Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2021/01400

 

 

 

 

 

 

 

 

 

2021 11 17 001/ХТ2021/01400

 

 

 

Тэмүүлэн-Од ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Л.Атарцэцэг даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/00278 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 654 дүгээр магадлалтай,

 

Тэмүүлэн-Од ХХК-ийн нэхэмжлэлтэй

Д.Анударьд холбогдох

 

Түрээсийн төлбөрт 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Батсайханы хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Мөнгөнзул, хариуцагч Д.Анударь, нарийн бичгийн дарга Х.Амарбаясгалан нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Тэмүүлэн-Од ХХК нь иргэн Д.Анударьтай 2019.05.08-ны өдрөөс 2020.05.08-ны өдөр хүртэл буюу нэг жилийн хугацаатайгаар түрээсийн гэрээ байгуулсан байдаг. Түрээслэгч Д.Анударь нь энэхүү гэрээгээр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тэмүүлэн-Од ХХК-ийн өөрийн эзэмшлийн Алтан төгрөг үйлчилгээний төвийн 2 давхрын худалдааны зааланд байрлах талбайг Гоёл чимэглэл, гоо сайхны барааны худалдаа зориулалтаар түрээслэхээр харилцан тохиролцож, түрээсийн төлбөрийг 500,000 төгрөг байхаар талууд харилцан тохиролцож гэрээ байгуулсан байдаг. Иргэний хуулийн 318 дугаар зүйл 318.1 дэх хэсэг, түрээсийн гэрээний 3 дугаар зүйл 3.5-д заасны дагуу түрээслэгч Д.Анударь нь гэрээний дагуу төлбөр төлөх үүргээ шударгаар, хугацаанд нь зохих ёсоор биелүүлэхгүй байгаа юм. Түрээслэгч нь түрээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө талбайд ороод удалгүй мөн өөрийн дураар талбайгаас гарч бидэнд хүлээлгэж өгөөгүй талбайг орхин явсан явдал нь бидний өмнө хүлээсэн үүргээ зөрчсөн гэж үзэж байна. Иймд түрээслэгчийн зүгээс хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөнөөс түрээслүүлэгч болох тус компанид учирсан хохирлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 294 дүгээр зүйлийн 294.3 дахь хэсэгт заасны дагуу түрээслэгчээс 1,500,000 төгрөг гаргуулж компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2019.05.08-ны өдөр Тэмүүлэн-Од ХХК-тай гэрээ байгуулан түрээсийн төлбөр болох 870,967 төгрөг байршуулж үйл ажиллагаагаа эхэлсэн. Энэ хугацаанд түрээслүүлэгч үүргээ биелүүлээгүйн улмаас ашиггүй ажиллаж байгаагаас гадна алдагдалд орж байгаа талаар удаа дараа амаар болон бичгээр мэдэгдсэн. Түрээсийн хугацаа дуусахад ямар нэгэн арга хэмжээ аваагүй тул түрээсийн гэрээг цуцлах талаар бичгээр мэдэгдэн 2019.06.30-ны өдөр талбайг бүрэн чөлөөлж түлхүүрийг хүлээлгэн өгсөн. Иймд Тэмүүлэн-Од ХХК-ийн нэхэмжилсэн төлбөрийг төлөхөөс татгалзаж байна гэжээ.

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/00278 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 318.4-т заасныг баримтлан хариуцагч Д.Анудариас 1,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Тэмүүлэн-Од ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод үлдээж шийдвэрлэжээ.

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 654 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 101/ШШ2020/00278 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын 318.4 гэснийг хасч, 2 дахь заалтын ...хураамжийн... гэсний дараа ...тухай хуулийн... гэж нэмж тус тус өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Батсайхан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргах тухай. Юуны өмнө тэмдэглэн хэлэхэд, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн талуудын хооронд бичгээр хийгдсэн түрээсийн гэрээ нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй... гэж үзэж өөрчлөлт оруулсанд маргах зүйл байхгүй бөгөөд харин Хөлслөгч Д.Анударь нь 2019.05.08-нд нэг жилийн хугацаатай байгуулсан түрээсийн гэрээг, түрээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө буюу сар гаруй хугацаанд суугаад дур мэдэн талбай орхин явсан байдаг. Өөрөөр хэлбэл хүссэн цагтаа гэрээ байгуулж бусдын эд хөрөнгийг ашиглаад хүссэн цагтаа хаяж явж гэрээний үүргээ зөрчсөн гэдэг нь нотлох баримтуудаас тодорхой харагдаж байдаг. Гэтэл Давж заалдах шатны шүүх хариуцагч нь гэрээг цуцлах тухайгаа нэхэмжлэгчид мэдэгдсэн болох нь Алтан төгрөг худалдааны төвийн захиргаанд түүний гаргасан өргөдлөөр тогтоогдож байх тул хариуцагчийг гэрээгээ зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй гэж дүгнэв. /Магадлалын 3 дугаар хуудасны төгсгөл, 4 дүгээр хуудасны эхлэлд/ Давж заалдах шатны шүүхийн магадлалд дурдсанчлан ...гэрээ цуцлах тухайгаа болон санал болгож буй түрээслэгчийг гэрээ цуцлахаас өмнө 1 сараас доошгүй хугацааны өмнө түрээслүүлэгчид бичгээр мэдэгдэж танилцуулсан байна... гэхийг Түрээсийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1 дэх заалтаас харж болно. Гэхдээ энэхүү 8 дугаар зүйлийн 8.1-д зааснаар түрээсийн гэрээний нөхцөлийг хүлээн зөвшөөрсөн өөр түрээслэгчийг санал болгосон тохиолдолд гэрээг дангаараа цуцлах боломжтой байгаа. Мөн энэ нь зөвхөн гэрээний шаардлага ч биш хуулийн ч шаардлага. Иргэний хуулийн 289-р зүйлийн 289.2.4-т Гэрээний үлдсэн хугацаагаар эд хөрөнгийг хөлслөн авах хүсэлтэй, төлбөрийн чадвартай хөлслөгчийг санал болгон гэрээгээ цуцлах тухай хөлслүүлэгчид нэг сарын өмнө мэдэгдсэн бол хугацаанаас нь өмнө гэрээгээ цуцлах эрхийг хөлслөгчид олгосон байдаг. Д.Анударь энэ үүргээ биелүүлээгүй хөлслөгч. Үүнийг л бид гэрээний үүргийн зөрчил гэж үзсэн. Зөрчил гаргасан бол хариуцлага хүлээж, хөлслүүлэгчид учруулсан хохирлоо нөхөн төлөх ёстой гэж үзсэн. Түүнчлэн Хохирлыг Иргэний хуулийн 227 дугаар зүйлээр тухайлбал, мөн зүйлийн 227.1-д Гэрээний нэг тал үүргээ зөрчсөн бол нөгөө тал нь гэрээнээс татгалзсантай холбогдон учирсан хохирлыг арилгуулахаар шаардах эрхтэй, 227.3-т үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлогыг хохиролд тооцно гэж заасны дагуу шийдвэрлэх ёстой байсан гэж үзсэн болно. Иймд хөлслөгч Д. Анударь Иргэний хуулийн 289-р зүйлийн 289.2.4 дэх заалт болон түүнтэй 2019.05.08-ний өдөр байгуулсан Түрээсийн гэрээний 8 дугаар зүйлийн 8.1 болон 8.2 дахь заалтыг зөрчсөн, гэрээний үүргээ зөрчсөн тул мөн хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3 болон дурдсан Түрээсийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хариуцлага хүлээх ёстой байсанд зохих хууль зүйн дүгнэлтийг хийж, давж заалдах шатны шүүхийн магадлал болон анхан шатны шүүхийн шийдвэрт тус тус өөрчлөлт оруулж нэхэмжлэлийг хангасан шийдвэр гаргаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Тэмүүлэн-Од ХХК нь Д.Анударьд холбогдуулан түрээсийн төлбөрт 1,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч нь ...түрээслэгч Д.Анударь гэрээний хугацаа дуусаагүй байхад өөр түрээслэгчийг санал болгохгүйгээр өөрийн дураар талбайг орхин явж үүргээ зөрчсөн тул 3 сарын түрээсийн төлбөрт 1,500,000 төгрөг гаргуулна гэсэн хариуцагч ...ашиг орлогогүйн улмаас урьдчилж бичгээр мэдэгдэн гэрээг цуцалсан гэж маргасан байна.

 

Зохигчийн хооронд 2019.05.08-ны өдөр байгуулагдсан гэрээгээр хариуцагч Д.Анударь нь нэхэмжлэгч Тэмүүлэн-Од ХХК-ийн Алтан төгрөг худалдааны төвийн гоёл чимэглэл, гоо сайхны бараа худалдааны зориулалттай хэсэг талбайг нэг жилийн хугацаатай түрээсэлж, сард 500,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцсон нь тогтоогджээ.

 

Зохигчийн хооронд түрээсийн харилцаа үүссэн ба анхан шатны шүүх гэрээг улсын бүртгэлд бүртгүүлэх хуульд заасан шаардлагыг хангаагүйгээс уг гэрээ хүчин төгөлдөр бус гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх гэрээг хүчин төгөлдөр гэж хоёр шатны шүүх гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар өөр өөр дүгнэлт хийжээ.

 

Гэрээг хүчин төгөлдөр гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах болон дүрэмд заасан зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлэх, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Хуульд өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд үл хөдлөх эд хөрөнгө түрээслэх гэрээг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт бүртгүүлнэ, ...энэ шаардлагыг хангаагүй гэрээ хүчин төгөлдөр бус байхыг Иргэний хуулийн 318.3, 318.4-т заасан байна.

 

Зохигчийн хооронд байгуулагдсан гэрээний түрээсийн зүйл нь тусдаа бие даасан бүртгэл бүхий үл хөдлөх хөрөнгө бус, Алтан төгрөг худалдааны төвийн 2 давхарт байрлах нийт талбайн тодорхой нэг хэсэг байх тул түрээсийн гэрээг бичгээр байгуулснаар гэрээ хүчин төгөлдөр болно гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг үгүйсгэх боломжгүй.

 

Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчөөгүй байна.

 

Хариуцагч Д.Анударь нь түрээсийн зүйлийг 2019.05.08-ны өдрөөс 2019.06.30-ны өдөр хүртэл эзэмшиж, ашигласан, уг хугацааны төлбөрийг төлсөн тухайд зохигч маргаагүй харин хариуцагч алдагдалтай ажиллаж байгаа гэсэн шалтгааны улмаас гэрээг цуцалж, дуусгавар болгосон нь тогтоогджээ.

 

Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.5-д энэ бүлэгт өөрөөр заагаагүй бол түрээсийн гэрээнд эд хөрөнгө хөлслөх гэрээний журам нэгэн адил үйлчилнэ гэж заасан ба түрээсийн гэрээг дуусгавар болох нөхцөлийг тухайн түрээсийн гэрээний бүлэгт заагаагүй тул эд хөрөнгө хөлслөх гэрээний гэрээг дуусгавар болох журмыг хэрэглэнэ.

 

Эд хөрөнгө хөлслөх гэрээ дуусгавар болох тухай Иргэний хуулийн 294 дүгээр зүйлийн 294.3 дахь зохицуулалтад гэрээнд өөрөөр заагаагүй бол, тодорхой нөхцөл байдлаас шалтгаалаагүй бол эд хөрөнгө хөлслөх гэрээг цуцлах хугацаа гурван сар байна гэсэн байна.

 

Талуудын байгуулсан түрээсийн гэрээний 8.1-д гэрээг цуцлах тухайгаа болон санал болгож буй түрээслэгчийг гэрээг цуцлахаас өмнө 1 сараас доошгүй хугацааны өмнө түрээслэгчид бичгээр мэдэгдэж танилцуулсан байна гэж заасан, хариуцагч нь гэрээг цуцлах тухай мэдэгдлийг 1 сарын өмнө нэхэмжлэгчид бичгээр өгсөн байх тул гэрээг мэдэгдэхгүйгээр цуцалсан гэж үзэхгүй тухай давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хэргийн баримтад тулгуурласан байна.

 

Иймд нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 324 дүгээр зүйлийн 324.1-т түрээслэгч нь түрээсийн гэрээний хугацаа дуусахаас өмнө түрээсэлсэн эд хөрөнгийг түрээслүүлэгчид буцаан өгсөн тохиолдолд гэрээний хугацаа дуусах хүртэл түрээсийн төлбөрөөс чөлөөлөгдөхгүй, 324.2-т түрээслэгч өөрийнхөө оронд түрээсийн гэрээний нөхцөлийг зөвшөөрсөн, төлбөрийн чадвар бүхий өөр түрээслэгчийг санал болгосныг түрээслүүлэгч хүлээн зөвшөөрсөн нөхцөлд түрээслэгч энэ хуулийн 324.1-д заасан үүргээс чөлөөлөгдөнө гэж тус тус заасныг үндэслэн гэрээ цуцалснаас хойших 3 сарын түрээсийн төлбөр шаардах эрхгүй байна.

 

Дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний асуудлаар өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 654 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн төлөөлөгч М.Батсайхан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020.04.17-ны өдөр төлсөн 38,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.АТАРЦЭЦЭГ

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ

 

ШҮҮГЧИД П.ЗОЛЗАЯА

 

Б.МӨНХТУЯА

 

Д.ЦОЛМОН