Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 688

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч С.Баттамир,

хохирогч Ш.З,

шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч Д.Батсүх, З.Шүрэнчулуун нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн  овогт Баянзүрх дүүргийн н Баянзүрх дүүргийн д холбогдох эрүүгийн 2017 2501 0940 дугаартай хэргийг 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр төрсөн, настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эхнэр, хүүхдүүдийн хамт Чингэлтэй дүүрэг, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, овогт Б н Б,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Номингийн 34 тоот хашаанд хохирогч П.Б н толгойн тус газар сүхээр цохин эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Номингийн 34 тоот хашаанд хохирогч Ш.З н толгойн тус газар сүхээр цохин эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би өөрийн гэм буруугаа хүлээж байна. Би эхнэр 3 хүүхдийн хамт байдаг. Эхнэр маань хүнд өвчтэй. Би хохирлыг барагдуулна. Миний ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Хохирогч Ш.З шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр шүүгдэгчид зодуулаад гэмтэл учирсан. Хагалгаанд ороод бие сайн байгаа. Одоо би ажлаа хийгээд явж байгаа. Шүүгдэгч нь 3 хүүхэдтэй юм байна. Шүүгдэгчийн энэ байдлыг харгалзаж үзнэ үү гэж хүсч байна. Надад гомдол санал байхгүй. Би хохирол 1.200.000 төгрөгийг авсан гэв.

Шүүгдэгч Б.Б ын мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр манай төрсөн эгч Н н хүү А гэрт ирэхдээ 1 литрийн Нийслэл пиво 1 ширхэгийг барьж ирээд бид хувааж уусан. Эхнэрийг ирсний дараа 19 цагийн үед гэрт усгүй болчихоор нь ус авах гээд худаг руу А тай хамт явж байсан чинь А та түрүүлээд орж бай гээд үлдсэн. Ингээд удалгүй араас А нэг шил 0.33 литрийн Улаанбаатар архи авч ирэхээр нь бид хувааж уусан. Архи уугаад дуусаж байхад А дэлгүүрээс ундаа аваад ирье гээд гарсан. Би гэрийн хаалганы хажууд байсан сүхийг авч гараад үүдний амбаарт байсан том нүүрсүүдийг сүхээр цохиод хагалж байсан чинь А гаднаас хоёр эрэгтэй хүнд хөөгдөөд орж ирэхээр нь би сүхээ барьчихсан “боль та нар, юу болоод байгаа юм” гэсэн чинь залуувтар хүн нь намайг цохисон. А тэр залууг зөрүүлээд гараараа цохисон. Ингээд голоор нь салгах гээд зогсож байсан чинь арай настайвтар хүн нь над дээр ирээд хажуунаас цохихоор нь айлгах санаатай далайсан чинь толгой руу нь сүхний иш хэсгээр хүчтэй цохичихсон. Ингээд маргалдаад зарим нэгнийх нь толгойноос цус гараад хашаанаас гарсан...” гэх мэдүүлэг. /хх 65-68 дугаар хуудас/,

Хохирогч Ш.З ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр 237.000-238.000 төгрөгтэй түрүүвч тэр чигээрээ байхгүй байхаар нь хувцсандаа үзээд байж байсан чинь Б гаднаас орж ирсэн. Би мөнгөө олохгүй байна гэж хэлээд хайж байгаад цүнхний хажуу талын хармаанд түрүүвч байж байхаар нь Б дээр очиж мөнгөө олчихлоо гэж хэлчихээд буцаад мөнгөө доор ил орхисноо санаад манаачийн байран дээр ирсэн чинь үүдэнд нэг залуу зогсож байсан. Нөгөө залууг манаачийн байр руу дагуулж ороод түрүүвчээ үзсэн чинь мөнгө нь байхгүй түрүүвч нь хоосон байсан. Ингээд Б араас орж ирээд нөгөө залууг барьж аваад чи мөнгө гаргаж өг гэсэн чинь би тийм мөнгө аваагүй гээд шууд гарах гээд байхаар нь цуг дагаад явсан. Тэр залуу нэг хашаа руу дагуулж ороод буцаж гарч ирэхдээ нэг залуутай хамт гарч ирсэн. Б тэр хашаанд ороод жоохон согтуу байсан болохоор энэ хөгшин хүний мөнгийг өг гээд тэр залуутай маргалдаад нэгэнтэй нь барьцалдаад авсан. Тэгээд нэг нь сүх барьчихсан байхаар нь би гүйж очоод салгах гэсэн бөгөөд Б ын толгой руу цохисон байх шиг байсан. Голоор нь ороод салгах гэхэд тэр сүх нь цээж рүү цохих шиг болсон ба надтай нэг нь барьцалдаад зууралдаад байсан...” гэх мэдүүлэг. /хх 24-28 дугаар хуудас/,

Хохирогч П.Б н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ш.З нөгөө залууг бариад харанхуй хашаа руу ороод шууд байшингийн хаалгыг нь татсан чинь урдаас эмэгтэй, эрэгтэй хүн гарч ирсэн. Би шууд та нар настай хүний мөнгийг өгчихөөч яах гэж авсан юм гэж хэлсэн чинь цаанаас гарч ирсэн нэг залуу та нар өөрсдөө авсан юм байгаа биз гэж хэлээд шууд намайг гараараа нүүр рүү цохиод авсан. Ингээд тэр залуутай барьцалдаж байхад араас нэг нь ирээд толгой руу цохиод авсан...” гэх мэдүүлэг. /хх 30-34 дүгээр хуудас/,

Насанд хүрээгүй гэрч Б.Н н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би гэртээ аав Баяртогтох, ах Амарбаатар нарын хамт байж байсан чинь ээж орой жаахан архи уучихсан ирсэн. Ингээд би унтаад сэрсэн чинь аав намайг миний охин даарч байна уу гээд хаалганы хажууд, буланд байсан сүхийг аваад гадаа гараад нүүрс хагалсан. Би хажууд нь зогсож байсан чинь аав миний охин ор ор даарчихна гэж хэлээд оруулсан. Гэр дотор байж байсан чинь хүмүүс гадаа хашгиралдаад байхаар нь айгаад хөнжил дотроо ороод хэвтсэн чинь унтчихсан байсан...” гэх мэдүүлэг. /хх 36 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн ¹3298 дүгнэлтэд “Ш.З н биед баруун зулай ясны хугарал, аалзан бүрхүүл доорх цус харвалт, хуйханд шарх, цээжинд цус хуралт, зүүн чихэнд зулгаралт, зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ...хүнд зэрэгт хамаарна” гэжээ /хх 42 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн ¹3428 дүгнэлтэд “П.Б н биед дагзны хуйханд шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо, нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ, хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хх 45 дугаар хуудас/,

Шүүх сэтгэц эмгэг судлалын 2017 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн №549 дүгнэлтэд “Б.Б нь хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэгэн өвчингүй, өөрийгөө удирдан хянах чадвартай, үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай, хэрэг хариуцах чадвартай байна” гэжээ /хх 51-53 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх 23 дугаар хуудас/,

Өвчний түүх /хх 78-91 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 69 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 70 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Б нь 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Номингийн тоот хашаанд хохирогч П.Б н толгойн тус газар сүхээр цохин эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,

2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Номингийн  тоот хашаанд хохирогч Ш.З н толгойн тус газар сүхээр цохин эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

Хохирогч Ш.З ийн мөрдөн байцаалтанд мэдүүлсэн “…тэгээд нөгөө залуутай чи мөнгө авсан өөр хэн авдаг юм гээд хэрэлдээд дагаад яваад байсан чинь нэг хашаа руу дагуулж ороод нөгөө залуу байшин руугаа орсон. Буцаж гарч ирэхдээ нэг залуутай хамт гарч ирсэн. Тэгээд над дээр нэг залуу нь ирсэн. Яг хэн гэдгийг нь мэдэхгүй байна. Би тухайн үед пижигнэлдээд байхаар нь айгаад, сандараад доошоо тонгойсон чинь араас нэг нь цохиод авсан. Тэгээд би босох гэсэн босож чадахгүй өндийх гээд байж байсан эргүүлийн машинтай цагдаа ирж таарсан. Тэгээд тэр 2 залууг машинд суулгаад аваад явсан. Б н толгойноос нь цус гарч байсан. Хэнд цохиулсаныг нь хараагүй” гэх мэдүүлэг /хэргийн 25-26 хуудас/,

            Хохирогч П.Б ын мөрдөн байцаалтанд мэдүүлсэн “...Ш.З нөгөө залууг бариад харанхуй хашаа руу ороод шууд байшингийн хаалгыг нь татсан чинь урдаас эмэгтэй, эрэгтэй хүн гарч ирсэн. Би шууд та нар настай хүний мөнгийг өгчихөөч яах гэж авсан юм гэж хэлсэн чинь цаанаас гарч ирсэн нэг залуу та нар өөрсдөө авсан юм байгаа биз гэж хэлээд шууд намайг гараараа нүүр рүү цохиод авсан. Ингээд тэр залуутай барьцалдаж байхад араас нэг нь ирээд толгой руу цохиод авсан. ...Би 10 хоноод толгойдоо тавиулсан оёдлоо авхуулсан. Одоо биеийн байдал хэвийн байгаа. Гомдол санал нэхэмжлэх зүйл алга” гэх мэдүүлэг. /хх 30-34 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн шинжээчийн ¹3298 дүгнэлт, мөн 2017 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн ¹3428 дүгнэлтүүд, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол зэрэг болно.

Шүүгдэгч Б.Б д холбогдох Ш.З ийн биед хүнд гэмтэл учруулсан үйлдэлд прокуророос 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна. Харин 2017 оны 03 дугаар сарын 02-ны өдөр тухайн гэмт хэргийг үйлдсэн бөгөөд 2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “оногдуулах ялыг хөнгөрүүлсөн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ. Иймд шүүгдэгч Б.Б д холбогдох хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуульд зааснаар зүйлчилж, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж, хэргийг хэрэгсэхгүй болгосон болно.

          Шүүх шүүгдэгч Б.Б д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин гэмт хэрэг анх удаа үйлдсэн этгээд гэмт хэргийн хохирлыг нөхөн төлсөн  байх тул 2002 оны  Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял оногдууллаа.

          Шүүгдэгч Б.Б ын хүний эрүүл мэндэд хөнгөн болон хүнд хохирлуудыг төмөр бариултай сүхээр цохин үүсгэсэн үйлдэл нь 2015 оны шинэчилэн найруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад  заасан зэвсэг,тусгайлан бэлтгэсэн  зэвсгийн чанартай зүйл  хэрэглэсэн шинжтэй тохирч байх бөгөөд оногдуулах ялын хэмжээ хүндрэхээр байх тул Б.Баяртогтохын үйлдсэн гэмт хэрэгт шинэчилэн найруулсан 2015 оны Эрүүгийн хуулийг хэрэглэх үндэслэлгүй гэж дүгнэв.

Хохирогч Ш.З нь хохиролд 1.200.000 төгрөг авсан, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, хохирогч П.Б нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн төмөр иштэй 1 ширхэг төмөр сүхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгчийн цагдан хоригдсон 89 хоногийг эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэв.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй  болохыг дурдах нь зүйтэй байна.