Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 655

 

“ТАТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй                                                                                             иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч Ш.Оюунханд, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/00136 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч “ТАТ” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Г.Х-, Г.О-, Г.Т- нарт холбогдох

Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 26 324 000 төгрөг гаргуулах үндсэн, нэхэмжлэлийн шаардлагад дурдсан 7 хэлцлийг хүчин төгөлдөр бусд тооцуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргалын гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Алтайхүү, түүний өмгөөлөгч Б.Энх-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Одонтуяа нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Болорчимэг, З.Алтайхүү нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г.Х-, Г.О-, Г.Т-нар манай компаниас 2019 оны 8 дугаар сарын    14-ний өдөр ТМ1908141 тоот зээлийн гэрээ байгуулан 30.000.000 төгрөгийг 6 сарын хугацаатай, 30 хоногт 5 хувийн хүүтэйгээр зээл зээлийн хүүг авсан хугацаанд тэнцүү хуваан өдөр бүр эргэн төлөх нөхцлөөр зээлж авсан. Зээлдэгч Г.Х- нь 2019 оны 9 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн зээлийн эргэн төлөлтийн хуваарийг зөрчиж лангуугаа өөр хүнд түрээслэн алга болсныг мэдсэн. Хамтран зээлдэгч Г.О-, Г.Т-нар бид эргэн төлөх боломжгүй байна гэх бөгөөд зээлдэгч Г.Х- тохиролцоо ойлголцолд хүрэхийг хүсэхгүй байна. Иймд зээлдэгч нараас үндсэн зээл, зээлийн хүү нийт 26.324.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.О-, Г.Т-нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд хариуцагч Г.Х- шүүхэд болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч Г.Х- махны лангуу ажиллуулдаг байсан бөгөөд 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс анх энэ байгууллагатай харилцаж эхэлсэн. Нэгэнт зээлийг хэрэглээд хугацаа дуусахад хүүгийн хамт буцаан төлөх боломжгүй байсан учраас эргэлтийн бараа авч чаддаггүй, өр тавьж мах авдаг байсан. Мах зээлээр авахаас гадна хувь хүмүүсээс өндөр хүүтэй зээл авч ажлаа явуулж байсан. 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 6 сарын хугацаатай, 5 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулж, 30.000.000 төгрөг авсан нь 2017 онд эхэлж зээл авч зээл үргэлжлээд явж байсан. энэ зээлийг өмнө авсан зээлүүдийн нэг адил авсан өдрөөс эхлэн хүүгийн хамт өдөр бүр урьдчилан төлдөг нь хохиролтой байсан учраас хариуцагч нь төлж чадахгүйд хүрсэн. 30.000.000 төгрөгийг бэлнээр аваагүй, өмнөх гэрээний үлдэгдлийг суутгуулж, 15 орчим сая төгрөг бэлнээр авсан. Учир нь зээлийг бүрэн ашиглаж, эргэлтэд оруулах боломж анхнаасаа байгаагүй. Бизнес бүрэн эргэж чаддаггүй байсан учраас өмнөх гэрээг хааж дахин мөнгө зээлэхийн тулд хүнээс өндөр хүүтэй мөнгө зээлж өгч байсан. Зээлийн гэрээний графикийн дагуу төлөхийн тулд хүнээс өндөр хүүтэй зээл авч хаагаад дахин зээл авч, нөгөө өртэй хүмүүст өгдөг байсан. Хариуцагчийн зүгээс зээлийн гэрээний хүүг багасгахыг удаа дараа хүсэлт тавьсан боловч нэхэмжлэгч компани хүлээж аваагүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргал сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 10.000.000 төгрөг зээлийн хүү 7хувийн хүүтэй, хугацаа 90 хоног, 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 15.000.0000 төгрөг, зээлийн хүү 7хувийн хүүтэй, хугацаа 120 хоног, 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 10.000.000 төгрөг, зээлийн хүү 7хувийн хүүтэй, хугацаа 120 хоног, 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 20.000.000 төгрөг, зээлийн хүү 6хувийн хүүтэй, хугацаа 150 хоног, 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 30.000.000 төгрөг, зээлийн хүү 5хувийн хүүтэй, хугацаа 180 хоног, 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 30.000.000 төгрөг, зээлийн хүү сарын 5хувийн хүүтэй, хугацаа 4 сар, 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 30.000.000 төгрөг, зээлийн хүү сарын 5хувийн хүүтэй, хугацаа 6 сар нийт 7 удаагийн зээлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар нэхэмжлэл гаргасан бөгөөд энэхүү нэхэмжлэлийг хүчин төгөлдөр бусад тооцуулахаар гаргасантай холбогдуулан Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.5 дах хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар нэмэгдүүлж байна. Үүнд: 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 10.000.000 төгрөг гардаж авснаас  буцаан төлсөн 12.100.000 төгрөг үүнээс илүү буцаан төлсөн 2.100.000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн 15.000.000 төгрөг гардаж аваад 19.200.000 төгрөг үүнээс илүү буцаан төлсөн 4.200.000 төгрөг, шимтгэл 20.000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн 10.000.000 төгрөг гардаж авснаас  буцаан төлсөн 12.800.000 төгрөг, илүү төлсөн 2.800.000 төгрөг, шимтгэл 50.000 төгрөг, 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 20.000.000 төгрөг гардаж авснаас  буцаан төлсөн 24.800.000 төгрөг буцааж илүү төлсөн 4.800.000 төгрөг, шимтгэл 100.000 төгрөг, 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн 30.000.000 төгрөг гардаж авснаас  буцаан төлсөн 35.250.000, илүү төлсөн 5.250.000 төгрөг, шимтгэл 150.000 төгрөг, 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 17.535.000 төгрөг гардаж авснаас  буцаан төлсөн 21.185.000 төгрөг, илүү төлсөн 3.750.000 төгрөг, шимтгэл 150.000 төгрөг, 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 14.422.000 төгрөг гардаж авснаас  буцаан төлсөн 6.076.000 төгрөг, үүнээс дутуу төлсөн 8.346.000 төгрөг, шимтгэл 150.000 төгрөг, нийт шимтгэлд 620.000 төгрөг, илүү төлсөн 14.554.000 төгрөг, нийт 15.147.000 төгрөгийг “ТАТ” ХХК-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Болорчимэг, З.Алтайхүү нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан сөрөг нэхэмжлэлийн тайлбартаа: Дээрх зээлийн гэрээнүүдийн дагуу Г.Х- нь зээлдэгчээр, Г.О-, Г.Т-нар нь хамтран зээлдэгчээр зээл авч, уг зээлийг авч ашигласан, түүнчлэн зээлийн гэрээний дагуу тодорхой төлбөрүүдийг төлж байсан нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоно. Г.Х- нь өөрөө биеэр ирж, зээл авах хүсэлтээ гаргаж, зээлийг олгож, эргэн төлж байсан зэргээс талуудын хооронд хариуцагчийн хүсэл зоригийн дагуу зээлийн гэрээ байгуулагдаж байсан байх тул уг гэрээнүүдийг дүр үзүүлж байгуулсан гэдэг нь үндэслэлгүй юм. Мөн нэхэмжлэгч тал зөвхөн 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн ТМ1908141 тоот зээлийн гэрээний үүргийг шаардаж байхад өмнөх зээлийн гэрээнүүдтэй хамаатуулан сөрөг нэхэмжлэл гаргасныг ойлгохгүй байгаа ба энэ нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 286 дугаар зүйлийн 286.1, 286.2, 286.5, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Г.Х-, Г.О-, Г.Т-нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 26 324 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “ТАТ” ХХК-д олгож, хариуцагч Г.Х-ын нэр бүхий зээлийн 7 гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулж, илүү төлсөн 15.147.000 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч “ТАТ” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 289.570 төгрөгийг, хариуцагч Г.Х-ын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 1.116.770 төгрөгөөс 725.220 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 391.550 төгрөгийг улсын орлогоос гаргуулан Г.Х-т буцаан олгож, хариуцагч Г.Х-аас улсын тэмдэгтийн хураамжид 289.750 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ТАТ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жаргал давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүх хуралдаанд болон шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаар нэхэмжлэгч 30.000.000 төгрөгийг Г.Х-т өгөхдөө урьд өгсөн зээлийн үлдэгдэл буюу 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 30.000.000 төгрөгийн зээлийн хүү сарын 5хувийн хүүтэй, хугацаа 4 сараар байгуулсан гэрээний гүйцэтгээгүй үүрэгт 15.578.000 төгрөг "суутгав" тодорхойлолттой баримтад гарын үсэг зурсан үйлдэл болно. “Их хэмжээний мөнгийг 2 тал дахин дахин тоолох, нааш цааш зөөх ажлыг хөнгөвчилсөн үйлдэл нь зээлийг олгосон дүр үзүүлсэн хэрэг огт биш билээ...” гэж тайлбар өгсөн байдаг. Энэ талаараа шүүх хуралдааны явцад маш ойлгомжтой нэхэмжлэгч тайлбарлаж байсан. Г.Х- 30.000.000 төгрөгийг "ТАТ” ХХК-аас зээлийн гэрээний дагуу авсан гэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож байгааг бид хүлээн зөвшөөрөхгүй учир нь Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт зааснаар зээлдэгч Г.Х- нь 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 30.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй буюу 15.578.000 төгрөгийн үндсэн зээлийн үлдэгдэлтэй байхад 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр "ТАТ" ХХК нь Г.Х-тай "30.000.000 төгрөгийн зээлийн гэрээ"-г бичгээр үйлдээд 15.578.000 төгрөгийн "суутгал" хийгээд мөн 30.000.000 төгрөгийг бэлнээр олгосон гэх баримтад гарын үсэг зуруулсан гэдгээ нэхэмжлэгч нар амаар болон бичгээр тайлбар хийсэн байдаг. Г.Х-т "30.000.000 төгрөг бодитоор шилжүүлэн өгсөн гэж хэлээгүй. Иймд уг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4-т зааснаар гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах хүсэлтэй байна. Бодитоор гардуулан өгсөн мөнгөн дүн /30.000.000 - 15.578.000 = 14.422.000 төгрөг, 14.422.000 – 150.000 шимтгэп =14.272.000 төгрөг  Г.Х-ын  гарт бэлнээр "шилжүүлэн өгсөн". 150.000 төгрөг "шимтгэл" гэх нэрээр суутган авсан орлогын баримт \хх-ийн 42\-т байгаа. Гэтэл "ТАТ" ХХК нь 30.000.000 төгрөгнөөс сар бүр 5хувийн хүүтэй хүү тооцож буцаан төлүүлсэнг бид буруу гэж үзэж байна. Шүүх мөн 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 30.000.000 төгрөгийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 286 дугаар зүйлийг барьж шийдвэрлэсэн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийн тухайд: нийт 7 удаа зээлийн гэрээ байгуулж 145.000.000 төгрөгийн зээлийн гэрээ байх боловч Г.Х- дээрх нэр бүхий 7 зээлийн гэрээний дагуу гар дээрээ 116.957.000 төгрөг бэлнээр болон дансаар зээлийн гэрээний дагуу мөнгийг шилжүүлэн авсан байдаг. 1 жил 9 сарын хугацаанд зээлийн гэрээ байгуулсан боловч энэхүү гэрээнүүд нь илт хууль бус гэрээ байсан. Зээлийн эргэн төлөх хуваарийг Г.Х-т танилцуулж гарын үсэг зуруулж байгаагүй хирнээ зээлийг буцаан төлөхдөө өдөр бүр тэнцүү эргэн төлөлт хийлгэж байсан байна. Зээл өгөгч тал зээлээ сар бүрийн 7хувийн хүүтэй хүүтэй гэсэн бол сар бүр хүүгээ 7хувийн хүүтэй тооцон авах эрхтэй. Гэтэл зээл өгөгч зээлийн хүү 7хувийн хүүтэй гэж бичсэн байгаа нь зээлийн гэрээний бүх хугацаанд нэг удаа 7хувийн хүүтэй хүү авах эрхтэйгээр гэрээг байгуулсан байна. Иргэний хуулийн 232 дугаар зүйлд зааснаар гэрээний үүргээ биелүүлээгүй бол үүрэг гүйцэтгэгчээс нэмэлт төлбөр тооцож авах тухай хуульчилсан байна. "ТАТ" ХХК-ийн зээлийн гэрээний 1.4, 1.6, 1.9 дэх заалтууд нь зээлийн эргэн төлөх хуваарийг үзвэл зээлийг авсан өдрийн маргаашнаас үндсэн зээл хүүг урьдчилан төлүүлэхдээ тухайн зээлийн гэрээний хугацаанд нийтээр амрах амралт баярын өдрүүдийг тооцож 120 хоногт төлөх төлбөр 1 хоногт 160.000 төгрөг байх байтал 172.000 төгрөгийг төлүүлж байгаа нь зээлдэгчид илт хохиролтой хуулиас давсан гэрээ гэж үзхээр байна. "ТАТ" ХХК-ийн зээлийн гэрээний 1.2.2-т заасан заалт нь хуулиас давсан заалт нөгөөтээгүүр зээлийн бүхий л хугацаанд зээлдэгчийг төөрөгдөлд оруулсан зүйл заалт байсан гэж үзэхээр байна. Зээлийн гэрээний 1.2.2 дах заалтын зээлийн гэрээнд “А” гэсэн хавсралт байхгүй. Зээлийн гэрээний эргэн төлөх хуваарийг хавсралт А байна гэж үзвэл энэ талаар Г.Х- танилцаж гарын үсэг зураагүй байгааг анхаарч үзнэ үү. Мөн зээлийн гэрээний 2.1.1-т заасны дагуу ямар ч дансны дугаар байхгүй. “ТАТ” ХХК-ийн зээлийн хүү бодох аргачлал тооцоолол нь Г.Х-т худал эргэн төлөлтийн хуваарь гаргаж өгч байсан. Үндсэн зээл болон хүүг зээлийн гэрээний хугацаа эхэлмэгц тухайн зээлийн гэрээний хугацаанд амралт баяр ёслолын өдрийн зээлийн эргэн төлөлтыг шаардаж төлүүлдэг байсан нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтаар хангалттай нотлогдоно. Зээлийн шимтгэл гэх нэрээр 7 удаагийн үйлдлээр 620.000 төгрөг зээлээсээ суутгаад авчихдаг байсан. Г.Х- зээлийг төлж чадахгүй иргэн хувь хүнээс зээл авдаг байсан боловч "ТАТ" ХХК-ийн зээлийн гэрээний үүргийг биелүүлэхийн тулд авсан зээлээ буцаан төлж чадахаа больсон. Дээрхи нөхцөл байдлыг анхан шатны шүүх хууль зүйн талаас нь дүгнэлт гаргаагүй. Сөрөг нэхэмжлэл нь хуулийн үндэслэлгүй гэдгийг тайлбарлаагүй тодорхой биш ойлгомжгүй шийдвэр гарсан гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон тооцооны өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “ТАТ” ХХК нь хариуцагч Г.Х-, Г.О-, Г.Т-нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 26.324.000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч Г.Х- нь нэхэмжлэгчтэй 2017 оны 12 дугаар сарын 07-ноос 2019 оны 8 дугаар сарын 14-ний хооронд байгуулсан нийт 7 удаагийн зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, үндэслэлгүй төлсөн 15.147.000 төгрөгийг “ТАТ” ХХК-аас буцаан гаргуулахаар  сөрөг нэхэмжлэл гаргажээ.

             

Хариуцагч Г.Х- нь нэхэмжлэгч “ТАТ” ХХК-аас 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 10.000.000 төгрөгийг, зээлийн хүү сарын 7 хувийн хүүтэй, 90 хоногийн хугацаатай,  2018 оны 2 дугаар сарын 14-ний өдөр 15.000.000 төгрөгийг, зээлийн хүү сарын 7 хувийн хүүтэй, 120 хоногийн хугацаатай, 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 10.000.000 төгрөгийг, зээлийн хүү сарын 7 хувийн хүүтэй,  120 хоногийн хугацаатай, 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 20.000.000 төгрөгийг, сарын 6 хувийн хүүтэй, 150 хоногийн хугацаатай, 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 30.000.000 төгрөгийг, зээлийн хүү сарын 5 хувийн хүүтэй, 180 хоногийн хугацаатай, 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 30.000.000 төгрөгийг, зээлийн хүү сарын 5 хувийн хүүтэй, 120 хоногийн сарын хугацаатай, 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 30.000.000  төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 180 хоногийн хугацаатай тус тус зээлдэн авахаар талууд зээлийн гэрээ тус бүрийг бичгээр байгуулж, зээлдүүлэгч нь нийт 145.000.000 төгрөгийг зээлдэгчид шилжүүлэх үүрэг хүлээсэн боловч зээлдэгч 116.957.000 төгрөгийг хүлээн авсан, зээлийн шимтгэлд төлсөн 620.000 төгрөг, зээлдэгч зээлийн гэрээний үүрэгт 131.511.000 төгрөгийг төлсөн үйл баримт зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан зээлийн гэрээнүүд, зээлийн түүх, бэлэн мөнгөний орлого, зарлагын баримтууд, ХААН банкан дахь Г.Х-ын эзэмшлийн дансны хуулга зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна. /хх-ийн 6-8, 23-61, 79-81, 109, 2хх-ийн 67, 2хх-ийн 90-102/

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн ТМ1908141 дугаар зээлийн гэрээг үндэслэн нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлж байгаа боловч хариуцагч нь дээрх 7 зээлийн гэрээг үндэслэн маргаж байгаа тохиолдолд зохигчдын хооронд байгуулагдсан эдгээр 7 зээлийн гэрээний хүрээнд маргааны үйл баримтыг дүгнэх шаардлагатай байхад анхан шатны шүүх зөвхөн  2019 оны ТМ1908141 тоот зээлийн гэрээнд дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болжээ.

 

Зохигчдын хооронд байгуулагдсан 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн, 2018 оны 2 дугаар сарын 14-ний өдрийн, 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн, 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн, 2019 оны 2 дугаар сарын 23-ны өдрийн зээлийн гэрээнүүд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2, 282 дугаар зүйлийн 282.3 дах хэсэгт тус тус заасан бичгээр байгуулах шаардлагыг хангасан, эдгээр гэрээний үндсэн нөхцөл болох нийт 85.000.000 төгрөгийг зээлдэгч хүлээн авсан үйл баримтын талаар зохигчид маргаагүй тул мөн хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.4 дэх хэсэгт тус тус зааснаар гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр байх бөгөөд энэ 5 гэрээний үүрэгт хариуцагч 104.150.000 төгрөг төлснөөр эдгээр 5 гэрээний үүрэг хэрэгжиж дуусгавар болжээ.

Хариуцагч Г.Х-, Г.Тамир, Г.О- нар нь  нэхэмжлэгч “ТАТ” ХХК-тай  2019 оны 6 дугаар сарын 09-ний өдөр 30.000.000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 120 хоногийн сарын хугацаатай, 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 30.000.000 төгрөгийг, зээлийн хүү сарын 5 хувийн хүүтэй, 180 хоногийн хугацаатай тус тус зээлдэн авахаар зээлийн гэрээ тус бүрийг бичгээр байгуулсан боловч зээлдүүлэгч нь 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн гэрээний дагуу 30.000.000 төгрөг бус 17.535.000 төгрөгийг бэлнээр өгч 12.465.000 төгрөгийг өмнөх зээлд суутган авсан, 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн гэрээний дагуу 30.000.000 төгрөг бус 14.422.000 төгрөгийг бэлнээр  зээлдэгчид олгож, 15.578.000 төгрөгийг 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн зээлийн гэрээний үүрэгт суутган авсан үйл баримт тогтоогдсон байна. /хх-ийн 6, 42, 45, 99-100/

 

Ийм учраас хариуцагчийн гүйцэтгэвэл зохих үүргийг түүнд бодитоор олгосон мөнгөн хөрөнгөнөөс тодорхойлох нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.4 дэх хэсэгт тус тус заасантай нийцэх бөгөөд мөнгөн хөрөнгийг шилжүүлээгүйгээс гэрээ бүхэлдээ хүчин төгөлдөр бус гэх хариуцагчийн тайлбар, сөрөг нэхэмжлэл  үндэслэлгүй байна.

 

Зээлийн гэрээний дагуу олгогдоогүй 12.465.000 төгрөг, 15.578.000 төгрөгийг өмнөх үүрэгт тооцсон тул энэ мөнгөн хөрөнгөд зээлийн хүү тооцогдохгүй, харин үндсэн зээлийн төлбөрт зээлийн хүү тооцож хариуцагчаас гаргуулна.

 

 Зохигчдын хооронд байгуулагдсан 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн гэрээний хувьд 30.000.000 төгрөгийг сарын 5хувийн хүүтэй хүүтэй, 4 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцсон боловч 17.535.000 төгрөгийг олгосон тул 2019 оны 6 дугаар сарын 09-ний өдрөөс 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл 2 сар 5 хоногийн хүү 1.899.625 төгрөг, нийт гэрээний үүрэг 19.434.625 төгрөг болох ба өмнөх зээлд нь 12.465.000 төгрөгийг суутгаж авсныг нэмж 31.899.625 төгрөг төлөхөөс хариуцагчийн төлсөн 21.285.000 төгрөг хасч тооцвол энэ гэрээний дагуу хариуцагчийн гүйцэтгэх үүрэг нь 10.614.625 төгрөг болно.

 Зохигчдын хооронд байгуулагдсан 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн гэрээний хувьд 30.000.000 төгрөгийг сарын 5хувийн хүүтэй хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлэхээр тохиролцсон боловч 14.422.000 төгрөгийг олгосон тул 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл 1 сар 17 хоногийн хүү 1.129.722 төгрөг, нийт гэрээний үүрэг 15.551.722 төгрөг болох ба өмнөх зээлийн гүйцэтгээгүй үүрэгт суутгах байсан 10.614.625 төгрөг нэмж нийт үүргийн 26.166.347  төгрөгөөр тодорхойлж хариуцагчаас төлсөн 6.076.000 төгрөгийг хасч тооцвол энэ гэрээний дагуу хариуцагчийн гүйцэтгэх үүрэг 20.076.347 төгрөг болно.

 

Нэхэмжлэгчид хариуцагчаас зээлийн шимтгэл гэж нийт 620.000 төгрөгийг төлсөн боловч энэ талаар хууль болон гэрээнд заагаагүй тул уг 620.000 төгрөгийг хариуцагчийн төлсөн төлбөрт тооцон дээрх зээлийн үүргээс хасч, хариуцагч нараас 19.470.347 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6.853.653 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах  нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж зээлийн гэрээнүүд хүчин төгөлдөр гэж дүгнэж байгаа тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, үндэслэлгүй төлсөн гэж 15.147.000 төгрөгийг “ТАТ” ХХК-иас буцаан гаргуулахыг хүссэн хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэсэн шүүхийн дүгнэлт зөв байна.

 

Дээрх 2 зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр Г.О-, Г.Т-нар оролцож, хамтран үүрэг гүйцэтгэхээр зээлийн гэрээний 1.8 дахь заалтаар тохиролцсон байх тул Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1 дэх хэсэгт заасан хамтран үүрэг гүйцэтгэгчид байна. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

Харин шүүх хэрэглэвэл зохих Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх заалтыг баримтлаагүй, хэрэглэх ёсгүй мөн хуулийн 286 дугаар зүйлийн 286.5 дах заалтыг баримталсан нь хууль хэрэглээний хувьд алдаатай байх тул зөвтгөн өөрчлөх нь зүйтэй.

 

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг 1 дэх заалтыг  өөрчилж, хариуцагч нарын итгмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг  буюу бодитоор олгосон мөнгөн хөрөнгийг шүүх буруу тооцсон, үндэслэлгүйгээр  зээлийн шимтгэл авсан талаарх хэсгийг  хангав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн    167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2020/00136 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 286 дугаар зүйлийн 286.2, 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт зааснаар хариуцагч Г.Х-, Г.О-, Г.Т-нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 19 470 347 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “ТАТ” ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 6 853 653 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, зохигчдын хооронд байгуулагдсан 7 зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгож, үндэслэлгүй төлсөн 15.147.000 төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дах заалтын “Г.Х-аас улсын тэмдэгтийн хураамжинд 289.750 төгрөгийг” гэснийг “Г.Х-аас улсын тэмдэгтийн хураамжинд 255 302 төгрөгийг” гэж тус тус  өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй. 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 725 220  төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       Э.ЗОЛЗАЯА

                                         ШҮҮГЧИД                                       Ш.ОЮУНХАНД

                                                                                                Н.БАТЗОРИГ