Улсын дээд шүүхийн Тогтоол

2019 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 227

 

 

О.Ж-д холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн  танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл, нарийн бичгийн дарга М.Билгүтэй нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоол, Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 17 дугаар магадлалтай, О.Ж-д холбогдох 183400560437 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч болон өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Ч.Хосбаярын танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1987 онд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шаты шүүхийн 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 23а дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж байсан Б овогт О-ийн Ж нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4 дэх хэсэгт заасан “Машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.

Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх О.Ж-г машин механизм ашиглан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.4-д зааснаар 1 жил хорих ял шийтгэж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүйгээс гадна шүүгдэгчийг хэрэг хариуцах чадвартай эсэхийг хөдөлбөргүй тогтоож чадаагүй байхад анхан шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэсэн гэсэн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаажээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч О.Ж, түүний өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нар хамтран гаргасан гомдолдоо “Төв аймгийн эрүү иргэний хэргийн давж заалдах шатны шүүх О.Ж-д холбогдох хэргийг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13-д заасан шаардлагад нийцээгүй дүгнэлт хийсэн байна. Гэвч хэргийн бодит байдал дээр О.Ж нь өөрийн үйлдсэн гэмт үйлдлийн хэр хэмжээг ухамсарлахаас гадна хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын шатанд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн байдаг. Энэ талаас нь харвал өөрийн гэм бурууг жигших, өөртөө хяналт тавих, гэм буруугаа сэтгэлзүй болон бие махбодиороо хүлээн зөвшөөрөх хандлага давамгайлсан.

Гэм буруугаа хүлээн зөвшөөрсний үндсэн дээр бусдад учруулсан хохирлыг нөхөн төлж, өөрт оногдох ял шийтгэлийг хүлээн зөвшөөрсөн. Шүүх хохирогч нарын өөрсдийн гараар бичиж өгсөн баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийн 1.3 дахь заалтыг журамлан ял оногдуулсан нь үндэслэлгүй гэж дүгнэсэн байдаг. Хохирол төлбөргүй гэх баримтын хувьд хохирогч нар өөрийн гараар бичиж, гарын үсгээ зурж өгснөөс гадна мөрдөн байцаах болон прокурорын шатанд өгсөн хохирогч нарын мэдүүлгүүдэд хашаагаа бариулчихсан, нэхэмжлэх зүйлгүй тухайгаа ярьж, хэлсэн нь тусгагдсан байдаг. Хохирогчдын өөрсдийнх нь мэдүүлж буй мэдүүлгүүд, өөрсдийн гарын үсгээр зурж өгсөн баримтуудаас өөр ямар баримт шаардлагатайг дурдалгүйгээр ерөнхий байдлаар дүгнэсэн нь давж заалдах шатны шүүхийн хууль зүйн талаарх дүгнэлт дутмаг төдийгүй хуулийг буруу хэрэглэж, тайлбарласан гэж үзэж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг хохирол төлбөрийг барагдуулахад ашигладаг бөгөөд уг заалтаар шүүгдэгч үйлдсэн гэмт хэргийнхээ хохирол, төлбөрийг төлж барагдуулж чадахааргүй бол гэмт хэрэг үйлдэхдээ хэрэглэсэн техник хэрэгслийг хураан авч гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулдаг юм. Гэтэл прокурор болон давж заалдах шатны шүүх  уг заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна. Чухамдаа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэмт этгээд өөрийн учруулсан хохирлыг нөхөн төлж барагдуулсан, хохирогч нарыг хохиролгүй болгосон тохиолдолд уг заалтыг баримтлахгүй байж болно.

Давж заалдах шатны шүүх энэ заалтыг ашиглахаар заасан нь хүний эрхийг зөрчиж, улмаар шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан. Мөн давж заалдах шатны шүүх уг заалтыг зөв хэрэглэх шаардлагатай гэж дүгнэсэн бол чухам ямар хэсгийг зөв хэрэглэх ёстой тухай тодорхойлох ёстой атал ганцхан өгүүлбэрээр хэрэглэх талаар заасан нь зохимжгүй юм. Давж заалдах шатны шүүх хэргийг анхан шатны шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт буцаасан үйлдэл нь О.Ж-гийн эрх зүйн байдлыг дордуулснаас гадна Эрүүгийн хуулийг буруу хэрэглэж тайлбарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл хэлсэн саналдаа “Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа юм. Давж заалдах шатны шүүх нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх шаардлагатай гэж дүгнэсэн атлаа яаж хэрэглэх талаар тодорхой тайлбарлаагүй. Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл нь М-ын нэр дээр байдаг бөгөөд энэ нь эд хөрөнгө барьцаалан зээлдүүлэх газрын нэр дээр шилжсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийг баримтлан шийдэх боломжгүй.

Хохирогч нар нь хохирол төлбөрөө барагдуулсан тул шүүх хуралдаанд оролцох шаардлагагүй гээд ирдэггүй юм. Хэргийн оролцогч нар хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн хувьд ямар нэгэн маргаангүй учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй байна” гэв.

Мөн хуралдаанд прокурор Д.Дамдинсүрэн гаргасан хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч О.Ж-д холбогдох хэргийг анхан шатны шүүх хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсгийг баримтлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-д зааснаар ял оногдуулсан. Давж заалдах шатны шүүх шүүгдэгч О.Ж нь 4 метрийн урттай 470 ширхэг шургааг модыг 2 удаагийн үйлдлээр “Портер” загварын тээврийн хэрэгслээр ганцаараа ачиж, тээвэрлэх боломжтой эсэх, хэрэгт авагдсан Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтээр шүүгдэгч оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй гэсэн байх боловч хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоосон актад оюуны хүндэвтэр хомсдолтой гэсэн онош зөрүүтэй, тэрээр хэрэг хариуцах чадвартай эсэх зэрэг асуудлууд эргэлзээтэй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэсэн гэж дүгнэж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн.

Учир нь шүүгдэгчийн сэтгэцийн байдал, хэрэг хариуцах чадвартай эсэхэд дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах, С.Г нь 3 удаа мод авчирч өгсөн байсан, П нэг удаа өөрийн эхнэр, зүс таних 3 эрэгтэй хүнтэй мод авчирч байсан гэсний шалгаагүй, шүүгдэгч ганцаараа хэргийг хүлээж, цаана нь хамтран оролцсон хүмүүс байгаа эсэхийг шалгахгүй орхигдуулсан байж болохоор байна. Шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч О.Ж болон өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн эсэх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх болон шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч О.Ж нь 2018 оны 04 дүгээр сарын 19-нөөс 21-ний өдрийн хооронд Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутаг “Боовын ам” гэх газарт байрлах иргэн Ө.Г-ийн хаваржаан дээрээс 300 ширхэг, 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийн хооронд мөн багийн нутаг “Улиастай” гэх газарт байрлах иргэн Р.Н-ийн өвөлжөөн дээрээс 170 ширхэг өвөлжөөний дээврийн шургааг модыг нууцаар, хууль бусаар авч 53-88 ТӨҮ улсын дугаартай “Портер” загварын тээврийн хэрэгсэл ашиглан зөөж тээвэрлэн нийт 3,250,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч О.Ж-гийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн дүгнэлт хийхдээ 2015 оны Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэж, хуульд заасан төрөл, хэмжээний ял оногдуулсан байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч улсын орлого болгохоор заасан бөгөөд хэрэв тээврийн хэрэгсэл бусдын өмчлөлд байвал шүүх уг тээврийн хэрэгслийг үнэлж, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох эд хөрөнгөнөөс гаргуулахаар зохицуулсан байтал анхан шатны шүүх энэхүү хуулийн заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн тул шүүгдэгч О.Ж-гээс хулгайн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 8,500,000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулах өөрчлөлтийг шийтгэх тогтоолд оруулах нь зүйтэй.

Харин давж заалдах шатны шүүхийн дүгнэлтүүд үндэслэл муутай болжээ. Учир нь хэрэгт авагдсан Шүүх сэтгэц эмгэг судлалын 869 дүгээр дүгнэлтээр шүүгдэгч О.Ж-г оюуны хөнгөн хомсдол сэтгэцийн эмгэгтэй гэж, Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон 0058458 дугаартай актад F71 оюуны хүндэвтэр хомсдолтой гэж шүүгдэгчийн оюуны хомсдолын түвшинг өөрөөр тодорхойлсон хэдий ч энэ нь түүний хэрэг хариуцах чадварыг үгүйсгэхгүй болох нь уг дүгнэлт болон актад эргэлзээгүй байдлаар тусгагдсан тул энэ талаар дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагагүй болно.

Мөн шүүгдэгч О.Ж хулгайн гэмт хэргийг бусадтай бүлэглэн үйлдсэн байж болзошгүй нөхцөл байдлыг шалгахаар магадлалд дурдсан байна. Тухайн гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн талаар тодорхой баримтууд хэрэгт авагдсан атал үйлдэл холбогдлыг илт үндэслэлгүй хэрэгсэхгүй болгосон, эсхүл нотлох баримтаар тооцож үнэлээгүй, мөн хамтран гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоохгүйгээр тухайн этгээдийн гэм бурууг хянан хэлэлцэх, эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй тохиолдолд шүүх гэмт хэргийг хамтран үйлдсэн хүнийг олж тогтоох, хэргийг нэгтгэн шалгуулахаар прокурорт буцаахаас бусад тохиолдолд хэрэг хэлэлцэх хэмжээ хязгаарын хүрээнд зөвхөн шүүхэд шилжүүлсэн шүүгдэгчийн хувьд хэргийг шийдвэрлэж байвал зохино.

Энэ хэргийг бүлэглэн үйлдсэн талаар хэрэгт баримт авагдаагүй атал давж заалдах шатны шүүх шургааг модыг шүүгдэгч О.Ж нь ганцаараа тээврийн хэрэгсэлд ачсан, тээвэрлэсэн нь эргэлзээтэй гэж таамаглалд үндэслэсэн дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлагад нэмж хүн татуулахаар хэргийг буцаасан нь үндэслэлгүй болжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд гэмт хэрэг гарсан цаг хугацааг нарийвчлан тогтоохоор заасан байна. Хохирогч нарын өвөлжөөгөө эргэдэг мөчлөгөөр гэмт хэрэг гарсан цаг хугацааг үечлэн тогтоосон нь бусад аргаар эсвэл баримтаар хугацааг тогтоох боломжгүй тохиолдолд зөвшөөрөгдөх бөгөөд энэ талаар шүүхээс хийх дүгнэлтэд сөргөөр ноцтой нөлөөлөөгүй болохыг шаардана.

Түүнчлэн шүүгдэгч О.Ж нь хохирогч нарын өвөлжөөний дээврийг гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө байсан байдалд нь сэргээн засварласан болохыг илэрхийлсэн нотлох баримтыг шүүхэд ирүүлснээс гадна анхан шатны шүүхээс шүүх хуралдааны товыг хохирогч нарт мэдэгдэхэд гомдол, саналгүй тухайгаа мэдэгдсэн байтал давж заалдах шатны шүүх уг баримтыг нотлох баримтын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр хүлээж аваагүй байна. Гаргасан нэхэмжлэлээ дэмжих, өөрчлөх, татгалзах нь нэхэмжлэгчийн эрхэд хамаарч буйгаас хохирол барагдсан талаар гаргасан баримтуудыг шүүх үнэлэхгүй байх, түүнд эргэлзэх учиргүй.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх өөрчлөлтийг оруулж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь хүчингүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 08 дугаар шийтгэх тогтоолд “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ж-гийн хувьд ногдох эд хөрөнгөнөөс тээврийн хэрэгслийн үнэ болох 8,500,000 /найман сая таван зуу мянга/ төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай” гэсэн нэмэлт заалт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, Төв аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдрийн 17 дугаар магадлалыг бүхэлд нь хүчингүй болгон, шүүгдэгч О.Ж болон өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нарын хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                       

             ДАРГАЛАГЧ                                                 Б.ЦОГТ

             ШҮҮГЧ                                                          Б.БАТЦЭРЭН

                                                                                   Д.ГАНЗОРИГ

                                                                                   Ч.ХОСБАЯР

                                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН