Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2016 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 001/ХТ2016/00871

 

И Зэт Си Өү Эн ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч   П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол,  Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны

шүүхийн  2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2016/01246

дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 743 дугаар магадлалтай,               

Нэхэмжлэгч  И Зэт Си Өү Эн ХХК-ийн нэхэмжлэлтэй, 

Хариуцагч Ш.Мөнх-Эрдэнэд холбогдох,

295.500.000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй,

28.400.000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

Хариуцагчийн гаргасан хяналтын гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Ууганбаяр, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Базарсад,  нарийн бичгийн даргад Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: И Зэт Си Өү Эн ХХК нь Ш.Мөнх-Эрдэнэтэй 2014.12.11-ний өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулсан. Хоёр талын байгуулсан гэрээний дагуу Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун хотхоны 116 дугаар байрны 221 тоот 4 өрөө 145 м.кв талбай бүхий орон сууцыг  348 сая  төгрөгөөр худалдан авахаар хоёр тал хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг, тамга дарж баталгаажуулсан. Гэрээний 1.1-д заасан биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй орон сууцыг худалдан авагч  Ш.Мөнх-Эрдэнэд шилжүүлж, гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Гэрээний 2.1-д заасны дагуу хариуцагч нь гэрээ байгуулсан өдөр буюу 2014.12.11-ний өдөр орон сууцны урьдчилгаа 100 сая  төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл  248 сая  төгрөгийг 2015.02.28-ны дотор төлж дуусгахаар харилцан тохиролцсон боловч хоёр талын байгуулсан гэрээний 2.2-т заасан үүргээ биелүүлэх хугацааг хэтрүүлж гэрээ болон хуульд заасан үүргээ зөрчсөн. Ш.Мөнх-Эрдэнэ нь гэрээнд заасны дагуу үлдэгдэл төлбөр болох 248 сая төгрөгөөс 197 сая   төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөлгүй.  И Зэт Си Өү Эн ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан. Хариуцагч  өөрөө үлдэгдэл төлбөрийг 2015.8.01-ний өдөр төлж дуусгана, төлбөрийг төлж дуусгаагүй тохиолдолд алданги төлнө гэсэн.  Тооцоо нийлсэн актаар Ш.Мөнх-Эрдэнэ нь 197 сая төгрөг, алданги 147.750.000 төгрөгийн үлдэгдэлтэй гэдгээ  зөвшөөрч байсан.  Ш.Мөнх-Эрдэнэ нь  гэрээнд заасан хугацааг хэтрүүлж, үүргээ биелүүлээгүй. Иймд  үндсэн зээл, алданги нийт 295.500.000 төгрөг Ш.Мөнх-Эрдэнээс гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа:  И Зэт Си Өү Эн ХХК-ийн   Ким Сог Гюн гэдэг хүнтэй  гэрээ байгуулаагүй. Байрны  талаар н.Үүрцайх, М.Бат-Очир гэдэг хүмүүстэй уулзан ярьж байсан. 2015.12.07-ны өдөр урьдчилгаа 25 сая төгрөг, 2015-12-11 –ны  өдөр 75 сая төгрөгтэй тэнцэх ам.долларыг өгсөн.  Тухайн үед Ж.Базарсад өмгөөлөгч байгаагүй бөгөөд би гэрээг 2015-12-11 -ний өдөр хийгээгүй. Би 51.000.000 төгрөг төлсөн. Үүрцайх нь үлдэгдэл төлбөрийг хэсэгчлэн төлж барагдуулж болно гэж амаар тохиролцож, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж лизингд хамруулж өгнө гэж хэлсэн. Анхнаасаа алданги тооцно гэж хэлсэн бол ийм өртөг өндөртэй байрыг авах хүсэл байхгүй байсан. Гэрээнд М.Бат-Очир гарын үсэг зурсан ба тэрээр ИЗэт Си Өү Эн ХХК-ийг бүрэн төлөөлөх эрх бүхий этгээд гэх итгэмжлэлгүй байсан. М.Бат Очирыг компанийг төлөөлөх эрх бүхий этгээд гэдэгт эргэлзэж байна, харин  анхнаасаа  Үүрцайхтай  тохирсон. Үүрцайхтай орон сууц худалдах, худалдан авах хэлцэл хийсэн байхад өөр этгээд гэрээ бичиж гарын үсэг зуруулсан нь хуульд нийцэхгүй байна.  Орон сууц худалдах-худалдан авах гэрээ нь хэрэгжээгүй, учир нь уг байранд орсон хэдий боловч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг одоог хүртэл шилжүүлж өгөөгүй. Нэр дээр шилжүүлээгүйгээс  дараагийн төлбөрийг төлөх боломжийг олгоогүй. Хэрвээ худалдагч тал шилжүүлсэн бол банкнаас зээл аваад үлдэгдэл төлбөрийг төлөх байсан юм. Тэд намайг гэрээ цуцлая гэсээр байхад өөрсдөө цуцлахгүй гэсэн, хугацааг сунгасаар байсан, бас зээл хөөцөлдүүлэх тохиролцооноосоо буцсан. Алданги, торгуулийн талаар бичгийн хэлбэрт оруулсан байгаа боловч энэ талаар яриагүй. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгнө гэж байсан. Би тэр хоёрыг байр зарж байгаа хүмүүс гэж ойлгосон. Нэхэмжлэгч тал "Гэрээ цуцлах эрхтэй" гэж өөрсдөө гэрээндээ бичсэн атлаа гэрээ цуцлах талаар огт санал гаргаж байгаагүй.  Алданги  зөвшөөрөхгүй . Үндсэн төлбөр 197.000.000 төгрөгийг зөвшөөрнө гэжээ.

Хариуцагч Ш.Мөнх-Эрдэнэ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:  И Зэт Си Өү Эн ХХК-тай 2014.12.11-ний өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг байгуулаагүй гэж үзэж байна. Учир нь энэ гэрээг анх  Үүрцайх гэх хүн тухайн компанийн борлуулагч хэмээн үзэж 25 сая  төгрөгийг авч тус компанид өгсөн байсан. Дараа нь 75 сая төгрөгийг н.Үүрцайх,  М.Бат-Очир нарт хүлээлгэж өгсөн. Ингэхдээ худалдан авч буй орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх, банкны зээлэнд хамрагдах боломжтой гэсэн байдлаар эхний тохиролцоонуудыг хийсэн билээ. Байрны үнэ болох 348 сая  төгрөгөөс 100 сая  төгрөгийг би төлсөн. Мөн уг байр нь шинэ байр гэж худалдсан боловч өнөөдрийг хүртэл амьдран суухад тохь тухгүй хүйтэн, өнөөдрийн байдлаар засвар хийнэ хэмээн хана дулаалах, пар солих, цонх янзлах гэх мэтчилэн тоос шороотой хүндрэлтэй байдал дунд гэр бүл нялх хүүхдүүдийн хамт амьдарч байна. Их хэмжээний алданги хэмээх нэхэмжлэлийг өмгөөлөгч Ж.Базарсад нь компаниас зөвшөөрөлгүй бидний хэлцлийг өөрчилсөн. Гэрээний дагуу төлсөн 151 сая төгрөгийг гаргуулахаар шаардаагүй бөгөөд нэхэмжлэлд гаргасан тайлбар гэж ойлгож болно. 2014.12.11-ний өдөр байгуулсан И Зэт Си Өү Эн ХХК болон иргэн Ш.Мөнх-Эрдэнэтэй нартай байгуулсан гэрээний 3.6, 4.1 дэх заалтуудыг хүчингүйд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан. Одоо гэрээний 3.6 дахь заалтыг хүчингүйд тооцуулах шаардлагаасаа татгалзаж байна. Харин уг байрны талбайн хэмжээ 145 м.кв гэж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд бүртгэгдсэн боловч  133.15 м.кв болж талбайн зөрүү 11.85 м.кв-аар дутсан. Иймд талбайн зөрүү болох 28.400.000 төгрөгийг гаргуулж, үндсэн төлбөр болох 197.000.000 төгрөгөөс хасч тооцож өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлийн шаардлагад гаргасан хариу тайлбартаа:  Хариуцагч 3 шаардлага бүхий сөрөг нэхэмжлэл гаргасан байгаа. Үүнд: 151.000.000 төгрөг буцаан гаргуулах, 2014.12.11-ний өдрийн гэрээний 3.6, 4.1 дэх заалтыг хүчингүй болгуулах, орон сууцны талбайн зөрүү болох 11.85 м.кв талбайн төлбөр болох 28.400.000 төгрөгийг гаргуулах.   Ш.Мөнх-Эрдэнэ нь И Зэт Си Өү Эн ХХК-тай гэрээг хуулийн  хүрээнд чөлөөтэй байгуулсан. Хуулиар бол шаардлага тус бүрд нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн байхыг шаарддаг.Гэтэл бичсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байгаа тул  шүүх хүлээн авахаас татгалзах ёстой байсан.  Жил бүр 100сая  төгрөг  төлж дуусгана  гэж юу яриад байгааг ойлгохгүй байна. Алдангийг гэрээнд заасны дагуу төлнө гэж өөрөө бичиж өгсөн байгаа.  Гэрээний 3.6, 4.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж байна. Бид нар 2 өөр шаардлага гаргаагүй. Гэрээний 3.6 дахь заалтыг хоёр талын байгуулсан гэрээ цуцлагдсан тохиолдолд хэрэглэх заалт юм.  Хариуцагч 2014 оны 12 дугаар сард байранд орсон, тэрнээс хойш 1 жил төлбөрөө огт хийгээгүй. 2015.02.28-ны өдөр үлдэгдэл төлбөрөө төлөх ёстой байсан. Гэрээний 3.4-т худалдан авагчид тус гэрээний 2.2-т заасан хугацаанд худалдан авагч талын нэр дээр шилжүүлэх ба өөрсдөө үл хөдлөх хөрөнгийн газарт очиж, Ш.Мөнх-Эрдэнийн өмчлөлд шилжүүлэх ёстой гэж хоёр тал тохиролцсон байна.Байрны зөрүү болох 11.85 м.кв-ын 28.400.000 төгрөгийг үлдэгдэл төлбөрөөс хасч тооцуулна гэж байна. Нэхэмжлэгч нь  уг байрыг Эко констракшн ХХК-иас авсан бөгөөд уг байрыг барьсан компани нь биш. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол, Хан-Уул, Сонгино-хайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2016/01246 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан Ш.Мөнх-Эрдэнээс  197сая  төгрөг, алдангид 98.500.000 төгрөг, нийт 295.500.000 төгрөг гаргуулан  И Зэт Си Өү Эн ХХК-д олгож,  Ш.Мөнх-Эрдэнийн, 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээний 4.1 дэх заалтыг хүчингүйд тооцуулж, орон сууцны талбайн зөрүүд 28.400.000 төгрөг гаргуулан, үлдэгдэл төлбөрөөс хасч тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг, мөн гэрээний 3.6 дахь заалтыг хүчингүйд тооцуулах шаардлагыг хариуцагчийн татгалзсанаар тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.635.500 төгрөг, хариуцагчаас төлсөн 500.000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, Ш.Мөнх-Эрдэнээс 1.635.500 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, 367.950 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний  хэргийн давж  заалдах шатны шүүх 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 743 дугаартай магадлалаар анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас “9 дүгээр зүйлийн 9.4.3” гэснийг хасч, мөн заалтын “хариуцагч Ш.Мөнх-Эрдэнийн 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээний 4.1 дэх заалтыг хүчингүйд тооцуулж, орон сууцны талбай зөрүүд 28.400.000 төгрөг гаргуулан, үлдэгдэл төлбөрөөс хасч тооцуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг, мөн гэрээний 3.6 дахь заалтыг хүчингүйд тооцуулах шаардлагыг хариуцагчийн татгалзсанаар тус тус хэрэгсэхгүй болгосугай” гэснийг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэлгүй тул 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн орон сууц худалдах, худалдан авах гэрээний 4.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах хариуцагч Ш.Мөнх-Эрдэнийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан 28.400.000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасч тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн , тогтоох хэсгийн 2 дахь заалтын “367.950 төгрөгийг” гэснийг “68.000 төгрөгийг” гэж, өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Энэ гэрээг анх Үүрцайх гэх хүн тухайн компанийн борлуулагч хэмээн үзэж 25.000.000 сая төгрөгийг авч тус компанид өгсөн байсан. Дараа нь 75.000.000 сая төгрөгийг Үүрцайх, Бат-Очир нарт хүлээлгэж өгсөн. Ингэхдээ худалдан авч буй орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх , банкны зээлэнд хамрагдах боломжтой гэсэн байдлаар эхний тохиролцоонуудыг хийсэн билээ. Гэтэл амаар тохиролцсон нөхцөл байдлууд өөрчлөгдсөн. 2015.12.03 нд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Базарсад нь Ким Дэ Шик гэгч нь гарын үсэг зурсан хэмээн шүүхэд тайлбар гаргажээ. Байрны үнэ болох 348.000.000 төгрөгнөөс 100.000.000 төгрөгийг миний бие нь төлсөн. Уг байранд 100.000.000 төгрөгийг төлөхийн тулд БГД-т байрлах Богд Ар хороололд байрлах өөрийн эзэмшлийн 3 өрөө байрыг худалдсан мөнгөөрөө төлбөрийг төлсөн. Миний бие нь үл хөдлөх хөрөнгө худалдаж байгаа юм бол үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ гаргаж өг хэмээн удаа дараа шаардсан. Жил бүр 100.000.000 сая төгрөг төлөхөөр тохиролцсон. Мөн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргах байсан. Ким Сог Гюн болон М.Бат-Очир нар нь худалдах худалдан авах гэрээг 2014.12.11 ны өдөр албан ёсоор гэрээ байгуулаагүй. Намайг үндэслэлгүйгээр их хэмжээний алдангид оруулж, хүсэл сонирхлыг зөрчиж хийсэн. Мөн уг байр нь шинэ гэж худалдсан боловч амьдран суухад тохь тухгүй хүйтэн, засвар хийнэ хэмээн хана дулаалах, пар солих, цонх янзлах гэх мэтчилэн тоос шороотой хүндрэлтэй байдал дунд гэр бүл нялх хүүхдүүдийн хамт амьдарч өнөөдрийг хүрсэн.Мөн гэрээн дээр гарын үсэг зурсан гэх Ким Дэ Шик нь анх орон сууц худалдах худалдан авах гэрээний тал дээр гэрчийн мэдүүлэг өгөхдөө алдангийн талаар иргэн Ш.Мөнх-Эрдэнэтэй ярилцаагүй гэдгийг шүүхэд мэдүүлсэн. Харин Базарсад өмгөөлөгч алдангийн талаар ямар нэгэн яриа байхгүй зөвхөн компанийхандаа үзүүлэх гэсэн байдлаар 4 удаа бичиг хийлгүүлэхдээ өөрөө хэлж бичүүлсэн. Ингэхдээ байнгын хэрүүл амаар шахаж компани болон бидний хоорондын хэлэлцэн тохирсон нөхцөл байдлыг өөрчилсөн. Их хэмжээний алданги хэмээх нэхэмжлэлийг өмгөөлөгч Базарсад нь компаниас зөвшөөрөлгүй бидний хэлцэлийг өөрчилсөн. 2014.12.11 ний өдөр байгуулсан EZCON ХХК болон иргэн Ш.Мөнх-Эрдэнэтэй нартай байгуулсан гэрээний заалт болох 4.1 дэх заалтыг хүчингүйд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Мөн нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд өөрийн бие болон өмгөөлөгчийн хамтаар оролцох хүсэлтэйгээ илэрхийлсээр байтал оролцуулалгүй шийдвэр дүгнэлтийг гарган ихээхэн хэмжээний алдангид оруулж иргэн намайг хохироох гэж буйд гомдолтой байна. Иймийн тул улсын дээд шүүхийн хуралдаанд өөрийн бие болон өмгөөлөгчийн хамтаар оролцох хүсэлтэй байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч гомдолд гаргасан хариу тайлбартаа: Хариуцагч нь тус гэрээнд гарын үсэг зурж гэрээ байгуулсан болохоо анхан шатны шүүх хурал дээр хүлээн зөвшөөрч байсан бөгөөд хариуцагч Ш.Мөнх-Эрдэнийн зүгээс анхан шатны шүүхэд хоёр талын байгуулсан гэрээний 1 хувий гэх хувиар нь нотлох баримтаар гаргаж өгсөн /хх71, 72/. 248.000.000 төгрөгийг 2015.02.28-ны дотор бэлнээр төлж барагдуулахаар харилцан тохиролцож 2014 оны 12-р сараас хойш өнөөдрийг хүртэл дээрх орон сууцанд амьдарч байсан боловч ба үлдэгдэл 197.000.000 төгрөгийг төлөлгүй. Хариуцагч тал орон сууцны төлбөрийг Үүрцайх, Бат-Очир гэх огт үндэслэлгүй тайлбар гаргаж байна. Шүүхэд гэрчээр дуудагдан асуугдсан БНСУ-ын иргэн Ким Дэ Шиг нь мэдүүлэг өгч байхад хариуцагч талын өмгөөлөгч "...Алдангийн талаар анхнаасаа тохироогүй юм биш үү, Танайх шинэ байр зарж чадсан уу..." гэж 2 өөр асуултанд "...Шинэ байр зарж чадсан уу..." гэх хэсэгт "Тийм" гэсэн хариулт өгсөн болохоос "...Алдангийн талаар анхнаасаа тохироогүй юм биш үү.." гэсэн асуултанд хариулт өгөөгүй гэсэн өөрийн гэрчийн мэдүүлгийн тодруулсан тайлбарыг шүүхэд гаргаж өгсөн. Иргэний хуулийн 40.1, 189.1-д заасан гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй гэж заасны дагуу хоёр талын байгуулсан Орон сууц худалдах, худалдан авах гэрээний 4.1-д "Худалдан авагч" тал тус гэрээний 2.2-т заасан хугацаанд орон сууцны төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг хэтэрсэн хоног тутамд тооцож худалдагч талд төлнө" гэсэн заалт нь Иргэний хуулийн 232.1, 232.3, 232.6 дахь заалттай нийцэж байгаа, хууль зөрчсөн зүйл огт байхгүй. Хариуцагч нь өөрийн гараар гэрээний үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулахаар хугацаа зааж хүлээн зөвшөөрч сүүлийн байдлаар 2015.8.01-ний өдөр төлж дуусган, төлбөрийг төлж дуусгаагүй тохиолдолд хоёр талын байгуулсан гэрээний 3.7, 4.1-т заасны дагуу алдангийг үл маргах журмаар төлнө гэдгээ хүлээн зөвшөөрч хүсэлтийг нэхэмжлэгч И Зэт Си Өү Эн ХХК-д бичиж өгч байсан /хх20-22/, ИХШХШТХуулийн 165-р зүйлийн 165.1-д заасны дагуу хариуцагч талд шүүх хурлыг товийг албан ёсоор мэдэгдсэн боловч хариуцагч тал хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй тул байлцуулахгүйгээр давж заалдах шатны шүүх хурлыг үргэлжлүүлсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ :

И Зэт Си Өү Эн ХХК нь Ш.Мөнх-Эрдэнэд холбогдуулан “...орон сууцыг 348 сая төгрөгөөр худалдсан, 151 сая төгрөг төлбөрт авсан, үлдэгдэл 197 сая  төгрөгийг, алданги 98.500.000 төгрөг нийт 295.500.000 төгрөг гаргуулах...” гэсэн нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч Ш.Мөнх-Эрдэнэ нь  “...151.000.000 төгрөг буцаан гаргуулах... 2014.12.11-ний өдрийн гэрээний 3.6, 4.1 дэх заалтыг хүчингүй болгуулах.... орон сууцны талбайн  11.85 м.кв зөрүүд 28.400.000 төгрөг гаргуулах...” гэсэн сөрөг нэхэмжлэл гаргасныг нэхэмжлэгч эс зөвшөөрчээ.

Хоёр шатны шүүх нэхэмжлэлийг хангаж, хариуцагч өөрийн гаргасан сөрөг нэхэмжлэлээс  татгалзсан гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон байна.

Хяналтын  шатны  шүүхэд  гаргасан  хариуцагчийн  гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

И Зэт Си Өү Эн ХХК нь Хан-уул дүүрэг, 11-р хороо, Маршал хотхоны 116-р байр, 221 тоот 4 өрөө орон сууцыг хариуцагчид худалдсан гэж мөнгө нэхэмжилсэн, хариуцагч үндсэн нэхэмжлэлтэй холбогдуулан сөрөг нэхэмжлэл гаргажээ

Хариуцагч  сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан баримт хэрэгт байхгүй байхад шүүх   Ш.Мөнх-Эрдэнэ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсан /хх 187 ,198, 206, 217/ гэж үзсэн нь, болон шүүх хариуцагчид хэргийн материалыг танилцуулаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  25 дугаар зүйлийн 25.1.1, 25.1.2-т нийцээгүй буюу хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн байна.

Шүүх Ш.Мөнх-Эрдэнэд холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул нэхэмжлэлийн талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх, улмаар үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2016 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 102/ШШ2016/01246 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 743 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Хан-уул дүүргийн шүүхэд буцаасугай.

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 500.000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 150.500 төгрөгийг буцааж олгох захирамж гаргасугай.  

                                 ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                     ШҮҮГЧ                                                  Б.УНДРАХ