябрь нарт холбогдох эрүүгийн 2018004230028 дугаартай хэргийг прокурорт буцаах тухай 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 2022/ШЗ/231 дугаартай захирамжтай холбогдуулан бичсэн прокурорын эсэргүүцлийг үндэслэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар эсэргүүцэлд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр, тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Давж заалдах шатны шүүх хэргийг ийнхүү хянахдаа:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэрэгт нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан эсэх, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан эсэх, хэрэгт мөрдөн шалгахдаа болон хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагуудыг зөрчсөн эсэх, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн зөрчил бий эсэхийг шалгаж тогтоох үүрэгтэй.

Прокурорын газраас шүүгдэгч Ч.Баянмөнх нарт холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагатай ба энэхүү ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй гэж үзэж Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхээс үзэж хэргийг прокурорт буцаасан.

Энэ шийдвэрийн дагуу зохих шалгалтыг хийсэн гэж прокурор үзэж байгаа хэдий ч шилжүүлсэн хэргийн хэмжээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилт бол гэмт хэргийг шуурхай илрүүлж, гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг олж тогтоон шударгаар ял оногдуулах ... улмаар хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.

Гэтэл эрүүгийн 2018004230028 дугаартай яллагдагч Ч.Баянмөнх, М.Эрдэнээ, Н.Мягмар, Б.Октябрь нарт холбогдох хэрэгт хийсэн мөрдөн шалгасан ажиллагаанууд хуулийн дээрх зорилт, зорилгыг хангаагүйгээс хэргийн эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Иймд мөрдөгч, прокурор нар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг бүрэн дүүрэн хангаж ажиллахын зэрэгцээгээр хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж, хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох шаардлагатай гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

           Доор дурдсан ажиллагаануудыг нягт нямбай, нарийвчлан хийх шаардлагатай.

1.Дархан сумын 8-р баг, 63 айлын орон сууцны барилгыг цахилгаан эрчим хүчээр хангах зориулалт бүхий КТП-2*400 ква дэд станц болон тэдгээрээс орж, гарсан кабелийн трасс, нийтийн эзэмшлийн гудамж талбай, хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлгийн холболтууд Монгол улсын барилгын норм, дүрэм, стандартад нийцэж байсан эсэх,

2.Осол гаргах үед дээрх дэд станцын ажиллагаа болон тэдгээрээс орж, гарсан трасс шугамын холболт нөлөөлсөн эсэх,  

3.Дархан сумын 8-р баг, 63 айлын орон сууцны барилгыг цахилгаан эрчим хүчээр хангах зориулалт бүхий КТП-2*400 кВа дэд станцыг “Өгөөж Ерөө” ХХК барилга ашиглалтад орсноос хойш 7-8 жилийн турш өөрийн өмчлөлд байлгаж байсан шалтгаан нөхцөл, дэд станцыг мэргэжлийн байгууллага хүлээж аваагүйд хэний буруутай үйл ажиллагаа нөлөөлсөн эсэх

4.Барилга ашиглалтад орсноос хойш нийтийн эзэмшлийн гудамж талбай, хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлгийг Орон нутгийн өмчид бүртгүүлэн холбогдох засвар үйлчилгээг хариуцах байгууллагад хүлээлгэж өгөөгүй шалтгааныг тогтоох,

5.Дархан сумын 8-р баг, 63 айлын орон сууцны барилгын гаднах нийтийн эзэмшлийн гудамж талбай, хүүхдийн тоглоомын талбай, гэрэлтүүлгийн засвар үйлчилгээг Дархан-уул аймгийн Нийтийн аж ахуй үйлчилгээний газар хариуцаж явсан эрх зүй үндэслэл,

6.Дархан сумын 8-р баг, 63 айлын орон сууцны барилгыг цахилгаан эрчим хүчээр хангах зориулалт бүхий КТП-2*400 кВа дэд станц болон тэдгээрээс орж, гарсан кабелийн трассыг Улсын комисс хүлээж аваагүй байхад Дархан-Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ ХК цахилгаан эрчим хүчээр хангасан гэх асуудал бий эсэх зэрэг болно.

Иймд шүүхээс хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, дээрх болон бусад шаардлагатай ажиллагаануудыг гүйцэтгэсний эцэст гэм буруутай этгээдүүдэд холбогдуулан яллах дүгнэлтийг үйлдэж ирүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх хуралдаанаас дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 231 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Ц.АМАРЖАРГАЛ

                                ШҮҮГЧ                                              Б.ЭРДЭНЭХИШИГ

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                              Б.МАНЛАЙБААТАР