Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Цолмонгийн Сайхантуяа |
Хэргийн индекс | 128/2017/0239/З |
Дугаар | 221/МА2017/0498 |
Огноо | 2017-07-06 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2017/0498
Л.Д-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар, шүүгч Б.Тунгалагсайхан, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгч Л.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Э нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0409 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн өмгөөлөгч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлоор, Л.Д-ын нэхэмжлэлтэй, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0409 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.2, 27.2.1, 27.5, 27.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг сайдаас дахин шинэ акт гаргах хүртэл 1 /нэг/ сарын хугацаагаар түдгэлзүүлж” шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Б давж заалдах гомдолдоо: “...нэхэмжлэгч нь Төрийн албаны салбар зөвлөлд 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хандсан боловч салбар зөвлөлийн хариу гараагүй байхад шууд шүүхэд хандсан нь Төрийн албаны тухай хуулийн дээрх заалтуудыг зөрчсөн байсан. Мөн нэхэмжлэгч нь Төрийн албаны төв байгууллага буюу Төрийн албаны зөвлөлд хандаагүй нь шүүхээс өмнө урьдчилан шийдвэрлэх ажиллагааг зөрчсөн байна. Гэтэл анхан шатны шүүх дээрх нөхцөл байдалд үнэлэлт, дүгнэлт хийлгүй шүүхээс өмнө хянан шийдвэрлүүлэх хуулийн процессыг зөрчиж нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхлыг илтгэд хамгаалж, нэг талыг баримтлан шийдвэр гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан “Шүүхийн өмнө эрх тэгш байх” зарчим, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “...шүүх хэрэг хянан шийдвэрлэхэд Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжийг хэрэглэнэ...” гэж заасныг тус тус зөрчсөн гэж үзэхээр байна... Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д зааснаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн “Албан тушаал бууруулах тухай” Б/11 дүгээр тушаал нь Захиргааны ерөнхий хуульд заасан захиргааны акт биш бөгөөд сонсох ажиллагаа хийгдэх шийдвэр биш гэдгийг харуулж байна. Энэхүү тушаал нь дотогш чиглэгдсэн, нийтийн эрх зүйн хүрээнд гараагүй шийдвэр юм. Гэтэл шүүх нийтийн эрх зүйн хүрээнд гарсан, гадагш чиглэгдсэн шийдвэр мэтээр сайдын тушаалыг ойлгож хуулийг буруу хэрэглэсэн байна.
Иймд анхан шатны шүүх Төрийн албаны тухай хууль, Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтыг зөрчиж, хуулийг буруу тайлбарлаж шийдвэр гаргасан байх тул тус шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 12/ШШ2017/0409 дүгээр шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож өгнө үү” гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Эрдэнэсувд давж заалдах гомдолдоо: “...захиргааны анхан шатны шүүхийн шийдвэрлэснээс 1 сарын хугацаагаар захиргааны актын биелэлтийг түдгэлзүүлсний үр дагаварт хариуцагч дахин ажлаас халсан тушаал гаргахдаа өмнөх 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн Б/11 дүгээр тушаал гаргахдаа гаргасан алдаагаа засах буюу мэдэгдэх, сонсгох ажиллагааг хийж гаргах юм гэнэ, хэрэв 1 сарын хугацаандаа гаргаагүй бол уг тушаал зөвхөн хүчингүй болох бөгөөд үүнийг үр дагаварт төрийн албан хаагчийн зөрчигдөөд байгаа эрх тухайн шийдвэрийн үндсэн дээр бүрэн сэргэж чадахгүй. Эгүүлэн ажилд нь томилох, ажилгүй байсан хугацааны цалинг олгуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэхгүй.
Шүүх тухай хэргийг шийдэхэд юуг нэмж тодруулж, түүний ямар цаг хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн гэж үзсэн нь тодорхойгүй, хариуцагч баримтгүйгээр илтэд үндэслэлгүйгээр тушаал гаргасан нь тодорхой байхад Монгол Улсын захиргааны хэргийн шүүх Л.Д-ын гэх иргэнийг ажил үүргээ хангалттай сайн биелүүлж байсан эсэхэд дүгнэлт хийхэд шүүхийн шинжлэх судлах цар хүрээнээс хэтэрсэн тийм адармаатай, тодорхойлох боломжгүй маргаан гэж үзэхгүй байна.
Бодит байдал дээр үндэслэлгүйгээр, баримтгүйгээр төрийн албан хаагчийн эрхэд халдаж, Л.Д-ыг албан тушаал бууруулах нэр бүхий тушаалаар ажилгүй болгосон байдаг. Гэтэл шүүхээс ийнхүү шинэ акт гарах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэж байгаа нь ажлаас халах, албан тушаал бууруулахдаа нөхөж баримт үйлдэх, алдаагаа засах боломжийг хариуцагчид олгосон мэт буюу дахин эрхэд нь халдах нөхцөл байдлыг бий болгож байна...
Ажиллагаа хийсэн, баримт цуглуулсан зүйлгүй, зөвхөн яамны дотоод ажилтны ямар ч баримтгүйгээр өөрөө цувуулан жагсааж бичсэн илтгэх хуудас гэх зүйл нь төрийн албан хаагчийн эрхэд халдах үндэслэл болох ёсгүй гэж үзэж байна.
Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0409 дүгээр шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт заасны дагуу хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/11 дүгээр тушаалаар “Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.4, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн, Хөвсгөл аймгийн Хатгал тосгон дахь тус яамны харьяа Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны үйл ажиллагаа, санхүүгийн тайланд дотоод аудит хийж, үнэлэлт дүгнэлт, зөвлөмж өгөн ажилласан ажлын хэсгийн шалгалтын үр дүнг /Томилолын илтгэх хуудас[1], томилолттой холбоотой зөрчил[2]/ үндэслэн ажлын байрны тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн тул 2017 оны 01 дүгээр сарын 16-ны өдрөөр дуусгавар болгон Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны дарга Л.Д-ыг албан тушаал бууруулахаар шийдвэрлэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “... тушаалыг гаргасан үндэслэлээ ... ажлын хэсгийн шалгалтын дүнгээр зөрчил дутагдалтай гарсан учраас албан тушаал бууруулсан, Л.Д-ыг ажилгүй болгосон ямар нэг шинжийг агуулаагүй”, нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч “...сайд болон яамны эрхлэх ажлын хүрээнд хийгддэг тусгай зөвшөөрөл олгох баримт бичгийн бүрдэл дутуу, мэдээллийн санд кадастрын зураг оруулах ажлыг хийгээгүй хэмээн буруутгаж, илтгэх хуудсыг танилцуулаагүй, ямар нэг тайлбар авах болон сонсгох ажиллагаа явуулаагүй” хэмээн талууд мэтгэлцэжээ.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1, 23.1.1-д “албан тушаал /ажлын байр/-ын тодорхойлолтод заасан зорилго, зорилтоо хангалтгүй биелүүлсэн бол төрийн жинхэнэ албан хаагчийг захиргааны санаачилгаар албан тушаал бууруулж болно” гэж заасныг тушаалдаа баримталсан байна.
Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Төрийн албаны тухай хуулийн зарим заалтыг тайлбарлах тухай” 08 дугаар тогтоолд 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасан “...хангалтгүй биелүүлсэн...” гэдгийг ажлын байрны тодорхойлолт болон албаны чиг үүрэгт тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн, тогтоосон журмыг зөрчсөн зэргээр зохих ёсоор биелүүлээгүй байхыг ойлгох бөгөөд Л.Д нь Хамгаалалтын захиргааны даргын ажлын байрны тодорхойлолт[3]-д тусгагдсан, хэрэгжүүлбэл зохих ямар үйл ажиллагааг гүйцэтгэсэн боловч чанарын хувьд доголдуулсан, хугацаа хэтрүүлсэн зэргийг хариуцагч тушаал гаргахдаа хангалттай нотолж, шүүхэд ирүүлээгүй байна.
Өөрөөр хэлбэл Ажлын хэсэг “2017 оны 01 дүгээр сарын 07-10-ны өдрүүдэд “Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Л.Д-ын Төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан 2015, 2016 онуудын үр дүнгийн гэрээний биелэлт, 2015, 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний биелэлт”-ийг дүгнэх ажлыг батлагдсан удирдамжийн дагуу хийж, “Сайн” дүгнэн, мөн Томилолттой холбоотой зөрчил, Анхан шатны баримтын бүрдэл дутуу[4] гэх баримтанд дурдсан /2015, 2016 оны 1, 2, 3 дугаар улирлын санхүүгийн тайлангийн хяналт/ зөрчил, Томилолтын илтгэх хуудсаар нийт 6 чиглэлээр дүгнэлт өгч, орон нутаг дахь харьяа байгууллагуудын үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж дүгнэлт гаргах, зөвлөн туслах ажлыг үргэлжлүүлэн тогтмол явуулах санал гаргаж, гэрээнд тусгагдсан нийт 82 ажлаас 50 хувиас доош хувийн биелэлттэй 8 ажил байна” гэжээ.
Үүнээс үзвэл Л.Д нь ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргээ тухайлан биелүүлээгүй болохыг Ажлын хэсгийн дүгнэлтээр тогтоогоогүй, Л.Д-ын 2016 оны Үр дүнгийн гэрээний биелэлтийн тайлан[5], танилцуулга[6] зэргээс үзвэл 74.9 “С” буюу “Хангалттай” гэж Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга, Байгаль орчин аялал жуулчлалын сайд нар дүгнэсэн атлаа Хөвсгөл аймгийн Хатгал тосгон дахь тус яамны харьяа Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны үйл ажиллагааг шалгасан ажлын хэсгийн дүгнэлтийг үндэслэн Л.Д-ыг албан тушаал бууруулахаар шийдвэрлсэн нь үндэслэлгүй, хууль бус захиргааны акт байна.
Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д “төрийн алба мэргэшсэн, тогтвортой байх”, 4.2.6-д “төрийн албан хаагчаас бүрэн эрхээ хэрэгжүүлэх нөхцөл, баталгааг төр хангах” гэж төрийн албаны үндсэн зарчмыг тодорхойлсон байх ба мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.9-д “төрийн хөрөнгөөр давтан сурах, мэргэшлээ дээшлүүлэх, энэ хугацаанд эрхэлж байгаа албан тушаалынхаа цалинг авах” гэж заасан төрийн албан хаагчийн баталгааг хангааагүй, маргаан бүхий актад албан тушаал бууруулсан гэх боловч ямар албан тушаалд бууруулан, томилж байгааг тодорхой заагаагүй зэргээр хариуцагч Б/11 дүгээр тушаалыг гаргасан нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ.
Харин анхан шатны шүүх дээрх нөхцөл байдал болон нотлох баримтыг буруу үнэлсэн байх бөгөөд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...шүүхин шийдвэрийн дагуу нөхөж баримт үйлдэх, алдаагаа засах боломжийг хариуцагчид олгосон мэт буюу дахин Л.Д-ын эрхэд халдах нөхцөл байдлыг бий болгож байна” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Л.Д-ын хөдөлмөрлөх, тухайн албан тушаалыг эрхлэх эрхэд нь сөргөөр нөлөөлсөн акт хууль бус болох нь тогтоогдсон тохиолдолд шүүх уг актыг хүчингүй болгох байтал зөрчил бүр дээр тайлбар авч, нөхцөл байдлыг тодруулан дахин шинэ акт гартал Б/11 дүгээр тушаалыг түдгэлзүүлж шийдвэрлэснийг өөрчлөн, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.
Хариуцагчаас “...иргэдээс Л.Д-тай холбоотой удаа дараагийн өргөдөл, гомдол ирүүлсэн” гэх тайлбарыг гарган холбогдох баримтыг хавсаргасан байх боловч тушаалд тусгаагүй баримтыг заан маргаж байгааг шүүх хүлээн авах үндэслэлгүй байхын зэрэгцээ Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу албан тушаалтан шийдвэр гаргахдаа мэдэгдэх, сонсгох ажиллагааг хийгээгүй байна.
Иймд маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.Д-ыг Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны даргын ажилд эгүүлэн тогтоож, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын дагуу нэхэмжлэгчийн нэг сарын үндсэн цалин болон нэмэгдлийг[7] 1.154.106 төгрөгөөр тооцож, ажлаас чөлөөлсөн 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх ажлын 90 хоногийн дундаж цалин хөлстэй тэнцэх 4.831.141 /дөрвөн сая найман зуун гучин нэгэн мянга нэг зуун дөчин нэг/ төгрөгийн олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, дэвтэрт нөхөн бичилт хийхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад тус тус даалгаж шийдвэрлэх үндэстэй байна.
Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, хариуцагч Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Батсайханы гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.1, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2017/0409 дүгээр шийдвэрийн “Тогтоох хэсгийн 1, 2, 3 дахь заалтыг “1.Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Д-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн Б/11 дүгээр тушаалыг хүчингүй болгон, Л.Д-ыг Хөвсгөлийн Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргааны даргын ажилд эгүүлэн тогтоосугай. 2. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасны дагуу нэхэмжлэгч Л.Д-ын ажилгүй байсан хугацааны 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарсан 2017 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүртэлх дундаж цалин хөлстэй тэнцэх 4.831.141 /дөрвөн сая найман зуун гучин нэгэн мянга нэг зуун дөчин нэг/ төгрөгийн олговрыг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тооцож, дэвтэрт нөхөн бичилт хийхийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдад тус тус даалгасугай” гэж өөрчлөсүгэй.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 50 дугаар зүйлийн 50.3 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Д-ын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА