Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 08 сарын 17 өдөр

Дугаар 221/МА2017/0596

 

                                                       "А” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                       захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Билгүүн даргалж, шүүгч О.Номуулин, Ц.Сайхантуяа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, У.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Ц, гуравдагч этгээд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.М, гуравдагч этгээд “К” ХХК-ийн төлөөлөгч Д.Б нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 417 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б-ийн гаргасан давж заалдах гомдлоор, “А” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Ц.Сайхантуяагийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 417 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 21.2.3, 23 дугаар зүйлийн 23.3, 23.3.7, Кадастрын зураглал ба газрын кадастрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.14, 13 дугаар зүйлийн 13.1, 16 дугаар зүйлийн 16.6, 16.7-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Нийслэлийн Засаг даргын 2013 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 дугаар захирамжийн “А” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, хууль ёсны дагуу эзэмших эрх бүхий 5 га газрыг “А” ХХК-д олгохыг даалгах, нийслэлийн Засаг даргын захирамжаар “К” ХХК-д олгосон 8 га газар эзэмших эрхийг хүчингүй болгуулж, тус компанийн “А” ХХК-тай давхцал бүхий хэсгийг арилгуулж “А” ХХК-д ногдох 5 га газрын гэрээ гэрчилгээг хууль ёсны дагуу гаргаж өгөхийг Нийслэлийн Засаг даргад даалгуулах” шаардлага бүхий “А” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Б нь давж заалдах гомдолдоо: ““А” ХХК-ийн эзэмшлийн Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Бугын аманд байрлах 5 га газар нь Нийслэлийн Засаг даргын 199 оны А/211, 2003 оны 283, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2010 оны 162 дугаартай захирамжуудаар олгогдсон байрлалтай 5 га газраа хууль ёсны дагуу эзэмшиж байсан. Гэтэл 2013 оны А/828 дугаар захирамжаар иргэн, хуулийн этгээдийн Монгол Улсын Үндсэн хууль болон Газрын тухай хуулиар олгогдсон эрхийг ноцтойгоор зөрчин газар эзэмших эрхийг маань үндэслэлгүйгээр хүчингүй болгосон. Бид үүнийг лавшруулан шалгатал “К” ХХК-д манай эзэмшлийн газрыг оролцуулан 8 га газрыг эзэмшүүлсэн байдаг.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т зааснаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлэх үүднээс “А” ХХК нь үлдсэн 3 га газар эзэмшихээр хариуцагч Нийслэлийн Засаг даргаас шаардах эрхтэй болно. Гэвч Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Бугын аманд байрлах бидэнд олгосон гэх 2 га газар нь бодит байдал дээр байхгүйн дээр “К” ХХК-ийн 10 га газар хатгасан хашаа, мөн 3 га газрыг Нийслэлийн Засаг даргаас шаардах эрхтэй гэж заасны дагуу Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо гэх газраас лавласан боловч тус хороонд өөр газар байхгүй гэх үндэслэлээр хойш тавьсан хэрнээ бидний хууль ёсны дагуу эзэмшиж байсан 5 га газрыг шамшигдуулж “К” ХХК-д олгосон гэх үндэслэлээр биднийг шахан газар эзэмших эрхэнд маань зүй бусаар халдаж байна. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д заасныг баримтлалгүй хэт нэг талыг баримтлан Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-д заасныг баримталж бидний эрх, эрх чөлөөг хясан боогдуулж байна.

Түүнчлэн энэхүү газар ганц дан “К” ХХК-тай давхцаагүй байх ба бусад гуравдагч этгээдүүдээр татагдсан хуулийн этгээдүүд тэр дундаа Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь хүртэл бидэнтэй давхцаж байгаа газар байгаа бол тэрүүгээр бид газрынхаа зургийг өөрчлөхөд татгалзах зүйлгүй гэх зүйлсийг шүүх хуралдаанд хэлсээр байтал гагцхүү “А” ХХК-ийн эрх ашгийг огт хайхарч үзэлгүйгээр хэт нэг талыг буюу “К” ХХК-ийн эрх ашгийг илтээр хамгаалж байгаа нь туйлын ойлгомжгүй байгаа нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарим болох шударга ёс, тэгш байдлыг хангах буюу Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дэх хэсэг, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх гэх мэт төрийн үндсэн зарчмуудыг ноцтойгоор зөрчсөн шийдвэр гарсан.

Мөн шүүхийн шийдвэрт гагцхүү “К” ХХК-ийн 8 га газрыг хүчингүй болгуулах гэх ганц дан нэхэмжлэлийн шаардлага гаргасан мэт тайлбарласан байна. Энэхүү анхан шатны шүүх хуралдаан үргэлжлэх хугацаанд захиргааны хэргийн шүүх нь “А” ХХК-ийн газрыг бусад байгууллагуудтай давхцаж байгааг олж тодруулсан байх бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3.3-д заасны дагуу тэдгээр хуулийн этгээдүүдийг бүгдийг нь гуравдагч этгээдээр татан оролцуулж манайх ч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилж “А” ХХК-ийн 5 га газрыг олгож өгнө үү гэсэн шаардлага гаргаж байхад үүнийг харгалзан үзээгүй, хэт нэг талыг баримтлан тайлбарлаж байна. Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо Бугын аманд байрлах 5 га газар нь “А” ХХК-д шилжихээс өмнө эзэмшиж байсан компаниудын эзэмшил ашиглалтад байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

“А” ХХК нь тухайн нөхцөл байдлыг харгалзан үзэн “К” ХХК-ийн эзэмшил гэх 8 га газар эзэмших эрхийг бүхэлд нь хүчингүй болгох шаардлага гаргаж буй нь үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү“гэв.

ХЯНАВАЛ:

Шүүх бүрэлдэхүүн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахад шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч “А” ХХК-аас “...Нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 дугаар захирамжийн “А” ХХК-д хамаарах заалтыг хүчингүй болгож, хууль ёсны дагуу эзэмших эрх бүхий 5 га газрыг “А” ХХК-д олгохыг Нийслэлийн Засаг даргад даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр “Нийслэлийн Засаг даргын захирамжаар “К” ХХК-д олгосон 8 га газар эзэмших эрхийг хүчингүй болгуулж, тус компанийн “А” ХХК-тай давхцал бүхий хэсгийг арилгуулж, “А” ХХК-д ногдох 5 га газрын гэрээ гэрчилгээг хууль ёсны дагуу гаргаж өгөхийг Нийслэлийн Засаг даргад даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.  

Хариуцагч Нийслэлийн Засаг даргаас “... Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/828 дугаар захирамжаар “К” ХХК-д 8 га, “А” ХХК-д 2 га газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргасан .... “А” ХХК-д газар эзэмших эрхийн гэрчилгээг 2 га хэмжээтэйгээр олгож гэрээ байгуулах ёстой байтал 5 га хэмээн алдаатай бичиж хуулийн холбогдох заалтыг зөрчин олгогдсон гэрчилгээг хүчингүй болгон Нийслэлийн Засаг даргын 2013 оны А/828 дугаар захирамжийн дагуу 2 га хэмжээтэйгээр гэрээ байгуулж, гэрчилгээ олгох боломжтой...” гэж, гуравдагч этгээд “К” ХХК-аас “...нэхэмжлэгчийн эзэмшиж буй гэх газар нь төрийн эрх бүхий байгууллагаар хянагдан баталгаажсан албан ёсны кадастрын зураггүй, нэхэмжлэгчийн эзэмшиж буй гэх газрын кадастрын талаарх мэдээлэл нь газрын кадастрын мэдээллийн санд бүртгэгдээгүй. Энэ тохиолдолд нэхэмжлэгчийн эзэмшиж буй гэх газрын байршил, талбай, хил хязгаар, заагийг тодорхойлох боломжгүй, улмаар тус газар нь манай компанийн газартай давхцаж байгаа гэдгийг нарийн тогтоох нөхцөл боломжгүй ...” гэж тайлбарлан тус тус маргажээ.

Анхан шатны шүүх “хариуцагч нь “А” ХХК-ийн бичгээр гаргасан хүсэлт болон шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлж маргаан бүхий захиргааны актыг гаргасан, гуравдагч этгээд “К” ХХК нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэх ёстой шүүгчийн захирамжаар маргаан бүхий газрыг эзэмшиж байгаа, нэхэмжлэгчийн эзэмших ёстой гэж маргаж буй 5 га газар нь Газрын кадастрын мэдээллийн санд ороогүй байгаагаас шалтгаалан уг газрын байршил нь тодорхой биш, үлдэгдэл 3 га газрыг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр зайлшгүй биелэгдэх зарчмын хүрээнд “А” ХХК нь хариуцагчаас шаардах эрх нээлттэй” гэж зөв дүгнэсэн байна.

Тодруулбал, Нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн 171 дүгээр шийдвэрээр “...”К” ХХК өөрийн эзэмшил гэх 10 га газрыг тойруулан төмөр хашаа барихдаа нэхэмжлэгч “А” ХХК-ийн эзэмшлийн 5 га газрын тодорхой хэсгийг оруулан хашаалсан... тэдгээрт эзэмшүүлсэн газрууд тодорхой хэмжээгээр давхцалтай олгогдсон...” гэж дүгнэн хариуцагч Нийслэлийн Засаг дарга гуравдагч этгээд “К” ХХК-д эзэмшүүлсэн шийдвэрээ өөрөө хянаж, нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн холбогдох хүмүүсийг байлцуулан нөхцөл байдлыг дахин шалган тодруулж, дахин шинэ акт гартал Нийслэлийн Засаг даргын 2011 оны 679 дүгээр захирамжийн “К” ХХК-д холбогдох хэсгийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Уг шүүхийн шийдвэрийн дагуу “А” ХХК-ийн захирал Д.Дамдинжамц нь нийслэлийн Өмчийн харилцааны газарт 2013 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 10 дугаар[1] албан бичгээр “...манай компанитай давхцаж буй Комтрейд ХХК-ийн 10 га газраас 2 га газрыг манай компани тус компанийн эзэмшлээс авах хүсэлтэй байгаа ба .... үлдсэн 3 га газраа 14 дүгээр хороондоо багтааж авах хүсэлтэй байна” гэж  хүсэлт гаргасны дагуу маргаан бүхий захиргааны акт буюу нийслэлийн Засаг даргын 2013 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн А/828 дугаар[2] захирамж гарч “К” ХХК-ийн эзэмшил 10 га газраас 2 га газрыг хасч “А” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 23 дугаар зүйлийн 23.3.7-д заасантай тус тус нийцсэн байна.

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1-д “Газар эзэмшигч дараах эрхтэй”, 35.1.1-д “Гэрээнд заасан зориулалтын дагуу уг газрыг эзэмших, ашиглах” гэж тус тус заасны дагуу маргаан бүхий захиргааны актаар эзэмшүүлсэн 2 га газрыг эзэмших эрхтэй атлаа уг эрхээ хэрэгжүүлээгүй нь хариуцагчийг буруутгах үндэслэл болохгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Хан-Уул дүүргийн 14 дүгээр хороо, Бугын аманд байрлах бидэнд олгосон гэж 2 га газар нь бодит байдал дээр байхгүй ... бидний хууль ёсны дагуу эзэмшиж байсан 5 га газрыг шамшигдуулж “К” ХХК-д олгосон гэх үндэслэлээр биднийг шахан газар эзэмших эрхэнд маань зүй бусаар халдаж байна” гэх гомдол үндэслэлгүй байна. 

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “маргаан бүхий газар нь дан ганц Комтрейд ХХК-тай давхцаагүй ба бусад гуравдагч этгээдүүдэд олгосон газар нь бидний газартай давхцаж байгаа, давхцсан хэсгээр бид газрынхаа зургийг өөрчлөхөд татгалзах зүйлгүй гэж шүүх хуралдаан дээр тайлбарласан байтал гагцхүү Алтанбил ХХК-ийн эрх ашгийг огт хайхарч үзээгүй...” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Учир нь Газрын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Газрын кадастрын судалгааг мэргэжлийн байгууллага, аж ахуйн нэгж гүйцэтгэнэ”, 16 дугаар зүйлийн 16.6-д “Газрын улсын бүртгэлийн мэдээллийн үндсэн нэгж нь эдлэн газар байна”, 16.7-д “Эдлэн газар болон нэгж талбар бүр дугаартай байна”, 27 дугаар зүйлийн 27.3-д “Нэгж талбар бүр эрхийн гэрчилгээтэй байна” гэж тус тус зааснаар нэхэмжлэгч “А” ХХК нь хэдийгээр “Вайлд хорс” ХХК-иар өөрийн эзэмшлийн гэх 5 га газрын кадастрын зургийг гаргуулсан хэдий ч холбогдох төрийн захиргааны байгууллагад хүсэлтээ гаргаж, газрын мэдээллийн санд оруулаагүй, өөрөөр хэлбэл нэгж талбарын дугааргүйгээр газар эзэмших эрх бүрэн хэмжээгээр үүсэх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

  1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 417 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
  2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, мөн шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                       ШҮҮГЧ                                                Г.БИЛГҮҮН

                                      ШҮҮГЧ                                               О.НОМУУЛИН                                                                                            ШҮҮГЧ                                               Ц.САЙХАНТУЯА