Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 44

 

Л.Ч-гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00067/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  03 дугаар сарын 06-ны өдрийн 293 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч Л.Ч-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Н.А-од холбогдох

"3.426.000 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э-гийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн

2020 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнгөнбаяр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Л.Ч- миний бие Увс аймгийн төвд байрлах 7х9 хэмжээтэй 3 өрөө халаалт, цэвэр устай байр, 6х12 хэмжээтэй том гражийг хашааны хамтаар Дархан-Уул аймгаас ирсэн гэх /тухайн үед/ Н.А-од 1 сарын 600.000 төгрөгөөр 1 жилийн хугацаатайгаар түрээслүүлсэн юм. Энэ хүн дээрх байранд буяны цогц үйлчилгээ явуулж 1-2 сарын түрээс өгч мөн байранд маань амьдарч байгаад гэнэт алга болж, утсаа авахаа байсан. Одоо Дархандаа байгаа юм байна. Н.А-ын дүү нар нь
2019 оны 01 дүгээр сарын 10 хүртэл дээрх байранд маань амьдарч байсан. Үүнийг дүү Ө-ынх нь гарын үсэг нотолно. Би тухайн үед Улаанбаатар хотод түрүү булчирхай авхуулах хагалгаанд орж эмчилгээтэй байсан боловч аргагүйн эрхэнд 2019 оны 01 дүгээр сарын 10-нд онгоцоор 280.000 төгрөг төлж очин хашаа байшингаа хүлээж авсан. Иймээс Н.А-оос 3.426.000 төгрөгийг гаргуулан авч өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э- нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

Н.А- нь Дархан-Уул аймгийн иргэн бөгөөд Увс аймагт буяны цогц үйлчилгээ эрхлэх зорилгоор очиж түрээсээр аж ахуйн үйл ажиллагаа явуулах байр хайж байгаад Л.Ч- гэдэг хүнтэй уулзаж 6х12 хэмжээтэй гражийн барилга, 7х9 хэмжээтэй 3 өрөө бүхий хүн амьдрах байрын хамт сарын 600.000 төгрөгөөр түрээслэхээр тохирч гэрээ хийсэн. Н.А- нь шинэ газар шинэ ажил эхэлж байгаа болохоор эхний ээлжинд 3 сараар түрээслээд ажил нь ашигтай байвал цаашид гэрээг сунгая гэсэн санал тавихад Л.Ч- нь би энэ үл хөдлөх хөрөнгөө худалдах санаатай байгаа чи урт хугацаагаар түрээсэлбэл болно. Харин богино хугацаагаар гэвэл зөвшөөрөхгүй гэсний дагуу 1 жилийн хугацаагаар гэрээ хийсэн байна. Эхний 2018 оны 9, 10 сарын түрээсийн төлбөрийг Л.Ч-д бүрэн төлж барагдуулсан бөгөөд Н.А-ын бизнесийн үйл ажиллагаа нь явц муутай, ашиг орлогогүй болох нь тодорхой болсон тул 11 дүгээр сарын эхнээс Л.Ч- руу утсаар ярьж гэрээгээ цуцалъя та ирж хөрөнгөө хүлээж ав гэж хэлэхэд энэ хүн Улаанбаатар хотод хүүхэд харж байна, одоохондоо очиж чадахгүй нь, наана чинь байрыг хүлээж авах хүн байхгүй гэсээр байсан тул Н.А- нь 2018 оны 11 сард түрээсийн байрыг өөрийн дүү Увс аймагт амьдардаг Н.Ө-т харж хамгаалж бай гэж үлдээгээд Дархандаа ирсэн байдаг.

Үүнээс хойш Л.Ч- нь уг байраа хүлээж авахгүй байсаар 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Н.А-ын дүү Н.Ө-аас хүлээн авсан байдаг. Зохигчдын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан түрээсийн гэрээнд түрээсэлсэн байрны байршил, улсын бүртгэлийн гэрчилгээний дугаарыг бичээгүй байгаагаас гадна түрээсэлсэн байрны хэмжээг гэрээнд 89,9 м.кв гэж бичсэн байгаа нь гэрчилгээнд бичсэн хэмжээнээс зөрүүтэй байна. Иймд Н.А-од түрээсэлсэн гэх байр нь нэхэмжлэгч Л.Ч-гийн өмчлөлийн хөрөнгө мөн эсэх нь тодорхойгүй байна. Үүнээс гадна Н.А- нь буяны цогц үйлчилгээ хийх буюу аж ахуйн зориулалтаар уг байрыг түрээсэлсэн байдаг. Гэтэл Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, 318.4-т Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж заажээ. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн түрээсийн гэрээ нь улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгч Л.Ч- нь түрээсийн гэрээний дагуу шаардах эрхээ алдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 293 дугаар шийдвэрээр:

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Н.А-оос 1.464.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Ч-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нийт 1.682.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч Л.Ч- нь нэхэмжлэлийн шаардлагаас онгоцны зардал 280.000 төгрөг нэхэмжлэхээс татгалзсаныг баталж, энэхүү шаардлагатай холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69.766 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.А-оос улсын тэмдэгтийн хураамж 39.686 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Ч-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э- давж заалдсан гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалтыг хангаагүй, шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор, хэрэгт хамааралтай, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэж байгаа дараах үндэслэлүүд байна.

Анхан шатны шүүх хариуцагч Н.А-оос 1.464.000 төгрөг гаргаж шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1 дэх заалтыг баримталсан нь зохигчдын хооронд үүссэн харилцаа, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлтэй нийцээгүй буюу нэхэмжлэгч зохигчдын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан байхад шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт: “Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна гэж зааснаар талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэгч дээрх гэрээний дагуу шаардах эрхгүй болно гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагад огт хамааралгүй хуулийн заалт буюу Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж ашигласны төлбөрийн үлдэгдэл 1.400.000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн заалт нь бусдын хөрөнгийг үндэслэлгүйгээр олж авсан буюу эзэмшсэнээс үүсэх үүргийг зохицуулсан буюу хөрөнгөө буцаан шаардах харилцааг зохицуулсан байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй дээрх заалтыг хэрэглэн хүчин төгөлдөр бус гэж тооцсон гэрээний заалтыг баримтлан төлбөр гаргуулсан нь хуульд нийцээгүй гэж үзэж байна. Дээр дурдсан үндэслэлээр хэргийг бүхэлд нь хянан үзэж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан хариуцагч Н.А-оос гаргуулахаар шийдвэрлэсэн 1.400.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар давж заалдах шатны шүүхээс Л.Ч-гийн нэхэмжлэлтэй, Н.А-од холбогдох хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э-гийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

            Хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзвэл 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр нэхэмжлэгч Л.Ч- нь Увс аймгийн Улаангом суманд байрлах өөрийн эзэмшлийн 7х9 хэмжээтэй 3 өрөө  халаалт, цэвэр устай хувийн сууцаа 6х12 хэмжээтэй граж, хашааны хамт 1 жилийн хугацаатайгаар хариуцагч Дархан-Уул аймаг, Дархан 14 дүгээр баг, 2 дугаар хороолол 49-903 тоотод оршин суух хаягтай Н.А-од 1 сарын 600.000 төгрөгийн төлбөртэй байхаар тохиролцон “Түрээсийн гэрээ” байгуулжээ. /хх-ийн 5-р тал/

            Хариуцагч Н.А- нь дээрх сууц болон гражид Увс аймагт буяны цогц үйлчилгээ явуулах гэсэн боловч уг үйл ажиллагаа нь ашиг муутай байна гэж үзэн 2018 оны 9, 10 дугаар сарын төлбөрт 1.200.000 төгрөгийг нэхэмжлэгчид өгч, 2018 оны 11 дүгээр сараас эхлэн гэрээгээ цуцлах талаар нэхэмжлэгчид мэдэгдэн өөрийн төрсөн дүү Н.Ө-т түрээслэж байсан сууцаа үлдээн Дархан-Уул аймагт ирсэн байна. Нэхэмжлэгч нь ар гэр, биеийн эрүүл мэндийн байдлаас шалтгаалан 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хариуцагчийн дүү Н.Ө-аас Н.А-од түрээслэж байсан хувийн сууц, гражийг хашааны хамт хүлээн авсан болох хэргийн үйл баримт нь зохигчдын анхан шатны шүүхэд гаргасан тайлбар болон хавтаст хэргийн 6 дугаар талд авагдсан “Хашаа байшин хүлээлгэж өгөх тухай” тэмдэглэл зэрэг бичгийн нотлох баримтуудаар тогтоогджээ.

            Нэхэмжлэгч Л.Ч- нь хариуцагч Н.А-оос өөрийн хөрөнгөө хүлээн авахын тулд Улаанбаатар хотоос Увс аймаг руу онгоцоор очсон зардалд 280.000 төгрөг, 2018 оны 11, 12 дугаар сарууд болон 2019 оны 01 дүгээр сарын эхний 10 хоногийн төлбөрт 1.400.000 төгрөг, гэрээнд заасан алданги 0.1 хувь буюу 98.000 төгрөг, гэрээгээр тохирсон үүрэг буюу гэрээний үлдэх хугацаа болох 8 сар 20 хоногийн төлбөрт 1.560.000 төгрөг, 2018 оны 10, 11, 12 дугаар сарын дулааны төлбөрт 64.000 төгрөг, цахилгааны төлбөр 24.000 төгрөг буюу нийт 3.426.000 төгрөгийг нэхэмжилж, нэхэмжлэлдээ холбогдох нотлох баримтуудыг хавсаргажээ.

            Хариуцагч талаас 2018 оны 11 дүгээр сараас гэрээг цуцлах талаар нэхэмжлэгчид мэдэгдсэн боловч байраа 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авсан, Л.Ч-гийн нотлох баримтаар гаргаж өгсөн үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ нь Н.А-ын түрээслэсэн барилгын өмчлөх эрхийн гэрчилгээ биш, зохигчдын хооронд байгуулсан түрээсийн гэрээнд түрээслэсэн байрны байршил, улсын бүртгэлийн гэрчилгээний дугаарыг бичигдээгүй, байрны хэмжээ зөрүүтэй байна. Иймд Н.А-ын түрээслэсэн гэх байр нь Л.Ч-гийн өмчлөлийн байр мөн эсэх нь тодорхой бус байна. Мөн нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн түрээсийн гэрээ Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй тул хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзнэ хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч мэтгэлцжээ.

            Анхан шатны шүүхээс хэргийн дээрх үйл баримтын талаар талуудын хооронд байгуулагдсан түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус гэж дүгнэн Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэжээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаантай харилцааг зөв тодорхойлоогүй,  хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүй, хэрэгт авагдсан нотлох баримтыг хуульд нийцүүлж үнэлээгүй байна.

Шүүх талуудын хооронд түрээсийн гэрээ байгуулагдсан гэж үзжээ. Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх үүрэгтэй бөгөөд түрээслэгч нь гэрээнд заасан хугацааны туршид тухайн хөрөнгийг зориулалтын дагуу ашигласны үр дүнд бий болсон үр шимийг олж авах эрхтэй байдаг.

Харин Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1-т заасан “Эд хөрөнгө хөлслөх гэрээ” нь хөлслүүлэгч нь хөлслөгчийн эзэмшил, ашиглалтад тодорхой эд хөрөнгийг түр хугацаагаар шилжүүлэх, хөлслөгч нь эд хөрөнгө ашигласны хөлсийг төлөх үүргийг тус тус хүлээдэг. 

Өөрөөр хэлбэл эд хөрөнгө хөлслөх гэрээний гол агуулга эд хөрөнгийг ашиглуулах зорилгоор тодорхой хугацаанд эзэмшлийг шилжүүлэх явдал байдаг бол түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь тодорхой хөрөнгийг хөдөө аж ахуйн болон аж ахуйн зориулалтаар нөгөө талын эзэмшил, ашиглалтад шилжүүлж, гэрээний хугацааны турш үр шимийг хүртэх боломж олгох онцлогтой байдаг. Тиймээс түрээсийн гэрээний зүйл нь үр шим болгох бололцоо бүхий биет болон биет бус хөрөнгө байдаг бол эд хөрөнгө хөлслөх гэрээний зүйл нь биет хөрөнгө байдгаараа уг хоёр гэрээ нь объектив шинжээрээ ялгагддаг онцлогтой.

Л.Ч-, Н.А- нар нь 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан гэрээ нь дээр дурдсан шинж чанар, гэрээний зүйлээрээ “Эд хөрөнгө хөлслөх гэрээ”-ний шинжийг агуулсан байна гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэж хуулийн зүйлчлэлийг зөвтгөн өөрчилж анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэв.

Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3-т “...гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна. Энэ хугацааг гэрээг цуцлах тухай нөгөө талдаа мэдэгдэл өгснөөс хойш тоолно...” гэж хуульчилсан.

Иймд гэрээ цуцлагдах хүртэлх хугацааны буюу 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл 1.400.000 төгрөгийн хөлсийг хөлслөгч этгээд хөлслүүлэгчид төлөх үүрэгтэй ба харин 1.658.000 төгрөгийн нэхэмжлэлийг хөлслүүлэгч гэрээний дагуу нэхэмжлэх хууль зүйн үндэслэлгүй байна.

Хавтаст хэргийн 7 дугаар талд авагдсан бичгийн нотлох баримт болох Увс аймгийн Дулааны хоёрдугаар станцын “Бэлэн мөнгөний орлогын баримт”-ын төлбөр тооцсон гэх саруудын бичвэр нь засвартай байхад анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т заасны дагуу үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлгүйгээр 64.000 төгрөг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

Мөн хариуцагч нь 24.000 төгрөгийн цахилгаан хэрэглэсэн гэснийг нотлох баримт хэрэгт авагдаагүй тул магадлалд дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаас нийт 1.746.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгон шийдвэрт өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дээрх үндэслэлүүдээр хүлээн авах боломжгүй байна.

Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул анхан шатны шүүхээс улсын тэмдэгтийн хураамжийг хувиарласан заалтад өөрчлөлт оруулсаныг болон анхан шатны шүүх хуралдааны шатанд нэхэмжлэгч нь онгоцны зардалд 280.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг дурдав. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

           1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 293 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Н.А-оос 1.464.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Ч-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нийт 1.682.000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай...” гэснийг “...Иргэний хуулийн 287 дугаар зүйлийн 287.1, 294 дүгээр зүйлийн 294.3-т тус тус зааснаар хариуцагч Н.А-оос 1.400.000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Л.Ч-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас нийт 1.746.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай...” гэж,

3 дахь заалтад “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69.766 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.А-оос улсын тэмдэгтийн хураамж 39.686 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Ч-д олгосугай...” гэснийг “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69.766 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.А-оос улсын тэмдэгтийн хураамж 35.136 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Ч-д олгосугай...” гэж тус тус өөрчилж шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Э-гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 38.400 төгрөг төлсөнийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7-д зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                     

 

                 ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

                           АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

                                         ГҮЙЦЭТГЭГЧ ШҮҮГЧ                                  О.НАРАНГЭРЭЛ

                                                            ШҮҮГЧИД                                  Л.АМАРСАНАА

                                                                                                               М.МӨНХДАВАА