Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 03 өдөр

Дугаар 8

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга У.Золчимэг,

улсын яллагч И.Мөнхцэцэг,

шүүгдэгч О.Ж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Чулуунгэрэл нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Төв аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О.Ж-д  холбогдох 1834005640437 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1987 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Төв аймгийн Эрдэнэ суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, Эрдэнэхүнс ХХК-д ачигч ажилтай, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт, Төв аймаг Эрдэнэсум сумын 5 дугаар баг Өндөрдаваа гэх газар оршин суух хаягтай,

урьд өмнө 2012 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 23а тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 211.1 дэх хэсэгт зааснаар 01 жил 06 сарын хугацаагаар тэнсэж хянан харгалзсан /оюуны хөнгөн хомсдолтой, хэрэг хариуцах чадвартай гэх Шүүх шинжилгээ гэм судлалын дүгнэлт/, Б овгийн О.Ж гэв.

 

Хэргийн товч агуулга:

Шүүгдэгч О.Ж нь Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутаг Боовын ам гэх газарт байрлах иргэн Ө.Гантөмөрийн хаваржаан дээрээс 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 21-ний өдрийн хооронд 300 ширхэг өвөлжөөний дээврийн шургааг модыг учрах саадыг арилгах зорилгоор 53-88 ТӨҮ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, нууцаар, хууль бусаар авч бусдад 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутаг Улиастай гэх газарт байрлах иргэн Р.Нэргүйгийн өвөлжөөн дээрээс 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийн хооронд өвөлжөөний дээврийн 170 ширхэг шургааг модыг учрах саадыг арилгах зорилгоор 53-88 ТӨҮ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, нууцаар хууль бусаар авч бусдад 850.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/

ТОДОРХОЙЛОХ нь:

              Шүүгдэгч О.Ж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2018 оны 04 сарын эхээр надад мөнгөний хэрэг гараад Гантөмөр гэдэг хүнээс 50 шургааг аваад Галаа гэдэг хүнд өгсөн. Долоо хоногийн дараа Нэргүй гэдэг хүнээс 100 ширхэг шургайг аваад Галаа гэдэг хүнд зарсан. Тэгээд 130 000 төгрөгөөр авсан. Өрөндөө өгөөд дууссан. Тэгээд болсон” гэв.

   Шүүгдэгч О.Ж-гийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг нь гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар давхар нотлогдон тогтоогдсон тул түүний мэдүүлгийг яллах талын нотлох баримтад тооцсон.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон цагаатгах талуудаас дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

Үүнд:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04 дугаар хуудас/, эд хөрөнгө битүүмжлэх тухай 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 30 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 06-07 тал/, эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-08 тал/, “Энт Финанс” ХХК-ийн 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 18/82 дугаартай “Төлөөлөх эрх олгох тухай” албан бичиг, “Хан-Үнэлэмж” ХХК-ийн үнэлгээний тайлан/хх-17-20 тал/, хохирогч Р.Нэргүйн мэдүүлэг /хх-31 тал/, иргэний нэхэмжлэгч М.Энхбатын мэдүүлэг /хх-32 тал/,  гэрч С.Галбадрахын мэдүүлэг /хх-35 тал/, гэрч Д.Хонгорын мэдүүлэг /хх-32 тал/, гэрч А.Пүрэвдоржийн мэдүүлэг /хх-38 тал/, гэрч О.Дашбатын мэдүүлэг/хх-41 тал/, Эд зүйлийн үнэлгээ /хх-42 тал/, шүүх сэтгэц эмгэг судлалын №869 дугаартай дүгнэлт /хх-47-49 тал/, эрүүгийн хэрэг нэгтгэх тухай 2018 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 51 дугаартай прокурорын тогтоол /хх-63 тал/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-67 тал/, хохирогч Ө.Гантөмөрийн мэдүүлэг /хх-69 тал/, Эд зүйлийн үнэлгээ /хх-78-79 тал/, Төв аймаг Эрдэнэ сумын 5 дугаар багийн засаг даргын тодорхойлолт /хх-93 тал/, ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-110 тал/ зэрэг болно.

 

Шүүгдэгч О.Ж нь Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутаг Боовын ам гэх газарт байрлах иргэн Ө.Гантөмөрийн хаваржаан дээрээс 2018 оны 04 дүгээр сарын 19-ний өдрөөс 21-ний өдрийн хооронд 300 ширхэг өвөлжөөний дээврийн шургааг модыг учрах саадыг арилгах зорилгоор 53-88 ТӨҮ улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, нууцаар, хууль бусаар авч бусдад 2.400.000 төгрөгийн хохирол учруулсан,

Төв аймгийн Эрдэнэ сумын 4 дүгээр багийн нутаг Улиастай гэх газарт байрлах иргэн Р.Нэргүйгийн өвөлжөөн дээрээс 2018 оны 04 дүгээр сарын 29-ний өдрөөс 05 дугаар сарын 01-ний өдрийн хооронд өвөлжөөний дээврийн 170 ширхэг шургааг модыг учрах саадыг арилгах зорилгоор 53-88 ТӨҮ улсын дугаарта портер маркийн тээврийн хэрэгсэл ашиглаж, нууцаар хууль бусаар авч бусдад 850.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан болох нь:

Мөрдөн шалгах ажиллагааны үед

хохирогч Р.Нэргүй нь мэдүүлсэн: “... 2018 оны 05 дугаар сарын 01-ний өдөр би өвөлжөөн дээрээ очиход манай өвөлжөөний дээврийн шургаагнаас 170 ширхэг шургааг хулгайд алдагдсан байсан. Тэгээд түүнээс хойш 2018 оны 07 дугаар сарын сүүлээр сумын цагдаа нар танай өвөлжөөний шургаагийг хулгайлсан нөхрийг барьсан гэж хэлсэн. Манай өвөлжөөний шургаагийг Эрдэнэ сумын иргэн Ж гэгч хулгайлсан юм байналээ” гэх мэдүүлэг /хх-ийн 31 хуудас/,

гэрч С.Галбадрахын мэдүүлсэн: “... Пүрэвдоржид би адууны хашаа барих мод хэрэгтэй байна тийм мод зарах хүн байна уу гэсэн юм. Тэгтэл Пүрэвдорж би нэг хашаа буулгах гэж байгаа юм гэхээр нь би тэр хашааг худалдаж авъя гэсэн. Тэгтэл Пүрэвдорж өөрийн эхнэр Чимэгээ мөн зүс таних 3 эрэгтэй хүнтэй цагаан өнгийн портер маркийн машин цэнхэр өнгийн портер маркийн машинтай 110 ширхэг шургааг ачиж авчирсан бөгөөд би өдөр хоногийг нь санахгүй байна. Ямар ч байсан шөнө 01 цагийн орчим л авчирч буулгаж байсан. Түүнээс хойш Пүүжээгийн дүү гэх Ж гэх залуу 2 удаа цэнхэр өнгийн портер машинтай 120 гаран шургааг авчирч буулгасан юм. Би Пүрэвдоржид модны мөнгө гэж нэг ч төгрөг өгөөгүй яагаад өгөөгүй вэ гэвэл Пүрэвдорж надад өмнө мөнгөний өглөгтэй байсан юм. Харин Жд модны мөнгө гэж 130000 орчим төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /хх-35 тал/,

гэрч Д.Хонгорын мэдүүлсэн: “2018 оны 04 дүгээр сарын дундуур хавьцаа Эрдэнэ сумын иргэн Ж гэх залуутай Эрдэнэ сумын төвд тааралдсан. Тэгтэл Ж намайг хашааны мод ачилцаад өгөөч миний машин дээр багтахгүй байна гэж хэлсэн. Тэгээд надаа хөлс мөнгийг нь өгье гэж хэлсэн. Тэгэхээр нь би зөвшөөрсөн. Тухайн үед гадаа харанхуй болчихсон байсан ба тэгээд шууд Жг дагаад явсан. Тэгээд Жг дагаад явж байтал нэг өвөлжөөн дээр очсон. Тэр өвөлжөөн дээрээс миний машин ойролцоогоор 80 ширхэг шургааг ачсан. Мөн Ж машин дээрээ тэр өвөлжөөнөөс шургааг ачсан хэдэн ширхэг шургааг ачсаныг нь мэдэхгүй. Тэгээд шургаагаа ачаад Архуст сумын 42 гэх газар аваачиж буулгачихаад буцаад явсан. Ж надад 90000 төгрөг хөлс чинь гээд өгсөн” гэх мэдүүлэг /хх-37 тал/,

хохирогч Ө.Гантөмөр мэдүүлсэн: “ 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр хаваржаан дээрээ очиж хашаагаа үзэхэд үхэр, хонины саравчны хашааны дээврийн шургаагнуудыг бүгдийг нь хулгай аваад явчихсан байсан. Тухайн үедээ зав муутай байсан учир цагдаагийн байгууллагад мэдэгдэж чадаагүй юм. Нийтдээ 300 орчим ширхэг хар модон шургааг байсан. 3,50 метрийн урттай бүдүүн шургаагнууд байсан юм. Тэгээд цагдаад өргөдөл гаргасны дараахан Эрдэнэ сумын төвийн дэлгүүрүүдийн урд талд явж байхад Эрдэнэ сумын иргэн Ж гэдэг хүнтэй таарсан ба би танай модыг чинь хулгайлчихсан юм. Хохирлыг чинь барагдуулж өгнө гэж надад ярьсан” гэх мэдүүлэг /хх-68 тал/,

гэрч О.Дашбатын мэдүүлсэн: “ Тухайн 53-88 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл бөгөөд би 2018 оны 08 дугаар сарын 28-ны өдөр Төв аймгийн Зуунмод суманд үйл ажиллагаа явуулдаг ЭНТ ФИНАНС ХХК-д барьцаагаар тавьж 1500 000 төгрөг зээлж авсан юм. Одоо зээлийн хугацаа 2 сард дуусах гэж байгаа бөгөөд бичиг баримт нь тухайн компани нэр дээр байгаа юм.   53-88 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг ашиглан О.Ж нь хулгайн гэмт хэрэг үйлдсэн талаар сүүлд мэдсэн” гэх мэдүүлэг /хх-41 тал/,  эд зүйлийн үнэлгээ /хх-44 тал, 79 тал/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

 

Бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар учрах саадыг арилгах зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан гэмт хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлтийн талаар:

Хохирогч Ө.Гантөмөрын өвөлжөөнөөс 53-88 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 300 ширхэг шургааг мод,  Р.Нэргүй нь өвөлжөөнөөс 53-88 ТӨҮ улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 170 ширхэг шургааг мод хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт заасан гэмт хэргийн объектив талын шинжүүдийг хангасан.

 

 Уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн.

 

Санаатай гэдэгт өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэснийг ойлгоно.Эрүүгийн хуулийн 2.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг

Шүүгдэгч О.Ж нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарласан түүний улмаас үүдэн гарах үр дагаврыг урьдчилан мэдсэн байх хангалттай нөхцөлд байжээ гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, О.Жгийн Бусдын эд хөрөнгийг хууль бусаар, нууцаар учрах саадыг арилгах зорилгоор тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, Төв аймгийн Прокурорын газраас ирүүлсэн хэргийн зүйл, хэсэг, заалт тохирсон байна.

 

            Гэмт хэргийн улмаас хохирогч нарт учруулсан хохирлоо О.Ж нь төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг хохирлоо өөрийн сайн дураар нөхөн төлсөн гэж үзэж Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар дээрх нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал хэрэгт тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд гэм буруугаа ойлгон гэмшсэн зэргийг харгалзан түүнд хуульд заасан шийтгэлийг хөнгөрүүлж оногдуулсан болно.

        

          Эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ улсын яллагч болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гаргасан санал, дүгнэлтийг харгалзан үзлээ.

 

           Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүйг тус тус дурдах нь зүйтэй.

 

Харин 53-88 ТӨҮ дугаартай тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан талаар хууль ёсны эзэмшигч нь мэдээгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 30 дугаартай “53-88 ТӨҮ дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн” прокурорын тогтоолыг хүчингүй болгож,  53-88 ТӨҮ дугаартай тээврийн хэрэгсэл, №01969167 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, №736580 дугаартай жолооны үнэмлэх зэргийг хууль ёсны эзэмшигчид буцаан олгох нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1, 31.3.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2, 38.2.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Б овгийн О.Ж-г машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ж-г 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Ж-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

4. Шүүгдэгч О.Ж нь урьдчилан цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.

 

5.Шүүгдэгч О.Ж-гийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан 53-88 ТӨҮ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн 2018 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 30 дугаартай прокурорын тогтоолыг хүчингүй болгож, 53-88 ТӨҮ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгсэл, №01969167 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, №736580 дугаартай жолооны үнэмлэх зэргийг хууль ёсны эзэмшигчид буцаан олгосугай.

 

6.Шүүгдэгч О.Ж-д авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, түүний ял эдлэх хугацааг 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн тоолсугай.

7.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор  шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулахыг, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлэхийг тус тус дурдсугай.

 

  8.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шат ны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг дурдсугай.

 

 9.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч О.Ж-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх  арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Ц.ОТГОНЖАРГАЛ