Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 181/ШШ2020/00348

 

       2020         01           31  

 181/ШШ2020/00348

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

            Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Ичинхорлоо даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар       

Нэхэмжлэгч: ЕХХК -ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: С.Д-д холбогдох,

15.325.200 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Г, түүний өмгөөлөгч О.Б, хариуцагч С.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн даргад Ч.Билгүүн нар оролцов.

            Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

            Даш бэйс овгийн Сын Д нь 2007-2012 онд Есөн дэлбээ ХЗХ-нд нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа ЕХХК-иас иргэдийн нэр дээр зээл авсан мэт зээлийн гэрээг хуурамчаар үйлдэж, нийт 17.533.000 төгрөгийг завшсан гэмт хэрэг үйлдэж, эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байсан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад манай компани Эрүүгийн хуульд заасны дагуу С.Дгийн нийт учруулсан бодит хохирлын үлдэгдэл болох 17.533.000 төгрөгөөр шууд учирсан бодит хохирлоо тооцож тодорхойлсон байсан.

С.Д нь 6 жилийн хугацаанд бодит хохирол буюу үндсэн зээлээс 5.344.000 төгрөг төлж, 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 2.189.000 төгрөгийг тус тус цувуулан төлсөн боловч бодит хохирол болох үндсэн зээлийн үлдэгдэл 10.000.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх явцад буюу 2019 оны 06 сарын 21-ний 54 тоот тогтоолоор уг хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

Энэхүү тогтоолд хохирогч манай компанийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүхэд баримтаа бүрдүүлэн нэхэмжлэл гаргах эрхээ хэрэгжүүлж, хохирлоо барагдуулах эрхтэй гэж заасан учраас шүүхэд нэхэмжлэлээ гаргаж байна.

С.Дтэй байгуулсан барьцаат зээлийн гэрээнүүдийн 2 дугаар зүйлд Зээлдэгч нь зээлдүүлэгчээс авсан зээлээ гэрээнд заасан хугацааны дотор буцааж төлөх ба хэрэв хугацаа хэтрүүлбэл хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувьтай тэнцэх хэмжээний алдангийг зээлдүүлэгчид төлнө гэж заасан.

Ашгийн төлөө үйл ажиллагаа явуулдаг манай компани хариуцагчийн буруутай үйлдлийн улмаас хохироод зогсохгүй зээлийн гэрээгээр тооцсон хохирол болох хүү, алдангиа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тооцож нэхэмжлээгүй байсан.

Хариуцагчид эрүүгийн хариуцлага тооцохгүй болсон учир манай компани өөрт учирсан шууд бус хохирол болох үндсэн зээлийн алдангийг нэхэмжилж байна.

Хариуцагч С.Д нь Багануур дүүрэгт хаягтаа оршин суухгүй байсан учир Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 02242 дугаартай шүүхийн шийдвэрээр хариуцагчийг эрэн сурвалжлуулж, Багануур дүүргийн цагдаагаас оршин суугаа хаягийг тогтоож өгсөн.

Иймд хариуцагч С.Дгийн өөрөө авч ашигласан үндсэн зээлийн үлдэгдэл 10.000.000 төгрөг, алданги / Иргэний хуулинд заасны дагуу алданги үндсэн зээлийн 50%-иас хэтрэхгүй гэснийг баримтлан/ 5.000.000 төгрөг, хүү 255.000 төгрөг, эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг нийт 15.325.200 төгрөгийг хариуцагч С.Дгээс гаргуулан өгнө үү гэв.

Хариуцагч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэлд миний авсан зээлийн тооцоог буруу гаргасан байна. Эхний нэхэмжилсэн 17.533.000 төгрөгнөөс 17.259.000 төгрөгийн зээлийг би авсан нь үнэн.

ЕХХК-иас цагдаад гаргаж өгсөн 17.533.000 төгрөгний зээлийн журналд миний авсан зээлийг бичээгүй, өөр хүний нэртэй зээлүүд бичсэн байна.

2012 оны 7 дугаар сарын 24-ний өдөр миний төлсөн 2.500.000 төгрөг нь барьцаагүй зээлийн журналаас хасагдсан боловч энэ дүнд тохируулан Болормаа гараар бичсэн барьцаагүй зээлийн жагсаалт хуурамчаар гаргаж өгсөн байна.

Үүнийг хэргийг хэрэгсэхгүй болгосон эрүүгийн хэргийн баримтаас баримтаа хуулбарлан авсанаар тэнд өгсөн зээлийн журналтай тулгаснаар мэдсэн. ЕХХК нь Болормаагийн бичиж өгсөн гар бичмэлээр өр үүсгэж нэхэмжилсэн нь миний төлсөн мөнгө, авсан зээл бүгд зөрөх шалтгаан болсон байна.

Би өөрийнхөө авсан зээл дээр журнал хөтлөөд явж байдаг. Болормаагийн бичсэн энэ журнал дээр компаний журнал дээр байхгүй миний аваагүй, өөр хүний нэртэй зээлүүд хольж нэмж бичсэн байна.

Болормаа миний аваагүй ззэлийг над дээр нэмж хий бичиж миний төлөөд барагдуулчихсан 2.500.000 төгрөгийн зээлийг миний төлбөрөөс хасаагүй байна.

Гантулга захирал миний журнал яаж хөтөлдөг хэрхэн үнэн зөв тоо тавьдаг гэдгийг мэднэ дээ. Урьд нь цагдаад 2 удаа байцаалт өгөхөд хэдэн төгрөг нэхэмжлээд байгаа гэдэг нь тодорхойгүй, байцаалт бүрд өөр өөр дүнгээр нэхэмжилсэн. Болормаагийн жагсаалтыг танилцаагүй, өөрийн болон ЕХХК-ний журналтай тулгаж үзэх боломж олдоогүй учир цагдаагийн асуусан асуултанд хариулж, өөрийн авсан зээлийн тооцоогоо үнэн зөвөөр нь хэлж байсан.

Хэргийг хэрэгсэхгүй болсон материалын 3-р хавтасын 217 хуудсанд өгсөн байцаалтандаа би 14.245.000 төгрөгний зээл төлнө гэж байцаалт өгсөн нь /17.259.000-2.500.000=14.759.000/ гэж тооцоолж өгсөн.

Цагдаад эрүү үүсгэж өгөхдөө 2012 оны 7 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 2.500.000 төгрөгийг хасаад өгсөн юм байна гэж ойлгоод 14.245.000 төгрөгний барьцаагүй зээл байгаа гэж мэдүүлэг өгсөн. Энд төлсөн мөнгөө 8.228.500 төгрөг гэж бас байцаалтанд өгсөн.

Ингээд миний бие 17.259.000 төгрөгийг дараах байдлаар төлсөн. Үүнд: 2012 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 2.500.000 төгрөгийг, 2012 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр 1.800.000 төгрөгийг зузаатгалаар,2012 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 2.000.000 төгрөгийг Гантулга захиралд, 2012 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 500.000 төгрөгийг Отгонд зузаатгалаар, 2012 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 450.000 төгрөгийг Отгонд зузаатгалаар, 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 195.500 төгрөгийг зузаатгалаар, 2012 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 399.761 төгрөгийг Тунгалагтамирт зузаатгалаар 7,8 сарын амралтын мөнгө, 2012 оны 12 дугаар сарыг 28-ны өдөр 320.000 төгрөгийг цалингаа төлбөртөө өгсөн, 2012 оны 12 дугаар сард 98.000 төгрөг цалингаа, 2012 оны 12 дугаар сард 175.000 төгрөг цалингаа, 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 2.189.000 төгрөг Багануурт бэлнээр тус тус төлж нийт 10.627.261 төгрөгийг төлсөн.

Одоо төлөх ёстой үлдэгдэл үндсэн зээл 17.259.000-10.627.281= 6.631.739 төгрөг байна гэтэл нэхэмжлэгч миний төлсөн төлбөрөөс 3.094.000 төгрөгийг төлсөн төлбөрт оруулж тооцоогүйгээс үлдэгдэл төлөх төлбөрийн хэмжээ 10.000.000 төгрөг гэж 3.368.261 төгрөгийг үндсэн төлбөрөөс илүү нэхэмжилж, алданги 5 сая төгрөгийг хууль бусаар нэхэмжилсэн байх тул би нэхэмжлэлийн шаардлагад заасан төлбөрийг төлөхийг зөвшөөрөхгүй.

Учир нь би Есөн Дэлбээ ХЗХоршооны нягтлангаар ажилд орсон . Гэтэл надад Гантулга захирал ямар ч тушаал гаргахгүйгээр ЕХХК-д нягтлангаар давхар 5 жил ажиллуулахдаа нэг ч удаа цалин өгөөгүй.

ЕХХК -нь актив ихтэй сардаа их хэмжээний зээл гарч, мөн их хэмжээний зээл эргэн төлөгддөг, гурван салбартай, энэ их ачаалалтай ажлыг Есөн Дэлбээ ХЗХоршооны нягтлан бодогчийн ажлын хажуугаар хийнэ гэдэг үнэхээр хүнд байсан. Би Гантулга захиралд удаа дараа хэлж байсан цалин өгнө л гэдэг өгсөн цалин байхгүй.

Иймд би ЕХХК-нд давхар нябогоор ажилласан 2008-2013 оны 5 жилийн хугацааны цалинг төрөөс тогтоосон тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр бодоход (192.000 Х 60 сар ) 11.520.000 төгрөгийн цалин авах авлагатай учир авч чадаагүй цалингаа өрөндөө суутгуулж тооцуулахыг хүсэж байна.

Надаас нэхэмжилж буй төлбөр нь зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл биш, хөөн хэлэлцэх хугацаа дуусаж хэрэгсэхгүй болсон эрүүгийн хэргийн хохирол учир хүү, алданги тооцох хууль зүйн үндэслэл үгүй учир миний төлбөрт төлсөн мөнгөнүүд болон гэрээний хугацааг сунгаж хүү төлж байсан мөнгөнүүд хэргийн хохирол төлсөн төлбөрт тооцогдож хасагдах ёстой байтал, хохирлын дүнд хүүг оруулж нэмж дүгнэж, түүнээсээ алданги тооцсон, төлсөн мөнгийг хэргийн хохиролын төлбөрт тооцох байтал заримыг хүүний төлбөрт суутган тооцон хохролын төлбөрөөс дутуу суутгаснаас бодит хохирол төлбөрийн тооцоо зөрүүтэй байна

Ломбарднаас залилж мөнгө зээлсэн гэх миний гэрээнүүд нь ихэнх нь өөр өөр хүний нэрээр хийгдсэн, гэрээ хийсэн нэр бүхий хүмүүс нь өөрөө гэрээ хийгээгүй би өмнөөс нь гэрээ хийж мөнгийг нь өөртөө авсан хууль бус гэрээнүүд байсан учраас намайг залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж эрүүгийн хариуцлагад татсан, эдгээр гэрээнүүд нь иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэлүүд учир хийсэн цагаасаа хүчин төгөлдөр бус болох бөгөөд мөн хуулийн 56.5- д зааснаар авсанаа буцааж өгөх үүрэг үүсэх тул би зөвхөн зээлж авсан мөнгөө буцааж төлөх ёстой бөгөөд гэрээний 2-т заасан алданги төлөх үүрэг үүсэхгүй учир нэхэмжлэгчийн алданги гаргуулах шайрдлага нь хууль зүйн үндэслэлгүй тул 5 сая төгрөгийн алдангийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

            Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад        

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг  хангах үндэстэй.

Нэхэмжлэгч ЕХХК нь хариуцагч С.Д-д холбогдуулан 15.325.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ.

Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

Хариуцагч С.Д нарт холбогдох Хэрэг бүртгэлийн хэргийг 2019 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 54 дугаартай Прокурорын тогтоолоор гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хаасан байна. /хх-ийн 7-12-р хуудас/

Хариуцагч С.Д нь Бага нуур дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг ЕХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байх үедээ буюу 2007 оноос 2012 оны 7 дугаар сарын 07-ны өдрийг хүртэлх хугацаанд иргэдийн нэр дээр зээлийн гэрээг хуурамчаар хийж, 92 удаагийн үйлдлээр 17.533.000 төгрөгийг завшсанаас 5.344.000 төгрөгийг төлж 12.189.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд шалгагдаж байх үедээ 2.189.000 төгрөгийг төлж үлдэх 10.000.000 төгрөгийг хоёр хувааж ЕХХК-д төлөхөө илэрхийлж төлбөр төлөх тухай баримтыг 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр үйлджээ. /хх-ийн 6, 10, 11-р хуудас/

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч ЕХХК, хариуцагч С.Д нарын хооронд 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр төлбөр барагдуулах тухай гэрээ байгуулагдсан байх бөгөөд уг гэрээгээр үлдэх 10.000.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон байгаа нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1.-д заасан “талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан бол гэрээ хийсэн гэж үзнэ” ,  Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1- д “гэрээний талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй” гэсэнтэй нийцэж байна.

Иргэний хуулийн 189 дүгээр зүлийн 189.1-д заасан гэрээ байгуулах талуудын эрх чөлөөнд үндэслэгдсэн хэлцэл гэж үзнэ.

Иймээс хариуцагч С.Д /үүрэг гүйцэтгэгч/ нь 10.000.000 төгрөгийг ЕХХК-д төлөх, нэхэмжлэгч ЕХХК /үүрэг гүйцэтгүүлэгч/ нь учирсан хохирлоо шаардах эрх үүссэн гэж үзнэ.

Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1.-д Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасны дагуу нэхэмжлэгч ЕХХК нь өөрт учирсан хохирлоо хариуцагч С.Дгээс шаардах эрхтэй.

Талуудын хооронд 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр үйлдэгдсэн төлбөр төлөх тухай баримтыг зээлийн гэрээ гэж үзэхгүй бөгөөд уг баримтаар хүү, алданги тооцох үндэслэлгүй.

Иймд хариуцагч С.Дгээс 10.000.000 төгрөгийг гаргуулан ЕХХК-д олгон, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5.325.200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэстэй.

            Хариуцагч С.Д нь нийт 17.533.000 төгрөгийг ЕХХК-д төлөхөөс 10.399.691 төгрөгийг төлсөн, 2019 оны 5 дугаар сарын 13-ны өдөр үйлдэгдсэн төлбөр төлөх тухай баримт нь хууль бус гэж маргаж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзлаа нотлох баримтуудыг гаргаж өгөөгүй болно.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

                                                                                                ТОГТООХ НЬ:

1. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1. дэх хэсэгт зааснаар хариуцагч С.Д-гээс 10.000.000/арван сая/ төгрөгийг гаргуулан ЕХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5.325.200 /таван сая гурван зуун хорин таван мянга хоёр зуу/ төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар Хас банк ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 234.577 төгрөгийг улсын төсвийн дансанд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 174.950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

           

 

ДАРГАЛАГЧ                                    Ч.ИЧИНХОРЛОО