Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 657

 

“ЕШ” ХХК-ийн нэхэмжлэлтэй                                                                                   иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 181/ШШ2020/00348 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “ЕШ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч С.Д-д холбогдох

15.325.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчдын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг, хариуцагч С.Д-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Д- нь 2007-2012 онд “Есөн дэлбээ” ХЗХ-нд нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа “ЕШ” ХХК-аас иргэдийн нэр дээр зээл авсан мэт зээлийн гэрээг хуурамчаар үйлдэж, нийт 17.533.000 төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байсан. С.Д- нь 6 жилийн хугацаанд бодит хохирол буюу үндсэн зээлээс 5.344.000 төгрөг төлж, 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 2.189.000 төгрөгийг тус тус цувуулан төлсөн боловч бодит хохирол болох үндсэн зээлийн үлдэгдэл 10.000.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад буюу 2019 оны 6 дугаар сарын 21-ний 54 тоот тогтоолоор уг хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. С.Д-тэй байгуулсан барьцаат зээлийн гэрээнүүдийн 2 дугаар зүйлд Зээлдэгч нь зээлдүүлэгчээс авсан зээлээ гэрээнд заасан хугацааны дотор буцааж төлөх ба хэрэв хугацаа хэтрүүлбэл хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг зээлдүүлэгчид төлнө гэж заасан. Хариуцагчид эрүүгийн хариуцлага тооцохгүй болсон учир манай компани өөрт учирсан шууд бус хохирол болох үндсэн зээлийн алдангийг нэхэмжилж байна. Иймд хариуцагч С.Д-гийн өөрөө авч ашигласан үндсэн зээлийн үлдэгдэл 10.000.000 төгрөг, алданги 5.000.000 төгрөг, хүү 255.000 төгрөг, эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг нийт 15.325.200 төгрөгийг хариуцагч С.Д-гээс гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Эхний нэхэмжилсэн 17.533.000 төгрөгнөөс 17.259.000 төгрөгийн зээлийг би авсан нь үнэн. “ЕШ” ХХК-аас цагдаад гаргаж өгсөн 17.533.000 төгрөгний зээлийн журналд миний авсан зээлийг бичээгүй, өөр хүний нэртэй зээлүүд бичсэн байна. 2012 оны 7 дугаар сарын 24-ний өдөр миний төлсөн 2.500.000 төгрөг нь барьцаагүй зээлийн журналаас хасагдсан боловч энэ дүнд тохируулан н.Болормаа гараар бичсэн барьцаагүй зээлийн жагсаалт хуурамчаар гаргаж өгсөн байна. Үүнийг хэргийг хэрэгсэхгүй болгосон эрүүгийн хэргийн баримтаас баримтаа хуулбарлан авснаар тэнд өгсөн зээлийн журналтай тулгаснаар мэдсэн. “ЕШ” ХХК нь н.Болормаагийн бичиж өгсөн гар бичмэлээр өр үүсгэж нэхэмжилсэн нь миний төлсөн мөнгө, авсан зээл бүгд зөрөх шалтгаан болсон байна. н.Болормаа миний аваагүй ззэлийг над дээр нэмж хий бичиж миний төлөөд барагдуулчихсан 2.500.000 төгрөгийн зээлийг миний төлбөрөөс хасаагүй байна. н.Гантулга захирал миний журнал яаж хөтөлдөг хэрхэн үнэн зөв тоо тавьдаг гэдгийг мэднэ. Урьд нь цагдаад 2 удаа байцаалт өгөхөд хэдэн төгрөг нэхэмжлээд байгаа гэдэг нь тодорхойгүй, байцаалт бүрд өөр өөр дүнгээр нэхэмжилсэн. Хэргийг хэрэгсэхгүй болсон материалын \ 3хх-217\-д байцаалтанд би 14.245.000 төгрөгийн зээл төлнө гэж байцаалт өгсөн нь /17.259.000 - 2.500.000=14.759.000/ гэж тооцоолж өгсөн. Цагдаад эрүү үүсгэж өгөхдөө 2012 оны 7 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 2.500.000 төгрөгийг хасаад өгсөн юм байна гэж ойлгоод 14.245.000 төгрөгний барьцаагүй зээл байгаа гэж мэдүүлэг өгсөн. Энд төлсөн мөнгөө 8.228.500 төгрөг гэж бас байцаалтанд өгсөн. Ингээд миний бие 17.259.000 төгрөгийг дараах байдлаар төлсөн. Үүнд: 2012 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 2.500.000 төгрөгийг, 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1.800.000 төгрөгийг зузаатгалаар,2012 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 2.000.000 төгрөгийг н.Гантулга захиралд, 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 500.000 төгрөгийг Отгонд зузаатгалаар, 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 450.000 төгрөгийг Отгонд зузаатгалаар, 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 195.500 төгрөгийг зузаатгалаар, 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 399.761 төгрөгийг Тунгалагтамирт зузаатгалаар 7,8 сарын амралтын мөнгө, 2012 оны 12 дугаар сарыг 28-ны өдөр 320.000 төгрөгийг цалингаа төлбөртөө өгсөн, 2012 оны 12 дугаар сард 98.000 төгрөг цалингаа, 2012 оны 12 дугаар сард 175.000 төгрөг цалингаа, 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 2.189.000 төгрөг Багануурт бэлнээр тус тус төлж нийт 10.627.261 төгрөгийг төлсөн. Одоо төлөх ёстой үлдэгдэл үндсэн зээл 17.259.000-10.627.281= 6.631.739 төгрөг байна. Гэтэл нэхэмжлэгч миний төлсөн төлбөрөөс 3.094.000 төгрөгийг төлсөн төлбөрт оруулж тооцоогүйгээс үлдэгдэл төлөх төлбөрийн хэмжээ 10.000.000 төгрөг гэж 3.368.261 төгрөгийг үндсэн төлбөрөөс илүү нэхэмжилж, алданги 5 сая төгрөгийг хууль бусаар нэхэмжилсэн байх тул би нэхэмжлэлийн шаардлагад заасан төлбөрийг төлөхийг зөвшөөрөхгүй. Учир нь би “Есөн Дэлбээ” ХЗХоршооны нягтлангаар ажилд орсон . Гэтэл надад н.Гантулга захирал ямар ч тушаал гаргахгүйгээр “ЕШ” ХХК-д нягтлангаар давхар 5 жил ажиллуулахдаа нэг ч удаа цалин өгөөгүй.

Иймд би “ЕШ” ХХК-д давхар нябогоор ажилласан 2008-2013 оны 5 жилийн хугацааны цалинг төрөөс тогтоосон тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодоход (192.000 Х 60 сар ) 11.520.000 төгрөгийн цалин авах авлагатай учир авч чадаагүй цалингаа өрөндөө суутгуулж тооцуулахыг хүсч байна. Ломбарднаас залилж мөнгө зээлсэн гэх миний гэрээнүүд нь ихэнх нь өөр өөр хүний нэрээр хийгдсэн, гэрээ хийсэн нэр бүхий хүмүүс нь өөрөө гэрээ хийгээгүй би өмнөөс нь гэрээ хийж мөнгийг нь өөртөө авсан хууль бус гэрээнүүд байсан учраас намайг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж эрүүгийн хариуцлагад татсан, эдгээр гэрээнүүд нь иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5 дах хэсэгт зааснаар би зөвхөн зээлж авсан мөнгөө буцааж төлөх ёстой бөгөөд гэрээний 2-т заасан алданги төлөх үүрэг үүсэхгүй учир нэхэмжлэгчийн алданги гаргуулах шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй тул 5.000.000 төгрөгийн алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Д-гээс 10.000.000 төгрөгийг гаргуулан “ЕШ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5.325.200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар “Хас банк” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234.577 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 174.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Ганбилэг давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч тал нэхэмжлэл гаргахдаа С.Д-гийн 2007-2012 онд иргэдийн нэр дээр зээл авсан мэт байгуулж, өөрөө авсан 92 ширхэг зээлийн гэрээнүүдийг хэрэгт нотлох баримтаар өгсөн. Энэхүү зээлийн гэрээнүүдийн 1, 2-т тус тус зааснаар хүү, алданги тооцсон. Тэгэхээр С.Д- дээрх зээлийн гэрээгээр мөнгө авахдаа хүү, алданги төлөх ёстой гэдгээ мэдэж байсан, үүнийгээ шүүх хуралдааны явцад ч мэдүүлсэн. С.Д- нь 2007-2012 онд авсан зээлээс төлсөөр 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн байдлаар 10.000.000 төгрөг үлдсэн учраас энэ 10.000.000 төгрөгт ногдох хүү, алдангийг 2007-2012 онд байгуулсан зээлийн гэрээнүүдийг үндэслэн нэхэмжлэгч тал нэхэмжилснийг шүүх анхаарч дүгнэлт хийсэнгүй. Нэхэмжлэлийн шаардлагад хариуцагчийг эрэн сурвалжилсан улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг нэхэмжилснийг хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа  төлөхөөр хүлээн   зөвшөөрсөн   байхад   анхан   шатны   шүүх   хангаж шийдсэнгүй. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 10.000.000 төгрөг төлөхөөр гэрээ хийсэн учир нь Багануур Дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагч а/х н.Мөнхбат нь намайг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр дуудаж байцаалт авахдаа таны хэргийг АТГазарт шилжүүлэх гэж байна та яг одоо 12.189.000 төгрөгийг төлөөд үлдсэн 10.000.000 төгрөгийг 5 дугаар сарын 28-ны дотор төлөхөөр гэрээ хий гэсэн. Гэхдээ энэ өдөр байцаалт өгөхдөө миний төлсөн мөнгө 8.228.500 төгрөг гэдгийг би хэлсэн хавтаст хэрэгт байгаа энэ нь 2.189.000 төгргийг төлөөгүй байхдаа өгсөн мэдүүлэг. Гэхдээ "ЕШ" ХХК нь миний төлсөн мөнгөнөөс хүү, алданги суутгасан байна. Би 5 жил цалин авалгүй ажилласан. Одоо миний төлөх төлбөр /17.533.000 – 10.162.910/ = 7.370.090 төгрөг, би 10.000.000 төгрөг төлөх ямар ч үндэслэл байхгүй би зөвшөөрөхгүй байна. Иймд энэхүү хэргийг дахин хянаж шийдвэрлэж өгнө үү. Гэхдээ би 10.627.261 төгрөг төлсөн нь үнэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “ЕШ” ХХК нь хариуцагч С.Д-д холбогдуулан гэрээний үүрэгт 15.325.200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч С.Д- нь “ЕШ” ХХК-д нягтлан бодогчоор ажиллаж байхдаа 2007- 2012 онд иргэдийн нэр дээр барьцаат зээлийн гэрээг хуурамчаар үйлдэж, 92 удаагийн үйлдлээр нийт 17.533.000 төгрөгийг авсан гэх үйлдэлд цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан, ийнхүү мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байхад  5.344.000 төгрөгийг, болон 2.189.000 төгрөгийг төлсөн, Багануур дүүргийн Прокурорын газрын прокурорын тогтоолоор 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 54 дугаартай хэрэг бүртгэлтийн 201301070178 тоот хэргийг гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаасан зэрэг үйл баримт, зохигчдын тайлбар, “ЕШ” ХХК-ийн тэмдэг бүхий зээлийн болон барьцаат зээлийн гэрээнүүд, прокурорын тогтоол, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 107 тоот дүгнэлт зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон байна. /хх-ийн 7-12, 58-154/

Прокурорын дээрх 54 тоот  тогтоолд “ЕШ” ХХК нь С.Д-гээс 10 000 000 төгрөгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан байхаас гадна талууд 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр “хохирол төлөх тухай” хэлцлийг бичгээр  хийж, нотариатчаар гэрчлүүлсэн ба уг баримтаар хариуцагч С.Д- нь 10.000.000 төгрөгийг хоёр хувааж нэхэмжлэгч “ЕШ” ХХК-д төлөхөөр харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан “талууд хуулийн хүрээнд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлох” зарчимд нийцсэн, мөн хуулийн  186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар үүрэг үүсгэсэн хэлцэл байх тул үүрэг гүйцэтгүүлэгч нь үүрэг гүйцэтгэгчээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй байна.  /хх-ийн 6/

Хэдийгээр талууд хүү, алдангийн талаар тохиролцоогүй боловч байгууллагад ажиллаж байхдаа учруулсан хохирол төлбөрийг төлөх хугацааг тодорхой болгож, төлбөрийн хуваарь тогтоох нь хуулиар хориглоогүй хэлцэл бөгөөд ийнхүү тохиролцох нь Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.1.3-т нийцэх юм.

Харин талууд дээрх “хохирол төлөх тухай” хэлцэлд хүүгийн талаар тохиролцоогүй, Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3 дах хэсэгт зааснаар анзын гэрээг бичгээр баталгаажуулаагүйгээс гадна өөр бусад иргэдийн нэр дээр байгуулагдсан “ЕШ” ХХК-ийн тэмдэг бүхий зээлийн болон барьцаат зээлийн гэрээг үндэслэн хариуцагч  С.Д-г анз төлөх үүрэг хүлээсэн гэж үзэх үндэслэлгүй гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. /хх-ийн 64-154/

Шүүх талуудын хооронд 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр байгуулагдсан “хохирол төлөх тухай” баримт нь үүрэг хүлээсэн хэлцэл байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт заасан хохирол гэж тодорхойлсон  нь буруу юм.

Ийм учраас хариуцагч С.Д-гээс 10.000.000 төгрөгийг гаргуулж “ЕШ” ХХК-д олгох нь Иргэний хуулийн  186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт нийцнэ.

Нэхэмжлэгч нь хариуцагчийг эрэн сурвалжлуулах шүүхийн шийдвэр гаргуулахад улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлсөн нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 02242 дугаар шийдвэрээр тогтоогдсон, хариуцагч нь уг шаардлагыг зөвшөөрсөн байх тул хариуцагчаас 70 200 төгрөгийг  Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар хохиролд тооцон шаардах эрхтэй болно.

Хариуцагч С.Д- нь “...н.Болормаа миний аваагүй зээлийг над дээр нэмж хий бичиж миний төлж барагдуулсан 2.500.000 төгрөгийг миний төлбөрөөс хасаагүй... 10.000.000 төгрөгийг бус 6.631.739 төгрөгийг төлнө...  2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр үйлдэгдсэн төлбөр төлөх тухай баримтыг зөвшөөрөхгүй...”  гэж тайлбарлаж байгаа боловч хариуцагчийн хариу тайлбартай хавсаргаж ирүүлсэн баримтууд нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар өөрийн татгалзлаа нотлох баримтуудыг хариуцагч гаргаж өгөөгүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Хариуцагч нь давж заалдах гомдолдоо “...мөрдөн байцаагч а/х н.Мөнхбат нь намайг АТГ-т  шилжүүлнэ гэж 10.000.000 төгрөгийн гэрээг  хийлгэсэн...” гэх боловч ийнхүү бусдын хүч хэрэглэсэн дарамталсан үйлдлийн улмаас хэлцэл хийсэн талаар хэрэгт нотлох баримт авагдаагүй, тухайн асуудлаар холбогдох байгууллага, албан тушаалтанд гомдол гаргаж байгаагүй байна.

Мөн зээл төлсөн зээлийн журнал гэх баримтыг давж заалдах гомдолд хавсаргасан байх боловч энэ бичмэл нотлох баримтад тавигдах шаардлага хангахгүй байхаас гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4 дэх хэсэгт зааснаар энэ хуулийн 161.1 дэх хэсэгт заасан этгээд давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагч С.Д-гээс 10.070.200 төгрөгийг гаргуулан “ЕШ” ХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5.255.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагад холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 181/ШШ2020/00348 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дүгээр заалтыг “Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч С.Д-гээс 10 070 200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ЕШ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 5 255 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтын “147 950” гэснийг “176 073” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3,  162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт тус тус зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 57 029 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс төлсөн 100 154 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Э.ЗОЛЗАЯА

                                         ШҮҮГЧИД                                       Ш.ОЮУНХАНД

                                                                                                Н.БАТЗОРИГ