Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 27 өдөр

Дугаар 45

 

“Г- Б-” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Хэргийн индекс: 135/2020/00222/и

Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч шүүгч О.Нарангэрэл даргалж, шүүгч Л.Амарсанаа, М.Мөнхдаваа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны  03 дугаар сарын 04-ний өдрийн 276 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч “Г- Б-” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар эээлттэй хорих ангид холбогдох

"Капитал Зууч ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.З-ын гаргасан давж заалдсан гомдлыг үндэслэн

2020 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Мөнхдаваа илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.О-, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э-, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Мандуул нар оролцов.

Нэхэмжлэгч “Г- Б-” ХХК-ийн төлөөлөгч Д.З-, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч О.О- нар шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 1005 дугаар шийдвэр, Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 169 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 001/ХТ2018/00417 тогтоолоор Г- Б-ны Дархан салбар, хариуцагч “И- М-” ХХК-ийн хооронд байгуулсан зээлийн гэрээг цуцалж, хариуцагч “И- М-” ХХК-аас 386.322.508,92 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамж болох 2.089.562 төгрөгийн хамт гаргуулан Г- Б-ны Дархан салбарт олгохоор, хариуцагч нар нь төлбөрөө сайн дураар эс төлбөл барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж тогтоосон ба дээрх тогтоолд албадан гүйцэтгэх ажиллагааг явуулахаар хүсэлт гарган хүргүүлж хариуцсан тойргийн шийдвэр гүйцэтгэгч С.С- битүүмжлэн хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу үнийн санал талуудаас авахад “И- М-” ХХК нь барьцааны хөрөнгийн доод үнийн саналаа 1 тэрбум 80,0 сая төгрөг, манай банк Ү-2005000737 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх барьцааны хөрөнгийг 62.000.000 төгрөгөөр, Г-80310316 улсын бүртгэлийн дугаартай 20 жилийн хугацаатай эзэмшлийн газрыг 1.000.000 төгрөгөөр, Ү-2005000713 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг 93.000.000 төгрөгөөр, нийт 155.000.000 төгрөгөөр үнийн саналаа тус тус хүргүүлсэн ба талуудын үнийн санал зөрөлдсөн тул “Капитал Зууч” ХХК-ийг хөрөнгийн үнэлгээгээр томилж, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 932.200.000 төгрөгөөр үнэлж үнэлгээний тайланг хүргүүлсэн байна.

2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч С.С- үнэлгээний тайлантай танилцуулсан бөгөөд “Капитал Зууч” ХХК нь барьцааны хөрөнгүүдийг үнэлэхдээ дээрх газар нь дулаанд холбогдох боломжтой газар байна гэж үнэлсэн байгаа нь зах зээлийн өнөөгийн ханшид нийцэхгүй хэт өндөр үнээр үнэлэгдсэн байна гэж үзээд энэхүү гомдлыг гаргаж байна. “Капитал Зууч” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “И- М-” ХХК-ийн манай барьцааны хөрөнгө үнэлсэн үнэлгээний тайлантай танилцаад ямар хуулийн заалт баримталсныг хайгаад олоогүй. Тухайн хуулийн заалтуудаа бичсэн боловч зөрүүтэй байсан. Гэтэл түүн дээр Дархан-Уул аймгийн хэмжээнд хөдөө аж ахуйн зориулалттай объектыг ингэж үнэлнэ гэсэн албан ёсны зүйл байхгүй. 2008 оны 182 дугаар тогтоолд зөвхөн газар үнэлэх гэж байгаа, тухайн газрыг үнэлэхдээ хөдөө аж ахуйн зориулалттай газрыг 12 сая төгрөгөөр үнэлнэ гэсэн байгаа. Үүн дээр эзэмшлийн газар гэсэн үг үсэг байхгүй. Тэгтэл тухайн газрыг 180 сая төгрөгөөр үнэлсэн байдаг. Тийм учраас манайх хэтэрхий өндөр үнэлсэн гэж үзэж байгаа.

Хариуцагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ахлах шийдвэр гүйцэтгэгч Б.Б-, шийдвэр гүйцэтгэгч С.С-, Б.Э- нар нь шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 1005 дугаар шийдвэр, Дархан- Уул аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 169 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 001/ХТ2018/00417 дугаар тогтоолоор “И- М-” ХХК-аас 386.322.508,02 төгрөг гаргуулж “Г- Б-” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгч “И- М-” ХХК нь шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тул шүүхийн шийдвэрт үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар заасан. Төлбөр төлөгч “И- М-” ХХК-ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, Хонгор сумын 1 дүгээр багт байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-2005000713 дугаартай, 882,78 м.кв талбайтай, тахианы аж ахуйн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө, Дархан-Уул аймаг Хонгор сум 1-р баг Бэрх уулын ард байрлах нэгж талбарын 80310310 дугаартай, 5 га талбайтай Тахианы ферм, өвлийн хүлэмж, туслах аж ахуйн зориулалттай газар, төлбөр төлөгч Б.Бадрахмаагийн өмчлөлийн Дархан-Уул аймаг Хонгор сум 1-р баг, Бэрх уулын ард байрлалтай эрхийн улсын бүртгэлийн Ү-2005000737 дугаартай, 1000 м.кв талбайтай хүлэмжийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 119070484/02 дугаартай тогтоолоор хураан авч, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасны дагуу талуудаас үнийн санал авах ажлыг зохион байгуулахад төлбөр төлөгч “И- М-” ХХК албадан дуудлага худалдааны үнийг 1 тэрбум 80 сая төгрөгөөр, төлбөр авагч “Г- Б-” ХХК 158.000.000 төгрөгөөр тус тус үнэлж, талууд үнийг харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу 2019 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 2019/28 тоот тогтоолоор “Капитал зууч” ХХК-ийг шинжээчээр томилсон. “Капитал Зууч” ХХК нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн зах зээлийн өнөөгийн үнэ цэнийг 932.200.000 төгрөгөөр тогтоож, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр үнэлгээний тайлан ирүүлснийг талуудад Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө гэж заасны дагуу 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр талуудад мэдэгдэн тэмдэглэл хөтлөн гарын үсэг зуруулсан. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 276 дугаар шийдвэрээр:

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, 122 дугаар 122.4-д тус тус заасныг баримтлан гомдол гаргагч “Г- Б-” ХХК-ийн Дархан салбарын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан гаргасан “Капитал Зууч” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулахыг хүссэн гомдлын шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.З- гаргасан давж заалдсан гомдолдоо:

Дархан-Уул аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар албадан гүйцэтгэх ажиллагаа явуулж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу үнийн санал талуудаас авахад “И- М-” ХХК нь барьцааны хөрөнгийн доод үнийн саналаа 1 тэр бум 80 сая төгрөг, манай банк Ү-2005000737 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх барьцааны хөрөнгийг 62.000.000,00 төгрөгөөр, Г-80310316 улсын бүртгэлийн дугаартай 20 жилийн хугацаатай эзэмшлийн газрыг 1.000.000 төгрөгөөр, Ү-2005000713 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх хөрөнгийг 93.000.000 төгрөгөөр нийт 155.000.000 төгрөгөөр үнийн саналаа тус тус хүргүүлсэн ба талуудын үнийн санал зөрөлдсөн тул “Капитал Зууч” ХХК-г хөрөнгийн үнэлгээчнээр томилж 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 932.200.000 төгрөгөөр үнэлж үнэлгээчний тайлан хүргүүлсэн байдаг. 2020 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр шийдвэр гүйцэтгэгч С.С- үнэлгээчний тайлантай танилцуулсан бөгөөд “Капитал Зууч” ХХК нь барьцааны хөрөнгүүдийг үнэлэхдээ дээрх газар нь дулаанд холбогдох боломжтой газар байна гэж үнэлсэн байгаа нь зах зээлийн өнөөгийн ханшид нийцэхгүй хэт өндөр үнээр үнэлэгдсэн байна гэж үзээд доорх үндэслэлүүдээр нэхэмжлэл гаргасан боловч Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн.

            1. “Капитал Зууч” ХХК-ийн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн үнэлгээний тайлангийн 2.1-д Барилга хот байгуулалтын сайдын 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 203 дугаар тогтоолыг баримтлан тайлан гаргасан нь ямар объекттой харьцуулж үнэлгээ гаргасан, түүнчлэн загвар схем байхгүй, тодорхойгүй.

2. Барилга хот байгуулалтын сайдын 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 15 дугаар тушаал “Газар эзэмших, ашиглах эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох” аргачлал, “Газрын үнэлгээний тойрог, газрын бүсчлэл, газрын суурь үнэлгээ, газрын төлбөрийн хэмжээг тогтоох” тухай Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 182 дугаар тогтоолоор батлагдсан газрын суурь үнэлгээг үндэслэн тогтоосон гэсэн боловч дээрх тогтоолд эзэмшлийн газрыг хэрхэн үнэлэх, хэдэн төгрөгөөр үнэлэх талаар тодорхой заагаагүй.

3. “Капитал Зууч” ХХК-ийн үнэлгээний тайлангийн 3.2-т Үнэлэгдсэн эд хөрөнгийн ашиглалт одоо ба ирээдүйн байдлыг сонирхож үнэлгээ хийх, бусад мэдээллийг цуглуулав гэсэн мөртлөө өнөөгийн төлөв байдал элэгдэл хорогдлыг тооцож үнэлгээ гаргах ёстой байхад ирээдүйн байдлыг сонирхож үнэлгээ гаргасан байна. Энэ нь хэт өндөр үнээр, хэт нэг талыг баримталж үнэлгээ гаргасан.

4. 2020 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Г- Б-ны албан ёсны экспертээр үнэлүүлэхэд 303.071.126 төгрөгөөр үнэлэн харьцуулалт хийлгэсэн болно.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

“Г- Б-” ХХК-Банкны Дархан салбарын захирал Д.З- нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа Дархан-Уул аймгийн аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих ангид холбогдуулан Хөрөнгийн үнэлгээний “Капитал зууч” ХХК нь “И- М-” ХХК-ийн Y-2005000737, Y-2005000713 улсын бүртгэлийн дугаар бүхий үл хөдлөх хөрөнгүүд, Г-80310316 улсын бүртгэлийн дугаартай 20 жилийн хугацаатай эзэмшлийн газар зэргийг үнэлсэн 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулхаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, хариуцагч байгууллагаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Хавтаст хэргийн 5-6 дугаар талд авагдсан “Г- Б-” ХХК-Банкны Улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзвэл 2019 оны 06 дугаар сарын 03-ны өдөр КАТО овогтой NORIHIKO-г гүйцэтгэх захирлаар томилсныг бүртгэжээ.

Тухайн компаний гүйцэтгэх захирлын 2019 оны 257 дугаар тушаалаар Монгол Улсын бүх шатны шүүхэд эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөх, нэхэмжлэл гаргах, шүүхийн шийдвэрт гомдол гаргах, хуульд заасан хэргийн оролцогчийн эрх, үүргийг эдлэх, уг эрхээ итгэмжлэгдсэн төлөөлөгчид олгох зэрэг банкыг төлөөлөх бүрэн эрхийг Г- Б-ны Эрсдэлийн удирдлага хариуцсан захирал Н.О-ад 3 жилийн хугацаатай олгожээ. Гэтэл уг итгэмжлэлийн дагуу “Г- Б-” ХХК-Банкны Дархан-Уул аймгийн салбарын эрхлэгч Д.З-д банкыг төлөөлөх итгэмжлэл буюу эрх олгогдоогүй байхад анхан шатны шүүхэд нэхэмжлэл гарган банкыг төлөөлөх эрхийг тус салбарын өр барагдуулагч О.О-ад олгосон нь буруу байна.

Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.8-д зааснаар гүйцэтгэх удирдлага нь компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулдаг, Иргэний хуулийн 29 дүгээр зүйлийн 29.6-д зааснаар хуулийн этгээдийн салбар төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байдаг тул “Г- Б-” ХХК-Банкны Дархан-Уул аймгийн салбарын эрхлэгч банкыг шүүхэд төлөөлөх эрхгүй этгээд юм.  

Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.5-д заасан “...нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан...” гэх үндэслэлд хамаарч байхад үүнийг шүүх анхаарч үзэлгүй нэхэмжлэлийг хүлээн авч иргэний хэрэг үүсгэн хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Банкыг төлөөлөх эрх бүхий этгээд шүүхэд дахин нэхэмжлэл гаргахад энэхүү магадлал саад болохгүйг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 276 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, “Г- Б-” ХХК- Банкны Дархан-Уул аймгийн Дархан салбарын нэхэмжлэлтэй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын харъяа Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар - 445 дугаар нээлттэй хорих ангид холбогдох иргэний хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлсөнийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

            3. Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ хууль буруу хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

4. Иргэний хэрэг  шүүхэд хянан  шийдвэрлэх тухай  хуулийн  119 дүгээр  зүйлийн 119.4, 119.7-д зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай. 

                           

        

                 ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧИЙН

                           АЛБАН ҮҮРГИЙГ ТҮР ОРЛОН

                                         ГҮЙЦЭТГЭГЧ ШҮҮГЧ                                 О.НАРАНГЭРЭЛ

                                                            ШҮҮГЧИД                                 Л.АМАРСАНАА

                                                                                                              М.МӨНХДАВАА