Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 293

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2020/00067/и

                                  

Дархан-Уул аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Тунгалагмаа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: ... аймаг, ... сум, ... баг, ... дүгээр байрны .. тоотод оршин суух Б овогт Л-ын Ч /утас .../-гийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: ... аймаг, ... сум, .. баг, ... хороолол, ... байрны ... тоотод оршин суух И.м  овогт Н-ийн А/утас: .../-д холбогдох,

 

“3,426,000 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнгөнбаяр, түүний өмгөөлөгч Л.Цуурай, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Мөнгөнбаяр нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

“Л.Чантуу миний бие Увс аймгийн төвд байрлах 7х9 хэмжээтэй 3 өрөө халаалт, цэвэр устай байр, 6х12 хэмжээтэй том гараашийг хашааны хамтаар Дархан-Уул аймгаас ирсэн гэх /тухайн үед/ Н.Ариунболдод 1 сарын 600,000 төгрөгөөр 1 жилийн хугацаатайгаар түрээслүүлсэн юм. Энэ хүн дээрх байранд буюу цогц үйлчилгээ явуулж, 1-2 сарын түрээс өгч мөн байранд маань амьдарч байгаад гэнэт алга болж, утсаа авахаа байсан. Одоо Дархандаа байгаа юм байна. Ариунболдын дүү нар нь 2019 оны 01 дүгээр сарын 10 хүртэл дээрх байранд маань амьдарч байсан. Үүнийг дүү Өсөхбаярынх нь гарын үсэг нотолно. Иймд би тухайн үед Улаанбаатар хотод түрүү булчирхай авахуулах хагалгаанд орж эмчилгээтэй байсан боловч аргагүйн эрхэнд 2019 оны 01 дүгээр сарын 10-нд онгоцоор 280,000 төгрөг төлж очиж хашаа байшингаа хүлээж авсан. Иймээс дээрх Ариунболд гэгчээс дараах мөнгийг гаргуулан авахаар нэхэмжилж байна.

Нийт 3,426,000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Энхтуяа нь шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа:

“Н.Ариунболд нь Дархан-Уул аймгийн иргэн бөгөөд Увс аймагт буяны цогц үйлчилгээ эрхлэх зорилгоор очиж түрээсээр аж ахуйн үйл ажиллагаа явуулах байр хайж байгаад Л.Чантуу гэдэг хүнтэй уулзаж 6х12 хэмжээтэй гараашийн барилга, 7х9 хэмжээтэй 3 өрөө бүхий хүн амьдрах байрын хамт сарын 600,000 төгрөгөөр түрээслэхээр тохирч гэрээ хийсэн. Н.Ариунболд нь шинэ газар шинэ ажил эхэлж байгаа болохоор эхний ээлжинд 3 сараар түрээслээд ажил нь ашигтай байвал цаашид гэрээг сунгая гэсэн санал тавихад Л.Чантуу нь би энэ үл хөдлөх хөрөнгөө худалдах санаатай байгаа чи урт хугацаагаар түрээслэвэл болно. Харин богино хугацаагаар гэвэл зөвшөөрөх гэсний дагуу 1 жилийн хугацаагаар гэрээ хийсэн байна. Эхний 2018 оны 9, 10 сарын түрээсийн төлбөрийг Л.Чантууд бүрэн төлж барагдуулсан бөгөөд Н.Ариунболдын бизнесийн үйл ажиллагаа нь явц муутай, ашиг орлогогүй болох нь тодорхой болсон тул 11 дүгээр сарын эхнээс Л.Чантууруу утсаар ярьж гэрээгээ цуцлая та ирж хөрөнгөө хүлээж ав гэж хэлэхэд энэ хүн “Улаанбаатар хотод хүүхэд харж байна, одоохондоо очиж чадахгүй нь наана чинь байрыг хүлээж авах хүн байхгүй гэсээр байсан тул Н.Ариунболд нь 2018 оны 11 сард түрээсийн байрыг өөрийн дүү Увс аймагт амьдардаг Н.Өсөхбаярт харж хамгаалж бай гэж үлдээгээд Дархандаа ирсэн байдаг. Н.Ариунболдын дүү Н.Өсөхбаяр нь өөрөө Увс аймагт амьдрах байртай байсан тул Н.Ариунболдын түрээсэлсэн байранд амьдарч байгаагүй болно.

Үүнээс хойш Л.Чантуу нь уг байраа хүлээж авахгүй байсаар 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Н.Ариунболдын дүү Н.Өсөхбаяраас хүлээн авсан байдаг. Л.Чантуугийн шүүхэд нотлох баримтаар гаргасан “Үл хөдлөх эд хөрөнгийн 1520001655 улсын бүртгэлийн дугаартай гэрчилгээнд бичигдсэн Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар баг, 1-р 60 айлын дэргэд байршилтай 8х9 дэлгүүр, 10х12 хэмжээтэй 2 давхар үйлчилгээний зориулалт бүхий барилга байгууламж нь Н.Ариунболдын түрээсэлсэн барилгын өмчлөх эрхийн гэрчилгээ биш байна. Н.Ариунболд нь 1 давхар гарааш, хүн амьдрах зориулалттай 1 давхар байрыг түрээсэлсэн байдаг. Зохигчдын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан түрээсийн гэрээнд түрээсэлсэн байрны байршил, улсын бүртгэлийн гэрчилгээний дугаарыг бичээгүй байгаагаас гадна түрээсэлсэн байрны хэмжээг гэрээнд 89,9 мкв гэж бичсэн байгаа нь гэрчилгээнд бичсэн хэмжээнээс зөрүүтэй байна. Иймд Н.Ариунболдод түрээсэлсэн гэх байр нь нэхэмжлэгч Л.Чантуугийн өмчлөлийн хөрөнгө мөн эсэх нь тодорхойгүй байна. Үүнээс гадна Н.Ариунболд нь буяны цогц үйлчилгээ хийх буюу аж ахуйн зориулалтаар уг байрыг түрээсэлсэн байдаг. Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлд “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасны дагуу түрээсийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардсан байна гэж ойлгож байна. Гэтэл Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т “түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ”, 318.4-т “Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна.” гэж заажээ. Нэхэмжлэгчээс шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн түрээсийн гэрээ нь улсын бүртгэлд бүртгүүлээгүй байх тул хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгч Л.Чантуу нь түрээсийн гэрээний дагуу шаардах эрхээ алдсан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Чантуу нь хариуцагч Н.Ариунболдоос нийт 3,426,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан болно.

 

Зохигч талууд нь 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр 1673 тоот түрээсийн гэрээг бичгээр байгуулан, үйлчилгээний зориулалтаар хариуцагч Н.Ариунболд нь нэхэмжлэгч Л.Чантуугийн эзэмшлийн Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах 6х12 м.кв талбайн хэмжээтэй граж, 7х9 мкв талбайн хэмжээтэй хувийн сууц зэрэг үл хөдлөх хөрөнгийг 1 жилийн хугацаатай, 1 сарын түрээсийн төлбөр 600,000 төгрөгөөр түрээслэхээр харилцан тохиролцон түрээсэлсэн.

Хариуцагч Н.Ариунболд нь 2 сарын түрээсийн төлбөр 1,200,000 төгрөгийг төлсөн бөгөөд хариуцагч нь түрээсэлсэн үл хөдлөх хөрөнгийг /түлхүүрийг/ өөрийн дүү Өсөхбаяраар дамжуулан 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр нэхэмжлэгч Л.Чантууд хүлээлгэн өгсөн болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн  “Хашаа байшин хүлээлгэн өгөх тухай” гэсэн бичгийн баримт /хх-5/ зэргээр тогтоогдож байна. 

Талууд дээрх үйл баримтын талаар маргадаггүй болно.

Зохигчдын хооронд 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан 1673 тоот түрээсийн гэрээнд “...түрээслүүлэгч Ламын Чантуу нь өөрийн эзэмшлийн Улаангом тоот байрлах зориулалтын 899 мкв, 2018 оны 09 дүгээр сарын 01-нээс 2019 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаагаар түрээсээр ашиглуулна.

Түрээслэгч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг эд хөрөнгийг түрээсээр эзэмшсэний төлбөрт сар бүрийн 10-нд 600,000 төгрөгөөр тооцож төгрөгийг тооцож төлнө.

Түрээсийн төлбөр нь хуанлийн сар бүрийн 10-ны өдрийн дотор төлөгдсөн байх бөгөөд төлбөрийг хугацаа хэтэрсэн хоног тутам төлөгдөөгүй үнийн дүнгийн 0,1 хувиар тооцож, Иргэний хуулийн 232.6 дахь заалтын дагуу алданги төлнө.

...Нэмэлт нөхцөл: Хэрэв аль нэг тал нь гэрээний хугацаанаас урьдчилж хэлэлгүй цуцлах тохиолдолд түрээсийн 30% төлөхөөр талууд тохиролцов...” гэжээ. /хх-5/

Нэхэмжлэгч Л.Чантуу нь дээрх 1673 тоот зээлийн гэрээний дагуу 2018 оны 09 дүгээр сарын 01-нээс 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэлх хугацаанд түрээсийн төлбөр төлөөгүй 11, 12 сар, 10 хоногийн түрээсийн төлбөр 1,400,000 төгрөг, алданги 98,000 төгрөг,  гэрээний нэмэлт нөхцөлд заасны дагуу үлдсэн хугацаа болох 8 сар 20 хоногийн түрээсийн төлбөрийн 30 хувиар тооцож 1,560,000 төгрөг, хариуцагчийн амьдарч байх хугацааны дулааны төлбөр 64,000 төгрөг, цахилгааны төлбөр 24,000 төгрөг, онгоцны 1 талын зардал 280,000 төгрөг, нийт 3,426,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан байна.

Хариуцагч тал нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ “...2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр байгуулагдсан түрээсийн гэрээнд түрээсэлсэн байрны байршил, улсын бүртгэлийн гэрчилгээний дугаарыг бичээгүй байгаагаас гадна түрээсэлсэн байрны хэмжээг гэрээнд 89,9 мкв гэж бичсэн байгаа нь гэрчилгээнд бичсэн хэмжээнээс зөрүүтэй байна. ... нэхэмжлэгч түрээсийн гэрээний үүргийг шаардсан боловч Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4-т зааснаар түрээсийн гэрээ нь улсын бүртгэлд бүртгэгдээгүй байх тул хүчин төгөлдөр бус гэрээ гэж үзэхээр байна. Иймд нэхэмжлэгч Л.Чантуу нь түрээсийн гэрээний дагуу шаардах эрхээ алдсан. Мөн хариуцагч Н.Ариунболд нь 2 сар л үйл ажиллагаа явуулсан. Дүү Өсөхбаяр нь Увс аймгийн Улаангом суманд амьдардаг. Дээрх үл хөдлөх эд хөрөнгийг ашиглаагүй 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр түлхүүрийн Л.Чантууд өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж тайлбарлажээ.

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т “Түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 318.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ” гэж заасны дагуу талуудын 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 1673 дугаартай гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй байна.

Иймд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.4-т “Энэ хуулийн 318.3-т заасан шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байна” гэж зааснаар талуудын хооронд байгуулагдсан 2018 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн түрээсийн гэрээ нь хүчин төгөлдөр бус байх тул нэхэмжлэгч дээрх гэрээний дагуу шаардах эрхгүй болно.

Хэдийгээр хуульд заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хүчин төгөлдөр бус боловч талуудын тайлбар болон хэрэгт авагдсан үйл баримтаар хариуцагч Л.Ариунболд нь нэхэмжлэгчийн эзэмшлийн үл хөдлөх хөрөнгийг 2018 оны 09 дүгээр сарын 01-нээс 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл эзэмшиж ашиглаж байсан болох нь тогтоогдож байх тул Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т “хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон тохиолдолд…буцаан шаардах эрхтэй” гэж заасны дагуу хариуцагч Н.Ариунболдоос нэхэмжлэгчийн эзэмшлийн дээрх үл хөдлөх хөрөнгийг эзэмшиж ашигласны төлбөрийн үлдэгдэл 1,400,000 төгрөгийг гаргуулах нь зүйтэй байна.

Мөн хэрэгт авагдсан Увс аймгийн Дулааны хоёрдугаар станцын 2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн бэлэн мөнгөний орлогын баримтаар тогтоогдсон 2018 оны 10-12 дугаар сарын дулааны төлбөр 64,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Л.Чантуу нь дээрх хугацаанд хариуцагчийн хэрэглэсэн цахилгааны төлбөр гэж 24,000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн боловч үүнийг нотолсон баримт хэрэгт байхгүй байна.

Хариуцагч талаас гаргасан ...дээрх үл хөдлөх хөрөнгөд 2 сар л үйл ажиллагаа явуулсан. Дүү Өсөхбаяр нь Увс аймгийн Улаангом суманд амьдардаг ...гэх тайлбарыг нотолсон баримт хэрэгт байхгүй болохыг дурдаж байна.

Иймд хариуцагч Н.Ариунболдоос 1,464,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Чантууд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн цахилгааны төлбөр 24,000 төгрөг, гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага 1,658,000 төгрөг, нийт 1,682,000 төгрөгийг шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч тал нь шүүх хуралдаан дээр онгоцны зардал 280,000 төгрөгийн шаардлагаасаа татгалзсан тул нэхэмжлэгчийн энэхүү татгалзлыг батлах нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

    

          1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан хариуцагч Н.Ариунболдоос 1,464,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Чантууд олгож, нэхэмжлэгчийн нэхэмжилсэн нийт 1,682,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

          2. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т зааснаар нэхэмжлэгч Л.Чантуу нь нэхэмжлэлийн шаардлагаас онгоцны зардал 280,000 төгрөг нэхэмжлэхээс татгалзсаныг баталж, энэхүү шаардлагатай холбоотой хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

         

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 69,766 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Ариунболдоос улсын тэмдэгтийн хураамж 39,686 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Чантууд олгосугай.

 

        4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             З.ТУНГАЛАГМАА