Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 654

 

“ТО” ХХК-ийн нэхэмжлэлтэй                                                                                иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/00278 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “ТО” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Д.А-д холбогдох

Түрээсийн төлбөрт 1 500 000 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгч “ТО” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнзул шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “ТО” ХХК нь иргэн Д.А-тай 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 5 дугаар сарын     08-ны өдөр хүртэл буюу нэг жилийн хугацаатайгаар түрээсийн гэрээ байгуулсан байдаг. Түрээслэгч Д.А- нь энэхүү гэрээгээр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “ТО” ХХК-ийн өөрийн эзэмшлийн Алтан төгрөг үйлчилгээний төвийн 2 давхрын худалдааны зааланд байрлах талбайг Гоёл чимэглэл, гоо сайхны барааны худалдаа зориулалтаар түрээслэхээр харилцан тохиролцож, түрээсийн төлбөрийг 500.000 төгрөг байхаар талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан байдаг. Иргэний хуулийн 318 дугаар зүйл 318.1 дэх хэсэг, түрээсийн гэрээний 3 дугаар зүйл 3.5-д заасны дагуу түрээслэгч Д.А- нь гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ шударгаар, хугацаанд нь зохих ёсоор биелүүлэхгүй байгаа юм. Түрээслэгч нь түрээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө талбайд ороод удалгүй мөн өөрийн дураар талбайгаас гарч бидэнд хүлээлгэж өгөөгүй талбайг орхин явсан явдал нь бидний өмнө хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэж байна. Иймд түрээслэгчийн зүгээс хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс түрээслүүлэгч болох тус компанид учирсан хохирлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 294 дүгээр зүйлийн 294.3 дах хэсэгт заасны дагуу түрээслэгчээс 1.500.000 төгрөг гаргуулж компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.А- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдөр “ТО” ХХК-тай гэрээ байгуулан түрээсийн төлбөр болох 870.967 төгрөг байршуулж үйл ажиллагаагаа эхэлсэн. Энэ хугацаанд түрээслүүлэгч үүргээ биелүүлээгүйн улмаас ашиггүй ажиллаж байгаагаас гадна алдагдалд орж байгаа талаар удаа дараа амаар болон бичгээр мэдэгдсэн. Түрээсийн хугацаа дуусахад ямар нэгэн арга хэмжээ аваагүй тул түрээсийн гэрээг цуцлах талаар бичгээр мэдэгдэн 2019 оны 6 дугаар сарын 30-ны өдөр талбайг бүрэн чөлөөлж түлхүүрийг хүлээлгэн өгсөн. Иймд “ТО” ХХК-ын нэхэмжилсэн төлбөрийг төлөхөөс татгалзаж байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.4-т заасныг баримтлан хариуцагч Д.Анудариас 1.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “ТО”     ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38.950 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнзул давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: "ТО" ХХК-ийн Алтан төгрөг худалдааны төвд байрлах барилгыг бүхэлд нь Улсын бүртгэлд бүртгүүлсэн байдаг бөгөөд тус дэлгүүр 3220 м.кв талбайтай болно. Харин тухайн үл хөдлөх хөрөнгийн дотор байх үйлчилгээний талбай нь уул барилгын нэг хэсэг эд хөрөнгө юм. Ийнхүү барилгын талбайг хэсэгчлэн хөлслүүлж байгаа тохиолдолд иргэд, байгууллага гэрээгээ түрээсийн гэж нэрлэж байгаа хэдий ч өмнө дурьдсанаар гэрээний агуулга нь эд хөрөнгө хөлслөх гэрээ байдаг. Иймд гэрээг улсын бүртгэлд бүртгүүлээгүй гэсэн үндэслэлээр хүчин төгөлдөр бусад тооцсон анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Гэрээг нэрээр нь бус агуулгаар нь тайлбарладаг. Шүүхийн практик ч энэ чиглэлээр явж байгаа. Эд хөрөнгө хөлслөх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуулийн шаардлага байдаггүй. Иргэний хуулийн 294 дүгээр зүйл, 289 дүгээр зүйлийн 289.2 дахь хэсэгт заасан боломжийг хөлслөгчид олгосон байдаг. Ийнхүү гэрээг хугацаанаас өмнө нэг талын санаачилгаар цуцлаад, түрээсийн талбайг шууд орхиод гарах хууль болон гэрээнд заасан эдгээр үндэслэлүүдийн аль нь ч хариуцагчид байгаагүй учир бид түүнийг манай компанитай гэрээ байгуулж, тодорхой үүрэг хүлээсний хувьд хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, гэрээгээ зөрчсөн, бидэнд хохирол учруулсан гэж үзэж байгаа юм. Мөн шүүх тус гэрээг 318 дугаар зүйлийн 318.4 зүйлээр биш Иргэний хуулийн 227 дугаар зүйлийг баримталж, мөн зүйлийн 227.1, 227.3 дах хэсэгт заасны дагуу шийдвэрлэх ёстой байсан гэж үзэж байна. Ийм учраас бид түрээсийн гэрээнээс олох ёстой байсан орлогоо хохиролд тооцон нэхэмжилсэн хэдий ч шүүх дээрх эд хөрөнгө хөлслөх гэрээний заалтуудыг огт дурдалгүй хянаж хэлэлцээгүй. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулан манай нэхэмжлэлийг хангасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч “ТО” ХХК, хариуцагч Д.А-д холбогдуулан түрээсийн төлбөрт 1.500.000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг  хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд 2019 оны 05 дугаар сарын 08-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр нэхэмжлэгч “ТО” ХХК-ийн Алтан төгрөг худалдааны төвийн талбайг Гоёл чимэглэл, гоо сайхны барааны худалдааны зориулалтаар хариуцагч Д.А-д нэг жилийн хугацаатай түрээслүүлэх, хариуцагч түрээсийн төлбөр төлөхөөр тус тус тохиролцжээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт заасан  түрээсийн гэрээний харилцаа үүссэн болохыг зөв дүгнэсэн боловч мөн  хуулийн 318 дугаар зүйлийн 318.4 дэх хэсэгт зааснаар гэрээ хүчин төгөлдөр байх нөхцөл, шаардлагыг хангаагүйн улмаас хүчин төгөлдөр бусад тооцогдох талаар дүгнэсэн нь буруу болжээ.

Түрээсийн гэрээний зүйл нь Баянгол дүүрэгт байршилтай, Алтан төгрөг үйлчилгээний 2 давхрын зааланд байрлах тодорхой нэг хэсэг талбай  байх тул  талуудын хооронд бичгээр хийгдсэн түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3 318.4 дэх хэсэгт зааснаар  хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй. /хх-ийн 6/

Хариуцагч  уг талбайг 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдрийн хугацаанд ашигласан, энэ хугацааны төлбөрөө бүрэн төлсөн, зохигч энэ хугацааны төлбөрийн талаар маргаагүй.

Харин нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 324 дүгээр зүйлийн 324.2 дах хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлж, шаардлага гаргасан бол хариуцагч түрээсийн гэрээг цуцлах талаар мэдэгдсэн, түрээсийн талбайг хүлээлгэн өгсөн гэж маргажээ.

Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дах хэсэгт “Гэрээнд өөрөөр заагаагүй, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна” гэж заасан боловч талуудын хооронд байгуулагдсан гэрээний 8.1-д “...гэрээг цуцлах тухайгаа болон санал болгож буй түрээслэгчийг гэрээг цуцлахаас өмнө 1 сараас доошгүй хугацааны өмнө түрээслэгчид бичгээр мэдэгдэж танилцуулсан байна” гэж тохиролцсон байна. /хх-ийн 6/

Иймд хариуцагч нь “гэрээг цуцлах тухайгаа” нэхэмжлэгчид мэдэгдсэн болох нь Алтан төгрөг худалдааны төвийн захиргаанд түүний гаргасан өргөдлөөр тогтоогдож байх тул хариуцагчийг гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж үзэв.

Харин шүүх тухайн маргаанд хамааралгүй Иргэний хуулийн 318.4 дэх заалтыг хэрэглэсэн нь, 2 дах заалтад хуулийн нэрийг бүтэн бичээгүй зэргээр алдаа гаргасныг залруулах боломжтой.

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж,  шүүхийн шийдвэрт  хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/00278 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “318.4” гэснийг хасч, 2 дах заалтын “...хураамжийн...” гэсний дараа “...тухай хуулийн...” гэж нэмж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Э.ЗОЛЗАЯА

                                         ШҮҮГЧИД                                       Ш.ОЮУНХАНД

                                                                                                Н.БАТЗОРИГ