Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 5464

 

   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Баянгол дүүрэг, 2 дугаар хороо, Үндсэн хуулийн гудамж, Рокмон бюлдинг-7-701 тоотод байрлах, “И Зэт Си Өү Эн” ХХК /РД: 5293677/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Богд Ар 9А дугаар байр, 186 тоотод /Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, 116 дугаар байр, 221 тоот/ оршин суух, Сартуул овогт Шаандарын Мөнх-Эрдэнэ /РД: ЧИ81011313/-д холбогдох,

 

Орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 295 500 000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, орон сууц худалдах, худалдан авах гэрээний зарим заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулж, орон сууцны талбайн зөрүүд 28 400 000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасч тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ууганбаяр, өмгөөлөгч Ж.Базарсад, хариуцагч Ш.Мөнх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Булган нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч “И Зэт Си Өү Эн” ХХК-ийн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Д.Ууганбаяр, Ж.Базарсад нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “И Зэт Си Өү Эн” ХХК нь Ш.Мөнх-Эрдэнэтэй 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр орон сууц худалдах-худалдан авах гэрээ байгуулсан ба гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Маршал таун хотхон, 116 дугаар байр, 221 тоот, 4 өрөө 145 м.кв талбай бүхий орон сууцыг 348 000 000 төгрөгөөр худалдан авахаар хоёр тал хүсэл зоригоо илэрхийлэн гарын үсэг, тамга дарж баталгаажуулсан. Гэрээний 1.1-д заасан биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй орон сууцыг худалдан авагч Ш.Мөнх-Эрдэнэд шилжүүлж, нэхэмжлэгч тал гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлсэн. Гэрээний 2.1-д заасны дагуу хариуцагч нь гэрээ байгуулсан өдөр буюу 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр орон сууцны урьдчилгаа 100 000 000 төгрөгийг бэлнээр төлж, үлдэгдэл 248 000 000 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 28-ны дотор төлж дуусгахаар харилцан тохиролцсон. Гэвч хариуцагч нь гэрээний 2.2-т заасан үүргээ биелүүлэх хугацааг хэтрүүлж гэрээ болон хуульд заасан үүргээ зөрчсөн. Ш.Мөнх-Эрдэнэ нь гэрээнд заасны дагуу үлдэгдэл төлбөр болох 248 000 000 төгрөгөөс 197 000 000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. “И Зэт Си Өү Эн” ХХК нь гэрээний үлдэгдэл төлбөрөө төлөхийг удаа дараа шаардсан. Хариуцагч өөрөө үлдэгдэл төлбөрийг 2015 оны 8 дугаар сарын 01-ний өдөр төлж дуусгана, төлбөрийг төлж дуусгаагүй тохиолдолд алданги төлнө гэсэн. Тооцоо нийлсэн актаар Ш.Мөнх-Эрдэнэ нь 197 сая төгрөг, алданги 147 750 000 төгрөгийн үлдэгдэлтэй гэдгээ зөвшөөрч байсан. Ш.Мөнх-Эрдэнэ нь гэрээнд заасан хугацааг хэтрүүлж, үүргээ биелүүлээгүй. Иймд үндсэн зээл, алданги нийт 295 500 000 төгрөг Ш.Мөнх-Эрдэнээс гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ш.Мөнх-Эрдэнэ шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “И Зэт Си Өү Эн” ХХК-ийн Ким Сог Гюн гэдэг хүнтэй гэрээ байгуулаагүй. Байрны талаар н.Үүрцайх, М.Бат-Очир гэдэг хүмүүстэй уулзан ярьж байсан. 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр урьдчилгаа 25 000 000 төгрөг, 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 75 000 000 төгрөгтэй тэнцэх ам.долларыг төлсөн. Тухайн үед Ж.Базарсад өмгөөлөгч байгаагүй бөгөөд би гэрээг 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдөр хийгээгүй. Би 51 000 000 төгрөг төлсөн. Үүрцайх нь үлдэгдэл төлбөрийг хэсэгчлэн төлж барагдуулж болно гэж амаар тохиролцож, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж лизингд хамруулж өгнө гэж хэлсэн. Анхнаасаа алданги тооцно гэж хэлсэн бол ийм өртөг өндөртэй байрыг авах хүсэл байхгүй байсан. Гэрээнд М.Бат-Очир гарын үсэг зурсан ба тэрээр “И Зэт Си Өү Эн” ХХК-ийг бүрэн төлөөлөх эрх бүхий этгээд гэх итгэмжлэлгүй байсан. М.Бат-Очирыг компанийг төлөөлөх эрх бүхий этгээд гэдэгт эргэлзэж байна. Харин анхнаасаа н.Үүрцайхтай тохирсон. н.Үүрцайхтай орон сууц худалдах-худалдан авах хэлцэл хийсэн байхад өөр этгээд гэрээ бичиж гарын үсэг зуруулсан нь хуульд нийцэхгүй байна. Орон сууц худалдах-худалдан авах гэрээ нь хэрэгжээгүй, учир нь уг байранд орсон хэдий боловч үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг одоог хүртэл шилжүүлж өгөөгүй. Нэр дээр шилжүүлээгүйгээс дараагийн төлбөрийг төлөх боломжийг олгоогүй. Хэрвээ худалдагч тал шилжүүлсэн бол банкнаас зээл аваад үлдэгдэл төлбөрийг төлөх байсан юм. Тэд намайг гэрээ цуцлая гэсээр байхад өөрсдөө цуцлахгүй гэсэн, хугацааг сунгасаар байсан, бас зээл хөөцөлдүүлэх тохиролцооноосоо буцсан. Алданги, торгуулийн талаар бичгийн хэлбэрт оруулсан байгаа боловч энэ талаар яриагүй. Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгнө гэж байсан. Би тэр хоёрыг байр зарж байгаа хүмүүс гэж ойлгосон. Нэхэмжлэгч тал “Гэрээ цуцлах эрхтэй” гэж өөрсдөө гэрээндээ бичсэн атлаа гэрээ цуцлах талаар огт санал гаргаж байгаагүй. Алданги зөвшөөрөхгүй. Үндсэн төлбөр 197 000 000 төгрөгийг зөвшөөрнө гэжээ.

           

            Хариуцагч Ш.Мөнх-Эрдэнэ шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “И Зэт Си Өү Эн” ХХК-тай 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн орон сууц худалдах-худалдан авах гэрээг байгуулаагүй гэж үзэж байна. Учир нь энэ гэрээг анх н.Үүрцайх гэх хүн тухайн компанийн борлуулагч хэмээн үзэж 25 000 000 төгрөгийг авч тус компанид өгсөн байсан. Дараа нь 75 000 000 төгрөгийг н.Үүрцайх, М.Бат-Очир нарт хүлээлгэж өгсөн. Ингэхдээ худалдан авч буй орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг гаргаж өгөх, банкны зээлэнд хамрагдах боломжтой гэсэн байдлаар эхний тохиролцоонуудыг хийсэн. Байрны үнэ болох 348 000 000 төгрөгөөс 100 000 000 төгрөгийг би төлсөн. Мөн уг байр нь шинэ байр гэж худалдсан боловч өнөөдрийг хүртэл амьдран суухад тохь тухгүй хүйтэн, өнөөдрийн байдлаар засвар хийнэ хэмээн хана дулаалах, пар солих, цонх янзлах гэх мэтчилэн тоос шороотой хүндрэлтэй байдал дунд гэр бүл нялх хүүхдүүдийн хамт амьдарч байна. Их хэмжээний алданги хэмээх нэхэмжлэлийг өмгөөлөгч Ж.Базарсад нь компаниас зөвшөөрөлгүй бидний хэлцлийг өөрчилсөн. Гэрээний дагуу төлсөн 151 000 000 төгрөгийг гаргуулахаар шаардаагүй бөгөөд нэхэмжлэлд гаргасан тайлбар гэж ойлгож болно. 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байгуулсан “И Зэт Си Өү Эн” ХХК болон Ш.Мөнх-Эрдэнэтэй нартай байгуулсан гэрээний 3.6, 4.1 дэх заалтуудыг хүчингүйд тооцуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж байна. Уг байрны талбайн хэмжээ 145 м.кв гэж үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнд бүртгэгдсэн боловч 133.15 м.кв болж талбайн зөрүү 11.85 м.кв-аар дутсан. Иймд талбайн зөрүү болох 28 400 000 төгрөгийг гаргуулж, үндсэн төлбөр болох 197 000 000 төгрөгөөс хасч тооцож өгнө үү гэжээ.

 

            Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: Ш.Мөнх-Эрдэнэ нь “И Зэт Си Өү Эн” ХХК-тай гэрээг хуулийн хүрээнд чөлөөтэй байгуулсан. Хуулиар бол шаардлага тус бүрд нь улсын тэмдэгтийн хураамж төлсөн байхыг шаарддаг. Гэтэл бичсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус байгаа тул шүүх хүлээн авахаас татгалзах ёстой байсан. Алдангийг гэрээнд заасны дагуу төлнө гэж өөрөө бичиж өгсөн байгаа. Гэрээний 3.6, 4.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах гэж байна. Бид нар 2 өөр шаардлага гаргаагүй. Гэрээний 3.6 дахь заалтыг хоёр талын байгуулсан гэрээ цуцлагдсан тохиолдолд хэрэглэх заалт юм. Хариуцагч 2014 оны 12 дугаар сард байранд орсон, тэрнээс хойш 1 жил төлбөрөө огт хийгээгүй. 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдөр үлдэгдэл төлбөрөө төлөх ёстой байсан. Гэрээний 3.4-т худалдан авагчид тус гэрээний 2.2-т заасан хугацаанд худалдан авагч талын нэр дээр шилжүүлэх ба өөрсдөө үл хөдлөх хөрөнгийн газарт очиж, Ш.Мөнх-Эрдэнийн өмчлөлд шилжүүлэх ёстой гэж хоёр тал тохиролцсон байна. Байрны зөрүү болох 11.85 м.кв-ын 28 400 000 төгрөгийг үлдэгдэл төлбөрөөс хасч тооцуулна гэж байна. Нэхэмжлэгч нь уг байрыг “Эко констракшн” ХХК-иас авсан бөгөөд уг байрыг барьсан компани нь биш. Иймд үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “И Зэт Си Өү Эн” ХХК нь хариуцагч Ш.Мөнх-Эрдэнэд холбогдуулан 295 500 000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг, хариуцагч Ш.Мөнх-Эрдэнэ нь нэхэмжлэгч “И Зэт Си Өү Эн” ХХК-д холбогдуулан “орон сууц худалдах-худалдан авах гэрээний 3.6, 4.1 дэх заалтуудыг хүчин төгөлдөр бусд тооцуулах, м.кв-ын зөрүү 28 400 000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасуулах” тухай сөрөг нэхэмжлэлийг гаргажээ.

 

Хариуцагч нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг “...нэхэмжлэгч талтай гэрээ байгуулаагүй, ...алдангийн талаар хэлэлцэн тохиролцоогүй” гэж, нэхэмжлэгч нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг “...гэрээг хүсэл зоригийн дагуу байгуулсан тул гэрээний 3.6, 4.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэлгүй, ...нэхэмжлэгч тал орон сууцыг бариагүй тул м.кв-ын зөрүүг хариуцахгүй” гэж тус тус үгүйсгэн маргажээ.

 

Шүүх үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй, зарим хэсгийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд:

 

Хавтаст хэрэгт нэхэмжлэгч “И Зэт Си Өү Эн” ХХК болон хариуцагч Ш.Мөнх-Эрдэнэ нарын хооронд 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байгуулагдсан “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ” авагдсан байх /цаашид “гэрээ” гэх/ бөгөөд гэрээнд худалдагч буюу “И Зэт Си Өү Эн” ХХК-ийг төлөөлж менежер н.Бат-Очир, худалдан авагчийг төлөөлж Ш.Мөнх-Эрдэнэ нар гарын үсэг зурсан байна. Талууд дээрх гэрээнд гарын үсэг зурсан үйл баримтын талаар маргаагүй байхаас гадна гэрээнд “И Зэт Си Өү Эн” ХХК-ийн тамга дарагдсан байна.   

 

Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хэлцлийг хуульд заасан хэлбэрээр, хуульд заагаагүй бол талууд хэлэлцэн тохиролцож амаар буюу бичгээр хийх бөгөөд мөн зүйлийн 42.2-т зааснаар энгийн хэлбэртэй бичгийн хэлцэл нь хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Бичгээр хийх хэлцлийн хувьд мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан тохиолдолд хийсэн гэж үзнэ.

 

Хариуцагч нь хэдийгээр гэрээг нэхэмжлэгчтэй байгуулаагүй гэх боловч гэрээнд гарын үсэг зурсан болон урьдчилгаа төлбөрийг нэхэмжлэгчид төлсөн үйл баримтаас үзвэл түүнийг гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэлтэй байна. Өөрөөр хэлбэл, хариуцагч маргааны зүйл болж буй орон сууцанд оршин сууж байгаа, гэрээний урьдчилгаанд болон төлбөрт нийт 151 000 000 төгрөг төлсөн үйл баримтаар Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д зааснаар гэрээг талуудын хүсэл зоригийн илэрхийлэл гэж үзэх үндэслэлтэй байна. Иймд хариуцагчийн “...гэрээг нэхэмжлэгчтэй байгуулаагүй” гэх татгалзал үндэслэлгүй байх тул шүүх талуудын хооронд 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ” байгуулагдсан гэж үзэв. Нөгөөтэйгүүр, хариуцагч нь дээрх гэрээг нэхэмжлэгчтэй байгуулаагүй гэх татгалзалаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан журмын дагуу нотлох баримтаар нотолж чадахгүй байна.

 

Гэрээний 1.1, 3.4, 4.1-д зааснаар худалдагч “И Зэт Си Өү Эн” ХХК нь Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Маршал таун хотхон, 116 дугаар байр, 221 тоот, 145 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг худалдан авагч Ш.Мөнх-Эрдэнэд 348 000 000 төгрөгөөр худалдах, худалдан авагч нь гэрээний урьдчилгаанд 100 000 000 төгрөгийг төлөх, үлдэх 248 000 000 төгрөгийг 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн дотор худалдан авагчид төлөх, худалдан авагч төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд худалдагч ажлын 3 хоногийн дотор худалдагчийн нэр дээр шилжүүлэх бичиг баримтыг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч дээрх хугацаанд төлбөрийг төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг хэтэрсэн хоног тутам худалдан авагчид төлөх үүргийг тус тус хүлээсэн байна. Гэрээний шинж, зүйл, талуудын эрх, үүрэг зэргээс үзвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй орон сууцыг хариуцагчид шилжүүлэх, хариуцагч гэрээнд заасан үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүрэг тус тус үүссэн байна. Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар гэрээний талуудын чөлөөт байдалд нийцсэн байна.

 

Талуудын шүүхэд гаргасан тайлбараар хариуцагч нь гэрээний зүйл болсон орон сууцанд оршин сууж байгаа болон гэрээний төлбөр 348 000 000 төгрөгөөс нийт 151 000 000 төгрөг төлсөн нь тогтоогдож байхаас гадна талууд энэ талаар маргаагүй байна. Харин хариуцагч гэрээний үлдэгдэл төлбөр болох 197 000 000 төгрөгийг төлөөгүй болох нь түүний шүүхэд гаргасан “...үндсэн төлбөр 197 000 000 төгрөгийг төлөөгүй” гэх тайлбараар нотлогдож байна. Хэдийгээр хариуцагч гэрээг нэхэмжлэгч байгууллага болох “И Зэт Си Өү Эн” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээдтэй байгуулаагүй гэх боловч хавтаст хэрэгт авагдсан “И Зэт Си Өү Эн” ХХК-ийн дүрэмд заасан этгээд гэрээний нэг тал болж гэрээнд гарын үсэг зурж, “И Зэт Си Өү Эн” ХХК-ийн тамга дарж, гэрээг баталгаажуулсан байх тул хариуцагчийн дээрх татгалзал үндэслэлгүй байна. Түүнчлэн, уг гэрээний талаар гуравдагч этгээд гомдлын шаардлага гаргаагүй байгаа нөхцөлд гэрээг зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн гэж үзэх боломжгүй юм.

 

Хариуцагч нэхэмжлэгчийг чанарын шаардлага хангаагүй буюу биет байдлын доголдолтой орон сууцыг шилжүүлсэн гэх боловч хавтаст хэрэгт авагдсан баримтаар дээрх нөхцөл байдал тогтоогдохгүй байхаас гадна хариуцагч энэ талаар гомдлын шаардлага гаргаагүй байна. Иймд нэхэмжлэгч гэрээнд заасан орон сууцыг хариуцагчид шилжүүлэх үүргээ биелүүлсэн, хариуцагч гэрээний хугацаа дууссан боловч гэрээний үнээс 197 000 000 төгрөгийг төлөөгүй буюу гэрээнд заасан төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байх тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар гэрээний үндсэн төлбөрөөс үлдэгдэл төлбөр болох 197 000 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар хуульд өөрөөр заагаагүй бол анзын гэрээг бичгээр хийх бөгөөд талууд гэрээний 4.1-д алдангийн хэмжээг хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар тооцохоор заасан нь хуулийн мөн зүйлд харшлаагүй байна. Иймд талууд алдангийн талаар гэрээгээр тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй байх тул хариуцагчийн “...алдангийн талаар тохиролцоогүй” гэх татгалзал үндэслэлгүй байна. 

 

Гэрээний 2.2-т зааснаар гэрээний хугацаа 2015 оны 02 дугаар сарын 28-ны өдөр дуусаж байх бөгөөд нэхэмжлэлд дурдсан 2015 оны 3 дугаар сарын 01-ний өдрөөс 2015 оны 8 дугаар сарын 03-ны өдөр хүртэлх алдангийн хэмжээ нийт гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4-т заасны дагуу алдангийн хэмжээг гүйцэтгээгүй үүрэг болох 197 000 000 төгрөгийн 50 хувь болох 98 500 000 төгрөгөөр тодорхойлсон нь үндэслэлтэй байна.

 

Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д зааснаар анзын хэмжээ илт их байвал хэргийн нөхцөл байдлыг харгалзан шүүх түүнийг багасгаж болно. Нэхэмжлэгч нь 197 000 000 төгрөгийн үндсэн үүргийн алдангид 98 500 000 төгрөг шаардсан нь илт их байх тул шүүх хэргийн нөхцөл байдал буюу хариуцагч гэрээний үндсэн үүрэг 348 000 000 төгрөг төлөхөөс 151 000 000 төгрөгийн үүргийг гүйцэтгэсэн үйл баримт болон талуудын тооцооны үлдэгдэлийн баталгаагаар хариуцагч 2015 оны 6 дугаар сарын 03-ны өдөр үлдэх үүргийг биелүүлэх хугацаа зэргийг үндэслэн алдангийн хэмжээ 98 500 000 төгрөгийг 70 000 000 төгрөгөөр тогтоон, алдангийн хэмжээг 28 500 000 төгрөгөөр багасгах нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.8-д заасантай харшлахааргүй байна.

 

Сөрөг нэхэмжлэлийн тухайд:

 

Гэрээний 3.6-д худалдан авагч тал орон сууцны төлбөрийг гэрээний 2.2-т заасан хугацаанд бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд гэрээг худалдагч тал цуцлах эрхтэй бөгөөд гэрээг мөн үндэслэлээр цуцалсан тохиолдолд урьдчилгаа төлбөрийн 15 хувь буюу 15 000 000 төгрөгийн торгуулийг худалдан авагч тал худалдагч талд төлөх, мөн гэрээний 4.1-д худалдан авагч тал гэрээний 2.2-т заасан хугацаанд орон сууцны төлбөрийг бүрэн төлөөгүй тохиолдолд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувийн алдангийг хэтэрсэн хоног тутамд тооцож худалдагчид төлөхөөр заасан байна.

 

Хариуцагч нь гэрээний дээрх заалтыг буюу гэрээний хариуцлагын талаарх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг шаардлага гаргасан бөгөөд уг шаардлагын үндэслэлээ баримтаар нотолж чадаагүй байна. Өөрөөр хэлбэл, гэрээний дээрх заалтыг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасан үндэслэлээр хүчин төгөлдөр бусд тооцох үндэслэл тогтоогдохгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.1-д зааснаар мөнгө төлүүлэхээр шаардсан нэхэмжлэлд нэхэмжилж байгаа мөнгөний дүнгээр, мөн зүйлийн 63.1.4-т зааснаар гэрээ, хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж тооцуулах тухай нэхэмжлэлд уг гэрээ, хэлцлийн үнийн дүнгээр Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасан хэмжээгээр улсын тэмдэгтийн хураамжийг төлөх бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2-т зааснаар нэхэмжлэлд улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримтыг хавсаргах ба уг журам нь сөрөг нэхэмжлэлд мөн адил хамаарна.

 

Гэтэл хариуцагч нь гэрээний 3.6, 4.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагад 500 000 төгрөг төлсөн байх бөгөөд харин гэрээний зүйл болох орон сууцны дутуу м.кв-ын үнэ болох 28 400 000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасуулах шаардлагдаа улсын тэмдэгтийн хураамжийг дутуу төлсөн байна.

 

Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн 28 400 000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасуулах шаардлага нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд заасан бүрдүүлбэрийг хангаагүй байх тул мөн хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.11-д заасныг үндэслэн хүлээн авахаас татгалзаж, мөн хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчаас нийт 267 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, үндсэн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 28 500 000 төгрөг, сөрөг нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний 3.6, 4.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийн шаардлагын 28 400 000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасуулах хэсгийг хүлээн авахаас татгалзах нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Ш.Мөнх-Эрдэнээс 267 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “И Зэт Си Өү Эн” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаарлагаас үлдэх 28 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэгч “И Зэт Си Өү Эн” ХХК-д холбогдох, 2014 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Орон сууц худалдах-худалдан авах гэрээ”-ний 3.6, 4.1 дэх заалтыг хүчин төгөлдөр бусд тооцуулах тухай хариуцагч Ш.Мөнх-Эрдэнийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч “И Зэт Си Өү Эн” ХХК-д холбогдох, 28 400 000 төгрөгийг үндсэн төлбөрөөс хасуулах тухай, хариуцагч Ш.Мөнх-Эрдэнийн сөрөг нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 56.2, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1 635 500 төгрөгийг, хариуцагчаас төлсөн 500 000 төгрөгийг тус тус  улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1 492 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжинд дутуу төлсөн 68 000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохийг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.БАЯСГАЛАН